Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 06 сарын 27 өдөр

Дугаар 210/МА2018/01505

 

 

 

 

 

 

 

 

 

 

Э.Бгийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Ичинхорлоо даргалж, шүүгч Ч.Цэнд, А.Отгонцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/01218 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Э.Б,

Хариуцагч “Э” ХХК-д холбогдох,

Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Залуу гэр бүл-2 төслийн хүрээнд баригдсан 310 тоот орон сууцны В, Г хэсэгт байрлах үйлчилгээний зориулалттай 430 м.кв хэсгийн өмчлөгчөөр тогтоолгох тухай үндсэн нэхэмжлэлтэй,

Ж.Тын Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 310 дугаар байрны 1 дүгээр давхрын 871 м.кв талбайг чөлөөлөхийг “Э” ХХК, Э.Б нарт даалгах тухай бие даасан шаардлагатай иргэний хэргийг,

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч А.Отгонцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Э.Б,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Энхрийцэцэг,

Гуравдагч этгээд Ж.Т, өмгөөлөгч Д.Долгормаа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Туул нар оролцов.  

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2014 оны 5 дугаар сарын 05-ны өдөр “Э” ХХК-ийн захирал Ч.Сүрэнцэцэгтэй Ү/014/01 тоот Үйлчилгээний талбайн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Гэрээний дагуу гүйцэтгэгч “Э” ХХК нь захиалагчийн захиалгаар Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт баригдах Залуу гэр бүл-2 орон сууцны үйлчилгээний төвийн 430 м.кв талбайг захиалагчийн хөрөнгөөр санхүүжүүлэн барьж гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэн өгөх, захиалагч хөрөнгө оруулалт буюу төлбөр тооцоог төлөх үүргийг тус тус хүлээсэн.

Гэрээгээр тохиролцсоны дагуу 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр 25 000 000 төгрөг, 40 000 000 төгрөг, 30 000 000 төгрөгийг “Э” ХХК-ийн дансанд, 2014 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 50 000 000 төгрөгийг бэлнээр, 2014 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 130 000 000 төгрөгийг “Э” ХХК-ийн дансанд, 2014 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 120 000 000 төгрөгийг бэлнээр тус тус өгсөн.

Барилгын ажил удаашралтай явагдаж, хүлээгдсээр байгаад 2016 оны 5 дугаар сард тухайн барилга ашиглалтад орж Улсын комисс хүлээн авч, Улсын комиссын акт гарсан болохыг мэдсэн. Ингээд миний бие өөрийн хөрөнгө оруулсан тухайн барилгын В, Г хэсэгт байрлах 430 м.кв үйлчилгээний талбайгаа хүлээн авахаар удаа дараа гүйцэтгэгчээс шаардсан боловч ямар нэгэн шалтаг, шалтгаанаар хойшлуулаад байсан. Гэтэл Ү/014/01 тоот Үйлчилгээний талбайн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулснаас жилийн дараа буюу 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр миний хөрөнгө оруулсан үйлчилгээний талбайг бусдад барьцаалсан болохыг мэдсэн. Өөрөөр хэлбэл, миний хөрөнгөөр барьсан үйлчилгээний төвийн хэсгийг бусдад барьцаалсан байна. Иймд миний хөрөнгө оруулалтаар барьж байгуулсан, Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо 7 хороолол, Залуу гэр бүл-2 төслийн хүрээнд баригдсан 310 тоот орон сууцны В, Г хэсэгт байрлах үйлчилгээний зориулалттай 430 м.кв хэсгийн өмчлөгчөөр намайг тогтоож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлагын талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний зүгээс Ж.Ттай ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсгээгүй бөгөөд Ж.Т өөрийгөө хэзээ өмчлөгч болсон гэж үзэж байгаа нь сонин байна. Яг хэдэн сарын хэдний өдөр өмчлөгч болсон, хэнээс өмчлөх эрхийг шилжүүлж авсан, ямар хэлцлийн үндсэн дээр өмчлөх эрхийг шилжүүлж авсан эсэх нь тодорхойгүй гэж үзэж байна.

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Ж.Тд олгогдсон гэх Ү-2203031481 дугаарт бүртгэгдсэн бүртгэл, үүний үндсэн дээр олгогдсон өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах миний нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон боловч “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Нэхэмжлэгч Э.Б миний бие “Э” ХХК-тай байгуулсан гэрээний дагуу төлбөрөө төлсөн атлаа өнөөдрийг хүртэл уг байрыг хүлээж аваагүй, тухайн объектод амьдардаггүй, миний өмчлөлд бүртгэгдээгүй, би ашигладаггүй тул бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч “Э” ХХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Э” ХХК-ийн зүгээс Э.Бтай Ү/014/01 тоот Үйлчилгээний талбайн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээг 2014 оны 05 дугаар сарын 05-ны өдөр байгуулсан бөгөөд гэрээний дагуу захиалагч нь манай компанид 395 000 000 төгрөг хүлээлгэн өгч үүргээ биелүүлсэн. Иймд гэрээ ёсоор тухайн орон сууцны В, Г хэсэгт байрлах үйлчилгээний зориулалттай 430 мкв талбайг Э.Бд хүлээлгэн өгөх ёстой ч 2015 оны 04 дүгээр сарын 06 -ны өдөр Ж.Тд үйлчилгээний талбайг барьцаалж Барьцааны гэрээ байгуулсан тул Э.Бд гэрчилгээ олгож чадахгүй болсон. Иймд Ж.Тын барьцааг суллаж, уг үл хөдлөх эд хөрөнгийг Э.Бд хүлээлгэн өгч гэрээний үүргээ биелүүлэх хүсэлтэй байгаа тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрч байна гэжээ.

Бие даасан шаардлагын талаар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 166 тоот шийдвэрээр Ж.Тд олгосон 000411950 дугаартай өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай “Э” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн. Ж.Тын өмчлөлд бүртгэгдсэн гэх барилга дуусаагүй буюу 70 хувийн гүйцэтгэлтэй барилга гэж явж байсан. Гэтэл одоо уг барилга нь 100 хувийн гүйцэтгэлтэй болсон. Объектыг бусдад худалдах гэхээр Ж.Түвшижаргал худалдуулахгүй гэдэг, тэгвэл бусдад түрээслүүлье гэхээр зөвшөөрдөггүй. Маргаж буй талбайн үнэ ханшийг үнэлгээний компаниар үнэлүүлэхэд 1 061 399 400 төгрөг гэсэн үнэлгээтэй байгаа тул үүгээр тооцоход Ж.Тд төлөх ёстой төлбөрт суутгагдах боломжтой гэж үзэж байна. Иймд Ж.Тын бие даасан шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд шүүхэд гаргасан бие даасан шаардлагадаа: Миний бие 2013 оны 07 дугаар сард өөрийн өмчлөлийн гурван хэсэг газраа “Э” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Сүрэнцэцэгт худалдсан ба Ч.Сүрэнцэцэг нь газар худалдаж авсан төлбөрийн үлдэгдэл 900 000 000 төгрөгийг төлөөгүйгээс үүдэлтэй маргаан шүүхээр явж эцэст нь талууд 2015 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр Эвлэрлийн гэрээ байгуулж дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн №2376 дугаар захирамжаар эвлэрлийн гэрээгээ батлуулсан. Уг захирамж болон гэрээний дагуу Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол 310 дугаар байрны 1 дүгээр давхрын 871 м.кв талбайн өмчлөгчөөр Ж.Т би улсын бүртгэлд бүртгүүлж өмчлөх эрхийн гэрчилгээ авч өмчлөх эрхээ баталгаажуулсан. Эвлэрлийн гэрээнд төлбөрийн үлдэгдэл нийт 895.3 сая төгрөгийн 50% буюу 447 650 000 төгрөгийг 2015 оны 09 дүгээр сарын 01, үлдэгдэл 50%-ийг нь 2015 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр тус тус Ч.Сүрэнцэцэг Ж.Тд төлөх, энэхүү үүргийн баталгаа болгож Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол 310 дугаар байрны 1 дүгээр давхрын 860 м.кв талбайг Ж.Тын өмчлөлд шилжүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулж өгөх, төлбөрөө бүрэн төлсний дараа Ж.Т нь Ч.Сүрэнцэцэгт уг объектыг буцаан шилжүүлж өгөх, төлбөрөө төлөөгүй тохиолдолд уг объект нь Ж.Тын өмчлөлд үлдэх тухай маш тодорхой заасан.

Ч.Сүрэнцэцэг Э.Б нар нь 2015 онд байгуулж шүүхээр баталгаажуулсан гэрээний үүргээ биелүүлэхгүй байх зорилгоор үгсэн хуйвалдаж иргэн Ж.Т миний өмчид халдахаар дүр эсгэсэн гэрээ хийсэн байх нь нотлох баримт болон гэрчийн мэдүүлгээр нотлогдох болно. Иймд Монгол Улсын Иргэний хуулийн 106 зүйл, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиудын холбогдох зүйл, заалтын дагуу Ж.Т миний өмч болох Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол 310 дугаар байрны 1 дүгээр давхарын 871 м.кв талбайг чөлөөлөхийг “Э” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Сүрэнцэцэг, Э.Б нарт даалгаж өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Барилга ашиглалтад ороод Ж.Түвшиинжаргалын өмчлөлд шилжсэн гэдгийг мэдээгүй байсан нь үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ барилгыг “Э” ХХК-ийн захирал буюу Ч.Сүрэнцэцэг, аав н.Энх-Амгалан нарын хамт Э.Б нь барьж дуусгаад бусдад худалдсан. Ж.Т миний бие 2013 оны 7 сард өөрийн өмчлөлийн 3 хэсэг газраа “Э” ХХК-ийн захирал Ч.Сүрэнцэцэгт худалдсан, тэрээр төлбөрийн үлдэгдэл 900 000 000 төгрөгийг төлөөгүйгээс маргаан үүссэн. Энэ маргааныг Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхийн шүүгчийн 2015 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 2376 тоот захирамжаар эвлэрлийг баталж шийдвэрлэсэн. Уг шүүгчийн захирамж болон эвлэрлийн гэрээний дагуу Ж.Т миний бие Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 310 дугаар байрны, 1 давхрын 871 м.кв талбайн өмчлөгчөөр бүртгүүлж үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн гэрчилгээ авсан. Ж.Т болон “Э” ХХК-ийн хооронд байгуулагдсан эвлэрлийн гэрээний 4.3-т “Э” ХХК-ийн захирал Ч.Сүрэнцэцэг нь үйлчилгээний зориулалттай 1 давхрын 800 м.кв талбайг гэрээний 3.3-т заасан нөхцөлөөс бусад байдлаар өөр гуравдагч этгээдэд давхар худалдан борлуулах, барьцаалах зэрэг үйлдэл хийхгүй байх үүрэгтэй ба энэхүү гэрээг байгуулахаас өмнө бусдад барьцаалсан, бусдаас захиалга авсан тохиолдолд тэргүүн ээлжинд өмчлөгч барьцаалагч нь Ж.Т болохыг биечлэн хариуцах ба энэхүү үүргээ зөрчсөн байдал илэрсэн тохиолдолд бусад этгээдэд учирсан хохирлыг “Э” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Сүрэнцэцэг дангаар хариуцах үүрэг хүлээнэ гэж тохиролцсон тул Э.Бгийн нэхэмжлэлтэй “Э” ХХК-д холбогдох дээрх барилгын 430 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3 дахь хэсэгт зааснаар Э.Бг Сүхбаатарын дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 310 тоот орон сууцны В,Г хэсэгт байрлах үйлчилгээний зориулалттай 430 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоож, Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол 310 дугаар байрны 1 дүгээр давхарын 871 м.кв талбайг чөлөөлөхийг “Э” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Сүрэнцэцэг, Э.Б нарт даалгах тухай Ж.Тын бие даасан шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Э.Бгаас улсын тэмдэгтийн хураамжид 2 087 750 төгрөг нөхөн гаргуулан улсын орлогод оруулж, хариуцагч “Э” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 2 157 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Э.Бд олгож, нэхэмжлэгч Э.Б, бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд Ж.Т тус бүрээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөг буюу нийт 140 400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.  

Бие даасан шаардлага гаргасан гуравдагч этгээд давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болон нотлох баримтуудаас илт зөрүүтэй шийдвэр гаргасан. Учир нь талуудын хооронд байгуулсан эвлэрлийн гэрээнд ерөнхий захирал Ч.Сүрэнцэцэг нь үйлчилгээний зориулалттай 1 давхрын 860 м.кв талбайг гэрээний 3.3-т заасан нөхцөлөөс бусад байдлаар өөр гуравдагч этгээдэд давхар худалдан борлуулах, барьцаалах зэрэг үйлдэл хийхгүй байх үүрэгтэй ба энэхүү гэрээг байгуулахаас өмнө бусдад барьцаалсан, бусдаас захиалга авсан тохиолдолд тэргүүн зэргийн өмчлөгч барьцаалагч нь Ж.Т болохыг биечлэн хариуцах ба энэхүү үүргээ зөрчсөн нөхцөл байдал илэрсэн тохиолдолд бусад этгээдэд учирсан хохирлыг “Э” ХХК-ийн ерөнхий захирал Ч.Сүрэнцэцэг нь дангаар хариуцах, талуудын эвлэрэн хэлэлцсэн нь бусад гуравдагч этгээдийн хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хөндөөгүй байх зэрэг маш тодорхой заасан эвлэрлийн гэрээг Дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 2376 дугаар захирамжаар баталсныг үндэслэн Ч.Сүрэнцэцэг уг барилгыг баригдаж байгаатай холбогдох бүхий л нотлох баримтуудыг Улсын бүртгэлийн газарт гаргаж өгснөөр Улсын бүртгэлийн газар шүүхийн шийдвэр, эвлэрлийн гэрээ, бусад нотлох баримтуудыг үндэслэн Улсын бүртгэлд бүртгэсэн. Гэтэл шүүх Эд хөрөнгө, өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн улсын бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.8-д заасан мэдүүлэгт тусгасан үндэслэл энэ талаар хийсэн хэлцэлтэй агуулгаар зөрүүтэй байна, бүртгэл үнэн зөв биш байна гэж Оюуны өмч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын бүртгэлийн газраас нэгч нотлох баримт аваагүй хирнээ улсын бүртгэлийн архивын нотлох баримтуудаас илтэд зөрүүтэй дүгнэсэн байна.

Ч.Сүрэнцэцэг эвлэрлийн гэрээнд гарын үсэг зураагүй тул эвлэрлийн гэрээг хүчингүй болгуулах тухай гомдлыг шүүхэд гаргасан. Уг гомдлыг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 689 дүгээр магадлал, Улсын дээд шүүхийн 2017 оны 668 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.6, 117 дугаар зүйлийн 117.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн эвлэрлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж эвлэрлийн гэрээг хуулийн хүчин төгөлдөр болохыг нотолсон. Гэтэл шүүх мөн л эвлэрлийн гэрээнд Ч.Сүрэнцэцэг гарын үсэг зураагүй, энэ талаар хэн ч маргаагүй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн.

Эвлэрлийн гэрээ байгуулах талаар Ч.Сүрэнцэцэг нь хүү Э.Бгийн хамт Ж.Т болон тухайн үед түүний өмгөөлөгчөөр ажиллаж байсан өмгөөлөгч н.Урангэрэл, туслах Г.Халиун нартай удаа дараа ирж уулзаж байсныг өмгөөлөгч н.Урангэрэл, Г.Халиун нар гэрчилнэ. Гэтэл шүүх өмгөөлөгч н.Түвшинтамир, н.Цацрал, Ж.Тын өмгөөлөгч н.Урангэрэл, туслах Г.Халиун нарыг гэрчээр оролцуулах хүсэлтийг хангахгүйгээр шийдсэн. Мөн уг обьектийг Ч.Сүрэнцэцэг, Э.Б нар эзэмшиж, ашиглаж байгаагаа өөрсдөө хүлээн зөвшөөрч, үүнийг нотлох гэрэл зургуудыг шүүхэ өгсөн байхад Ж.Т шаардлагын үндэслэлээ нотлох баримтуудыг шүүхэд ирүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй гэх зэргээр илтэд нотлох баримтаас зөрүүтэй дүгнэсэн нь Иргэний хууль, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн.

