Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 29 өдөр

Дугаар 1515

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 21з0/МА2018/00515

 

 

 

Б.Э-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч М.Наранцэцэг, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/01149 дүгээр шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Б.Э-н нэхэмжлэлтэй

Хариуцагч “ТА” ХХК, Н.Т-, Н.Н-, Ж.Н- нарт холбогдох

 

Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б

Хариуцагч ТА ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

Нэхэмжлэгч Б.Энхцацрал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “ТА” ХХК нь н.Нармандахтай харилцан тохиролцож Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 12 дугаар байрны 112 тоот 69.02 м.кв талбай бүхий 2 өрөө орон сууцыг 1 м.кв-ыг нь 800 000 төгрөгөөр, нийт 55 216 000 төгрөгт тооцож н.Наранмандахын өмчлөлд шилжүүлэх, н.Наранмандах нь ТА ХХК-д газрын эрх шилжүүлэхээр тохиролцсон. 2010 онд тус байр ашиглалтад орж, Ж.Н- 112 тоотод нүүж орсон боловч бартерт өгөх газраа “ТА” ХХК-ийн эзэмшилд шилжүүлээгүй. Тухайн газрыг манай компанид шилжүүлсэн тохиолдолд Ж.Н-ад 112 тоот орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхэд татгалзах зүйлгүй байсан.

Маргаан бүхий цаг хугацаа буюу 2010 оны үйл явдлуудад Ц.Сономцэрэн нь “ТА” ХХК-ийг төлөөлөх эрхгүй байсан. Мөн Ж.Н- нь “ТА” ХХК-ийн захирал Ц.Сономцэрэнд 60 000 000 төгрөг өгсөн гэж тайлбарлаж буй боловч уг үйл баримтыг нотлох баримтгүй.

Иймд Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 12 дугаар байрны 112 тоот орон сууцыг Н.Т-, Н.Н-, Ж.Н- нарын хууль бус эзэмшлээс чөлөөлж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Н.Т-, Н.Н- нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч буюу хариуцагч Ж.Н- шүүхэд гаргасан тайлбартаа: Иргэн Ж.Н- миний бие 2010 онд өөрийн найз “ТА” ХХК-ийн захирал Ж.Сономцэрэнтэй харилцан тохиролцож Алтай хотхоны 12 дугаар байрны 112 тоот 69.02 м.кв талбай бүхий орон сууцыг өөрийн эзэмшлийн газраар бартер хийх, 1 м.кв-ыг нь 800 000 төгрөгөөр тооцон нийт 55 216 000 төгрөгөөр авахаар тохиролцсон билээ. Ингээд явцын дунд Ж.Сономцэрэн уг газрыг авахгүй болсноор миний бие Олимп хотхоны ажлын байранд нь Ж.Сономцэрэнд 60 000 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Уг 2 өрөө орон сууцны үнэ бүрэн төлөгдсөн гэжээ.

 

Хариуцагч “ТА” ХХК шүүхэд гаргасан тайлбартаа: Баянгол дүүрэг, 1 дүгээр хорооны засаг даргын тодорхойлолтод Жамъянсүрэнгийн Наранбат гэх нэрийг Наранбатын Тулга гэх нэрээр хорооны тодорхойлолтод нэр нь буруу бичигдсэн. “ТА” ХХК-ийн улсын бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа ирсэн бөгөөд 2008 онд Ц.Даваасүрэн нь “ТА” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд байсан бөгөөд Ц.Сономцэрэн нь “ТА” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдээр хожим 2013 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр бүртгүүлснээс харахад маргаан бүхий цаг хугацаанд Ц.Сономцэрэн нь “ТА” ХХК-ийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхгүй байсан. Иймд Ц.Сономцэрэн болон Ж.Н- нарын хоорондын 60 000 000 төгрөгийн асуудал нь энэ хэрэгт хамааралгүй. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэхэд “ТА” ХХК-ийн зүгээс татгалзах зүйлгүй. Улсын Дээд шүүхийн 2017 оны 251 дүгээр тогтоолд дурдсанаар “ТА” ХХК-ийн зүгээс хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх тухай шаардаж байсан боловч энэ талаар холбогдох нотлох баримт байхгүй. Үүнийг Ж.Н- нар татгалзаж, маргаагүй. Маргаан бүхий цаг хугацаанд тухайн байранд Н.Т-, Н.Н- нар амьдарч байсан. Шинээр ирсэн нотлох баримтуудаар Ж.Н- нь тухайн 112 тоотод амьдарч байгаагүй бөгөөд амьдарч байсан эсэхийг нотлох баримт хэрэгт байхгүй. Харин Б.Энхцацрал нь 2011 онд шилжсэн бөгөөд Б.Э-н өмчлөл буюу улсын бүртгэлийн талаар маргаж байгаагүй, нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлтэй холбоотой бие даасан шаардлага гаргаагүй учраас бөгөөд нэхэмжлэлийн шаадлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 250 дугаар зүйлин 250.1-д заасныг баримтлан Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо, Энгельсийн гудамж, Алтай хотхоны 12 дугаар байрны 112 тоот орон сууцыг хариуцагч Н.Т-, Н.Н-, Ж.Н-, “ТА” ХХК-иудын хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэгч Б.Э-н нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 434 030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар тоггоосон журмыг зөрчсөн.  2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн шүүх хуралдаанд хариуцагч Н.Т-, Н.Н-, Ж.Н- нар хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч Ж.Дорж хурал эхлэнгүүт хаяж гарч явсан боловч шүүхийн шийдвэрт оролцсон мэт бичиж, хууль зөрчсөн.

                        Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай эргэлзээгүй үнэн зөв талаас нь үнэлээгүй. Шийдвэрт хариуцагч "ТА "ХХК-ийн захирал Ц.Сономцэрэнд "Олимп" хотхоны ажлын байранд нь 60 000 000 төгрөг өгсөн гэх нотлогдоогүй байдлыг үндэслэлээ болгосон. Үнэхээр 55 216 000 төгрөгөөр худалдахаар тохиролцсон юм бол яагаад 4 800 000 төгрөг илүү төлсөн, яагаад 2010 оноос хойш өмчлөх эрхийн гэрчилгээг өөрийн нэр дээр гаргаж өгөхийг шаардаагүй зэргийг анхаараагүй. Тухайн үед “ТА” ХХК-ийн захирлаар Ц.Сономцэрэн ажиллаж байсан эсэх нь эргэлзээтэй байхад хариуцагч “ТА” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн мэдүүлгийг үнэлээгүй.

                Шийдвэрт Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Худалдагч нэг эд хөрөнгийг хэд хэдэн этгээдэд худалдсан нь нотлогдоогүй байхад Ж.Н-ад худалдсан гэж үзсэн. Ж.Н- маргаан бүхий байрыг эзэмшилдээ авах үедээ газраар солино гэж эзэмшилдээ авсан болохоос худалдаж аваагүй. Худалдаж авсан тухай ямар нэг нотлох баримт байхгүй. Мөн Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 болон 183 дугаар зүйлийг тус тус хэрэглээгүй. Иймд нэхэмжлэлийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ТА ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.У давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Шүүх Баянгол дүүрэг, 1 дүгээр хороо Алтай хотхон 12 дугаар байр 112 тоот орон сууцыг хариуцагч Ж.Н- нь орон сууцны үнэ 60 000 000 төгрөгийг “Тайгам” Алтай ХХК-д төлсөн нь нотлогдсон гэж дүгнэсэн нь илтэд үндэслэлгүй бөгөөд хариуцагч нь иргэн Ц.Сономцэрэнд 60 000 000 төгрөгийг төлсөн гэж тайлбарладаг боловч хэрэгт энэ талаар баримт байхгүй. Мөн Ц.Сономцэрэн нь “ТА” ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээд биш, түүнд мөнгө өгсөн нь нотлогдоогүй байхад орон сууцны үнэ төлөгдсөн гэж дүгнэсэн. Шүүхийн шийдвэрийн үндэслэл нь тухайн хэрэгт хамааралтай байх гэдэгт нийцээгүй ба хариуцагчийн тайлбарыг нотлох баримт хэрэгт байхгүй. Хариуцагч Ж.Н- нь Б.Э-н нэр дээр өмчлөх эрхийн гэрчилгээ болон улсын бүртгэлийн талаар маргаагүй, сөрөг нэхэмжлэл гаргаагүй харин ч хариуцагч Ж.Н- нь Ц.Сономцэрэнтэй уулзаж асуудлыг шийдэе, эвлэрэх хугацаа өгөөч гэж хүсэлт гаргаж байсан. Иргэн Ж.Н- нь “ТА” ХХК-д орон сууцны төлбөрийг төлөөгүй тул иргэн Б.Энхцацралд орон сууцыг худалдан борлуулсан байхад шүүх Ж.Н-ыг орон сууцны үнийг “ТА” ХХК-д төлсөн гэж дүгнэсэн нь буруу тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүйд тооцож нэхэмжлэлийг хангаж өгнө үү.

            Шүүх “ТА” ХХК-д төлбөр төлөгдсөн талаархи эх сурвалжыг Ц.Сономцэрэнтэй холбож үүнийгээ хариуцагчийн эхнэр гэрч Баярмаагийн мэдүүлгээр хэмээн шийдвэрт тусгагдсан нь хууль зүйн хувьд гэрч тухайн хэрэгт ашиг сонирхолгүй этгээд байх, гэрчийн мэдүүлэг эх сурвалжид үндэслэгдсэн байх хуулийн шаардлага хангаагүй байхад шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон хууль бус. Мөн шүүх хуралд хариуцагч Ж.Н-, түүний өмгөөлөгч нар оролцоогүй байхад оролцсоноор шүүхийн шийдвэрт тусгасан хэт нэг талыг барьж хариуцагчид үйлчилсэн. Шүүх хэрэгт хамааралтай бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж шүүхээр судлан шинжлэгдсэн нотлох баримтаар хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтоогоогүй, шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй тул шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

            Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журмыг зөрчин маргааны үйл баримтыг буруу тогтоосны улмаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад  нийцээгүй байна.

            Нэхэмжлэгч Б.Энхцацрал шүүхэд хандан, хариуцагч “ТА” ХХК, Н.Т-, Н.Н-, Ж.Н- нарт холбогдуулан бусдын хууль бус эзэмшлээс орон сууцаа чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасныг хариуцагч “ТА” ХХК хүлээн зөвшөөрч, хариуцагч Н.Т-, Н.Н-, Ж.Н- нар эс зөвшөөрч, маргажээ.

            Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар нэхэмжлэгч Б.Энхцацрал нь хариуцагч “ТА” ХХК-тай 2010 оны 3 дугаар сарын 02-ны өдөр “Орон сууц захиалгаар барих гэрээ” нэртэй худалдах-худалдан авах гэрээ байгуулан маргааны зүйл болох Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар байрны 112 тоот 2 өрөө орон сууцыг 69 200 000 төгрөгөөр худалдан авч, улмаар гэрээний талууд үл хөдлөх эд хөрөнгийг улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлт гаргаснаар нэхэмжлэгч Б.Э-г дээрх орон сууцны өмчлөгчөөр 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр улсын бүртгэлийн Ү-2205041170 дугаарт бүртгэж гэрчилгээ олгосон үйл баримт тогтоогджээ. /хх-171-183 дахь тал/

            Хариуцагч Ж.Н-, “ТА” ХХК нар 112 тоот орон сууцны үнийг 55 216 000 төгрөгөөр тооцон, уг үнэд Ж.Н- газрын эрхээ шилжүүлэх, “ТА” ХХК газрын эрхийг эзэмшилдээ авсны дараа орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр харилцан тохиролцсон, Ж.Н- орон сууцыг 2010 онд эзэмшилдээ авсан үйл баримтын талаар зохигчид маргаангүй. Хариуцагч Ж.Н- дээрх арилжааны үүрэг биелэгдэх боломжгүй болсны улмаас орон сууцны үнийг “ТА” ХХК-д төлж, хууль ёсны эзэмшигч болсон гэж маргасан боловч үүнийгээ баримтаар нотлоогүй байна. Анхан шатны шүүх уг үйл баримтыг “... “ТА” ХХК нь орон сууцаа газраар солихоос татгалзсан тул Ж.Н- нь орон сууцны үнэ 60 000 000 төгрөгийг 2010 онд “ТА” ХХК-д төлсөн болох нь хариуцагчийн тайлбар, гэрч Б.Баярмаа нарын мэдүүлгээр тогтоогдсон” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй. Учир нь хариуцагч Ж.Н- шүүхэд “... явцын дунд Ц.Сономцэрэн уг газрыг авахгүй болсон учир миний бие 60 000 000 төгрөг ... өгсөн ...” 1хх-18 дахь тал/ гэж, “... газрын оронд байрны мөнгө төлөх хүсэлт гаргасныг Ц.Сономцэрэн зөвшөөрсөн ...” /1хх-42 дахь тал/, “...газрын гэрчилгээ гараагүй хүлээгдэж байх хооронд Олимп хотхон баригдаж эхлээд, үүнтэй холбогдуулан газраар бартерлахаа больж бэлэн мөнгөөр 60 000 000 төгрөг өгсөн ...” /1хх-209 дэх хуудасны ар тал/ гэж тус тус зөрүүтэй тайлбарласан байхаас гадна гэрч Б.Баярмаа нь “... 2013 онд бид хоёр хамт банкнаас аваад 60 000 000 төгрөгийг Ц.Сономцэрэнд өгөхөөр очсон, би гадаа нь машинд хүлээж байсан” гэж мэдүүлсэн байхад шүүх хариуцагч Ж.Н-ыг орон сууцны үнэ 60 000 000 төгрөгийг “ТА” ХХК-д төлсөн гэх үйл баримтыг тогтоогдсон гэж үнэлсэн нь учир дутагдалтай болжээ.

            Түүнчлэн хариуцагч Ж.Н- нь маргааны зүйл болох үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болсон, мөн уг орон сууцыг өөрийн ахдаа худалдсан учир хариуцагч Н.Т-, Н.Н- нарыг хууль ёсны эзэмшигч” гэх тайлбараа баримтаар нотлох үүргээ биелүүлээгүй байх тул /1хх-43 дахь тал/ хариуцагч нарыг 112 тоот орон сууцыг 2010 оноос хойш эзэмшиж байгаа гэх үндэслэлээр хууль ёсны, шударга эзэмшигч гэж үзэх боломжгүй.

            Иргэний хуулийн 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ж.Энхцацралын өмчлөх эрх нь 112 тоот орон сууцыг 2011 онд улсын бүртгэлд бүртгүүлснээр үүссэн бөгөөд Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт Иргэний хуулийн 183.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч байгаа этгээд эрхийн улсын бүртгэл буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд тийнхүү эрх шилжүүлж авч байгаа этгээдийн хувьд эрхийн улсын бүртгэл үнэн зөв гэж тооцох”-оор заасан тул нэхэмжлэгчийг маргааны зүйл болох орон сууцны хууль ёсны өмчлөгч гэж үзнэ. Иймээс нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасны дагуу хариуцагч нарын хууль бус эзэмшлээс орон сууцаа чөлөөлүүлэхээр шаардах эрхтэй.

Анхан шатны шүүх Иргэний хуулийн 250 дугаар зүйлийн 250.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул нэхэмжлэгч, хариуцагч “ТА” ХХК нарын давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулахаар шүүх бүрэлдэхүүн тогтов.

Шүүх хариуцагч, хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Н-ыг шүүх хуралдаанд оролцсоноор шүүхийн шийдвэрт бичсэн нь алдаатай байгаа хэдий ч энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй учир нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын энэ хэсгийг хангах боломжгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн       167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 102/ШШ2018/01149 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ж.Н-, Н.Н-, Н.Т- нарын хууль бус эзэмшлээс Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 12 дугаар байрны 112 тоот орон сууцыг чөлөөлсүгэй” гэж, 2 дахь заалтаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт зааснаар хариуцагч “ТА” ХХК-ийн, хууль бус эзэмшлээс Баянгол дүүргийн 1 дүгээр хороо, Алтай хотхоны 12 дугаар байрны 112 тоот орон сууцыг чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн зөвшөөрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 3 дахь заалтаар “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 434 030 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ж.Н-, Н.Н-, Н.Т- нараас 434 030 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Энхцацралд буцаан олгосугай” гэж нэмж өөрчлөн, “2, 3, 4” дэх заалтыг “3, 4, 5” гэж өөрчлөн дугаарлаж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч “ТА” ХХК нараас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус тус урьдчилан төлсөн 434 030 төгрөгийг шүүгчийн захирамжаар тус тус буцаан олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д заасны дагуу магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                      ШҮҮГЧИД                             М.НАРАНЦЭЦЭГ

 

                                                                                    Ч.ЦЭНД