Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 60

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Дашмягмар шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Бор ахаас 70.000.000 төгрөг зээлсэн. Гэхдээ тухайн үед Бор ах надаас “чамд барьцаанд тавих байр байгаа юу” гэхээр нь “байхгүй” гэсэн.  “Өөр юу байна вэ” гэхээр нь “унаж яваа машин л байна. Таван богдын лизингтэй. Та гэрчилгээг нь үзэх үү” гэхэд “Таван богдын нэр дээр юм бол үзээд яах юм бэ” гэсэн. Би уг машиныг өөрийн эзэмшлийнх гэж Бор ахаас мөнгө аваагүй. Дараа нь тэр машинаа 3 хоног унаад өгье гээд авч явсан. Тэр өдөр эхнэртэйгээ хэрэлдээд гадуур сар гаруй хугацаанд явсан. Машиныг нь хүргэж өгч чадаагүй манай гэрийн гадаа байсан. Гэхдээ би 2, 3 сар гэхэд Бор ахын мөнгийг нь төлчихнө гэж бодож байсан. Хүнээс мөнгө орж ирэх ёстой байсан боловч орж ирээгүй учраас зээлсэн мөнгөө төлж чадаагүй. Тэгээд би машинаа нэг хүнд түрээслүүлсэн. Түрээсийн мөнгөө авч чадахгүй болохоороо буцааж аваад Ням ахаас мөнгө зээлсэн. Би Нүхтийн аманд 10.000 куб мод нийлүүлэхээр ярьсан байсан. Сүүлд мөрдөн байцаалтын явцад нотлогдоогүй алга болсон. Урьд нь Сэлэнгээс мод зөөж байсан жолооч нар, Саппоро дээр байсан жолооч нар намайг мод зөөдөг гэдгийг хэлж байсан. Гэтэл нөгөө талаас гэрээ байхгүй байна гээд нотлогдохгүй байгаа. Төмөр замынхан намайг Орос улсад очоод модны судалгаа хий гэхээр нь Улаан-Үдэд байдаг бүх модны цехүүдтэй уулзаж байсан. Би Алтанбулгийн чөлөөт бүсэд газар авах гээд, Сэлэнгэд ачаа буулгахыг зохицуулахаар бүх асуудлаа зохицуулчихсан байсан. Сэлэнгийн ачаа тээврийн хяналтыг зохицуулахаар болоод, мод худалдаж аваад түүнийгээ боловсруулаад бэлдүүлбэл ашигтай юм байна гээд маш их зүйл хийсэн. Эцэстээ миний хил хорио тавигдвал бүх юм болчихно гэж бодож байсан. Би олон тендер хөөцөлдсөн. Би Бор ахын мөнгийг төлнө гэж бодож байснаас залилах бодол байгаагүй. Би цагдаагийн асуудлаа дуусгаад ажилд оръё гэж бодоод ажилд орж чаддаггүй байсан. Надад төрийн байгууллагаас ажлын санал ирж байсан. Би 2 сарын хугацаанд их хэмжээний мөнгө хайж байсан. Тэрнээс биш тайван байсан бол надад сард 5.000.000-10.000.000 төгрөг олох боломж байсан. Ням ахаас эхлээд 20.000.000 төгрөг дараа нь 8.000.000 төгрөг зээлсэн. Энэ мөнгийг машиныг маань түрээслээд буцаагаад авахад дагаад байсан хачин хүмүүсээс салах гээд өгсөн. Ням гуайд өөрийн нэр дээр байдаг зуслангийн байшин, 5.500.000 төгрөгийн үнэтэй kirby тоос сорогчоо хүртэл нэг сарынхаа хүүнд нь өгч байсан. Би Ням ахыг хэдэн төгрөг болох нь вэ тэр мөнгөөр нь хүүндээ хаачихаараа гэдэг байсан. Би Ням ахыг залилсан гэж бодохгүй байна. Надад бас л мөнгө ороод ирнэ гэж бодож байсан. Би олон зээл хөөцөлдсөн. Үндэсний худалдаа аж үйлдвэрийн яамнаас 584.000.000 төгрөгийн зээл авах гээд дэмжүүлээд Худалдаа хөгжлийн банкин дээр очиход 48 сарын хугацаатай тооцоолол байсан нь яамнаас гарахдаа 36 сарын тооцоолол болсон гээд зээлээ авч чадаагүй. Би 30.000.000 төгрөгийн самар аваад хүнээр заруулахад алга болсон. Би олон тооцоо хийсэн. Надад экскаватор байсан. Уг нь 180.000.000 төгрөгийн үнэтэй байсан. Би нэг засвар хийдэг ахад 22.000.000 төгрөгөөр өгсөн. Тэр мөнгөө би модны бизнест хийсэн. Би цилодроп гэдэг машин авсан. Ой тайруулахад эхний 3-6 метр нь 1 дүгээр зэрэглэлийн мод, түүнээс дээш 2, 3 дугаар зэрэглэлийн мод гардаг. Түүгээрээ цилондроп хийгээд Монголд оруулж ирж зарна. Түүнийгээ Алтанбулгийн чөлөөт бүс дээр зарахад болох юм байна гэж бодож байсан. Би үүнийгээ хийх хуучин машиныг 1.000.000 рублээр авахаар тохироод 150.000 рублийг нь урьдчилаад өгсөн. Надад хүн залилах санаа байгаагүй. Би Таван богдыг залилая гэж бодоогүй. Эвскаватораа аваад модонд очоод ажиллаж байсан бол болох байсан боловч эвдэрчихсэн. Надад мөнгө орж ирэх боломж олон байсан. Миний мөнгө гацаад төлж чадахгүй болсон. Би болчихно доо гэж бодож байсан” гэв.

 

Шүүгдэгч Л.Оюунтуяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Бор ахаас 70.000.000 төгрөг нөхрийн хамт очиж авсан гэж хэлж байна. Би анх Бор ахтай 120 мянгатын мобикомын салбар дээр гар утасны төлбөрөө төлөх гэж тааралдахад ахынх нь төлбөр дутчихлаа гээд надаас 60.000 төгрөг авсан. Би хүүхдээ тэврээд явж байсан. Бор ах намайг гэрт хүргэж өгсөн. Бор ах “хаагуур юу хийж байна” гэж асуухаар нь “янз бүрийн тендер хөөцөлдөж байна. Хулхидуулсан хүн ч байна. Танд замын тендер олоод өгөх хүн байна уу” гэхэд нэг замын тендерийн хүнтэй холбож өгсөн. Түүнээс биш би замын тендерээр байр, машин авсан гэж хэлээгүй. Тэгээд “2 хүүхэдтэй болсон. Амьдрал урьд байснаа бодвол гайгүй болж байна” гээд би Бор ахад хэлж байсан. Манай нөхөр модны бизнест орсон 70.000.000 төгрөг хэрэгтэй байна. Мөнгө зээлчих хүн хэрэгтэй байна гэхээр нь би Бор ахаас асууя гээд яриад Бор ахын ажил дээр нь очоод уулзахаар болсон. Тэгээд Бор ахын ажил дээр нь очиход Дашмягмар, Бор ах нар ярьсан. Би яриаг нь сонсоод сууж байсан. Тэд нар барьцаанд тавих байр байхгүй, машин байна гэж байсан. Бор ах гадаа гарч машиныг харсан. Гэрчилгээг нь тухайн үед үзээгүй. Бид хоёрт хэд хоногоос холбогдъё, Сувдаа эгчтэй нь яръя гэсэн. Тэгээд хэд хоногийн дараа яахаар болсон бэ гээд асуухад “Сувдаа эгчтэйгээ очоод уулз. Ах нь мөнгө их олдог, бага хүүтэй өгөхгүй” гэдгээ хэлсэн. Тэгээд 9%-ийн хүүтэй авахаар тохиролцсон. Яг тэр үед Дашмягмар бид хоёр сүүний фермийн төсөл хөөцөлдөж байсан. Тэгээд энэ зээлийг бүтэхээр таны мөнгийг өгье. Бас нөхөр маань модны бизнес хөөцөлдөж байгаа. Мөнгөө бөөн аваад өгнө гэж хэлж байсан. Бор ах “гэрийн гадаа машинаа тавиад Сувдаа эгчдээ түлхүүрээ үлдээчих” гэсэн. Бид 2 гэрт нь очоод бэлэн 70.000.000 төгрөг аваад түлхүүрээ үлдээсэн. Тухайн үед ямар нэгэн бичиг хийгээгүй. Таван богдын нэр дээр байгаа машин гэдгийг хэлсэн. Бор ахын гэрээс гараад би 2 хүүхэд рүүгээ явсан. Манай нөхөр мөнгөө аваад явсан. 12 дугаар сарын 30-ны өдөр Бор ах шинэ жилээ тэмдэглэж байгаа гээд урьсан. Дашмягмар шинэ жил тэмдэглээд согтуу байхаар нь би өөрөө очсон. Би Бор ахын надад мөнгө зээлсэн итгэлийг эвдээгүй. Би Бор ах, Сувдаа эгч хоёрыг маш их хүндэлдэг. Би Бор ахад хийх гэж байгаа ажлаа хэлдэг байсан. Тэрнээс биш залилах санаа байгаагүй. Шинэ жилээр би барьцаанд тавьсан машинаа Манай бага хүүхдийн хавирга дэлбийчихээд байхаар нь “Тэрэлжийн зүгт 3 хоног салхинд гараад ирье” гээд гуйж авсан. Тэгээд машинаа аваад нөхөртэйгээ мөнгөө төлөөч ээ гээд хэрэлдсэн. Би нөхөртэйгээ холбогдож чадаагүй. Бор ах надаас машинаа асуухаар нь “нөхөр яваад алга болчихлоо” гэж хэлсэн. Бор ахын гуйснаар ажилчин залуугийнх нь 8 хувийн зээлийг нь хөөцөлдөж зээлийг нь гаргаж өгсөн. Би Бор ахыг намайг тусалсан болохоор надад тусалж байна гэж бодсон. Надад залилан мэхлэх ямар ч санаа байгаагүй. Манай хүүхэд өвдөөд гэрээс гарч чадаагүй. Би компаниудтай хамтарч ажиллаж байхдаа саяхан Таван богдын захирлууд Солонгос явах визээ гаргуулсан. Туслах зүйл гарвал хэлээрэй гэж хэлж байсан.  Солонгос руу виз гаргах хэрэг гарвал хэлээрэй гэж хэлж байсан. Тэрнээс биш би итгүүлэх гэж хамаагүй зүйл яриагүй. Ням ахаас мөнгө зээлсэн явдлыг би мэдэхгүй. Тухайн үед нөхөртэйгээ хамт явж байсан. Дашмягмар намайг хамт хүнтэй уулзъя гэсэн. Эхлээд Энхбулган эгч гарч ирсэн. Ням ах Дашмягмартай хамт банк руу орсон. Би эхнэртэй нь хамт машин дотор юм яриад сууж байсан. Би хуурч мэхлэх ямар нэгэн зүйл яриагүй. Би Энхбулган эгчийг үүнийг батлаад хэлчихнэ гэж бодож байна. Дараа нь Дашмягмараас яагаад энэ хүмүүсээс мөнгө зээлсэн юм бэ гэж асуухад машинаа ажилд явуулахаар хүмүүс галзуу юм шиг унаж давхиад байна гэж байсан. 8.000.000 төгрөг зээлэхэд Дашмягмар Москвад байсан. Тэгээд “би Москвагаас бараа авах гээд байна. Доллар болгоод мөнгө шилжүүлэх хэрэгтэй байна” гээд надад Энхбулган эгчийн утасны дугаарыг өгсөн.  Энхбулган эгчээс асуухад хүүхдээ сахиад эмнэлэгт хэвтэж байна гэсэн. Намайг Ням ахаасаа асуу гэхээр нь би Ням ахтай холбогдоод зээлсэн. Би Дашмягмарын хэлснээр хүнээс асууж байсан болохоос өөртөө мөнгө авч хэрэглэсэн зүйл байхгүй. Би үнэнээ хэлж байна. Би хүн залилаагүй. Бор ахыг над руу залгах бүрт нь утсаа авдаг байсан. Би нөхөртөө хүний мөнгийг өг гэж хэлдэг байсан. Гэрээ хийж мөнгө авсан гэж ярьж байна. Өгөөдэйбаатар над руу залгаад “би урьд нь шоронд байсан хүн яахаараа Бор ахаас зээл авчихдаг юм бэ” гээд хэлж байсан. Шинэ жил дээр Өгөөдэйбаатар байсан. Тэгээд намайг янз бүрээр хэлж байсан. Би энэ тухай Бор ахад хэлж байсан. Өгөөдэйбаатар ах над руу залгаад “гэрээ хийж өг. Нөхөр чинь хамаагүй чи холбож өгснөөрөө гэрээ хийж өг” гэж дарамталсан. Өгөөдэйбаатар ах намайг “чи мөнгөө өгөхгүй бол интернэтээр цацна ажилгүй болгоно” гэж хэлж байсан. Би Дашмягмараас нэхэж байгаад 5.000.000 төгрөг аваад Өгөөдэйбаатар ахаас “хэний данс руу хийх вэ” гэхэд Өгөөдэйбаатар өөрийнхөө дансанд авна гэсэн. Тэгээд орой 22 цагт чи хаана байна гээд над руу залгаж дарамталж байсан. Би энэ тухай Сувдаа эгч, Бор ах  нарт хэлсэн. Өгөөдэйбаатар намайг “чамайг цагдаад өгөх гэж байна. Нөхөр чинь байхгүй ч гэсэн зүгээр надтай уулзаадах” гээд  хүнсний 1 дүгээр дэлгүүрийн тэнд байдаг цайны газарт уулзаад намайг дарамталж байгаад гэрээ бичүүлж байсан. Миний 2 хүүхэд айгаад уйлаад сууж байсан. Тэгээд “дараагийн удаа хүүхэдгүй ирээрэй” гэж загнаж байсан. Би нөхөртөө байнга “намайг хүн дарамтлаад байна, хүний мөнгийг өг” гэдэг шаардлага тавьдаг байсан. Хүүхэд маань өвдөөд байхаар би хүүхдүүдээ харж байна. Би саяхан ажилд орсон. Надад зээлсэн мөнгөө төлөх хүсэл байгаа. Надад залилах санаа байгаагүй. Би эгчтэйгээ хамт зээл хөөцөлдөхөд цагдаагаас чамайг асуусан чамд зээл өгөх боломжгүй гэсэн. Би зайсанд газар хөөцөлдөөд хүлээгээд байж байгаа. Таван богдоос намайг ирээд гарын үсэг зураадах гэсэн. Би очоод гарын үсэг зурсан. Таван богдын үйлдэлд би холбоогүй, залилаагүй” гэв.