Түүнчлэн талууд гэрээнд гарын үсэг зурж тамга тэмдгээр баталгаажуулан шүүхэд хүлээлгэн өгснөөс хойш гэрээнээс татгалзах, гэрээний нөхцөлийг өөрчлөх эрхийг эдлэхгүй байхаар харилцан тохиролцож бүрэн хүлээн зөвшөөрсөн талаар гэрээнд маш тодорхой тусгаснаас харахад Ч.Сүрэнцэцэг, Э.Б нар илтэд дүр эсгэсэн хуурамч гэрээ хийсэн нь тодорхой байна. Хэрвээ гэрчүүдийг шүүх хуралд оролцуулсан бол энэ нь нотлогдох байсан. Иймд шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

            Нэхэмжлэгч Э.Б нь хариуцагч “Э” ХХК-д холбогдуулан Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Залуу гэр бүл-2 төслийн хүрээнд баригдсан 310 тоот орон сууцны барилгын В, Г хэсэгт байрлах үйлчилгээний зориулалттай 430 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрсөн, харин гуравдагч этгээд Ж.Т нэхэмжлэлд дурдсан үйлчилгээний зориулалттай талбайн өмчлөгч тул нэхэмжлэгч Э.Б, хариуцагч “Э” ХХК-ний хууль бус эзэмшлээс чөлөөлүүлнэ гэж бие даасан шаардлага гарган маргасан байна.

            Нэхэмжлэгч Э.Б нь “Э” ХХК-тай 2014 оны 5 дугаар сарын 5-ны өдөр байгуулсан “Үйлчилгээний талбайн захиалга, хөрөнгө оруулалтын гэрээ”-гээр дээрх 310 тоот орон сууцны 430 м.кв талбай бүхий үйлчилгээний хэсгийг захиалсан, гэрээний үүргээ биелүүлж 395 000 000 төгрөгийг “Э” ХХК-д төлсөн баримтыг шүүхэд гаргасан бөгөөд ийнхүү төлбөрийн үүргээ гүйцэтгэснийг хариуцагч тал зөвшөөрсөн ч гуравдагч этгээдийн өмнө хариуцах үүргийн барьцаанд үйлчилгээний талбайг бүхэлд нь барьцаалсан тул захиалагч буюу нэхэмжлэгч Э.Бгийн өмчлөлд нь шилжүүлэх үүрэг биелэх боломжгүй байгаа гэжээ.  

            Гуравдагч этгээд Ж.Таас Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, 310 дугаар байрны 1 дүгээр давхарт байрлах 871 м.кв талбай бүхий үйлчилгээний зориулалттай 70 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгын хууль ёсны өмчлөгч болохоо гэрчилсэн өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг /хх-27/ шүүхэд баримтаар гарган, тус эд хөрөнгийн өмчлөх эрхийн бүртгэлийг “Э” ХХК-тай 2015 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр байгуулсан эвлэрлийн гэрээний тохиролцоог үндэслэн хийгдсэн гэж тайлбарласан.

            Мөн хэрэгт 2015 оны 4 дүгээр сарын 05-ны өдөр “Э” ХХК, Ж.Т нарын хооронд хийгдсэн “Эвлэрлийн гэрээ” /хх-31-33/ авагдсаны агуулгаас үзвэл хариуцагч “Э” ХХК нь Ж.Тд төлөх үүргийн барьцаанд нэхэмжлэгч Э.Бгийн хөрөнгө оруулж захиалан бариулсан 430 м.кв талбайг оролцуулан нийт 860 м.кв талбайг үүргийн гүйцэтгэлийн баталгаа болгон өмчлөлд нь бүртгүүлсэн үйл баримт тогтоогдож байна.

             Хэргийн дээрх нөхцөл байдал, зохигчдын тайлбар, бичгийн баримтыг харьцуулан үзвэл маргаан бүхий 430 м.кв талбайн хувьд хөрөнгө оруулж, үнийг төлсөн захиалагч нь Э.Бг гэж үзэх үндэслэлтэй, хариуцагч болон гуравдагч этгээдээс нэхэмжлэлийн үндэслэлийг баримтаар няцаагаагүй, гэрээний дагуу ямар нэгэн эд зүйлийг хийсэн бол түүнийг захиалагчийн өмчлөлд шилжүүлэх Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.3 дахь хэсэгт заасан үүргээ ажил гүйцэтгэгч зөрчсөн гэж үзэхээр байна.

Иймд Э.Бгийн 430 м.кв талбайн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хангасан нь Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 343.3 дахь хэсэг, гэрээний 4.1-т заасанд нийцнэ.

            Гуравдагч этгээдийн Ж.Тын бие даасан шаардлага үндэслэлтэй эсэхийг тогтоохын тулд хариуцагч “Э” ХХК-ийн дээр дурдсан 450 м.кв талбай бүхий үйлчилгээний хэсгийг оролцуулан өөрийн бусдад төлөх төлбөрийн баталгаа болгон, өмчлөх эрхийн бүртгэлийг Ж.Тын нэр дээр бүртгүүлсэнд эрх зүйн дүгнэлт хийх шаардлагатай.

Барьцааны гэрээний барьцаалуулагч тал нь үүрэг гүйцэтгэгч, эсхүл өөр этгээдийн аль нь ч байж болох боловч тухайн хөрөнгийн өмчлөгч байхыг, бусдын өмчийг барьцаалуулж байгаа бол төлөөлөл, зөвшөөрөл шаардана. “Э” ХХК-ийн хувьд 430 м.кв талбай бүхий үйлчилгээний хэсгийг Э.Бгийн өмчлөлд шилжүүлэх үүргээ биелүүлэлгүйгээр гуравдагч этгээдэд төлөх үүргийн барьцаа болгож, үл хөдлөх өмчлөх эрхийн бүртгэлийг Ж.Тын нэр дээр гаргуулсан нөхцөл байдал тогтоогдож байх бөгөөд энэ нь хөрөнгө барьцаалуулагчийн өмчлөлд шилжсэнээр барьцаагаар хангагдах шаардлага үүсэх талаарх Иргэний хуулийн 154 дүгээр зүйлийн 154.4 дэх хэсгээр журамласанд нийцэхгүй. 

Түүнчлэн гэрээний дагуу шаардах эрх үүссэн Э.Бд 430 м.кв талбай бүхий үйлчилгээний талбайг бусдад барьцаалсантай холбоотойгоор Иргэний хуулийн 157 дугаар зүйлийн 157.6.2, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.9-д заасан журмын дагуу мэдэгдсэн талаарх баримтыг хариуцагчаас гаргаагүй бөгөөд шүүх хуулиар тогтоосон журам зөрчигдсөн талаар үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.

Хэргийн дээрх нөхцөл байдлаас үзвэл маргаан бүхий үйлчилгээний талбайн хэсгийн өмчлөх эрх Ж.Тын нэр дээр бүртгэгдсэнээр түүнд Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасан шаардах эрх үүссэн гэж үзэх боломжгүй,  харин “Э” ХХК-иас үүргийн гүйцэтгэлийг шаардах үндэслэл болох ба үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд барьцааны зүйлээр хангуулах эрх нь Иргэний хуулийн 175 дугаар зүйлд заасан журмаар хэрэгжих учиртай.

Иймд нэхэмжлэгч Э.Б, хариуцагч “Э” ХХК-ний хууль бус эзэмшлээс талбайг чөлөөлүүлэхээр шаардсан гуравдагч этгээдийн бие даасан шаардлагыг шүүх хангаагүй нь хууль зөрчихгүй. 

Өмчлөх эрхийн бүртгэлийг хийсэн захиргааны байгууллагын үйлдэл хуульд нийцсэн эсэхийг хянаж шийдвэрлэсэн Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр нь талуудын хооронд үүссэн гэрээний харилцаа болон өмчлөх эрхийг хуульд заасан олж авсан эсэхэд дүгнэлт хийхгүй, өөр харьяаллын маргаан тул шүүхийн шийдвэрээр бүртгэлийг хүчингүй болгосон эсэхээс хамааралгүйгээр тус иргэний хэргийг шийдвэрлэх боломжтой.

Дээрх үндэслэлүүдээр шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ж.Тын давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.    Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2018/01218 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, гуравдагч этгээдийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа гуравдагч этгээдээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Ц.ИЧИНХОРЛОО

 

                                    ШҮҮГЧИД                              Ч.ЦЭНД

 

                                                                                   А.ОТГОНЦЭЦЭГ