Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2016 оны 12 сарын 07 өдөр

Дугаар 225

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга Х.Дашням,

улсын яллагч Д.Ууганцэцэг,

шүүгдэгч Б.Энх-Амгалан, түүний өмгөөлөгч Н.Одонтуяа

нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлтэй хийсэн хуралдаанаар Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201626010790 дугаартай хавтаст хэргийн шүүгдэгч

 

Монгол улсын иргэн, 1991 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр Ховд аймаг Манхан суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, ээж, дүү нарын хамт Ховд аймгийн Манхан сумын 5 дугаар баг, Ботгон гэх газарт оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, ПЖ91093010 дугаар регистртэй, Хэрээдийнхэн овогт Болдсүрэнгийн Энх-Амгаланд холбогдох хэргийг 2016 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Б.Энх-Амгалан нь 2016 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 30 дугаар гудамжны 04 тоотод үйл ажиллагаа явуулдаг Түшиг нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрийн хаалгыг төмрөөр эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлж бусдад 1.368.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан,

Мөн 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Бусдын батлан даалтанд өгөх  таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл прокурорын хяналтын шатнаас санаатай оргон зайлсхийсэн гэмт хэрэгт  холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Энх-Амгалан шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:

 

Мэдүүлэг өгөхгүй, гэмт хэрэг үйлдсэнээ хүлээж байна. Үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна, оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.

Хохирогч Т.Сайннэмэх мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

Би одоогоос нэг жилийн өмнө Болдсүрэнгийн Энх-Амгалан гэж залуутай танилцаж хамтран амьдарч эхэлсэн юм. Тэрээр надад 2015 оны 12 дугаар сарын үеэр Дарханаас ирэхдээ цалин гэж 700.000 төгрөг өгснөөс хойш ямар нэг цалин мөнгө өгөөгүй бөгөөд ажилд явлаа гээд алга болоод 20-30 хоног болоод эргэж ирдэг. Чухам ямар ажил хийгээд яваад байдгийг нь би мэддэггүй юм. Хамгийн сүүлд гэрээс 2016 оны 03 дугаар сарын 20-ны өдөр шагнал авах гэж байна, ажил руугаа явах гэж байна гэж хэлээд алга болоод 03 дугаар сарын 26-ныг хүртэл сураггүй болсон. Гэтэл 2016 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороонд байх манай дэлгүүрт хулгай орсон. Хулгайч манай дэлгүүрийн хойд талын давхар модон хаалганы цоожийг эвдээд дотогшоо орж нийт 1.368.000 төгрөгийн эд зүйл алдагдсан байсан. Би энэ эд зүйлсийг өөрийн хамтран амьдрагч Б.Энх-Амгалан авсан байх гэж бодоод цагдаагийн байгууллагад сэжиглэж байгаа талаараа хэлэхэд шалгалтын явцад Б.Энх-Амгалан хулгай хийсэн болох нь тогтоогдсон...Би Б.Энх-Амгалан гэх залууд гомдолтой байна, миний хамтран амьдрагч болохоос миний эзэмшлийн эд зүйлд дур мэдэн хүрч, эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй... гэжээ. /хх-22-24/,

Иргэний нэхэмжлэгч Б.Базарханд мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

 2016 оны 03 дугаар сарын 26-ны өглөө 09 цаг өнгөрч байхад миний бие Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороо, Содон хорооллын баруун талын автобусны буудал дээр байдаг ТҮЦ-ээ нээхэд үл таних залуу орж ирээд би АПУ компанид ажилладаг юмаа. Машин хөдөө эвдрээд мөнгө хэрэг болоод байна, тамхи худалдаж авах уу гэхээр нь...6 блок парламент , эссе 6, ченж эссе 6, улаан шонхор 4, улаан вест 4, сигар 7, бохем 1, нарийн ЛД 2, бүдүүн ЛД 8-ыг тус тус блокоор нь зарсан бөгөөд надаас нийт 800.000 төгрөг бэлнээр авсан юм...2016 оны 03 дугаар сарын 27-ны өдөр цагдаагаас хүмүүс ирээд хайрцагтай зүйл болон надад үлдсэн байсан тамхинуудыг хурааж авсан...Би энэ залуугаас авсан тамхинуудаа зах зээлийн үнээс доогуур авсан учраас хураалгасан тамхины мөнгөө нэхэмжлэхгүй...Тэр залуу надаас 892.000 төгрөг бэлнээр авч явсан...Надад ямар нэг гомдол санал болоод нэхэмжлэх зүйл байхгүй... гэжээ. /хх-25-27/,

Гэрч Ц.Болормаа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

 ...Энх-Амгалан хамгийн сүүлд 9 сарын дундуур манайд ирсэн, манайд ирээд нэг хоночихоод л явсан...Энх-Амгаланг ирэхээс өмнө манай ангийн Мягмарсүрэн, Мөнхдаваа хоёр над руу яриад Энх-Амгаланг батлан даагаад авсан, ирэхгүй байна. Чи ирвэл холбогдоод хэлээрэй гэж хэлж байсан...Манайд нилээн оройхон ирээд хоол унд идээд амарсан. Бид хоёр нээх тухтай юм ярьж чадаагүй... гэжээ. /хх-87/,

Гэрч Б.Мөнхдаваа мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

2016 оны 03 дугаар сарын дундуур Сонгинохайрхан дүүргийн цагдаа дээрээс батлан даалтанд авч байсан...2016 оны 04 дүгээр сарын эхээс Мөнгөншагай гээд мөрдөн байцаагч Энх-Амгалан прокурорт байхдаа оргосон талаар хэлээд, олж ирэх арга хэмжээ аваарай гэж хэлж байсан. Прокуророос Ууганцэцэг гээд хяналтын прокурор над руу яриад Энх-Амгаланг яаралтай олох хэрэгтэй байна. Наашаа ирүүлэх талаар хэлж байсан. Тухайн үед нь Мягмарсүрэн бид хоёр бас хайж байгаа талаар хэлсэн. Мөн цагдаагийн байгууллагаас бол тогтмол бид хоёр руу ярьдаг байсан...Мягмарсүрэн бид хоёр Б.Энх-Амгаланг батлан даалтанд авсан хугацаандаа алдсан учир олж өгөх талаар өөрсдийн санаачлагаар Дархан-Уул аймагт Бөхөө гээд ахындаа байхад нь бариад цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн. Дарханд байгаа талаар нь бол Энх-Амгалангийн ээжийнх нь эгч Жавзаа эгчээс асууж мэдсэн юм...гэжээ. /хх-88/,

Шүүгдэгч Б.Энх-Амгалан мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгтээ:

 

2016 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө 02 цаг өнгөрч байхад Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хорооны нутагт байх өөрийн хамтран амьдрагч Т.Сайннэмэхийн Түшиг дэлгүүрийн арын хаалгыг төмрөөр хөшиж эвдээд дотогшоо орж тамхинууд , архи, 3 лааз пиво авч гараад 03 цаг 30 минут болж байхад гарч хулгайлсан эд зүйлээ том хайрцагт хийж өргөж авч яваад төв зам руу орж Их нарангаас такси барьж 21 дүгээр хороолол орж, Содон хорооллын урд талын түцэнд ирж авч явсан байх бүх тамхиа 892.000 төгрөгөөр өгч мөнгөө бэлнээр нь авсан... Хаалга эвдсэн төмрөө хаясан...Би ганцаараа хулгай хийсэн бөгөөд Т.Сайннэмэхэд учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулсан...2016 оны 05 дугаар сарын сүүлээс эхлэн Шувуун фабрикт хайрга ялгадаг байгууллагад гагнуурчнаар ажилласан. Ажиллаж байх хугацаандаа уг ажлын байран дээрээ хонож байрлаж байсан. Тухайн үедээ намайг мөрдөн байцаагч Мөнгөншагай 2 удаа дуудаж байцаалт авсан. Би очиж байцаалт өгсөн. Харин хэргийг прокурор руу шилжүүлсэнээс хойш би очоогүй ...2016 оны 09 дүгээр сарын 08-ны шөнө 02 цагийн үед батлан даалтанд авсан байсан Мягмарсүрэн, Мөнгөндаваа 2 намайг барьж Улаанбаатар хотод авчирч цагдаад барьж өгсөн...Би бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байснаа ойлгож байсан. Хүлээх хариуцлагын талаар мөн мэдэж байсан...гэжээ. /хх-41-45/,

 

Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 30 дугаар гудамжны 04 тоотод үйл ажиллагаа явуулдаг Түшиг нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрт хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, схем зураг, фото зургийн үзүүлэлтүүд /хх 4-13/,

Түшиг хүнсний дэлгүүрээс алдагдсан эд зүйлийн үнэлгээ 1.368.700 төгрөг /хх 60-61/, шүүгдэгч Б.Энх-Амгалан урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /хх-47,87/, эд зүйл хураан авсан /хх-14-17/, хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-20/, бусад бичгийн болон эд мөрийн баримт зэрэг болно.  

Шүүгдэгч  Б.Энх-Амгалан 2016 оны 03 дугаар сарын 25-наас 26-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага нарангийн 30 дугаар гудамжны 04 тоотод үйл ажиллагаа явуулдаг Түшиг нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрийн хаалгыг төмрөөр эвдэн нэвтэрч эд зүйл хулгайлжиргэн Т.Сайннэмэхэд 1.368.000 төгрөгийн буюу бага бус хэмжээний хохирол учруулсан, 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр Бусдын батлан даалтанд өгөх  таслан сэргийлэх арга хэмжээ авагдаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар хүндэвтэр хэрэгт яллагдагчаар татагдан шалгагдаж байхдаа 2016 оны 05 дугаар сарын 23-ны өдрөөс 2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл прокурорын хяналтаас оргосон болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон хавтас хэрэгт авагдаж шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хохирогч Т.Сайннэмэхийн ...Хулгайч манай дэлгүүрийн хойд талын давхар модон хаалганы цоожийг эвдээд дотогшоо орж ..нийт 1.368.000 төгрөгийн эд зүйл алдагдсан байсан. Би энэ эд зүйлсийг өөрийн хамтран амьдрагч Б.Энх-Амгалан авсан байх гэж бодоод цагдаагийн байгууллагад сэжиглэж байгаа талаараа хэлэхэд шалгалтын явцад Б.Энх-Амгалан хулгай хийсэн болох нь тогтоогдсон... гэх /хх-22-24/, иргэний нэхэмжлэгч Б.Базархандын ...үл таних залуу орж ирээд би АПУ компанид ажилладаг юмаа. Машин хөдөө эвдрээд мөнгө хэрэг болоод байна, тамхи худалдаж авах уу гэхээр нь...би энэ залуугаас тамхиа зах зээлийн үнээс доогуур авсан...Тэр залуу надаас 892.000 төгрөг бэлнээр авч явсан. ...Надад ямар нэг гомдол санал болоод нэхэмжлэх зүйл байхгүй... гэх /хх-25-27/, гэрч Ц.Болормаагийн ...Мягмарсүрэн, Мөнхдаваа хоёр над руу яриад Энх-Амгаланг батлан даагаад авсан, ирэхгүй байна. Чи ирвэл холбогдоод хэлээрэй гэж хэлж байсан... гэх /хх-87/, гэрч Б.Мөнхдаваагийн ...мөрдөн байцаагч Энх-Амгаланг прокурорт байхдаа оргосон, олж ирэх арга хэмжээ аваарай гэж хэлж байсан. Прокуророос Ууганцэцэг гээд хяналтын прокурор над руу яриад Энх-Амгаланг яаралтай олох хэрэгтэй байна гэсэн...Мягмарсүрэн бид хоёр бас хайж байгаа талаар хэлсэн...Б.Энх-Амгаланг...Дархан-Уул аймагт Бөхөө гээд ахындаа байхад нь бариад цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгсөн... гэх /хх-88/, шүүгдэгч Б.Энх-Амгалангийн ...өөрийн хамтран амьдрагч Т.Сайннэмэхийн Түшиг дэлгүүрийн арын хаалгыг төмрөөр хөшиж эвдээд дотогшоо орж...эд зүйлийг том хайрцагт хийж өргөж авч яваад...Содон хорооллын урд талын ТҮЦ-нд ирж авч явсан байх бүх тамхиа 892.000 төгрөгөөр өсөн...хэргийг прокурор руу шилжүүлсэнээс хойш би очоогүй ...2016 оны 09 дүгээр сарын 08-ны шөнө 02 цагийн үед батлан даалтанд авсан байсан Мягмарсүрэн, Мөнгөндаваа 2 намайг барьж Улаанбаатар хотод авчирч цагдаад барьж өгсөн... гэх /хх-41-45/ мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсан тогтоол /хх-36-37/, эрэн сурвалжлах ажлыг гүйцэтгүүлэхтэй холбоотой баримтууд /хх-76,78/, бусад бичгийн болон эд мөрийн баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Иймд Б.Энх-Амгаланг бусдын агуулах саванд нэвтэрч 1.368.700 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хулгайлсан, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа прокурорын хяналтаас оргосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 261 дүгээр зүйлийн 261.1 дэх хэсэгт заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.Сайннэмэх учирсан хохиролыг шүүгдэгч бүрэн төлж барагдуулсан, хохирогч нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэдгээ бичгээр илэрхийлснийг дурдав.

 

Шүүгдэгч Б.Энх-Амгаланд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, бусдад учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.9-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, түүний хувийн байдал,  үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсаныг   харгалзан шүүхээс оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

 

Энэ  хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Стандарт архины шил 1 ширхэг, Нийслэл пивоны төмөр лааз 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Б.Энх-Амгшалан нь 2016 оны 9 дүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн одоог хүртэл нийт 81 хоног цагдан хоригдсоныг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцов.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэрээдийнхэн овгийн Болдсүрэнгийн Энх-Амгаланг  агуулах саванд нэвтэрч бусдын бага бус хэмжээний буюу 1.368.000 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг хулгайлсан, бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан байхдаа прокурорын хяналтаас оргосон гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

 

2.  Б.Энх-Амгаланг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 02  жил хорих ялаар, 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар  01 жил  хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар Б.Энх-Амгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2-д зааснаар оногдуулсан эд хөрөнгө хураахгүйгээр 02 жил хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 261 дүгээр зүйлийн 261.1-д зааснаар оногдуулсан 01 жил хорих ялыг багтаан, түүний биечлэн эдлэх ялыг эд хөрөнгө хураахгүйгээр 02 жил хорих ялаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 -д зааснаар Б.Энх-Амгаланд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1-д зааснаар Б.Энх-Амгалангийн цагдан хоригдсон 81 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт авагдсан эд мөрийн баримт болох Стандарт архины шил 1 ширхэг, Нийслэл пивоны төмөр лааз 1 ширхэг зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д заасныг журамлан Б.Энх-Амгаланд оногдуулсан 02 жил хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, 02 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүнд хяналт тавихыг Ховд аймгийн Цагдаагийн хэлтэст даалгасугай.

 

8. Ялтан Б.Энх-Амгаланд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн түүнд бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

9. Шүүхийн шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд ялтан, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Б.Энх-Амгаланг бусдын батлан даалтанд өгснийг хэвээр байлгасугай.

 

                             

                         

 

 

 

                     ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       Ц.ОЮУНЧИМЭГ