Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 101/ШШ2020/02581

 

 

 

 

 

 

 

 

 2020         07          20                                     101/ШШ2020/02581

 

 

                                         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, шүүгчид Д.Золзаяа, Б.Цолмонгэрэл нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: “Г Э” ХХК

 

Хариуцагч: Х.Б

 

Гэм хорын хохиролд 23,181,892 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Намнансүрэн, хариуцагч Х.Б , хариуцагчийн өмгөөлөгч Б.Баяржаргал, иргэдийн төлөөлөгч Д.Алтаннавч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Янжинлхам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

  

 Нэхэмжлэгч “Г Э” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Намнансүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 277 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Х.Б ийг “Г Э” ХХК-д хөдөлмөрийн гэрээгээр “мэс заслын эмч”-ээр ажиллаж байхдаа эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс иргэн Л.Ганзаяагийн биел хүндэвтэр гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.1-д зааснаар ажилтан хөдөлмөрийн гэрээ буюу албан тушаалын дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэх явцад гэм буруутай үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ бусдад учруулсан гэм хорын хариуцлагыг түүний ажиллаж байгаа ажил олгогч хүлээх хуулийн зохицуулалтын дагуу манай байгууллагаас 23,181,892 төгрөгийг гаргуулах хохирогчид олгож шийдвэрлэсэн.

Хохирогч Л.Ганзаяад учруулсан 23,181,892 төгрөгийн хохирлыг манай компани иргэний хариуцагчийн хувиар бүрэн төлж барагдуулсан бөгөөд шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж хэрэг хаагдсан.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д зааснаар байгууллагад учирсан хохирол 23,181,892 төгрөгийг гаргуулан шийдвэрлэж өгнө үү.

Шийтгэх тогтоол, магадлал хүчин төгөлдөр болсон бөгөөд талуудын хэн аль нь гомдол гаргаагүй. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5 дахь заалтаар Г Э ХХК нь хохирогчид хохирлыг төлөөд, хариуцагчаас одоо нэхэмжилж байгаа. Нэг зүйлийг онцлох гээд байгаа. Хөөн хэлэлцэх хугацаатай холботой ямар үйл баримтууд өрнөсөн нь тодорхой болсон. Нийтэд илэрхий үйл баримтыг дахин нотлохгүй. Нэгэнт шийдсэн асуудлыг үгүйсгэх гээд байгаа. Үндэслэлгүй болохыг хүчинтөгөлдөр тогтоол магадлала, хавтас хэрэгт авагдсан баримтуудыг үндэслээд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Х.Б  шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г Э нь намайг хариуцагчаар татан 2019 оны 10 дугаар сарын 22-ны өдөр нэхэмжлэл гаргасантай танилцаад дараах хариу тайлбарыг гаргаж байна.

Г Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний 277 дугаар шийтгэх тогтоолоор намайг гэм буруутайд тооцсон хүчин төгөлдөр биш тогтоолыг үндэслэл болгожээ. Энэ тогтоол нь Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны 483 тоот магадлалаар надад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг Г Э мэдээгүй байна. ( Магадлалыг хавсаргав)

Миний бие Г Эт хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байх үед буюу 2015 оны 5 дугаар сарын 21-ний өдөр иргэн Л.Ганзаяад төлөвлөгөөт журмаар цөсний хүүдийг хэвлийн дурангийн аргаар авах мэс ажилбарыг гүйцэтгэсэн. Мэс заслын явцад өвчтөнд “цөсний хүүдийн цоргогүй хүүдий буюу scystic gallbladder” гэж нэрлэгддэг цөсний замын төрөлхийн гаж хөгжил тодорхойлогдсон. Мэс заслын явцад тохиолдсон энэхүү ээдрээтэй байдлыг харгалзан, тухайн нөхцөл байдалд тохирсон холбогдох арга хэмжээг авч, хэвлийд 1 трокарь (мэс заслын багаж оруулах зориулалт бүхий тусгай орц-багаж) нэмэлтээр байрлуулан, цөсний хүүдийг ретроград буюу ардаас нь хуулж авах техникээр мэс заслыг 1 цаг 51 минутанд хийж гүйцэтгэсэн болно.

Мэс засал дууссаны дараа уг хагалгааны явц, тохиолдсон нөхцөл байдал ба тухайн үед авсан арга хэмжээ, хагалгааны дараа учирч болох эрсдэл (цөсний ерөнхий суваг, цөсний хүүдийн ёроол 2-н завсар босоогоор, дээр доороос нь угтуулан тавьсан 2 клип буюу хавчаарууд цөсний ерөнхий сувагт хэт шахагдаж тавигдсан байх), гарч болох хүндрэл, хэрэв эрсдэл нь бодит болж хүндрэл гарвал түүнийг засах боломжит эмчилгээний арга, хагалгааны дараахь 24-48 цагийн турш өвчтөнийг ажиглах тактик баримтлах тухай зэргийг өвчтөн болон өвчтөний ар гэрт сайтар тайлбарлан хэлж, зурж ойлгуулсан. Мөн мэс заслын тэмдэглэл, хууль эрх зүйн баримт бичиг болох өвчтөний түүх зэрэгт анхааруулан тэмдэглэж, бичиж, зурж үлдээсэн байдаг.

Харамсалтай нь мэс заслын дараах 2 дахь өдөр буюу 2015 оны 5 дугаар сарын 23-нд өвчтөнд механик шарлалт эхэлсэн. Маргааш өглөө нь буюу 2015 оны 5 дугаар сарын 24-нд өвчтөн Л.Ганзаяад Транд Мед” эмнэлэгийн мэс заслын зөвлөх эмч Л.Амгалан хэвлийн нээлттэй аргаар цөсний ерөнхий сувгийг нарийн (өлөн) гэдэстэй холбох мэс ажилбарыг хийж гүйцэтгэсэн болно. Уг мэс ажилбарын үед миний бие Л.Амгалан эмчийн туслах мэс засалчаар оролцсон хийгээд хагалгааны явцад Л.Амгалан эмч цөсний ерөнхий сувгийг нарийн (өлөн) гэдэстэй холбохдоо нарийн гэдэсний өгсөх хэсгийг бүдүүн гэдэсний урдуур дамнуулан холбоход нь техникийн хувьд буруу бөгөөд та бүдүүн гэдэсний араар нь холбох ёстой гэдгийг анхааруулан хэлсэн боловч, зүгээр, Монголд ингээд л хийдэг юм гэсэн тайлбар хийж өөрийнхөөрөө холбоосыг гүйцэтгэсэн.

2015 оны 6 сарын эхээр өвчтөн эмнэлгээс гарсан. Эмнэлгээс гараад, мэс заслын дараахь үед буюу хяналтанд байх хугацаанд өвчтөнд үе үе хоолны дуршил алдагдах, хэвлийн дээд хэсэг, аюулхай орчмоор таталдаж өвдөнө гэсэн зовиурууд илэрч байсан. “Гранд Мед” эмнэлэгт хийлгэсэн шинжилгээнүүдээр цөсний ерөнхий сувгийг нарийн (өлөн) гэдэстэй холбосон холбоос (Л.Амгалан эмчийн гүйцэтгэсэн хагалгаа) нарийссан гэсэн онош тавигдсан. Уг холбоосны нарийсалтыг засуулахаар өвчтөн Солонгос улс руу эмчилгээнд явсан. Солонгос улсад эхний удаад 2015 оны 10 дугаар сарын 29-нд хэвлийн эхографийн хяналтан дор арьсны гаднаас зүүгээр хатгалт хийн цөсний ерөнхий сувгийг нарийн (өлөн) гэдэстэй холбосон холбоосны нарийсалтыг тэлж засах ажилбар хийсэн боловч энэ нь үр дүнгүй болсон. Улмаар 2015 оны 11 дүгээр сарын 9-нд мөн эмнэлэг дээр хэвлийн нээлттэй аргаар дахин мэс засал хийж цөсний ерөнхий сувгийг нарийн (өлөн) гэдэстэй холбосон холбоосны нарийссан хэсгийг засварлаж, дээш өгссөн нарийн гэдэсний хэсэг бүдүүн гэдэсний урдуур дамнаж буруу тавигдсан байсныг бүдүүн гэдэсний араар буюу хэвийн байрлалд оруулж зассан гэдэг нь Эрүүгийн хэргийн хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тодорхой байсан. Иргэн Л.Ганзаяагийн Солонгос улсад очиж 2 удаагийн мэс ажилбар болон мэс засал хийлгэсэн шалтгаан нь Л.Амгалан эмчийн гүйцэтгэсэн цөсний ерөнхий сувгийг нарийн (өлөн) гэдэстэй холбосон холбоос буруу хийгдсэнээс болсон.

Энэ бүгдийн эцэст өвчтөн Ганзаяа 2016 онд Хан-Уул дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтэст миний эсрэг гомдол гаргасны дагуу миний эсрэг эрүүгийн хэрэг үүсгэсэн.

Энэ хугацаанд Г Э нь 2015 оны 9 дүгээр сарын17-ны өдөр иргэн Л.Ганзаяатай эвлэрэлийн гэрээ гэгчийг байгуулсан байдаг. Энэ гэрээний гол зорилго нь намайг шүүхээс гэм буруутай гэж үзээгүй байхад өөрийн бизнесийн нэр төрийг хамгаалах зорилгоор байгуулсан гэрээ юм.

Иймд, ГрандМед эмнэлгийн зүгээс миний бие Г Эт мэс заслын эмчээр ажиллаж байхдаа эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498,1-д заасны дагуу 23,181,892 төгрөгийн гэм хор учруулсан гэх нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй болно.

Учир нь миний бие 1993 оноос 2012 оны хооронд Швейцарийн Холбооны Улсын Лузанны Их Сургуульд сурч төгсөөд тухайн улсын шат шатны ангилалын эмнэлгүүдэд мэс заслын чиглэлээр нарийн мэргэжил эзэмших рецидент эмчээс тасгийн эрхлэгч хүртэл 20 гаран жил ажиллах хугацаандаа, Лузанны Их Сургуульд Элэгний Цулцант Бэтэг сэдвээр АУ-ны докторын зэрэг хамгаалж, Бельгийн Вант Улсын Брюсель хотын Сант-Лукийн их сургуулийн эмнэлэгт элэг, цөс нойр булчирхайн нарийн мэргэжил эзэмшсэн бөгөөд энэ бүх хугацааны дараа эх орондоо эргэн ирж, өөрийн сурсан мэдсэн мэдлэг, ажлын ур чадвар, туршлагаа Монгол түмэндээ зориулахаар сэтгэл шулуудан ирсэн.

Г Эт хөдөлмөрийн гэрээгээр Мэс заслын тасгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа тус эмнэлгийн мэс заслын тусламж үйлчилгээг дэлхийн жишигт хүргэх хоёргүй сэтгэлээр ажиллаж байсан болно. Ажиллах хугацаанд Монголын мэргэжил нэгт зарим нэг мэс заслын эмч нараас, тухайлбал Л.Амгалан эмчээс Монгол бол Швейцар биш шүү, хамаагүй ингэж болохгүй шүү гэх мэт сөрөг сануулга, сүрдүүлэг ирдэг байсан боловч надад болон хэн нэг мэс засалчид тохиолдож болох мэргэжлийн эрсдэлийг энэ мэтээр мушгин, намайг илт гүтгэн харлуулж, гэмт хэрэгт холбогдуулах худал дүгнэлт гаргуулан доромжилно гэж санасангүй явсан.

Энэ нэхэмжлэлийг үнэн зөв шийдвэрлэнэ гэдэгт итгэлтэй байна гэв.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Б.Баяжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн тохиолдолд ялагдагчаар татаагүй. Б өд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосон. Х.Баямнмөнхөд холобгдох асууудал хэрэгсэхгүй, гэм буруугийн асуудалд ял оногдуулсныг Өршийлийн хулулиар өршөөсөн. Баямөнхдөд холобгдох хэсэг нь хэрэгсэхгүй болсон. Ажил олгогч Грандмед эмнэлгийн ажилтантай байгуулсан гэрээ зэрэг баримтууд авагдаж, баримтуудаар нотлогдох ёстой. Хөдөлмөийн гэрээний дагуу байгууллагад хохирол учруулсан гэж нэхэмжлэх ёстой байсан. Гэм буруугийн асуудал тогтоогдохгүй болохоор нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэгүй болгож өгнө үү гэв.

 

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч “Грандмед” ХХК нь хариуцагч Х.Б өд холбогдуулан, гэм хорын хохирол 23,181,892 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч талууд маргаж байна.

Шүүх, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 277 дугаар тогтоолоор, Х.Б ийг эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Х.Б өд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийн 1 жилийн хугацаагаар хасаж, 750,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилйн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Х.Б өд оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-т тус тус зааснаар иргэний хариуцагч “Г Э” ХХК-иас 23,181,892 төгрөг гаргуулж Л.Ганзаяад олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болон иргэний нэхэмжлэгч “Г Э” ХХК-ийн нэхэмжилсэн 32,008,950 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 483 дугаар магадлалаар дээрх шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтын “Эрүүгийн хулуийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б өд мэргэжлийн үйл ажиллагаа явуулах эрхийн 1 жилийн хугацаагаар хасаж, 750,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан прокуророос Х.Б өд 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 15.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлж зүйлчилсүгэй” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтын Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилйн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар Х.Б өд оногдуулсан ялыг өршөөн хэлтрүүлсэн заалтыг “2015 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг тус тус баримтлан Х.Б өд холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгосугай.” гэж тус тус өөрчилж шийдвэрлэсэн байх бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хуулийн хүчин төгөлдөр болжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 277 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 1 дүгээр заалтаар Х.Б ийг эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүйгээс хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 5 дугаар сарын 22-ны өдрийн 483 дугаар магадлалаар хэвээр үлдээн, шүүгдэгчийн гэм буруугийн талаар шүүх эцэслэн дүгнэсэн.

Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5.-д “Энэ хуулийн 498.1, 498.2, 498.4-т заасан этгээд өөрийн шууд санаатай буюу илтэд болгоомжгүй үйлдлээр гэм хор учруулсан бол гэм хорыг арилгасан байгууллага өөрт учирсан хохирлыг тухайн гэм буруутай этгээдээс шаардаж гаргуулах эрхтэй.” гэж зааснаар учирсан хохирлыг шаардах эрх нэхэмжлэгчид байх ба Иргэ  ий хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116.2.-д “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна.” гэж зааснаар уг хохирлын үндэслэлийн талаар дүгнэлт хийнэ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 277 дугаар тогтоолын тогтоох хэсгийн 4 дэх заалтаар “Гранд мед эмнэлэг” ХХК-иас Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 498 дугаар зүйлийн 498.1, 505 дугаар зүйлийн 505.1, 505.2-т тус тус зааснаар иргэний хариуцагч “Г Э” ХХК-иас 23,181,892 төгрөг гаргуулж Л.Ганзаяад олгож, нэхэмжлэлийн үлдэх хэсэг болон иргэний нэхэмжлэгч “Г Э” ХХК-ийн нэхэмжилсэн 32,008,950 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнээс үзэхэд, иргэний хариуцагч “Г Э” ХХК нь Л.Ганзаяад учирсан хохирлоос 23,181,892 төгрөгийг хариуцах болсон үндэслэл ойлгомжгүй, улмаар хариуцагч Х.Б ийн ямар үйлдэл холбогдол нь энэхүү 23,181,892 төгрөгийн мөнгөн дүнгийн хэмжээгээр хариуцлага хүлээлгэх үндэслэл болох эсэхэд шүүх дүгнэлт хийх боломжгүй байна.

Өөрөөр хэлбэл, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд иргэний хариуцагчаар оролцсон “Г Э” ХХК нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны дагуу 23,181,892 төгрөгийг 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдөр төлсөн байх боловч дээр дурьдсанаар, Л.Ганзаяад учирсан хохирлоос 23,181,892 төгрөгийг “Г Э” ХХК хариуцах болсон үндэслэл тодорхой бус байх тул маргаж буй мөнгөн дүнгийн хэмжээгээр Х.Б өд хариуцлага ногдуулахад учир дутагдалтай байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа болон шийтгэх тогтоолоор иргэний хариуцагч “Г Э” ХХК нь Л.Ганзаяад учирсан хохирлоос 23,181,892 төгрөгийг хариуцах болсон үндэслэл ойлгомжгүйн дээр нэхэмжлэгч нь эмнэлгийн тусламж үзүүлэх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй Х.Б ийн гэм буруутай үйлдэл нь Л.Ганзаяад учирсан нийт хохирол төлбөрөөс 23,181,892 төгрөгийн хэмжээгээр хариуцах үндэслэлтэй талаар нотлох баримтаар нотлоогүй.

Мөн түүнчлэн, Эрүүгийн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т тус тус зааснаар, гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол бий болсныг дурьдах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон                   

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 498 дугаар зүйлийн 498.5-д заасныг баримтлан, хариуцагч Х.Б өөс 23,181,892 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч “Г Э” ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 273,900 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                              Б.УНДРАА

 

      ШҮҮГЧИД                                              Д.ЗОЛЗАЯА

 

                                                                                                   Б.ЦОЛМОНГЭРЭЛ