Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Сосорбурамын Соёмбо-Эрдэнэ |
Хэргийн индекс | 101/2019/05001/И |
Дугаар | 001/ХТ2022/00979 |
Огноо | 2022-10-25 |
Маргааны төрөл | Бусад зээл, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 001/ХТ2022/00979
****гийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2020/02591 дүгээр шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 210/МА2020/02014 дүгээр магадлалтай,
****гийн нэхэмжлэлтэй,
****дхолбогдох
11,271,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анхбаярын гаргасан гомдлоор
Шүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Жамъяндагва, хариуцагчийн өмгөөлөгч А.Анхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
1. Нэхэмжлэгч **** ****д холбогдуулан 11,271,100 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.
2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2020/02591 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.3 дах хэсэгт заасныг үндэслэн хариуцагч ****аас 11,271,100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ****д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 195,286 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 195,286 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 210/МА2020/02014 дүгээр магадлалын тогтоох хэсэг хэрэгт авагдаагүй байна.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анхбаяр хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “...Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж чадаагүй байхад давж заалдах шатны шүүх түүнийг тодруулалгүйгээр хариуцагчаас 6,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Хэрэгт цугларсан эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлтийн нотлох баримтуудыг үнэлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтыг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй. ****гийн нэхэмжлэлтэй ****д холбогдох иргэний хэрэгт хариуцагч нь хариу тайлбар болон хэрэгт цугларсан эрүүгийн хэргийн хэрэг бүртгэлтийн ажиллагаанд гэрчээр өгч байсан мэдүүлэгт нэхэмжлэгч ****гаас нэг удаа л 6,000,000 төгрөг авсан тухайгаа тодорхой дурдсан бөгөөд уг 6,000,000 төгрөгийг хариуцагч нь нэхэмжлэгчээс зээлсэн асуудал байхгүй гэдгээ мөн тайлбарласан. Гэтэл давж заалдах шатны шүүх хариуцагчаас 6,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Нэхэмжлэгч **** нь хариуцагч ****д холбогдуулан автомашин худалдан авахад зээлдүүлсэн 11,271,100 төгрөгийг буцаан гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч зээлийн гэрээний харилцаа үүсээгүй гэж маргажээ.
6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг тухайн шүүхээр дахин хэлэлцүүлэх үндэслэл тогтоогдсон тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Анхбаярын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох тухай гомдлын агуулгаар хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй гэж үзлээ.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.1-д “Давж заалдах журмаар хэргийг 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр хянан шийдвэрлэнэ”, мөн хуулийн 167 дугаар зүйлийн 167.4-т “Магадлал хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор магадлалын агуулгыг бүрэн эхээр нь бичгээр үйлдэж, шүүх бүрэлдэхүүн гарын үсэг зурна” гэж тус тус зохицуулан заасан.
Хэрэгт авагдсан баримтаас үзвэл, ****гийн нэхэмжлэлтэй ****д холбогдох хэргийг давж заалдах шатны шүүхийн хянан шийдвэрлэсэн магадлалын тогтоох хэсэг авагдаагүй байв.
8. Давж заалдах шатны шүүхийн магадлалын тогтоох хэсэг хэрэгт авагдаагүй нь магадлалыг хүчингүй болгох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 169 дүгээр зүйлийн 169.1, 168 дугаар зүйлийн 168.1.5-д заасан үндэслэл болж байна.
Дээр дурдсан үндэслэлээр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаав.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 210/МА2020/02014 дүгээр магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр давж заалдах шатны шүүхэд буцаасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 110,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЦОЛМОН
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Б.МӨНХТУЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД