| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдины Эрдэнэбалсүрэн |
| Хэргийн индекс | 187/2017/0378/Э |
| Дугаар | 169 |
| Огноо | 2018-04-18 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | М.Буяннэмэх |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 169
Г.Тү- холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Батцэрэн, Д.Ганзориг, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор М.Буяннэмэх, шүүгдэгч Г.Тү-, түүний өмгөөлөгч Б.Батбаяр, нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 361 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 131 дүгээр магадлалтай 1710005740175 дугаар эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаярын гаргасан гомдлыг үндэслэн 2018 оны 04 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1977 онд төрсөн, 41 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, ял шийтгүүлж байгаагүй, Г.Тү- нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан “Тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, машин механизм ашиглаж хулгайлах” гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Г.Тү-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн хэргийн зүйлчлэлийг мөн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, Г.Тү-ыг гээгдэл эд хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн байна.
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаяр гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “Миний үйлчлүүлэгч бусдын эд хөрөнгийг хулгайлж бусдад хохирол учруулах санаа зорилгогүйгээр бусдын ярианаас “гээсэн мөнгө байгаа газрын байршил”-ыг тохиолдлын шинжтэй сонсоод очиж авсан. Анхан шатны шүүх эрүүгийн хэргийн дээрх нөхцөл байдлыг зөв тогтоосон бөгөөд шүүгдэгч Г.Тү-ыг дээрх мөнгийг авах болсон шалтгаан нь эзэнгүй мөнгө олсон гэх яриа түүнийг энэ үйлдлийг хийхэд хүргэсэн байна. Дээрх байдлаас түүний санаа, зорилго тодорхой харагддаг бөгөөд Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг нууцаар авах бус харин эзэн нь үл мэдэгдэх гээсэн мөнгийг авсан байна.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1.3-т заасныг буруу хэрэглэж шийтгэх тогтоолыг хүчингүй болгосон. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.5, 1.6-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байхад давж заалдах шатны шүүх үнэлэхгүй орхигдуулж хэргийг шийдвэрлэсэн. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж болох нөхцөлүүдийг заасан бөгөөд Г.Тү-ын хувийн байдал, хэргээ өөрөө илчилсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг харгалзан үзэж шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Мөн шүүх хуралдаанд прокурор М.Буяннэмэх гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн бодит байдалд нийцээгүй дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь буруу гэж үзэж байна. Хулгайлах гэмт хэрэг бол бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар, хүч хэрэглэхгүйгээр, шунахайн сэдэлтээр өөрийн болгох шууд санаатай үйлдэл гэж ойлгож байгаа. Гэтэл шүүгдэгч Г.Тү- нь гээгдэл мөнгийг гражид байгаа гэдгийг мэдээд буцаж очин тусгайлан хамгаалсан обьект руу нэвтэрч Х.Но-гийн хувцас хадгалах төмөр шүүгээг эвдэлж гээгдэл мөнгө, Япон улсын мөнгөн дэвсгэртийг авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна. Харин дээрх гэмт хэргийг үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байна. Прокурорын зүгээс давж заалдах шатны шүүхийн магадлалыг хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байгаа тул хэвээр үлдээх нь зүйтэй байна” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаярын гаргасан гомдлыг үндэслэн Г.Тү-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.
Прокуророос Г.Тү-ын 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 16 дугаар байрны граж буюу тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, үйлчлэгч Х.Но-гийн хувцас солих өрөөний төмөр шүүгээнээс 22.230.100 төгрөгтэй тэнцэх хэмжээний Япон улсын мөнгөн тэмдэгт /иен/ хулгайлсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хулгайлах гэдэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор нууцаар авч байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдэхгүй гэсэн дотоод итгэл бүхий сэтгэхүйн харилцааны нэгдэл бөгөөд тухайн үйлдлийг гээгдэл эд хөрөнгийг завших гэмт хэргийн шинжтэй адилтган үзэх боломжгүй юм.
Үйлчлэгч Х.Но- нь цэвэрлэгээ хийх явцдаа иргэн А.Ам-ын гээгдүүлсэн мөнгийг олж, улмаар гражид байрлах үйлчлэгч нарын хувцас солих өрөөнд өөрийн төмөр шүүгээнд хадгалж байгааг олж мэдээд, тухайн өрөөний хаалгыг эвдлэн хууль бусаар нэвтэрч, төмөр шүүгээний цоожийг эвдлэн мөнгө авсан үйл баримт тогтоогдсон байхад шүүгдэгч Г.Тү-ын энэхүү үйлдлийн талаар анхан шатны шүүх илтэд үндэслэлгүй хууль зүйн дүгнэлт хийж “Бусдын гээгдэл эд хөрөнгийг олж завшсан” мэтээр шийдвэрлэжээ.
Хохирогч А.Ам-ын гээгдүүлсэн мөнгийг олсон хүн бол Х.Но- бөгөөд түүний эзэнд нь өгөхөөр хадгалж байсан мөнгийг шунахайн сэдэлтээр, нууц далд аргаар авч байгаа Г.Тү-ын үйлдэл нь хулгайн гэмт хэргийн шинжийг агуулж байгаа талаарх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.
Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаярын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.3-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 131 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батбаярын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
ДАРГАЛАГЧ Б.ЦОГТ
ШҮҮГЧ Б.БАТЦЭРЭН
Д.ГАНЗОРИГ
Ч.ХОСБАЯР
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН