Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 00416

 

  2020 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 153/ШШ2020/00416

     Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, ерөнхий шүүгч Ц.Оюун-Эрдэнэ, шүүгч Х.Отгонжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар,

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багийн ... тоотод оршин суух, Цагаандай овогт Згийн Э //-ийн нэхэмжлэлтэй,

хариуцагч: Ховд аймгийн Жаргалант сумын Цамбагарав багт байрлах, Хд холбогдох,

2019 оны 01, 02, 03, 04, 05 дугаар саруудын цалин хөлсний зөрүү, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, 2019 оны ээлжийн амралтын олговрын зөрүү гаргуулах, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, замын зардал 907,200 /есэн зуун долоон мянга хоёр зуу/ төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,000,000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, 2020 оны 4 дүгээр сарын 09-ны өдөр 153/2020/00305/и дугаар индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Гантуяа, иргэдийн төлөөлөгч Т.Ардакелди, нэхэмжлэгч З.Э, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Мөнхбат нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Э тус шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:...Шүүхэд гаргасан нэхэмжлэл нь шүүхийн шийдвэр гарснаас хойш ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон нийгмийн болон эрүүл мэндийн дэвтэрт бичилт хийлгэх, мөн Улаанбаатар хот руу 2 удаа шүүх хуралдаанд явсан тээврийн зардал, өмгөөлөгчийн хөлсийг тус тус хариуцагч талаас гаргуулахаар нэхэмжилж байна. Хууль бус актын дагуу хохирсон  хохирлоо гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. 2019 оны 01, 02, 3, 4 дүгээр саруудад анхан шатны шүүхээс ажилгүй байсан хугацааны цалин хөлс олгох, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх гэсэн шийдвэр гарсан. Түүнээс хойш хариуцагч талын давж заалдах гомдол гаргасан. 2020 оны  02 дугаар сарын 10-ны өдөр миний бие гурван шатны шүүхийн шийдвэрийн дагуу ажилдаа орсон. 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрөөс өмнөх ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон өөрт учирсан хохирлоо хариуцагч талаас гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан. Миний бие боловсролын байгууллагад 33 жил ажилласан. ТҮБД-5-5 дахь шатлалаар цалинждаг. Иймд төрийн албанд ажилласан нэмэгдэл, ээлжийн амралтын олговор, ур чадвар, үр дүнгийн нэмэгдэл, зэргийн нэмэгдэл зэргийг тооцож хариуцагч талаас нийт 22,166,000 төгрөгийг нэхэмжилж байна. Мөн өмгөөлөгчийн хөлс, унааны зардал гээд 1,900,000 төгрөгийг би өөрийн зүгээс гаргасан. Ажилгүй байх хугацаанд би эрүүл мэнд, сэтгэл санаагаар хохирсон. Би нийт 13 сарын хугацаанд ажилгүй байсан. Дээрх мөнгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан....Анх намайг 2019 оны 01 дүгээр сард ажлаас халагдаж байхад төрийн албан хаагчийн үндсэн цалин нэмэгдэж 893,425 төгрөг болсон. Үүний нэг сарын цалингийн зөрүү нь 182,195  төгрөг, орон нутгийн нэмэгдэл буюу үндсэн цалингийн 10 хувиар бодоод 89,342 төгрөг, мөн мэргэшлийн зэргийн нэмэгдэл буюу би тэргүүлэх зэрэгтэй багш учир үндсэн цалингийн 15 хувь буюу 134,014 төгрөг,  ур чадварын нэмэгдэл буюу үндсэн цалингийн 25 хувиар бодоод 223,360 төгрөг, мөнгөн урамшуулал буюу үндсэн цалингийн 15 хувиар бодоод 134,014 төгрөг....2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны цалингийн зөрүү 728,780 төгрөг, нэмэгдэл хөлс 2,903,650 төгрөг, нийт цалин хөлсний зөрүү 3,632,430 төгрөгийг Хас гаргуулна.

....Энэ хугацааны цалин хөлсийг бодохдоо хоёр салгаж бодно. Учир нь 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс үндсэн цалин нэмэгдсэн, мөн удаан жил ажилласны нэмэгдэл авдаг болсон. Иймд 1 сард үндсэн цалин 893,425 төгрөг, орон нутгийн нэмэгдэл үндсэн цалингийн 10 хувиар бодоод 89,342 төгрөг, мэргэшлийн зэргийн нэмэгдэл нь үндсэн цалингийн 15 хувиар бодоод 134,014 төгрөг, ур чадварын нэмэгдэл үндсэн цалингийн 25 хувиар бодоод 223,360 төгрөг, мөнгөн урамшуулал үндсэн цалингийн 15 хувиар бодоод 134,014 төгрөг бөгөөд 1 сарын нэмэгдэл нь 580,730 төгрөг болж байгаа. 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацаа буюу 6 сарын цалин 5,360,550 төгрөг, 6 сарын нэмэгдэл хөлс 3,484,380 төгрөг, нийт 8,844,930 төгрөгийг хариуцагчаас гаргуулна.

Мөн 2020 оны 1 дүгээр сараас үндсэн цалин нэмэгдэж 964,899 төгрөг болсон. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацааны авах ёстой байсан нэмэгдэл нь орон нутгийн нэмэгдлийг үндсэн цалингийн 10 хувиар бодоод 96,490 төгрөг, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг үндсэн цалингийн 15 хувиар бодоод 144,736 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг үндсэн цалингийн 25 хувиар бодоод 241,225 төгрөг, ур чадварын нэмэгдлийг үндсэн цалингийн 25 хувиар бодоод 241,225 төгрөг, мөнгөн урамшууллын нэмэгдлийг үндсэн цалингийн 15 хувиар бодоод 144,735 төгрөг. 1 сард нийт авах ёстой байсан нэмэгдлүүд нь 864,411 төгрөг болж байна. Нийт 1 сарын цалин хөлс 1,833,310 төгрөг болж байгаа....2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс 11,136,570 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна. Мөн 2019 оны 01, 02, 03, 04, 05 дугаар саруудын цалин хөлсний зөрүүнд ногдох болон 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгаж өгнө үү.

.... Бид нар 30 хоногийн ээлжийн амралттай. 2019 оны ээлжийн амралтын олговор 2,151,021 төгрөг авах ёстой байсан. Үүнээс 665,560 төгрөгийг авсан. Одоо 2019 оны ээлжийн амралтын олговрын зөрүү 1,485,461 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн.

.... Улаанбаатар хот руу Давж заалдах болон Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцоход гарсан өмгөөлөгчийн замын зардлыг нэхэмжилж байгаа. Давж заалдах шатны шүүх хуралдаанд Ховд аймгаас Улаанбаатар хот руу явсан өмгөөлөгчийн ирж, очих замын зардал 500,600 төгрөг, Хяналтын шатны шүүх хуралдаанд орсон өмгөөлөгчийн ирж, очих замын зардал 406,600 төгрөг, нийт замын зардал 907,200 төгрөг, мөн өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөгийг тус тус Хас гаргуулахаар шаардаж байна....2018 оны 7 дугаар сарын 1-ний өдрөөс аваад  2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ажилдаа орсон.

....Нийтдээ хууль бус захиргааны хэргийн актаас гарсан хохирол болох цалин хөлсний зөрүү, цалин хөлс, амралтын олговрын зөрүү 22,166,240 төгрөг, мөн өмгөөлөгчийн хөлс, замын зардал 1,907,200 төгрөгийг нэмээд 24,073,440 төгрөг болж байгаа. Үүнийг Хас гаргуулж өгнө үү....Би тэргүүлэх зэрэгтэй....гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэцэгсүрэн шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Жаргалант сумын Цамбагарав багийн иргэн З.Эийн гаргасан нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг өгч байна.

Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаар шийдвэрт нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгээс гаргахаар хангаж шийдвэрлэсэн бөгөөд нэхэмжлэгчийн 2020 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Ховд аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг аймгийн Засаг даргаас гаргуулахаар нэхэмжилжээ.

Иймд дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Э нь Хд холбогдуулан 2019 оны 01, 02, 03, 04, 05 дугаар саруудын цалин хөлсний зөрүү, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор, 2019 оны ээлжийн амралтын олговрын зөрүү гаргуулах, дээрх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах, замын зардал 907,200 /есэн зуун долоон мянга хоёр зуу/ төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,000,000 /нэг сая/ төгрөг гаргуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З.Э нь “...2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсний зөрүү 3,632,430 төгрөг, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс 11,136,570 төгрөг, 2019 оны ээлжийн амралтын олговрын зөрүү 1,485,461 төгрөг, давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгчийн ирж, очих замын зардал 907,200 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг, нийт 24,073,440 төгрөгийг Хас гаргуулах, 2019 оны 01, 02, 03, 04, 05 дугаар саруудын цалин хөлсний зөрүүнд ногдох болон 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах...” гэж тодруулав.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Цэцэгсүрэн нь “....Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй....” гэх тайлбарыг ирүүлжээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэлээ.

З.Э нь Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 дугаартай захирамжаар үүрэгт ажлаас чөлөөлөгдөж, Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаартай шийдвэрээр Ховд аймгийн Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн тогтоосон бөгөөд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах шүүхэд гомдол гаргаснаар шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын шатны шүүх  шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэсэн болох нь Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 08 дугаартай шийдвэрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2019/0407 дугаартай магадлалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 347 дугаартай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэрэг баримтуудаар тогтоогдлоо /хх-ийн 4-12, 13-15, 16-18 дугаар тал/.

Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/02 дугаартай захирамжаар нэхэмжлэгч З.Эийг Ховд аймгийн Жаргалант сумын 15 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн ажилд эгүүлэн томилсон болох нь Ховд аймгийн Засаг даргын 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн Б/02 дугаартай захирамжийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар тогтоогдож байна /хх-ийн 24 дүгээр тал/.

Нэхэмжлэгч З.Эийг ажлаас чөлөөлсөн Ховд аймгийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн Б/03 дугаартай захирамж нь хууль зүйн үндэслэлгүй байсан болох нь дээрх шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолуудаар нотлогдож байх тул Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар Засаг дарга гаргасан шийдвэрийнхээ хууль зүйн үндэслэл, хариуцлагыг бүрэн хүлээнэ гэсний дагуу хариуцагч Х нэхэмжлэлийн шаардлагыг хариуцах нь үндэслэлтэй гэж үзлээ.

Иймд нэхэмжлэгчийг 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсний зөрүү, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс, 2019 оны ээлжийн амралтын олговрын зөрүү зэргийг нэхэмжлэгчид олгох нь үндэслэлтэй байна.

А. Нэхэмжлэгч нь 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны цалин хөлсний зөрүү гаргуулах шаардлагын үндэслэлээ “...Анх намайг 2019 оны 01 дүгээр сард ажлаас халагдаж байхад төрийн албан хаагчийн үндсэн цалин нэмэгдэж 893,425 төгрөг болсон. Үүний нэг сарын цалингийн зөрүү нь 182,195 төгрөг, орон нутгийн нэмэгдэл буюу үндсэн цалингийн 10 хувиар бодоод 89,342 төгрөг, мөн мэргэшлийн зэргийн нэмэгдэл буюу би тэргүүлэх зэрэгтэй багш учир үндсэн цалингийн 15 хувь буюу 134,014 төгрөг,  ур чадварын нэмэгдэл буюу үндсэн цалингийн 25 хувиар бодоод 223,360 төгрөг, мөнгөн урамшуулал буюу үндсэн цалингийн 15 хувиар бодоод 134,014 төгрөг....2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны цалингийн зөрүү 728,780 төгрөг, нэмэгдэл хөлс 2,903,650 төгрөг, нийт цалин хөлсний зөрүү 3,632,430 төгрөгийг Хас гаргуулна...Би ТҮБД-5-5 шатлалаар цалинждаг....” гэж тайлбарлав.

Монгол улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 25 дугаартай “Төрийн үйлчилгээний зарим албан тушаалын зэрэглэлийг шинэчлэн тогтоох тухай” тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Сургуулийн өмнөх болон бага, дунд боловсрол эзэмшүүлэх сургалтын байгууллагын төрийн үйлчилгээний албан тушаалын зэрэглэл”-ийн 1-д “Сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллагын эрхлэгч” нь ТҮБД-5 зэрэглэлд хамаарч байна.

Нэхэмжлэгч нь төрийн албанд 33 жил ажилласан, мөн ТҮБД-5 зэрэглэлийн 5 дахь шатлалд зааснаар цалин авч байсан болох нь нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байх тул цалин хөлс гаргуулах тооцооллыг ТҮБД-5-5-д заасан шатлалаар тооцох нь зүйтэй гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д “Цалин хөлс нь үндсэн цалин, нэмэгдэл хөлс, нэмэгдэл, шагнал урамшууллаас бүрдэнэ.” гэж заасан.

2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Монгол улсын Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтад ТҮБД-5-5-д заасан шатлалын цалин нь 893,425 төгрөг байсан бөгөөд 1 сард ногдох үндсэн цалингийн зөрүү 182,195 төгрөг ба 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны үндсэн цалингийн зөрүү 545,865 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Харин Монгол улсын Засгийн газрын Монгол улсын Засгийн газрын 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 382 дугаар тогтоолын 4 дүгээр хавсралтаар баталсан “Төрийн үйлчилгээний албан хаагчид ур чадварын нэмэгдэл олгох нийтлэг журам”-ын 3-д “4-т заасан шалгуур үзүүлэлтийн дагуу албан тушаалын сарын үндсэн цалингаас 10-25 хувиар тооцож, сар бүр олгохоор” заажээ.

Мөн Монгол улсын Засгийн газрын Монгол улсын Засгийн газрын 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 5 дугаар тогтоолын 3 дугаар хавсралтаар баталсан “Төрийн албан хаагчид мөнгөн урамшуулал олгох журам”-ын Дөрөв-д төрийн болон орон нутгийн өмчийн цэцэрлэгийн багш, туслах багш, албан хаагчид улирлын ажлын үр дүнгээр олгох мөнгөн урамшуулалын талаар зохицуулжээ.

Уг журмын 4.7-д “...Сургалтын байгууллагын эрхлэгч, захиралд улирлын ажлын үр дүнгийн мөнгөн урамшуулал олгох шийдвэрийг томилсон эрх бүхий албан тушаалтан гаргана.” гэж заасан.

Дээрхээс үзэхэд нэхэмжлэгчид ур чадварын нэмэгдлийг 25 хувиар, мөнгөн урамшуулал 15 хувиар тус тус тооцож олгох талаар ажил олгогчийн шийдвэр гараагүй, тухайн журамуудад зааснаар ур чадварыг нэмэгдлийг 10-25 хувиар, мөнгөн урамшуулалыг 10-20 хувиар тус тус тооцож олгохоор заасан байхад нэхэмжлэгч нь ур чадварын нэмэгдлийг 25 хувиар, мөнгөн урамшуулалыг 15 хувиар тус тус тооцож авахтай холбогдсон баримтыг шүүхэд ирүүлээгүй байх тул ур чадварын нэмэгдэл болон мөнгөн урамшуулалыг нэхэмжлэгчид олгох боломжгүй байна.

Мөн Монгол улсын Засгийн газрын Монгол улсын Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтаар баталсан “Төрийн үйлчилгээний албан хаагчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгох нийтлэг журам”, 6 дугаар хавсралтаар баталсан “Төрийн үйлчилгээний албан хаагчид орон нутагт ажилласны нэмэгдэл олгох журам”-уудад цэцэрлэгийн эрхлэгчийн албан тушаалыг тусгаагүй байх тул нэхэмжлэгчид мэргэшлийн зэргийн болон орон нутагт ажилласны нэмэгдлүүдийг тус тус олгох үндэслэлгүй гэж үзлээ.

