Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2022/00863

 

2022           09            27                                          001/ХТ2022/00863

“А-И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/01948 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1801 дүгээр магадлалтай,

“А-И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Я Ж П /Y J P/-д холбогдох

Үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Рэнцэнхандын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Рэнцэнханд, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Сайнбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Түвшинцэнгэл, хариуцагчийн өмгөөлөгч Ж.Майзориг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. “А-И” ХХК нь Я Ж П /Y J P/-д холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/01948 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч А-И ХХК-ийг үл хөдлөх эд хөрөнгийн Ү-0000000000 дугаарт бүртгэгдсэн Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 46-р байрны 4-р давхрын оффисын 4, 5, 6А, 6В хэсгийн нийт 155.9 м.кв талбайн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1.233.600 төгрөгийг улсын орлого болгож, хариуцагч Я Ж Паас /Y J P/ 1.233.600 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч А-И ХХК-д олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1801 дүгээр магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/01948 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийн дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дугаар зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 1 233 600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Рэнцэнханд хяналтын гомдолдоо: ...Магадлалыг “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн” гэх үндэслэлээр ийнхүү хяналтын журмаар гомдол гаргаж байна. 1. Давж заалдах шатны шүүх “...“А-И” ХХК нь 155,9 м.кв талбайн үнэд 78,000 ам.долларыг Я Ж Паар дамжуулан “Ай Эс Си Электроникс” ХХК-д төлсөн тул уг талбайг өмчлөх эрхтэй гэж нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ” хэмээн хянажээ. “А-И” ХХК талбайн үнэнд төлсөн 78,000 ам.долларыг Я Ж Паар дамжуулан “Ай Эс Си Электроникс” ХХК-д төлөөгүй харин барилга бариулж байгаа компани болон худалдагч талуудад төлбөрийг шууд хийсэн. Ингэхдээ 78,000 ам.долларын 38,000 ам долларыг нь барилгыг бариулж байсан “Ай Эс Си Электроникс” ХХК-ийн дансанд шууд (34,000 ам.долларыг тус компанийн дансанд “4 давхрын талбайн төлбөр”-т гэж, 4,000 ам.долларыг “урьдчилгаа” гэх утгаар барилгыг бариулж байсан “Ай Эс Си Электроникс” ХХК /Захирал С Лгийн/-ны хүсэлтээр Худалдаа хөгжлийн банкны 499063041 тоот дансанд) төлж, 80.9 м.кв талбайг худалдан авсан. Харин 40,000 ам. долларыг Р Отой байгуулсан гэрээний дагуу түүнд төлж, 75 м.кв талбайг худалдан авсан болно. Ингэснээр “А-И” ХХК нийт 155,9 м.кв талбайг худалдан авсан болно. Я Ж Пын хувьд “Ай Эс Си Электроникс” ХХК-д барилгад төлөх мөнгөгүй болсон тул “А-И” ХХК, Израиль Улсын иргэн Р О болон М Д нарт 4 давхарт талбай санал болгосноор тус бүрнээ төлбөрөө төлсөн байдаг. Үүнээс Р О талбайгаа үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гархаас өмнө “А-И” ХХК-д зарсанаар, 4 давхарын талбай “А-И” ХХК, М Д болон Я Ж П нарын өмчлөлд үлдсэн болно. Үүнийг нотлох баримтууд: 1. Хавтаст хэргийн 19 дүгээр талд “А-И” ХХК нь 2007.11.06-ны өдөр 4,000 ам.долларыг “урьдчилгаа” гэх утгаар “Ай Эс Си электроникс” ХХК /Захирал С Лгийн/-ны хүсэлтээр Худалдаа хөгжлийн банкны 499063041 тоот дансанд, 2007.11.30-ны өдөр 34,000 ам.долларыг “Барилгын 4 давхрын талбайн төлбөр”-т гэж “Ай Эс Си Электрөникс” ХХК-ний дансанд тус тус төлснөөр 80.9 м.