Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Төмөртогоогийн Энхжаргал |
Хэргийн индекс | 101/2020/00253/И |
Дугаар | 101/ШШ2020/01926 |
Огноо | 2020-05-26 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 26 өдөр
Дугаар 101/ШШ2020/01926
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Энхжаргал даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: МӨ ХХК нэхэмжлэлтэй,
Хариуцагч: СЭЗ холбогдох,
125,900,730 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч “С*******” *******-ын өмгөөллийн хөлсөнд төлсөн зардалд 15,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Бат-Эрдэнэ, хариуцагчийн өмгөөлөгч Б.Билгүүн, С.Амартүвшин, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Шинэцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “МӨ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ю.Н шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
“МӨ” ХХК-ийн захирал Ж.Туяа руу 2016 оны 10 дугаар сард С*******йн захирал, ректор Д.Б******* 99118297 утсаар холбогдон ажлын санал байна гэж хэлсний дагуу би маргааш нь тус сургууль дээр очиж, түүнтэй уулзахад захирал Д.Б******* “Манай сургууль нь одоо байгаа дотуур байрны баруун талын газрыг дууддага худалдаагаар худалдан авч сургуулийн эзэмшлийнх болгож байгаа бөгөөд үүнтэй холбогдуулж Гадаад оюутны байр барихаар сургуулийн удирдлага төлөвлөж, шийдсэн тул танай компаниар бариулах хүсэлттэй байна” хэмээн санал тавьж манай компани уг саналыг хүлээн авсан ба тэрээр “Газар эзэмших гэрчилгээг яаралтай гаргуулаад танай компанид мэдэгдэнэ, тэр үед танай компаний зүгээс холбогдох бүх бичиг баримтыг бүрдүүлж, хөөцөлдөх хэрэгтэй байна” гэсэн. Би зөвшөөрч саналыг хүлээн авсан болно. Удалгүй газрын гэрчилгээ гарч, манай компани бичиг баримт хөөцөлдөх ажлаа эхлүүлсэн ба С*******йн зүгээс шаардлагатай бүх бичиг баримтыг нотариатаар баталгаажуулж бидэнд өгч байсан болно. Газрын гэрчилгээ, байгууллагын гэрчилгээ, хүсэлт зэрэг баримтуудыг хавсарган барилгын дэвсгэр зургийг хийлгэсэн, үүний дараа загвар зураг буюу эскиз зургийг зургийн байгууллагаар хийлгэсэн. Барилгын зургийн байгууллагуудаас “А*******’' ХХК-ийг сонгон захирал Д.Б*******тай уулзуулж, барилгын ерөнхий харагдах байдал, өнгө, шийдэл, санаа оноог асуухад, захирал “бөөрөнхий хэлбэртэй барилга бариулмаар байна” гэсэн боловч бөөрөнхий барилга нь радиусаараа томордог учраас барилгын стандарт газарт нь бас тохирохгүй гэж үзэн одоо гаргасан барилгын зураг дээр тогтсон. Бид зургаа ярилцаж тохироод шийдэлд хүрсний дараа зургийн байгууллага нь эскиз зургийг боловсруулж, дахин Д.Б******* захиралд танилцуулсан. Үүний дараа дахин газрын гэрчилгээ, байгууллагын гэрчилгээ, С*******ас Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд хандсан албан бичгийг хавсарган баримтууд бүрдүүлж Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөнд хандсан. 2017 оны 5 дугаар сарын 09-ний өдрийн №МЗХ2017/05-09 Архитектур төлөвлөлтийн даалгавар гарсныг Нийслэлийн Хангарьд ордны 9 давхараас очиж авсан. /Архитектур төлөвлөлтийн уг даалгаврыг авахад их хүндрэл учирч байсан. Одоо байгаа хуучин дотуур байраа буулгаад дээр нь шинэ дотуур байр барь гэсэн шаардлагыг Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газраас тавьж байсан бөгөөд энэ талаар цаг тухай бүрт нь Д.Б******* захиралд мэдэгдэж байсан ба С*******йн зүгээс буулгах боломжгүй гэсэн албан бичгийг удаа дараа явуулж байсан болно. А даалгавар гарсан даруйд Д.Б******* захиралд мэдэгдсэн. Үүний дараа гэрээ байгуулах ажил эхэлсэн ба манай компаний зүгээс “Ажил гүйцэтгэх гэрээ”-ний төсөл боловсруулаад, Д.Б******* захиралд танилцуулахад захирал “ажил гүйцэтгэх гэрээ” хийхгуй, Концессын гэрээ хийнэ, учир нь 3 талт гэрээ байна, танай компаний зүгээс 33,3 хувь, С******* 33,3 хувь, бусад хөрөнгө оруулагч 33,3 хувь гэхдээ бусад хөрөнгө оруулалтын 33,3 хувийг С******* хариуцна, гаднаас хөрөнгө оруулалт оруулна гэсэн. Мөн одоо танай компаниас гаргасан зардал болоод цаашид гарах зардал бүр чинь гэрээнд заасан 33,3 хувьдаа багтаад явж байгаа” гэж хэлсэн. Талууд хоорондоо ярилцан тохироод 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр С*******йн захирал Д.Б*******ын өрөөнд бид Концессын гэрээг байгуулсан. Уг гэрээг байгуулах үед нэг талаас С*******йг төлөөлж, одоогийн захирал ректор н.Мөнхбаяр, тухайн үеийн захирал Д.Б*******, хуулийн зөвлөх С.Б нар нөгөө талаас “МӨ” ХХК-ийг төлөөлж, захирал Ж.Туяа болон компаний гүйцэтгэх захирал Ю.Н бид нар байсан бөгөөд бүгд гэрээтэй уншиж танилцан захирлууд гарын үсгээ зуран гэрээг баталгаажуулсан юм. Хуулийн зөвлөх С.Б нь тус гэрээг уншиж танилцаад “концессын гэрээ биш ажил гүйцэтгэх гэрээ л хийх юм байна, гэхдээ явцын дунд нэмэлтээр өөрчилж болно” гэж хэлж байсан. Концессын гэрээ байгуулсны дараа манай компаний зүгээс хөрөнгө босгох шаардлагатай болсон ба Барилгын ажлын зургийг “Apт капитал” ХХК-иар хийлгэхээр болж, 73,000,000 төгрөгийн гэрээг манай компани хийж, урьдчилгаа 25,000,000 төгрөгийг шилжүүлж зургийн ажлыг эхлүүлсэн. Барилгын зураг хийж байх хооронд хөрөнгө босгох зорилгоор компаний гүйцэтгэх захирал Ю.Нгийн эзэмшлийн, түүний амьдарч байсан Баянзүрх дүүрэг, *** тоот, 4 өрөө орон сууцыг 110,000,000 төгрөгөөр зарж, хөрөнгө босгосон. Ю.Н одоо түрээсийн байранд амьдарч байгаа ба маш их хохирч, гомдолтой байгаа болно. Зураг зурах үйл явц олон сарын хөдөлмөр шаарддаг. Дундын санхүүжилт болгож ахин 30,000,000 төгрөгийг өгсөн байдаг. Үүний дараа 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр “Soiltrade LLC” инженер геологи судалгааг 2,200,000 төгрөгөөр хийлгүүлсэн. Мөн шаардлагатай холбогдох бичиг баримтуудыг тухай бүр С*******ас гаргуулан авч байсан. Манай компани нь зураг хүлээж байх хооронд барилгын ажиллагаанд холбогдох 4 техникийн нөхцөл Үүнд: Ус сувгийн техникийн нөхцөл, Холбооны нөхцөл, Дулааны техникийн нөхцөл, Цахилгааны техникийн нөхцлийг тус тус хөөцөлдөж авсан. Ингээд зураг бэлэн болж, Ерөнхий төлөвлөгөөгөөр дахин батлуулах ажил эхэлсэн. Ерөнхий төлөвлөгөөгөөр батлуулахад шаардлагатай бичиг баримтуудыг нотариатаар батлуулж С*******ас гаргуулж авч байсан. Ерөнхий төлөвлөгөөний газраас Архитектур төлөвлөлтийн даалаврынхаа дагуу хашаагаа стандартын дагуу бариад модоо шилжүүл гэсний дагуу Хот тохижилтын газарт С*******йн зүгээс хүсэлт, албан бичиг гаргуулж, мод шилжүүлэгийн төлбөр гэж манай компаниас 7,871,260 төгрөгийг шилжүүлснээр, Хот тохижилтын газраас газар дээр нь байсан модыг шилжүүлж өгсөн. Мөн бид хашааны материал гэж 9,800,000 төгрөгөөр төмөр хийц худалдан авч хашааг бариж босгосон байгаа. Уг хашаа одоо ч С*******д байгаа. Ус сувгийн газраас манай компанид барилга барих газар доогуур байгаа бохир усны худаг шилжүүлэх шаардлагатай гэж мэдэгдсэний үндсэн дээр барилга барих талбайн газар доогуур байгаа бохирын хоолойг шилжүүлэх ажил эхэлсэн, энэ зардал нь 19,500,000 төгрөг болсон ба төлбөрийг манай компани төлсөн. Бид ажил эхлүүлээд явж байтал С*******йн оюутны дотуур байрны залгаа барилга болох “Оюуны ундраа” гэдэг байгууллага “нийтийн эзэмшил газар барилга барих гэж байна гэх” гомдол гаргасан байсан. Энэ үед манай компани болон С*******йн зүгээс удаа дараа тус газарт албан бичиг явуулж, газрын гэрчилгээгээ үзүүлж, танилцуулж байсан. Ажил хүлээгдэж байх хүгацаанд Нийслэлийн Онцгой байдлын ерөнхий газраар зураг хянуулсан зардал нь 200,000 төгрөг төлсөн. Бэлэн болсон зургаа Барилга хөгжлийн төвийн магадлалаар оруулсан зардал 1,469,470 төгрөг, мөн барилгын тэг тэнхлэг татуулах зардал 320,000 төгрөгийг тус тус манай компани төлсөн. Энэ хугацаанд С*******йн зүгээс 1 төгрөгийн зардал гаргаагүй, бүх л зардлыг манай компани гаргаж байсан ба компаниас гаргасан бүх зардлуудыг С*******йн талд тухай бүр танилцуулж байсан ба компаниас гаргасан бух зардлуудыг хариуцагч талд тухай бур танилцуулж байсан. Гэтэл одоо дээрх байдлыг үл тоомсорлон албан тушаалын эрх мэдлээр далайлган сурдүүлж, жирийн иргэн биднийг илтэд үл тоомсорлон, өөрсдийн хүлээсэн үүргээ зөрчиж, хохирол учруулсан байдлаа шууд үгүйсгэж, бие биерүүгээ буруугаа чихэж, төлбөр хохирлоо төлөхгүй байгаад гомдолтой байна. Манай компани уг сургуулийн зугээс санал болгосон Концессын гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж, барилга барихтай холбогдсон бичиг баримтууд болон бусад шаардлагатай бүхий ажлуудыг хийж гуйцэтгэхтэй холбоотойгоор компаний зүгээс нийт 125,900,730 төгрөгийн зардал гарч, маш их хохирсон. Гэрээний 1 тал болох С*******йн буруутай үйл ажиллагаанаас болж манай компаний санхүүгийн болон хэвийн уйл ажиллагаа 3 жил зогсож, доголдон, маш их эрсдэл, өр төлбөр үүсч, хохирч байна.
Иймд 125,900,730 төгрөгийг С*******ас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд баримтын хүрээнд 114,360,730 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж байна гэв.
Хариуцагч С*******, өмгөөлөгч Б.Билгүүн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
С******* нь Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/985 дугаар захирамжийн дагуу Баянзүрх дүүрэг, 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт “Оюутны байр”-ны зориулалтаар 2.221 мкв газрыг эзэмшдэг билээ. Дээрх газар дээр гадаад оюутны дотуур байр барихаар төлөвлөж, улмаар “МӨ” ХХК-тай 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр УБ-2017/07/20 дугаартай Барих-Шилжүүлэх Концессын гэх нэртэй гэрээг 3 /гурав/ жилийн хугацаатайгаар байгуулсан. Уг гэрээний 1.3-т зааснаар энэ гэрээний 1.2-д заасан концессын зүйл “Санхүү эдийн засгийн их сургуулийн оюутны байрны барилга барих төсөл” ба барих шилжүүлэхээр Концесс эззмшигч нь "МӨ" ХХК өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр санхүүжүүлэн барьж, С*******д шилжүүлэн өгөхөөр харилцан тохиролцож гэрээг байгуулсан. С*******йн эзэмшлийн дээрх 2.221 мкв газар дээрх барих Оюутны байрны "Барилгажих талбай” нь хөрш байгууллага болох "Оюуны ундраа групп" ХК-тай газрын маргаантай асуудлаар болон Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газрын 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн МЗХ2017/05-09 дугаартай Архитектур төлөвлөлтийн даалгавар"-ын 8 дугаар зүйлийн Архитектор төлөвлөлтийн шаардлагад “одоо байгаа хуучин оюутны байрыг аюулгүй байдлыг ханган буулгаж, барилгажих талбайн хэмжээнд хийц эдлэлийн хэвийн байдал болон холбогдох норм, дүрэм, стандартуудыг хангуулан төлөвлөлт хийх" гэсэн шаардлага тавьсан боловч манай сургуулийн зүгээс хуучин дотуур байрыг эхэлж буулгах боломжгүй зэрэг нөхцөл байдлаас шалтгаалан барилгын ажил зогсонги байдалтай байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.6-д “Төслийн нийт хөрөнгө оруулалт нь 4,846,931,875 төгрөг, концесс эзэмшигч “МӨ” ХХК нь нийт төслийн хөрөнгө оруулалтын нийт үнийн дүнгийн 33,3 хувьтай тэнцэх санхүүжилтыг гаргах 1,615,643,958 төгрөг бөгөөд барилга эхлэхтэй холбоотой гаргасан бүхий л зардлууд дээрх санхүүжилтэд багтах болно...”, 1.13-т “Оюутны дотуур байрны барилга байгууламжийг концесс эзэмшигч нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр концессын зүйлийг барьж дуусган, хүлээлгэн өгч, оруулсан санхүүжилтээ концессын зүйлийг ашиглалтанд хүлээлгэн өгснөөс хойш 1,5 жилийн хугацаанд С*******ас хавсралтад заасан хуваарийн дагуу эргэн төлүүлэх”, 3.1-д “Концесс эзэмшигч концессын зүйлийн Зураг төслийг боловсруулах, барьж байгуулах болон баталгаат хугацаан дахь чанараас хамаарсан эвдрэл гэмтлийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр хийж гүйцэтгэнэ”, 3.2-т “Концесс эзэмшигч нь Зураг төслийг боловсруулж Монгол Улсын хууль тогтоомжид заасны дагуу эрх бүхий байгууллагаар магадлуулах бөгөөд техникийн хяналтыг мэргэжлийн байгууллага хэрэгжүүлнэ” хэмээн тус тус заасан. Өөрөөр хэлбэл концесс эзэмшигч “МӨ" ХХК нь гэрээнд заасны дагуу Оюутны дотуур байрны барилга байгууламжийг өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр концессын зүйлийг барьж дуусгах, концессын зүйлийн зураг төслийг боловсруулах, эрх бүхий байгууллагаар магадлуулах үүргийг тус тус хүлээсэн бөгөөд талуудын хооронд байгуулагдсан гэрээ Концессын тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу дуусгавар болоогүй, гэрээнд зааснаар гэрээ цуцлагдаагүй болно.
Иймд "МӨ" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага, түүний хууль зүйн үндэслэл тодорхойгүй, нэхэмжлэлд дурдсанаар Санхүү эдийн засгийн их сүргуулийн буруутай үйл ажиллагаанаас эдгээр хохирлууд үүссэн гэх боловч хариуцагч гэрээний аль үүргийг хэрхэн зөрчсөн гэж үзэж буй нь ойлгомжгүй зэргээр хууль зүйн үндэслэлгүй нэхэмжлэл гаргасан байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.
... С******* нь БНСУ, БНХАУ, АНУ, Тайван, Их Британи, ОХУ зэрэг гадаад орны их, дээд сургуулиудтай хамтын ажиллагааны гэрээтэй ажилладаг бөгөөд 2+2 хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлдэг. Эдгээр орнуудтай хийгдсэн хамтын ажиллагааны гэрээнд гадаад багш, оюутнуудыг тав тухтай, аюулгүй, эрүүл орчинд амьдрах орон байраар хангах үүрэгтэй байдаг бөгөөд одоо байгаа 260 оюутан байрлах тус сургуулийн дотуур байр нь хүчин чадлын хувьд хүрэлцэхгүй байсан тул өөрийн эзэмшлийн газар дээр одоо байгаа оюутны дотуур байрны хажууд 7 давхар оюутны байрны өргөтгөлийг барихаар төлөвлөсөн. Улмаар "МӨ" ХХК-иар барилгын ажльи гүйцэтгүүлэхээр 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн УБ-2017/07/20 дугаартай “Барих-шилжүүлэх концессын гэрээ" гэх нэртэй гэрээг байгуулсан. Уг гэрээнд зааснаар С*******йн оюутны байрны барилгыг гүйцэтгэгч "МӨ” ХХК нь өөрийн болон өөрийн боломжоор олсон хөрөнгөөр санхүүжүүлэн барьж, шилжүүлэн өгч, оруулсан санхүүжилтээ концессын зүйлийг ашиглалтад хүлээлгэн өгснөөс хойш 1,5 жилийн хугацаанд С*******ас эргэн төлүүлэх, талууд төслийн нийт хөрөнгө орчулалт болох 4,846,931,875 төгрөгийг гүйцэтгэгч "МӨ" ХХК 33.3 хувьтай тэнцэх санхүүжилт болох 1,615,643,958 төгрөгийг /барилга эхлэхгэй холбоотой гаргасан бүхий л зардлууд дээрх санхүүжилтзд багтах байдлаар/, С******* нь 33.3%+33.3%-тай тэнцэх санхүүжилт болох 3,231,287,916 төгрөгийг тус тус хариуцах байдлаар харилцан тохиролцсон. Иймд гэрээний агуулгын хувьд талуудын хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д заасан Ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэж байна. Уг гэрээгээр ажил гүйцэтгэгч "МӨ" ХХК өөрийн материалаар гэрээнд заасны дагуу барилгын ажлыг гүйцэтгэн ажлын үр дүнг хүлээлгэн өгч, захиалагч С*******ас хэлэлцэн тохирсон хөлсийг хуваарийн дагуу төлөх үүргийг ту тус хүлээсэн болно.
Талуудын хооронд байгуулагдсан гэрээ хүчин төгөлдөр болсон эсэх талаар. Талуудын хооронд байгуулагдсан гэрээнд зааснаар "Төслийн санхүүжилтийн гэрээ” гэж концесс эзэмшигч “Модерн өргөө" ХХК нь хөрөнгө оруулагч, зээл олгогчтой төсөлд оруулах хөрөнгө оруулалт болон эргэн төлөлтийн нөхцлийн талаар хамтран ажиллахаар тохиролцож байгуулсан гэрээ хэмээн зааснаар гүйцэтгэгч "МӨ” ХХК барилгын 33.3 хувийн санхүүжилтийг гаргах санхүүгийн нөөц бололцоотой талаарх баримт буюу төслийн санхүүжилтийн гэрээг гэрээ байгуулагдсанаас хойш нэг сарын дотор байгуулж гэрээний урьдчилсан нөхцөлийг биелүүлснээ нотлон С*******д тайлан ирүүлж, С*******йн зүгээс урьдчилсан нөхцөлийг биелүүлснийг хүлээн зөвшөөрснөөр гэрээг хүчин төгөлдөр болохоор зохицуулсан. Иргэний хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1, 44.2-т зааснаар талууд гэрээгээ байгуулаад харин хүчинтэй болох нөхцөлийг нь тохиолдож болох тэр үйл явдлаас хамааралтай байдлаар тохиролцож болох бөгөөд болзлоо тохирохдоо мөн тодорхой хугацаа заах боломжтой. Иймд талуудын хооронд байгуулагдсан гэрээний 1.12 дахь хэсгийн зохицуулалтаар талууд гэрээ хүчин төгөлдөр болох нөхцөлийг зааж болзол тавьж хэлцэл хийсэн гэж үзнэ. Түүнчлэн УБ-2017/07/20 дугаартай гэрээг байгуулах өдөр талууд "2017 оны 8 дугаар сарын 20-ны дотор гэрээнд нөхөх нэмэлт засвар, өөрчлөлт, хөрөнгө орчулалтын эргэн төлөлт, улсын комисст хүлээлгэн өгөх, түүнээс хойших төлөлт зэргийг хэлэлцэх нөхцөлтэйгөөр энэхүү гэрээг байгуулав" хэмээн гэрээнд тэмдэглэгээ хийсэн. Учир нь талуудын гаргах санхүүжилт, түүнийг ямар хугацаатай, хэдийнээс эхэлж эргэн төлөх талаарх график тодорхой байж барилгын ажлыг эхлүүлэхээр тохиролцсон нь дараа нь үүсэх эрсдэлийг хаасан зохицуулалт байсан. Гэтэл гүйцэтгэгч "МӨ" ХХК нь гэрээний 1.12-т зааснаар 1 сарын дотор Төслийи санхүүжилтийн гэрээг байгуулаагүй, санхүүжилтийн эх үүсвэр тодорхойгүй, тухайн барилгын санхүүжилтийн тодорхой хувийг хариуцан барих нөөц бололцоогүй, өнөөдрийг хүртэл санхүүжилтийн асуудлаа шийдвэрлээгүй нь гэрээ хүчин төгөлдөр болох болзол хангагдаагүй тул хэлцэлд заасан эрх, үүрэг үүсээгүй гэж үзэж байна. Цаашилбал, төслийн нийт хөрөнгө оруулалтыг хянахтай холбоотой гэрээнд зааснаар Төслийн барилга угсралтын болон шаардлагатай бусад зардлын санхүүжилтийг барилгын ажлын хуваарийн дагуу Монгол Улсын аль нэг арилжааны банкин дахь концесс эзэмшигч "МӨ" XXK-ийн дансанд байршуулж төслийн зориулалтын дагуу зарцуулахаар харилцан тохиролцсон. Гэтэл гүйцэтгэгч “МӨ" ХХК нь С*******йн албан ёсны бичгэн зөвшөөрлийг авалгүйгээр ажлыг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд гэрээнд зааснаар арилжааны банкин дахь "МӨ" ХХК-ийн дансанд байршуулсан хөрөнгө оруулалтын мөнгөн хөрөнгөөс төслийн зориулалтын дагуу зарцуулах заалтыг зөрчиж хаанаас ямар зардлаар хийж гүйцэтгэсэн нь тодорхойгүй бэлэн мөнгөний баримтуудыг үйлдэж, зардал гаргасан хэмээн тайлбарлан маргаж байгаа нь үндэслэлгүй байна.
Гүйцэтгэгч "МӨ" ХХК нь захиалагчийн шаардлагад нийцээгүй барилгын зураг төслийг боловсруулсан тухайд. “МӨ” ХХК нь 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдер “А*******” ХХК-тай 04/17 дугаар "Барилгын зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ"-г байгуулж барилгын зураг төслийг боловсруулах ажлыг нийт 73,000,000 төгрөгөөр гүйцэтгүүлсэн хэмээн маргаж ажлын хөлсийг шаардаж байна. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3-т зааснаар ажлыг хүлээлгэн өгөх гэдэгт ажил гүйцэтгэгч өөрийн материалаар хийж гүйцэтгэсэн ажлыг захиалагчийн өмчлөлд шилжүүлэхийг ойлгодог. Гэтэл уг гүйцэтгүүлсэн гэх барилгын зураг төслийг гүйцэтгэгч "МӨ" ХХК өнөөдрийг хүртэл С*******д албан ёсоор танилцуулж, хүлээлгэн өгөөгүй. Сургуулийн зүгээс тухайн барилгын ажлын зураг төсөлтэй танилцаагүй, түүнчлэн захиалагчийн шаардлагад нийцээгүй, хүлээн авах боломжгүй хэмээн үзэж байна. Тодруулбал, Сургууль нь өөрийн эзэмшлийн 2,221 м.кв талбай бүхий газар дээр одоо байгаа оюутны дотуур байрны хажууд 7 давхар оюутны байрны өргөтгөлийг барихаар төлөвлөсөн байсан. Өөрөөр хэлбэл, эзэмшил газрын м.кв, одоо байгаа оюутны байрны байршил болон м.кв-ыг тооцож оюутны байрны хажууд ашигтай талбайг оролцуулан тохирох м.кв талбайд шинэ өргөтгөл барих байсан. Учир нь хуучин оюутны байраа буулгах боломжгүй буюу тус оюутны дотуур байр нь 260 оюутан хүлээн авах хүчин чадалтай, тус сургуульд сурдаг нийт оюутнуудын 40 хувь нь хөдөө, орон нутгаас ирж суралцдаг учир өргөтгөлийн барилгыг барих хугацаанд тус оюутны дотуур байраа ашиглах зайлшгүй шаардлагатай байсан. Хэрэв оюутны дотуур байраа буулгаад шинээр дотуур байр барих байсан бол эзэмшил газрын баруун урд хэсэгт 168 м.кв талбайд бус ашигтай талбайг бүхэлд нь хамруулж шинээр барилга барих байсан. Гэвч тийм төсөв хөрөнгийн боломжгүйгээс гадна дотоод оюутнуудаа байрлуулах өөр оюутны байргүй тул дээрх байдлаар хүсэл зоригоо бүрэн илэрхийлсэн. Гэтэл гүйцэтгэгч "Модерн өргөө" ХХК нь “хуучин оюутны байрыг буулгах" шаардлага бүхий Архитектур төлөвлөлтийн даалгаврыг гаргуулсан нь захиалагчийн ашиг сонирхлыг ноцтой зөрчсөн. Гүйцэтгэгчийн зүгээс оюутны байрыг буулгахгүй байдлаар холбогдох норм, дүрэм, стандартуудыг хангуулан төлөвлөлт хийж ажлын зургийг хийлгэнэ хэмээн хэлдэг байсан, зуpaг төсөл боловсруулах гэрээндээ ч "өргөтгөлийн барилгын зураг төсөл" хэмээн тусгасан боловч Барилгын иж бүрэн зургийг оюутны дотуур байрыг буулгах байдлаар хийлгэсэн байна. Иймд захиалагчийн шаардлагад үл нийцэх, хүсэл зоригийн эсрэг ажлыг хүлээн авах боломжгүй. Үүнээс гадна, хүлээлгэн өгөх гэдэгт ажлын үр дүн захиалагч ямар нэгэн саадгүйгээр хэрэглэх, ашиглах боломжийг бүрдүүлсэн байх шаардлагатай. Үүний тулд ажил гүйцэтгэгч эзэмшлийг шилжүүлэх бөгөөд шаардлагатай тохиолдолд ажлын үр дүнгийн талаар тайлбарлах, хэрэглэх зааврыг өгөх, ажлын үр дүнтэй холбоотой буюу гарч болох аюулын талаар сэрэмжлүүлэх үүрэгтэй. Гэтэл тухайн барилгын зураг төслийг С*******С нь хүлээн авч, тухайн зургийн дагуу барилгын ажлыг гүйцэтгэх боломжгүй юм. Иргэний хуулийн 349 дүгээр зүйлийн 349.1-д зааснаар Захиалагчийн гомдлын шаардлага гаргах хугацааг тодорхойлсон боловч гүйцэтгэгч компани хуулийн 346 дугаар зүйлийн 346.1-д зааснаар барилгын зураг төсөлтэй холбоотой гүйцэтгэсэн ажлыг албан ёсоор xүлээлгэж өгөөгүй тул гомдлын шаардлага гаргах хуулийн хугацаа тоологдохгүй бөгөөд ажлын хөлсийг төлөхийг шаардах эрх үүсэхгүй юм.
Гүйцэтгэгч “МӨ” ХХК үндэслэлгүйгээр гэрээг цуцалсан тухайд.
"Модерн өргөө” ХХК нь 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн огноо бүхий 10/4 дугаартай гэрээг цуцалсан агуулга бүхий албан бичгийг С*******С-д 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр ирүүлсэн. Уг албан бичигтээ "С*******С Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Оюутны А хотхонд байрлах С*******С-ийн дотуур байрны залгаа хүзүүвчээр холбогдсон сургуулийн гадаад оюутан, багш нарт зориулсан өргөтгөлийн барилга угсралтын ажлыг түлхүүр гардуулах нөхцөлтэйгээр иж бүрэн гүйцэтгүүлэх саналыг тавьсан... танай байгууллага гэрээний үүргээ даган мөрдөхгүй удаа дараа манай байгууллагыг хохироож байна. Гэрээнд заасны дагуу гарсан зардал болох 125,900,730 төгрөгийг нэхэмжилж байна. Манай байгууллага тус гэрээг цуцлах хүсэлтэй байгаа бөгөөд холбогдох хуулийн байгууллагаар шийдвэрлүүлнэ” гэжээ. Тус албан бичигт дурьдсанаар С*******С нь гэрээний аль заалтыг хэрхэн зөрчсөн гэж үзэж байгаа нь тодорхойгүй байхаас гадна Захиалагчийн зүгээс гэрээнд заасан үүргээ зөрчсөн зүйл байхгүй тул гүйцэтгэгчийн зүгээс хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээг цуцалсан гэж үзнэ. Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.5-д заасан зохицуулалтаар гүйцэтгэгч хүндэтгэн үзэх онцгой нөхцөл байдал үүссэн бөгөөд ажил гүйцэтгэгчийн гэм буруу байхгүй бол гэрээг цуцлах боломжтой боловч захиалагч нь гэрээ цуцлагдах хүртэл гүйцэтгэсэн ажлын үр дүнг хүлээн авахыг хүсвэл ажил гүйцэтгэгч нь тохирох хөлс төлөхийг шаардах эрхтэй байна. Эсрэгээр, гэрээг цуцлах хүртэл гүйцэтгэгдсэн ажлын үр дүнг захиалагч хүлээж аваагүй бол ажил гүйцэтгэгчид хөлс төлөхийг шаардах эрх үүсэхгүй.
Иймд гэрээг байгуулах үед ажил гүйцэтгэгч ямар үр дүнг бий болгох ёстой талаар гэрээндээ харилцан тохиролцсоны дагуу ажлын үр дүнг бий болгохоос гадна түүнийг ямар нэгэн доголдолгүйгээр хүлээлгэн өгөх шаардлагатай. Энэ нь ажил гүйцэтгэгчийн зайлшгүй биелүүлэх үүрэг бөгөөд тухайн ажил хэлэлцэн тохиролцсоноос өөр, гэрээнд нийцэхгүй тохиолдолд захиалагч түүнийг хүлээн авахаас татгалзах эрхтэй болохыг шүүх анхаарч үзнэ үү гэв.
Хариуцагч С******* шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ:
... С******* нь “МӨ” ХХК-тай 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр "Барих-шилжүүлэх концессын гэрээ'' гэж нэрлэгдсэн гэрээг 2017 оны 8 дугаар сарын 20-ны дотор дахин нэмэлт тодотгол хийх тохиролцоотой байгуулсан. Энэхүү гэрээний 1.6-д "Төслийн нийт хөрөнгө оруулалт 4,846,931,875 төгрөг Концесс эзэмшигч "МӨ" ХХК нь нийт төслийн хөрөнгө оруулалтын нийт үнийн дүнгийн 33,3 хувьтай тэнцэх санхүүжилтийг гаргах 1,615,643,958 төгрөг бөгөөд барилга эхлэхтэй холбоотой гаргасан бухий л зардлууд дээрх санхүүжилтэд багтах болно. Эрх бүхий этгээд С*******С-ийн талаас үлдсэн 33,3%+33,3%-тай тэнцэх санхүүжилт болох 3,231,287,916 төгрөгийн санхүүжилтийг бүрэн хариуцах бөгөөд хэрэв гэнэтийн шалтгаанаас үүдэн санхүүжилт гацсан тохиолдолд “С*******С"-нь нэмэлт урсгал санхүүжилтийг хийх болно" гэж заасан боловч энэ гэрээний 1.12-т “Энэхүү гэрээнд гарын үсэг зурсан өдрөөр гэрээ гэрээ байгуулагдсанд тооцогдох бөгөөд тус өдрөөс хойг 1 сарын дотор дор дурдсан нөхцөл бүрэн хангагдсанаар гэрээ хүчин төгөлдөр болно” Үүнд: 1.12.2-т “Концесс эзэмшигчийн үүрэг (d) Амь нас гэнэтийн ослын даатгал (e) Хариуцлагын даатгал (f) Төслийн санхүүжилтийн гэрээ” гэж заасны дагуу “МӨ” ХХК төслийн санхүүжилтийн гэрээгээ бүрэн бэлэн болгож буюу төслийн хөрөнгө оруулалтын нийт үнийн дүнгийн 33,3 хувьтай тэнцэх 1,615,643,958 төгрөгийг бэлэн болгосон байх үүргийг хүлээж энэ нөхцөл хангагдсанаар гэрээ хүчин төгөлдөр болохоор тохиролцсон. Гэвч "М" ХХК нь дээрх үүргээ биелүүлж "Төслийн санхүүжилтийн гэрээ"-г байгуулж, санхүүжилтийн хуваарийг батлуулаагүй, хөрөнгө оруулалтын асуудлаа шийдвэрлээгүй нь тухайн компани нь гэрээнд заасан санхүүжилтийг гаргах санхүүгийн нөөц бололцоогүй, гэрээний үрьдач нөхцөл хангагдаагүй байхад захиалагчийн зөвшөөрөлгүй хийж гүйцэтгэсэн ажлын төлбөр зэргийг оролцуулан
шүүхэд "125,900,730 төгрөг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргахдаа хашааны төмөр бэлдэц, хашаа барихтай холбоогой тээвэр, хоол унаа, цалин зэргийг оруулан 9,800,000 төгрөг нэхэмжилсэн байна. Гэтэл "МӨ" ХХК нь 2017 оны 8 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Нийслэлийн Засаг Даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/985 тоот захирамжаар "Оюутны байрны” зориулалтаар олгосон С*******С-ийн эзэмших 2221 м2 газарт Архитектур төлөвлөлтийн даалгаврын "Талбайн ерөнхий төлөвлөгөө, тохижилтод тавигдах шаардлага" хэсгийн зөвшөөрөлгүй хашаа барихгүй байх хэсэг, хашаа хайс барих тохиолдолд Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын тогтоолоор батлагдсан “Нийслэлийн нутаг дэвсгэрт хашаа, хайс барих, ашиглах, буулгах журам“-ыг зөрчиж С*******ас зөвшөөрөл авалгүй манай эдэлбэр газраас хэтрүүлэн барилгын түр хашааг барьсан байдаг. Улмаар "Оюуны ундраа групп" ХХК, "Монголын Санхүүгийн групп” ББСБ-аас 2017 оны 8 дугаар сарын 02-ны өдөр Хот төлөвлөлт ерөнхий төлөвлөгөөний газарт "Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Арслантай гүүрний зүүн урд талын автомашины зогсоол, явган хүний зам, ногоон байгууламж түүний хашаа хашлага, гэрлийн шон зэрэг нийтийн эзэмшлийн үнэ бүхий эд зүйлсийг эвдэн сүйтгэсэн ... энэхүү газарт барилга барих зөвшөөрөл олгохгүй байх, хэрэв олгосон байгаа бол энэ талаар үндэслэлээ мэдэгдэх, архитектур төлөвлөлтийн даалгаврыг хүчингүй болгох, үндэслэлгүй барьсан хашаа хашлагыг буулгах” гэх гомдлыг гаргасан. Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас 2017 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн албан бичгээр С*******д хандаж "Монголын санхүүгийн групп ББСБ" ХХК-иас ирүүлсэн гомдлын дагуу “Орчны газар, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөгч, эзэмшигчтэй ерөнхий төлөвлөгөөний хэмжээнд зөвшилцөн асуудал шийдвэрлэж ажиллах, зөвшилцлийг бичгээр баталгаажуулах хүртэл барилгын загвар зураг батлахыг түдгэлзүүлсэн” байдаг. Ийнхүү "Оюуны ундраа групп" ХХК-ийн зүгээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр “Монгол Улсын Газрын тухай хуулийг зөрчин С*******С-д Оюутны дотуур байрны зориулалтаар 2221 мкв газар олгосон Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/985 тоот захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэх шаардлага бүхий нэхэмжлэл гаргаснаар шүүхийн удаан хугацааны маргаан эхэлж 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр хүртэл үргэлжилсэн. С*******йн зүгээс "МӨ" ХХК-ийн зөвшөөрөлгүй хаалт хашаа барьсны улмаас газар эзэмших эрхээ хүртэл хүчингүй болгуулах ноцтой үр дагаварт хүрсэн тул өөрийн хууль ёсны дагуу эзэмших газрыг хамгаалуулж, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хадгалахаар Өмгөөллийн "Л*******" ХХН-тай гэрээ байгуулж эрх зүйн туслалцаа аван С.Э******* өмгөөлөгчийг "О” ХХК-тай 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдөр "Харилцан тохиролцох гэрээ” байгуулан маргаан шийдвэрлэгдтэл буюу нэг жил гурван сарын хугацаанд С*******йг төлөөлүүлэн ажиллуулж өмгөөллийн үйлчилгээний хөлсөнд 15,000,000 төгрөгийн зардал гаргасан. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийи 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн "Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татлазсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох захирамж”-аар баталсан 1 дугаар "Харилцан тохиролцох гэрээ''-ний 2.1.1-д "Гуравдагч этгээд "С*******" ТББ нь маргаан бүхий газарт зөвшөөрөлгүй баригдсан хашааг буулгах”, 2.1.2-т “Гуравдагч этгээд С*******С ТББ нь өөрийн эзэмшлийн 2221 мкь талбайгаар 2 машин зөрөх хэмжээний 6м өргөнтэй газрыг “О” ХХК-ийн үйлчлүүлэгч, ажилчид, түрээслэгч нарыг болон ойр орчмын иргэдийн машин орж, гарах, машин тавих зогсоолын зориулалтаар ашиглах боломж олгох”, 2.1.3-т “Нийтийн эзэмшлийн зориулалтаар дундаа хамтран ашиглаж буй газрыг 2 талын хөрөнгөөр тохижуулан ашиглах” гэж заасныг биелүүлэхээр болсон. Иймд “МӨ” ХХК нь зөвшөөрөлгүй хашаа бариагүй, “О” ХХК-ийн орц гарцыг хаагаагүй бол дээрх маргаан үүсэж нэг жил гаруйн хугацаа алдаж, өмгөөлөгчийн зардал гаргах шаардлага байхгүй байсан. Мөн С******* нь “МӨ" ХХК-ийн хашаа барих. зөвшөөрөлгүй барилгын ажил эхлэх гэж оролдсон нөхцөл байдлаас өмнө “О" ХХК-тай ямарваа нэгэн маргаан, үл ойлголцол байхгүй байсан болохыг нэмж дурдах нь зүйтэй байна. 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн "Хамтран тохиролцох гэрээ" байгуулан маргаан дууссанаас хойш С******* нь "МӨ” ХХК-д удаа дараа "Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраас эдэлбэр газраас хэтрүүлэн хашсан нийтийн эзэмшлийн гудамж замыг чөлөөлөх тухай шаардлага ирсэн, "О” ХХК-тай хашаагаа буулгавал эвлэрэх талаар дурдаж шаардлага тавьж байхад хэрэгжүүлээгүй байдлаас шалтгаалан "Оюуны Ундраа Групп” ХХК, Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас "зохих зөвшөөлгүйгээр эзэмшиж байгаа газрынхаа талбайн хэмжээг дур мэдэн нэмэгдүүлж, илүү талбай ашиглаж буй зөрчлөө арилгахгүй бол газар эзэмших эрхийг цуцлах хүртэл арга хэмжээ авах талаар шаардлага, мэдэгдлүүдийг ирүүлсээр байсанд С******* нь 2019 оны 8 дүгаар сарын 03-ны өдөр өөрийн зардлаар, өөрийн алба хаагчдийг дайчлан хашааг буулгасан.
Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д "Үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т “Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлтэй шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ ...” гэж заасны дагуу сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэж С*******д учирсан хохирол болох Өмгөөллийн үйлчилгээний хөлс 15,000,000 төгрөгийг гаргуулж шийдвэрлэж өгнө үү гэв.
Нэхэмжлэгч “МӨ” ХХК сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа:
"М ХХК-ийн нэхэмжлэлтэй С*******д холбогдох иргэний хэрэг тус шуүхэд хянагдаж байна. Хариуцагчийн зүгээс гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад эс зөвшөөрөн дараах хариу тайлбарыг хүргүүлж байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 73 дугаар зүйлийн 73.2-т “Сөрөг нэхэмжлэлийн шаардлага үндсэн нэхэмжлэлтэй шаардлагатай тооцогдох байвал шүүх сөрөг нэхэмжлэлийг үндсэн нэхэмжлэлтэй хамт шийдвэрлэнэ ...” гэж заасан. Үндсэн нэхэмжлэл нь С******* болон “МӨ” ХХК-ийн хооронд байгуулсан Концессын гэх гэрээний үүрэгтэй холбоотой маргаан юм, гэтэл сөрөг нэхэмжлэл нь С******* болон Гуравдагч этгээд нарын хооронд үүссэн маргаантай холбоотой хохирлын мөнгөн төлбөрийг нэхэмжилсэн нь үндсэн нэхэмжлэлийн шаардлагатай харилцан хамааралгүй юм.
Иймд сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “МӨ” ХХК нь хариуцагч “С*******” *******-д холбогдуулан 125,900,730 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдааны хэлэлцүүлэгийн явцад нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 114,360,730 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардаж байна.
Хариуцагч “С*******” ******* нь нэхэмжлэгч “МӨ” ХХК-д холбогдуулан учирсан хохирол болох өмгөөллийн үйлчилгээний хөлс 15,000,000 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
С*******йн захирлаар Д.Б******* нь 2016 онд ажиллаж байсан байх бөгөөд тэрээр 2016 оны 10 дугаар сард “МӨ” ХХК-д ажлын санал тавьж, сургуулийн одоо байгаа дотуур байрны баруун талын газрыг дуудлага худалдаагаар худалдан авч сургуулийн эзэмшлийнх болгож байгаатай холбоотойгоор Гадаад оюутны байр барихаар сургуулийн удирдлага төлөвлөж шийдсэн тул танай компаниар бариулах хүсэлттэй байгаа болон гэрээ байгуулахаас өмнөх оюутны байрыг барихтай холбоотой бичиг баримтыг эрх бүхий байгууллагад хандаж шийдвэрлүүлэх талаарх хүсэл зоригоо илэрхийлснийг “МӨ” ХХК хүлээн авсан болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.
Баянзүрх дүүрэг, 6 дугаар хороонд байрлах, нэгж талбарын 136003/0324, 18644311276074 дугаар бүхий 2221 мкв талбайтай, Оюутны байрны зориулалттай газрын Аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийн гэрчилгээ 2016 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр Санхүү эдийн засгийн дээд сургуульд олгогджээ.
Дээрх зохигчдын тохиролцооны дагуу “МӨ” ХХК нь оюутны дотуур байрны барилга барихтай холбоотой бүхий л баримт материалуудыг бүрдүүлж, улмаар барилгыг эхлүүлэхтэй холбоотой зөвшөөрлүүдийг зохих газруудаас авсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна.
Үүнд:
1. 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн МЗХ2017/05-09 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ыг Улаанбаатар хотын ерөнхий архитектор бөгөөд Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газраар батлуулсан,
2. 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдөр 04/17 дугаартай “Барилгын зураг төслийн ажил гүйцэтгэх гэрээ”-г “МӨ” ХХК нь “А*******” ХХК-тай байгуулж, улмаар “А*******” ХХК нь “С*******йн оюутны байрны барилга”-ын ажлын зургийг боловсруулж, уг ажлын зургийг 2017 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Онцгой байдлын ерөнхий газар хянаж баталгаажуулан, Барилгын хөгжлийн төв 2018 оны 7 дугаар сарын 31-ний өдөр 911/2018 дугаартай магадлалын ерөнхий дүгнэлтийг гаргасан,
3. “С*******” ХХК-иар 2017 оны 8 дугаар сарын 10-ны өдөр “Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 6 дугаар хорооны нутагт барихаар төлөвлөж буй Санхүү эдийн засгийн дээд сургуулийн оюутны дотуур байрны барилгын талбайн инженер-геологийн судалгааны тайлан” гаргасан байна.
С******* нь дээр дурьдсан 2017 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн МЗХ2017/05-09 дугаартай “Архитектур төлөвлөлтийн даалгавар”-ын дагуу 2017 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн 1/696, 1/697 дугаартай “Техникийн нөхцөл хүсэх тухай” албан бичгийг “У*******” ХК, “У”-т, 2017 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн 1/844 дугаартай албан бичгийг “М” ХК-д тус тус хүргүүлж байсан байна.
Ийнхүү Архитектур төлөвлөлтийн даалгавар гарсантай холбоотойгоор барилга барих талбайд стандартын дагуу хашаа барьж, энэхүү зардал болон уг газарт байсан модыг шилжүүлэхээр Хот тохижолтын газарт С*******йн зүгээс санал тавьж, модыг шилжүүлэх төлбөр зэргийг “МӨ” ХХК төлсөн, мөн барилга барих газар доогуур байгаа бохир усны худаг шилжүүлэх ажлыг хийлгэж, улмаар төлбөрийг төлсөн байна.
