Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Гочоогийн Банзрагч |
Хэргийн индекс | 182/2020/01653/И |
Дугаар | 001/ХТ2022/00936 |
Огноо | 2022-10-18 |
Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 10 сарын 18 өдөр
Дугаар 001/ХТ2022/00936
“Д г” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Н.Баярмаа, П.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/01681 дүгээр шийдвэртэй,
“Д г” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
“Н ж” ХХК-д холбогдох
Худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3,085,840 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлангийн гаргасан гомдлоор
Шүүгч Г.Банзрагчийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нарийн бичгийн дарга Б.Намсрай оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч “Д г” ХХК нь хариуцагч “Н ж” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3,085,840 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.
2. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/01681 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “Н ж” ХХК-аас гэрээний төлбөр 2,048,800 төгрөг, алданги 843,840 төгрөг, нийт 2,892,640 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Д г” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 193,200 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн нэхэмжлэгч “Д г” ХХК-аас 64,323 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Н ж” ХХК-аас улсын тэмдэгтийн хураамжид 61,232 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “Д г” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1958 дугаар магадлалаар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 182/ШШ2020/01681 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “2,048,800” гэснийг “1,965,200” гэж, “2,892,640” гэснийг “2,809,040” гэж, “193,200” гэснийг “276,800” гэж, 2 дахь заалтын “61,232” гэснийг “59,895” гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт заасны дагуу хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 61,232 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлан хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг дараах үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй. Нэхэмжлэгч талаас нэхэмжлэлийн шаардлагатай холбогдуулан нийт 70 ширхэг зарлагын баримтыг гаргасан боловч зарим баримтууд нь “Эм вон газ” ХХК гэсэн санхүүгийн тамгатай байхаас гадна нэхэмжлэгч талаас “Н ж” ХХК-тай 2019.07.25-ны өдөр байгуулсан шингэрүүлсэн хийн түлш худалдах-худалдан авах гэрээний 3.1-д заасны дагуу нийлүүлсэн шингэрүүлсэн хийн түлшний төлөөгүй үнийг нэхэмжилж байгаа боловч 2019 оны 04 дүгээр сараас 2019 оны 07 дугаар сард нийлүүлсэн гэх санхүүгийн баримтуудыг шүүхэд гаргасан байх ба анхан шатны шүүхээс дээрх баримтуудыг үндэслэл болгон шийдвэр гаргасан нь тодорхой бус байна. Мөн гэрээний 6.1-д заасны дагуу тухайн баримтуудыг үндэслэн алданги тооцсон нь хууль бус юм. Ингэснээр анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан “шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” хуулийн шаардлагыг хангахгүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасны дагуу Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.07.29-ний өдрийн 1681 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.09.14-ний өдрийн 1958 дугаар магадлалд тус тус өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
6. Нэхэмжлэгч “Д г” ХХК-аас хариуцагч “Н ж” ХХК-д холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 3,085,840 төгрөг гаргуулахаар шаардсаныг анхан шатны шүүх хариуцагчаас гэрээний төлбөр 2,048,800 төгрөг, алданги 843,840 төгрөг, нийт 2,892,640 төгрөг гаргуулж, үлдэх 193,200 төгрөгт холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгосон, давж заалдах шатны шүүх хариуцагчаас 2,809,040 төгрөг гаргуулж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчилсөн байна.
7. Нэхэмжлэгчээс “... “Д г” ХХК нь 2019 оны 4 дүгээр сараас эхлэн “Н ж” ХХК-д бүтээгдэхүүн нийлүүлэх гэрээний дагуу шингэрүүлсэн хийн түлшийг нийлүүлж байгаад мөн оны 7 дугаар сарын 25-ны өдөр шингэрүүлсэн хийн түлш худалдах-худалдан авах гэрээг бичгээр байгуулж, гэрээний дагуу хийн түлшийг нийлүүлсэн. Уг гэрээний 3.1-д бүтээгдэхүүний үнийг тодорхойлж, 3.3-т худалдан авагч нь бүтээгдэхүүнийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 7 хоногт багтаан төлбөрийг бүрэн төлөх, мөн гэрээний 6.1-д төлбөрийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд төлбөр төлөөгүй үнийн дүнгийн 0.3 хувийн алданги тооцон нийлүүлэгчид төлөх зэрэг нөхцөлийг тохирсон. Гэтэл хариуцагч нь бүтээгдэхүүний төлбөрийг төлөхгүй, хугацаа хоцроох зэргээр гэрээгээ зөрчиж эхэлсэн. Иймд 2019.04.01-ний өдрөөс 2020.05.13-ны өдрийн байдлаар 2,248,300 төгрөгийг төлөөгүй. Гэрээнд заасны дагуу алдангийг 2019.07.25-ны өдрөөс эхлэн тооцоход нийт 843,840 төгрөг болж байна. Иймд нийт 3,085,840 төгрөгийг гаргуулж өгнө үү...” гэснийг,
хариуцагч эс зөвшөөрч, “... “Н ж” ХХК нь 2019 оны 4 дүгээр сараас “Д г” ХХК-тай шингэрүүлсэн хийн түлш нийлүүлэх гэрээг байгуулж хамтран ажиллах хугацаанд захиалагчийн зүгээс төлбөрийг цаг тухай бүрд нь бэлнээр болон дансаар төлдөг байсан. Нийлүүлэгч талаас гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйн улмаас алдагдал хүлээх, хэвийн үйл ажиллагаа явуулах боломжгүй байдал үүсч байсан. Нэхэмжлэгчээс гаргаж өгсөн баримтуудад зөвхөн хүлээлгэж өгсөн гарын үсэг, тамга дарагдсанаас гадна “Эм вон газ” ХХК гэсэн нэртэй нэхэмжлэхүүд байгаа. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй...” гэж маргажээ.
8. Хоёр шатны шүүхийн дүгнэсэнчлэн, зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээнд алданги төлөхөөр харилцан тохиролцсон, хариуцагч гэрээний үүргээ зохих ёсоор биелүүлээгүй бөгөөд татгалзлаа баримтаар нотлоогүй тул нэхэмжлэгч гэрээний үүргийн гүйцэтгэл болох үлдэгдэл төлбөрийг алдангийн хамт шаардах эрхтэй.
9. Давж заалдах шатны шүүх хэрэгт авагдсан баримтын хүрээнд үйл баримтыг зөв дүгнэж, анхан шатны шүүхийн тооцооллын алдааг залруулсан байна. Тодруулбал, нэхэмжлэгч нь хариуцагчтай байгуулсан аман хэлцлээр 2019 оны 4 дүгээр сараас 6 дугаар сарын 26-ны өдрийн хооронд 287,700 төгрөгийн, мөн оны 7 дугаар сарын 25-ны өдөр бичгээр байгуулсан гэрээний дагуу 2,290,700 төгрөгийн, нийт 2,578,400 төгрөгийн үнэ бүхий шингэрүүлсэн хийн түлш нийлүүлснээс хариуцагч тал 613,200 төгрөг төлсөн байх тул хариуцагч компанийн гүйцэтгээгүй үүргийг 1,965,200 төгрөг байна, нэхэмжлэгчийн шаардаж буй алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д заасан хэмжээнээс хэтрээгүй байх тул алданги тооцох үндэслэлтэй гэж дүгнэн хариуцагчаас нийт 2,809,040 төгрөг гаргуулж, анхан шатны шүүхийн алдааг залруулсан нь үндэслэл бүхий байна.
10. Талууд 2019 оны 4 дүгээр сараас харилцан тохиролцож, түлш нийлүүлж эхэлсэн, 2019 оны 7 дугаар сард бичгээр гэрээ байгуулсан талаараа зохигчийн хэн аль нь маргаагүй, энэ талаар шүүх дүгнэсэн, мөн “Эм вон газ” ХХК-ийн тамгатай баримтыг шүүх үнэлэлгүйгээр нэхэмжлэлийн шаардлагаас холбогдох үнийн дүнг хасаж тооцсоноос гадна нэхэмжлэлийн зарим хэсгийг зөвшөөрөхгүй гэж байгаа үндэслэлээ хариуцагч нотлоогүй байна.
11. Иймд, “... нэхэмжлэгчийн өгсөн зарим баримт нь өөр компанийн нэртэй, мөн нэхэмжлэгчээс 2019.07.25-ны өдөр байгуулсан гэрээний үнийг нэхэмжилж байхад шүүх 2019 оны 4 дүгээр сараас 2019 оны 7 дугаар сард нийлүүлсэн гэх санхүүгийн баримтуудыг үндэслэл болгон шийдвэр гаргасан нь тодорхой бус байна. Мөн гэрээний 6.1-д заасны дагуу тухайн баримтуудыг үндэслэн алданги тооцсон нь хууль бус, иймд шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэсэн энэ тогтоолын Тодорхойлох хэсгийн 4-т заасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлгүй.
12. Дээрх үндэслэлээр шүүх бүрэлдэхүүн давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээхээр тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 1958 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлангийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баяржавхлангийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 07-ны өдөр төлсөн 59,895 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН Г.АЛТАНЧИМЭГ
ШҮҮГЧИД Г.БАНЗРАГЧ
Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА