Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 19 өдөр

Дугаар 23

 

 

 

 

 

 

 

 

 

                                                     Б.Нямсүрэнд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Б.Дамба даргалж, шүүгч М.Нямбаяр, Н.Туяа нарын бүрэлдэхүүнтэй, прокурор Т.Өсөхболд, шүүгдэгч Б.Нямсүрэн шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Энхжаргал, Д.Эрдэнэчимэг, нарийн бичгийн дарга Б.Гантуяа нарыг оролцуулан

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 73 дугаар шийтгэх тогтоолтой, Б.Нямсүрэнд холбогдох эрүүгийн 1936003120251 дугаартай хэргийг шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн, 2020 оны 05 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авч шүүгч Н.Туяагийн илтгэснээр нээлттэйгээр хянан хэлэлцэв.

 Монгол улсын иргэн, 1981 оны 03 сарын 22-ны  өдөр  Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, ард халх, дээд боловсролтой, урьд ял шийтгэлгүй, ПЮ81032228 дугаарын регистртэй, Барга овогт Баатарын Нямсүрэн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарын албан хэрэгцээнд ашиглуулах зориулалттайгаар 2018 оны 09 дүгээр сард өөрт нь хариуцуулан олгосон БНХАУ-д үйлдвэрлэсэн “ Chongoing Hongli” маркын улаан өнгийн мотоциклийг 2018 оны 11 дүгээр сард Ховд аймгийн  Булган сумын Алагтолгой багийн иргэн Б.Батсүхийн эхнэр Н.Алтанхүүд 1500000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд  хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх “Шүүгдэгч Барга овогт Баатарын Нямсүрэнг бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн  1-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн  1-д зааснаар шүүгдэгч Б.Нямсүрэнг   хоёр манга долоон  зуун нэгжтэй тэнцэх хэмжээний  хоёр сая долоон зуун мянган  төгрөгөөр торгох ял  шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Б.Нямсүрэнд  оногдуулсан 2700000  төгрөгний  торгох ялыг 1/ нэг/ жилийн  хугацаанд хэсэгчлэн төлүүлж, Эрүүгийн 1936003120251 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 5-д  зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд  биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцон хорих ялаар солих учиртайг шүүгдэгч Б.Нямсүрэнд тайлбарлаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч  Б.Нямсүрэнд оногдуулсан 2700000 төгрөгөөр торгох ялын биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-457 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид даалгаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Нямсүрэн түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Ж.Энхжаргал нар давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хуудь ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 дугаар зүйл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хууль ёсны байх зарчим алдагдсан байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.6 дугаар зүйлийн 1-д хуулийн этгээд, албан тушаалтан, иргэний баталсан болон бичсэн баримт бичиг, эрүүгийн хэрэгт ач холбогдолтой баримт мэдээллийг тухайн төрийн байгууллагаас үнэн зөвийг баталгаажуулж ирүүлсэн тохиолдолд нотлох баримт болно, мөн хуулийн 3-д бичмэл нотлох баримтыг эх хувиар нь хэрэв эхийг авах боломжгүй бол прокурор, мөрдөгч тэмдэглэл  үйлдэн хуулбарлан авна гэх хуулийг зөрчсөн нотлох баримтууд хавтаст хэрэгт авагджээ. Хавтаст хэрэгт Ховд аймгийн Иргэдийн хурлын тэргүүлэгчдийн 2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай 133 дугаартай тогтоол, болон тогтоолын хавсралтад Ховд аймаг дахь Цагдаагийн газрын тамга дарагджээ. Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Д.Ариунбилэгийн мэдүүлгээр улсын төсвөөр худалдан авалт хийсэн нь тогтоогдоогүй байна. Уг мотоцикль нь улсын дугаартай эсэх, эзэмшигч өмчлөгчийн бүртгэлийн талаарх лавлагааг хавтаст хэрэгт хавсаргаагүй байна.

