Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
Хэргийн индекс | 183/2020/01036/И |
Дугаар | 001/ХТ2022/00840 |
Огноо | 2022-09-22 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 001/ХТ2022/00840
“ **** **** ****” УТҮГ-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/01586 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1787 дугаар магадлалтай,
“ **** **** ****” УТҮГ-ын нэхэмжлэлтэй,
“ **** **** **** **** ****” ХХК-д холбогдох
Гэрээний үүрэгт 5,111,014 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадоржийн гаргасан гомдлоор
Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Намуун, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадорж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. **** **** ****” УТҮГ нь “ **** **** **** **** ****” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 5,111,014 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/01586 дугаар шийдвэрээр Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасныг баримтлан хариуцагч “ **** **** **** **** ****” ХХК-аас 5,111,014 төгрөг гаргуулж, “ **** **** ****” УТҮГ-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, мөн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан хариуцагчаас 96,727 төгрөг гаргуулж улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1787 дугаар магадлалаарХан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/01586 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 96,800 төгрөгийг улсын орлогод үлдээсэн байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадорж хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д заасны дагуу гомдлыг гаргаж байна. Магадлалд “...гэрээний салшгүй хэсэг гэж гэрээний 5 дахь хэсэгт заасан “Бүсэд хөрөнгө оруулах хэмжээ, үе шат зэргийг харуулсан тухайн хуулийн этгээдийн удирдлагын гарын үсэг, тамга тэмдэг бүхий хөрөнгө оруулалтын санал...” гэрээнд тусгагдаагүй нь уг гэрээг хүчин төгөлдөр бусд тооцох хуульд заасан үндэслэлд хамаарахгүй байна...” гэснийг эс зөвшөөрч байна. Талуудын хооронд 2018.03.22-ны өдөр байгуулагдсан 18/40 дугаартай “Газар эзэмшүүлэх гэрээ”-ний Нэгдүгээр зүйлийн 1.1-д “Энэхүү гэрээнд, гэрээний салшгүй хэсэг болох дараах зүйлийг заавал тусгах бөгөөд эдгээрийн бүрдэл дутуу бол гэрээг хүчингүйд тооцох үндэслэл болно” гэж заасан, 5 дах хэсэгт “Бүсэд хөрөнгө оруулах хэмжээ, үе шат зэргийг харуулсан тухайн хуулийн этгээдийн удирдлагын гарын үсэг, тамга тэмдэг бүхий хөрөнгө оруулалтын санал” гэсэн байдаг. Уг санал хэрэгт авагдаагүй. Энэхүү санал байхгүй тул 2018.03.22-ны өдрийн 18/40 дугаартай **** худалдааны **** ****ийн хөрөнгө оруулалтын гэрээний 2.4-т уг хөрөнгө оруулалтын ажил хэзээ эхэлж, хэзээ дуусахыг тохиролцоогүй байгаа нь талууд анхнаасаа энэ талаар тохиролцоогүй гэдгийг харуулж байна.
4.1. Үүнээс дүгнэхэд “Газар эзэмшүүлэх гэрээ”-нд “Бүсэд хөрөнгө оруулах хэмжээ, үе шат зэргийг харуулсан тухайн хуулийн этгээдийн удирдлагын гарын үсэг, тамга тэмдэг бүхий хөрөнгө оруулалтын санал”-ыг заавал тусгах бөгөөд эдгээрийн бүрдэл дутуу бол гэрээг хүчингүйд тооцох үндэслэл болохоор заасан байх бөгөөд энэхүү стандарт нөхцөл нь гэрээний салшгүй хэсэг байна. Иймд талуудын хооронд байгуулагдсан 2018.03.22-ны өдөр 18/40 тоот “Газар эзэмшүүлэх гэрээ” нь хүчингүй гэрээ байсан. Гэрээний **** байдлын зарчимд тулгуурлан талууд харилцан тохирч “Гэрээ хүчингүй болгох нөхцөл”-ийг тохирсон байдаг. Магадлалд “...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-т “анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй”, мөн энэ хуулийн 161 дүгээр зүйлд заасан этгээд давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй гэж тус тус заасан тул Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.12-т заасныг хэрэглээгүй гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй..” гэснийг хүлээн зөвшөөрөхгүй. Хариуцагчийн зүгээс анхан шатны шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргасан байдаг. Давж заалдах гомдолд дээрх тайлбарыг дэлгэрүүлж бичсэн. Үүнийг анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримт, шинэ нотлох баримт гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд анхан шатны шүүх хуралдаанд биечлэн оролцоогүй нь давж заалдах гомдол гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болохгүй гэж үзэж байна.
4.2. **** **** **** бол хөрөнгө оруулалтыг татах, шинэ технологийг нэвтрүүлэх, экспортыг дэмжих, аялал жуулчлал, үйлдвэр, үйлчилгээг хөгжүүлэх зорилготой. Тийм ч учраас Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 1.12-т “Чөлөөт ****эд эрчим хүч, дулааны эх үүсвэр, шугам сүлжээ, цэвэр усан хангамж, ариутгах, цэвэрлэх байгууламж, авто зам, төмөр зам, нисэх онгоцны буудал, харилцаа холбооны үндсэн сүлжээ зэрэг дэд бүтэц болон үйлдвэрлэл эрхэлж байгаа аж ахуйн нэгж, түүний салбарыг үйл ажиллагаагаа эхэлсэн өдрөөс **** ****эд эзэмшиж, ашиглаж байгаа газрын төлбөрөөс эхний 10 жилд 100 хувиар чөлөөлөхөөр хуульчилж өгсөн байдаг. Нэгэнт хууль тогтоох дээд байгууллагаас Чөлөөт ****ийн газарт үйл ажиллагаа эрхлэх аж ахуйн нэгжүүдийг газрын төлбөрөөс чөлөөлж, үйл ажиллагааг нь дэмжих хуулийн зохицуулалт оруулж өгсөөр байтал хэрэгжүүлэгч субъектүүдийн зүгээс хууль зөрчиж, төлбөр шаардаж байна гэж үзэж байна.
Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадоржийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад хэвээр үлдээжээ.
7. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
8. “ **** **** ****” УТҮГ нь “ **** **** **** **** ****” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 5,111,014 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадорж “нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн тайлбарыг гарган эс зөвшөөрч, мэтгэлцжээ.
9. **** худалдааны **** ****ийн захирагчийн 2018.03.15-ны өдрийн А/89 тоот захирамжаар хариуцагч “ **** **** **** **** ****” ХХК-д 3.6 га газар эзэмшүүлэх эрх олгож баталгаажуулан, улмаар талуудын хооронд 2018.03.22-ны өдөр 18/40 тоот **** **** ****эд газар эзэмшүүлэх гэрээг байгуулжээ.
Дээрх гэрээгээр нэхэмжлэгч нь 3.6 га газрыг хариуцагчид 8 жилийн хугацаагаар, жилийн 2,880,000 төгрөгийн төлбөртэйгөөр ашиглуулах, гэрээний 4.2.4-т зааснаар “хариуцагч газрын төлбөрийг газрын ашигт шинж чанарыг ашигласан эсэхээс үл хамааран хугацаанд нь төлөх үүргийг хүлээх”-ээр харилцан тохиролцсон байна.
9.1. Хоёр шатны шүүх талуудын хүсэл зоригийн илэрхийлэл, гэрээг хуулийн хүрээнд гэрээний **** байдлыг хангасан эсэх, уг гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, Газрын тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 35 дугаар зүйлийн 35.3.3-т заасныг зөв тайлбарлан хэрэглэжээ.
10. Анхан болон давж заалдах шатны шүүх “ **** **** **** **** ****” ХХК-ийн гэрээнд заасан үүргийг 5,111,014 төгрөг гэж тодорхойлохдоо хэрэгт авагдсан 2018.03.22-ны өдөр 18/40 тоот **** **** ****эд газар эзэмшүүлэх гэрээнд үндэслэгдсэн байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй.
11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадорж нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч татгалзлын үндэслэлээ баримтаар нотлоогүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзнэ.
12. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид анхан шатны шүүх хуралдааны товыг хуульд заасан журмын дагуу мэдэгдсэн боловч тэрээр шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хүрэлцэн ирээгүй, мэтгэлцэх эрхээ эдлээгүй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр хариуцагчийн эзгүйд хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасантай нийцсэн талаар хийсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.
13. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5-д “Анхан шатны шүүхэд гаргаагүй нотлох баримтыг давж заалдах болон хяналтын журмаар гаргасан тохиолдолд шүүх түүнийг үнэлэхгүй”, мөн хуулийн 161 дүгээр зүйлийн 161.4-т “Энэ хуулийн 161.1-д заасан этгээд давж заалдах гомдлын үндэслэлд анхан шатны шүүхээр хэлэлцэгдээгүй шинэ нотлох баримтыг заах эрхгүй” гэж тус тус зохицуулсан бөгөөд давж заалдах шатны шүүх Газрын төлбөрийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1.12-т заасныг хэрэглээгүй гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хүлээн авах боломжгүй гэсэн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
14. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, эрх зүйн маргаанд хуулийн зохицуулалтыг оновчтой, зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадоржийн гаргасан гомдлыг хангахгүй орхив.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2020/01586 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 1787 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Лхагвадоржийн гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 96,800 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.ЭРДЭНЭСУВД
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
Б.МӨНХТУЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