Эдгээрээс үзвэл зохигчдын хооронд ямар нэгэн бичгийн гэрээ байгуулаагүй боловч 2016 оны 10 дугаар сард тохирсон тохиролцооны дагуу “МӨ” ХХК нь дээр дурьдсан тодорхой ажлуудыг хийж гүйцэтгэсэн буюу зохигчдын хооронд Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.2-т “гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар” гэж зааснаар болон мөн хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д “Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж зааснаар “МӨ” ХХК нь ажлын үр дүн болох бичиг баримт, ажлын зураг зэргийг С*******д хүлээлгэн өгөх гэсэн боловч хүлээн аваагүй, хүлээлгэн өгөх талаар нэхэмжлэгчийн зүгээс удаа дараа хандсан, хариуцагч нь нэхэмжлэгчийн хийж гүйцэтгэсэн ажлуудыг мэдэж байсан болох нь хэрэгт авагдсан баримт, зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул мөн хуулийн 351 дүгээр зүйлийн 351.2-т зааснаар ажлын үр дүнг хүлээн авсанд тооцох үндэслэлтэй юм.
Нэхэмжлэгч нь хариуцагчтай амаар тохиролцсон тохиролцооны дагуу ажлуудыг гүйцэтгэсэний дараа 2017 оны 7 дугаар сарын 20-ны өдөр зохигчид УБ-2017/07/20 дугаартай “С*******йн оюутны байрны барилга барих төсөл”-ийн “Барих-шилжүүлэх концессын гэрээ”-г байгуулсан боловч уг гэрээний дагуу тодорхой ажлуудыг гүйцэтгэсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй, нөгөөтэйгүүр Концессын тухай хуулийн дагуу хийгдэх гэрээ биш, гэрээний агуулгаас үзвэл зохигчдын хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.
Иргэний хуулийн 355 дугаар зүйлийн 355.1-д “Гэрээний аль нэг тал үүргээ ноцтой зөрчсөн бол энэ хуулийн 225, 226 дугаар зүйлүүдэд заасан үндэслэл, журмын дагуу нөгөө тал гэрээг цуцалж, учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй” гэж зааснаар нэхэмжлэгч нь гэрээгээ цуцалж, өөрт учирсан хохирлоо шаардах эрхтэй буюу нэхэмжлэгч өөрийн бодитой гарсан зардлыг нэхэмжилсэн нь үндэслэлтэй байна.
Нэхэмжлэгч “МӨ” ХХК нь “А*******” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу 73,000,000 төгрөг, Хот тохижилтын газарт мод шилжүүлэгийн төлбөрт хариуцагчийн хүсэлтээр 7,871,260 төгрөг, хашаа барих материалын зардалд 9,800,000 төгрөг, бохирын хоолой шилжүүлэх ажлын хөлсөнд 19,500,000 төгрөг, Онцгой байдлын ерөнхий газарт зураг хянуулсаны зардалд 150,000 төгрөг, бэлэн болсон зургаа Барилгын хөгжлийн төвийн магадлалаар оруулсан зардалд 1,469,470 төгрөг, нийт 111,790,730 төгрөгийг С*******йн оюутны дотуур байр барихтай холбоотойгоор гаргасан зардал болох нь хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогдож байна.
Харин хэрэгт авагдсан бичгийн баримтаар “С*******” ХХК-ийн инженерийн геологийн судалгаанд 2,200,000 төгрөг, Онцгой байдлын ерөнхий газарт зураг хянуулсаны зардалд 50,000 төгрөг, барилгын тэг тэнхлэг татуулах зардалд 320,000 төгрөгийг тус тус нэхэмжлэгчийн зүгээс зардал гаргасан болох нь тогтоогдохгүй байна.
“Оюуны ундраа групп” ХХК нь Нийслэлийн Засаг даргад холбогдуулан Монгол Улсын Газрын тухай хуулийг зөрчин С*******д оюутны дотуур байрны зориулалтаар 2221 мкв газар олгосон Нийслэлийн Засаг даргын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн А/985 тоот захирамжийг хүчингүй болгуулахаар Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан байх бөгөөд уг маргаанд гуравдагч этгээдээр С******* оролцсон, тус шүүхийн шүүгчийн 2018 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2018/0846 дугаартай “Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” захирамж гарсан байна.
Дээрх захиргааны хэргийн шүүхийн маргаан 2017 оны 10 дугаар сараас эхэлж, 2018 оны 12 дугаар сард дууссан, ингэхдээ С******* нь "МӨ" ХХК-ийн зөвшөөрөлгүй хаалт хашаа барьсны улмаас газар эзэмших эрхээ хүртэл хүчингүй болгуулах ноцтой үр дагаварт хүрсэн тул өөрийн хууль ёсны дагуу эзэмших газрыг хамгаалуулж, эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар өмгөөллийн "Л*******" ХХН-тай гэрээ байгуулж эрх зүйн туслалцаа аван С.Э******* өмгөөлөгч оролцсон, Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар өөрт учирсан хохирлоо арилгуулахаар шаардаж байна.
Нэхэмжлэгч “МӨ” ХХК-ийн хувьд зөвшөөрөлгүй хаалт хашаа барьсан нь тогтоогдохгүй буюу нэхэмжлэгчийн хийсэн ажлуудыг хариуцагч С******* нь тухайн цаг хугацаанд мэдэж байсан үйл баримт хэрэгт авагдсан бичгийн баримтуудаар тогтоогддог бөгөөд эдгээртэй холбоотойгоор хариуцагч өөр хэрэг, маргаанд оролцож, улмаар өмгөөлөгч авч, өмгөөллийн хөлсөнд төлсөн ажлын хөлсийг өөрт учирсан хохиролд тооцон нэхэмжлэгчээс нэхэмжилсэн нь үндэслэлгүй байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.
Нэхэмжлэгч нь гэрчээр Д.Б*******ыг оролцуулах хүсэлтээсээ татгалзсан болно.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 335.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч “С*******” *******-аас 111,790,730 /нэг зуун арван нэгэн сая долоон зуун ерэн мянга долоон зуун гуч/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “МӨ” ХХК-д олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 2,570,000 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д зааснаар хариуцагч “С*******” *******-ын нэхэмжлэгч “МӨ” ХХК-д холбогдуулан гаргасан “учирсан хохирол болох өмгөөллийн үйлчилгээний хөлс 15,000,000 төгрөг гаргуулах тухай” сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 787,460 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлдээ төлсөн 232,950 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “С*******” *******-аас улсын тэмдэгтийн хураамжид 716,904 /долоон зуун арван зургаан мянга есөн зуун дөрөв/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “МӨ” ХХК-д олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.ЭНХЖАРГАЛ