Булган аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 11 өдөр

Дугаар 767

 

Булган аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Хишигдэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

          Нэхэмжлэгч: Булган аймгийн ... оршин суух, Ц овогт Н.Н  -ын нэхэмжлэлтэй,

          Хариуцагч: Булган аймгийн ...  газар оршин суух, Т  овогт Ш.Ц  -д холбогдох, гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, дундын эд хөрөнгөөс оногдох хэсгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

          Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Н , хариуцагч Ш.Ц , шүүх хуралдааны нарийн бичгийн дарга П.Жаргалмаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч Н.Н  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  Миний бие Ш.Ц тай 2003 онд танилцан  2004 онд гэрлэлтээ батлуулсан. Бидний амьдрах хугацаанд 2004 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүү Ц.Д , 2005 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хүү Ц.С , 2011 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүү Ц.Д , 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр охин Ц.Х  нар төрсөн. Ш.Ц  маш догшин авирлаж 2017 онд гарыг минь хугалж, мөн хавирга гэмтээж, тархи толгойн өвчтэй болгосон. 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрөөс 05 дугаар сарын 12-ны өдөр удаа дараа зодож, нуруу, бөөр рүү цохисноос болж нуруу бөөр өвдөж маш хэцүү байна. Одоо би хүүхдүүдээ дагуулаад ах дүүгээрээ хонож явна. Бид нарыг хөөж туугаад хөдөө гадаа ч зөндөө хонож байсан. Ш.Ц  нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэнээс болж 3 удаа Булган аймагт баривчлагдаж явсан боловч засраагүй. Цаашид хамт амьдрахад амь насанд аюултай болсон. Байнгын хүчирхийлэлд өртөж, хутга мэс барин над руу болон хүүхдүүд рүүгээ дайрч довтолдог болохоор сэтгэл зүйн хувьд байнгын айдас түгшүүртэй байдаг болсон. Үргэлж амьд явах тухай бодох болсон.

          8-аас 16 насны 4 хүүхэдтэй, өрхийн орлого байхгүй, хүүхдийн мөнгөөр л амьдарч байна. Одоо Ш.Ц аас гэрлэлтээ цуцлуулж, 4 хүүхэддээ тэтгэлэг гаргуулж, мөн малын статистик тоогоор баталгаажсан бог, бод нийлсэн 304 толгой мал тоолуулснаас бидэнд ногдох хувийг тогтоож бидний өмчлөлд шилжүүлж өгнө үү гэв.

          Хариуцагч Ш.Ц  нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ... Хүүхдүүд маань над дээр байгаа нь ээжийгээ санана, ээж дээрээ байгаа нь намайг санана. Хүүхдүүдэд маань хэцүү байх тул гэрлэлтээ цуцлуулмааргүй байна. Эхнэртэйгээ эвлэрэн цаашид хамт амьдармаар байна.

          Хэрэв эхнэр Н.Н  нь эвлэрэхгүй гэрлэлтээ цуцлуулна гэвэл нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна гэв.

          Шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд зохигч эд хөрөнгийн маргааны хувьд эвлэрлийн гэрээг дараах байдлаар байгуулсан.

          2020 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн байдлаар нийт 160 тооны ямаа, 28 тооны хонь, 3 тооны адуу, 5 тооны үхэр байна.

          Иймд Н.Н  болон Ш.Ц  бид өнөөдрийн байдлаарх бүх малаа тэнцүү хувааж авахаар эвлэрч байна. Үүнээс

  •  Н  3 тооны үхэр /1 гунж, 1 охин бяруу, 1 эр бяруу/
  • Ц  2 тооны үхэр
  • Н  1 тооны адуу /хүрэн морь/
  • Ц  2 тооны адуу
  • Н  13 тооны хонь
  • Ц  15 тооны хонь
  • Н  80 тооны ямаа
  • Ц  80 тооны ямаа хувааж авахаар эвлэрлийн гэрээ байгуулав гэжээ. 

          Хэрэгт цугларсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

 ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Н.Н  нь хариуцагч Ш.Ц ид холбогдуулан гэрлэлтээ цуцлуулж, насанд хүрээгүй 4 хүүхдээ өөрийн асрамжид авч, эцгээс нь тэтгэлэг гаргуулах, хамтран өмчлөх дундын эд хөрөнгөө зургаан ам бүлдээ хуваалгахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

          Хариуцагч Ш.Ц  нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн бөгөөд зохигч эд хөрөнгийн шаардлага буюу хамтран өмчлөх дундын эд хөрөнгө болох малаа тэнцүү хувааж авахаар эвлэрлийн гэрээ байгуулсан.

          Нэхэмжлэгч Н.Н , хариуцагч Ш.Ц  нар 2004 оны 5 дугаар сарын 28-ны өдөр гэрлэлтээ батлуулсан бөгөөд тэдний дундаас 2004 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүү Ц.Д , 2005 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хүү Ц.С , 2011 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүү Ц.Д , 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр охин Ц.Х  нар төрсөн болох нь зохигчийн тайлбар, хэргийн 9-11-р хуудсанд авагдсан зохигчийн гэрлэлтийн гэрчилгээний хуулбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбараар тус тус тогтоогдож байна.

          Зохигч 2020 оны 05 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа бөгөөд хэн аль нь гэр бүлээ авч үлдэх талаар арга хэмжээ аваагүй байхын зэрэгцээ, гэрлэгчид эвлэрэх боломжгүй, нөхөр Ш.Ц  нь гэр бүлийн хүчирхийлэл үйлддэг болох нь зохигчийн шүүх хуралдаанд гаргасан тайлбар, Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэвэрийн хуулбар, шийтгэх тогтоолын хуулбар /хэргийн 12-18-р хуудас/-аар тогтоогдож байх тул Н.Н , Ш.Ц  нарын гэрлэлтийг цуцлах нь гэр бүлийн тухай хуульд нийцэж байна.

          Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт зааснаар хүүхдийн асрамжийн асуудлыг шийдвэрлэхэд хүүхэд долоо ба түүнээс дээш настай бол хүүхдийн саналыг харгалзана гэсэн байдаг тул хүү Ц.Д , хүү Ц.С , хүү Ц.Д , охин Ц.Х  нараас аав, ээжийнхээ хэнтэй нь хамт амьдрах талаар саналыг асуухад ээжтэйгээ хамт амьдрах саналаа шүүхэд гаргасан. Хариуцагч Ш.Ц  нь хүүхдийн асрамжид маргаагүй, эх Н.Н ын асрамжид үлдээхэд татгалзах зүйлгүй гэх тайлбарыг шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн шатанд гаргасан. Мөн эх Н.Н  нь хүү Ц.Д , хүү Ц.С , хүү Ц.Д , охин Ц.Х  нарыг өөрийн асрамжид авах хүсэлтэй гэсэн тул 2004 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүү Ц.Д , 2005 оны 07 дугаар сарын 11-ний өдөр хүү Ц.С , 2011 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр хүү Ц.Д , 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр охин Ц.Х  нарыг эх Н.Н ын асрамжид үлдээж, хуульд зааснаар хүү Ц.С , хүү Ц.Д , охин Ц.Х  нарыг эцэг Ш.Ц аар тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна. Харин хүү Ц.Д  нь 16 нас хүрсэн бөгөөд сургуульд суралцдаггүй болох нь зохигчийн тайлбараар тогтоогдсон тул эцэг Ш.Ц а түүнд тэтгэлэг төлөх үүргээс чөлөөлөгдөж байна.

          Иймд шүүх зохигчийн гэрлэлтийг цуцалж, хүү Ц.С , хүү Ц.Д , охин Ц.Х  нарыг эх Н.Н ын асрамжид үлдээж,  хүү Ц.С , хүү Ц.Д , охин Ц.Х  нарыг эцэг Ш.Ц аар тэжээн тэтгүүлж, тэтгэлэгийг хүүхдүүдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Н.Н д даалгаж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагад зохигч эвлэрлийн гэрээ байгуулсныг баталж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.

          Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч эд хөрөнгийн  шаардлагадаа ногдох 313200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 349730 төгрөгийг гаргуулж, 70200 төгрөгийг нэхэмжлэгчид, 279530 төгрөгийг Төрийн санд оруулахаар шийдвэрлэв.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6, 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

          1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар Н.Н  //, Ш.Ц  // нарын гэрлэлтийг цуцалсугай.

          2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт зааснаар 2004 оны 05 дугаар сарын 04-ний өдөр төрсөн хүү Ц.Д , 2005 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Ц.С , 2011 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн  хүү Ц.Д , 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Ц.Х  нарыг эх Н.Н ын асрамжинд үлдээсүгэй.

          3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2, 38 дугаар зүйлийн 38.5-д зааснаар 2005 оны 07 дугаар сарын 11-ний өдөр төрсөн хүү Ц.С ыг 16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, 2011 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн хүү Ц.Д , 2012 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр төрсөн охин Ц.Х  нарыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас хүртэл /суралцаж байгаа бол 18 нас хүртэл/ амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Ш.Ц аар тэжээн тэтгүүлж, тэтгэлгийг хүүхдийн хэрэгцээнд зарцуулахыг эх Н.Н д даалгасугай.

          4. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь тэтгэлэг төлөгчийн сарын цалин хөлс түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдаж, амьжиргааны баталгаажих түвшингийн хэмжээг өөрчлөгдөх бүрт хүүхдийн тэтгэлгийн хэмжээнд өөрчлөлт оруулж байхыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газарт даалгасугай.

          5. Нэхэмжлэгч Н.Н , хариуцагч Ш.Ц  нар өөрсдийн өмчлөлд байгаа малаа Н  3 тооны үхэр /1 гунж, 1 охин бяруу, 1 эр бяруу/, Ц  2 тооны үхэр, Н  1 тооны адуу /хүрэн морь/, Ц  2 тооны адуу, Н  13 тооны хонь, Ц  15 тооны хонь, Н  80 тооны ямаа, Ц  80 тооны ямаа хувааж авахаар эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.3, 106 дугаар зүйлийн 106.6, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, нэхэмжлэгч 313200 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагчаас 349730 /гурван зуун дөчин есөн мянга долоон зуун гуч/ төгрөгийг гаргуулж, 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг нэхэмжлэгчид, 279530 /хоёр зуун далан есөн мянга таван зуун гуч/ төгрөгийг Төрийн санд оруулсугай.

          7. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.4 дэх хэсэгт зааснаар Шүүхийн шийдвэрийн 1 хувийг хүчин төгөлдөр болмогц иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллага буюу Булган аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Даариймаад даалгасугай.

          8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч шүүхэд хүрэлцэн ирж, шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

           9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            Л.ХИШИГДЭЛГЭР