| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Намдагсүрэнгийн Батсайхан |
| Хэргийн индекс | 106/2019/0992/Э |
| Дугаар | 617 |
| Огноо | 2020-05-14 |
| Зүйл хэсэг | 11.4.1., 11.6.1., 17.2.2., 17.3.2.1., |
| Улсын яллагч | М.Амарзаяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 05 сарын 14 өдөр
Дугаар 617
А.М-, Н.Б-, Д.Н-, Ч.Э-, М.Э-,
А.Б-, Т.Т- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Зориг даргалж, шүүгч Ц.Оч, Н.Батсайхан нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор М.Амарзаяа,
шүүгдэгч А.М-н өмгөөлөгч Н.Цэцэгмаа, С.Оюунцэцэг,
шүүгдэгч Н.Б-ы өмгөөлөгч Н.Жамъяндорж,
шүүгдэгч Д.Н-, түүний өмгөөлөгч Б.Минжүүрдорж,
шүүгдэгч Ч.Э-, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн,
шүүгдэгч М.Э-, түүний өмгөөлөгч О.Мөнгөнчимэг, С.Оюунцэцэг,
шүүгдэгч А.Б-,
нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.М- даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгч Ч.Э-ын өмгөөлөгч Х.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлоор А.М-, Н.Б-, Д.Н-, Ч.Э-, М.Э-, А.Б-, Т.Т- нарт холбогдох эрүүгийн 1808015150311 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч Н.Батсайханы илтгэснээр хянан хэлэлцэв.
1. А.М-, 1993 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 27 настай, дээд боловсролтой, геодезийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4 эцэг, эх, дүүгийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй
2. М.Э-, 1988 оны 3 дугаар сарын 3-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 32 настай, тусгай дунд боловсролтой, хүнд машин механизмын операторч мэргэжилтэй, ам бүл 5 эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2012 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 201 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын баривчлах ялаар шийтгүүлсэн,
3. А.Ба-, 1995 оны 6 дугаар сарын 11-ний өдөр Хэнтий аймагт төрсөн, эрэгтэй, 25 настай, тусгай дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, ам бүл 3 эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгийн торгох ялаар шийтгүүлж, 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр биелүүлсэн,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 103 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 460.000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгүүлж, 2018 оны 5 дугаар сарын 31-ний өдөр биелүүлсэн,
4. Т.Т-, 1989 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 31 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3 ах, эхийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй,
- Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн 2014 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 671 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.2.6 дэх хэсэгт зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж, 2016 оны 3 дугаар сарын 15-ны өдөр эдлээгүй үлдсэн 8 сар 6 хоногийн хорих ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,
5. Н.Б-, 1984 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 36 настай, тусгай дунд боловсролтой, машинист мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 8 эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,
6. Д.Н-, 1983 оны 9 дүгээр сарын 25-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 35 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 4 эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,
7. Ч.Э-, 1978 оны 5 дугаар сарын 11-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 42 настай, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, ам бүл 5 эхнэр, хүүхдүүдийн хамт оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй,
А/ А.М- нь Н.Э-, Т.Т-, А.Б- нартай бүлэглэн урьдаас үгсэн тохиролцож, Хятадуудыг айлгах нэрийдлээр 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 197 тоотод байсан БНХАУ-ын иргэн Ли Шуан Ченг, Лун Дэ Гуй нарт хүч хэрэглэн довтолж, 17.600.000 төгрөг, 3 ширхэг гар утсыг дээрэмдэх гэмт хэргийг зохион байгуулсан,
мөн Н.Б-, цагдаагийн ажилтан Д.Н-, Ч.Э- нартай бүлэглэн урьдаас үгсэн тохиролцож, тэдний албан тушаалын байдлыг нь ашиглан 2018 оны 3 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн Шүй Ганыг “буудалд Монгол эмэгтэйг хүчиндсэн байна, торгуулийн мөнгө төл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 6.000.000 төгрөгийг залилсан гэмт хэргийн зохион байгуулсан,
Б/ М.Э- нь А.М-, Т.Т-, А.Б- нартай бүлэглэн урьдаас үгсэн тохиролцож, Хятадуудыг айлгах нэрийдлээр 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 197 тоотод байсан БНХАУ-ын иргэн Ли Шуан Ченг, Лун Дэ Гуй нарт хүч хэрэглэн довтолж, 17.600.000 төгрөг, 3 ширхэг гар утсыг дээрэмдэх гэмт хэрэгт Т.Т-, А.Б- нарыг татан оруулан хатгагчаар оролцсон,
В/ Т.Т- нь А.М-, М.Э-, А.Б- нартай бүлэглэн урьдаас үгсэн тохиролцож, Хятадуудыг айлгах нэрийдлээр 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 197 тоотод байсан БНХАУ-ын иргэн Ли Шуан Ченг, Лун Дэ Гуй нарт хүч хэрэглэн довтолж, 17.600.000 төгрөг, 3 ширхэг гар утсыг дээрэмдэх гүйцэтгэгчээр оролцсон,
Г/ А.Б- нь А.М-, М.Э-, Т.Т- нартай бүлэглэн урьдаас үгсэн тохиролцож, Хятадуудыг айлгах нэрийдлээр 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 197 тоотод байсан БНХАУ-ын иргэн Ли Шуан Ченг, Лун Дэ Гуй нарт хүч хэрэглэн довтолж, 17.600.000 төгрөг, 3 ширхэг гар утсыг дээрэмдэх гүйцэтгэгчээр оролцсон,
мөн дангаараа 2018 оны 11 дүгээр сарын 23-наас 24-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Парис” бааранд “Эхнэрийн бөгс, хөхийг базлаа” гэх шалтгаанаар А.Мягмардоржийн нүүр болон хэвлийн тус газарт пивоны шилээр зүсэж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Д/ Н.Б- нь А.М-, цагдаагийн ажилтан Д.Н-, Ч.Э- нартай бүлэглэн урьдаас үгсэн тохиролцож, тэдний албан тушаалын байдлыг нь ашиглан 2018 оны 3 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн Шүй Ганыг “буудалд Монгол эмэгтэйг хүчиндсэн байна, торгуулийн мөнгө төл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 6.000.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт Д.Н-, Ч.Э- нарыг татан оруулж, хатгагчаар оролцсон,
Е/ Д.Н- нь өөрийн албан тушаалын байдлыг ашиглан А.М-, Н.Б-, Ч.Э- нартай бүлэглэн урьдаас үгсэн тохиролцож, тэдний албан тушаалын байдлыг нь ашиглан 2018 оны 3 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн Шүй Ганыг “буудалд Монгол эмэгтэйг хүчиндсэн байна, торгуулийн мөнгө төл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 6.000.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон,
мөн 2019 оны 4 дүгээр сарын 23-ны өдөр Баянгол дүүргийн 12 дугаар хороо, 20 дугаар байрны гадаа иргэн Ч.Долгормаагийн нүүрэнд цохиж унагаан “зүүн агтаал ясны далд хугарал гэмтэл” бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Ё/ Ч.Э- нь өөрийн албан тушаалын байдлыг ашиглан А.М-, Н.Б-, Д.Н- нартай бүлэглэн урьдаас үгсэн тохиролцож, тэдний албан тушаалын байдлыг нь ашиглан 2018 оны 3 дугаар сарын 7-ноос 8-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэрт БНХАУ-ын иргэн Шүй Ганыг “буудалд Монгол эмэгтэйг хүчиндсэн байна, торгуулийн мөнгө төл” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон 6.000.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас: А.М-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
- М.Э-н үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
- Т.Т-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,
- А.Б-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
- Н.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар,
- Д.Н-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалт, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