2018 оны 12 дугаар сарын 26-ны өдрийн Хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай 133 дугаартай тогтоолын дагуу 2018 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр данс хөтөлж Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын дансанд бүртгэж орлогод хүлээн авсан гэх нотлох баримт нь эргэлзээтэй он сараас нь харахад тодорхой байна. Мөн хавтаст хэрэгт Сумдын Засаг даргын тамгын газрын блансад бүртгэх мотоциклын мэдээлэл, ажилчин албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл зэрэг нотлох баримтуудыг нөхөж гарын үсэг зуруулсан байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Нямсүрэнг яллагдагчаар татсаныг хүлээн зөвшөөрөхгүй бөгөөд гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.3-т заасан гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэрийг тогтоогоогүй байна. Өөрөөр хэлбэл гэмт хэргийн шинжгүй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг прокурорт буцааж өгнө үү гэв.

Прокурор шүүгдэгч түүний өмгөөлөгч нарын давж заалдах гомдолтой танилцаад хариу тайлбар болон давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Шүүх шүүгдэгч Б.Нямсүрэнгийн үйлдсэн гэмт хэргийн шинж, үйлдсэн арга, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан түүнд ял оногдуулсан байх ба түүнчлэн шүүгдэгч Б.Нямсүрэнд ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлд заасан шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байх мөн хуулийн 39.7 дугаар зүйлд заасан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэх, мөн хуулийн 39.8 дугаар зүйлд заасан Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчих гэсэн заалтуудыг тус тус зөрчөөгүй гэж үзэж байна.  Шүүгдэгч Б.Нямсүрэн нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн байцаалтын явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт цугларсан буюу шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон болно. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ нь:  

            Давж заалдах шатны шүүх  шүүгдэгч Б.Нямсүрэнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хянан шийдвэрлэхдээ мөн хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд заасан асуудлаар  хязгаарлахгүйгээр хэргийг  бүхэлд нь хянаж үзлээ.

Ховд аймгийн Прокурорын газраас  шүүгдэгч  Б.Нямсүрэнг улсын төсвийн хөрөнгө оруулалтаар багийн Засаг дарга нарт 2020 оны 05 дугаар сарын 25 –нд албан хэрэгцээнд ашиглуулах зориулалттайгаар 2018 оны 09 дүгээр сард өөрт нь хариуцуулан өгсөн БНХАУ-д үйлдвэрлэсэн “ Chongoing Hongli” маркын улаан өнгийн мотоциклыг 2018 оны 11 дүгээр сард Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн иргэн Н.Алтанхүүд 1500000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар  2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 5/09 дугаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх прокуророос ирүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Нямсүрэнг   бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй болжээ.

Шүүгдэгч Б.Нямсүрэн нь Ховд аймгийн Жаргалант сумын Алагтолгой багийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд түүнд Жаргалант сумын Тамгын газраас албан ажлын хэрэгцээнд зориулж 2018 оны 09 дүгээр сард өөрт нь хариуцуулан  эзэмшүүлсэн БНХАУ-д үйлдвэрлэсэн “Сhongoing Hongli “ маркийн улаан өнгийн мотоциклыг 2018 оны 11 дүгээр сард Ховд аймгийн Булган сумын Алагтолгой багийн иргэн Н.Алтанхүүд 1500000 төгрөгөөр худалдан борлуулж, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгч Д.Ариунбилэгийн өгсөн... Б.Нямсүрэнгийн хувьд багийн нийгмийн ажилтнаар ажиллаж байгаад 2009 оноос Алагтолгой багийн Засаг даргаар томилогдож 11 дэх жилдээ ажиллаж байна. 2018 оны  8 сард Аймгийн Засаг даргын Тамгын газраас Жаргалант сумын 12 багийн Засаг дарга нарт мотоцикл ирж  байгаа өнөөдөр 15 цагт ирж хүлээж ав гэж Хөрөнгө оруулалт хөгжлийн хэлтсийн дарга Баярсүх над руу утсаар ярихад би манайх мотоцикл захиалаагүй гэж хэлсэн. 91 багийн Засаг дарга нарыг унаажуулах хөтөлбөрийн хүрээнд мотоцикл авч өгч байгаа юм хурдан багийн дарга нараа дуудаад ир гэсэн. Би аймгийн 12 багийн Засаг даргын мотоциклыг хүлээж авсан. 9 сард бүх багийн дарга нараа Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын үүдэнд цуглуулаад мотоциклыг албан ёсоор түлхүүрийн хамт гардуулан албан хэрэгцээнд ашиглуулахаар хүлээлгэн өгсөн. Мөн аймгийн Иргэдийн хурлаас 2018 оны 12 сарын 26-ны өдрийн 33 дугаартай тогтоолоор Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэж авахыг даалгасан. Мотоциклыг 2018 оны 09 сард хөрөнгийн бүртгэлд бүртгээд хүлээлгэн өгсөн. Манай сумын өмч хамгаалах зөвлөл хөрөнгөө хагас, бүтэн жилээр тоолдог. 2019 оны эхээр мотоциклыг зарим нь амаар зарим нь авчирж үзүүлж тоолуулсан байсан.Тухайн мотоциклыг Б.Нямсүрэнгийн хувьд мотоциклоо унаж хэрэглээгүй байсан тул хадгалалтандаа хайхрамжгүй хандсан байна.

 Мотоциклыг хураан авсан тул нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 15-16, 2 дугаар хх-ийн 133-139 дүгээр тал/

гэрч Б.Лхагвасүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...”Манай дүү Б.Нямсүрэн нь манай грашинд улаан өнгийн мотоцикл авчирж хадгалуулсан. Мөн грашинд манай нөхрийн цагаан өнгийн мотоцикл байсан. Манай нөхөр 2018 оны 07 дугаар сард нас барсан тул дүүдээ нөхрийнхөө мотоциклыг зарах талаар хэлж байсан. Манай дүү мотоцикл авах хүн явуулчихлаа гэж хэлсэн. Хоёр эмэгтэй ирсэн. Би нөхрийнхөө цагаан өнгийн мотоциклыг зарна гэж хэлсэн. Нөхөр нас барсан сэтгэл санаа тавгүй байсан. Мотоциклоо авчихлаа гээд хаалгаар шагайж хэлсэн. Дараа нь гараад харахад манай дүү Б.Нямсүрэнгийн улаан өнгийн мотоциклыг аваад явсан байсан. Мөнгийг нь бэлэн 1.500.000 төгрөг өгсөн. Би тухайн мөнгийг өөртөө, хоёр хүүхэддээ хэрэглэсэн. Б.Нямсүрэнд “ чиний улаан мотоциклийг аваад явсан байна” гэдгийг хэлэхэд та өөрийнхөө мотоциклыг өгөхгүй албаны мотоцикл яагаад өгч явуулж байгаа юм бэ гэж хэлсэн. Тэгээд нөгөө хүмүүстэй холбогдох гэсэн боловч утас нь холбогдохгүй байсан.”гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн  29-30,2 дугаар хх-ийн 140-144 дүгээр тал/

Гэрч Н.Алтанхүүгийн  мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би мотоцикл авахаар Ховд аймаг явсан юмаа. Замдаа хамт машинд сууж явсан Улаанаа гэх эмэгтэйтээ ярилцаж яваад мотоцикл авахаар явж байгаагаа хэлэхэд Б.Нямсүрэн гэх хүний 99921506 утас өгч, энэ хүн мотоцикл зарна гэж хэлсэн. Аймагт ирээд утсаар ярихад хоёр мотоцикл зарна, гэрт байгаа, гэрт манай эгч байгаа, очиж үзээд ав гэхээр нь утсаар яриад гэрийг нь заалгаад талын хашаанд очсон. Б.Нямсүрэнгийн эгч гэсэн эмэгтэй намайг тосож аваад амбаарт байсан цагаан, улаан өнгийн мотоцикл үзүүлэхээр нь улаан өнгийн мотоциклыг авч эгчид нь 1500000 төгрөгийг тоолж өгсөн. Надтай манай нутгийн хөрш С.Оюунчимэг гэх эмэгтэй хамт очсон. Миний худалдаж авсан мотоцикл улсын дугаар бичиг баримт байгаагүй. Тухайн үед тэр хүнээс тийм бичиг баримт шаардаагүй. 2019 оны 12 сард Б.Нямсүрэн над руу утсаар яриад мотоциклыг буцаагаад явуулчих мөнгийг чинь өгнө гэж хэлсэн. Манай нөхөр Б.Батсүх мотоциклыг унаж байгаад автомашин худалдаж аваад уг мотоциклыг зарчихсан....гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 2-24,31 дүгээр тал/

Гэрч С.Оюунчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны 11 сард   Н.Алтанхүү Бид хоёр мотоцикл худалдаж  авахаар Ховд аймаг руу явж байхад хамт явсан Улаанаа гэх эмэгтэй “ нэг хүн мотоцикл зарна гэж байна лээ” гээд утасны дугаарыг нь Н.Алтанхүүд өгсөн. Нэрийг нь сайн мэдэхгүй. Нямтай хүний нэр хэлж байсан. Н.Алтанхүү бид хоёр талын хашаанд очиход нэг эмэгтэй тосож аваад грашинд байсан 2 мотоциклыг худалдана гэж үзүүлэхээр улаан өнгийн мотоциклыг 1500000 төгрөгөөр худалдаж авсан.Нэг цагаан өнгийн мотоцикл байсан. Н.Алтанхүү мотоцикль худалдаж авч байгаа хүний эгч гэх хүнд мөнгийг бэлнээр тоолж өгсөн.   Тэр хүн өөрөө ирээгүй. Эгч гэх хүн нь бид хоёрт мотоцикл үзүүлсэн. Н.Алтанхүүгийн утсаар ярьсан хүн нь хоёр мотоцикл байгаа аль нэгийг нь аваарай гэж хэлсэн..... гэх мэдүүлэг / 1 дүгээр хх-ийн 33-34 дүгээр  тал/

Гэрч Х.Олонбаярын / Улаанаа/ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2018 оны 11 сард над руу нэг эмэгтэй залгаад нэг мотоцикл байна зараад өгөөч гэж хэлсэн. Тэр хүний нэрийг асуугаагүй, миний дугаарыг хаанаас авсныг мэдэхгүй. Хэд хоногоос Ховд аймаг руу явж байхад таксинд хамт суусан 2 эмэгтэй “мотоцикл худалдаж авахаар явж байна” гэхээр нь нөгөө над руу залгасан эмэгтэйгийн дугаарыг утаснаасаа хайж олоод  өгсөн. Тэр хоёр эмэгтэйн эгчийг С.Оюунчимэг гэдгийг танина. Нөгөө эмэгтэйг танихгүй...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн  хэргийн 32 дугаар тал/

Гэрч Б.Өлзийсайханы   мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...”2018 оны 09 дүгээр сард аймгийн төв талбай дээр орон нутгийн өмчийн газраас багийн Засаг дарга нарт мотоциклыг хүлээлгэн өгсөн. Мотоциклыг ирсэн бичиг баримтын хамт Жаргалант сумын   хөрөнгө орлогод хүлээн авсан. Жилд 1-2 удаа хөрөнгөө тоолдог журамтай.    2019 оны 05 дугаар сард хийсэн тооллогоор Бичигт багийн дарга С.Бат- Эрдэнэ, Наран багийн Засаг дарга И.Цэрмаа нар мотоциклоо авч ирж үзүүлж тоолуулсан. Бусад багийн Засаг дарга нар мотоциклоо биетээр үзүүлээгүй, амаар байгаа гэж тоолуулсан...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн 19-20 дугаар тал/

