Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 78

 

 

  

 

 

 

  

 

 

2018 оны 01 сарын 10 өдөр          Дугаар 181/ШШ2018/00078            Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС  

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч Ө.Уянга даргалж, шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар 

 

Нэхэмжлэгч:, “Э М” ХХК /РД: /-ийн нэхэмжлэлтэй,         

Хариуцагч:  Ц У овогт М Ц /РД: /,

Хариуцагч: “ИМҮ” ХХК /РД: /-уудад холбогдох,

 

Зээлээр худалдах, худалдан авах гэрээнээс татгалзаж, дугуйт ачигч буцаан гаргуулах, гэрээ цуцлагдсаны хохиролд 95,047,915 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй хэргийг хянан хэлэлцэв.     

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.ЭрдэнЭэтөгс, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ж нар оролцов.      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбарт:

“М Т” ХХКнь 2015 оны 009/2015 дугаар Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээг байгуулж, 10161 арлын дугаартай SD300 маркийн дугуйт ачигчийг “Э М” ХХК-аас авсан.

2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр “М Т” ХХКболон “ИМҮ” ХХК-ийн хүсэлтээр 2015 оны 009/2015 дугаар гэрээний худалдан авагчийн эрх үүргийг “ИМҮ” ХХК “Эрх шилжүүлэх гэрээ”-ний үндсэн дээр “Мондулаан трейд” ХХК-аас шилжүүлэн авсан боловч гэрээгээр хүлээсэн төлбөр төлөх үүргээ 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр 5,000,000 төгрөг төлснөөс өөрөөр гүйцэтгээгүй.

Иймд нэхэмжлэгч нь 2015 оны 009/2015 дугаар гэрээг нэг талын санаачилгаар цуцалж, “ИМҮ” ХХК-аас 10161 арлын дугаартай SD300 дугуйт ачигчийг буцаан шаардаж байна.

2015 оны 009/2015 дугаар Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний 4.1-д гэрээ цуцлагдсан тохиолдолд тоног төхөөрөмжийг ашигласан хугацааны төлбөрийг түрээсийн төлбөрт шилжүүлэн тооцох буюу нэг сарын түрээсийн үнэлгээг 18,690,000 төгрөгөөр тооцно, эрх шилжүүлэх гэрээний 1.5-д гэрээ цуцлагдсан тохиолдолд эрх хүлээн авагч нь тоног төхөөрөмжийг энэхүү гэрээ байгуулсан өдрөөс хойшхи ашигласан хугацааны түрээсийн (гэрээний 4.1-т заасан) төлбөрийг тоног төхөөрөмжийг өөрөө ашигласан эсэхээс үл хамааран бүрэн төлнө гэж заасны дагуу худалдан авагч нь 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг нэг cap тутамд 18,690,000 төгрөгөөр тооцож манайд төлөх үүрэгтэй.

Үүний дагуу тооцож үзвэл 10161 арлын дугаартай SD300 дугуйт ачигчийг 2017 оны 1 дүгээр сарын 4-ний өдрөөс эхлэн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл буюу нийт 260 өдөр тэнцүү 8.67 сарын хугацаагаар ашигласан тул түрээсийн төлбөр нь 161,980,000 төгрөг болж байна. Үүнээс 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 5,000,000 төгрөг болон нэхэмжлэгчээс үзүүлж буй хөнгөлөлт 61,932,085 төгрөгийг хасвал хариуцагч нь түрээсийн төлбөр 95,047,915 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй байна.

Хариуцагч М.Ц нь 2017 оны Э001/2017 дугаар батлан даалтын гэрээний дагуу худалдан авагчийн үүргийг хамтран хариуцах үүрэгтэй тул бид дугуйт ачигчийг хариуцагч “ИМҮ” ХХК-аас, харин гэрээгээр тооцсон дугуйт ачигч ашигласны төлбөрийг “ИМҮ” ХХК, М.Ц нараас гаргуулахаар шаардаж байна.

Хариуцагч нараас хувь тэнцүүлэн шаардаагүй, харин төлбөрийг дундаас нь гаргуулахаар шийдвэрт тусгуулж, хэн төлөх боломжтой нь үүргийг гүйцэтгэх ёстой гэж үзэж байна гэв.

 

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ачигчийг өгөхийг зөвшөөрнө, анх авахад л эвдэрхий байсан бөгөөд эвдрэлийг нь засаад буцаан өгье гэж санал гаргаж байсан ч нэхэмжлэгч авахгүй өдийг хүргэсэн.

Харин түрээсийн төлбөр шаардаж байгааг зөвшөөрөхгүй. 1. Түрээсийн гэрээ байгуулаагүй, 2. Тоног төхөөрөмжийг огт ашиглаагүй, тул төлбөрийг төлөхгүй, 3. Батлан даалтын гэрээг дуусгавар болгох саналыг М.Ц 2017 оны 7 дугаар сард гаргасан тул Иргэний хуулийн 463 дугаар зүйлийн 463.1-т зааснаар батлан даалтын гэрээ дуусгавар болсон.

Иймд нэхэмжлэлээс төлбөр шаардсан хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх нэхэмжлэгчээс шаардлагаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4-т заасан шаардлага хангасан нотлох баримтууд, талуудын тайлбарыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй талаас нь хянаад 

 

 

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Э М” ХХК нь хариуцагч “ИМҮ” ХХК, М.Ц нараас зээлээр худалдах, худалдан авах гэрээг цуцалж, уг гэрээний дагуу шилжүүлсэн дугуйт ачигчийг буцаан авах, түүнийг ашигласан хугацааны төлбөрийг түрээсийн төлбөрөөр тооцож 95,047,915 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч “ИМҮ” ХХК нь дугуйт ачигч эвдэрхий байсан тул ашиглаагүй үндэслэлээр буцаан шилжүүлэхийг зөвшөөрч, харин тусдаа түрээсийн гэрээ байгуулагдаагүй үндэслэлээр түрээсийн төлбөр төлөхгүй гэж, хариуцагч М.Ц батлан даалтын гэрээ дуусгавар болсон учир энэ маргаанд хамаагүй гэж тус тус маргасан байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

1.”Э М” ХХК болон “Мондулаан трейд” ХХК-ийн хооронд 2015 оны 3 дугаар сарын 09-ний өдөр “Doosan SD300 маркийн дугуйт ачигч”-ийг зээлээр худалдах, худалдан авах тухай “Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах” 009/2015 тоот гэрээ байгуулагдсан ба энэ гэрээгээр худалдагч “Э М” ХХК нь арлын 10161 дугаартай “Doosan SD300” маркийн 17,3 тонн жинтэй, 3.0 м.куб багтаамж бүхий шанагатай дугуйт ачигчийг худалдагчийн эзэмшилд, төлбөр бүрэн төлөгдсөний хойно өмчлөх эрхийг шилжүүлэх, худалдан авагч “М Т” ХХКнь үндсэн төлбөр 146,294,500 төгрөг /НӨАТ орсон/-өөс урьдчилгаанд 14,629,450 төгрөг, үлдэх 131,665,050 төгрөгийг хүү 21,352,451 төгрөгийн хамт /нийт 153,017,501 төгрөг/ 2015 оны 4 дүгээр сарын 10-аас 2016 оны 10 дугаар сарын 10-ныг хүртэлх хугацаанд төлж барагдуулах үүргийг харилцан хүлээсэн байна.

 

Гэрээний дагуу “Э М” ХХК нь дугуйт ачигчийг “Мондулаан трейд” ХХК-д шилжүүлсэн ба “М Т” ХХКнь 2017 оны 1 дүгээр сарын 04-нийг хүртэлх хугацаанд 67,876,781 төгрөгийг нэхэмжлэгчид төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Энэ гэрээгээр хүлээсэн “Мондулаан трейд” ХХК-ийн худалдан авагчийн эрх, үүргийг 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр “ИМҮ” ХХК нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.6-д зааснаар Э001/2017 тоот “Эрх шилжүүлэх гэрээ” байгуулж шилжүүлэн авсан бөгөөд “М Т” ХХКнь 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр дугуйт ачигчийг “ИМҮ” ХХК-д шилжүүлж, “ИМҮ” ХХК нь дугуйт ачигчийн үнэ 78,417,719 төгрөгийг, хүү 8,162,796 төгрөгийн хамт /нийт 86,580,515 төгрөг/ 2017 оны 1 дүгээр сарын 03-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 03-ны өдрийг хүртэлх хугацаанд “Э М” ХХК-д төлж барагдуулах үүргийг хүлээжээ.

 

“Эрх шилжүүлэх гэрээ” нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.8-д “хууль буюу гэрээнд заасан хэлбэрээр хийх хэлцлийн хувьд шаардах эрхийг шилжүүлэхдээ уг хэлцлийг хийсэн хэлбэрээр шилжүүлнэ” гэж заасанд нийцсэн байна.

 

Иймд шүүх “Э М” ХХК, “ИМҮ” ХХК нарын хооронд Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1-т заасан зээлээр худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж үзэх үндэстэй тул худалдан авагч “ИМҮ” ХХК-ийг “Мондулаан трейд” ХХК-аас шилжүүлэн авсан дугуйт ачигчийн төлбөрийг хүүгийн хамт гэрээнд заасан хугацаанд төлөх үүрэгтэй гэж үзнэ.

 

“ИМҮ” ХХК нь 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр худалдан авагчийн эрхийг шилжүүлэн авахдаа “Э М” ХХК-д 5,000,000 төгрөгийг төлсөн бөгөөд харин үүнээс өөр төлбөрийг төлөөгүй байна.

 

Ийнхүү худалдан авагч “ИМҮ” ХХК нь дугуйт ачигчийн үнийг хэсэгчлэн төлөх гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс худалдагч тал “Э М” ХХК гэрээнээс татгалзаж, дугуйт ачигчийг буцаан шаардсан бөгөөд хариуцагч “ИМҮ” ХХК энэ шаардлагад маргаагүй, зөвшөөрсөн.

 

Иймд шүүх дугуйт ачигчийг хариуцагч “ИМҮ” ХХК-аас гаргуулж нэхэмжлэгч “Э М” ХХК-д олгож шийдвэрлэв.

 

Тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний 4.1, эрх шилжүүлэх гэрээний 1.5 дахь заалтаар талууд гэрээ цуцлагдсан тохиолдолд эрх хүлээн авагч нь тоног төхөөрөмжийг эрх шилжүүлэх гэрээ байгуулсан өдрөөс хойшхи ашигласан хугацааны төлбөрийг түрээсийн төлбөрт шилжүүлэн тооцож, нэг сарын түрээсийн үнэлгээг 18,600,000 төгрөгөөр тооцож, төхөөрөмжийг өөрөө ашигласан эсэхээс үл хамааран бүрэн төлөхөөр тохиролцсон нь гэрээг чөлөөтэй байгуулах талуудын зарчимд буюу бусдын эд хөрөнгийг ашиглаж үндэслэлгүй хөрөнгөжих ёсгүй хуулийн агуулгад нийцсэн тул шүүх түрээсийн төлбөрийг Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3-т заасан хохиролд тооцох үндэслэлтэй.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд доголдолтой эд хөрөнгө шилжүүлэн авсан тул ашиглаагүй гэж тайлбарлах боловч доголдлын талаар “Э М” ХХК-д бус харин “Мондулаан трейд” ХХК-д хандах нь зүйн хэрэг тул доголдлын талаар мэдсэн атлаа “Мондулаан трейд” ХХК-аас тоног төхөөрөмж шилжүүлэн авснаас үүсэх үр дагаврыг “Э М” ХХК хариуцах хуулийн зохицуулалтгүй. Иймд хариуцагчийн татгалзлыг үндэслэлгүй гэж үзнэ.

 

Эрх шилжүүлэх гэрээний дагуу шилжүүлэн авсан тоног төхөөрөмжийг “ИМҮ” ХХК ашиглах боломжгүй нөхцөл байдалд “Э М” ХХК-ийг буруутгах хууль зүйн үндэсгүй тул Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д заасны дагуу “ИМҮ” ХХК-ийг хохирол нөхөн төлөх үүрэгтэй гэж үзнэ.

 

Зохигчид гэрээгээр 1 сарын түрээсийн төлбөрийг 18,690,000 төгрөг байхаар тохирсон, 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр хариуцагч тоног төхөөрөмж хүлээн авсан нь тогтоогдсон тул нэхэмжлэгч түүнээс хойш 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны төлбөрийг хохиролд шаардах эрхтэй.

