Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 598

 

 

 

 

 

 

2020               5              12                                         2020/ДШМ/598

 

 

А.М-д холбогдох эрүүгийн

     хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч М.Алдар, Б.Зориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.Жаргал,

шүүгдэгч А.М- өмгөөлөгч Д.Бурмаа,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Өсөхбаяр даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 4 дүгээр сарын 3-ны өдрийн 2020/ШЦТ/618 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч А.М- өмгөөлөгч Д.Бурмаагийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн А.М-д холбогдох эрүүгийн 1805039240898 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Зоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Лувсанчүлтэм овгийн А.М, 19...... оны 7 дугаар сарын 23-ны өдөр Хэнтий аймгийн Норволин суманд төрсөн, .......... настай, эрэгтэй, дээд боловсролтой, авто инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл ..............тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: ................./;

А.М- нь Автотээврийн үндэсний төвийн харьяа Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийн тээвэр зохицуулагчаар ажиллаж байхдаа албан тушаалын байдлаа ашиглаж 2018 оны 11 дүгээр сарын 1-ний өдөр “...хөдөө орон нутгийн хүн тээвэрт явах автобусны шугам авч өгнө...” гэж бодит байдлын нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хуурч мэхлэн хохирогч Б.А-гаас Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хороо, Орчлон хорооллын 46-131 тоотод оршин суух гэрээс нь 2.500.000 төгрөгийг, 2018 оны 1 дүгээр сарын 2-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, Драгон төвийн хажууд 7.400.000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, нийт 9.900.000 төгрөгийг,

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 2 дугаар сард иргэн С.М-аас “...хот хоорондын хүн тээврийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгож өгнө...” гэж хуурч нийт 3.310.000 төгрөгийг,

Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдрөөс 5 дугаар сарын 5-ны өдөр хүртэлх хугацаанд иргэн Ч.О-гээс “...Улаанбаатар хотоос Увс аймгийн чиглэлийн хот хооронд зорчигч тээвэрт явах сонгон шалгаруулалтад оруулж зөвшөөрөл авч өгнө...” гэж хуурч нийт 11.210.000 төгрөгийг,

2018 оны 4 дүгээр сард Архангай аймгийн Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэрт иргэн Г.А-т “Солонгос улсаас автобус оруулж ирж өгнө...” гэж хуурч, бодит байдлыг нуух, төөрөгдөлд оруулах замаар 4.700.000 төгрөгийг,

2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр иргэн Ө.Батжаргалыг Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Алтан-Дорнод-7 байрны 29 тоот гэртээ амарч байхад нь “...Баянхонгор, Өвөрхангай аймагт хүн тээвэрлэх автобусаар хот хоорондын шугамд оруулж өгнө...” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар төөрөгдөлд оруулж, 2018 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Т- гэх хүний 5032168971 дугаарын Хаан банкны дансаар 1.700.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр П- гэх хүний 5023516320 дугаарын Хаан банкны дансаар 100.000 төгрөг, 2018 оны 7 дугаар сарын 4-ний өдөр Т- гэх хүний 5032168971 дугаарын Хаан банкны дансаар 1.650.000 төгрөг, П- гэх хүний 5023516320 дугаарын Хаан банкны дансаар 30.000 төгрөгийг үргэлжилсэн үйлдлээр тус тус шилжүүлэн авч 3.480.000 төгрөгийг,

2017 оны 9 дүгээр сарын 21-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт авто тээврийн үндэсний төвийн Драгон салбарт тээвэр зохицуулагчаар ажиллаж байхдаа бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан “хот хоорондын зорчигч тээврийн үйлчилгээнд явдаг автобусны үйлдвэрлэгдсэн оныг засаж, зөвшөөрөл сунгуулж өгнө...” гэж хуурч, иргэн Х.М-аас 6.000.000 төгрөгийг,

2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр иргэн Г.Э-т “...хөдөө орон нутагт явуулах тендер авч өгнө...” гэж итгүүлэн зохиомол байдлыг зориудаар бий болгож, төөрөгдөлд оруулан хуурч Баянгол дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хаан банкны АТМ-ээс 1.300.000 төгрөг, 2018 оны 6 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Сансарын колонкийн Хаан банкны АТМ-ээс 1.300.000 төгрөг, мөн тус өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хороо, 22 дугаар товчооны хажуу талын Хаан банкны АТМ-ээс 550.000 төгрөгийг дансаараа удаа дараа шилжүүлэн нийт 3.150.000 төгрөгийг,

2018 оны 5 дугаар сарын 13-ны өдрөөс 5 дугаар сарын 15-ны өдрийн хооронд Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.М-д “хот хоорондын зорчигч тээврийн шугам олж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өөрийн эзэмшлийн Хаан банк-ны 5019723161 дугаарын дансаар 780.000 төгрөгийг,

2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Баянзүрх дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн Ц.Э-т “...Автотээврийн үндэсний төвд тоо бүртгэгчээр ажилд оруулж өгнө...” гэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 700.000 төгрөгийг тус тус залилсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: А.М- үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: А.М- “хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулж, албан тушаалын байдлаа ашиглан эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар А.М-д 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт тус тус зааснаар А.М-д оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, А.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, А.М- нь урьд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураасан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг дурьдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Ө.Батжаргалд 3.480.000 төгрөгийг, Ч.О-д 11.210.000 төгрөгийг, Б.А-д 9.900.000 төгрөгийг, С.М-т 3.310.000 төгрөгийг, Г.А-т 4.700.000 төгрөгийг, Г.Э-т 3.150.000 төгрөгийг, Ц.Э-т 700.000 төгрөгийг, Ц.М-д 780.000 төгрөгийг, Ж.Мөнхжаргалд 6.000.000 төгрөгийг тус тус А.М-эс гаргуулан олгуулж, А.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч А.М- өмгөөлөгч Д.Бурмаа гаргасан давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... А.М- дээрх гэмт хэргийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчлэн ял оногдуулсан нь үйлдсэн хэрэгт нь тохироогүй, шүүх хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Эрүүгийн хуульд албан тушаалын байдал гэдэгт “эрх нөлөө” хамаарна гэж тайлбарласан. Мөн албан тушаалтан гэдэг нь нийтийн албан тушаалтан байхаар тодорхойлсон. “Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай” хуулийн 4.1, “Авилгын эсрэг тухай” хуулийн 4 дүгээр зүйлд нийтийн албан тушаалтанд ямар албан тушаалтнууд хамаарахыг заасан. Энэ хуулийн заалтаас харахад А.М- хэрэг үйлдэх үедээ ажиллаж байсан Сонгинохайрхан дүүргийн зорчигч тээвэр зохицуулагчийн ажил нь “эрх нөлөө” бүхий албан тушаалтан биш байна. /1хх 238-242, Тээвэр зохицуулагчийн ажлын байрны тодорхойлолт/.

Хэрэгт авагдсан хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээс А.М- нь тээвэр зохицуулагчаар ажилладаг, тээврийн хэрэгслийн хот хоорондын зорчигч тээврийн шугамд оруулах, энэ талаархи сонгон шалгаруулалт тендер шийдвэрлэх эрх бүхий албан тушаалтан биш гэдгийг мэдэж байсан, харин А.М- тэднийг “даргатай ярьчихсан, тендерийн асуудал шийдэгдэх гэж байгаа” гэх зэргээр хуурч төөрөгдөлд оруулсан. Хохирогч Ө.Батжаргал, Ч.О-,  Б.А-, Г.Э-, Ц.М-, С.М- нарыг ийм маягаар залилсан. Харин хохирогч Г.А-, Ц.Э-, Ж.Мөнхжаргал нарыг бусад байдлаар залилсан. Нэр бүхий 6 хохирогч нь хот хооронд зорчигч тээвэр хийдэг. Шугам тендерийг яаж авдгийг мэддэг хүмүүс гэдэг нь тодорхой харагддаг.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзаж үзээгүй. А.М- нь 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 7 дугаар сарын хугацаанд үргэлжилсэн үйлдлээр 9 иргэнийг залилан мэхлэж нийт 43.230.000 төгрөгийг нь авсан байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2 дахь заалтад заасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр түүнээс дээш удаа үйлдсэн гэж давтан гэмт хэрэг үйлдсэн мэтээр дүгнэж ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй гэж үзсэн. Хохирогч нар хууль бусаар өөртөө давуу байдал, ашигтай байдал бий болгохын тулд А.М-эр дамжуулан эрх бүхий албан тушаалтанд мөнгө төгрөг өгөөд байгаа байдал байдаг. Энэ гэмт хэрэг гарахад хохирогчдын хууль бус, зүй бус байдал нөлөөлсөн. Мөн шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал байхад шүүх хөнгөрүүлэх нөхцөл байдлыг харгалзаж үзэлгүй ял шийтгэл оногдуулсан. А.М- нь 2017 оны 9 дүгээр сараас 2018 оны 7 дугаар сарын хугацаанд үргэлжилсэн үйлдлээр 9 иргэнээс хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдыг залилан мэхлэж, нийт 43.230.000 төгрөгийг авсан гэмт хэргийг үйлдсэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байх тул зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж, тохирох ял шийтгэлийг оногдуулж өгнө үү. ...” гэв.

