| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Цэнд |
| Хэргийн индекс | 184/2017/02893/И |
| Дугаар | 1583 |
| Огноо | 2018-07-06 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2018 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 1583
| 2018 оны 02 сарын 23 өдөр | Дугаар 210/МА2018/00534 |
Д.Н-гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч А.Отгонцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2018/01006 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч Д.Н-гийн нэхэмжлэлтэй
Хариуцагч “ДХ” ХХК, Д.Ц нарт холбогдох
Ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, илүү төлсөн хөлс болох 34 409 911 төгрөг, хохиролд 19 785 564 төгрөг, нийт 54 195 475 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Д.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би “ДХ” ХХК-тай 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 16/3038 тоот ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, 240 м.кв хоёр айлын амины орон сууцыг 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр хүртэл барьж хүлээлгэн өгөхөөр тохиролцсон. Нэхэмжлэгч нь гэрээнд заасан графикийн дагуу төлбөрийг төлж байсан ба нийт 91 318 000 төгрөг төлсөн. Гэтэл 2017 оны 8 дугаар сарын 09-ны өдрийн байдлаар дөнгөж суурийн ажил эхэлсэн ба барилгын суурь нийт 38 см зузаантай байхад 50 см хана өрөгдсөн, ханын шилэн хөвөн норсон зэрэг доголдолтой байсан тул барилгын ажлыг бүрэн гүйцэтгэх шаардлагыг удаа дараа тавьсан. Гангар инвест ХХК-аас төсвийн тооцоолол хийхэд 56 988 000 төгрөгийн ажил хийгдсэн байна гэх дүгнэлт гаргасан. 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр “Бүрэн финанс” ББСБ-тай гэрээ байгуулж 3,5 хувийн хүүтэйгээр 400 000 000 төгрөгийн зээлж уг барилгыг бариулахаар болж 2017 оны 8 дугаар сарын 31-ний өдөр гэхэд барилгын гэрчилгээг барьцаална гэж гэрээ хийсэн боловч барилгын ажил гэрээнд заасан хугацаандаа дуусаагүй учир Бүрэн финанс ББСБ-аас 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн зээлийн хүүг 2 хувиар нэмэгдүүлж сарын 5.5 хувийн хүү төлөх болсон.
Иймд ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, илүү төлсөн хөлс 34 409 911 төгрөг, 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 2018 оны 7 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Бүрэн финанс ББСБ-д төлөх байсан хүүгийн төлбөр буюу хохиролд 19 785 564 төгрөг нийт 54 195 475 төгрөгийг “ДХ” ХХК болон Д.Цгоос гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч “ДХ” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “ДХ” ХХК нь 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр Д.Н-тэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, төлбөрийг барилгын үе шатны гүйцэтгэл дуусахад төлөхөөр тохиролцсон. Бид барилгын ажлыг хуваарийн дагуу ажил гүйцэтгэж байсан. Гэрээгээр 5 дугаар сарын 25-ны өдөр 10 088 000 төгрөг, 5 дугаар сарын 29-ний өдөр 46 230 000 төрөг, 6 дугаар сарын 20-ны 30 000 000 төгрөг, барилга 50 хувьдаа хүрэхэд 32 000 000 төгрөг, 80 хувьдаа хүрэхэд мөн 30 820 000 төгрөг, барилга дуусахад 159 422 000 төгрөг тус тус төлөхөөр тохиролцсон. Барилга 50 хувьдаа хүрэхэд 5 дугаар сарын 29-нд 46 230 000 төгрөг төлөгдсөнөөс хойш 7 дугаар сарын 03-ны өдөр хүртэл төлөлт хийгдээгүй, нэхэмжлэгч нь графикаа зөрчсөн. Д.Н- нь 2017 оны 7 дугаар сарын 03-ны өдөр 30 000 000 төгрөг, 9 дүгээр сарын 08-ны өдөр 5 000 000 төгрөгийг төлсөн бөгөөд энэ нь захиалагчийн хүсэлтээр хийсэн нэмэлт ажлын хөлс юм. Захиалагч нь 2017 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн төлөлт хийгээгүй. Барилгын ажил 50 хувийн гүйцэтгэлтэй явж байхад дараагийн ажил эхлүүлэх төлбөр 30 820 000 төгрөгийг шаардахад Д.Н- төлбөрөө төлөөгүй барилгын ажлыг зогсоосон. Компанийн зүгээс барилгад 120 770 420 төгрөг зарцуулсан төсөв гарсан. Манай зүгээс гэрээний үүргээ зөрчөөгүй ба одоогийн байдлаар хангалттай хөрөнгө зарцуулсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.
Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Д.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Р.Мөнхжаргал шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа: Д.Ц тухайн үед “ДХ” ХХК-д ажиллаж байсан ба гүйцэтгэх захирал хийдэггүй байсан. Тухайн үед барилгын ажлын хөлсийг хүлээн авч, “ДХ” ХХК-ийн дансанд нь шилжүүлснээс өөр зүйл байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагад Д.Ц хамааралгүй гэжээ.
Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1-д заасныг баримтлан хариуцагч “ДХ” ХХК-аас 1 826 360 төгрөг гаргуулж, үлдэх 52 369 115 төгрөгийн шаардлага болон хамтран хариуцагч Д.Цд холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 428 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ДХ” ХХК-аас 44 171 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Ууганчимэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй, үнэн зөв, үндэслэл бүхий байдлыг үнэлээгүйгээс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй.
“ДХ” ХХК нь 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн ажил гүйцэтгэх гэрээний дагуу барилгыг 2017 оны 8 дугаар сарын 05-ны өдөр ашиглалтанд оруулж хүлээлгэж өгөх байсан боловч 2017 оны 8 дугаар сарын 9-ний өдөр гэхэд барилгын суурийн ажил хийгдэж байсан нь Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэгт зааснаар үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүй үүргээ ноцтой зөрчсөн. Барилгын ажил 2017 оны 6 дугаар сарын 20 гэхэд дөнгөж эхэлж байсан тухай хариуцагчаас нэг ч тайлбар, нотлох баримт гаргуулаагүй. Шийдвэрт шүүхээс томилсон "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт, шинжээч Ж.Уртнасангийн тайлбар, мэдүүлэг зэргийг нотлох баримтаар үнэлээгүй, зөвхөн хариуцагч талаас гаргасан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь нэг талыг барьж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх заалтыг зөрчсөн. “Гангар Инвест” ХХК-ийн төсөвчин Б.Цэрэн-Эрдэнийн гаргасан 56 908 089 төгрөгийн, "Хөрөнгийн үнэлгээний төв" ХХК-ийн гаргасан 61 103 580 төгрөгийн болон “ДХ”" ХХК-ийн төсөвчин А.Эрдэнэбаатарын гаргасан 120 770 420 төгрөгийн төсвийн тооцоолол тус тус авагдсан. Гэтэл хариуцагч талаас барилгын ажилд 93 982 250 төгрөгийн баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн нь төсвийн тооцоолуудаас зөрүүтэй байна. Шүүхээс хариуцагчийн гаргаж өгсөн бараа материалын баримт, дансны хуулга зэрэг нотлох баримтуудад үндэслэн, хөндлөнгийн шинжээчийн дүгнэлт, ажил гүйцэтгэх гэрээний үүргийн ноцтой зөрчил зэргийг үнэлээгүй. Шийдвэрийн үндэслэх хэсэгт нэхэмжлэгч нь хариуцагчаас гаргаж өгсөн барилгын төсөвт өртгийг 120 770 420 төгрөг хэмээн гаргасныг үгүйсгээгүй тул барилгын ажилд 34 409 911 төгрөгийн зардал илүү гаргасан нь тогтоогдоогүй гэж үзсэн.
Шүүх хэргийг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан нотлолгүй зөвхөн хариуцагч талын нотлох баримтад үндэслэн, нэг талыг барьж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.3 дахь заалтуудыг тус тус зөрчсөн тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Нэхэмжлэгч Д.Н- нь хариуцагч “ДХ” ХХК, Д.Ц нарт холбогдуулан “... захиалсан амины орон сууц барих ажлыг хугацаанд нь гүйцэтгээгүй, барилгын ажил 50 хувьд хүрээгүй” гэх үндэслэлээр ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, илүү төлсөн хөлс 34 409 911 төгрөг, гэрээний үүргээ хугацаандаа гүйцэтгээгүйгээс учирсан хохиролд 19 785 564 төгрөг, нийт 54 195 475 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч, “... гэрээгээр тохирсон хуваарийн дагуу санхүүжилтээ хийгээгүйн улмаас үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон, ажлын 50 хувийг хийсэн ... ” гэж маргажээ.
Талуудын хооронд 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр 16/3038 тоот гэрээгээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1 дэх хэсэгт заасан ажил гүйцэтгэх гэрээний харилцаа үүсч, гүйцэтгэгч “ДХ” ХХК нь захиалагч Д.Н-гийн газар дээр 240 м.кв талбай бүхий амины орон сууц, 46 м.кв талбай бүхий автомашины гараашийг 2 сарын хугацаанд барьж өгөх, захиалагч нь ажлын хөлсөнд 308 200 000 төгрөгийг баталсан хуваарийн дагуу төлж ажлыг хүлээж авахаар харилцан тохиролцсон, захиалагч Д.Н-, гүйцэтгэгчид 91 318 000 төгрөг шилжүүлсэн үйл баримт хэрэгт авагдсан ажил гүйцэтгэх гэрээ, барилгын ажлын зураг, ХААН банкны орлогын баримт зэргээр нотлогдож байна. /хх-4-9, 11-15 дахь тал/
Зохигчид ажил гүйцэтгэлийн хувь хэмжээ мөн үүрэг гүйцэтгэх боломжгүй болсон шалтгаан нөхцлийн талаар маргаж, нэхэмжлэгчээс “Гангар инвест” ХХК-ийн, хариуцагч тал тэргүүлэх төсөвчин А.Эрдэнэбаатарын, амины орон сууцны хийгдсэн ажил гүйцэтгэлийн төсөвт өртгийг нотлох баримтаар тус тус гарган өгчээ. /хх-18-25, 197-212 дахь тал/
Эдгээр баримтаас үзвэл, амины орон сууцны барилгын ажлын гүйцэтгэлийн өртгийг “Гангар инвест” ХХК 56 908 089 төгрөгөөр, төсөвчин А.Эрдэнэбаатар нь 120 770 420 төгрөгөөр тус тус төсөвлөсөн байна. /хх-19, 199 дэх тал/ Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилсон байх бөгөөд шинжээч нь маргааны зүйл болох барилгын ажил 50 хувьдаа хүрээгүй, барилгын ажлын гүйцэтгэлд 61 301 580 төгрөг зарцуулагдсан” гэсэн дүгнэлт гаргажээ. /хх-89-114 дэх тал/
Анхан шатны шүүх дээрх шинжээчийн дүгнэлтийг “шинжээч тээврийн зардлыг ...15 км-ээр тооцоолсон нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн 25 км-ийн зайтай гэсэн тайлбараас, өнгөлгөөний тоосгоны нэгжийн үнийг 450 төгрөгөөр тооцсон нь хариуцагч үүнийг 1200 төгрөгөөр худалдан авсан анхан шатны баримтаас зөрж байгаа ...” гэх үндэслэлээр үнэн зөв, эргэлзээгүй гэж үнэлэх боломжгүй гэж үзсэн байна. Түүнчлэн нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн “Гангар инвест” ХХК-ийн төсөвт өртгийн тооцоог хэрхэн үнэлж буйгаа шийдвэрт тусгаагүй атлаа “хариуцагчийн гаргасан 120 770 420 төгрөгийн төсөвт өртгийг нэхэмжлэгч тал үгүйсгэж чадаагүй...” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцэхгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн энэ талаар гаргасан давж заалдах гомдол үндэслэлтэй.
Давж заалдах шатны шүүх талуудын гаргаж өгсөн бичгийн нотлох баримт болон шинжээчийн дүгнэлтийг үндэслэн хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч, хариуцагч нарын өөрсдийн гаргаж өгсөн 2 өөр үнийн дүн бүхий төсөвт өртгийн тооцооллыг шүүх үнэн зөв, эргэлзээгүй нотлох баримт гэж үнэлэх боломжгүй байна.
Мөн шүүхээс шинжээч томилохдоо тухайн шинжилгээний обьектод очиж шинжилгээ хийж, дүгнэлт гаргасан шинжээч П.Дорж, Б.Владимир нарт Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1, 9.2 дахь хэсэгт зааснаар эрх, үүрэг, хариуцлагыг нь урьдчилан сануулж, гарын үсэг зуруулах ажиллагааг орхигдуулж хуулиар тогтоосон журмыг зөрчжээ. Тодруулбал шүүхээс зөвхөн дүгнэлтэд гарын үсэг зурсан шинжээч Ж.Уртнасанд эрх, үүрэг, хариуцлагыг нь сануулж, гарын үсэг зуруулсан болох нь түүний шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна. /хх-231 дэх тал/
Талууд гэрээнээс татгалзсантай холбогдуулан тухайн үр дагаврыг шийдвэрлэхэд хариуцагчийн гүйцэтгэсэн ажлын хувь, өртгийн хэмжээг тогтоох нь чухал ач холбогдолтой.
Гэтэл анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөнөөс давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийж, шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй тул шийдвэрийг хүчингүй болгуулах нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугааэр зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн 184/ШШ2018/01006 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 428 930 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ
ШҮҮГЧИД А.ОТГОНЦЭЦЭГ
Ч.ЦЭНД