Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 343

 

ОХУ-ын иргэн Мийн

 нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааныг шүүгч Х.Батсүрэн даргалж, шүүгч Л.Атарцэцэг, Д.Мөнхтуяа, П.Соёл-Эрдэнэ, Ч.Тунгалаг нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга А.Батдэлгэр,  нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Шажинбат, хариуцагч Л.Б, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Лхагвадулам нарыг оролцуулан хийж, Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 13 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2017/0424 дүгээр магадлалтай, ОХУ-ын иргэн Мийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймаг дахь Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Л.Б-д холбогдох захиргааны хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын хяналтын журмаар гаргасан гомдлоор шүүгч Л.Атарцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 13 дугаар шийдвэрээр: Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Оросын Холбооны улсын иргэн Мийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дашийн Сэржэна Гомбоевнагийн гаалийн улсын байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0004715 дугаартай торгуулийн шийтгэвэр, 0005738 дугаартай бараа, тээврийн хэрэгслийг хураах хуудсыг тус тус хүчингүй болгуулах, хууль бусаар хураагдсан 2.208.200 /хоёр сая хоёр зуун найман мянга хоёр зуу/ рубль буюу 84.044.092 /наян дөрвөн сая дөчин дөрвөн мянга ерэн хоёр/ төгрөгийг Дашийн Сэржэна Гомбоевна надад буцаан олгохыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2017/0424 дүгээр магадлалаар: Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 13 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч болон өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Дашийн Сэржэна Гомбоева, өмгөөлөгч Н.Шажинбат нар  хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүх Гаалийн тухай хуулийн холбогдох заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэргийн үйл баримтанд үнэн зөв дүгнэлт өгч чадаагүй шийдвэр, магадлал болсон гэж үзэж хянуулахаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1, 123.2.1 дэх хэсэгт заасны дагуу дараах гомдлыг гаргаж байна.

Нэхэмжлэгч ОХУ-ын иргэн М нь 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Монгол Улсаас ОХУ руу олон улсын суудлын галт тэргээр зорчиж явахдаа хятад үйлчлэгч Англи хэл дээр бичигдсэн деклараци өгсөний улмаас хэл мэдэхгүйн учир өөрт дамжуулан авч явсан их хэмжээний рублийг гаальд мэдүүлээгүй болох үйл баримт нь Тагнуулын ерөнхий газраас мөрдөн байцаалтын ажиллагаа явуулан шалгасан эрүүгийн хэргийн явцад нэгэнт тогтоогдож “гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй, барааг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх санаа зорилго байгаагүй” үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан.

Гэтэл Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Л.Б 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн шийтгэврийн хуудсаар Мийг улсын хилээр их хэмжээний валют мэдүүлэлгүй орхиж гаалийн шалгалтаас нуун далдалсан хэмээн захиргааны шийтгэл ногдуулж, Бараа тээврийн хэрэгслийг хураах хуудсаар 2 208 200 рублийг хураан авсан.

Нэхэмжлэгч нь шүүхэд гаалийн улсын байцаагч Л.Б нь Мийг захиргааны зөрчил гаргасан гэдгийг шалган тогтоогоогүй талаар тайлбар, мэдүүлэг аваагүй, оролцогчийг сонсох ажиллагааг явуулаагүй, орчуулагч оролцуулаагүй, их хэмжээний валютыг гаалийн шалгалтаас нуун далдлах зорилготойгоор гаалийн мэдүүлэгт мэдүүлээгүй болох санаа зорилгын шинжийг тогтоогоогүй мөртлөө “...хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан болох нь нотлогдоогүй" хэмээн үндэслэсэн прокурорын тогтоолд нэгэнт тогтоогдсон асуудлыг үгүйсгэн гаалийн хяналт шалгалтаас нуусан” хэмээн захиргааны шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй, захиргааны зөрчлийг шалган шийдвэрлэх ямар ч ажиллагааг явуулалгүйгээр зөвхөн прокурорын даалгаврыг биелүүлж захиргааны зөрчил хэмээн шийтгэвэр ногдуулсан, Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1 дэх хэсэг, Захиргааны хариуцлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх хэсэгт заасныг тус тус буруу тайлбарлан захиргааны зөрчил ногдуулсан хэмээн үндэслэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан юм.

Харин захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны шүүхүүд нь нэхэмжлэгч М нь авч явсан их хэмжээний валютаа гаальд мэдүүлээгүй тул Гаалийн тухай хуулийн 290.2.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны зөрчил ногдуулсаныг буруутгах боломжгүй хэмээн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн.

Захиргааны хэргийн анхан, давж заалдах шатны шүүх нь Гаалийн тухай хуулийн 290.2.1 дэх хэсэгт “барааг гаалийн мэдүүлэгт бичээгүй орхих, эсхүл худал бичих, гаалийн хяналтаас гадуур, хилийн боомтгүй газраар нэвтрүүлэх, гаалийн шалгалтаас нуун далдлах, барааны нэр төрөл, хэлбэр дүрс, баглаа боодлыг өөрчлөх, гаалийн бичиг баримтыг засварлах, хуурамчаар үйлдэх зэрэг аргаар хууль бусаар нэвтрүүлсэн бол ..." хэмээн заасан хуулийн заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хуулийн дээрх заалтын агуулга нь зорчин явж буй этгээд эд зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэх зорилготой, уг зорилгоо гүйцэлдүүлэхийн тулд барааг гаальд мэдүүлээгүй, дутуу бичсэн, орхигдуулсан зэрэг аргыг ашигласан байх, дээрх аргууд нь хууль бусаар нэвтрүүлэх санаа зорилгыг нь гүйцэлдүүлэх нөхцөл болж байхаар хуульчилсан байхад шүүх хуулийн дээрх заалтын агуулгыг анхаарч үзэлгүйгээр хууль бусаар улсын хил нэвтрүүлэх санаа зорилго байгаагүй, хэл мэдэхгүйн улмаас үнэн зөв бөглөөгүй болгоомжгүй үйлдлийг хуулийн дээрх заалтад хамааруулан тайлбарлаж хэрэглэсэн нь үндэслэлгүй байна.

Гаалийн тухай хуулийн 290.2.1 дэх хэсэгт "... зэрэг аргаар хууль бусаар нэвтрүүлсэн бол” хэмээн тодорхой заасан байх бөгөөд ямар ч салаа утгагүйгээр бичигдсэн хуулийн уг заалтад мэдүүлээгүй эс үйлдэл нь эд зүйлсийг хууль бусаар нэвтрүүлэх санаа зорилгоо гүйцэлдүүлэх арга байх ёстой, энэхүү аргыг тухайн этгээд нь анхнаасаа хүсч үйлдсэн санаа зорилготой байхыг шаардсан байхад Гаалийн улсын байцаагч Л.Б нь Мийг санаатайгаар мэдүүлээгүй орхисон эсэх, гаалийн хилээр хууль бусаар нэвтрүүлэх санаа зорилготой байсан эсэхийг тогтоох ямар ч ажиллагааг хийгээгүй, тайлбар мэдүүлэг аваагүй, зөвхөн прокурорын тогтоолыг биелүүлж захиргааны шийтгэл ногдуулсан үйл баримтыг шүүхүүд анхаарч үзээгүйд гомдолтой байна.

Ялангуяа Мид холбогдох хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан Нийслэлийн прокурорын газрын 2016 оны 12 дугаар сарын 14- ний өдрийн 362 дугаар Тогтоолд “...гаалийн мэдүүлгийн хуудас орос хэл дээр байгаагүйн улмаас гаальд мэдүүлээгүй нөхцөл байдал тогтоогдсон, тэрээр валютыг тусгай саванд нуух, бие эрхтэндээ далдлах, зэргээр нууж хууль бусаар улсын хил нэвтрүүлэхийг завдсан болох нь дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдож тогтоогдоогүй” хэмээн үндэслэж хууль бусаар нэвтрүүлэх санаа зорилгын шинжгүй гэж дүгнэсэн байхад гаалийн улсын байцаагч нь тухайн этгээдийг үйлдлээ санаа зорилготой үйлдсэн гэдгийг тогтоолгүйгээр мөрдөн байцаалтын явцад нэг мөр тогтоогдсон үйл баримттай эсрэгцүүлэн “гаалийн хяналт шалгалтаас нуусан” хэмээн захиргааны хариуцлага хүлээлгэсэн нь үндэслэлгүй, ямар үндэслэлээр прокурорын тогтоолд дурдсныг эсрэгцүүлэн “санаатайгаар нуусан” гэж үзсэн нь тодорхойгүй байна.

Захиргааны хариуцлагын тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.3.1 дэх хэсэгт зөрчил гаргасан этгээдийн гэм буруу нь тогтоогдвол захиргааны хариуцлага хүлээлгэнэ” гэж Монгол Улсын нэгдэн орсон гаалийн бүрдүүлэлтийн горимыг хялбарчлах уялдуулах тухай Олон Улсын конвенцийн 3.39 дэх хэсэгт “Хэрэв алдааг санамсаргүй үйлдсэн, мөн луйврын зорилго, эсхүл хайхрамжгүй хандсан явдал байхгүй болох нь тогтоогдсон бол гаалийн байгууллага хүнд шийтгэл хүлээлгэхгүй. Хэрэв гаалийн байгууллага тийм алдааг дахин гаргуулахгүй байх үүднээс арга хэмжээ авах шаардлагатай гэж үзвэл шийтгэл хүлээлгэж болох боловч түүний хэмжээ нь энэ зорилгод тохирсон хэмжээнээс илүүгүй байна" хэмээн тодорхой заасан байх бөгөөд дээрх заалтуудаас үзвэл захиргааны зөрчил гаргасан этгээд нь тухайн зөрчилдөө гэм буруутай байх ёстой, санамсаргүй хайхрамжгүй үйлдэлд хүнд шийтгэл хүлээлгэхгүй байхаар хуульчилсныг шүүхүүд анхаарч үзээгүй.

Мөн Гаалийн Ерөнхий газрын даргын 638 дугаар тушаалаар баталсан Гаалийн хилээр нэвтрүүлэх бараа, тээврийн хэрэгсэлд хяналт тавих нийтлэг журмын 3.25 дэх хэсэгт Гаалийн шалгалтаар гаалийн мэдүүлэгт мэдүүлээгүй бараа илэрсэн зөрчил нь Гаалийн тухай хуулийн 290.2.1, 290.2.2, 291.1-д зааснаас бусад зөрчлийн бүрэлдэхүүнтэй байвал Гаалийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтын дагуу хариуцлага ногдуулж, мэдүүлээгүй бараанд гаалийн мэдүүлэг нөхөж бичүүлэн гаалийн бүрдүүлэлт хийнэ” хэмээн заасны дагуу улсын хилийг хууль бусаар нэвтрүүлэх санаа зорилготой үйлдээгүй, Гаалийн тухай хуулийн 290.2.1 дэх хэсэгт заасан зөрчлийн шинжийг бүрэн агуулаагүй Андрей Леонидовичийн үйлдэлд хүнд шийтгэл ногдуулалгүйгээр гаалийн мэдүүлэг нөхөн бичүүлэн, гаалийн бүрдүүлэлт хийлгэх бүрэн боломжтой юм.

Нэхэмжпэгч Мид англи хэл дээрх мэдүүлгийг хятад продник нар тарааж өгсөн, англи хэл мэдэхгүй түүнд гаалийн мэдүүлгийг хэрхэн бөглөхийг хариуцагч гаалийн улсын байцаагч Л.Б нь дохио зангаагаар зааварласан гэдгийг Тагнуулын ерөнхий газарт өгсөн тайлбартаа тодорхой дурьдсан байх бөгөөд хариуцагч Л.Б нь Тагнуулын ерөнхий газрын ажилтан, ахлах дэслэгч А.Сон-Аад 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр өгсөн тайлбартаа “Зорчигчийн гаалийн мэдүүлгийг шалган үзэхэд гаальд мэдүүлсэн ямар нэгэн зүйл бичигдээгүй байсан, ... Иймд цахилгааныг нээж үзэхэд багцалсан мөнгөн дэвсгэртүүд гарч ирсэн. Иймд тухайн ээлжийн ахлах байцаагч Ш.Наранцэцэг тухайн үед галт тэргээр хяналт шалгалт хийж явахтай таарч болсон зүйлийн талаар мэдэгдэж ачааг нь авахуулаад галт тэрэгнээс буулгасан” хэмээн тайлбар өгсөн байна.