- Ч.Э-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч А.М-г бүлэглэж, урьдаас үгсэн тохиролцон, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон, мөн албан тушаалын байдлаа ашиглаж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан,
М.Э-г бүлэглэж, урьдаас үгсэн тохиролцон бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэрэгт хатгагчаар оролцсон,
Т.Т-г бүлэглэж, урьдаас үгсэн тохиролцон бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг гүйцэтгэсэн,
А.Б-ийг бүлэглэж, урьдаас үгсэн тохиролцон бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж авахаар довтолсон гэмт хэргийг гүйцэтгэсэн, мөн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан,
Н.Б-ыг бүлэглэн, урьдаас үгсэн тохиролцож албан тушаалын байдлаа ашиглаж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт хатгагчаар оролцсон,
Д.Н-ыг бүлэглэн, урьдаас үгсэн тохиролцож албан тушаалын байдлаа ашиглаж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон, мөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
Ч.Э-ыг бүлэглэн, урьдаас үгсэн тохиролцож албан тушаалын байдлаа ашиглаж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан гэмт хэрэгт гүйцэтгэгчээр оролцсон гэм буруутайд тус тус тооцож,
прокуророос А.Б-эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,
шүүгдэгч А.М-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жилийн хорих ялаар,
М.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ялаар,
Т.Т-, А.Б- нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 2 жилийн хорих ялаар,
Н.Б-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар,
Д.Н-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,
Ч.Э-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар А.М-д оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн, түүний биечлэн эдлэх ялыг нийт 4 жил 6 сарын хугацаагаар, Д.Н-д оногдуулсан торгох, нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасныг журамлан Н.Б-, Д.Н-, Ч.Э- нарын цагдан хоригдсон 6 хоногийн 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцүүлэн тооцож 90.000 төгрөгийг тэдгээрийн эдлэх ялаас хасаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд зааснаар А.М-, М.Э-, Т.Т-, А.Б- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар А.М-н цагдан хоригдсон 60 хоног, А.Б-ийн цагдан хоригдсон 79 хоног, Т.Т-гийн цагдан хоригдсон 49 хоног, М.Э-н цагдан хоригдсон 19 хоногийг тэдгээрийн эдлэх ялд оруулан тооцож,
А.М-, М.Э-, А.Б-, Т.Т- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Н.Б-, Д.Н-, Ч.Э- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авч шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ч.Э-ын өмгөөлөгч Х.Даваасүрэн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...энэ хэрэгт Ч.Э- оролцсон гэх ямар ч баримт нотолгоо байхгүй. Тэрээр цагдаагийн байгууллагад нэр төртэйгээр 19 жил ажилласан. Удаа дараа шагнагдаж байсан. Тухайн үед хамт үүрэг гүйцэтгэж байсан Д.Н-аас 450.000 төгрөгийг зээлж авсан байдаг. Энэ нь уг мөнгөө буцаан төлсөн нь баримт /2хх 89/-аар нотлогдож байгаа. Хэрэв энэ мөнгийг зээлж аваагүй байсан бол Д.Н- дансаа өгч “Зээл төлөв” гэсэн утгатай баримт үйлдэхгүй байх байсан. Гэрч П.Энхтөр, Ж.Уртнасан, шүүгдэгч А.М- болон бусад гэрчүүдийн мэдүүлгээр Ч.Э-ын үйлдэл, оролцоо нотлогдон тогтоогддоггүй. Тухайн үед Ч.Э- нь хамт үүрэг гүйцэтгэж байсан Д.Н-д “маршрутын бус замд дуудлага хүлээн авч ажиллагаа явуулахгүй” талаар хэлж байсан. Дараа нь Хятад Улсын иргэнийг автомашинд суулгахад нь “ямар учиртай хүн суулгаад яваад байгаа юм бэ, энэ хүнээ одоо буулга” гэсэн шаардлага тавьсан байдаг. Эдгээрээс үзвэл Ч.Э- нь бусадтай үгсэн тохиролцож залилах гэмт хэргийг үйлдээгүй, болж буй үйл явдлыг мэдээгүй байсан. Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй. Прокурорын зүгээс хуульд заасан эрх, үүргээ хэрэгжүүлээгүй ба анхан шатны шүүхээс хэргийг удаа дараа буцаасан боловч шүүхийн шийдвэрт дурдсан ажиллагаанууд хийгдээгүй. Хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн нотолж чадаагүй. Ч.Э- нь ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг. Эхнэр нь эрхэлсэн тодорхой ажилгүй. Банк болон Банк бус санхүүгийн байгууллагад зээлтэй бөгөөд энэ хэрэгт холбогдсоноос хойш 2 жилийн хугацаанд ажилгүй, орлогогүй явж, өдөр ирэх тусам амьдрал нь доройтож байна. Иймээс гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр үйлдэл, холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Д.Н- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч байгаа. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Өмгөөлөгч Х.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдолтой санаа нийлэхгүй байна. Нотолбол зохих асуудал бүрэн нотлогдсон. Орчуулагчаас 1.000.000 төгрөгийг авч 450.000 төгрөгийг Ч.Э-, 550.000 төгрөгийг би өөрөө авсан. Анхан шатны шүүхэд хэрэг хянагдах явцад хохирлыг мөнгийг бүрэн төлж барагдуулсан.” гэв.
Шүүгдэгч Ч.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Анхан шатны шүүх хуралдаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн. Тухайн үед Д.Н-аас зээлж авсан мөнгөө түүний дансанд шилжүүлсэн.” гэв.
Шүүгдэгч М.Э- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэлэх тайлбаргүй.” гэв.
Шүүгдэгч А.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Тухайн үед хэрэг гарахад “Эм Си” буюу Мөнхсайхан гэх залуу хамт байсан. Иймээс энэ хэрэгт Мөнхсайханыг холбогдуулж шалгуулмаар байна.” гэв.
Шүүгдэгч А.М-н өмгөөлөгч Н.Цэцэгмаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байх тул миний үйлчлүүлэгчид холбогдох хэсгийг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Н.Б-ы өмгөөлөгч Н.Жамъяндорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Д.Н-ын өмгөөлөгч Б.Минжүүрдорж тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Хэргийн бодит байдал бүрэн тогтоогдсон, зүйлчлэл тохирсон тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч М.Э-н өмгөөлөгч О.Мөнгөнчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч М.Э-, А.М- нарын өмгөөлөгч С.Оюунцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж өгнө үү.” гэв.
Прокурор М.Амарзаяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ч.Э-ын үйлдэл, оролцоо хангалттай нотлогдон тогтоогдсон. Тухайлбал мөрдөн байцаалтын явцад өгсөн шүүгдэгч Д.Н- “...тухайн үед миний танил Н.Б-, түүний найз А.М- нар надтай утсаар ярихдаа “Энэ Хятад хүнийг цагдаагийн алаг тэргэндээ суулгаад жаахан яваатах, би бусад асуудлыг нь зохицуулна” гэж ярьсан. Түүнээс өөр надтай ямар нэгэн зүйл яриагүй. Тухайн үйл явцын талаар эргүүлийн офицер Ч.Э- мэдэж байсан...” гэж, шүүгдэгч Ч.Э- “...чиглэлээ орхиод явбал ямар нэгэн арга хэмжээ авагдана. Тиймээс чиглэлээс гарч явж болохгүй гэж хэлсэн. Орчуулагч А.М- гэх хүн мөнгө авч ирж өгснийг би авсан...” гэж тус тус мэдүүлдэг. Шүүгдэгч Ч.Э- нь “тухайн үед Д.Н-аас мөнгө зээлж авсан” гэдэг боловч энэ нь Д.Н-ын мэдүүлгээр няцаагддаг. Хятад Улсын иргэнийг цагдаагийн автомашинд суулгаж явсан үйл явц нь удаан хугацаанд үргэлжилсэн. Цагдаагийн газарт Хятад Улсын иргэнтэй холбогдох ямар нэгэн дуудлага мэдээлэл ирээгүй байхад Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн 3 дугаар хэлтсээс шилжүүлж авсан иргэнийг хэн болохыг нь шалгалгүйгээр өөрийнхөө автомашинд суулгаж авч явсан ба сүүлд 1.000.000 төгрөгийг авсныхаа дараа тэр хүнийг орчуулагчид нь өгч явуулсан. Энэ хугацаанд болсон үйл явцыг Ч.Э- харж, мэдэж байсан. Гэрч П.Энхтөр, Д.Намуудалай, Ж.Уртнасан, Хаан банкны дансны хуулга зэргээр энэ хэргийг Ч.Э- үйлдсэн, ингэхдээ гүйцэтгэгчээр оролцсон болох нь тогтоогдсон. Иймд шүүгдэгч Ч.Э-ын өмгөөлөгч Х.Даваасүрэнгийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэв.
1. Прокуророос “... “Хятадуудыг айлгах” нэрийдлээр 2018 оны 3 дугаар сарын 27-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 13 дугаар хороо, 9 дүгээр байрны 197 тоотод байсан БНХАУ-ын иргэн Ли Шуан Ченг, Лун Дэ Гуй нарт хүч хэрэглэн довтолж, 17.600.000 төгрөг, 3 ширхэг гар утсыг дээрэмдсэн” гэмт хэрэгт А.М-г зохион байгуулагчаар, М.Э-г хатгагчаар, Т.Т-, А.Б- нарыг гүйцэтгэгчээр оролцсон гэж тэдгээрийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа бүрэн биш хийгдсэн, хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг шалган тогтоогоогүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хүч хэрэглэхээр заналхийлж авахаар довтолсон” гэмт хэрэг нь бусдын эд хөрөнгийг хууль бусаар авахад чиглэж, түүнд саад болж байгаа аливаа этгээд /өмчлөгч буюу эзэмшигч, итгэмжлэгдэн хариуцсан болон хамгаалах үүрэг бүхий этгээд гэх мэт/ рүү амь биед нь аюултайгаар хүч хэрэглэж буюу хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцлийг дарж довтолсон буюу хохирогчийн эрх чөлөө, эрүүл мэндэд нь хохирол учруулна гэж үгээр болон үйлдлээр айлган сүрдүүлж буй байдал, хүч хэрэглэхээр заналхийлж буй сэтгэхүйн дарамтын гадаад илэрхийлэл, орон зай, хүчний харьцааны шинж чанар, тухайн заналхийлэл нь биелэгдэх боломжтой гэдгийг хохирогчид ойлгуулсан идэвхтэй үйлдлээр илэрдэг.
Хүний аливаа үйл ажиллагаа тодорхой сэдэлтээр нөхцөлдөж, тодорхой зорилгод чиглэгддэг. Сэдэлт, зорилго нь Эрүүгийн хуульд шууд заасан тохиолдолд гэмт хэргийн бүрэлдэхүүний субъектив талын заавал байх шинж, харин хуульд заагаагүй бол нэмэгдэл шинж болдог.
Хэргийн материалаас үзэхэд, А.М- нь өөрийн хамт ажилладаг БНХАУ-ын иргэдийг айлгах, хашраах гэсэн санаа зорилгоо М.Э-д илэрхийлж, улмаар М.Э-н явуулсан хүмүүс болох Т.Т-, А.Б- нарыг дагуулан БНХАУ-ын нэр бүхий иргэдийн оршин сууж байсан газарт очсон ба Т.Т-, А.Б- нар дээрх иргэдийг зодох явцад, тухайн иргэдийн эд хөрөнгийг А.М- авсан үйл явдал болсон байна гэж үзэхээр байна.
Бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн зарим үйлдэл, хор уршгийг аль нэг шүүгдэгчид дагнан хариуцуулах нь “зөрж гүйцэтгэх” тухай ойлголттой холбоотой бөгөөд энэ нь гүйцэтгэгч бусад хамтран гүйцэтгэгчтэй тохиролцсоноос өөр гэмт хэрэг үйлдсэнийг ойлгоно.
Гүйцэтгэгчийн зөрж үйлдсэн гэмт хэрэгт оролцоогүй бусад хамтран гүйцэтгэгчид ял оногдуулахгүй. Тиймээс хамтран оролцогч бүр нэг санаа зорилгод нэгдсэн эсэхийг тогтоох нь чухал бөгөөд зорилгоороо нэгдсэн тохиолдолд тухайн хор уршгийг хэн учруулснаас үл хамааран үйлдлийг нэгтгэн зүйлчилж гүйцэтгэгч тус бүрийн гэмт хэргийг гүйцэтгэсэн үүрэг оролцоог харгалзан ялыг ялгамжтай оногдуулах шаардлага үүснэ.
Гэтэл А.М-, М.Э-, Т.Т-, А.Б- нарын үйлдэл холбогдол нь тус тусдаа зорилго сэдэлттэй, өөр өөр орон зайд үйлдэгдсэн, халдлагын объект тусдаа, учруулсан хохирол салангид байх тул нэг гэмт хэрэг гэж үзэж нэгтгэн зүйлчилсэн нь буруу болжээ.
Нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангах тухай ойлголт нь аль нэг үйлдэл, эс үйлдэхүй нь бие дааж тухайн гэмт хэргийн бүрэлдэхүүнийг хангахгүй, эсхүл өөр гэмт хэргийн бүрэлдэхүүнд тохирч, харин тэдгээрийг хамтатгаснаар тодорхой гэмт хэргийн үндсэн бүрэлдэхүүн бий болж байх тохиолдолд нэг гэмт хэрэг гэж үзнэ.
Харин тус тусдаа үйлдэл, эс үйлдэхүй нь өөр өөр гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байгаа боловч нэгдмэл санаа зорилгодоо хүрэхийн тулд эцсийн дүнгээрээ нийлсэн өөр гэмт хэрэг болж байгаа бол сүүлчийн гэмт хэргийн шинжээр зүйлчилнэ.
Мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад М.Э-, Т.Т-, А.Б- нараас “...айлгах зорилгоор очсон, дээрэмдэх санаа зорилго байгаагүй...” хэмээн маргаж, энэ хэрэгт “Эм Си” хочтой Мөнхсайхан гэгч этгээд тухайн иргэдийн оршин суух байрны орцны хяналтын камерыг салгах байдлаар хамтран оролцсон талаар мэдүүлжээ.
Мөрдөгч, прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй бөгөөд хуульд заасан энэхүү үүргээ хэрэгжүүлсний эцэст хэргийг шүүхэд шилжүүлж, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлүүлэх ёстой байтал тус үүргээ биелүүлж чадаагүй буюу хэрэгт цугларсан баримт нь хэргийн үйл баримтыг бодитой тогтоох, түүнд хууль зүйн дүгнэлт хийх, гэм буруу, эрүүгийн хариуцлагын асуудлыг шийдвэрлэхэд учир дутагдалтай байна.
Тодруулбал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.6-д заасан “гэмт хэрэг үйлдэгдэхэд нөлөөлсөн шалтгаан” зэрэг байдлуудыг бүрэн гүйцэд тогтоогоогүй, М.Э-, Т.Т-, А.Б- нарын бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчсөн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, гэмт хэргийн улмаас олсон хөрөнгө, мөнгө, орлого гэдгийг мэдсээр байж түүнийг авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, А.М-н хувьд зөрчиж гүйцэтгэн бусдын эд хөрөнгийг авсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэргийн шинжтэй байж болох үйлдлүүдийг хуульд заасан үндэслэл журмын дагуу шалгаагүй, энэ хэрэгт “Эм Си” хочтой Мөнхсайханы үйлдэл, оролцоо байгаа болохыг мэдүүлсэн холбогдогч нарын мэдүүлэгт ач холбогдол өгөлгүй орхигдуулж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байх бөгөөд анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг эцэслэн шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болжээ.
Аливаа гэмт хэргийн яллах болон цагаатгах, гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлж болох нөхцөл байдлын хүрээг зөв тогтоож, мөрдөн шалгах ажиллагаа хийснээр хэргийн бодит үнэний талаарх үйл баримтыг тогтоохоос гадна хууль зүйн дүгнэлт буюу хэргийн зүйлчлэлд нөлөөлөхүйц байдлыг тогтоодог болно.
Шүүх хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхдээ хянан шийдвэрлэх ажиллагаа бүхэлдээ хууль ёсны дагуу явагдсан эсэх, уг ажиллагааг явуулахад Монгол Улсын Үндсэн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль болон бусад хуулийн заалтыг чанд мөрдөгдсөн эсэхийг хянан үзэж, хууль зөрчсөн ажиллагаа болон хүний эрхийн зөрчлийг гаргуулахгүй байх баталгааг ханган, хуульд нийцсэн ажиллагаанд үндэслэн шийдвэр гаргаж ажиллах үүрэгтэй бөгөөд ингэснээр уг ажиллагааны зорилт хэрэгжих учиртай.
2. Шүүхийн шийдвэрийн хэлбэр, бүтцэд тавигдах шаардлагыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн Гучин зургадугаар бүлэгт хуульчилсан бөгөөд шүүхийн шийдвэр нь энэ хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.9 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангаагүй нөхцөлд хуулийн ноцтой зөрчил гэж үзэхийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6 дахь заалтад заасан.
Шийтгэх тогтоолоос үзвэл дээрх шаардлагыг хангаагүй дараах зөрчлүүд тогтоогдсон. Тухайлбал: шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт нэр бүхий 6 шүүгдэгчийн үйлдэл, оролцоо тус бүрийн гэмт хэрэгт хамтран оролцсон хэлбэрийг ялгаж, тэдгээрийн гэм буруутайд тооцсон шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нотлох баримтын агуулгыг тусгасан атлаа шүүгдэгч А.М-н хувьд орхигдуулсан, мөн тухайн зүйл, хэсэг, заалтад зааснаар шүүгдэгч Н.Б-, Д.Н-, Ч.Э- нарт ялын хамгийн хөнгөн төрлийг сонгож, доод хэмжээг оногдуулах болсон, бусад шүүгдэгч нарын хувьд хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон шалтгаан үндэслэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг хэрхэн харгалзан үзсэн талаараа тодорхойлоогүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.3 дахь заалт, мөн зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 3.2 дахь заалтын шаардлагад нийцээгүй байна.
Иймд дээр дурдсан үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.М-, Н.Б-, Д.Н-, Ч.Э-, М.Э-, А.Б-, Т.Т- нарт холбогдох хэргийг прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Хэргийг прокурорт буцаасантай холбогдуулан шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж, гэм буруугийн талаар маргасан шүүгдэгч Ч.Э-ын өмгөөлөгч Х.Даваасүрэнгийн давж заалдах гомдолд хууль зүйн дүгнэлт хийгээгүй болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.М-, Н.Б-, Д.Н-, Ч.Э-, М.Э-, А.Б-, Т.Т- нарт холбогдох хэргийг мөн дүүргийн шүүхээр дамжуулан, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газарт буцаасугай.
2. Прокурорын газарт хавтаст хэрэг очтол Н.Б-, Д.Н-, Ч.Э- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, А.М-, М.Э-, Т.Т-, А.Б- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Ц.ОЧ
ШҮҮГЧ Н.БАТСАЙХАН