Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 22 өдөр

Дугаар 001/ХТ2022/00838

 

  “ **** ****” ХХК-ийн

                                                                         нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/02142 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1745 дугаар магадлалтай, 

“ **** ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“ **** **** ****, **** ****” ОНӨААТҮГ-т холбогдох 

Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 213,466,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Мягмардоржийн гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Оюунгэрэл, хариуцагчийн өмгөөлөгч Б.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. “ **** ****” ХХК нь “ **** **** ****, **** ****” ОНӨААТҮГ-т холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 213,466,800 төгрөг гаргуулахаар шаарджээ. 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/02142 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг үндэслэн хариуцагч “ **** **** ****, **** ****” ОНӨААТҮГ-аас 213,466,800 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “ **** ****” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,225,284 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 1,225,284 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1745 дугаар магадлалаарБаянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/02142 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,225,284 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсэн байна. 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Мягмардорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн. Итгэмжлэгдсэн төлөөлөгч би 2020.06.09-ний өдөр шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлтээ холбогдох нотлох баримтын хамт өгсөн. Тухайлбал, амбулаториор эмчлүүлэгчдийн картын хуулбарыг хэрэгт хавсаргасан буюу түүнд “нүд өвдсөн тухай онош, эмчилгээг” заасан байсан. Ийнхүү би 2020.06.08-ны өдрөөс 2020.06.12-ныг дуустал хөдөлмөрийн чадвараа түр алдсан тул 1460469 дугаартай эмнэлгийн хуудсыг 2020.06.12-ны өдөр авсан. Энэ нь 2020.06.11-ний өдөр өвчтэй байсан буюу хүндэтгэн үзэх шалтгаантай байсан нь нотлогдож байгаа. Уг хуудсыг анхан шатны шүүх хурлын маргааш буюу 12-ны өдөр олгосон тул би анхан шатны шүүхэд гаргаж өгөх боломж байгаагүй тул давж заалдах шатны шүүхэд гаргаж өгөхөд хүлээж аваагүй. Ийнхүү надад шүүх хуралдаанд оролцох боломжгүй хүндэтгэн үзэх шалтгаан байсан буюу түүнийг дахин, бүрэн нотолсон баримтыг би анхан шатны шүүх хуралдааны дараа өдөр авсан. Иймээс надад анхан шатны шүүх хуралдаанд мэтгэлцэх, нотлох баримт гаргаж өгөх боломжийг бүрдүүлэх үндэслэл байсаар байхад шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчиж анхан шатны шүүх хуралдаан хийж шийдвэр гаргасан. Мөн шүүх хуралдаан болох тухайн өдөр буюу 2020.06.11-ний өдөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хугацаа сунгах тухай шүүгчдийн зөвлөгөөний тогтоол гарсан. Уг тогтоолд 2020.04.17-ны өдөр иргэний хэрэг үүсгэсэн, 2020.06.04-ний өдрийн иргэний хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тухай захирамж гарсан байна. “Монгол ****” ХХК-ийн нэхэмжлэлтэй“УБЗЗАГ” ОНӨААТҮГ-т холбогдох 213,466,800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан шийдвэрлэх хугацааг 2020.04.16-ны өдрөөс 30 хоногоор сунгах тухай шийдвэрлэсэн байдаг. Гэтэл давж заалдах шатны шүүх “анхан шатны шүүх хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн өдрөө шүүгчдийн зөвлөгөөнөөр хэргийн хугацааг сунгасан нь буруу боловч энэ нь шүүхийн шийдвэрт нөлөөлөхгүй юм” гэж дүгнэсэн. Ийнхүү анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөнөөс гадна нэгэнт хэргийн хугацааг сунгасан тул дахин шүүх хуралдааны тов зарлах бүрэн боломж байхад шүүх хэргийн үйл баримтыг бүрэн тогтоох үүргээ биелүүлээгүй. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Мягмардоржийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ. 

7. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн байна. Тодруулбал:

8. “ **** ****” ХХК нь **** **** ****, **** **** орон нутгийн өмчит аж ахуйн тооцоот үйлдвэрийн ****т холбогдуулан 213,466,800.00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Мягмардорж 2020.05.11-ний өдөр нэхэмжлэлийн хувийг гардаж авсан атлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийншаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй байна. 

9. “ **** **** ХХК тонн тутмыг 1,612,000 төгрөгөөр тооцож, 2018.09.06-ны өдөр 44.750 тонн битумыг 72,137,000 төгрөг, 2018.09.08-ны өдөр 41.950 тонн битумыг 67,623,400 төгрөг, 2018.09.18-ны өдөр 44.700 тонн битумыг 72,056,400 төгрөг, 3 удаагийн тээвэрлэлтийн зардалд 1,650,000 төгрөг, нийт 133.40 тонн, 213,466,800 төгрөгийн битумыг  **** **** ****, **** **** ОНӨААТҮГ худалдах, төлбөрийг 2019 оны 10 дугаар сард төлөхөөр тохиролцсон үйл баримтыг нотолсон бичгийн нотлох баримтууд хэрэгт авагджээ. 

Аливаа гэрээг талууд амаар байгуулсан тохиолдолд шүүхээс Иргэний 40 дүгээр зүйлийн 40.1, 41 дүгээр зүйлийн 41.1, 41.2, 43 дугаар зүйлийн 43.1.1, 196 дугаар зүйлийн 196.1.1-д тус тус зааснаар хүсэл зоригийн бүрдэл, түүний илэрхийлэл, үйлдэл, эс үйлдэл зэрэгт дүн шинжилгээ хийх ****аар тайлбарлаж дүгнэлт хийдэг. 

10. Шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ гэж зөв тодорхойлж, гэрээг хуулийн хүрээнд чөлөөт байдлыг ханган байгуулсан талаар үндэслэлтэй дүгнэлт хийжээ. 

Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг хүлээнэ. 

11. Зохигчид 2019.01.01-ний өдрөөс 2019.03.31-ний өдрийг дуустал хугацаанд нийлүүлсэн битум, төлөх төлбөрийг тодорхойлж, тооцооны үлдэгдэл баталгаа гэх баримтыг үйлдсэн байхаас гадна,  **** **** ****, **** **** ОНӨААТҮГ-аас 2019.06.18-ны өдрийн 308 дугаартай албан бичгээр битумын худалдан авалт болох 213,466,800 төгрөгийг 2019 онд бүрэн барагдуулах саналыг  **** **** ХХК-д гаргаж байжээ. 

12. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ”, мөн хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д “Үүргийг тогтоосон ****, хугацаанд нь, зохих ёсоор, шударгаар гүйцэтгэнэ”, 208 дугаар зүйлийн 208.1-д “Үүргийг хууль буюу гэрээнд заасан хугацаанд гүйцэтгэнэ” гэж тус тус заасан 

Хоёр  шатны шүүх зохигч байгууллагын нягтлан бодогч нарын гарын үсэг зурж, санхүүгийн тэмдэг дарж баталгаажуулсантооцооны үлдэгдэл баталгаа,  **** **** ****, **** **** ОНӨААТҮГ-ын 2019.06.18-ны өдрийн 308 дугаартай албан бичиг,  **** **** ХХК-аас битумыг нийлүүлсэн байдал зэрэг хэрэгт авагдсан  баримтад үндэслэж, хариуцагчийн үүргийг 213,466,800 төгрөг гэж тодорхойлсон нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан зохицуулалтын агуулга, шаардлагад нийцсэн байна. 

13. Давж заалдах шатны шүүх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааныг хойшлуулах хүсэлт гаргасан боловч хүсэлтэд хавсаргасан баримт нь нотлох баримтын шаардлага хангаагүй, эмнэлгийн магадалгаа шүүхэд ирүүлээгүй тул шүүх хуралдаанд түүнийг хүндэтгэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй гэж үзэх бөгөөд анхан шатны шүүх түүний эзгүйд шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг зөрчөөгүй гэж дүгнэсэн нь үндэслэлтэй. 

14. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн үндэслэл, журмын дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн, хариуцагчийн мэтгэлцэх, өөрийн шаардлага, татгалзлаа нотлох эрхийг анхан шатны шүүх үндэслэлгүйгээр хязгаарласан гэх гомдлыг үндэслэлгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах боломжгүй. 

15. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Мягмардоржийн гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 101/ШШ2020/02142 дугаар шийдвэрНийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 1745 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Мягмардоржийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.                                                                      

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн1,225,284 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             Х.ЭРДЭНЭСУВД

                                    ШҮҮГЧИД                                                         Н.БАЯРМАА 

                                                                                                              П.ЗОЛЗАЯА

                                                                                                               Б.МӨНХТУЯА

                                                                                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