Нэхэмжлэгч нь 2018 онд нэмэгдлүүдийг авч байсан талаарх цалингийн цэс, 2019 онд цэцэрлэгийн эрхлэгчид мэргэшлийн зэргийн нэмэгдэл олгохоор зохицуулсан эрх бүхий албан тушаалтны шийдвэр, мөн сургуулийн өмнөх боловсролын сургалтын байгууллагын менежер нь цэцэрлэгийн эрхлэгч мөн эсэхийг нотолсон нэхэмжлэгчийн ажил олгогчтой байгуулсан ажлын байрны тодорхойлолт зэрэг баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Нэхэмжлэгч болон түүний өмгөөлөгч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаархи нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иймээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийг дуусталх хугацааны ур чадварын нэмэгдэл, мэргэшлийн зэргийн нэмэгдэл, орон нутагт ажилласны нэмэгдэл, мөнгөн урамшуулал зэргийг шаардсныг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Б. Нэхэмжлэгч нь 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацааны ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах шаардлагын үндэслэлээ “....Энэ хугацааны цалин хөлсийг бодохдоо хоёр салгаж бодно. Учир нь 2020 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс үндсэн цалин нэмэгдсэн, мөн удаан жил ажилласны нэмэгдэл авдаг болсон. Иймд 1 сард үндсэн цалин 893,425 төгрөг, орон нутгийн нэмэгдэл үндсэн цалингийн 10 хувиар бодоод 89,342 төгрөг, мэргэшлийн зэргийн нэмэгдэл нь үндсэн цалингийн 15 хувиар бодоод 134,014 төгрөг, ур чадварын нэмэгдэл үндсэн цалингийн 25 хувиар бодоод 223,360 төгрөг, мөнгөн урамшуулал үндсэн цалингийн 15 хувиар бодоод 134,014 төгрөг бөгөөд 1 сарын нэмэгдэл нь 580,730 төгрөг болж байгаа....2020 оны 1 дүгээр сараас үндсэн цалин нэмэгдэж 964,899 төгрөг болсон. 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацааны авах ёстой байсан нэмэгдэл нь орон нутгийн нэмэгдлийг үндсэн цалингийн 10 хувиар бодоод 96,490 төгрөг, мэргэшлийн зэргийн нэмэгдлийг үндсэн цалингийн 15 хувиар бодоод 144,736 төгрөг, төрийн алба хаасан хугацааны нэмэгдлийг үндсэн цалингийн 25 хувиар бодоод 241,225 төгрөг, ур чадварын нэмэгдлийг үндсэн цалингийн 25 хувиар бодоод 241,225 төгрөг, мөнгөн урамшууллын нэмэгдлийг үндсэн цалингийн 15 хувиар бодоод 144,735 төгрөг болж байгаа....” гэж тайлбарлав.

2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Монгол улсын Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтад ТҮБД-5-5-д заасан шатлалын цалин нь 893,425 төгрөг байсан бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн Монгол улсын Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтад ТҮБД-5-5-д заасан шатлалын цалин нь 964,899 төгрөг болж нэмэгдсэн. Мөн Монгол улсын Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс дагаж мөрдсөн.

Иймээс нэхэмжлэгчийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлсний тооцооллыг 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуустал тус тус хугацаагаар гаргуулахаар шаардаж байгаа нь үндэслэлтэй байна.

 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Монгол улсын Засгийн газрын 2019 оны 24 дүгээр тогтоолын 5 дугаар хавсралтад заасны дагуу нэхэмжлэгчийн 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны 1 сарын үндсэн цалин нь 893,425 төгрөгөөр тооцоход нэхэмжлэгчийн эрх зүйн байдал дордож байх тул уг хугацааны цалинг Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-д заасны дагуу олгох нь зүйтэй гэж үзлээ.

Ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг тодорхойлохдоо Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаартай тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7.а-д "... ажлаас буруу халсан буюу шилжүүлсэн үеийн дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно" гэж заасан ба нэхэмжлэгчийн 0129907 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар дундаж цалин хөлсийг тодорхойлов /хх-ийн 26 дугаар тал/.

/2018 оны 10 дугаар сар 944,699 төгрөг + 11 дүгээр сар 782,353 төгрөг + 12 дугаар сар 1,509,973 төгрөг = 3,237,025 төгрөг / 3 = 1 сарын дундаж цалин хөлс 1,079,008.3 төгрөг / 21.3 хоног = 1 өдрийн цалин хөлс 50,657.6 төгрөг х 168 хоног = 8,510,476.8 төгрөг/, /дундаж хоногийг тооцоход: 2018 оны 10 сард ажлын 23 хоног + 11 сард ажлын 20 хоног + 12 сард ажлын 21 хоног = 64 хоног / 3 = 21.3 хоног/.

Нэхэмжлэгчид 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлс 8,510,476.8 төгрөгийг олгохоор тогтов.

Харин 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлсний тооцооллыг Монгол улсын Засгийн газрын 2019 оны 472 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтад заасны дагуу үндсэн цалинг 964,899 төгрөгөөр, Монгол улсын Засгийн газрын 2018 оны 382 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар баталсан Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчид төрийн алба хаасан хугацааны нэмэгдэл олгох журам”-ын 2-д заасны дагуу үндсэн цалингийн 25 хувиар тус тус тооцоход 1,560,865.7 төгрөгийг нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

В. Нэхэмжлэгч нь 2019 оны ээлжийн амралтын олговрын зөрүү 1,485,461 төгрөг гаргуулах шаардлагын үндэслэлээ “....Бид нар 30 хоногийн ээлжийн амралттай. 2019 оны ээлжийн амралтын олговор 2,151,021 төгрөг авах ёстой байсан. Үүнээс 665,560 төгрөгийг авсан. Одоо 2019 оны ээлжийн амралтын олговрын зөрүү 1,485,461 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилсэн....” гэж тайлбарлав.

Боловсролын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 43.1.2.-т “багш, ажиллагчдын ээлжийн үндсэн амралтын хугацааг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулна. Хөдөлмөрийн онцлогийг харгалзан ....эрхлэгч….ажлын 15 өдрийн нэмэгдэл амралт тус тус олгоно. Хөдөлмөрийн тухай хуулийн 79.5, 79.6-д заасан ажилласан хугацаа, хөдөлмөрийн нөхцөлийг харгалзсан бусад нэмэгдэл амралт дээрх албан тушаалтанд хамаарахгүй” гэж, Хөдөлмөрийн тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.2-т “Ажилтны ээлжийн үндсэн амралтын хугацаа ажлын 15 өдөр байна.” гэж тус тус заажээ.

Нэхэмжлэгч нь 2018 онд ээлжийн амралтаа эдлээд “2018 оны 8 дугаар сарын 16-ны өдөр ажилдаа орсон” гэж тайлбарласан тайлбарыг үндэслэн ээлжийн амралтын олговрын тооцооллыг гаргав.

Монгол улсын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын сайдын 2000 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 166 дугаартай тушаалаар батлагдсан “Ээлжийн амралтын олговор тооцох журам”-ын дагуу тооцооллыг гаргах нь зүйтэй байна.

“Ээлжийн амралтын олговор тооцох журам”-ын 4.-д “Ээлжийн амралтын олговрыг тодорхойлохдоо амралт олгохын өмнөх 12 сарын цалин хөлсний нийлбэрийг 12-т хувааж нэг сарын дундаж цалин хөлсийг гаргах бөгөөд гарсан тоог байгууллага, нэгжид мөрдөж буй ажлын өдрийн тоонд хувааж нэг өдрийн дундаж цалин хөлсийг тооцож гаргана. Нэг өдрийн дундаж цалин хөлсийг ажилтны ээлжийн амралтын өдрөөр үржүүлэн ажилтанд олговол зохих ээлжийн амралтын олговрын хэмжээг тодорхойлно.” гэж заасан бөгөөд нэхэмжлэгчийн 0129907 дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн нотариатаар гэрчлүүлсэн хуулбараар /хх-ийн 26 дугаар тал/ тооцооллыг гаргахад 2019 оны ээлжийн амралтын олговрын зөрүү 1,420,528.4 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор тогтлоо.

Г. Давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгчийн ирж, очих замын зардал 907,200 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг, нийт 24,073,440 төгрөгийг Хас гаргуулах шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь Ховд аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ холбогдуулан өмгөөлөгч Б.Мөнхбатыг сонгон авч, тэрээр давж заалдах болон хяналтын шатны шүүхэд хуралдаанд оролцсон болох нь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 221/МА2019/0407 дугаартай магадлалын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 347 дугаартай тогтоолын нотариатаар гэрчлүүлсэн хуулбар зэргээр тогтоогдож байна.

Мөн давж заалдах болон хяналтын шатны шүүхүүдийн шүүх хуралдаанд оролцсон замын зардалд нийт 907,200 төгрөгийг төлсөн болох нь 2019 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн 0074143 дугаартай Бэлэн мөнгөний орлогын баримт, 27543FB1 дугаартай онгоцны тийз зэргээр нотлогдлоо. /хх-ийн 33-35, 37 дугаар тал/

Иймд давж заалдах болон хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон замын зардал 907,200 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Харин Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14-т “Монгол Улсын хууль, ... эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, ... , хууль зүйн туслалцаа авах, ..., шударга шүүхээр шүүлгэх, хэргээ шүүх ажиллагаанд биеэр оролцох, шүүхийн шийдвэрийг давж заалдах, ... эрхтэй. ... гэж заасан нь хуулиар шүүх хуралдаанд оролцох, өмгөөлөгч авах эрхийг олгосон болохоос биш үүрэг болгоогүй байна.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хөлсөд 1,000,000 төгрөг төлсөн нь нэхэмжлэгч хуульд заасан эрхээ эдэлсэн ба уг зардлыг хариуцагчийн гэм буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирол гэж үзэх боломжгүй байх тул өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Д. 2019 оны 01, 02, 03, 04, 05 дугаар саруудын цалин хөлсний зөрүүнд ногдох болон 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн тооцуулж, дэвтэрт бичилт хийлгэхийг даалгах шаардлагын тухайд:

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1-д “Ажил олгогч болон хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаа ажилтан нь хууль тогтоомжид өөрөөр заагаагүй бол нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд заавал даатгуулж, хуульд заасан хувь хэмжээгээр сар бүр нийгмийн даатгалын шимтгэл төлөх үүрэгтэй.” гэж, мөн зүйлийн 46.2-т “Ажил олгогч хөдөлмөрийн гэрээ байгуулсан өдрөөс эхлэн ажилтанд нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэр нээж, түүнд зохих журмын дагуу сар тутам шимтгэл, хураамж төлсөн тухай бичилт хийх үүрэгтэй.” гэж тус тус хуульчилжээ.

Иймээс нэхэмжлэгчийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны цалингийн зөрүү, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлснөөс тус тус нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хд даалгахаар тогтов.

Иймд хариуцагч Хас 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны үндсэн цалингийн зөрүү 545,865 төгрөг,  2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлс 8,510,476.8 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлс 1,560,865.7 төгрөг, 2019 оны ээлжийн амралтын олговрын зөрүү 1,420,528.4 төгрөг, замын зардал 907,200 төгрөг, нийт 12,944,935.9 /арван хоёр сая есэн зуун дөчин дөрвөн мянга есэн зуун гучин таван төгрөг есэн мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,128,504.1 /арван нэгэн сая нэг зуун хорин найман мянга таван зуун дөрвөн төгрөг нэг мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Нэхэмжлэгч З.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348,518 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хас 12,944,935.9 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 222,069 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч З.Эт олгох нь зүйтэй байна.

Хавтаст хэргийн 27 дугаар хуудсанд авагдсан баримт нь нэхэмжлэгчийн 2019, 2020 онуудын ажилгүй байсан хугацааны цалин хөлсний тооцоог гаргасан баримт байх тул шүүх үнэлээгүй болно.

Мөн хавтаст хэргийн 39-45 дугаар хуудсанд авагдсан баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан шүүхэд эхээр нь, хэрэв эхийг өгөх боломжгүй бол нотариатчаар гэрчлүүлсэн хуулбарыг өгнө гэх заалтыг зөрчсөн буюу нотлох баримтын шаардлага хангаагүй тул үнэлээгүй болохыг дурдлаа.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 128.1.11, 69 дүгээр зүйлийн 69.1, 55 дугаар зүйлийн 55.2-т заасныг баримтлан хариуцагч Хас 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны үндсэн цалингийн зөрүү 545,865 төгрөг,  2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацааны цалин хөлс 8,510,476.8 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг дуустал хугацааны цалин хөлс 1,560,865.7 төгрөг, 2019 оны ээлжийн амралтын олговрын зөрүү 1,420,528.4 төгрөг, замын зардал 907,200 төгрөг, нийт 12,944,935.9 /арван хоёр сая есэн зуун дөчин дөрвөн мянга есэн зуун гучин таван төгрөг есэн мөнгө/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Эт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 11,128,504.1 /арван нэгэн сая нэг зуун хорин найман мянга таван зуун дөрвөн төгрөг нэг мөнгө/ төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2-т зааснаар нэхэмжлэгч З.Эийн 2019 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2020 оны 5 дугаар сарын 02-ны өдрийг хүртэлх хугацааны цалингийн зөрүү, 2019 оны 5 дугаар сарын 03-ны өдрөөс 2020 оны 2 дугаар сарын 07-ны өдрийг дуусталх хугацааны цалин хөлснөөс тус тус нийгмийн даатгалын шимтгэл болон бусад татварыг суутган, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагч Хд даалгасугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч З.Эийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 348,518 /гурван зуун дөчин найман мянга таван зуун арван найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Хас улсын тэмдэгтийн хураамж 222,069 /хоёр зуун хорин хоёр мянга жаран ес/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч З.Эт олгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                            С.ОЮУНЖАРГАЛ

 

    ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                            Ц.ОЮУН-ЭРДЭНЭ

 

 ШҮҮГЧ                                             Х.ОТГОНЖАРГАЛ