 

Хохирогч Ё.Бор шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2014 оны 6 дугаар сараас эхлэн Дашмягмар, Оюунтуяа нар надтай “мөнгө хэрэгтэй байна замын тендер хэрэгтэй байна” гэж холбогдсон. Оюунтуяа сүүлд ирээд Хятадуудад замын тендер авч өгөөд энэ машиныг өгсөн гээд ланд 200 маркийн машин унаад ирсэн. Тэгээд 9 дүгээр сард надаас мөнгө асуугаад барьцаалах машин байгаа гэж хэлсэн. Би өөрсдийнх нь машин гэж бодсон. Хэрвээ Таван Богдын нэр дээр байгаа гэсэн бол би өөрөөр хандах байсан. Хүүгээ тохироход хамаагүй гэж хэлж байсан. Тэгээд 70.000.000 төгрөг өгсөн. 2 сарын хугацаанд 2 удаа хүүний мөнгө төлсөн. Оюунтуяа шинэ жилээр ирсэн гэдэг нь энэ хэрэгтэй хамааралгүй. Манай ажлын нэг хүн байрны зээл авах гээд бүтэхгүй байсан. Би өөрөөсөө урьчилгааг нь өгсөн байсан. Оюунтуяад таньдаг хүн байдаг болохоор хүнтэй ярьж өгч байсан. Би залуу хүмүүст тусалъя гэж бодсон. Оюунтуяа над руу утсаар яриад “хүүхдээ салхинд гаргах гэсэн юм. 3 хоног авч яваад ирье” гэхээр нь бичиг хийгээд өгөөд явуулсан. Би машинаа аваад явчихна гэж бодоогүй. Тэгээд олон сарын хугацаа өнгөрсөн. Би маш олон удаа утсаар ярьсан. Бизнес хийж байгаа хүн бүх юмыг тооцоолдог. Оюунтуяа насанд хүрсэн байж өөрийн гарын үсэг зурж байгаа юмаа мэдэж байгаа. Зээлсэн мөнгөнөөс Оюунтуяа ашиглаагүй гэж хэлж болохгүй. Хэрвээ бизнес нь ашигтай байсан бол Оюунтуяад хамааралтай. Эдгээр хүмүүс миний итгэлийг эвдсэн. Би 70.000.000 төгрөг нэхэмжилж байна гэв. 

 

Хохирогч Г.Нямаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би Дашмягмар, Оюунтуяа нарыг танихгүй. Тime шоп цагны дэлгүүрийн эзэн над руу яриад “надад мөнгө байхгүй байна. Та мөнгө зээлдүүлчих” гэсэн. Би “юун хүн юм бэ” гэхэд “барьцаанд 2013 оны шинэ ланд 200 маркийн машин тавъя гээд байгаа юм” гэж хэлсэн. Тэгээд Дашмягмар, Оюунтуяа нар надтай ирж уулзаад машиных нь бичиг баримтыг үзэхэд Таван богдын нэр дээр байсан. Би Мөнхжаргал руу яриад “машин нь өөрийнх нь нэр дээрх биш байна” гэхэд надад “найдвартай хүмүүс байгаа юм 2 сарын дотор өгнө” гэсэн. Дашмягмар надад “лизинг дуусахад 30.000.000 төгрөг үлдсэн” гэж хэлж байсан. Тэгээд би арай ийм машинаа хаяхгүй байх гэж бодоод 1 сарын хугацаагаар 20.000.000 төгрөг зээлсэн. Тэгээд хугацаа сунгаж болно гээд өөрсдөө гарын үсэг зурж баримт үйлдсэн. Тэгээд 4-5 хоногийн дараа Оюунтуяа 8.000.000 төгрөг нэмж авсан. Би барьцаанд тавьсан машиныг нь хүний граш түрээсэлж тавьсан. Оюунтуяа надад “жуулчдад үйлчилдэг Лексус 570, Ланд 200 маркийн машиныг зуучилдаг. Таныг бас явуулж өгч болно шүү дээ” гэж хэлж байсан. Тэрнээс хойш эхний хэдэн сар хүүгээ төлсөн. Сүүлдээ өгөхгүй байхаар нь би хаягаар нь Хурд хотхонд очоод уулзахад Оюунтуяа ”Дашмягмар бид 2 салсан, Таван шард байдаг байраа заръя, Зайсанд байдаг байраа зарна. Таны мөнгийг төлнө” гэж хэлж байсан. Энэ хооронд манай эхнэртэй уулзаад “Хятадуудтай нийлж мод оруулж байгаа тэрэнд хамтарч хөрөнгө оруулалт хийх үү, Хөвсгөлд хамтарч жуулчны бааз ажиллуулах уу” гэх зэрэг зүйл ярьж байсан. Манай эхнэр хаширласан байсан. Нэг өдөр очиход хөлсний байр байсан гээд байрандаа байгаагүй. Тэгээд Дашмягмар утасны дугаараа солиод алга болоод, олдох аргагүй болсон. Оюунтуяа “Ноён пиззагийн Жанцандоржтой нийлж 1-2 тэрбум төгрөгийн зээл авах гэж байгаа тэгээд таны мөнгийг өгнө. Та мөнгөнд санаа зоволтгүй” гэж хэлж байсан. Очих бүр нэг хувилбар хэлдэг байсан. Надад нэг тоос сорогч өгсөн. Зуслангийн газар гэх жижиг амбаартай газар өгсөн. Дараа нь ахынхаа байрыг өгсөн. Гэхдээ миний нэр дээр болоогүй байгаа. Энэ онд 9.000.000 төгрөгийн хүүг төлнө гэсэн. Чансаа гутлын дэлгүүрийн захирал Болорчулуунтай ирээд “Дашмягмар бид 2 нэг ангид байсан. Түүний өрөнд өөрийн үл хөдлөх хөрөнгийг барьцаалъя” гэж уулзаад Багануурт байдаг гутлын дэлгүүрийг барьцаалаад Дашмягмарын машиныг нь чөлөөлсөн. 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэхэд төлж дуусна гэж хэлсэн. Ингээд надад 5.000.000, 5.000.000 төгрөгөөр нийт 10.000.000 төгрөг өгсөн. Дараагийн өгөх сар өнгөрөхөөр нь би нэг мөсөн 10.000.000 төгрөг өгчих гэтэл “бололцоо муутай байна” гээд 1.000.000 төгрөг өгсөн. Манай эхнэр гадагшаа явах гээд мөнгөө нэхэхэд Дашмягмар утсаа авахгүй байсан. Тэгээд Болорчулуунтай ярихад “бид хоёр нэг юм хийх гээд байгаа би өмнөөс нь өгье” гээд 3.000.000 төгрөг өгсөн. Надад одоо 14.000.000 төгрөг өгөх өртэй. Дээр нь 2017-2018 онд 9.000.000 төгрөг өгнө гээд түүндээ 2 зуслангийн газар барьцаалсан байдалтай байгаа. Дашмягмар хүүний мөнгийг өгч чадахгүй байх. Тэгэхээр барьцаанд тавьсан газрыг шилжүүлж авна. Одоо нийтдээ 14.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.  