Прокурор Б.Жаргал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч А.М- өмгөөлөгчөөс “албан тушаалын байдлаа ашигласан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй гэж байна. Шүүгдэгч А.М- нь хэрэг үйлдэх үедээ Авто тээврийн үндэсний төв газрын харьяа Сонгинохайрхан дүүргийн зорчигч тээврийн төвийн зорчигч тээврийн зохицуулагчаар ажиллаж байсан болох нь нотлох баримтуудаар тогтоогдсон. Уг гэмт хэргийг ажил үүргийн байдлаа ашиглаад хохирогч нарт итгэл төрүүлж, даргатайгаа ярилцаж “орон нутгийн шугам авч өгнө” гэх байдлаар үйлдсэн байгаа. Иймд албан тушаалын байдлаа ашигласан гэж хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр зүйлчилсэн нь үндэслэлтэй юм. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлэх үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

А.М- нь 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүртэл үргэлжилсэн үйлдлээр нэр бүхий 9 хохирогчийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч залилахдаа албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэнээс нэр бүхий 9 хохирогчид нийт 43.230.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь: 

1. Хохирогч Б.А-гийн цагдаагийн байгууллагад гаргасан гомдол /2хх 7-9/,

Б.А-гийн хохирогчоор өгсөн “... “найз нь даргатай ярьсан, шугам бүтэхээр болсон. Урьдчилгаа 2.500.000 төгрөг, одоо яаралтай хэрэгтэй байна” гэхээр нь “найзад нь одоо мөнгө байхгүй” гэхэд “чи яаж ийгээд олоод өг” гэхээр нь би өөрийн баз хүргэн болох Батболдоос 1.500.000 төгрөг дансаар шилжүүлж аваад өөрийн дансанд байгаа мөнгөтэйгөө нийлүүлээд 2.500.000 төгрөгийг тэр оройдоо буюу 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр 19 цаг 19 минутад А.М- хэлсэн 5019723161 дугаарын данс руу шилжүүлсэн. Надаас 2.500.000 төгрөгийг дансаар, 5.500.000 төгрөгийг бэлнээр, 1.900.000 төгрөгийг дансаар нийт 9.900.000 төгрөг авсан.” /2хх 14-16/,

“... А.М-д бэлнээр өгсөн нийт 9.900.000 төгрөгийг Хөвсгөл, Увсын чиглэлд шугамд явах эрх авахуулах зорилгоор өөрт нь өгсөн юм. ...” /2хх 40-41/,

гэрч Ж.Батболдын “... Амарбаясгалах ах “автобусны шугамын эрх хөөцөлдөх гэж байгаа” гээд 900.000. төгрөг зээлээч гэхээр нь тухайн өдөр би татгалзсан. Маргааш нь дахин гуйхаар нь 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр 1.500.000 төгрөгийг Амарбаясгалангийн данс руу шилжүүлсэн. 2018 оны 1 дүгээр сарын 3-ны өдөр би өөрийнхөө данснаас 7.500.000 төгрөгийг Амарбаясгалан ахын явуулсан найзынх нь гэх 5023279138 тоот “Хаан” банкны данс руу шилжүүлсэн. Ингээд надаас нийт 9.000.000 төгрөг зээлсэн. ...” /2хх 55-56/,

А.М- яллагдагчаар өгсөн “... Тухайн үед надад мөнгөний хэрэг гараад би Амарбаясгаланд “Увс руу шугамын эрх гарах юм байна. Одоо мөнгөний хэрэг байна, 2.500.000 төгрөг өгөөч” гэхэд “одоо боломжгүй байна, дансаа өгчих, би дараа нь шилжүүлье” гэж хэлээд миний дансыг аваад үлдсэн ба хэд хоногийн дараа буюу 2018 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр миний “Хаан” банкны 5019723161 данс руу Амарбаясгалан гэсэн утгатай 2.500.000 төгрөг орж ирсэн. Тэгээд маргааш нь 1 дүгээр сарын 2-ны өдөр 3.000.000 төгрөг, 2.500.000 төгрөг, 1.900.000 төгрөгийг хуваагаад нийт 9.000.000 төгрөг авсан. ...” /2хх 65-66/,

2. Хохирогч С.М-ын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /2хх 107/,

С.М-ын хохирогчоор өгсөн “... “тендерт оруулахад 5.000.000 төгрөг байдаг” гэхээр нь “би шууд танд 5.000.000 төгрөг өгч чадахгүй, ажилдаа ороод найдвартай болсны дараа танд өгнө.” гэж хэлтэл “тэгвэл тендерт оруулах материал хөөцөлдөхөд 900.000 төгрөг” гэж хэлэхээр нь эхнэрийн данснаас А.М- данс руу 2018 оны 2 дугаар сард шилжүүлж байсан. ... 2 сарын сүүлээр “надад дахиад мөнгө хэрэг болоод байна, яг одоо хариуцсан хүнд нь өгөх хэрэгтэй байна...” гээд байхаар нь эхнэрийн дүү Төрсайханы данснаас А.М- данс руу 2.400.000 төгрөг шилжүүлсэн. ...яг миний үндсэн 3.310.000 төгрөг байсан” /2хх 111-113/,

А.М- яллагдагчаар өгсөн “... “Надад 900.000 төгрөг л байна” гэж хэлэхээр нь өөрийн 5019723161 гэсэн данс руу шилжүүлж авсан. Дараа нь 2 сарын сүүлээр мөнгө хэрэг болоод байхаар нь Мэндээгээс “мөнгө зээлэх боломж байна уу” гэж асуугаад 2.400.000 төгрөг зээлэхдээ “удахгүй өгнө” гэж хэлсэн. ...” /2хх 126-127/,

3. Хохирогч Ч.О-гийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1хх-110/,

Ч.О-гийн хохирогчоор өгсөн “...А.М- гэдэг хүнтэй уулзахад “би асуудалгүй тендерт оруулж өгч чадна. Та нар гэрээ хийх автобусанд чиглэл тодорхойлогч байрлуулах гээд 15.000.000 төгрөг болно, түүнийгээ бэлэн өгчих” гэсэн. Эхний ээлжинд 5.100.000 төгрөг хэрэгтэй гэхээр нь аав 3.000.000 төгрөг, би 2.100.000 төгрөг гаргаж “Драгон” автовокзал дээрээс мобайл банкаар шилжүүлээд би өөрийн автобусны бичиг баримтыг хуулбарлаж өгөөд явуулсан. ...Түүний маргааш 1.000.000 төгрөг авсан. Дараа дахиад 2.000.000 төгрөг, дараа нь 500.000 төгрөг гээд нийт 8.600.000 төгрөг өгөөд шинийн 3-ны өдөр ч өнгөрсөн. ...манай аав Увс аймгийн Завхан суманд гэртээ байж байхдаа 800.000 төгрөг, 420.000 төгрөг, 50.000 төгрөг, 140.000 төгрөг гээд увуулж цувуулан шилжүүлээд 3-4 удаа нийт 1.800.000 төгрөг шилжүүлж аваад сураггүй боллоо. Ингээд би өмнөх мөнгөтэйгөө нийлээд 11.210.000 төгрөг өгч Мөнх-Эрдэнэ гэдэг хүнд залилууллаа.” /1хх 113-114/,

“... гэхдээ миний мөнгө байсан бөгөөд би аавыг шилжүүлчих гэж хэлсэн байсан юм. Ингээд бодоход надаас худал хэлж мөнгө авсан болох нь тодорхой харагдаж байна” /1хх 214-215/,

гэрч Н.Чулуунбаатарын “... миний хүү Очирсүрэн бид 2 Мөнх-Эрдэнэ гэгчид 11.210.000 төгрөгийг залилуулсан. Ер нь бол манай хүүгийн мөнгө байгаа юм. Манай хүү нийтдээ миний данснаас шилжүүлсэн мөнгийг тооцоод 11.210.000 төгрөгийг шилжүүлээд залилуулсан юм” /1хх 120-122/,

гэрч А.Баасансүрэнгийн “... тээвэр зохицуулагчаар ажиллаж байгаа хүн тендерт оруулах хот хоорондын тээвэрт орох хүний материалыг авах зэрэг ажил үүргийн хуваарь байхгүй.” /1хх 236-237/,

А.М- яллагдагчаар өгсөн “... 2018 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр 3.000.000 төгрөгийг өөрийн 5019723161 тоот дансанд авсан. Энэ мөнгөөр найзуудтайгаа мөрийтэй тоглоод дуусгасан. Энэ өдөр над руу Очирсүрэн дахиад өөрийнхөө данснаас 2.100.000 төгрөг шилжүүлсэн. Энэ мөнгийг бас л мөрийтэй тоглож үрээд дуусгасан. 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр 1.000.000 төгрөг авсан. ... 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдөр 100.000 төгрөг авсныг бас л өөртөө хэрэглээд дууссан. 2018 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 300.000 төгрөгийг “тендерийн асуудал хөөцөлдөхөд мөнгө хэрэг болоод байна” гэж хэлж аваад үрээд дуусгасан. 2018 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 300.000 төгрөг аваад хэрэглээд дуусгасан. 2018 оны 3 дугаар сарын 17-ны өдөр 100.000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 20-ны өдөр 100.000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 22-ны өдөр 100.000 төгрөг, 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр 100.000 төгрөг авсан. Мөн Очирсүрэн аавынх нь 2018 оны 5 дугаар сарын 6-ны өдөр 420.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 10-ны өдөр 50.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 12-ны өдөр 140.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 5-ны өдөр 800.000 төгрөг зэргийг авсан. Нийт 11.210.000 төгрөг авсан. ...” /1хх 226-230/,

4. Хохирогч Г.А-ийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /2хх 184-185/,

Г.А-ийн хохирогчоор өгсөн “... Мөнх-Эрдэнэ  гэх хүн “ Солонгосоос орж ирж байгаа автобусны дохиолол суулгах, бичиг баримт янзлахад урьдчилгаа болгоод хэдэн төгрөг орно, дараа нь шугаманд орчихоороо үлдэгдэл төлбөрөө төлөөд яваад байж болно” гэж яриад би автобусыг авахаар болсон юм. Тухайн утсаар ярьсан өдөр “1.470.000 төгрөг шилжүүлчих, бичиг баримтаа янзалж байя” гэхээр нь би Тариат сумын “Хаан” банкнаас Мөнх-Эрдэнэ гэх хүний 5019723161 тоот дансанд бэлнээр хийсэн. ...ах нь хүнтэй уулзах гээд байна 700.000 төгрөг шилжүүлээч гэхээр нь мөн бэлнээр “Хаан” банкнаас шилжүүлсэн. ...350.000 төгрөг шилжүүлээч гэхээр нь Мөнх-Эрдэнэ гэх хүний дансанд мобайл банкаар шилжүүлж өгсөн. Тухайн мөнгө авсан оройноо “нөгөө мөнгө хүрэхгүй байна, 580.000 төгрөг шилжүүлээч” гэхээр нь мөн мобайл банкаар шилжүүлсэн. ... “тээврийн газар дээр ирчихсэн, бичиг баримтаа хөөцөлдөж байна, 700.000 төгрөг шилжүүл” гэхээр нь “Хаан” банкаар шилжүүлсэн. ...” /2хх 188-191/,

