Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 10 сарын 10 өдөр

Дугаар 255

 

Г.Батсайханд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхимын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

Шүүгч Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Ш.Эрдэнэбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Энхтүвшин,

Нарийн бичгийн дарга Б.Дүүрэнжаргал нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 527 дугаар магадлалтай 201626010702 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэгийн гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, 1972 онд төрсөн, урьд ял шийтгүүлж байгаагүй Боржигон овогт Гунгаагийн Батсайхан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.2 дахь хэсэгт заасан “Орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгах” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Батсайханыг орчиндоо аюул учруулж болох амьтныг зохих хамгаалалтгүй байлгасны улмаас хүний амь нас хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 201 дүгээр зүйлийн 201.2 дахь хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хорих ялаар шийтгэж, эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Г.Батсайхан, түүний өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, өмгөөлөгч Б.Энхтүвшин нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэг хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо:  “...Шүүх хэргийн шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэснийг давж заалдах шатны шүүх ноцтой алдаа биш гэж үзсэн нь үндэслэлгүй байна. Гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учирсныг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон нь Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь заасан “хүндрүүлэх нөхцөл байдал нь уг хуулийн тусгай ангийн тодорхой зүйл хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болж байгаа бол түүнийг ял оногдуулахад харгалзаж үзэхгүй” гэснийг зөрчсөн. Энэхүү дүгнэлт нь Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийг хэрэглэх боломжгүй байдалд хүргэсэн. Г.Батсайханд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлийн 55.1.1, 55.1.3, 55.1.5 зэрэг хуульд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдлууд байгааг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийг хэрэглэх эсхүл Эрүүгийн хуулийн 201 дүгээр зүйлийн 201.2-д заасан хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Энхтүвшин хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “...Ш.Эрдэнэцэцэг өмгөөлөгчийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг дэмжиж байна. Анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж гомдол гаргасан. Шүүх Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаагүй. Гэмт хэргийн хүндрүүлэх нөхцөл байдлыг тусгай ангид зааснаар гэмт хэргийн бүрэлдэхүүний шинж болж байгаа бол гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохгүй гэсэн заалтыг хэрэглэсэн нь алдаа болсон гэж үзэж байна. Харин давж заалдах шатны шүүх уг алдааг ноцтой алдаа гэж үзээгүй, цаашид анхаарвал зохино гэж үзсэн. Нэгэнт хүний амь нас хохирсон тул Эрүүгийн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх хэсгийг хэрэглэх шаардлага байхгүй гэж үзэж байна. Хэргийн зүйлчлэлтэй маргахгүй байна. Эрүүгийн хуулийн 201 дүгээр зүйлд хор уршгийг болгоомжгүй учруулсан нөхцөл байдал байна. Хохирогчийн зүгээс гомдол, саналгүй гэсэн. Шүүгдэгч нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэгт холбогдсон. Ар гэрийн байдал хүнд эхнэр нь хагалгаанд орсон, бага насны хүүхэдтэй тул Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийг хэрэглэж, хорих ялыг тэнсэж, тодорхой хугацаагаар харгалзаж өгнө үү” гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн байцаан шийтгэх хууль ноцтой зөрчөөгүй байна. Хэргийн зүйлчлэл тохирсон тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгох саналтай байна” гэв.

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Г.Батсайхан нь 2016 оны 3 дугаар сарын 16-ны өдөр орчиндоо аюул учруулж болох амьтан буюу нохойгоо зохих хамгаалалтгүй байлгаснаас “Дундад ази” үүлдрийн нохой нь Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Шороотын амны задгай гэх газар гудамжинд 4 настай М.Гэндэнжамцыг хазаж, улмаар амь нас нь хохирсон гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 56 дугаар зүйлийн 56.1.4 дэх заалтад заасан “гэмт хэргийн улмаас хүнд хор уршиг учруулах” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдлыг анхан шатны шүүх давхардуулан дүгнэсэн нь буруу боловч, уг нөхцөл байдал нь ял оногдуулахад харгалзах цорын ганц хүчин зүйл болохгүй бөгөөд шүүх ял шийтгэл оногдуулах нийтлэг зарчимд тулгуурлан, шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан хорих ял оногдуулж, түүнийг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэснийг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхгүй гэж дүгнэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт, тайлбар зөв болно.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэгийн “Эрүүгийн хуулийн 61 дүгээр зүйлийг хэрэглэх эсхүл Эрүүгийн хуулийн 201 дүгээр зүйлийн 201.2-д заасан хорихоос өөр төрлийн хөнгөн ял оногдуулж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоол, магадлалыг тус тус хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 56 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 527 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Эрдэнэцэцэгийн хяналтын шатны шүүхэд хандаж гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                              ДАРГАЛАГЧ,

                              ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                            Т.УРАНЦЭЦЭГ

                              ШҮҮГЧ                                                                   Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН