Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 649

 

105/2019/1885/Э

 

 

 

  2020             05            21                                        2020/ДШМ/649    

 

Э.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч М.Пүрэвсүрэн даргалж, шүүгч Н.Батсайхан, Л.Дарьсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

 

прокурор Н.Гэрэлмаа,

шүүгдэгч Э.Б-ий өмгөөлөгч Г.Нацагдорж,

нарийн бичгийн дарга Б.Халиунгоо нарыг оролцуулан,

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/413 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Э.Б-ий өмгөөлөгч Г.Нацагдоржийн гаргасан давж заалдах гомдлоор Э.Б-д холбогдох эрүүгийн 1902004552684 дугаартай хэргийг 2020 оны 5 дугаар сарын 1-ний өдөр хүлээн авч, шүүгч Л.Дарьсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б-, 1997 оны 1 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа барилгын засал чимэглэлийн ажил хийдэг гэх, ам бүл 3, эх, эгчийн хамт Сүхбаатар дүүргийн  тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД: /;

 

Э.Б- нь 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Соманг плаза” төв дэх “Ази фарм” эмийн сангаас сэтгэцэд нөлөөт эмийн жорыг хуурамчаар үйлдэн, хуурамч болохыг мэдсээр байж ашиглаж “диазепам” эмнээс 210 ширхэг, “трамадол” эмнээс 80 ширхэгийг тус тус худалдан авч ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

 

 

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: Э.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Боржигон ургийн овогт Энхбаярын Б-ийг хуурамч бичиг баримт үйлдэж, ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож, Эрүүгийн хуулийн тусгай 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, шүүгдэгч Э.Б- нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, Э.Б- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 12 ширхэг эмийн жорын хэвлэмэл маягтыг хэрэг хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээж, шүүгдэгч Э.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгч Э.Б-ий өмгөөлөгч Г.Нацагдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...1. “Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэг”-т ял оноох харилцааг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23 дугаар бүлгээр зохицуулдаг. Тэгэхээр Э.Б-ий үйлдлийн үр дүнд нийтийн албаны ашиг сонирхол ямар нэг байдлаар хөндөгдөж, энэ талаар шийтгэх тогтоолд заавал зааж, шүүхийн шийдвэрийн үр дүнд уг ашиг сонирхол сэргээгдэж эсхүл хамгаалагдаж байх ёстой. Гэвч нийтийн албаны ямар ч ашиг сонирхол хөндөгдөөгүй тул шийтгэх тогтоолд энэ талаар заагаагүй. Иймд уг бүлэгт заасан гэмт хэргийг Э.Б- үйлдсэн хэмээн дүгнэх боломжгүй учраас хууль хэрэглээний хувьд алдаа гаргаж байна.

2. Шийтгэх тогтоолд “Энэ эмийг тусгай зөвшөөрлөөр олгогддог” гэж шүүх дүгнэн, “Э.Б-ийг хуурамч баримт бичиг үйлдэх, ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв” гэжээ.

2.1“нийтийн ашиг сонирхол, хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, улс орны аюулгүй байдалд хохирол учруулж болзошгүй, тодорхой нөхцөл, нарийн мэргэжил шаардах аж ахуйн зарим үйл ажиллагааг эрхлэхэд тусгай зөвшөөрөл олгоно” хэмээн Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд зааж, ямар үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл олгох талаар нэг бүрчлэн тоочсон байна. Харин тэр дунд эм олгогдох үйл ажиллагаа байхгүй байна. Тэгэхээр “эмийг тусгай зөвшөөрлөөр олгодог” хэмээн дүгнэсэн дүгнэлт нь тусгай зөвшөөрөл гэж юуг хэлдэг талаарх хуулийн ойлголттой зөрчилдөж байх тул хуульд нийцэхгүй дүгнэлт хийсэн байна.

2.2 Эмийг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр олгогддог гэсэн шүүхийн дүгнэлтийг зөв гэж үзэх юм бол эм олгох үйл ажиллагааг Э.Б- явуулаагүй тул түүнд уг заалт хамаарахгүй ба тэрээр зөвхөн эмийн жороор эм худалдан авсан. Эмийн жор бичих үйл ажиллагааг тусгай зөвшөөрлийн үндсэн дээр явуулна гэж хуульд заагаагүй байна. Иймд шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Э.Б-ийг цагаатгаж өгнө үү. ...” гэв.

