Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 43

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч С.Отгонбаатараас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2015 оны 3 дугаар сарын 17-ны өдөр найзуудтайгаа Аялгуу караокед сууж байтал хажуу талын ширээнд сууж байсан залуучууд хэл амаар доромжлоод, согтуурхаад байсан. Би эхнэртэйгээ коридорт утсаар яриад маргалдаад байж байтал Мөнхбилэг миний хажуугаар мөрлөөд гарахаар нь би “дайрлаа шүү дээ” гэж хэлсэн. Тэгэхэд Мөнхбилэг намайг “чи яах гээд байгаа юм бэ” гэхээр нь би “чи хүн дайрдаг хэн бэ” гээд бид хоёр маргалдаад барилцаж авахад Ууганбаяр гүйгээд ирсэн. Би тэр хоёрыг намайг нийлж зодох гэж байна гэж бодоод өөрийнхөө биеийг хамгаалах гэж оролдсон. Намайг бүлэглэж танхайрсан гэж үзэж байгааг эсэргүүцэж байна. Мөн 2015 оны 6 дугаар сарын 07-ны өдөр ажлаа тараад Нарлаг хотхоны сагсны талбай дээр сагсан бөмбөг тоглох гээд 18 цагийн үед очиход Энхманлай өөрөө согтуу найзтайгаа хамт ирсэн. Тэгээд сагсны шийдэн дээр байсан байрны хүүхдүүдийг наад бөмбөгөө барь гээд байхаар нь би “чи согтуу байна, нэг бол гэртээ харь, нэг бол талбайгаас гар” гэж хэлсэн. Тэгтэл урагшаа яваад саадны сандал дээр сууж байгаад ганцаараа ирээд дахиад үймүүлж эхэлсэн. Тэгээд намайг “чи надтай зодолдчихмоор биетэй юм байна. хоёулаа зодолдъё” гэсэн. Тэгэхээр нь би “битгий тэнэгтээд бай, чи согтуу байна” гэж хэлээд эргээд хартал миний араас хавираад намайг унагаасан. Би босож ирээд “чи яаж байгаа юм бэ” гээд зүүн гараа явуулсан чинь тэр нь алгадалт болоод нүүрэнд нь очсон” гэв. 

 

Шүүгдэгч Д.Дэлгэрбаяраас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд үнэн зөв мэдүүлэг өгсөн” гэв.

 

Шүүгдэгч Ц.Бат-Эрдэнээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогч Б.Энхманлайгаас шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би найзтайгаа уулзаад хэдэн шар айраг уусан. Тэгээд сагсны талбай дээр очоод Отгонбаатартай маргалдаж өөртөө гэмтэл авсан. Адилхан залуу хүмүүс алдаанаас болж ийм байдалд орсондоо харамсаж байна. Отгонбаатар миний бүх хохирлыг төлж барагдуулсан. Гэмтэл авснаас хойш миний үнэрлэх, амтлах мэдрэмж өмнөхөөсөө өөр болсон. Би Гэмтлийн эмнэлэгт 10 хоног хэвтэж эмчилгээ хийлгэсэн. Цаашдаа ямар нэгэн эмчилгээ хэрэгтэй эсэхийг сайн мэдэхгүй байна. Эмчийн хяналтанд байдаггүй. Би тухайн өдөр согтуу байсан болохоор зодооны талаар мэдэхгүй байна” гэв. 

 

Хохирогч Б.Мөнхбилэгээс шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “2015 оны 3 дугаар сарын 17-нд ажлаа тараад Ууганбаяртай уулзах гээд гэрийнх нь гадаа Мөнхбаяр гэдэг найзтайгаа хамт хүлээж байгаад нэг нийтийн караокед орсон. Бид Ууганбаярыг хүлээнгээ нэг нэг пиво уусан. Тэгээд Ууганбаяр ирээд бид нар 0.5 литрийн нэг шил архи хувааж уусан. Мөнхбаяр түрүүлээд явсан. Бидний сууж байсан ширээний ард талын ширээнд 5-6 залуу согтуу залуус орж ирж байх шиг байсан. Бид 2 тооцоогоо хийгээд гарахад Ууганбаяр миний урд явж байсан. Араас Отгонбаатар ойлгомжгүй юм яриад байсан. Би “чи юу ярьсан бэ” гэхэд Отгонбаатар “чи муухай харлаа” гэх зэрэг зүйл ярьсан. Тэгээд Отгонбаатар намайг цохисон. Хажуу талаас Дэлгэрбаяр, Бат-Эрдэнэ нар намайг хавсарч унагаагаад өшиглөсөн. Би гараараа нүүрээ дарсан байсан болохоор хэн нь гар руу өшиглөж байгаа хараагүй. Тэгээд миний баруун гарын шуу хугарсан. Ууганбаярыг Бат-Эрдэнэ цохисон. Ууганбаяр замын цаад талд гүйж очоод цагдаа дуудаад буцаж ирээд дахин зодолдсон. Тэгээд Ууганбаяр замын цаана очоод болиоч гээд орилоод байхад Отгонбаатар, Дэлгэрбаяр, Бат-Эрдэнэ нар болихгүй байсан. Тэгж байтал Бат-Эрдэнэ намайг босгоод “больцгооё” гэж хэлсэн. Тэгээд Отгонбаатар караокед орсон. Тэгэхээр нь би “караокегоо түгжээрэй би гараа хугалуулчихлаа” гээд байж байтал Ууганбаяр цагдаа дагуулж ирсэн. Би тэр өдрөө шууд Гэмтлийн эмнэлэгт үзүүлсэн. Миний нүүр нил цус болсон, хувцас урагдсан, гар маань хугарсан байсан. Ууганбаяр бид хоёрт эдгээр том биетэй залуучуудыг өдсөн асуудал байхгүй. Яг зодоон болсон газар камер байхгүй байсан. Миний араас 3 залуу гарч ирж байгаа камерийн бичлэг байдаг. Миний баруун гарын шуу хавдаад юм өргөж чадахгүй болсон. Би хөдөө ажилладаг. Одоогоор ажил хийж чадахгүй байгаа. Би орон сууцны зээлтэй. Надад учирсан гэмтэл бүрэн эдгэрсэн гэж хэлэхэд хэцүү байна. Би өнөөдөр өглөө Хөвсгөл аймгаас ирсэн. Эмчилгээний зардалд тухайн үед баримт өгч байсан. Сайн тооцоогүй байна. Миний өгсөн баримтын дагуу хохирлыг минь гаргаж өгөхийг хүсэж байна. Би гомдолтой байна” гэв. 

 

Хохирогч Б.Ууганбаярт шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөнхбилэг 2015 оны 3 дугаар сарын 17-нд Аялгуу гэдэг караокед намайг дуудсан. Намайг очиход Мөнхбилэг, Мөнхбаяртай хамт шар айраг уугаад сууж байсан. Бид нэг шил архи хувааж уугаад караокеноос гарч байгаад Отгонбаатартай маргалдсан. Би түрүүлээд гарсан. Отгонбаатар ойлгомжгүй зүйл яриад Мөнхбилэгтэй барилцаж, зодоон болсон. Мөнхбилэг тэнд унасан байсан. Би замын цаана очоод цагдаа дуудаж байтал Мөнхбилэг Отгонбаатар, Бат-Эрдэнэ, Дэлгэрбаяр нарт зодуулж байсан. Би буцаж очоод цагдаа дуудчихлаа гэж хэлээд тэднийг салгах гэтэл Бат-Эрдэнэ миний нүүр рүү цохисон. Би газар унасан. Тэгээд салаад бүгд дотогшоо орсон. Би цагдаа дагуулаад караокед орсон. Миний хамрын яс хугарсан, нүдний аяга цөмөрсөн. Миний хамрын муруйлтын дутуу тэгшилсэн учраас ханиад хүрэхэд битүүрээд байдаг болсон. Би дахин эмчилгээ хийлгэх шаардлагагүй Надад нэхэмжлэх зүйл байхгүй” гэв. 

 

Шүүгдэгч С.Отгонбаатар, Ц.Бат-Эрдэнэ, Д.Дэлгэрбаяр нар 2015 оны 3 дугаар сарын 16-ны орой Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх Аялгуу нэртэй караокед шалтгаангүйгээр Б.Мөнхбилэг, Б.Ууганбаяр нарыг зодож Б.Мөнхбилэгийн биед зүүн шуу ясны зөрөөтэй далд хугарал, тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа хамрын нуруу, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алим, баруун нүдний дотор булан, зүүн дал, нуруу, зүүн тохой, зүүн шилбэний цус хуралт зүүн хацар, нуруу баруун ташааны зулгаралт гэмтлүүд, Б.Ууганбаярын биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун шилбэний зулгаралт гэмтлүүд тус тус учруулсан болох нь:

Хохирогч Б.Мөнхбилэгийн “2015 оны 3 дугаар сарын 16-ны орой 20 цаг өнгөрч байхад найз Мөнхбаярын хамт Аялгуу караокед найз Ууганбаярыг хүлээж байхдаа нэг нэг пиво уусан. Ууганбаяр удалгүй орж ирсэн чинь Мөнхбаяр 21:00 цагийн орчим зөрөөд гэр лүүгээ яваад Ууганбаяр бид хоёр сууж үлдээд 1 шил архи, нэг нэг шил пиво уучихаад сууж байгаад бид хоёр авсан юмаа дуусгачихаад тэгээд  Ууганбаяр бид хоёр цуваад  гартал Бат-Эрдэнэ нь нэг найзтайгаа гадаа байж байсан тэгээд араас Отгонбаатар, Дэлгэрбаяр нар нь намайг цохиод байж байх хугацаанд Ууганбаяр цагдаа дуудахаар явсан хойгуур намайг дөрвүүлээ зодсон. Тэгээд удалгүй Ууганбаяр би цагдаа дуудчихлаа болиочээ гээд ирсэн чинь алаад өгье гэсэн тэгээд  цагдаа ирээд нэгийг нь аваад явсан тэгээд  Ууганбаяр бид хоёр гэмтлийн эмнэлэг орсон юм”.  /хэргийн 1 дүгээр хавтас 148 дугаар хуудас/

“... Намайг Отгонбаатар, Дэлгэрбаяр хоёр зодсон. Сүүлд Бат-Эрдэнэ нь ирээд намайг цохьсон тэгээд тэр Бат-Эрдэнэ наад хүнээ зодохоо боль боль одоо үхлээ гэж хэлээд миний савхин куртикийг газраас авч өгчихөөд найзуудыгаа салгаад аваад явсан. Ууганбаярыг Бат-Эрдэнэ зодсон юм”. /хэргийн 1 дүгээр хавтас 149 дугаар хуудас/

“... Ерөөсөө маргаан болоогүй байхад Ууганбаяр бид хоёр тооцоогоо хийчихээд гараад гадаа шатан дээр юм яриад зогсож байхад хойноос хүн дуудахаар нь эргээд харахад ямар ч ойлгомжгүй юм яриад намайг шууд цохиод авахад хажуунаас нөгөөх нь хавсарч унагаагаад дэвсчихсэн. Тэгэхэд Ууганбаяр хажуунаас больцгоо гээд салгах гэхэд Ууганбаяр луу дайрахаар нь цаашаа зугтаагаад цагдаа дуудчихаад намайг нөгөөдүүл чинь зодоод байхаар нь эргээд ирэхэд Ууганбаярыг Бат-Эрдэнэ, Дэлгэрбаяр нь барьж аваад зодчихсон юм. Энэ залуучуудыг бол тэр үед таньдаггүй байсан, одоо шалгагдаж байх хооронд нэр нэрээр нь мэддэг болсон. Тэгсэн чинь эхлээд намайг дууддаг нь Отгонбаатар, Дэлгэрбаяр хоёр миний  араас дуудаад Отгонбаатар нь цохиод Дэлгэрбаяр нь хавсараад унагаачихсан юм билээ. Тэгсэн чинь цаанаас Бат-Эрдэнэ нь ирээд гурван талаас нийлээд өшиглөчихсөн. Тэгээд толгой руу өшиглөөд байхаар нь гараараа хамгаалж байгаад баруу гарынхаа шууг хугалуулчихсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 150 дугаар хуудас/

Хохирогч Б.Ууганбаярын …2015 оны 3 дугаар сарын 16-ны орой 20 цаг өнгөрч байхад найз Мөнхбаяр, Мөнхбилэг хоёр Гэмтлийн хажуу талын Аялгуу караокед сууж 2,3 пиво ууж байхад хажуугийн ширээнд 5,6 залуу сууж байсан. Мөнхбаяр 22.00 цагийн орчим яваад өгсөн. Тооцоогоо хийх гэхэд 6.000-7.000 төгрөг дутсан. Гэртээ орж авах гээд би түрүүлээд Мөнхбилэг миний ард явж байсан чинь ард талаас хоёр залуу Мөнхбилэгийг дуудаад ямар ч шалтгаангүй зодож эхэлсэн. Тэгээд тэр залуучууд нь гадна зогсож байсан тэгээд Мөнхбилэг газар цохиулаад унасан. Тэр үед намайг Бат-Эрдэнэ гэгч өндөр залуу намайг цохиж унагасан. Тэгээд би газар уначихаад цаашаа зугтааж очоод цагдаа дуудчихаад би буцаад слагах гээд очсон чиньтэр  цайвар өнгийн маркийн машинтай нэг өндөр залуу нь суугаад  явсан. Тэр үед махлаг өндөр залуу нь миний зүүн нүд рүү өшиглөсөн юм. Тэр залууг сонсоход нэрийг нь Бат-Эрдэнэ гэдэг юм байна лээ. Тэгээд би очсон чинь Мөнхбилэгийг зодчихоод явах гэж байхад нь би тэр баар луу орж ирээд байж байтал цагдаа ирээд  Отгонбаатарыг аваад явсан”. /хэргийн 1 дүгээр хавтас 153 дугаар хуудас/

“... Отгонбаатар гэдэг залуу нь тамхи татаад зогсож байсан ба  би түүнийг хажуугаар гарахад яагаад муухай хараад байгаа юм гэж хэлээд Мөнхбилэгийг заамдаад авсан. Тэгэхээр нь би салгах гээд тэдний голоор ортол миний араас Отгонбаатартай хамт явсан тэр дундаа арай өндөр махлагдуу залуу татаад миний зүүн нүд рүү гараараа цохихоор би газар унасан гэтэл хэнийг нь мэдэхгүй нэг гутал орж ирээд миний хамар луу өшиглөсөн. Тэгээд би доошоо тонгойсон чигээрээ дөрвөн хөллөж мөлхөөд зугтаасан ба жоохон зайтай зогсоод эргээд харахад Мөнхбилэг газар унасан харин гурван залуу тал талаас нь өшиглөж байсан. Би цагдаа дуудаад тэр залуучууд дээр гүйж очин цагдаа дуудсан шүү боль гэтэл нөгөө залуучууд дахин над руу дайрсан. Тэдгээрээс хоёр залуу миний хоёр талаас толгой шанаа гээд таарсан газар луугаа гараараа хэд хэдэн удаа цохьсон ба миний хамарнаас цус гараад би дахин зугтсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 156 дугаар хуудас/

Шинжээчийн 4381 дугаартай актын:

“1. Мөнхбилэгийн биед зүүн шуу ясны зөрөөтэй далд хугарал, тархи доргилт, духны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, зүүн нүдний дээд, доод зовхи, зүүн шанаа хамрын нуруу, зүүн сарвууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн нүдний алим, баруун нүдний дотор булан, зүүн дал, нуруу, зүүн тохой, зүүн шилбэний цус хуралт зүүн хацар, нуруу баруун ташааны зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх зүүн шуу ясны зөрөөтэй далд хугарал гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

4.Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн дүгнэлт. /1 дүгээр хавтас хэргийн 97 дугаар хуудас/

Шинжээчийн 4382 дугаартай актын:

“1. Ууганбаярын биед тархи доргилт, зүүн нүдний ухархайн дотор хана, хамар ясны хугарал, хамрын таславчны мурийлт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, баруун шилбэний зулгаралт бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ.

3. Дээрх гэмтэл нь ШЭГЗТ журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэсэн  дүгнэлт. /1 дүгээр хавтас хэргийн 99 дүгээр хуудас/

Шинжээч эмч Б.Б.Ундармаагийн “Б.Мөнхбилэгийн биед учирсан гэмтлүүд нь гэмт хэрэг үйлдэгдсэн гэх 2015 оны 3 дугаар сарын 17-нд үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд ба зүүн шуу ясны зөрөөтэй далд хугарал гэмтэл нь дангаараа гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарах ба бусд гэмтлүүд нь хөнгөн зэрэгт хамаарна. Зүүн шуу ясны зөрөөтэй далд хугарал  гэмтэл нь гарыг эвгүй хөшиж унах, гараар цохих, хөлөөр өшиглөх зэргийн аль алинд нь үүсэх боломжтой.  Энэ гэмтлийг авсан даруйд тухайн хүн өөрийн хүчээр гараа дээш өргөх, доош буулгах зэрэг идэвхитэй хөдөлгөөн хийх боломжтой. Дүгнэлтийн 1 дэх хэсэгт заасан гэмтлүүд 2 буюу түүнээс удаагийн үйлчлэлээр үүснэ. Дүгнэлтийн 1 дэх хэсэгт заасан гэмтлээс баруун шилбэний зулгаралт бүхий гэмтлээс бусад гэмтэл 1 удаа гараар цохих үед үүсэх боломжтой гэмтэл. Баруун шилбэний зулгаралт гэмтэл дангаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй” гэсэн мэдүүлэг /1 дүгээр хавтас хэргийн 100-101 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт ач холбогдолтой, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

   

Шүүгдэгч С.Отгонбаатар, Ц.Бат-Эрдэнэ, Д.Дэлгэрбаяр нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн, олон нийтийн газар нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хүч хэрэглэн танхайрсан гэмт хэргийг бусдын бие махбодид гэмтэл учруулан догшин авирлаж, бүлэглэж үйлдсэн тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

  

Шүүгдэгч С.Отгонбаатар, Д.Дэлгэрбаяр нар гэмт хэргийн хохиролд 1.000.000 төгрөгийг  хохирогчийн өмгөөлөгч Б.Солонгод хүлээлгэн өгсөн байна. /хэргийн 1 дүгээр хавтас, 140 дугаар хуудас/

 

Хохирогч Б.Мөнхбилэг нь шүүгдэгч Ц.Бат-Эрдэнээс 400.000 төгрөг хүлээн авсан тухай Төрийн банкны орлогын мэдүүлэг /хэргийн 2 дугаар хавтас 52 дугаар хуудас/, “Мөнхбилэг миний бие Бат-Эрдэнээс 150.000 төгрөг бэлнээр авсан” гэсэн баримт /хэргийн 2 дугаар хавтас, 53 дугаар хуудас/ зэргийг үндэслээд хохирогч Б.Мөнхбилэгийн хохирол нь хэрэгт авагдсан баримтын хэмжээнд төлөгдсөн гэж үзэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Ууганбаяр нь шүүгдэгч С.Отгонбаатар, Д.Дэлгэрбаяр нараас хохирлын төлбөрт 760.000 төгрөг хүлээж авсан /хэргийн 1 дүгээр хавтас, 139 дүгээр хуудас/ баримт байх бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч нарыг Б.Ууганбаярт төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

Шүүгдэгч С.Отгонбаатар нь 2015 оны 6 дугаар сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт Нарлаг хотхоны гадна сагсан бөмбөгийн талбай дээр Б.Энхманлайг нүүрэн тус газар нь цохиж бие махбодид дух ясруу үргэлжилсэн гавлын суман заадасны салсан хугарал, тархины эдийн доторхи цусан хураа, няцрал, аалзан бүрхүүл доорхи цус харвалт, хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, эрүүнд зулгаралт гэмтэл учруулсан болох нь:

Гэрч Б.Зэвийн “2015 оны 6 дугаар сарын 7-ны орой 20 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Нарлаг хотхоны урд буюу Гэмтлийн эмнэлгийн зүүн талд байрлах сагсан бөмбөгийн талбай дээр ирж тэнд байсан хүүхэд залуустай сагсан бөмбөг тоглож  байсан. Гэтэл уг сагсан бөмбөгийн талбайн гадна талд сандал дээр сууж байсан согтуу залуу бидэн дээр ирээд “та нар бөмбөгөө тоглохоо боль, наад бөмбөгөө барьж бай” гэж хэлсэн. Тэгээд уг талбай дээр байсан 8 гэсэн дугаартай цайвар цэнхэр өнгийн урд талдаа UTAH, хойд талдаа WILLIAMS гэсэн бичигтэй футболк өмссөн Отгоо гэх залууг “энэ дундаас чи надтай зодолдох бие хаатай юм байна хоёулаа зодолдоё” гээд мөрнөөс нь татаад талбайн гол руу дагуулж яваад араас нь хавсарч унагасан. Энэ үед Отгоо гэдэг залуу нь босч ирээд шууд уг согтуу залуугийн нүүр лүү гараараа нэг удаа савж цохьсон ба уг согтуу залуу ар дагзаараа цементэлсэн талбай дээр саваад хүчтэй унасан. Нэлээд удаан хэвтсэн ба удалгүй  цагдаа болон эмнэлгийн машин ирээд уг залууг босгож авч явсан.” /хэргийн 1 дүгээр хавтас, 44 дүгээр хуудас/

“... Энхманлай нь дандаа тэр хавиар согтуу пиво уугаад явж байдаг залуу байгаа юм. ... Тэгээд тэр Энхманлай ирээд “бөмбөгөө барь” гэхээр нхь тухайн үед бөмбөг залж байсан нь бөмбөгөө бариад тоглохоо болиод тэр Энхманлайг харахад Энхманлай нь бид нар луу харж байснаа Отгонбаатар дээр очоод “надтай зодолдох бие хаатай залуу нь чи байна чи надтай үзчих” гээд мөрөн дээрээс нь бариад дагуулаад сагсны шийдний талбайн гол хавьд нь очоод Отгонбаатарын араас нь дагаж явж байгаад шууд хавираад унагаачихсан, тэгэхэд Отгонбаатар газар уначихаад босож ирэнгүүтээ тэр Энхманлайгийн нүүр лүү нь халз өөдөөс нь алгадах шиг болсон. Тэгсэн чинь Энхманлай нь нүүрээ дараад доошоо суухад бид нар бөөнөөрөө  гүйгээд очсон. Тэгээд бид нар очоод Отгонбаатарыг боль гээд байж байхад тас гээд дуугарахад эргээд харахад нөгөө Энхманлай нь хойшоо тархиараа саваад уначихсан байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас 45 дугаар хуудас/

Гэрч Б.Наранбаярын “2015 оны 6 дугаар сарын 7-ны орой 19 цагийн үед би Баянгол дүүргийн 7 дугаар хороо, Нарлаг хотхоны урд буюу Гэмтлийн эмнэлгийн зүүн талд байрлах сагсан бөмбөгийн талбай дээр ирж тэнд байсан хүүхэд залуустай сагсан бөмбөг тоглож байсан. Гэтэл намайг ирсэнээс хойш 30 аад минутын дараа цэнхэр өнгийн 8 гэсэн дугаартай футболк өмссөн 25-28 орчим насны 185 см орчим өндөртэй туранхай залуу ирсэн. Үүнээс хойш 20-30 минутын дараа хоёр согтуу залуу ирсэн. Нэг залуу нь бидний тоглож байсан талбай дээр ирж “би тогломоор байна” гээд согтуурхаад үймүүлээд байсан ба 8 гэсэн дугаартай футболктой залуу “бид нар тоглож байна болиоч дээ” гэж хэлсэн. Гэтэл уг согтуу залуу “та нарын хамгийн том нь надтай зодолд” гээд 8 дугаартай футболктой залууг чирээд талбайн голд очоод араас нь хавирч унагаасан. Энэ үед 8 гэсэн дугаартай футболктой залуу босч ирээд уг согтуу залууг гараараа нэг удаа толгой руу нь нүүрний хэсэгт нь цохьсон. Уг согтуу залуу хойшоогоо саваад дагзаараа нэлээд хүчтэй унасан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 47 дугаар хуудас/

Гэрч Д.Гантогтохын “2015 оны 6 дугаар сарын 7-нд Нарлаг хотхоны урд буюу Гэмтлийн эмнэлгийн зүүн талд байрлах сагсан бөмбөгийн талбай дээр сагс тоглож байхад Манлай гэх согтуу ах ирээд та нарын хамгийн том нь надтай үз гэж хэлээд байхаар нь нээх тоолгүй байж байтал гэнэт Отгонбаатарыг татаад дагуулж явснаа хавирч унагаахад Отгонбаатар босч ирээд гараараа нүүрлүү нь нэг удаа цохиж авсан. Тэгтэл Манлай ах нүүрээ дарж доошоо сууж байснаа гэнэт дагзаараа  газар уначихаар нь тэнд тоглож байсан хүүхдүүд сэрээх гээд сэрэхгүй байсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 48 дугаар хуудас/

Гэрч Б.Нямаагийн “2015 оны 6 дугаар сарын 07-ны өдөр 17-18 цагийн хооронд байх би Нарлаг хотхоны 103-104 дүгээр байрны голд байх сагсан бөмбөгийн талбай дээр ачыгаа салхилуулаад сууж байхад сагсны талбайн голд Энхманлай нэг залуутай юм яриад зогсож байсан. ... Гэтэл нөгөө залуу нь Энхманлайгийн нүүрэн тус газар нь маш хурдан нэг удаа цохиод Энхманлай чанх арагш тайруулсан мод шиг маш хүчтэй ар дагзаараа газар унаад таталт өгч байгаа аятай гар хөл нь сарвагнаад байхаар нь би санаа зовоод гүйгээд очтол Энхманлай татсан байсан тэгээд би тэр залууд чи хүн алчихлааш дээ наанаа байж бай гэж хэлээд өөрийн утаснаас эмнэлэг цагдаа дуудсан” гэсэн мэдүүлэг. /хэргийн 1 дүгээр хавтас, 50 дугаар хуудас/

Шинжээчийн 8616 дугаартай актын:

“1. Энхманлайн биед дух ясруу үргэлжилсэн гавлын суман заадасны салсан хугарал, тархины эдийн доторхи цусан хураа, няцрал, аалзан бүрхүүл доорхи цус харвалт, хуйхны зөөлөн эдийн няцрал, зулгаралт, эрүүнд зулгаралт гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. ШЭГЗТЖ-н 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрлээс хамаарна” гэсэн дүгнэлт. /хэргийн 1 дүгээр хавтас, 22 дугаар хуудас/

Шүүгдэгч С.Отгонбаатарын “...Энхманлай тухайн өдөр сагсаны талбай  дээр согтуу ирээд тэнд байсан хүмүүсийг дуудаад хүн бүр лүү хашигчаад байхаар нь би түүнд хандан “чи нэг бол талбайгаас гар эсвэл гэртээ харьж унт” гэж хэлсэн гэтэл Энхманлай “чи арай том биетэй юм байна надтай зодолдох уу” гээд өмнөөс дайраад байсан. Тэгэхээр нь би “чи битгий тэнэгтээд бай” гэж хэлээд эргээд хартал миний араас хавсараад газар унагаасан тэгэхээр нь би босож ирээд хохирогч Б.Энхманлайг “чи яагаад байгаа юм” гэж хэлээд нүүр лүү нь гарын алгаараа савтал Энхманлай урагш тонгойхоор нь би түүнийг орхиод явтал “аа пизда” гэж орилоод хойно тас хийсэн чимээ гарахаар нь эргээд хартал ар дагз хэсгээрээ хойш саваад унасан байсан” гэсэн мэдүүлэг /хэргийн 1 дүгээр, 167 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

 

Дээрх нотлох баримтууд нь хуульд заасан журмын дагуу хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт ач холбогдолтой, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж үзэв.

Шүүгдэгч С.Отгонбаатарын энэ үйлдэл нь бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийн шинжтэй бөгөөд хэргийн зүйлчлэл тохирсон тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Хохирогч Б.Энхманлайгаас мөрдөн байцаалтын явцад хэрэгт “миний бие Отгонбаатараас эмчилгээний зардал 920.000 төгрөг бэлнээр авсан” гэсэн баримт /хэргийн 2 дугаар хавтас, 3 дугаар хуудас/ өгсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт “санал, гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэж мэдүүлсэн зэргийг үндэслээд шүүгдэгч С.Отгонбаатараас хохирогч Б.Энхманлайд төлөх төлбөргүй гэж дүгнэв.

 

Шүүгдэгч С.Отгонбаатар нь урьд 2008 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн 529 шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 179 дүгээр зүйлийн 179.1 дэхь хэсэгт зааснаар 2 жил 1 сар хорих ял, мөн хуулийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 5 жил 1 хоног хорих ял, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэхь  хэсэгт зааснаар 2 сар баривчлах  ял тус тус шийтгүүлсэн боловч /хэргийн 1 дүгээр хавтас, 200-203 дугаар хуудас/ Улсын Дээд шүүхийн 2009 оны 02 дугаар сарын 11-ны өдрийн 60 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 179 дүгээр зүйлийн 179.1, мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэхь хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр С.Отгонбаатарыг 5 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэсэн өөрчлөлт оруулжээ. /хэргийн 1 дүгээр хавтас, 204 дүгээр хуудас/

Улмаар 2009 оны 7 дугаар сарын 22-ны өдрийн 1111 дугаартай Өршөөл үзүүлэх комиссын тогтоолоор С.Отгонбаатарын эдлээгүй үлдсэн 4 жил 3 сар 7 хоногийн хорих ялаас 3 жилийг өршөөн, үлдэж байгаа 1 жил 3 сар 7 хоногийн хорих ялыг биечлэн эдлүүлж, 2010 оны 5 дугаар сарын 13-ны өдрийн 40 дугаар захирамжаар 5 сар 6 хоногийн хорих ял эдлэхээс хугацааны өмнө тэнсэн суллагдсан байна.

Шүүгдэгч С.Отгонбаатарын үйлдсэн бусдын биемахбодид хүнд гэмтэл санаатай учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэхь  хэсэгт заасан гэмт хэрэг нь 2015 оны 6 дугаар сарын 7-ны өдөр, шүүгдэгч С.Отгонбаатар, Ц.Бат-Эрдэнэ, Д.Дэлгэрбаяр нарын бусдыг илтэд үл хүндэтгэн, олон нийтийн газар нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хүч хэрэглэн танхайрсан гэмт хэргийг бусдын бие махбодид гэмтэл учруулан догшин авирлаж, бүлэглэж үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр тус тус үйлдэгдсэн тул  Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэхь хэсэгт заасан “Энэ хууль 2015 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 24 цаг 00 минутаас  өмнө гэмт хэрэг үйлдсэн хүнд хамаарна” гэсэн заалтад хамаарч байна.

 

Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай 2015 оны 8 дугаар сарын 11-ний өдрийн хуулийн 10 дугаар зүйлийн 10.10 дахь хэсэгт  “... шүүгдэгч ... энэ хуульд заасан  эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн аль илүү ашигтай үндэслэлээр нэг удаа өршөөлд  хамруулна” гэж зааснаар шүүгдэгч С.Отгонбаатарын урьд гэмт хэрэгт шийтгүүлээд ялтай байх хугацааг биш харин энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялуудаас мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэхь хэсэгт зааснаар өршөөн хасах нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч С.Отгонбаатарын гэмт хэрэг үйлдэхэд хохирогч Б.Энхманлайгийн зүй бус үйлдэл буюу согтуугаар агсамнаж С.Отгонбаатарыг хавсарч унагаасан зэрэг байдлууд нөлөөлсөн тул түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

 

Шүүдэгч Ц.Бат-Эрдэнэ, Д.Дэлгэрбаяр нар нь урьд гэмт хэрэгт ял шийтгүүлж байгаагүй болох ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байна. /хэргийн  1 дүгээр хавтас, 215, 231 дүгээр хуудас/

 

Ц.Бат-Эрдэнэ, Д.Дэлгэрбаяр нар анх удаа гэмт хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлж барагдуулсан нөхцөл байдлыг харгалзан тэдгээрт оногдуулсан ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж үзэв.

