Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2022/00964

 

                                                ****ийн нэхэмжлэлтэй

                                                иргэний хэргийн тухай

  

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2020/02547 дугаар шийдвэр, 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2106 дугаар магадлалтай, 

****ийн нэхэмжлэлтэй,

****т холбогдох 

7,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Түвшинжаргалын гаргасан гомдлоор   

Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Хариуцагч ****, түүний өмгөөлөгч Ч.Түвшинжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 1. Нэхэмжлэгч **** нь ****т холбогдуулан 7,000,000 төгрөг төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ. 

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2020/02547 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д заасныг баримтлан хариуцагч ****аас 7,000,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.Одгийвт олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 126,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2106 дугаар магадлалаар Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2020/02547 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг нь хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т заасны дагуу хариуцагчийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 126,950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна. 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Түвшинжаргал хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...2 шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй тул хяналтын журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг гэж тодорхойлсон боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа баримтаар нотлоогүй. Маргааны зүйл болох Хар хорин худалдааны төвийн 18 тоот лангууны түрээслэгч нь Б.Батжаргал болох нь “Хар хорин хүрээ” ХХК-ийн 2020.08.18-ны өдрийн 2020/116 тоот бичгээр нотлогдож байгаа. Мөн 5007652090 дугаартай ХААН хаан банкны данс нь Б.Батжаргалын данс гэдэг банкны хуулгаар тус тус нотлогдож байгаа. Нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээний үүрэгт гэж тайлбарлаж байхад шүүх үндэслэлгүй хөрөнгөжсөн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй. Лангууны түрээсийн өмчлөгч биш байсан байна гэдэг нэрийдлээр ****аас мөнгө нэхэмжилсэн, Б.Батжаргалын данс руу мөнгийг нь хийсэн, “Хар хорин 5 давхрын 18 тоот лангууны гэрээ худалдаж” гэсэн гүйлгээний утга дээр бичээд хийсэн байдаг. **** тус 18 тоот лангууг худалдан аваад түрээс төлсөн баримт нь хэрэгт авагдсан. Лангууны түрээсийн өмчлөгч Б.Батжаргал байсныг мэдсэнгүй гэх үндэслэл байхгүй. Б.Батжаргалын данс руу мөнгө нь орсон. Б.Батжаргал уг лангууг ****ийн нэр дээр шилжүүлэхэд татгалзах зүйлгүй, өмнө худалдан авсан Ш.Мөнхсайхан нь Хар хорин худалдааны төв барьцаа болгон 1,500,000 төгрөг авдаг байсан, энэ барьцааны мөнгөө төлж чадахгүй байна, мөнгөтэй болохоороо нэр дээрээ шилжүүлж авна гээд шилжүүлээгүй байсан юм. Үүнийг нь шүүх 2 лангууг 1 лангуу зарсан мэтээр, мөн Б.Батжаргал, **** нарын дундын дансыг ялгаж салгаж дүгнэлт хийгээгүй. Б.Батжаргал, **** нарын хоорондын асуудлыг **** надад холбогдуулан шийдвэрлэсэн. Анхан болон давж заалдах шатны шүүх Хар хорин худалдааны төвийн 17, 18 18 тоот 2 лангууг дан ганц 18 тоот лангуун дээр үнэлэлт дүгнэлт өгч байгаа нь ойлгомжгүй. Маргаан бүхий 17 тоот лангууг **** худалдан авсан, 18 тоот лангуу Ш.Мөнхсайханы лангуу, 17, 18 тоот лангуу нийлээд Ш.Мөнхсайханд **** 17 сая төгрөгөөр зараад , 10 сая төгрөгийг аваад, үлдсэн 7 сая төгрөгийг 2019.10.01-ний өдөр авахаар тохиролцсон. Гэтэл Ш.Мөнхсайхан тохиролцсоноор мөнгөө өгч чадахгүй 17 тоот лангууг буцааж өгье гэж тохироод Ш.Мөнхсайхан ****т 17 тоот лангууг зараад, зарсан мөнгөө ****, Б.Батжаргал нарын дансаар шилжүүлсэн. **** нь тус 17 тоот лангууг эзэмшиж байсан нь “Хархорин хүрээ” ХХК-ийн 2020.08.18-ны өдрийн 2020/16 тоот албан бичгээр нотлогдож байгаа. **** тус 17 тоот лангууны өмчлөгч нь **** биш Б.Батжаргал байсныг мэдсэнгүй гэж нэхэмжлэл гаргадаг. ****ийн 7,000,000 төгрөг шилжүүлсэн данс нь Б.Батжаргал, **** нарын дундын данс байдгийг шүүх анхаарч үзээгүй. Нэхэмжлэгч худлаа Covid-19 цар тахалтай холбоотойгоор орлого муудлаа гээд л лангууг буцаах шалтгаан гаргасан. Энэ байдал нь цаг хугацаагаар нотлогдож байна. /2020.01 сард мөнгөө шилжүүлээд лангуугаа аваад ашигтай явж байгаад, 4 сард орлого муудаад ирэхээр/ магадгүй Covid-19 цар тахал гараагүй бол энэ лангуу олдохгүй байх байсан. Тус лангууг бид өнөөдөр очоод авъя гэхэд олдоод байдаггүй, ****ийн нэр дээр лангууг шилжүүлэхэд Б.Батжаргалын зүгээс татгалзах зүйлгүй. ****ийн ямар эрх нь хөндөгдөөд байгааг ойлгохгүй байна. Нэхэмжлэгч худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 7,000,000 төгрөг шилжүүлсэн, нэхэмжлэлийн үндэслэлээ тус 17 тоот лангууны өмчлөгч нь **** биш гэж тайлбарладаг. Гэтэл нэхэмжлэгчийн шилжүүлсэн мөнгө нь Б.Батжаргалын /17 тоот лангууны өмчлөгч/ дансанд орсон байдаг. Энэ баримтыг шүүх хэрэгт хамааруулж ач холбогдол өгөөгүй. Иймд дээрх үндэслэлүүдээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Түвшинжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна. 

6. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хэвээр үлдээжээ. 

7. Хоёр шатны шүүх талуудын хооронд үүссэн маргааныг хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ. 

8. Нэхэмжлэгч **** Хархорин худалдааны төвд байрлах лангууг 7,000,000 төгрөгөөр худалдан авахаар шилжүүлэн өгсөн мөнгөө буцаан гаргуулах тухай шаардлага гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, **** надаас лангуу худалдаж аваагүй, 2019 онд Ш.Мөнхсайханд лангууг худалдсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж зөрүүтэй тайлбар гарган мэтгэлцжээ. 

9. Хэрэгт 2019.06.14-ний өдрийн мөнгө авч өгсөн хэлцэл гэх баримт авагдсан байх бөгөөд уг баримтад **** Ш.Мөнхсайханд “Хархорин хүрээ” ХХК-ийн 5 давхрын 17, 18 тоот лангууг худалдахаар тохиролцож, 10,000,000 төгрөг хүлээн авч, үлдэгдэл 7,000,000 төгрөгийг 2019.10.01-ний өдөр авахаар тохиролцсон байна. 

Түүнчлэн **** ****т 2020.01.04-ний өдөр 7,000,000 төгрөг шилжүүлсэн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга хэрэгт авагдсан байх бөгөөд зохигч 2020.01.04-ний өдөр мөнгө хүлээлцсэн баримт үйлдэж нотариатаар гэрчлүүлсэн, талууд энэ талаар маргаагүй болно. 

10. “Хархорин хүрээ” ХХК-ийн 2020.08.18-ны өдрийн 2020/116 тоот албан бичгээр Хархорин худалдааны төвийн ХҮТ-3 барилгын 5 давхрын 18 тоот лангууг Б.Батжаргал түрээсийн гэрээгээр ажиллуулж байсан, 2020 оны 4, 5, 6, 7 дугаар саруудын түрээсийн төлбөрийг төлөөгүй тул түрээсийн гэрээг цуцалсан нөхцөл байдал тогтоогджээ. 

11. Анхан шатны шүүхэд гэрч Ш.Мөнхсайхан “... ****т би хандаж нэр шилжүүлэх мөнгө байхгүй учраас зээл тавьж байгаад 10,000,000 төгрөг авсан. ...мөнгө байхгүй учраас лангууг нь болъё гэж хэлэхэд би танд өгөх мөнгө байхгүй, та өөрөө лангууг зараад мөнгөө олж ав гэсэн. ...лангууг зарах зар тавьсан чинь **** ирээд гэрчилгээг харахад миний нэр дээр биш байсан учраас танд мөнгө өгөхгүй эзэмшигчтэй нь уулзана гэсэн, ... **** тэр хоёр нотариатаар орсон. ...Тэгээд   **** ****т мөнгөө өгнө шүү дээ. Дараа нь над руу мөнгө шилжүүлсэн...” гэж мэдүүлсэн байна. 

12. Хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг хоёр шатны шүүх үнэлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй. 

13. Хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол хөрөнгө шилжүүлсэн этгээд хөрөнгөө буцаан шаардах эрхтэй байдаг тул **** “Хархорин хүрээ” ХХК-ийн 5 давхрын 17, 18 тоот лангууг захиран зарцуулах эрхгүй, түрээсийн гэрээний үндсэн дээр эзэмших эрхгүй атлаа Ш.Мөнхсайханд 10,000,000 төгрөгөөр худалдан борлуулсан, Ш.Мөнхсайхан лангууг буцаах болсонтой холбоотой ****ээс 2020.01.20-ны өдөр 7,000,000 төгрөгийг шилжүүлэн авснаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн талаар анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэсэн нь үндэслэл бүхий болжээ. 

14. Хариуцагч **** ****ийн шилжүүлсэн мөнгийг өөрийнх нь дансыг ашигласан, дансаар мөнгө орж шилжигдсэн, нэхэмжлэгчээс мөнгөн төлбөрийг авах эрхтэй байсан, бусад этгээдийн үүргийг дамжуулан авсан гэж нэхэмжлэгчтэй маргасан хэдий ч хэрэгт авагдсан нотлох баримтын хэмжээнд уг нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Энэ нь хариуцагч **** тайлбарын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлоогүй гэж үзнэ. 

15. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Түвшинжаргалын шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй гэсэн утга бүхий гомдлыг энэ тогтоолын 12, 13 дугаарт дурдсан үндэслэлээр хангах боломжгүй. 

16. Иймд анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчийн хоорондох эрх зүйн маргаанд хэрэглэгдэх хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн үндэслэлээ тодорхой заасан байх тул шийдвэр, магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Түвшинжаргалын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 184/ШШ2020/02547 дугаар шийдвэрНийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 2106 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Түвшинжаргалынхяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.  

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 126,950 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

                                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              П.ЗОЛЗАЯА 

                                    ШҮҮГЧИД                                                          Б.МӨНХТУЯА

                                                                                                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                               Д.ЦОЛМОН 

                                                                                                                Х.ЭРДЭНЭСУВД