 

Энэ хугацаны буюу 8 сар 16 хоногийн төлбөрийг тооцвол 159,488,000 төгрөг /(18,690,000х8)+(18,690,000:30х16)/ гарч байх бөгөөд үүнээс хариуцагч “ИМҮ” ХХК-ийн төлсөн нэхэмжлэгчийн хасаж тооцсон 5,000,000 төгрөгийг,  үзүүлсэн хөнгөлөлт 61,932,085 төгрөгийн хамт хасахад хариуцагч “ИМҮ” ХХК хохиролд 92,555,915 төгрөгийг нэхэмжлэгчид төлөх нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т нийцнэ.

 

2.”Э М” ХХК болон М.Ц нарын хооронд 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдөр Э001/2017 тоот Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1-д заасан батлан даалтын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр “ИМҮ” ХХК нь “Э М” ХХК-ийн өмнө үүрэг гүйцэтгээгүйн хариуцлагыг батлан даагч М.Ц үүрэг гүйцэтгэгч “ИМҮ” ХХК-тай хамтран хариуцахаар болжээ.

 

Энэ гэрээ нь хуульд нийцсэн хүчин төгөлдөр байна.

 

Хариуцагч М.Ц Иргэний хуулийн 463 дугаар зүйлийн 463.1-д зааснаар 3 сарын өмнө гэрээ цуцлах талаар нэхэмжлэгчид утсаар мэдэгдсэнээр гэрээг дуусгавар болгосон гэж түүний төлөөлөгч шүүх хуралдаанд тайлбарлаж, “ИМҮ” ХХК-ийн үүргийг хамтран хариуцахаас татгалзсан.

 

Батлан даалтын гэрээг батлан даагчийн нэг талын санаачилгаар цуцлах бол цуцлахаас өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэн байхыг 2017 оны 1 дүгээр сарын 04-ний өдрийн Батлан даалтын гэрээний 1.5, Иргэний хуулийн 463 дугаар зүйлийн 463.3-т зааснаар шаардах тул үүргээ биелүүлэхгүйгээр зөвхөн гэрээ цуцлах мэдэгдэл өгөх нь гэрээг дуусгавар болгох, ийнхүү тооцох үндэслэл болохгүй болно.

 

Иймд одоо хариуцагч М.Цгийн батлан даалтын гэрээгээр хүлээсэн үүрэг хэвээр гэж үзнэ.

 

Нэхэмжлэгч “Э М” ХХК нь түрээсийн төлбөрийг “ИМҮ” ХХК болон М.Ц нар хамтран хариуцах үүрэгтэй гэж үзэж тэдгээрээс төлбөрийг нэгэн зэрэг гаргуулахаар шаардсан бөгөөд хувь хэмжээ тодорхойлоогүй.

 

Шүүх нөхөх хариуцлага хүлээх батлан даагчаас үүрэг гүйцэтгэгчтэй 1 зэрэг төлбөр гаргуулах нь Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1, 460.2-т нийцэхгүй гэж үзэж, эхний ээлжинд түрээсийн төлбөрийг “ИМҮ” ХХК-аас гаргуулах, хэрэв “ИМҮ” ХХК үүргээ гүйцэтгээгүй, үүрэг гүйцэтгэж чадахгүй нь илт байвал үүргийн гүйцэтгэгдээгүй үлдсэн хэсгийг М.Цгоос гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2 дахь хэсэг, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 262 дугаар зүйлийн 262.1, 205 дугаар зүйлийн 205.1, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т тус тус заасныг баримтлан “ИМҮ” ХХК-аас арлын 10161 дугаартай “Doosan SD300” маркийн 17,3 тонн жинтэй, 3.0 м.куб багтаамж бүхий шанагатай дугуйт ачигч болон 92,555,915 төгрөгийг гаргуулж “Э М” ХХК-д олгож, “Э М” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 2,492,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.  

 

2. Иргэний хуулийн 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.1, 460.2-т заасныг баримтлан “ИМҮ” ХХК нь дээрх төлбөрийг төлөөгүй, эсхүл төлбөр төлж чадахгүй нь илт тодорхой болвол төлбөрөөс үлдсэн хэсгийг М.Цгоос гаргуулж “Э М” ХХК-д олгосугай.   

 

3. Шүүхийн шийдвэрийг хариуцагч нар сайн дураар биелүүлээгүй тохиолдолд төлбөр гаргуулах ажиллагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан журмын дагуу гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.   

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 1,364,663 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ИМҮ” ХХК-аас 1,352,202 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон тал нь энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл 7 хоногийн дараа гарсан шийдвэрийг 14 хоногийн дотор гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                                Ө.УЯНГА