Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 553

 

188/2019/0297/Э

 

 

 

  2020             05            05                                        2020/ДШМ/553    

 

Б.Б-, П.Б- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Алдар даргалж, шүүгч Н.Батсайхан, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Э.Бадрал,

шүүгдэгч П.Б-, түүний өмгөөлөгч Я.Батханд, Б.Булгантамир,

нарийн бичгийн дарга М.Мөнхбаатар нарыг оролцуулан,

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/173 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч П.Б-, түүний өмгөөлөгч Я.Батханд нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Б.Б-, П.Б- нарт холбогдох эрүүгийн 1808026200309 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

1. Б-, 1985 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 34 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй,

 

2. Б-, 1978 оны 8 дугаар сарын 1-ний өдөр Архангай аймагт төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймагт

Архангай аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдрийн 47 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 215 дугаар зүйлийн 215.2 дахь хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хорих ялаар шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;

 

Б.Б- нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Хэв журмын тасагт эргүүлийн офицероор ажиллаж байхдаа буюу 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр тус дүүргийн нутаг дэвсгэр “Сэлбэ 116” чиглэлд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 56-81 АРХ улсын дугаартай, “Kia Rio” загварын тээврийн хэрэгслээр 20 м3 хэрэглээний мод тээвэрлэж явсан иргэн П.Б-г түр саатуулан шалгахдаа, гарал үүслийн гэрчилгээнд засвар оруулж хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй асуудлыг ажил үүргийн дагуу холбогдох албан тушаалтанд шилжүүлэх ёстой албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд П.Б-гийн хууль ёсны дагуу шалгуулахгүй байх гэсэн ашиг сонирхлын үүднээс 200.000 төгрөгийн хахууль авсан,

П.Б- нь дээрх байдлаар Б.Б-ид 200.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг тус тус холбогджээ.

 

