Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 1606

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00534

 

 

 

“ЭМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/01098 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч “ЭМ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч “ИМҮ” ХХК, М.Ц- нарт холбогдох

 

10161 арлын дугаартай SD300 маркийн дугуйт ачигч болон түүний түрээсийн төлбөр 95 047 915 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Э

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чинхүслэн нар оролцов.

 

   Нэхэмжлэгч “ЭМ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Мондулаан трейд ХХК нь 2015 оны 009/2015 дугаар тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 1161 арлын дугаартай, Doosan SD300 маркийн дугуйт ачигчийг “ЭМ” ХХК-аас авсан. 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Мондулаан трейд ХХК болон “ИМҮ” ХХК-ийн хүсэлтээр 2015 оны 009/2015 дугаар гэрээний худалдан авагчийн эрх үүргийг “ИМҮ” ХХК Эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр Мондулаан трейд ХХК-иас шилжүүлэн авсан. Иймд нэхэмжлэгч нь 2015 оны 009/2015 дугаар гэрээг нэг талын санаачилгаар цуцалж 10161 арлын дугаартай SD300 маркийн дугуйт ачигчийг түрээсийн төлбөрийн хамт хариуцагчаас шаардаж байна. Хариуцагч М.Ц- нь 2017 оны Э001/2017 дугаар батлан даалтын гэрээний дагуу худалдан авагчийн үүргийг хамтран хариуцах үүрэгтэй.

2015 оны 009/2015 дугаар тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний 4.1 болон Эрх шилжүүлэх гэрээний 1.5-д заасны дагуу худалдан авагч нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг нэг сар тутамд 18 690 000 төгрөгөөр тооцож худалдагчид төлөх үүрэгтэй. Үүний дагуу тооцож үзвэл 10161 арлын дугаартай SD300 дугуйт ачигчийг 2017 оны 01 сарын 04-ний өдрөөс эхлэн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл буюу нийт 260 өдөр тэнцүү 8.67 сарын хугацаагаар түрээсэлсэн. Нэг сарын түрээсийн төлбөр нь гэрээгээр тохиролцсоны дагуу 18 690 000 төгрөг тул 8.67 сарын түрээсийн төлбөр нь 161 980 000 төгрөг болно. Үүнээс 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 5 000 000 төгрөг болон нэхэмжлэгчээс үзүүлж буй хөнгөлөлт 61 932 085 төгрөгийг хасвал түрээсийн төлбөр 95 047 915 төгрөгийг төлөх үүрэгтэй.

Иймд хариуцагчаас 10161 арлын дугаартай SD300 маркийн дугуйт ачигч болон түүний түрээсийн төлбөр 95 047 915 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч “ИМҮ” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ЭМ” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Манай компани “ЭМ” ХХК буюу Мондулаан ХХК-тай 80 000 000 орчим төгрөгөөр ачигч худалдан авахаар гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний зүйл болох ачигч нь биет байдлын доголдолтой буюу коробка нь ажиллахгүй шалтгааны улмаас манай компани нь түүнийг ашиглаж чадаагүй, өнөөдрийг хүртэл уг техник зогсолтын байдалтай байгаа. Дээрх байдлын талаар худалдагч мэдэж байгаа боловч хууль бусаар түрээсийн төлбөр төлөх ёстой гэх шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

   Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2, 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар 10161 арлын дугаартай, DOOSAN SD300 маркийн дугуйт ачигчийг хариуцагч “ИМҮ” ХХК-иас, түрээсийн төлбөр 82 587 915 төгрөгийг хариуцагч “ИМҮ” ХХК, М.Ц- нараас тус тус гаргуулан нэхэмжлэгч “ЭМ” ХХК-д олгож, үлдэх 12 460 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 364 663 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “ИМҮ” ХХК-аас 1 048 038 төгрөг, хариуцагч М.Ц-гоос 316 595 төгрөгийг тус тус гаргуулан гаргуулан нэхэмжлэгч “ЭМ” ХХК-д буцаан олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрч шийдвэрлэжээ.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн шаардсан түрээсийн төлбөр гэх 82 578 915 төгрөгийг хариуцагч “ИМҮ” ХХК болон Цогтоо нараас гаргуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 318 дугаар зүйл болон 227 дугаар зүйлийн 227.3-т тус тус нийцээгүйгээс гадна бидний байгуулсан "зээлээр худалдах худалдан авах гэрээ"-ний агуулгад нийцээгүй тул зөвшөөрөхгүй. Манай компани нь нэхэмжлэгчтэй ямар ч түрээсийн гэрээ байгуулаагүй. Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3, 318.4 дэх хэсэгт түрээсийн гэрээг бичгээр байгуулаагүй бол хүчин төгөлдөр бус байхаар заасан тул хүчин төгөлдөр бус гэрээний төлбөрийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй. Мөн шүүхээс дээрх төлбөрийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлд заасан "хохирол" гэж үзсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс гадна нотлох баримтгүйгээр хэргийг шийдвэрлэсэн. Учир нь нэхэмжлэгчийн шаардсан сар бүрийн 18 690 000 төгрөгөөр тооцож нийт 9 сарын хугацааны түрээс гэх төлбөр нь холбогдох хуулийн агуулга буюу "үүрэг гүйцэтгүүлэгчээс гарсан зардал, эд хөрөнгийн алдагдал буюу гэмтэл, үүрэг гүйцэтгэгч үүргээ гүйцэтгэсэн бол үүрэг гүйцэтгүүлэгчид зайлшгүй орох байсан орлого"-ын алинд ч хамаарахгүй, түүнчлэн дээрх хохирол гэгч нь хэрхэн тогтоогдсон, яаж учирсан нь тодорхойгүй байхад энэхүү шаардлагыг хангаж шийдвэрлэсэн нь шийдвэр үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж хууль зүйн болон бодит үндэслэлгүйгээр түрээсийн төлбөр нэрээр гаргуулахаар шийдвэрлэсэн төлбөрийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хоорондын маргааны үйл баримтыг хэрэгт цугларсан нотлох баримтад үндэслэн зөв дүгнэж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон байна.