 

Шүүгдэгч С.Отгонбаатар, Ц.Бат-Эрдэнэ, Д.Дэлгэрбаяр нар нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар 1 ширхэг компакт диск хураагдсан болно.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

                

1.  Шүүгдэгч Тайж овогт Сэджавын Отгонбаатарыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Тайж овогт Сэджавын Отгонбаатар, Боржигон овогт Цэрэнжавын Бат-Эрдэнэ, Тайжууд овогт Дэмбэрэлийн Дэлгэрбаяр нарыг бусдыг илтэд үл хүндэтгэн, олон нийтийн газар нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, хүч хэрэглэн танхайрсан гэмт хэргийг догшин авирлаж, бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Шүүгдэгч С.Отгонбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 /тав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,  мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,

шүүгдэгч Ц.Бат-Эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 1 /нэг/ сар хорих ялаар,

 шүүгдэгч Д.Дэлгэрбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй

 

3. Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар Тайж овогт Сэджавын Отгонбаатарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 5 жил 1 сар хорих ялаас 2 жилийн хорих ялыг, мөн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар  оногдуулсан 3 жил 1 сар хорих ялаас 2 жилийн хорих ялыг,

Боржигон овогт Цэрэнжавын Бат-Эрдэнэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сар хорих ялаас 2 жилийн хорих ялыг,

Тайжууд овогт Дэмбэрэлийн Дэлгэрбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 3 жил 1 сар хорих ялаас 2 жилийн хорих ялыг тус тус өршөөн хассугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар С.Отгонбаатарт оногдуулсан хүнд ял болох 3 жил 1 сар хорих ялд, хөнгөн ял болох 1 жил 1 сарын хорих ялын зарим болох 5 сар хорих ялыг нэмж нэгтгэн С.Отгонбаатарын биечлэн эдлэх ялыг 3 жил 6 сар хорих ялаар тогтоосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Дэлгэрбаяр, Ц.Бат-Эрдэнэ нарт тус бүр оногдуулсан 1 жил 1 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид,

Мөн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10-д заасныг журамлан, 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар С.Отгонбаатарт оногдуулсан 3 жил 6 сар хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид тус тус  эдлүүлсүгэй.

 

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.3, 298 дугаар зүйлийн 298.1.1 дэх хэсэгт зааснаар С.Отгонбаатар, Д.Дэлгэрбаяр, Ц.Бат-Эрдэнэ нар энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

 

7. Шүүгдэгч С.Отгонбаатар, Д.Дэлгэрбаяр, Ц.Бат-Эрдэнэ нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

8. Хохирогч Б.Мөнхбилэг нь өөрт учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.7-д зааснаар эд мөрийн баримт болох 1 ширхэг компакт диск, 1 ширхэг рентген зургийг хэрэгт нь уг хэргийн хадгалах хугацаа дуустал үлдээсүгэй.

 

10. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4 дэх хэсэгт зааснаар Д.Дэлгэрбаяр, Ц.Бат-Эрдэнэ нарт тус бүр оногдуулсан 1 жил 1 сар хорих ялыг тэнсэж, тус бүрийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хянан харгалзаж, энэ хугацаанд Ц.Бат-Эрдэнэд хяналт тавихыг Сонгинохайрхан дүүргийн, Д.Дэлгэрбаярт хяналт тавихыг Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн хэлтэст тус тус даалгасугай.          

 

11. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.3, 61.5 дахь хэсэгт зааснаар Д.Дэлгэрбаяр, Ц.Бат-Эрдэнэ нарын хянан харгалзах хугацаанд гэмт хэрэг шинээр үйлдвэл, захиргааны шийтгэл хүлээсэн бол цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх болохыг сануулсугай.

 

12. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 297 дугаар зүйлийн 297.1.4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл Д.Дэлгэрбаяр, Ц.Бат-Эрдэнэ нарт авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, С.Отгонбаатарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

13. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дах хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 303 дугаар зүйлийн 303.1 дэх хэсэгт заагдсан шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд ялтан, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

14. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар энэхүү шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, Д.Дэлгэрбаяр, Ц.Бат-Эрдэнэ нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх, С.Отгонбаатарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.АЛТАНХУЯГ

 

                                         ШҮҮГЧИД                                   Г.ЕСӨН-ЭРДЭНЭ

 

                                                                                                 Л.ОЮУН