 

Прокурор Н.Гэрэлмаа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Нийтийн албаны ашиг сонирхлын эсрэг гэмт хэрэгт үр дүн, субъект байх ёстой гэж өмгөөлөгчийн зүгээс маргадаг. Энэ асуудал анхан шатны шүүх хуралдаанд ч мөн яригдсан. Гэтэл энэ гэмт хэрэгт заавал хохирогч шаардахгүй. Тухайн жорыг эрх олгосон хэвлэмэл маягт гэж үзсэн. Үүнийг хуурамчаар үйлдээд, эмчийн жороор олгогддог эмийг их хэмжээгээр аваад байгаа үйлдэл нь хуурч бичиг баримт үйлдэж, үүнийгээ ашиглаад байна гэж үзсэн. Иймд өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

 

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж, тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

 

Э.Б- нь MNS 5376:2014 Монгол Улсын стандартад заасан загварын дагуу аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газраас хэвлүүлэн, дугаарлаж /индекс/ харъяа нутаг дэвсгэртээ үйл ажиллагаа явуулж байгаа эрүүл мэндийн байгууллагад түгээдэг “Сэтгэцэд нөлөөт эмийн жорын маягт”-ыг өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэж хуурамчаар үйлдэж, үүнийгээ мэдсээр байж 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Соманг плаза” төв дэх “Ази фарм” эмийн сангаас эмчийн бичсэн жорын дагуу олгодог, эмчилгээнд хэрэглэх сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад багтдаг “диазепам”, “трамадол” эмнээс тус тус худалдан авч ашигласан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

гэрч П.Гэрэлмаагийн “...Б- гэх хүн жороор эм авсан. Уг жорын дагуу “диазепам” гэдэг эмнээс 210 ширхэгийг, “трамадол” гэдэг эмнээс 80 ширхэгийг гурван тусдаа жороор олгосон. ...Эмийн жорын индекс нь нэг л жор дээр бичигдэхээс биш өөр жоруудад давтагдан бичигдэх боломж байхгүй. ...Б-д худалдаалсан эмийн жоруудыг тухайн үедээ би анзаарч хараагүй. Хэрэв сайн харсан бол ийм давтагдсан индекстэй жороор эм худалдаалахгүй байх байсан. ...Диазепам нь тайвшруулж унтуулах, трамадол нь өвчин намдаах үйлчилгээтэй. .../1хх 40-41/,

 

гэрч П.Бурмаагийн “...Б- одоогоос хоёр сарын өмнө “ээжээ би эм уугаад байна. Уухгүй бол бүх зүйл гунигтай, хэцүү юм шиг санагдаад, би сэтгэл санаагаар унаад байна. Уг нь би ийм баймааргүй байна. Эм уухаасаа гэмшиж байна.” гэж ярьсан. Үүний дагуу Б-ийг Сэтгэцийн эрүүл мэндийн төвд үзүүлж 10 хоногт эмнэлэгт хэвтүүлсэн. Эмч нь надад “сэтгэцэд нөлөөт эмийг биеэс нь гаргах эмчилгээ хийсэн.” гэж хэлсэн...” /1хх 42-43/,

 

гэрч П.Болормаагийн “...Б- мансууруулах бодис хэрэглэдэг эсэхийг мэдээгүй. Харин түүнийг эм хэрэглэдэг талаар нь мэдэж байсан. Түүний ээж Бурмаа надад Б- эм хэрэглээд байдаг талаар ярьж байсан. ...” /1хх 44-45/,

 

Э.Б-ий яллагдагчаар өгсөн “...тэр үед Хөхтөмөр гэгч нь надад эмийн жор хоёр ширхэгийг өгсөн. Би уг эмийн жорыг өнгөтөөр канондуулаад эм авч байсан. ...Жорыг бичихээсээ өмнө канондож байсан. ...” /1хх 180-181/ гэх мэдүүлгүүд,

 

 “...Шинжилгээнд ирүүлсэн “Э.Б-ий шээсний дээж” гэсэн хаягтай шээсний дээжинд метадон /МТD/, бензодиазепин /BZO/ илрэв. Шинжилгээгээр илэрсэн метадон / МТD/ 1961 оны мансууруулах эмийн тухай конвенц, бензодиазепин / BZO/ НҮБ-н 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад тус тус багтдаг...” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 3384 дугаартай дүгнэлт /1хх 48-49/,

 

 “...Шинжилгээнд ирүүлсэн 11263265 индексийн дугаартай Сэтгэцэд нөлөөт эмийн жор гэсэн гарчигтай 12 ширхэг баримтуудад дарагдсан тэмдэгний дардаснууд хуулбарлан олшруулах аргаар өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн хуурамч тэмдэгний дардаснууд байна. Шинжилгээнд ирүүлсэн 12 ширхэг 11263265 индексийн дугаартай сэтгэцэд нөлөөт эмийн жор гэсэн гарчигтай баримтын эхийг хуулбарлан олшруулах аргаар өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан хэвлэсэн байна...” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 3112 дугаартай /1хх 62-69/,

 

Э.Б-ий гэрт нэгжлэгээр хураан авсан эд зүйлсээс шинжилгээнд ирүүлсэн хоосон эмийн хайрцагнууд, шприцны гадар уут зэргээс бусад зүйлс шинжилгээнд тэнцэнэ.

Шинжилгээнд ирүүлсэн “...“ТЕБАНТИН”-өвдөлт намдаах, “КАРБАМАЗЕПИН”-уналт таталтын эсрэг, “АМИТРИПТИЛИН”-нойргүйдэл, “ТРАМДОЛ”-мэдээгүйжүүлэлт, булчин сулруулагч, “АНАЛГИН            ”-өвчин намдаагч гэх нэршилтэй эмнүүд нь 1961 мансууруулах эмийн тухай нэгдсэн конвенци, 1971 оны сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцийн жагсаалтад багтахгүй болно. ...” гэх Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн 3383 дугаартай дүгнэлт /1хх 53-54/,  

 

хэрэгт эд мөрийн баримтаар хураан авч, тооцсон 11263265 дугаарын индекстэй 12 ширхэг “Сэтгэцэд нөлөөт эмийн жор”, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 4-14/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 15-17/, /1хх 18-19/ болон бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогджээ.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, шүүхээс үнэлж дүгнэх боломжтой байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Э.Б-ийг баримт бичгийг хуурамчаар үйлдсэн, хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний энэ үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

Шүүгдэгч Э.Б-ий гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, түүнд 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан нь түүний гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

 

Шүүгдэгч Э.Б-ий өмгөөлөгч Г.Нацагдорж “...нийтийн албаны ашиг сонирхол хөндөгдөөгүй, ...эмийг тусгай зөвшөөрлөөр олгодог гэх шүүхийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул Э.Б-д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

 

 Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.16 дахь хэсэгт “эмийн жор” гэж эмчээс эм зүйч, эм найруулагчид хандан эмийг тухайн өвчтөнд зориулан бэлтгэх, олгох, хэрэглэх аргыг заасан баримт бичгийг”, 3.1.17 дахь хэсэгт “эмийн зохистой хэрэглээ” гэж эмийг шаардлагатай тохиолдолд эмч, эм зүйчийн заавар, зөвлөмжийн дагуу зөв хэрэглэхийг”, 17 дугаар зүйлийн 17.2 дахь хэсэгт “Эмч эмийн жорыг олон улсын нэрээр стандартын дагуу бичиж, хэрэглэх арга, хугацаа, илрэх гаж нөлөө зэргийг үйлчлүүлэгчид тайлбарлана”. гэж тус тус заажээ.

 

Дээрх хуулийн зохицуулалтаас үзэхэд, жороор олгох эмийн жорыг хуурамчаар үйлдэж, түүгээр эм худалдан авч байгаа явдал нь нийгэмд эмийн зохисгүй хэрэглээг бий болгох, эмэнд дасах, хордох, эмчилгээний үр нөлөө буурах, эрүүл мэнд, амь насаараа хохирох зэргээр нийтийн ашиг сонирхол хөндөгдөж байна. Тэр ч утгаараа хуурамч баримт бичиг үйлдэж, түүнийгээ мэдсээр байж ашиглаж байгаа үйлдлийг эрүүгийн гэмт хэрэгт тооцож, Эрүүгийн хуульд хуульчилжээ.

 

Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Э.Б-ий “Сэтгэцэд нөлөөт эмийн жорын маягт”-ыг өнгөт хэвлэх төхөөрөмж ашиглан хуурамчаар үйлдэж, түүгээрээ эмчилгээнд хэрэглэх сэтгэцэд нөлөөт эмийн жагсаалтад багтдаг “диазепам”, “трамадол” зэрэг эмийг их хэмжээгээр худалдан авч ашиглаж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б-ий өмгөөлөгч Г.Нацагдоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/413 дугаартай шийтгэх тогтоолын хэвээр үлдээж, шүүгдэгч Э.Б-ий өмгөөлөгч Г.Нацагдоржийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     М.ПҮРЭВСҮРЭН

 

 

 

                        ШҮҮГЧ                                                            Н.БАТСАЙХАН

 

 

                        ШҮҮГЧ                                                            Л.ДАРЬСҮРЭН