 

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Билгүүн шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Манай компани Таван Богд ББСБ-тай 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр төлбөр таслалтын даатгалын гэрээ байгуулсан. Энэ гэрээний 1 дүгээр зүйлийн 1.1.6 дахь хэсэгт зааснаар Таван богд ХХК-иас автомашин худалдан авсан худалдан авагч нь зээлийн эргэн төлөлтөө 14 хоног буюу түүнээс дээш хугацаагаар тасалдуулсан тохиолдолд үүнийг даатгалын тохиолдол гэж үзээд Монгол даатгал ХХК-аас даатгалын нөхөн төлбөр олгож Таван Богд ХХК-ийг хохиролгүй болгох үүрэгтэй. Энэ гэрээний дагуу өр төлбөрийг барагдуулсны үндсэн дээр манай компани өөрийнх нь зээлдэгч буюу буруутай этгээдээс өр төлбөр шаардах эрхийг хууль, гэрээний үндсэн дээр шилжүүлж авдаг. Шүүгдэгч Дашмягмар нь 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 167.000.000 төгрөгийн үнэтэй ланд 200 маркийг автомашиныг худалдан авч 50.700.000 төгрөгийн урьдчилгаа өгч, үлдэх 118.300.000 төгрөгийг 24 сарын хугацаатай барьцаат зээлийн гэрээ байгуулан худалдаж авсан. Ингэхдээ 13/0110 тоот барьцаат зээлийн гэрээ, 13/01-1 тоот үүргийн гүйцэтгэлийг хангуулах эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх фидукцын гэрээ, 130110-2 тоот барьцааны гэрээг тус тус байгуулсан. Дашмягмар нь машин худалдан авснаас хойш 2013 оны 12 дугаар сард 813 долларын эргэн төлөлт хийсэн. Гэтэл сард 3306 доллар 84 цент төлөх зээлийн графиктай байсан. Дашмягмар зээлийн эргэн төлөлтөө хийхгүй байсан учраас манай байгууллагуудын хоорондын төлбөр таслалтын гэрээгээр даатгалын тохиолдол болсон гэж  үзсэн.  2014 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр Таван Богд ХХК-ийн зүгээс бидэнд нэхэмжилсэн. Манай компани 01 дүгээр сарын 23-ны өдөр Дашмягмарын хүү болох 4.322.170 төгрөгийг Таван Богд ХХК-нд шилжүүлсэн. Үүний дараа 2014 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 118.870.191 төгрөгийг Таван Богд ХХК-нд төлсөн. Ингээд нийтдээ 123.192.362 төгрөг 34 мөнгийг хохирлын нөхөн төлбөр болгон шилжүүлсэн. Улмаар Таван Богд ХХК-иас 2014 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Дашмягмараас өр төлбөр шаардах эрхийг Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дах хэсэг, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7 дах хэсэгт заасны дагуу манай компанид шилжүүлэн өгсөн. Бид Дашмягмараас өр төлбөрөө нэхээд байнга утсаар ярьж холбогддог байсан. Дашмягмар удахгүй төлнө гээд төлөхгүй байсан. Ингээд 2015 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр өөрийн биеэр ирж уулзаад энэ ондоо багтаан мөнгөө төлж барагдуулна гэдэг байсан. Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тухайн эд хөрөнгийг манай компанид шилжүүлэн өгсөн тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагаа багасгах боломжтой” гэв.

 

 

 

Шүүхээс хэргийн талаар хийсэн дүгнэлт:

 

Шүүгдэгч Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нар нь 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таван богд финанс” банк бус санхүүгийн байгууллагаас 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Дугаар№13/0110 “Барьцаат зээлийн гэрээ” байгуулж 67,658,38 америк долларын зээл авсан байна. /хэргийн 1 дүгээр хавтас, 227-231 дүгээр хуудас/

Мөн 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Дугаар№13/0110-1 “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/” байгуулж гэрээний хавсралт 1-д дурдсан “Тоёота ланд круизер 200 дизель, хар өнгийн 4500СС” автомашин уг гэрээний дагуу /хэргийн 1 дүгээр хавтас, 232-233 дугаар хуудас/  “Таван богд финанс” банк бус санхүүгийн байгууллагын эзэмшилд байдаг болох нь Авто тээврийн үндэсний төвийн “Тоёота Ланд крузейр 200 маркийн 42-88 УНД улсын дугаартай автомашины эзэмшигч нь “Таван богд финанс” ББСБ гэсэн Тээврийн хэрэгсэлийн лавлагаагаар /хэргийн 1 дүгээр хавтас, 82 дугаар хуудас/ тогтоогдсон байна.

 

“Таван богд финанс” ББСБ, “Монгол даатгал ХХК”-уудын хооронд 2013 оны 4 дүгээр сарын 02-ны өдөр №90С1300170 тоот төлбөр тасалдалтын даатгалын гэрээ байгуулсан /хэргийн 1 дүгээр хавтас, 246-250, 2 дугаар хавтас 1 дүгээр хуудас/ бөгөөд уг даатгалын гэрээ болон Иргэний хуулийн дагуу гэм хорын хохирол нэхэмжлэх эрхийг 2014 оны 2 дугаар сарын 12-ны өдөр бүрэн шилжүүлсэн тухай баримт, /хэргийн 1 дүгээр хавтас, 245 дугаар хуудас/ “Монгол даатгал” ХХК-ийн захирлын 2014 оны 3 дугаар сарын 06-ны өдрийн 2/467 дугаартай “118 870 191.31 төгрөгийг даатгуулагч Таван богд финанс ХХК-ийн ХААН банкны 508 205 3314 төгрөгийн дансанд шилжүүлэхийг зөвшөөрсүгэй” гэсэн Захирлын тушаал, /хэргийн 2 дугаар хавтас, 5 дугаар хуудас/ уг мөнгийг шилжүүлсэн тухай төлбөрийн даалгавар №707 гэсэн баримт /хэргийн 2 дугаар хавтас, 6 дугаар хуудас/ тус тус хэрэгт авагдсан байна.

 

Дээрх баримтуудаас дүгнэхэд Б.Дашмягмар, Б.Оюунтуяа болон “Таван богд финанс” ББСБ-ын хооронд гэрээний дагуу иргэний эрх зүйн харилцаа үүссэн улмаар энэ харилцаанаас улбаалан “Таван богд финанс” ББСБ болон “Монгол даатгал” ХХК-ийн хооронд мөн гэрээний дагуу иргэний эрх зүйн харилцаа үүсчээ.

 

Иймд  прокуророос Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нарыг 2013 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Таван богд финанс” банк бус санхүүгийн байгууллагаас Тоёота ланд круизер 200 маркийн 4288 УНД улсын дугаартай автомашиныг барьцаат зээлийн гэрээгээр авч уг зээлээ төлөөгүй атлаа зээлийн барьцаанд тавьсан эд хөрөнгийг бусдад давхар барьцаалан залилан мэхэлж 118.293.247 төгрөгийн хохирол учруулсан гэсэн хэрэг нь гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй өөрөө хэлбэл иргэний эрх зүйн харилцаагаар зохицуулагдаж байгаа тул тэдгээрийн энэ үйлдлийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1 дэхь хэсэгт заасныг баримтлан мөн хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэхь хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.   

    

Энэ хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байгаа Монгол даатгал ХХК-ийн иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхих нь зүйтэй гэж үзэв.

 

Харин Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нар 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 15 дугаар байрны тавилгын үйлдвэрт “Таван богд финанс банк бус санхүүгийн байгууллага”-ын зээлийн барьцаанд байсан Тоёота ланд круизер 200 маркийн 4288 УНД улсын дугаартай автомашиныг иргэн Ё.Борд өөрийн эзэмшлийнх мэтээр итгүүлэн барьцаалж 70.000.000 төгрөг зээлж авч,

улмаар 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хас банкин дээр Таван богд финанс  банк бус санхүүгийн байгууллагын зээлийн барьцаанд байсан Тоёота Ланд крузейр 200 маркийн 42-88 УНД улсын дугаартай автомашиныг иргэн Г.Нямаад барьцаалж 20.000.000 төгрөг, 2016 оны 05 дугаар сарын 08-ны өдөр нэмж 8.000.000 төгрөгийг тус тус авч нийт 28.000.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

 

Мөнгө зээлсэн баримт “Иргэн Лхагвасүрэн овогтой Оюунтуяа миний бие иргэн Ёндон овогтой Бороос харилцан итгэлцлийн үндсэн дээрээс Тоёота Ланд 200, 4288 УНД улсын дугаартай автомашин барьцаалан 3 сарын хугацаатай 1 сарын 9 хувь хүүтэй 70.000.000 төгрөгийг 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр зээлж байна. Зээлийн хүү болох 6.300.000 төгрөгийг сар бүрийн 15-нд төлж байх болно.

Зээлээ хугацаанд нь төлөөгүй тохиолдолд 2013 онд үйлдвэрлэгдсэн Ланд 200 4288 УНД автомашиныг иргэн Ё.Борын өмчлөлд бүрэн шилжүүлэх болно. Хүлээн авсан: 2014.09.15-нд 70.000.000 төгрөг бэлнээр хүлээн авав. Л.Оюунтуяа. гарын үсэг.

Хүлээлгэн өгсөн: Ё.Бор. гарын үсэг” гэсэн баримт. /хэргийн 1 дүгээр хавтас, 18 дугаар хуудас/

 

“Иргэн Лхагвасүрэн овогтой Оюунтуяа миний бие 2014.09.15-ны өдөр иргэн Ё.Бороос зээлсэн 70.000.000 төгрөгийн барьцаанд тавьсан Ланд 200 автомашиныг 2014.12.31-нд 3 хоногийн хугацаатай хэрэглэнэ. /түр хэрэглэхээр/

Хэрэв иргэн Лхагвасүрэн овогтой Оюунтуяа нь L 200 4288 УНД улсын дугаартай Тоёота ланд круизер 200 автомашинаа 3 хоногийн дотор буюу 2015.01.04 дотор иргэн Ё.Борд хүлээлгэн өгөөгүй тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээнэ. Энэхүү автомашиныг түр хэрэглэн авахдаа харилцан итгэлцлэлийг үндэслэсэн болно.

Хүлээн авсан: Л.Оюунтуяа. гарын үсэг.

Хүлээлгэн өгсөн: Ё.Бор. гарын үсэг. 2014.12.31 Улаанбаатар хот. Хан-Уул дүүрэг” гэсэн баримт. /хэргийн 1 дүгээр хавтас, 21 дүгээр хуудас/   

 

Гэрч Б.Сувдын...“Дашмягмар, Л.Оюунтуяа нарыг би сайн танихгүй Оюунтуяагийн төрсөн эгч гэх эмэгтэй нь манай тавилгын лангуун дээр худалдагчаар ажиллаж  байсан гэж байсан мөн Оюунтуяа ч өөрөө манай тавилгын лангуун дээр хэсэг ажиллаж байсан юм шиг байсан. Дашмягмар, Оюунтуяа нарт Ланд-200 маркийн автомашин барьцаалж 70.000.000 төгрөг зээлэх асуудлын талаар Бор өөрөө Оюунтуяа, Дашмягмар нартай ярьж тохирсон байх  миний хувьд зээл авах асуудалд оролцоогүй харин зээл өгөхөөр боллоо Оюунтуяа , Дашмягмар нарт 70.000.000 төгрөг өгчихөөрэй барьцаанд нь машин тавьж байгаа машинаа манай гэрийн гадаа үлдээсэн гэж хэлж байсан тул 70.000.000 төгрөгийг 2014 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр манай тавилгын үйлдвэр болох Баянгол дүүргийн 7 дугаар хороо Жамсранжавын гудамж 15 дугаар байранд ирж 70.000.000 төгрөгийг бэлнээр авч байсан. Мөнгө авах үедээ Оюунтуяа, Дашмягмар нар нь хамт ирж байсан. Мөнгө өгөх үедээ би ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй. Учир нь Борыг яриагаа хийгээд тохирсон гэж бодож байсан. Мөнгө авах үедээ сарын 9 хувийн хүү бодож 3 сарын хугацаатай авч байсан ба мөнгө авснаас хойш нэг сарын дараа буюу 2014 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хүү гэж 6.300.000 төгрөгийг Оюунтуяа, Дашмягмар нар бэлнээр авч ирж өгч байсан. Мөн 2014 оны 11 дүгээр сарын үед хүүний мөнгө гэж 6.300.000 төгрөг Дашмягмар надад бэлнээр өгч байсан. Түүнээс хойш ямар нэгэн хүүний мөнгө болон 70.000.000 төгрөгнөөс мөнгө өгөөгүй ба 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр ирж хүүхдээ ойрхон салхинд гаргачихаад ирье гэж хэлээд машинаа авч яваад буцааж авч ирж өгөөгүй. Энэ хугацаанд манай нөхөр Бор мөнгөө авах гэж олон удаа ярьж холбогдсон боловч мөнгөний бололцоо байхгүй байна нөхөр Дашмягмар хаяад явсан гэх мэтээр шалтаг шалтгаан тоочсоор байгаад өдийг хүрсэн.

... Оюунтуяа, Дашмягмар нар надаас 70.000.000 төгрөг ирж авсныхаа дараа 42-88 УНД улсын дугаартай Тоёота Ланд 200 маркийн автомашинаа тэр өдрийнхөө  орой манай гэрийн гадаа авчирч тавиад түлхүүрийг нь надад үлдээгээд явсан. Тэр үед нь машиных нь гэрчилгээг хэний нэр дээр байсан талаар шалгаж үзээгүй. Машин дотроо л байсан байх” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 37-38 дугаар хуудас/

 

Хохирогч Ё.Борын...“2014 оны 09 дүгээр сарын үед Оюунтуяа нь өөрийн нөхөр Дашмягмартай ирээд надаас 70.000.000 төгрөг зээлье сарын 9 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай авъя гэсэн ба зээлийнхээ мөнгөний барьцаанд өөрийн унаж байсан 42-88 УНД улсын дугаартай Тоёота Ланд 200 маркийн автомашиныг барьцаанд үлдээнэ, энэ машиныг хятадуудад замын тендер авч өгөөд шагналд нь авсан, миний нэр дээр байдаг гэж Оюунтуяа хэлж байсан. Тэгээд би зөвшөөрч машинаа авчирч манай гэрийн гадаа зогсоол дээр тавиад манай эхнэр Сувд дээр очиж мөнгөө авчих гэж хэлээд явуулж байсан. Тэгээд мөнгөө хуучин тавилгын үйлдвэрийн байр байсан гэмтлийн эмнэлгийн зүүн урд талд Баянгол дүүргийн 7 дугаар хороо Дэлэн хутагт Жамсранжавын гудамж 15 гэсэн дугаартай байранд манай эхнэр Сувдаас бэлнээр 70.000.000 төгрөг авч, машинаа манай гэрийн гадаа үлдээгээд түлхүүрийг нь Сувдад үлдээгээд явсан байсан. Харин мөнгө авснаас хойш 6.300.000 төгрөгөөр 2 удаа хүүний мөнгө өгсөн. Харин 3 сарын хугацаа нь хэтэрч шинэ жил дөхөж байх үед буюу 2014 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Оюунтуяа нь надтай утсаар холбогдоод барьцаанд тавьсан машинаа 3 хоног баярын  өдрүүдээр уначихаад буцаагаад өгье гэж надаас гуйхаар нь би бичиг хийж аваад машиныг Оюунтуяад өгч явуулсан. Харин машинаа авч явснаас хойш машинаа авчирч өгөөгүйгээс гадна зээлсэн мөнгөө ч өгөөгүй одоог хүрсэн.

... Харин цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгнө гэж хэлэхэд 2015 оны 10 дугаар сарын үед 5.000.000 төгрөг өгсөн байсан. Өөр ямар нэгэн мөнгө өгөөгүй байгаа. Би Оюунтуяа болон түүний нөхөр Дашмягмар нараас мөнгөө авах гэж олон удаа утасдаж ярьсан боловч Дашмягмар нар нь ямар нэгэн шалтаг шалтгаан тоочиж өгөхгүй явсаар одоог хүрч байгаа юм. Харин Оюунтуяагаас мөнгөө нэхэхээр өгөхгүй мөн барьцаанд тавьсан машинаа гэрийн гадаа авч ирж тавь гэж хэлэхээр машинаа гэрээ хийгээд өөр компанид түрээслүүлж байгаа мөнгө нь орж ирэхээр мөнгийг чинь өгнө гэх мэтээр ярьсаар өдийг хүрсэн.

...Оюунтуяа гэж эмэгтэй надаас 70.000.000 төгрөг зээлэхээсээ өмнө 2-3 сарын өмнө надтай утсаар холбогдож ажил дээр ирж уулзаад Солонгосын виз гаргах ажил байвал хэлээрэй Солонгосын хөрөнгө мөнгөтэй хүмүүстэй хамтарч ажил хийх гэж байгаа та хамтарч  ажиллах уу ашигтай гэх мэтээр ярьж ятгаж байсан ч би хамтарч ажиллаж байгаагүй. ... Мөн тэр үедээ Зайсангийн аманд газар авахаар хөөцөлдөөд бараг бүтэж байгаа гэх мэтээр худал хэлж надад итгэл төрүүлэн надаас 70.000.000 төгрөгийг залилан авсан. Мөнгө авснаас хойш өгөхгүй удахаар нь би Оюунтуяа болон Дашмягмар нарт та нар надад өөрийнхөө нэр дээр байдаггүй машинаа худал хэлж мөнгө зээлж залилсан байна гэж хэлэхэд буруугаа хүлээн зөвшөөрч би буруу юм хийсэн байна, Дашмягмараас болчихлоо гэх мэтээр нөхөр рүүгээ буруугаа хийж байсан. Мөн удаа дараа мөнгөө нэхэхэд Дашмягмараас салсан гэх мэтээр худал хэлж байсан. Хөдөө орон нутагт эксковатор түрээслэн ажиллуулдаг, манай нөхөр тендерийн ажил зохицуулдаг, Оросын холбооны улсаас мод оруулж ирдэг гэх мэтээр хэлж байсан. Дээрх бүгдэд итгэж би мөнгө зээлүүлэх болсон. ... Мөнгө зээлүүлэх үедээ ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй, мөнгө өгсөн талаар бичиг авсан байгаа” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 200-201 дүгээр хуудас/

 

“Лхагвасүрэн овогтой Оюунтуяа миний бие нь Land cruiser 200 /4288 УНД/ маркийн автомашин барьцаалж 20.000.000 төгрөг 2015.03.10-нд зээлсэн болно. 1 сарын 5 хувийн хүүтэйгээр зээлсэн болно.

Миний бие нь 2015.05.06-ны өдөр 20.000.000 төгрөг дээрээсээ нэмж 8.000.000 төгрөг зээлэв. Л.Оюунтуяа-ШЕ83092008. Хүлээх авсан гарын үсэг.

Хүлээлгэн өгсөн Нямаа. Си Си ар ХХК-ийн тамга.” гэсэн “Гэрээ” нэртэй баримт. /хэргийн 2 дугаар хавтас, 206 дугаар хуудас/

 

Хохирогч Г.Нямаагийн “2015 оны 04 дүгээр сард миний танил Мөнхжаргал манай эхнэр лүү залгаад нэг хүн надад Ланд 200 автомашин тавиад мөнгө зээлүүлээч гээд гуйгаад байна гэтэл надад мөнгө байхгүй байгаа учир мөнгө өгч чадахгүй байна. Уг нь найдвартай хүн байгаа юм та хоёр боломжтой бол мөнгө зээлүүлчих гэж хэлэхээр нь ирээд уулз гэж хэлүүлсэн. Тэгтэл манай гэрт Дашмягмар гэх хүн өөрийн эхнэр болох Л.Оюунтуяатай хамт хүрч ирэхээр нь барьцаалах гэж байгаа машиных нь бичиг баримтыг үзэхэд 42-88 УНД улсын дугаартай Таван богд ХХК-ийн нэр дээр бүртгэлтэй Ланд-200 автомашин байсан ба Дашмягмар нь надад хэлэхдээ би наад машиныг чинь Таван богдоос зээлээр авчихаад одоо 30.000.000 төгрөг үлдчихсэн байгаа гэсэн тэгэхээр нь би Мөнхжаргал руу залгаад энэ машин чинь өөрсдийнх нь нэр дээр биш юм байна шүү дээ гэхэд зүгээрээ наад хүмүүс чинь найдвартай таны мөнгийг удахгүй өгчихнө гэж хэлэхээр нь итгээд 2015 оны 04 дүгээр сарын 10-ны өдөр Сүхбаатар дүүргийн 4 дүгээр хороонд байрлах Хас банкин дээр Дашмягмар, Л.Оюунтуяа болон манай эхнэр Энхбулган бид 4 очоод данснаасаа 20.000.000 төгрөг авч бэлнээр өгч явуулсан. Тэгтэл Л.Оюунтуяа нь хэд хоногийн дараа буюу  2015 оны 05 дугаар сарын 08-ны өдөр дахин залгаад ахаа надад дахин 8.000.000 төгрөг нэмээд зээлүүлчих гэж гуйхаар нь зайсан толгой руу явах замд байдаг Оргил төвийн Хас банкнаас 8.000.000 төгрөг авч Л.Оюунтуяад өгч явуулсан. Түүнээс хойш Дашмягмар, Л.Оюунтуяа нар нь эхний 4-5 сарын хүний мөнгө болох нийт 7.500.000 сая төгрөгийг өгч байгаад 2015 оны 09 дүгээр сараас эхлэн мөнгөө өгөхөө больсон учир гэрт нь очиход Л.Оюунтуяа нь би Дашмягмараас салж байгаа гэхдээ Дашмягмар зээл хөөцөлдөж таны мөнгийг өгөх гэж байгаа гэж хэлсэн. Тэгээд дахин чимээгүй болчихоор нь гэрт нь очтол байрнаасаа нүүчихсэн байсан. Ингээд түүний утсыг хүнээс сурагласаар байгаад холбоо барихад таны мөнгийг удахгүй өгнө гэж хэлсээр байгаад өнөөдрийг хүрсэн.

... Дашмягмар, Л.Оюунтуяа нар нь надаас зээлсэн мөнгөө төлөхгүй алга болчихоор нь уг машиныг зээлээс нь чөлөөлүүлээд авчих санаатай Таван богд дээр очиж лавлахад 30.000.000 төгрөг биш 123.000.000 төгрөгийн өртэй машин байсныг мэдсэн. Уг машин нь одоо надад байгаа бөгөөд би хүний хашаанд аваачаад тавьчихсан байгаа. Харин энэ машины нэр нь Ард даатгалын нэр дээр шилжсэн байна лээ.

... Л.Оюунтуяа нь надаас мөнгө авсан талаар гараараа бичиж өгсөн бичиг нь байгаа тэрнээс биш яг албан ёсны гэрээ байхгүй. Гэхдээ эхний 20.000.000 төгрөгийг өгч байхад эхнэр маань хажууд байсан. Харин сүүлийн 8.000.000 төгрөгийг өгөхөд Л.Оюунтуяа бид хоёроос өөр ямар нэгэн хүн байгаагүй” гэсэн мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас, 211-212 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Дээрх нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзлээ.

 

            Шүүгдэгч Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нар нь Таван богд финанс Банк бус санхүүгийн байгууллагаас барьцаат зээлийн гэрээгээр авсан 42-88 УНД улсын дугаартай Тоёота Ланд 200 маркийн автомашиныг зээлээр авсан төлбөрөө бүрэн төлж барагдуулаагүй, өөрсдийн өмчлөлд шилжээгүй байхад 2014 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Ё.Борд барьцаалж 70.000.000 төгрөг авсан улмаар түүнд 2014 оны 12 дугаар сарын 31-ны өдөр 3 хоногийн дараа буцааж өгнө гэж барьцаалсан машинаа аваад түүнд буцааж өгөлгүй байж байгаад дахин 2015 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр Г.Нямаад барьцаалж 28.000.000 төгрөг зээлж авсан нөхцөл байдал тогтоогдож байна.

           

Шүүгдэгч Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нар нь Таван богд финанс ББСБ-аас мөнгө зээлж уг мөнгөөр авсан автомашинаа тус байгууллагад барьцаалаад улмаар “Үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эд хөрөнгө өмчлөлд шилжүүлэх гэрээ /фидуци/” байгуулж өмчлөх эрхийг шилжүүлсэн байхдаа Ё.Борд өөрсдийн өмчлөлийн гэж итгүүлж зээлээ төлж чадаагүй тохиолдолд уг автомашинаараа төлж барагдуулана гэж биелэх боломжгүй хууль зүйн үндэслэлгүй амлалт өгсөн, Г.Нямаад мөн зээлийн үүргийг түүнд барьцаалсан автомашинаар гүйцэтгэх боломжгүй байсаар байхад төлөх боломжтой мэтээр ойлгуулан хуурч мэхэлсэн байна.

Энэ нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл болон эс үйлдэл гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

 

            Иймд шүүгдэгч Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нарыг “бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар олж авсан залилан мэхлэх гэмт хэргийг давтан, бүлэглэж үйлдсэний улмаас онц их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэхь хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. 

 

            Хохирогч Ё.Борд “2014 оны 10 дугаар сарын 15-ны өдөр 6.300.000 төлөв. Хүлээн авсан Ё.Бор. гарын үсэг. Хүлээлгэн өгсөн Л.Оюунтуяа. гарын үсэг”, “2014 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 6.300.000 төгрөг төлөв. Хүлээн авсан Ё.Бор. гарын үсэг. Хүлээлгэн өгсөн Л.Оюунтуяа. гарын үсэг” гэсэн баримтууд /хэргийн 1 дүгээр хуудас, 21 дүгээр хуудас/ хэрэгт авагджээ.

Ё.Бороос мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэгт “... Харин цагдаагийн байгууллагад өргөдөл гаргаж өгнө гэж хэлэхэд 2015 оны 10 дугаар сарын үед 5.000.000 төгрөг өгсөн байсан” гэж мэдүүлсэн байна. /хэргийн 1 дүгээр хавтас, 200 дугаар хуудас/ 

 

            Хохирогч Ё.Борд шүүгдэгч Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нар нь нийт 17.600.000 төгрөг төлсөн нь мөрдөн байцаалтын ажиллагаагаар хэрэгт цуглуулсан баримтуудаар тогтоогдсон тул түүнд учруулсан 70.000.000 төгрөгний хохирлоос хасч үлдэх 52.400.000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж Ё.Борд олгуулах  нь зүйтэй байна.

 

Хохирогч Г.Нямаа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ шүүгдэгч нараас “7.500.000 төгрөг, 1.300.000 төгрөг, 5.000.000 төгрөг, 6.000.000 төгрөг, 1.000.000 төгрөг, 3.000.000 төгрөг зэрэг нийт 23.800.000 төгрөг авсан” гэж мэдүүлсэн тул Г.Нямаад учруулсан 28.000.000 төгрөгний хохирлоос түүнд төлсөн нийт 23.800.000 төгрөгийг хасч үлдэх 4.200.000 төгрөгийг мөн шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж түүнд олгуулахаар шийдвэрлэв.

           

            Шүүгдэгч нарын Таван богд финанс ББСБ-аас зээлж авсан мөнгөөрөө авч уг байгууллагад барьцаалсан JTMHV05J904123830 арлын дугаартай Ланд круизер 200 маркийн 4288 УНД маркийн автомашиныг битүүмжилсэн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн тогтоолыг /хэргийн 2 дугаар хавтас, 170 дугаар хуудас/ шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй байна.

 

Мөрдөн байцаалтын явцад хийгдсэн Шүүх сэтгэц эмгэг судлалын 195, 200 дугаартай магадлагаагаар /хэргийн 1 дүгээр хавтас 43, 45 дугаар хуудас/  “Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нарыг сэтгэцийн ямар нэгэн өвчингүй байна” гэж дүгнэсэн байх тул тэдгээрийг онц хүнд гэмт хэргийн эрүүгийн хариуцлага хүлээн чадвартай гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нарын дундаас төрсөн бага насны хүүхдүүд болох 2010 оны 11 дүгээр сарын 26-нд төрсөн Дашмягмарын Мишээл, 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төрсөн Дашмягмарын Тэнгис нарыг мөрдөн байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор Ш.Бадамцоо, Л.Оюун-Эрдэнэ нарт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 188 дугаар зүйлийн 188.1.1 дэхь хэсэгт зааснаар харгалзан дэмжүүлэхээр шилжүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна. /хэргийн 2 дугаар хавтас, 59 дүгээр хуудас/

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.1, 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Прокуророос Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нарыг “Таван богд финанс” банк бус санхүүгийн байгууллагыг залилан мэхэлж 118.293.247 төгрөгийн хохирол учруулсан гэж яллах дүгнэлт үйлдсэн хэргийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.1 дэх хэсэгт зааснаар хэрэгсэхгүй болгосугай.   

 

2. Шүүгдэгч Гарав овогт Балцагийн Дашмягмар, Элжгэн овогт Лхагвасүрэнгийн Оюунтуяа нарыг хуурч мэхлэх, итгэл эвдэх аргаар бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авах гэмт хэргийг давтан, бүлэглэж үйлдсэний улмаас онц их хэмжээний хохирол учирсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар Б.Дашмягмарыг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 11 /арван нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар,

     Л.Оюунтуяаг 100.000 төгрөгийн эд хөрөнгө хурааж 10 /арав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Б.Дашмягмарт оногдуулсан хорих ялыг чанга дэглэмтэй хорих ангид,

мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Л.Оюунтуяад оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3  дах хэсэгт зааснаар Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй болохыг дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.3, 510 дугаар зүйлийн 510.1-т зааснаар Б.Дашмягмараас 26.200.000 төгрөг, Л.Оюунтуяагаас 26.200.000 төгрөг тус тус гаргуулж Ё.Борд, Б.Дашмягмараас 2.100.000 төгрөг, Л.Оюунтуяагаас 2.100.000 төгрөг тус тус гаргуулж Г.Нямаад олгосугай.

 

7. Иргэний нэхэмжлэгч Монгол даатгал ХХК-ийн гаргасан иргэний нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхисугай.

 

8. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, тэдгээрээс эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Шүүгдэгч нарын бага насны хүүхдүүд болох 2010 оны 11 дүгээр сарын 26-нд төрсөн Дашмягмарын Мишээл, 2013 оны 5 дугаар сарын 28-ны өдөр төрсөн Дашмягмарын Тэнгис нарыг мөрдөн байцаагчийн 2016 оны 5 дугаар сарын 26-ны өдрийн тогтоолоор Ш.Бадамцоо, Л.Оюун-Эрдэнэ нарт харгалзан дэмжүүлэхээр шилжүүлсэн болохыг дурдсугай.

 

10. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц JTMHV05J904123830 арлын дугаартай Ланд круизер 200 маркийн 4288 УНД маркийн автомашиныг битүүмжилсэн 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолыг хүчингүй болгосугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дах хэсэгт зааснаар тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд, ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Б.Дашмягмар, Л.Оюунтуяа нарт энэ тогтоолоор авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.