Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2018 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2018/01908

 

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/01098 дугаар шийдвэр

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1606 дугаар магадлалтай

“Э” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

“И” ХХК, М.Ц нарт холбогдох

Түрээсийн төлбөр 95 047 915 төгрөг, 10161 арлын дугаартай SD300 маркийн дугуйт ачигчийг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагч М.Цгийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрдэнэтөгс, хариуцагч М.Ц, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “М” ХХК нь 2015 оны 009/2015 дугаар тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж 1161 арлын дугаартай, Doosan SD300 маркийн дугуйт ачигчийг “Э” ХХК-аас авсан. 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр “М” ХХК болон “И” ХХК-ийн хүсэлтээр 2015 оны 009/2015 дугаар гэрээний худалдан авагчийн эрх үүргийг “И” ХХК Эрх шилжүүлэх гэрээний үндсэн дээр “М” ХХК-иас шилжүүлэн авсан. Иймд нэхэмжлэгч нь 2015 оны 009/2015 дугаар гэрээг нэг талын санаачилгаар цуцалж 10161 арлын дугаартай SD300 маркийн дугуйт ачигчийг түрээсийн төлбөрийн хамт хариуцагчаас шаардаж байна. Хариуцагч М.Ц нь 2017 оны Э001/2017 дугаар батлан даалтын гэрээний дагуу худалдан авагчийн үүргийг хамтран хариуцах үүрэгтэй. 2015 оны 009/2015 дугаар тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээний 4.1 болон Эрх шилжүүлэх гэрээний 1.5-д заасны дагуу худалдан авагч нь 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрийг нэг сар тутамд 18 690 000 төгрөгөөр тооцож худалдагчид төлөх үүрэгтэй. Үүний дагуу тооцож үзвэл 10161 арлын дугаартай SD300 дугуйт ачигчийг 2017 оны 01 сарын 04-ний өдрөөс эхлэн 2017 оны 9 дүгээр сарын 20-ны өдрийг хүртэл буюу нийт 260 өдөр тэнцүү 8.67 сарын хугацаагаар түрээсэлсэн. Нэг сарын түрээсийн төлбөр нь гэрээгээр тохиролцсоны дагуу 18 690 000 төгрөг тул 8.67 сарын түрээсийн төлбөр нь 161 980 000 төгрөг болно. Үүнээс 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр төлсөн 5 000 000 төгрөг болон нэхэмжлэгчээс үзүүлж буй хөнгөлөлт 61 932 085 төгрөгийг хасвал түрээсийн төлбөр 95 047 915 төгрөгийг төлөх үүрэгтэй. Иймд хариуцагчаас 10161 арлын дугаартай SD300 маркийн дугуйт ачигч болон түүний түрээсийн төлбөр 95 047 915 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ганболд шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Э” ХХК-ийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Манай компани “Э” ХХК буюу “Мондулаан” ХХК-тай 80 000 000 орчим төгрөгөөр ачигч худалдан авахаар гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээний зүйл болох ачигч нь биет байдлын доголдолтой буюу коробка нь ажиллахгүй шалтгааны улмаас манай компани нь түүнийг ашиглаж чадаагүй, өнөөдрийг хүртэл уг техник зогсолтын байдалтай байгаа. Дээрх байдлын талаар худалдагч мэдэж байгаа боловч хууль бусаар түрээсийн төлбөр төлөх ёстой гэх шаардлага гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/01098 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1, 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар зүйлийн 460.2, 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар 10161 арлын дугаартай, DOOSAN SD300 маркийн дугуйт ачигчийг хариуцагч “И” ХХК-иас, түрээсийн төлбөр 82 587 915 төгрөгийг хариуцагч “И” ХХК, М.Ц нараас тус тус гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д олгож, үлдэх 12 460 000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 1 364 663 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “И” ХХК-аас 1 048 038 төгрөг, хариуцагч М.Цгоос 316 595 төгрөгийг тус тус гаргуулан гаргуулан нэхэмжлэгч “Э” ХХК-д буцаан олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1606 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/01098 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 490 000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагч М.Ц хяналтын журмаар гаргасан гомдолдоо: ИХШХШТ хуулийн 172 зүйлийн 172.2.1 шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэсэн үндэслэлээр дараах гомдлыг гаргаж байна.