Гэтэл анхан шатны шүүх хуралдаанд ирсэн гэрч Ц.Наранцэцэг нь нэхэмжлэгч Мид эрх үүргийг би тайлбарлаж өгсөн, надтай англиар ярилцсан, түүний дараа Л.Б шалгалтаа эхлүүлсэн гэх мэтээр шүүхэд илт худал мэдүүлгийг өгснийг шүүх бусад нотлох баримттай харьцуулан үзэлгүйгээр үнэлж нэхэмжлэгч нь гаалийн улсын байцаагч нараас туслалцаа авах талаар хүсэлт тавиагүй, эрх үүргийг нь хангалттай тайлбарлан өгсөн байна гэх зэргээр зөрүүтэй дүгнэлт хийсэнд гомдолтой байна.

Нэхэмжлэгч М нь их хэмжээний валютыг улсын хилээр нууж гаргах ямар ч шаардлага байгаагүй, дээрх мөнгө нь хууль ёсны эх үүсвэртэй буюу Дашийн Сэржэна Гомбоевнагийн Монгол Улсад олон жилийн туршид хөдөлмөр эрхэлж хуримтлуулсан мөнгө болохыг мөрдөн байцаалтын явцад хангалттай тогтоосон бөгөөд энэ нь хавтаст хэрэгт авагдсан Тагнуулын Ерөнхий газрын сөрөх тагнуулын газрын дарга хурандаа Ц.Б-ы 2016 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 01/282 дугаар албан бичгээр хангалттай нотлогддог болно.

Түүнчлэн Гаалийн тухай хуулийн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт заасны дагуу “Зорчигч нь 15 сая төгрөг ба түүнтэй тэнцэх хэмжээний валютыг гаальд мэдүүлэхгүйгээр нэвтрүүлэх эрхтэй" байхад гаалийн улсын байцаагч Л.Б-ы 2016 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 0005738 дугаар Бараа тээврийн хэрэгслийг хураах хуудсаар нийт 84 044 092 төгрөгтэй тэнцэх 2 208 200 рублийг бүхэлд нь хураасан нь илтэд үндэслэлгүй, гаальд мэдүүлэхгүйгээр, ямар нэгэн зөвшөөрөл авах шаардлагагүйгээр нэвтрүүлж болох 15 сая төгрөгтэй тэнцэх буюу 394 115 рублийг ямар ч хууль зүйн үндэслэлгүйгээр хураан авсанд мөн гомдолтой байна.

Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Сэлэнгэ аймгийн Гаалийн газрын гаалийн улсын байцаагч Л.Б нь ажил үүргийн хуваарийн дагуу 2016 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр  Бээжин-Улаанбаатар-Москвагийн чиглэлийн галт тэргээр Монгол Улсаас Оросын Холбооны Улс руу зорчиж явсан Оросын Холбооны Улсын иргэн Миронович Андрей Леонодовичийн ачаа тээшийг шалгаж, түүний Монгол Улсын хилээр гарах үедээ гаалийн байгууллагад мэдүүлээгүй, тээшиндээ авч явсан  2, 208.200 рубль /84.044.092 төгрөг/-г илрүүлж, холбогдох зөрчилд нь захиргааны хариуцлага хүлээлгэсэн нь Гаалийн тухай хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан бүрэн эрхээ зөв хэрэгжүүлсэн, хууль ёсны захиргааны акт болно.

Нэхэмжлэгч Миронович Андрей Леонодович нь дээрх бараа /валют/-г гаалийн байгууллагад “мэдүүлээгүй, мэдүүлэх шаардлагагүй” гэж маргаагүй, харин “...англи хэл дээр хэвлэгдсэн мэдүүлгийн маягт тараагдсан, тухайн хэлийг мэдэхгүй..., зориуд санаатай нуусан, хууль бусаар нэвтрүүлэхийг оролдсон асуудал гаргаагүй” хэмээн тайлбарлаж, улсын байцаагч нь шийтгэврээр торгууль ногдуулж, барааг хураахаар шийдвэрлэснийг буруу гэж үзэн, маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгуулахаар анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан, анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь үндэслэл бүхий байна.

Иймээс хяналтын шатны шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, түүний өмгөөлөгч нарын тус шүүхэд гаргасан “...шүүхүүд Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1 дэх заалтыг буруу тайлбарласан, ...хууль бусаар нэвтрүүлэх санаа зорилго байгаагүй, хэл мэдэхгүйн улмаас үнэн зөв бөглөөгүй болгоомжгүй үйлдлийг хуулийн энэ заалтад хамруулан тайлбарлаж хэрэглэсэн, ...зөрчил гаргагчийн гэм буруу санаа зорилгыг тогтоогоогүй..., мэдүүлгийг нөхөн бичүүлэх журмыг хэрэглээгүй, зөвшөөрөлгүйгээр нэвтрүүлэх боломжтой 15 сая төгрөгтэй тэнцэх 394115 рублийг хурааж, хууль зөрчсөн...” гэх гомдлыг дараах үндэслэлээр хангах боломжгүй гэж дүгнэлээ. 

Валютыг Монгол Улсын хилээр оруулах, гаргах журмыг тодорхойлсон Монгол Улсын Валютын зохицуулалтын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 4-т “Монгол Улсад байнга болон түр оршин суугч гадаадын иргэн, харьяалалгүй хүн валютыг Монгол улсын хууль тогтоомжид заасан журам”-аар тус улсын хилээр гаргаж болохыг, мөн Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д “Зорчигч 15 саяас дээш төгрөг, эсхүл түүнтэй тэнцэх хэмжээний гадаад валют, санхүүгийн хэрэгсэл, цахим мөнгийг Монгол Улсын хилээр бэлнээр нэвтрүүлэх бол энэ тухай гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлнэ” гэж тус тус заажээ. 

Түүнчлэн гаалийн харилцааг зохицуулсан Гаалийн тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д “Мэдүүлэгч гаалийн хилээр нэвтрүүлэх барааг энэ хуульд заасны дагуу гаалийн байгууллагад мэдүүлнэ”,  55.3-д “Мэдүүлэгч энэ хуулийн 55.1-д заасан барааг гаалийн мэдүүлгийн маягтын дагуу мэдүүлнэ”, 55.9-д “Улсын хилээр нэвтрэх зорчигч болон тээврийн хэрэгслийн багийн гишүүний хувийн хэрэглээний эд зүйл болон бусад барааг зорчигчийн гаалийн мэдүүлгээр мэдүүлнэ” гэж зорчигчийн гаалийн байгууллагад  мэдүүлэх үүргийг тус тус тодорхойлжээ. 

Үүнээс үзвэл зорчигч болох ОХУ-ын иргэн Миронович Андрей Леонодович нь Монгол Улсын хилээр дээрх хуульд заасан журмын дагуу валют гаргах эрхтэйгээс гадна 15 саяас дээш хэмжээний төгрөгтэй тэнцэх хэмжээний  валютыг тус улсын хилээр нэвтрүүлэх бол гаалийн мэдүүлэгт үнэн зөв мэдүүлэх үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч нь их хэмжээний мөнгийг хил нэвтрүүлэх гэж байгаагаа мэдэж байсан, англи хэл мэдэхгүй нөхцөлд гаалийн ажилтнаас тусламж авах боломжтой байсан, ийм хүсэлт гаргаагүй, мөнгийг мэдүүлээгүй ч өөрийн санаачлагаар шалгуулаагүй гэх үйл баримтыг үндэслэн “...хэлний асуудлаас шалтгаалан мэдүүлээгүй...” гэх тайлбар нь нэхэмжлэгчийг “мэдүүлэх” “үнэн зөв мэдүүлэх” хуулиар хариуцуулсан үүргээс нь чөлөөлөх үндэслэл болохгүй талаар анхан шатны шүүхийн хийсэн дүгнэлтийг буруутгах боломжгүй.    

Иймд хуульд заасан үүргээ биелүүлээгүй гаалийн хууль тогтоомж зөрчсөн гэж үзэж, нэхэмжлэгчийг 30.000 төгрөгөөр торгон, 2,208.200 рублийг хураах шийтгэл ногдуулахаар гаалийн улсын байцаагчийн үйлдсэн захиргааны актууд нь Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1-д “Барааг гаалийн мэдүүлэгт бичээгүй орхих,...зэрэг аргаар хууль бусаар нэвтрүүлсэн бол... иргэнийг 10000-30000  төгрөгөөр... торгож, тухайн зөрчилд холбогдох барааг хураах...” гэж заасантай нийцсэн гэж үзнэ.

Дээрх хуульд “барааг гаалийн мэдүүлэгт бичээгүй орхих” нь хууль бусаар нэвтрүүлэх аргуудын нэг байхыг заасан, энэ нь зөрчил гаргасан этгээдэд захиргааны эрх зүйн хүрээнд захиргааны шийтгэл ногдуулах гол үндэслэл болохыг хуулиар ийнхүү тодорхой зохицуулсан байх тул “...мэдүүлээгүй орхих энэ аргыг анхнаасаа санаатайгаар хүсч үйлдсэн эсэх санаа зорилгыг тодруулаагүй...” хэмээн хариуцагчийг буруутгах үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгчид захиргааны шийтгэл ногдуулах үндэслэл болсон гэм буруу нь түүний “их хэмжээний валютыг Монгол Улсын хилээр нэвтрүүлэхдээ  гаалийн мэдүүлэгт бичээгүй” үйлдлээр  тодорхойлогдож байгаа ба, энэ нь “...гэм буруу нь нотлогдвол захиргааны хариуцлага хүлээлгэх” тухай Захиргааны хариуцлагын тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан ерөнхий зарчмыг зөрчөөгүй гэж үзнэ. 

Үүнээс гадна нэхэмжлэгч нь гэм буруугийн санаа зорилгыг тогтоох эрүүгийн эрх зүйн хүрээнд шийдвэрлэгдэх асуудлыг захиргааны эрх зүйн зөрчилд шийтгэл ногдуулахтай адилтгаж, Миронович Андрей Леонодовичийн үйлдэлд “хууль бусаар хил нэвтрүүлэхийг завдсан нь тогтоогдоогүй” гэх эрүүгийн хэрэг үүсгэхээс татгалзсан прокурорын тогтоолыг Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2-т заасан захиргааны шийтгэлээс чөлөөлөгдөх үндэслэл болгон маргаж байгаа нь буруу юм.

Дээр дурдснаар, нэхэмжлэгч нь Гаалийн тухай хуулийн 290 дүгээр зүйлийн 290.2.1-д заасан зөрчил гаргасан нь тогтоогдсон байх тул шийтгэл ногдуулалгүйгээр гаалийн мэдүүлэг нөхөн бичүүлэх боломжгүйгээс гадна улсын байцаагч гаальд мэдүүлээгүй валютыг бүгдийг хураахаар шийдвэрлэсэн нь энэ хуульд “...тухайн зөрчилд холбогдох барааг хураах...” гэснийг зөрчөөгүй байна.

Шүүхүүд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, маргааны үйл баримтад хамаарал бүхий Гаалийн тухай, Монгол Улсын Валютын зохицуулалтын тухай, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хуулиудын холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.   

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 28-ны өдрийн 13 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 14-ний өдрийн 221/МА2017/0424 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс  тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн  орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                          Х.БАТСҮРЭН

ШҮҮГЧ                                                                                   Л. АТАРЦЭЦЭГ