гэрч Б.Бямбажавын “... 2018 оны 4 дүгээр сарын 2-ны өдөр А.М- гэх хүний 5019723161 дугаарын дансанд урьдчилгаа мөнгө гэхээр нь 1.470.000 төгрөгийг шилжүүлсэн. “Машины бичиг баримт шилжүүлэхэд мөнгө дутаад байна” гэж Мөнх-Эрдэнэ гэх хүн утсаар яриад манай нөхөр Г.А- 4 дүгээр сарын 5-ны өдөр 700.000 төгрөгийг, 4 дүгээр сарын 6-ны өдөр  900.000 төгрөг шилжүүлсэн. ... 4 дүгээр сарын 7-ны өдөр 350.000 төгрөг, 580.000 төгрөг шилжүүлсэн. 4 дүгээр сарын 9-ний өдөр 700.000 төгрөгийг тус хүний дансанд хийсэн. ...” /2хх 194-196/,

хохирогч Г.А-ийн мөнгө шилжүүлсэн баримтууд /2хх 203-206/,

А.М- яллагдагчаар өгсөн “... үүнээс хойш 5 удаа энэ байдлаар би Азбилэгээс мөнгө авсан ба 6 удаа нийтдээ 4.700.000 төгрөгийг авсан.” /2хх 219-220/,

5. Хохирогч Ө.Батжаргалын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /1хх 3/,

            Ө.Батжаргалын хохирогчоор өгсөн “...эхний өгсөн 1.700.000 төгрөгийг гэрээсээ...шилжүүлсэн. Мөн дараагийн 100.000 төгрөгийг хотоос баруун тийшээ гарах гэж явж байхдаа дансаар шилжүүлсэн. Сүүлийн 1.680.000 төгрөгийг дүү Нямсамбуу өөрийнхөө данснаас шилжүүлсэн. А.М-д өгсөн 3.480.000 төгрөгөө эргүүлж авмаар байна.” /1хх 9-10/,

            Ө.Батжаргалын данснаас мөнгө шилжүүлсэн талаархи депозит дансны дэлгэрэнгүй хуулга /1хх 17-18/,

            А.М- яллагдагчаар өгсөн “... Ө.Батжаргалд худал хэлж мөнгө авсан маань үнэн. Яагаад худал хэлж мөнгө авах болсон гэхээр удаан хугацааны мөрийтэй тоглож мөнгө их алдаж, түүнийгээ эргүүлж олохоор дахин тоглох гэхэд мөнгөгүй байсан учраас худал хэлж мөнгө авсан юм. ...” /1хх 63-64/,

            6. Хохирогч Ж.Мөнхжаргалын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /4хх 135/,

            Ж.Мөнхжаргалын хохирогчоор өгсөн “... Мөнх-Эрдэнэ гэх залуу надтай уулзах ажил байна гэхээр нь би уулзсан юм. Бид 2 уулзаад ярилцахад “чиний автобусны явах он дуусч байгаа биз дээ, би сунгаж өгье. Надад 6.000.000 төгрөг өгчих” гэхээр нь би өөрийн төрсөн эгч болох Пагамдуламаас 6.000.000 төгрөг зээлээд тэр Мөнх-Эрдэнэ гэх залууд өгсөн. ...” /4хх 141-142/,

            Ж.Мөнхжаргалаас А.М- “Хаан” банкны данс руу мөнгө шилжүүлсэн болохыг нотолсон мөнгөн шилжүүлгийн баримт /4хх 143/,

            7. Хохирогч Г.Э-ын цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /2хх 81/,

            Г.Э-ын хохирогчоор өгсөн “... “ах нь найдвартай, та хоёр мөнгөө л өгчихвөл тендер асуудалгүй, одоо мөнгөө шилжүүлчих” гэсэн. А.М- тухайн үед эхлээд 1.300.000 төгрөг шилжүүлчих гэсэн. Тэгээд би энэ мөнгийг Сансарын колонкийн “Хаан” банкны АТМ дээрээс 1.300.000 төгрөг шилжүүлсэн. ...Тэрнээс хойш хэд хоногийн дараа А.М- над руу утсаар яриад “ахын дүү, ах нь бие өвдөөд байна, хагалгаанд орох боллоо, 550.000 төгрөг өгөөч, 6 дугаар сарын 21-ний өдөр шилжүүлье.” гээд над руу Батцэцэг гэж хүний 5057305115 тоот дансыг месежээр явуулсан бөгөөд би уг данс руу тэр өдөр 550.000 төгрөгийг 22-ын товчооны хажуу талын “Хаан” банкны АТМ-ээс шилжүүлсэн. ...Ингээд би Мөнх-Эрдэнэ гэх хүнд 3.150.000 төгрөг шилжүүлсэн. ...” /2хх 86-86/,

А.М- яллагдагчаар өгсөн “... би дансандаа эхний ээлжинд 1.300.000 төгрөгийг авсан, маргааш нь Энхбаяр над руу залгаад “ахын бичиг баримт болохгүй байна, найзыгаа оруулчихъя” гэхээр нь “тэг” гэж хэлээд өөрийн данс руу 1.300.000 төгрөгийг дахиад авсан. Тэгээд хэд хоногийн дараа Энхбаяр руу залгаад “ахынх нь бие өвдөөд эмчилгээнд мөнгө хэрэг болоод байна” гэж хэлээд Батцэцэг гэж хүний 5057305115 гэсэн данс руу шилжүүлж өрөө дарсан санагдаж байна. Ингээд би Г.Э-аас нийт 3.150.000 төгрөг тендерт оруулж өгнө гэж авсан. ...” /2хх 98-100/,

8. Хохирогч Ц.М-гийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /3хх 148/,

   Хохирогч Ц.М-гийн гаргаж өгсөн “Хаан” банкны мөнгөн шилжүүлгийн баримт /3хх 150/,

Ц.М-гийн хохирогчоор өгсөн “... тэгээд би итгэн өөрийн унаа тэрэгтэй болох нь гэж бодоод тухайн хүн буюу Мөнх-Эрдэнэд хамгийн анх 250.000 төгрөгийг шилжүүлсэн. Тэгээд тэрний маргааш буюу 2018 оны 5 дугаар сарын 15-ны өдөр надад “даргын төрсөн өдөр болоод би ганц юм авч очих гэсэн юм” гэж хэлэхээр нь би сумын таньдаг ах хүү Пүрвээгээс 250.0000 төгрөгийн зээл аваад өгч байсан. ...тэрнээс хойш утсаа авахаа болиод, ажлаасаа халагдсан байсан. Тэгээд би залилуулснаа мэдээд цагдаад хэлэлгүй мөнгөө авмаар байна гэж нэхэж байсан. Би мөнгөө нэхэх үед надад “чи Цамбагаравын цагдаад өргөдлөө өгчих” гэсэн. ...” /1хх 172-173/,

А.М- яллагдагчаар өгсөн “... Би “Төв аймгийн төв рүү явдаг чиглэлд оруулж өгье” гээд 3 хувааж нийт 780.000 төгрөгийг авсан. ...” /3хх 184-185/,

9. Хохирогч Ц.Э-ийн цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл /2хх 241/,

Ц.Э-ийн хохирогчоор өгсөн “... А.М- “Автотээврийн Үндэсний Төвд бүртгэлийн хэсэгт ажлын орон тоо гарсан. Энэ албан тушаалд тэр болгон хүн ороод байдаггүй юм. Оръё гэвэл 3-4 сая төгрөг байдаг юм.” гэсэн. Тэгээд “чи яахав 700.000 төгрөг өгчих, тэгвэл оруулъя. Үлдсэнийг нь яахав, дараа нь болно биз” гэж хэлсэн. Тэгээд над руу “Хаан” банкны данс явуулсан. ...” /2хх 244-245/,

гэрч Б.П-ийн “... Мөнх-Эрдэнэ миний нэр дээрх дансаар хүнээс 700.000 төгрөг авсан байсныг би сүүлд нь мэдсэн. ...” /2хх 247/,

хохирогч Ц.Э-ийн “Хаан” банкны депозит дансны хуулга /3хх 45/ зэрэг хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байна.

 Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх чиг үүргийг хэрэгжүүлэгчдийг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч А.М- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар залилах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсон хэргийн бодит байдалтай нийцжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.М- гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан тухайн зүйл, хэсэгт зааснаар 6 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

Шүүгдэгч А.М- өмгөөлөгч Д.Бурмаа “анхан шатны шүүх шүүгдэгч А.М- үйлдлийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэж хүндрүүлж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Сонгинохайрхан дүүргийн тээвэр зохицуулагчийн ажил нь эрх бүхий албан тушаалтан болохгүй тул зүйлчлэлийг хөнгөрүүлж, тохирох ял шийтгэлийг оногдуулж өгнө үү” гэсэн утга агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно” гэж заасан бөгөөд мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад “албан тушаалын байдлаа ашиглаж,” залилсан бол тухайн зүйл, хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг оногдуулахаар хуульчилжээ.

Шүүгдэгч А.М- нь Монгол Улсын Засгийн газрын Зам, тээврийн хөгжлийн яамны харъяа Автотээврийн үндэсний төв Төрийн өмчит үйлдвэрийн газрын Сонгинохайрхан дүүрэг дэх тээвэр зохицуулагчийн ажил, албан тушаал эрхэлж байхдаа нэр бүхий 9 хохирогчийг “аймаг руу хүн тээвэрлэх зориулалттай хот хоорондын автобусны шугамд оруулж өгнө, хөдөө орон нутагт явуулах тендер авч өгнө, Солонгос Улсаас автобус оруулж өгнө, Автотээврийн үндэсний төвд тоо бүртгэгчийн ажилд оруулж өгнө, тусгай зөвшөөрлийг нь сунгаж өгнө” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдэл нь албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул өмгөөлөгчийн энэ талаар гаргасан гомдлыг хүлээн авах боломжгүй.

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч А.М- эрхэлж байсан Сонгинохайрхан зорчигч тээврийн төвийн тээвэр зохицуулагчийн ажил, албан тушаал нь Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлд зааснаар нийтийн албан тушаалтанд тооцогдохоос гадна нэр бүхий хохирогч нар түүний ажиллаж байгаа албан тушаалын байдалтай нь холбоотойгоор итгэл үнэмшил төрж, эд хөрөнгөө шилжүүлж хохирсон болох нь тогтоогдсон байна.

Харин шүүгдэгч А.М- нь гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоос анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гаргуулахаар заасан хохирогч Г.Э-т 3.150.000 төгрөг, Ц.Э-т 700.000 төгрөг, Ц.Миасүрэнд 780.000 төгрөг, нийт 4.630.000 төгрөгийг төлж барагдуулсныг харгалзаж, түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялын хугацааг хөнгөрүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч А.М-д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэснийг журамлан Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн атлаа шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг ял хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон бөгөөд ял хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй болжээ.

Түүнчлэн анхан шатны шүүх шийтгэх тогтоолын удирдлага болгосон хуулийн зүйл, хэсгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу “иргэний нэхэмжлэлийг шийдвэрлэх тухай”, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэг буюу “шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт тусгах зүйлийн тухай” гэсэн заалтаар хязгаарласан нь учир дутагдалтай болсон байх тул энэ талаарх өөрчлөлтийг оруулах нь зүйтэй.  

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, дээр дурьдсан үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 2020/ШЦТ/618 дугаартай шийтгэх тогтоолын удирдлага болгосон хэсгийн “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:” гэснийг “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.М-д 6 жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч А.М-д 4 жил хорих ял шийтгэсүгэй” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3. 4 дэх хэсэгт тус тус зааснаар, А.М-д оногдуулсан 6 хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-д оногдуулсан 4 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч А.М- өмгөөлөгч Д.Бурмаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                                        М.АЛДАР

ШҮҮГЧ                                                                        Б.ЗОРИГ