ИХШХШТхуулийн 26 зүйлийн 26.3-д зааснаар хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ гэсэн байх бөгөөд “Мондулаантрейд” ХХК нь 2015 оны 0092015 дугаар тоног төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээнд анхнаасаа оролцоогүй учраас нэхэмжлэгч хариуцвал зохих этгээдийг зөв тодорхойлоогүй байхад хоёр шатны шүүх нь “И” ХХК болон М.Ц нарыг тус нэхэмжлэлийн хариуцагч болгоод байгаа нь дээрх хуулийн зохицуулалтыг зөрчсөн гэж үзэх үндэслэл болж байгаа юм. Хариуцагч М.Ц нь хувь хүн буюу иргэн талаас нэхэмжлэгчийн хариуцагч болох үндэслэлгүй гэж үзэж байна.Иргэний хуулийн 21.1-д зааснаар иргэний нэрийг хууль бусаар ашиглахыг хориглоно гэсэн заалтыг зөрчсөн юм. М.Ц болон “И” ХХК хоёр нь өөр гэдгийг хоёр шүүх ялгаж салгаагүй хомроглон хариуцагч болгосон шүүхийн дүгнэлтүүд үндэслэлгүй гэж үзэж байна. Нэхэмжлэгч “Э” ХХК буюу “М” ХХК-ийн хоорондын эрх зүйн харилцааг зөв тодорхой болгоогүйгээс иргэний хуулийн 318.1, 219 дүгээр зүйлийн 219.1 , 458 дугаар зүйлийн 458.1, 460 дугаар 2, 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт зааснаар хуулийн зохицуулалтаар хоёр хариуцагчийн нэхэмжлэгч зөв тодорхойлоогүйгээс тэдний эрх зүйн харилцааны үүрэг хариуцлага хэн хүлээх гэдгээс улбаалж гэрээний төрлүүдийн үндэслэл нь тогтоогдоогүй гэж үзэж байна. Иргэний хуулийн 318 дугаар зүйл заалт, мөн хуулийн 219 зүйлийн үүрэг гүйцэтгэгчийн буруугаас үүрэг гүйцэтгэгч боломжгүй нөхцөл байдлыг хоёр шатны шүүх бодит нөхцөл байдлаас нь дүгнээгүй гэж үзэж байна. “Э” ХХК нь эрх шилжүүлэх гэрээгээр “И” ХХК-д тоног төхөөрөмжийг зээлээр худалдана гээд иргэний маргаан үүсгэж, дээрх тоног төхөөрөмжийг түрээслэх ямар ч хугацаа олгоогүй бөгөөд тэдний компани нь өөрсдөө шүүхийн захирамжаар лацдаад үлдсэн байсан тоног төхөөрөмжийг бид завсар үйлчилгээ хийгээд ажилд гаргаж, хэрэглэж чадаагүй байхад шүүхүүд нь ямар ч үндэслэлгүйгээр төлбөр гаргаад байгаа нь бодит үнэнд нийцээгүй гэж үзэж байна. Зээлээр худалдах, худалдан авах гэрээний үнийн дүнгээс илүү, түрээсийн төлбөрийг гаргаад байгааг шүүхүүд анхаараагүй байгаа болно.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хангаж шийдвэрлэсэн анхан, давж заалдах шатны шүүх нь хариуцагч нь хэн бэ гэдгийг тогтоож, чадаагүй зээлээр худалдах-худалдан авах, түрээсийн, батлан даагчийн гэрээний эрх зүйн харилцаануудыг ялган салган шийдвэрлээгүй хэт нэг талыг баримтлан шийдвэрлэсэн байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэр магадлалыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Нэхэмжлэгч “Э” ХХК нь “И” ХХК, М.Ц нарт холбогдуулан түрээсийн төлбөр 95 047 915 төгрөг, 10161 арлын дугаартай SD300 маркийн дугуйт ачигчийг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

Анхан шатны шүүх хариуцагч нараас түрээсийн төлбөр 82 587 915 төгрөгийг, хариуцагч “И” ХХК-иас ачигч автомашиныг гаргуулахаар, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээсэн байна.

Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчийн хуулиар олгогдсон эрхийг зөрчөөгүй байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцааг зөв тодорхойлоогүйгээс үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй, нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй байхад давж заалдах шатны шүүх алдааг залруулах Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4., 167 дугаар зүйлийн 167.1.2.-т заасан үүргээ хэрэгжүүлээгүй байна.

Иймд шийдвэр, магадлалд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, алдааг засч шийдвэрлэх нь зүйтэй.

“М” ХХК нь 2015 оны 03 дугаар сарын 09-ны өдрийн “Тоног төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ээр “Э” ХХК-иас 146 294 500 төгрөгөөр худалдан авсан DOOSAN SD300 маркийн дугуйт ачигчийг “И” ХХК-д шилжүүлж, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн “Эрх шилжүүлэх гэрээ”-ээр дээрх худалдах-худалдан авах гэрээний худалдан авагчийн эрх, үүргийг “И” ХХК-д шилжүүлсэн байна.

Мөн өдөр иргэн М.Ц “Э” ХХК-тай №Э001/2017 дугаартай “Батлан даалтын гэрээ” байгуулж, “Эрх шилжүүлэх гэрээ”-ний үүргийг гүйцэтгэгч гүйцэтгэж чадна гэдгийг баталж, гүйцэтгэхгүй бол өөрөө хариуцахаар тохиролцжээ.

Худалдан авагч эд хөрөнгийн үнийг төлөх үүргийг хугацаанд нь биелүүлээгүй үндэслэлээр нэхэмжлэгч гэрээг цуцалж, эд хөрөнгийг буцаан шаардаж, ашигласан хугацааны төлбөрийг гэрээнд заасан түрээсийн төлбөрийн үнийн дүнгээр нэхэмжилжээ. Гэрээний 4.1.-д заасан “...гэрээ цуцлагдсан тохиолдолд тоног төхөөрөмжийг ашигласан хугацааны төлбөрийг түрээсийн төлбөрт шилжүүлэн тооцох буюу нэг сарын түрээсийн төлбөрийн үнэлгээг 18 690 000 төгрөгөөр тооцно...” гэж заасан, уг нөхцөлөөр төлбөрийн хэмжээг тодорхойлсон байна.

Хоёр шатны шүүх талуудын хооронд худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэж зөв дүгнэсэн атлаа, гэрээг цуцалсан тохиолдолд өмнөх гэрээний үүргийг сольж, түрээсийн гэрээний үүрэгт шилжүүлэхээр тохиролцсон нь гэрээг чөлөөтэй байгуулах талуудын эрхийг зөрчөөгүй гэж үзэн, хариуцагчаар түрээсийн төлбөрийг хариуцуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1. дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.

2015 оны 03 дугаар сарын 09-ний өдрийн “Тоног төхөөрөмж зээлээр худалдах-худалдан авах гэрээ”-ний 4.1.-д заасан “...гэрээ цуцлагдсан тохиолдолд тоног төхөөрөмжийг ашигласан хугацааны төлбөрийг түрээсийн төлбөрт шилжүүлэн тооцох буюу нэг сарын түрээсийн төлбөрийн үнэлгээг 18 690 000 төгрөгөөр тооцно...” гэх зохицуулалтаар талуудын хооронд байгуулагдсан худалдах-худалдан авах гэрээг түрээсийн гэрээ болж өөрчлөгдсөн гэж үзэх үндэслэлгүй.