Нэхэмжлэгч “ЭМ” ХХК нь хариуцагч “ИМҮ” ХХК-д холбогдуулан гэрээгээр шилжүүлсэн хөрөнгийг буцаан гаргуулан, түрээсийн гэрээний үүрэгт 95 047 915 төгрөгийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч “ ... эрх шилжүүлэх гэрээгээр худалдан авсан, ... дугуйт ачигч ашиглах боломжгүй, эвдэрхий байсан, ... түрээсийн гэрээ байгуулаагүй” гэх үндэслэлээр татгалзан, маргажээ.

“Мондулаан трейд” ХХК нь “ЭМ” ХХК-иас 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдрийн 009/2015 тоот тоног төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээгээр Дүүсан Эс Ди-300 /Doosan SD/ маркийн дугуйт ачигчийг шилжүүлэн авч, үнэ болох 146 294 500 төгрөгийг, төлбөр зохих хүүгийн хамт хэсэгчлэн хийхээр харилцан тохиролцон, төлбөр төлөх хуваарийг гэрээний хавсралтаар баталснаар тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1 дэх хэсэгт заасан зээлээр худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна. /хх-9-16 дахь тал/

Мөн талууд гэрээгээр төлбөрийг бүрэн төлсний дараа техникийг өмчлөлдөө шилжүүлэн авах, гэрээ цуцлагдсан тохиолдолд дугуйт ачигчийг буцаан өгч, ашигласан хугацааны төлбөрийг түрээсийн төлбөрт тооцохоор /хх-9-16 дахь тал/ өөрөөр хэлбэл талуудын хооронд байгуулагдсан зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүрэг биелэгдээгүй тохиолдолд өмнөх гэрээний үүргийг түрээсийн гэрээний үүрэгт шилжүүлэхээр тохиролцсон нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 236 дугаар зүйлийн 236.1.3, 318 дугаар зүйлийн 318.3 дахь хэсэгт заасанд нийцжээ.

Худалдан авагч “Мондулаан трейд” ХХК нь “ИМҮ” ХХК-тай 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “Эрх шилжүүлэх гэрээ” байгуулан, дээрх 009/2015 тоот гэрээний худалдан авагчийн эрх, үүргийг хүлээн авч, талууд үлдэгдэл төлбөр, хүүд нийт 86 580 515 төгрөгийг хэсэгчлэн төлөх хуваарь гарган гэрээнд гурван тал гарын үсгээ зурж, баталгаажуулсан /хх-17-20 дахь тал/ нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6, 123.8 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн. Уг гэрээний дагуу хариуцагч “Ихмандах үйлст” ХХК, “Мондулаан трейд” ХХК-иас дугуйт ачигчийг хүлээн авсан болох нь хэргийн 17-20 дугаар талд авагдсан бичгийн баримт, зохигчдын тайлбараар нотлогдсон тул зохигчдын хооронд гэрээний үүргийн харилцаа үүссэн байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлон, хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

   Хариуцагч “ИМҮ” ХХК эрх шилжүүлэн авснаас хойш хуваарийн дагуу 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдрөөс гэрээний хугацаа дуусах 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 78 417 719 төгрөг төлөх үүргээс 5 000 000 төгрөг төлсөн гэдэгт маргаангүй тул хариуцагчийг гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй зөрчсөн гэж үзнэ. Үүний улмаас нэхэмжлэгчид 009/2015 тоот гэрээний 4.1-д заасны дагуу зээлээр худалдах-худалдан авах гэрээний үүргийг түрээсийн гэрээний үүрэгт шилжүүлэн шаардах эрх үүссэн тул хариуцагчийн, түрээсийн гэрээний үүрэг хүлээгээгүй гэх татгалзал үндэслэлгүй.

Түүнчлэн хариуцагч тал “Мондулаан трейд” ХХК-иас дугуйт ачигчийг 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авахдаа техникийн байдлын талаар шалгах хуудас үйлдэн хүлээлцээгүй байх бөгөөд эвдрэл, гэмтлийн улмаас эд хөрөнгийг ашиглах боломжгүй байсан гэх тайлбараа хариуцагч баримтаар нотолж чадаагүй тул анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт нийцжээ.

Мөн хэрэгт авагдсан 2017 оны 01 дүгээр сарын 04-нй өдрийн Э001/2017 тоот батлан даалтын гэрээг үндэслэн, нэхэмжлэгч “ЭМ” ХХК, хариуцагч М.Ц- нарын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлон, хариуцагч М.Ц-г хариуцагч “Ихмандах үйлст” ХХК-ийн хүлээх үүргийг хамтран хариуцуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2, 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт нийцсэн байна.     

            Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж маргааны үйл баримтыг зөв тогтоон, хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн   167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/01098 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 490 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

      

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                             А.ОТГОНЦЭЦЭГ

 

                                                                                    Ч.ЦЭНД