| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мөнхбаярын Алдар |
| Хэргийн индекс | 186/2019/0634/Э |
| Дугаар | 513 |
| Огноо | 2020-04-28 |
| Зүйл хэсэг | 11.6.2., 20.16.1., |
| Улсын яллагч | И.Ариунсанаа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 04 сарын 28 өдөр
Дугаар 513
М.Ш, Т.Ө, Б.Б, Б.Ч
нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Г.Есөн-Эрдэнэ, М.Алдар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор И.Ариунсанаа,
шүүгдэгч М.Ш-н өмгөөлөгч Т.Мөнхбадрах,
шүүгдэгч Т.Ө, Б.Б, Б.Ч нарын өмгөөлөгч С.Тэгшжаргал,
нарийн бичгийн дарга Б.Пэрэнлэйдулам нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Галбадар даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/148 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дүүргийн Ерөнхий прокурор С.Хишигжаргалын бичсэн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлээр М.Ш, Т.Ө, Б.Б, Б.Ч нарт холбогдох эрүүгийн 1811 02725 0639 дугаартай хэргийг 2020 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Алдарын илтгэснээр хянан хэлэлцэв.
1. Ө овгийн М-н Ш, 19.. оны .. дүгээр сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, дасгалжуулагч мэргэжилтэй, “Э г” цэцэрлэгт биеийн тамирын багш ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт .............тоотод оршин суух бүртгэлтэй боловч ............. тоотод оршин суух, /РД: ........../,
Баянгол дүүргийн шүүхийн 2009 оны 7 дугаар сарын 3-ны өдрийн 259 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,
Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 502 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн;
2. М овгийн Б-н Ч, 19.. оны .. дүгээр сарын ..-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, бариа засалч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт .................тоотод оршин суух бүртгэлтэй боловч .................. тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД: .........../;
3. Б овгийн Т-н Ө, 19.. оны ... дүгээр сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, “И н” ресторанд тогооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт ................. тоотод оршин суух бүртгэлтэй боловч ............. тоотод оршин суух, /РД: .............../,
Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан;
4. С овгийн Б-ны Б, 19.. оны .. дугаар сарын ..-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, .. настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “П” ХХК-д усан фааз бэлтгэгч ажилтай, ам бүл 6, эх, дүү, эхнэр, хүүхдийн хамт ................ тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: .............../;
М.Ш, Б.Ч, Т.Ө, Б.Б нар нь 2018 оны 9 дүгээр сарын 9-ний шөнө 23 цагийн үед Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг, 14 дүгээр байрны гадаа нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдад хүч хэрэглэн, хохирогч П.Э, Б.Б нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж, П.Э-н “Samsung Note3” загварын гар утасны дэлгэцийг гэмтээн, олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас: М.Ш, Т.Ө, Б.Б, Б.Ч нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт тус тус зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Шүүгдэгч Ө овогт М-н Ш, М овогт Б-н Ч, Б овогт Т-н Ө, С овогт Б-ны Б нарт холбогдох эрүүгийн 1811 0272 50639 дугаартай хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэгт холбогдуулан зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, хэрэг бүртгэлтэд буцааж, М.Ш, Б.Ч, Т.Ө, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар бүлэглэн, хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч М.Ш, Б.Ч, Т.Ө, Б.Б нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, шүүгдэгч М.Ш, Б.Ч, Т.Ө, Б.Б нар нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон хохирол, төлбөрт хохирогч Б.Б-д 949.000 төгрөг, хохирогч П.Э-д 1.181.500 төгрөгийг тус тус нөхөн төлсөн, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч Б.Б нь гэмт хэргийн улмаас өөрийн эрүүл мэндэд учирсан хохирол, цаашид хийлгэх эмчилгээний зардлыг Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шүүгдэгч М.Ш, Б.Ч, Т.Ө, Б.Б нараас жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч М.Ш, Б.Ч, Т.Ө, Б.Б нар нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, шүүгдэгч шүүгдэгч нарын бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Дээд шатны прокурор С.Хишигжаргал бичсэн эсэргүүцэлдээ: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан “Олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэг” нь олон нийтийн аюулгүй байдал, ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт хамаарах бөгөөд тухайн гэмт хэргийн объектод хүний эрүүл мэндийн халдашгүй байдлаас гадна нийтийн хэв журам, олон нийтийн амгалан тайван байдал хамаарна.
Дээрх гэмт хэрэг нь нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж, бусдыг үл тоомсорлон басамжлах, элдвээр доромжлох, өөрийн хүчин чадалтай, зориг зүрхтэй, бүхнээс давуу болохоо харуулах, айлган сүрдүүлэх зэрэг хэлбэрээр, үүнээс хальж бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг устгах, гэмтээх үйлдлээр илэрдэг байхад анхан шатны шүүх шүүгдэгч М.Ш, Б.Ч, Т.Ө, Б.Б нарын үйлдлийг 1 минутаас хэтрэхгүй хугацаанд үргэлжилсэн, дээрх хугацаанд олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, тухайн орчны оршин суугчдаас цагдаагийн байгууллагад гомдол мэдээлэл гаргасан, оршин суугчдын амгалан тайван байдал алдагдсан талаар цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл гаргасан талаар баримт авагдаагүй гэж дүгнэн хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзнэ. Шүүхээс дээрх гэмт хэргийг тодорхой хугацаагаар хязгаарлаж, заавал оршин суугчдаас цагдаагийн байгууллагад гомдол, мэдээлэл гаргасан байхыг шаардсан нь үндэслэлгүй бөгөөд хоёр хүний эсрэг тодорхой сэдэлтгүйгээр бүлэглэж хүчээр илүүрхэж эрүүл мэнд төдийгүй эд хөрөнгөд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэсний дагуу нийлмэл гэмт хэрэг гэж үзэх үндэслэлтэй тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч байна.
Мөн анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ 2018 оны 9 дүгээр сарын 9-ний шөнө үйлдэгдсэн хэрэгт М.Ш, Б.Ч, Т.Ө, Б.Б нарыг хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай тооцож, шүүгдэгч нарын үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлтэд буцаасан нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах шаардлагагүй болно.
Түүнчлэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ зүйлийн 1.1-д заасны дагуу шүүх хэрэгсэхгүй болгосон хэргийг хэрэг бүртгэлтэд буцаана” гэсэн хэсгийг 2020 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн хуулиар хүчингүй болсонд тооцжээ.
Иймд анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзвэл хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах, эсхүл Эрүүгийн хуулийн тусгай 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй гэж үзвэл хэрэг бүртгэлтэд буцааж шийдвэрлэсэн байдлыг засаж зөвтгүүлэн өөрчлөлт оруулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэрэгт зааснаар дээд шатны прокурор эсэргүүцэл бичив. ...” гэжээ.
Прокурор И.Ариунсанаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Энэ хэргийн хохирогч, гэрч, шүүгдэгч нар хэрэг гарсан шалтгаан нөхцөлийн талаар гурван өөр янзаар мэдүүлсэн. Гэвч хэрэгт авагдсан баримтаас үзэхэд үл ялих зүйлээр шалтаглаж дөрвүүлээ нийлж, хоёр хүний эрүүл мэндэд хохирол учруулсан, нэг хохирогчийн гар утсыг гэмтээсэн болох нь тогтоогдсон. Үүнээс үндэслэн нийтийн хэв журам зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэрэг гарсан гэж дүгнэсэн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж шийдвэрлэх эрхтэй бөгөөд энэ тохиолдолд хэргийг хэрэг бүртгэлтэд буцаах шаардлагагүй. Хэрэв Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй гэж үзвэл шийтгэх тогтоолын хэрэг бүртгэлтэд буцаасан шийдвэрт өөрчлөлт оруулах саналтай байна. ...” гэв.
Шүүгдэгч М.Ш-н өмгөөлөгч Т.Мөнхбадрах тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулж, танхайрсан үйлдэл байхгүй бөгөөд энэ талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр шинэ нэмэлт өөрчлөлт хэрэгжиж эхлээгүй байсныг анхаарч үзнэ үү. ...” гэв.
Шүүгдэгч Т.Ө, Б.Б, Б.Ч нарын өмгөөлөгч С.Тэгшжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлд заасан гэмт хэргийн үндсэн сэдэлт зорилго, субьектив шинж байхгүй. Тухайн үед гарсан маргаан, зодооны сэдэлт нь хохирогчийн буруутай үйлдлээс үүссэн хувийн сэдэлтэй байдаг тул хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлтэд буцаасан тухайд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад гэмт хэргийн шинжгүй гэх үндэслэлийг заасан. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар дээд шатны прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр шүүгдэгч М.Ш, Т.Ө, Б.Б, Б.Ч нарт холбогдох хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Прокуророос М.Ш, Б.Ч, Т.Ө, Б.Б нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан олон нийтийн амгалан тайван байдал алдагдуулах гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Нийтийн хэв журмыг зөрчих гэдэг нь олон нийтээр хамтран амьдарч тогтож хэвшсэн хэв ёсонд шууд харшилсан, эсхүл уламжлагдаж ирсэн зан заншлыг үл хүндэтгэсэн, олон нийтийн амгалан тайван амарч, ажиллах нөхцөлийг санаатайгаар алдагдуулж, улмаар өөрийн үйлдлээс учирч болох хор уршгийг зориуд хүсэж үйлдэхээс гадна, хүсээгүй ч тийм байдалд хүргэж болохыг ойлгож мэдсэн атлаа үйлдлээрээ гүйцэлдүүлдэг санаатай үйлдлийн бодит илрэл юм.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудаас үзэхэд, шүүгдэгч М.Ш, Т.Ө, Б.Б, Б.Ч нар нь ямар ч шалтгаангүйгээр хохирогч нарт хүч хэрэглэн халдсан нь дээрх гэмт хэргийн шинжтэй байхад анхан шатны шүүх хэргийн үйл баримтад үндэслэлгүй дүгнэлт хийж, гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгон, Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.
Нийгэмд тогтсон хүмүүсийн хоорондын харилцааны хэм хэмжээ болон хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчсөн санаатай үйлдлээ олон нийтийн газар, нийгмийн хэв журмыг зөрчиж байгаагаа нийтэд илээр үзүүлсэн үйлдлийг олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулах гэмт хэргийн шинжийг агуулсан гэж үзнэ.
Иймд дүүргийн Ерөнхий прокурор С.Хишигжаргалын бичсэн 2020 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 15 дугаартай дээд шатны прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 2020/ШЦТ/148 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцааж, хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.