Нийслэлийн прокурорын газраас: Б.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, П.Б-гийн үйлдлийг мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Жанцангууд овогт Батжанцангийн Б-ийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан гэмт хэргийг, шүүгдэгч Боржгон овогт Пүрэвжавын Б-г өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 /арван хоёр сая/ төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б-гийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, шүүгдэгч П.Б-д энэ тогтоолоор оногдуулсан 6 сарын хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил 6 сарын хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 2 /хоёр/ жилээр тогтоож, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Б.Б-ид оногдуулсан 12.000.000 төгрөгөөр торгох ялыг 2 /хоёр/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, шүүгдэгч Б.Б-ид оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс, шүүгдэгч П.Б-д оногдуулсан нийтийн албанд томилогдох эрх хасах ялын хугацааг хорих ялыг эдэлж дууссан үеэс эхлэн тус тус тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-оос 200.000 /хоёр зуун мянга/ төгрөгийг гаргуулан улсын орлого болгож, шүүгдэгч П.Б-д цагдан хорих, шүүгдэгч Б.Б-ид хувийн баталгаа гаргах болон “Монгол Улсын хилээр гарахыг хориглох” хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч П.Б- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр Архангай аймгаас Улаанбаатар хот руу хэрэглээний мод ачиж орж ирэхэд Сонсголонгийн уулзвар дээр цагдаа зогсоосон. Жамбаа машин барьж явсан болохоор бичиг баримтаа шалгуулаад эргэж ирэхдээ “торгоно гэнээ” гэсээр ирсэн. Энэ үед цагдаа Б-, Энхбаатар хоёр нь машин минийх гэдгийг мэдээд “чи яагаад машинаа барихгүй байгаа юм” гэхээр нь би “эрхээ хасуулсан” талаар хэлээд машин барьж явснаар нь Жамбалыг торгохыг гуйсан. Уг нь гарал үүслийн гэрчилгээн дээр улсын байцаагч Осорбазар нь өөрөө 4-н тоог баллаж бичсэн бөгөөд миний буруу байгаагүй /энэ талаар гэрчээр мэдүүлсэн/. Ингэж хэлтэл Б- “960.000 төгрөгөөр торгоно, эсхүл бэлнээр 200.000 төгрөгөөр торгуул. Мөн машиныг чинь журмын хашаанд хийнэ” гэж тулгасан. Хуулийн мэдлэггүйн улмаас бэлнээр торгохоо больсон гэдгийг мэдээгүй. Иймээс 200.000 төгрөгийн торгуулийг өгөхөөр шийдээд “бэлэн 100.000 төгрөг байна” гэхэд “модоо зарна биз дээ, дагаж очоод авна” гээд хамт явсан. Хангай захаас гарч ирээд Б-ид мөнгөө өгөхөд Энхбаатар нь “бид хоёр энэ мөнгийг хувьдаа авахгүй, ийшээ иртэл тааралдсан цагдаа нарт өгнө” гээд явсан. Энэ мөнгийг би хахууль гэж өгөөгүй, торгуулийн мөнгө гэж өгсөн бөгөөд энэ нь харилцан ашиг сонирхлын асуудал биш юм. Ийм үйл явдал болсоор байхад миний эрх зүйн байдлыг дордуулан яллаж байгаад гомдолтой байна. Мөн Б-, Энхбаатар хоёр нь миний мэдүүлэгт нөлөөлөх үүднээс 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдөр Хархорин захын тэнд уулзахаар дуудаж, машинд суулган Орбитын ойролцоо нэгэн эзэнгүй хашаанд орж зогсоод “чи бид хоёрын хэрэг манай өмгөөлөгчийн халаасанд байна, чи миний хэлснээр мэдүүлэг өгөөд энэ хэргээс салсан дээр шүү. Чамаас анх мэдүүлэг авсан мөрдөн байцаагч одоо тэтгэвэртээ гараад олдохоосоо өнгөрсөн. Чи тэр мөнгөө бэлэг болгоод өгсөн гээд хэлчих. Тэгэхгүй бол энэ хэргээс салахгүй шүү” гэж тулгасан. Тухайн үед хамт явж байсан Сумъяадашийн Чулуунбат “ингэж хэлээд хэрэггүй, үнэнээ хэл” гээд бид хоёр машинаас нь буугаад явсан. Энэ үед Энхбаатар цагдаагийн албаны автомашинтай ирж сүрдүүлэх зорилгоор уулзсан. Намайг ийм гүтгэлэгт хэрэгт холбогдуулан урьд шүүхээс оногдуулсан ялыг сэргээж ял оногдуулсанд гомдолтой байна. Иймд надад холбогдох хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч П.Б-гийн өмгөөлөгч Я.Батханд давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хуульд заасан шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчиж, хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад “шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтын агуулга, шүүх тухайн нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны гэж үзсэн улсын яллагчийн дүгнэлт, өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримт, иргэдийн төлөөлөгчийн дүгнэлтийг няцаан үгүйсгэсэн үндэслэл” гэж заасан.

П.Б-, Б.Б-, Ө.Энхбаатарын нарын мэдүүлгийн зөрүүг арилгаагүй. Б.Б-ийн 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн гэрчээр өгсөн “...Тэгээд 960.000 төгрөгөөр торгуулийн арга хэмжээ авахуулна гэхэд...би 200.000 төгрөгийг аваад...цагдаагийн ахлах ахлагч Ө.Энхбаатар бид хоёр 50.000, 50.000 нь хувааж авсан...”, Б.Б-ийн 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн илтгэх хуудаст “...200.000 төгрөг авч хувьдаа хэрэглэсэн нь үнэн болно”., Ө.Энхбаатарын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн гэрчээр өгсөн “...тэгээд хэсэг байж байгаад гарч ирэхдээ 200.000 төгрөг барьчихсан “энүүгээр торгуулаад салчихъя” гээд гуйгаад байхаар нь ахмад Б- 200.000 төгрөгийг нь аваад тэр жолоочийг явуулсан...Б.Б- надад 50.000 төгрөг өгсөн. Түүнийг би хувьдаа гэртэй зарцуулсан”.,  Ө.Энхбаатарын 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн илтгэх хуудаст “...авсан мөнгөө /100.000/ гэртээ зарцуулсан.”, П.Б-гийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн гэрчээр өгсөн “...200.000 төгрөгөөр торгуулаад явдаа гэсэн...”, Б.Хүрэлцэцэгийн 2018 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн гэрчээр өгсөн “...П.Б- уулзаад 200.000 төгрөгөөр торгоно гэж байна гээд надаас 100.000 төгрөг бэлнээр аваад явсан...” гэх мэдүүлгүүдийн зөрүүг гаргахгүйгээр гарал үүслийн гэрчилгээ засвартай байсныг нууж, өөртөө давуу байдал бий болгох зорилгоор цагдаагийн албан хаагчид хахууль өгсөн гэж дүгнэн хэргийг шийдвэрлэсэн. Өөрөөр хэлбэл, хавтаст хэрэгт Архангай аймгийн Их-Тамир сумын Байгаль Орчны Улсын байцаагчийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр олгосон гарал үүслийн бичиг, шүүгдэгч Б.Б-ид шалгуулсан гарал үүслийн бичиг нь агуулгын хувьд зөрүүгүй, 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүртэл хүчинтэй байсан байх ба гэрчээр мэдүүлсэн ойн байцаагч Ц.Бат-Эрдэнэ, Н.Осорбазар нар гарал үүслийн бичгийг засвартай бичиж өгөөгүй гэх бөгөөд шүүгдэгч Б.Б-ид өгсөн гарал үүслийн бичгийн “03” гэснийг “04” гэж өөрчилж бичсэн нь шүүгдэгч П.Б- биш, Ц.Бат-Эрдэнэ, Н.Осорбазар нар гарал үүслийн гэрчилгээний давхарлаж, засварлаж бичсэн нь нэг өнгийн болон бэхээр бичсэн, давхарлаж, засварлаж бичсэн эсэхийг шинжээч томилох замаар тогтоож, хууль бус үйлдлээ нууж, өөртөө ашигтай байдал бий болгох нөхцөл байдал байсан эсэхийг тодруулж хэргийг шийдвэрлэх боломжтой байсан. Түүнчлэн гэрч Ц.Бат-Эрдэнэ Н.Осорбазар нарын засварласан эсэх талаарх эргэлзээтэй өгсөн мэдүүлгийг шалгах нь зүйтэй. Миний үйлчлүүлэгчид эрүүгийн хариуцлагын оногдуулахдаа анхан шатны шүүх шударга ёсны зарчимд нийцээгүй, ялгавартай ял оногдуулсан байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт эрүүгийн хариуцлагын зорилгыг тодорхойлсон бөгөөд Б.Б-ид торгох ял ногдуулсан атлаа П.Б-д хорих ял ногдуулж байгаа нь ялгамжтай хандаж байна. Өөрөөр хэлбэл, тухайн гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөлийг бүрдүүлсэн, бусдыг шан харамж, хахууль өгөхийг шаардсан этгээдэд торгох ял ногдуулж, тухайн нөхцөл байдалд торгуулсан этгээдэд хорих ял ногдуулж байгаа нь шударга ёсонд нийцээгүй, хуулийг буруу хэрэглэж байна. Ө.Энхбаатарын 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдрийн гэрчээр өгсөн “...тэгээд хэсэг байж байгаад гарч ирэхдээ 200.000 төгрөг барьчихсан “энүүгээр торгуулаад салчихъя” гээд гуйгаад байхаар нь ахмад Б- 200.000 төгрөгийг нь аваад тэр жолоочийг явуулсан...Б.Б- надад 50.000 төгрөг өгсөн.Түүнийг би хувьдаа гэртэй зарцуулсан” гэж, 2018 оны 5 дугаар сарын 7-ны өдрийн илтгэх хуудаст “...авсан мөнгөө /100.000/ гэртээ зарцуулсан” гэж зөрүүтэй мэдүүлэг өгсөн бөгөөд хавтас хэрэгт тухайн эргүүлийн үүрэг гүйцэтгэж байгаа 8 албан хаагчид 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр хүн тус бүр 20.000 төгрөг цуглуулсан эсэхийг шалгахгүйгээр Ө.Энхбаатар хэргээс мултрах, ял завших учиргүй. Өөрөөр хэлбэл Ө.Энхбаатар нь тухайн мөнгийг өөрөө авч хувьдаа зарцуулсан, хэрэглэсэн гэдэг нь дээрх нотлох баримтаар тогтоогдсон байхад бодитоор мөнгө цуглуулсан эсэх, албаны тээврийн хэрэгсэлд сэлбэг хэрэгслийг хувийн хөрөнгөөр худалдаж авдаг болон авсан эсэхийг тодруулахгүйгээр хэргийг шийдвэрлэж, Ө.Энхбаатарыг ял завшуулж болохгүй юм.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү. ...” гэв.

 

Шүүгдэгч П.Б-гийн өмгөөлөгч Б.Булгантамир тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...өмгөөлөгч Я.Батхандын гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. Шүүх дүгнэхдээ объектив талын хоёр шинжийг заасан. Нэгдүгээрт, гэрчилгээг засварлаж хуурамчаар үйлдсэн байж магадгүй гэж дүгнэсэн. Хоёрдугаарт, гэмт хэрэг зөрчлөө шалгуулахгүй байх гэсэн шинжийг зааж хуулийг буруу тайлбарласан. Гарал үүслийн гэрчилгээ нь хүчинтэй байх хугацаандаа шалгуулж байгаа учраас нуун далдлах, өөрт давуу байдал бий болгох зорилго байхгүй. Байгаль орчны улсын байцаагч болох хоёр хүн мэдүүлэг өгсөн нь хэрэгт авагдсан. Гэхдээ энэ хоёр хүн улсын дугаарыг бичихдээ зөрүүтэй бичсэн байгаа нь алдаа дутагдал гаргадаг гэдэг нь харагдаж байна. Тэр хоёр цифрийг хэн зассан нь хэрэгт ач холбогдолтой. ...” гэв.

 

Прокурор Э.Бадрал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

 

Б.Б- нь Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Хэв журмын тасагт эргүүлийн офицероор ажиллаж байхдаа буюу 2018 оны 5 дугаар сарын 3-ны өдөр тус дүүргийн нутаг дэвсгэр “Сэлбэ 116” чиглэлд хөдөлгөөнт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхдаа Архангай аймгаас Улаанбаатар хотын чиглэлд 56-81 АРХ улсын дугаартай, “Kia Rio” загварын тээврийн хэрэгслээр 20 м3 хэрэглээний мод тээвэрлэж явсан иргэн П.Б-г түр саатуулан шалгахдаа, гарал үүслийн гэрчилгээнд засвар оруулж хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй асуудлыг ажил үүргийн дагуу холбогдох албан тушаалтанд шилжүүлэх ёстой албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд П.Б-гийн хууль ёсны дагуу шалгуулахгүй байх гэсэн ашиг сонирхлын үүднээс 200.000 төгрөгийн хахууль авсан,

П.Б- нь дээрх байдлаар Б.Б-ид 200.000 төгрөгийн хахууль өгсөн гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь:

 

П.Б-гийн 2018 оны 8 дугаар сарын 3-ны өдөр хохирогчоор өгсөн “...цагдаа миний ачиж явсан модны гарал үүслийн гэрчилгээг шалгаад “он, сар, өдөр нь засвартай байгаа тул торгуулийн арга хэмжээ авна, 200.000 төгрөгөөр торгоно” гэж хэлэхээр нь би “мөнгө муутай явна, 100.000 төгрөгөөр торгочихож болох уу” гэхэд “болохгүй ээ, 200.000 төгрөгөөр торгоно” гэж хэлсэн. Тэгээд намайг “торгуулийн мөнгөө өг” гээд байхаар нь өөрт байсан 100.000 төгрөгөө бэлнээр нь өгсөн. “Үлдсэн 100.000 төгрөгөө өг” гэхээр нь “ачиж явсан модоо “Хангай” зах дээр аваачиж зарна, тэгээд өгье” гэхэд цагдаа нар машинтайгаа араас дагаад “Хангай” зах дээр очсон. Би тэндээс Дагва гэх хүнээс 100.000 төгрөг зээлж аваад цагдаад өгсөн. Надад торгуулийн тасалбар гэх зүйл өгөөгүй. ...” /1хх 43-45/,

гэрч Ө.Энхбаатарын “...модны гарал үүслийн бичгийг яаж шалгадгийг мэдэхгүй болохоор машинд сууж байсан офицер Б-ид аваачиж өгсөн. ...Би “одоо яах юм” гэхэд Б- ахмад “цагдаагийн хэлтэс рүү аваад явна” гэхээр нь нөгөө ачааны машиныг “урд гараад яваарай” гээд араас нь дагаад явсан. Хэлтэс рүү явах замд “Хангай” захын урд талаар гардаг бөгөөд ачааны машин “Хангай” захын үүдэнд зогсчихсон. Би араас нь зам дээр зогссон. Машинаа зогсоогоод Б- нь машинаас буугаад ирж байхаар нь би “энэ яагаад явахгүй байгаа юм, нэгэнт зогссон юм чинь зах руу ороод банзны үнэ, эмульсны үнэ харчихаад ирье” гээд зах руу гүйгээд орсон. ...Б- бид хоёр бараг зэрэг албаны машин дээр ирээд би жолооч талаасаа очоод машиндаа суусан. Тэгтэл Б- зөрж буугаад Б-гийн машины хажуу талд явган зам дээр очоод уулзсан. Тэгээд буцаж ирээд “явъя” гэхээр нь “Энэ яасан юм бэ” гэхэд “яршиг яршиг, хая” гэсэн. ...Ингээд ажлаа хүлээлгэж өгчихөөд явах гэж байхад Б- ахмад надад 50.000 төгрөг өгсөн. Би “юун мөнгө вэ” гэхэд “нөгөөдөх мөнгө” гэхээр нь бид нарын цуглуулсан мөнгөнөөс илүү гарсан мөнгө юм байх гэж бодоод авсан. Тэр мөнгийг үрээгүй байсан. Хэлтсийн дарга Б-ийг дуудаж уулзаад, Б- гар ирэнгүүтээ надад болсон зүйлийг ярьсан.  ...“Дээр шалгасан Б- гэх хүнийг 200.000 төгрөгөөр торгочихсон юм. Тэгтэл хэлтсийн дарга мэдчихжээ, одоо яах вэ, чамайг дуудаж байна” гэхээр нь би “чи юу яриад байгаа юм бэ, би одоо хэлтсийн даргад юу гэж хэлэх юм” гээд уурлахад Б- “торгосон” гээд хэлчих гэхээр нь би хамт үүрэг гүйцэтгэдэг хамтрагчаа яаж ийм байдалд хаях юм гэж бодоод “торгосон юмаа даргаа, уучлаарай” гэсэн. ...” /1хх 157-158/,

гэрч Б.Хүрэлцэцэгийн “...цагдаа зогсоогоод манай нөхрийн ачиж явсан модны гарал үүслийн гэрчилгээний он, сар, өдөр засвартай байна гээд “араас дагаад яв” гээд араас нь дагаад явсан. манай нөхөр П.Б- цагдаатай уулзаад “200.000 төгрөгөөр торгоно гэж байна” гээд надаас 100.000 төгрөг аваад явсан. Тэгээд удалгүй “200.000 төгрөгөөр торгуулчихлаа” гээд ирсэн. ...” /1хх 48-51/,

гэрч Ц.Жамбалын “...би дотогшоо ороод татлагаа тайлаад байж байтал удалгүй миний бичиг баримтыг Б- бариад ирсэн. Б- тухайн үед “200.000 төгрөгөөр торголоо, надад тасалбар өгөөгүй” гэж хэлж байсан. ...” /1хх 166-167/,

гэрч М.Дагвын “...2018 оны 5 дугаар сард П.Б- 100.000 төгрөг авсан. Ачиж ирсэн модыг нь худалдаж авсан болохоор модноос нь суутгаад мөнгийг нь авсан. ...” /1хх 101-102/,

гэрч Н.Осорбазарын  “...би одоо санахгүй байна. ...Намайг хянахад гэрчилгээний он, сар, өдөр нь завсаргүй байсан. Би хянаж баталгаажуулахдаа ямар нэгэн засвар хийгээгүй өгсөн. ...” /1хх 52/

гэрч Ц.Бат-Эрдэнийн “...модны гарал үүслийн гэрчилгээг би бичиж өгдөг. Иргэн П.Б-д модны гарал үүслийн гэрчилгээг бичихдээ он, сар, өдрийг нь илт хүн харахад ноцтой буруу, зөрүү бичиж өгөөгүй гэж ойлгож байна. Би одоо тэр баримтыг нь харахгүй бол яаж хэрхэн бичсэнийг засвартай гэж ойлгоод байгааг нь хэлж мэдэхгүй байна. Гарал үүслийн гэрчилгээний он, сар, өдөр засвартай гэдгийг нь би өөрөө ойлгохдоо буруу бичээд дарж бичсэн, баллаж, сохолсон он, сар, өдөртэй байсан юм болов уу гэж ойлгоод байна. Тийм учраас би гарал үүслийн гэрчилгээ бичиж өгөхдөө баллаж, сохолж болохгүй, хэрвээ ингэж бичсэн бол цагдаа нар шалгаад явуулдаггүй гээд байдаг тул бичсэн тоогоо дарсан тийм айхтар ноцтой гэхээр засвартай бичсэн гарал үүслийн гэрчилгээ бичиж өгдөггүй. ...Надаас гарал үүслийн гэрчилгээгээ аваад мод ачсан иргэн өөрөө байгаль орчны байцаагчид хянуулаад цаашаагаа гарах чиглэлдээ гараад явчихдаг юм. Эргэж надтай ирж уулзах шаардлага байдаггүй. Тийм болохоор байгаль орчны байцаагч алдаж бичсэн байж магадгүй, тэрийг нь би эргээд хянах шаардлага байдаггүй. ...” /1хх 55/

П.Б-гийн яллагдагчаар өгсөн “...би Б-ид хахууль өгөөгүй. Торгуулийн мөнгө болох 200.000 төгрөгийг цагдаа Б-ид өгсөн...” /1хх 214-217/,

Б.Б-ийн яллагдагчаар өгсөн “...надад сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. ...”  /1хх 238-240/ гэх мэдүүлгүүд, мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ /1хх 106/, хэв журмын офицерийн ажлын байр /албан тушаал/-ны тодорхойлолт /1хх 73-74/, Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн нийтийн хэв журам хамгаалах тасгийн авто эргүүлд ажиллах офицер, цагдаа-жолооч нарын томилгоо /1хх 75/, Архангай аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 168-183/ болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн ба эдгээр нь хоорондоо ноцтой зөрүүгүй, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чаджээ.

 

Шүүгдэгч Б.Б-ийг нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд хахууль авсан, П.Б-г өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдалтай нь холбогдуулан хахууль өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, шүүгдэгч Б.Б-ийн 200.000 төгрөгийн хахууль авсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар, шүүгдэгч П.Б-гийн Б.Б-ид 200.000 төгрөгийн хахууль өгсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч П.Б-, түүний өмгөөлөгч Я.Батханд нар “...шүүгдэгч, гэрч нарын мэдүүлгийн зөрүүг арилгаагүй, ...мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээний сар, өдөр засварласан байдлыг шинжээч томилж тогтоогоогүй, ...ял шийтгэлийг ялгамжтай оногдуулсан нь шударга ёсны зарчимд нийцээгүй. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлуудыг гаргажээ.

 

Шүүгдэгч нарын хахууль авсан, өгсөн гэмт үйлдэл нь дан ганц тэдний өгсөн мэдүүлгээр бус хэрэгт авагдсан бусад нотлох баримтаар тогтоогдсон байх бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудыг няцааж үгүйсгэсэн, уг гэмт хэрэгт өөр хэн нэгэн хамтран оролцсон гэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

 

Тодруулбал, анхан шатны шүүх Б.Б-ийг Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Хэв журмын тасагт эргүүлийн офицероор ажиллаж байхдаа 20 м3 хэрэглээний мод тээвэрлэж явсан иргэн П.Б-г түр саатуулан шалгахдаа, гарал үүслийн гэрчилгээнд засвар оруулж хуурамчаар үйлдсэн байж болзошгүй гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй асуудлыг ажил үүргийн дагуу холбогдох албан тушаалтанд шилжүүлэх ёстой албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд П.Б-гийн хууль ёсны дагуу шалгуулахгүй байх гэсэн ашиг сонирхлын үүднээс 200.000 төгрөгийн хахууль авсан, П.Б-г дээрх байдлаар Б.Б-ид 200.000 төгрөгийн хахууль өгсөн нөхцөл байдал, үйл баримтыг уг мөнгийг өгсөн, авсан талаарх шүүгдэгч нарын удаа дараагийн мэдүүлэг, П.Б- цагдаатай уулзаад өөрөөс нь 100.000 төгрөг авч өгсөн талаар гэрч Б.Хүрэлцэцэгийн мэдүүлэг, П.Б- надаас 100.000 төгрөг авсныг би зарсан модноос нь суутгаж авсан талаар гэрч М.Дагвын мэдүүлэг, мод, модон материалын гарал үүслийн гэрчилгээ /сар, өдрийг зассан байж болзошгүй нөхцөл байдалтай/ зэрэг шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудад үндэслэн тогтоохдоо ойлгомжтой, тодорхой дүгнэлт хийсэн байх бөгөөд ийнхүү үйл баримтыг тогтооход Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн зөрчил болон ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

Төрийн албаны үйлчилгээ нь тухайн албан тушаалд хэн байхаас үл хамаарч хүн, хуулийн этгээдэд тэгш, шударга, хууль ёсны дагуу хүрч байх ёстой байдаг тул процессын явцад хууль ёсоор эдлэх эрх, хүлээх хариуцлагыг хэн нэгнээс давуу байдлаар олгохыг амлаж, улмаар эд хөрөнгө, үйлчилгээ олж авсан нь энэ гэмт хэргийн шинжийг хангана. Нийтийн албан тушаалтан хахууль авах гэмт хэргийн хор уршиг нь иргэн бүр ямар нэг алагчлал, ялгаварлалгүйгээр хуулийн өмнө тэгш, шударга үйлчилгээ авах боломжийг алдагдуулж, төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх ёсыг гажуудуулж байдагт оршдог.

 

Шүүгдэгч Б.Б-, П.Б- нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч нарын хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Б.Б-ид нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 12.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 төгрөгөөр торгох ял, П.Б-д нийтийн албанд томилогдох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцжээ.

 

Шүүгдэгч П.Б-гийн хувьд өмнө автомашинаар мод тээвэрлэж явахдаа замын хажуу руу унаж, бусдын эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт 1 жил 6 сарын хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан хугацаанд дээрх гэмт хэргийг үйлдсэн байх тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамгийн бага ял оногдуулж, өмнөх тогтоолоор оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоосон нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасантай нийцэж байх тул ял шийтгэлийг ялгамжтай оногдууллаа гэх шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах хууль зүйн үндэслэлгүй байна.

 

Иймд шүүгдэгч П.Б-, түүний өмгөөлөгч Я.Батханд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 13-ны өдрийн 2020/ШЦТ/173 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч П.Б-, түүний өмгөөлөгч Я.Батханд нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        М.АЛДАР

                       ШҮҮГЧ                                                               Н.БАТСАЙХАН

                       ШҮҮГЧ                                                               Л.ДАРЬСҮРЭН