Зохигчид худалдах-худалдан авах гэрээг цуцалж, түрээсийн гэрээ байгуулах боломжтой боловч энэ нь бие даасан гэрээ байгуулж, талуудын эрх үүргийг үндэслэл бүхий тодорхойлсны үндсэн дээр хэрэгжих боломжтой. Тухайлбал түрээсийн гэрээгээр талууд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1., 288, 289 дүгээр зүйлд заасан түрээсийн зүйл, төлбөр, талуудын эрх үүргийг тусгайлан тохиролцож, хэрэгжүүлэх байтал энэ талаар худалдах-худалдан авах гэрээнд тусгаагүй, тохиролцоогүй, энэ үндэслэлээр гэрээний талуудыг түрээслүүлэгч, түрээслэгч гэж үзэх боломжгүй байна.

Худалдах-худалдан авах гэрээнд заасан түрээсийн төлбөрийн талаарх талуудын тохиролцоо түрээсийн гэрээний эрх үүргийг үүсгэсэн гэж үзэхэд учир дутагдалтай юм.

Хариуцагчийг гэрээний үүргээ зөрчсөн үндэслэлээр нэхэмжлэгч гэрээнээс татгалзаж, эд хөрөнгөө шаардсан нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1., 225 дугаар зүйлийн 225.1., 205 дугаар зүйлийн 205.1. дэх заалтыг зөрчөөгүй байна. 

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1.-д зааснаар гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсан тохиолдолд гэрээний үүргийн гүйцэтгэлийг биет байдлаар, түүнчлэн гэрээ биелснээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй.

Гэрээний дагуу хариуцагч эд хөрөнгийг хүлээн авсан боловч төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй, эд хөрөнгийг нэхэмжлэгч авах хүртэлх хугацаанд өөрийн эзэмшилд байлгаж байсан, энэ хугацаанд эд хөрөнгө ашиглах боломжгүй, доголдолтой байсан гэж тайлбарлах боловч энэ тайлбарыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй тул эд хөрөнгийг өөрийн эзэмшилд байлгасан хугацаагаар ашигласан, өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг ашиглаж, үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж үзнэ.

Иймд тэрээр ашигласан хугацааны төлбөрийг төлөх үүрэгтэй. Энэ хугацааны үнийг талуудын гэрээгээр тохиролцсон сарын 18 690 000 төгрөгөөр тооцох боломжгүй тул гэрээнд заасан үлдэгдэл төлбөрийн үнийн дүнгийн 50%-иар тооцож /78 417 719 х50%/, 39 208 860 төгрөгөөс хариуцагчийн төлсөн 5 000 000 төгрөгийг хасч, 34 208 860 төгрөгийг хариуцагч нараас гаргуулахаар шийдвэрлэх нь зүйтэй.

Хариуцагч М.Ц нь “Э” ХХК-тай байгуулсан “Батлан даалтын гэрээ”-ээр “Их мандах үйлт” ХХК-ийн төлбөрийг батлан дааж, Иргэний хуулийн 460 дугаар зүйлийн 460.2.-т зааснаар үүрэг хүлээсэн тул хариуцагч нараар төлбөрийг барагдуулахаар шийдвэрлэсэн нь хууль зөрчөөгүй, “...хоёр хуулийн этгээдийг ялгалгүй хомроглон хариуцагч болгосон...” гэх гомдол үндэслэлгүй, харин нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн талаарх гомдлыг хангаж,  шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 1606 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2018/01098 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “...318 дугаар зүйлийн 318.1., 219 дүгээр зүйлийн 219.1....” гэснийг “...243 дугаар зүйлийн 243.1., 205 дугаар зүйлийн 205.1., 492 дугаар зүйлийн 492.1.1.” гэж, “82 587 915” гэснийг “34 208 860” гэж, “12 460 000” гэснийг 60 839 055” гэж, 2 дахь заалтын “1 048 038” гэснийг “714 535” гэж, “316 595” гэснийг “164 497” гэж тус тус өөрчлөн, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагч М.Цгийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4., 59 дүгээр зүйлийн 59.3., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар хариуцагч М.Цгоос хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 490 000 төгрөгийг шүүгчийн захирамжаар М.Цд буцаан олгосугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         П.ЗОЛЗАЯА

ШҮҮГЧ                                                Х.ЭРДЭНЭСУВД