Гэрч Э.Саранцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны эхний хагас жилийн тооллогын ажлын хэсэгт оролцож, Багийн Засаг дарга нарт олгосон мотоцикль болон Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын бүх эд хөрөнгийн тоолсон. Наран багийн Засаг дарга И.Цэрмаагийн мотоциклыг өөрийн нүдээр үзэж тоолсон. Бусад багийн дарга нар мотоциклыг байгаа гэж амаар тоолуулсан. Тухайн үед авчирч нүдээр үзүүлж тоолуулах шаардлага тавьсан. Тооллогын ажлын хэсэг Багийн дарга нарын мотоциклыг нүдээр үзүүлж авчирж тоолуулаагүй гэдгийг хэлж байсан. ... гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн  21 дүгээр тал/

Гэрч Ч.Доржсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн... 2019 оны 02 дугаар сард Н.Алтанхүүгээс улаан хүрэн өнгийн “ Hongli” маркын мотоциклыг 1700000 төгрөгөөр худалдаж аваад унаж байгаад 2019 оны намар Байтаг багийн Батчулуун гэх хүнд 1500000 төгрөгөөр зарсан. Өнгө үзэмжийн хувьд шинэ мотоцикл байсан...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн  25-26 дугаар тал/

Гэрч О.Батчулууны мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн...2019 оны 10 сарын 27-30 ны хооронд Чулуунбаатарын Доржсүрэнгээс “ Hongli” гэсэн бичигтэй, улаан өнгийн БНХАУ-д үйлдвэрлэсэн мотоциклыг 1500000 төгрөгөөр бодож худалдаж аваад үнэнд нь идэшний үхэр, хавар ноолуур гарахаар мөнгө өгөхөөр тохирсон байсан...гэх мэдүүлэг /1 дүгээр хх-ийн  27 дугаар тал/

Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 02 сарын 01-ний өдрийн Б/22 дугаартай “Б.Нямсүрэнг Алагтолгой багийн засаг даргаар томилсон тухай  захирамж /1 дүгээр хх-ийн 115 дугаар тал/, Эд хөрөнгийн үнэлгээ тогтоосон... “ Hongli” маркын мотоцикл 2235000 төгрөг ... гэх шинжээчийн дүгнэлт /1дүгээр хх-ийн 36 дугаар  тал/ 0000001 дугаартай “Орлогын баримт” /1 дүгээр хх-ийн 90 дүгээр  тал/ 2019 оны 02 сарын 01-ний өдөр  эд хариуцагч Б.Нямсүрэнгийн нэр дээр тоологдсон бүртгэлийн 10 дугаарт  мотоцикл амаар тоолсон гэх баримт /1 дүгээр хх-ийн 92 дугаар тал/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1 дүгээр хх-ийн 4-6 дугаар тал/ зэрэг хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн авсан болон шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар   нотлогдон тогтоогджээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээс хэргийг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогчдын  хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий субъектүүдийг оролцуулан хуульд зааснаар тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтад үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийжээ.

Өөрөөр хэлбэл анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч Б.Нямсүрэнд холбогдох хэргийг хянан хэлэлцээд шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтыг үндэслэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  түүнд ял шийтгэл оногдуулсан нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд шүүх Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч  Б.Нямсүрэн болон түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Ж.Энхжаргал  нар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: “Анхан шатны шүүх тухайн мотоцикл нь улсын төсвийн хөрөнгө оруулалтаар ирсэн улсын өмч, эсхүл орон нутгийн өмч болох нь тогтоогдоогүй байхад, сумдын Засаг даргын тамгын газрын блансад бүртгэх мотоциклын мэдээлэл, ажилчин албан хаагчдын хэрэглэж байгаа эд хөрөнгийн ашиглалтын бүртгэл зэрэг баримтуудад нөхөж гарын үсэг зуруулсан, мөн эд хөрөнгийн бүртгэлээр мотоциклыг амаар тоолсон гэх баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй, эргэлзээтэй, нотлох баримтыг үнэлж, шүүгдэгч Б.Нямсүрэнг бусдын итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завшсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулсныг хүлээн зөвшөөрөхгүй,түүнчлэн хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн гүйцэд нотлоогүй гэж үзэж байна.“ гэжээ.

Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдолд дурдсан үндэслэлд хязгаарлахгүйгээр  хэрэгт цугларсан нотлох баримтыг шинжлэн судалж,  хэргийг бүхэлд нь хянаад дараах дүгнэлтийг хийлээ.

Хэрэгт авагдсан баримтаар  Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын дарга Д.Ариунбилэгийг энэ хэрэгт 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хохирогч байгууллагын хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон мөрдөгчийн  шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй байна.   Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч  Д.Ариунбилэгийн нь “багийн Засаг дарга нарт хүлээлгэж өгсөн  мотоциклыг Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын хөрөнгийн бүртгэл цахим санд миний эрхээр орж бүртгүүлдэг, Б.Нямсүрэнд хүлээлгэж өгсөн мотоциклыг тухайн үед  нь эд хөрөнгийн бүртгэлийн программд  багийн Засаг дарга нарын эд хөрөнгө хариуцах бүртгэлд бүртгэсэн” гэж  шүүхийн хэлэлцүүлэгт,   гэрч Б.Өлзийсайхан   “багийн Засаг дарга нарт хүлээлгэж өгсөн мотоциклыг ирсэн бичиг баримтын хамт Жаргалант сумын   хөрөнгө орлогод хүлээн авсан.”гэж мөрдөн шалгах ажиллагаанд тус бүр мэдүүлжээ.

  Шүүгдэгч Б.Нямсүрэнг Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн Б/22 дугаар захирамжаар Жаргалант сумын  Алагтолгой багийн засаг даргаар томилогдон ажиллаж байх хугацаанд  түүнд ажил үүргээ гүйцэтгэх  албан хэрэгцээнд нь зориулан БНХАУ-д үйлдвэрлэсэн “Hongli“ маркийн улаан өнгийн мотоциклыг Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас хүлээлгэн өгч, мотоциклыг Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын хөрөнгийн бүртгэлд бүртгэснээр уг мотоцикл нь Жаргалант сумын Засаг даргын Тамгын газрын  өмч болсон байна. Өөрөөр хэлбэл Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас албан хэрэгцээнд ашиглах зориулалтаар шүүгдэгч Б.Нямсүрэнгийн  хүлээлгэж өгсөн мотоцкл нь орон нутгийн өмчид бүртгэлтэй байна.

Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой үнэн зөв талаас нь харьцуулан судалж, хэргийн үйл баримтыг зөв тогтоож, тухайн мотоциклыг Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас Жаргалант сумын Алагтолгой багийн Засаг дарга Б.Нямсүрэнд хүлээлгэж өгч, тэр хүлээж авснаар бусдын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцах үүрэг хүлээсэн гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Учир нь шүүгдэгч Б.Нямсүрэнгийн албан ажлын хэрэгцээнд зориулан түүнд  Ховд аймгийн Жаргалант сумын Засаг даргын Тамгын газраас  хүлээлгэж өгсөн  уг мотоциклыг захиран зарцуулах эрхийг  олгогдоогүй байхад бусдад 1.500.000 төгрөгөөр худалдаж, өөрт нь хариуцуулан өгсөн эд хөрөнгийг завшсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан байна.

Иймд шүүгдэгч  Б.Нямсүрэн болон түүний өмгөөлөгч нарын давж заалдах журмаар гаргасан гомдол  үндэслэлгүй байх тул тэдний гомдлыг  хэрэгсэхгүй болгож, анхан  шатны  шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Ховд аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 2020/ШЦТ/73  дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,  шүүгдэгч Б.Нямсүрэн болон түүний өмгөөлөгч Д.Эрдэнэчимэг, Ж.Энхжаргал  нарын давж заалдах журмаар гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.

            2. Гомдол эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

 

                   

                             ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                              Б.ДАМБА

                                               ШҮҮГЧИД                                              М.НЯМБАЯР

                                                                                                              Н.ТУЯА