кв талбайг өмчлөх эрхийг Я Ж Паас барилга бэлэн болохоор авна гэж тохирсны дагуу төлсөн. 2. Мөн хавтаст хэргийн 24 дүгээр талд байх 2009.02.16-ны өдрийн Р Отой байгуулсан Худалдан авах гэрээний дагуу “А-И” ХХК нь дээрх 46-р байрны 4 давхрын оффисын 75 м.кв талбайг 40,106.3 ам.доллараар Израйл улсын иргэн Р Ооос худалдаж авахаар гэрээ байгуулж, 2009.02.17-ны өдөр 40,000 ам.долларыг Худалдаа хөгжлийн банкны чекээр /Хавтаст хэргийн 21 дүгээр тал/ төлснөөр 75 м.кв талбайг өмчлөх эрхийг мөн олж авсан байдаг. 46-р байрны 4 давхрын оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн холбогдох м.кв-уудыг барилгын яг аль хэсгээр өмчлөх эрхтэй талаар тодорхойгүй, барилга дөнгөж баригдаж дууссан тул өмчлөх эрхийн гэрчилгээ гараагүй байсан тул тус 4 давхрын үл хөдлөх эд хөрөнгийг өмчлөх эрхтэй 3 өмчлөгч болох “А-И” ХХК, М Д, Я Ж П нар 2009.02.20-ны өдөр “property owners agreement” буюу хөрөнгө өмчлөгч нарын хооронд өмчлөх эрхийг тогтоосон гэрээг, англи хэл дээр байгуулсан. “А-И” ХХК-ийн “Ай Эс Си Электроникс” ХХК-д төлсөн нийт 38,000 ам.долларыг “зээлийн гэрээний төлбөр” хэмээн нэхэмжлэгч тайлбарлах гэж оролдож байгаа нь нотолгоо баримтаар батлагдахгүй байгаа бөгөөд “А-И” ХХК талбайн төлбөрт хийсэн төлбөрөө “4 давхрын талбайн төлбөрт” гэж зориулалтаар нь шилжүүлсэн баримт байгаа болно. “Ай Эс Си электроникс” ХХК, Я Ж П нар 2007 оноос хойш өнөөдрийг хүртэл үүн дээр огт маргаж байгаагүй болно. Харин ч энэ төлбөрийг хүлээн зөвшөөрсөн учраас хөрөнгө өмчлөгчдийн хооронд байгуулсан гэрээнд “А-И” ХХК-ийг уг төлбөрт оногдох талбайн өмчлөгч гэсэн байдаг. 2. Давж заалдах шатны шүүх “...Д.Хандаа, Я Ж П, Маймони нарын хооронд 2009.02.20-ны өдөр байгуулагдсан хөрөнгө эзэмшигчдийн гэрээнд маргаан бүхий 4 давхарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 3 эзэмшигч болох Д.Хандаа 77,95 м.кв, Я Ж П 77,95 м.кв, 165,33 м.кв талбайг, М Д 100 м.кв талбайг эзэмшихээр тохиролцож, нийт талбайн хэмжээг 421,33 м.кв гэж тусгасан байна. Гэрээнээс үзвэл Д.Хандаа болон Я Ж П нар “А-И” ХХК-аар дамжуулан холбогдох үл хөдлөх эд хөрөнгийг эзэмшихээр тохиролцжээ” хэмээн үндэслэлгүй дүгнэсэн гэж үзэж байна. “А-И” ХХК нь 46-р байрны 4 давхрын оффисын зориулалттай 155.9 м.кв талбайг холбогдох гэрээ, хэлцлийн дагуу үнэ хөлсийг нь бүрэн төлж худалдан авсан. Гэтэл хариуцагч нь шүүхэд болон шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа “...Д.Рэнцэнхандын нэхэмжлээд байгаа 77.95 м.кв талбайн хэмжээ бодит байдал дээр 74.1 м.кв болох юм. Д.Рэнцэнханд, 74.1 м.кв, Я Ж П 74.1 м.кв-ыг өмчлөх эрхтэй” гэх тайлбарыг хэлдэг. Чухам ямар шалтгаанаар тийнхүү тайлбарлаад байгаа нь тодорхойгүй, түүнийг нь нотлох баримт үгүй байна. Я Ж П нь “А-И” ХХК-ийн хувьцаа эзэмшигч биш, харин “А-И” ХХК нь иргэн Д.Рэнцэнханд болон Жойн Капитал Инвестмент Лимитед Компанийн 50/50 хувийн эзэмшилтэй гэдэг нь компанийн дүрмээр нотлогдож байгаа. Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2-т зааснаар Хувьцаа нь тухайн компанийн хувь нийлүүлсэн хөрөнгийн өмчлөлд оролцох эрхийг нотлох бөгөөд харин компанийн эд хөрөнгийг тусгайлан өмчлөх эрхийг нотлохгүй” хэмээн зааснаар “А-И” ХХК-ийн данснаас төлбөр хийгдэж 155.9 м.кв талбайг бүтнээр нь өмчлөх нь зүйн хэрэг юм. 3. 2009.02.20-ны өдөр барилга баригдаж дууссан тул 4 давхрын төлбөрийг төлж нийлж худалдан авсан талууд “property owners agreement”-ийг байгуулж тус тусын өмчлөлөө баталгаажуулж, талбайн хэмжээ бөгөөд бусад асуудлыг тохирсон. Гэтэл Я Ж П уг гэрээг зөрчин, 4 давхрыг бүхэлд нь өөрийн өмчлөлд бүртгүүлж, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргуулан авсан байдаг. Бид үүнийг мэдмэгцээ, удаа дараалан үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ авахыг шаардсан боловч тэрээр өмчлөгчдийн гэрээ байгаа юм чинь миний нэр дээр байж байвал зарах, түрээслэхэд амар гэж биднийг ятган, шаардлагыг биелүүлэхгүй байсан. Гэтэл тэрээр 2015 онд бидэнд мэдэгдэлгүйгээр уг үл хөдлөх хөрөнгийг худалдан борлуулахаар И-түрээс сайтад зар өгөөд өөрөө Монгол Улсаас зугтаан гарсан байдаг юм. Бид түүнийг 2 удаагийн шүүхийн шийдвэрээр 5 жил эрэн сурвалжлуулсны эцэст 2020.02 сард олдож, итгэмжлэгдсэн төлөөлөгч томилогдсоноор хэрэг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхээр орж, шүүхийн шийдвэрээр “А-И” ХХК-ийн өмчлөх эрх тогтоогдсон байгаа. 4. Үл хөдлөх хөрөнгийг худалдан авсан өмчлөгч нарыг хуурч, өөрийн нэр дээр гарган авсан 4-р давхрын үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээнээс өөр Я Ж П уг хөрөнгийн худалдан авсан, төлбөр төлсөн бөгөөд өмчлөх эрх үүссэн баримт нотолгоо огт байхгүй болно. 5. Хариуцагч нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа “...2009.02.16-ны өдрийн “Хөрөнгө өмчлөгчдийн хооронд хийсэн гэрээ” хэмээн хүлээн зөвшөөрсөн атлаа орчуулгаар “Хөрөнгө эзэмшигчдийн гэрээ” гэсний “эзэмшигчдийн” гэдэг үгийг өөртөө ашигтайгаар тайлбарлаж, “зөвхөн түрээсийн асуудлыг зохицуулсан гэрээ” хэмээн нэхэмжлэгч компанийн төлбөрийг нь төлөн худалдаж авсан өмчлөх эрхийг үгүйсгэхийг оролджээ. Хэрэв ингэж буруу тайлбарлавал энэхүү гэрээний дагуу Я Ж П ч гэрээний бусад талын адил эзэмшигч болж, 4 давхрын талбайд хууль бусаар үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргуулж авснаараа өмчлөгч мэт аягалж байна. Талуудын хооронд байгуулагдсан 2009.02.20-ны өдрийн “property owners agreement” нь гэрээний агуулгаараа ч Иргэний хуулийн түрээсийн гэрээ эсхүл эд хөрөнгө хөлслөх гэрээний аль нь ч биш, түрээсийн асуудлыг зохицуулаагүй гэрээ гэдэг нь тодорхой харагдаж байна. Монгол хэл рүү орчуулсан дээр owner-өмчлөгч гэдэг англи үгийг эзэмшигч гэж буруу орчуулсан байдаг. Хууль зүйн нэр томьёоны цахим толь www.lawdictionary.mn дээр англи owner гэдэг үгийг өмчлөгч, харин эзэмшигчийг англиар possessor гэсэн байна. immovable property without its owner-өмчлөгчгүй үл хөдлөх эд хөрөнгө, joint owner-хамтран өмчлөгчид, legal owner-хууль ёсны өмчлөгчид, legal possessor, legal owner-хууль ёсны эзэмшигч, өмчлөгч. 6. Давж заалдах шатны шүүх “...Зохигчдын хооронд барилгын талбайн хэмжээний маргаантай буюу гэрээнд зааснаар 4 давхрын нийт талбай 421,33 м.кв гэж тусгасан байхад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр 404 м.кв гэж өөрөөр тодорхойлсноор нэхэмжлэгчийн шаардаж буй талбайн хэмжээнд нөлөөлсөн эсэхийг тодруулах байжээ” хэмээн үндэслэлгүй дүгнэсэн гэж үзэж байна. Дээрх 46-р байрны 4 давхрын оффисын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгө нь барилга баригдаад эцсийн хэмжилт хийгдээгүй буюу нийтийн эзэмшлийн сул талбай нь ороод гэрээ байгуулах үед 421.33 м.кв гэж тодорхойлсон юм. Харин улсын бүртгэлд бүртгэж, өмчлөх эрхийн гэрчилгээг гаргахдаа цэвэр хэмжээ 404 м.кв болсон байдаг. Үүний дагуу, нотлох баримтын шаардлага хангасан, 4-р давхарын план зураг улсын бүртгэлийн албанаас албан ёсоор ирсэн байдаг. Иймд гэрээгээр тохиролцсон 421.33 м.кв-аас 404 м.кв-ын зөрүү 17.33 м.кв нь 3 өмчлөгчдийн өмчлөлийн м.кв-аас өмчлөлийн хэмжээгээрээ хасагдаж тооцогдсоноор өмчлөх эрхтэй үл хөдлөх эд хөрөнгийн м.кв тодорхой болно. Үүнийг тооцвол, бохироор тооцсон 421.33 мкв-ийг 100% гэж тооцвол цэвэр 404 м.кв-д ногдох хувь нь = 95,88% болно. Үүнээс 155,9 м.кв-аас хасагдах зөрүү нь (155,9 м.кв*95.88% /100%=)149,4 мкв юм. Манай компанийн тодорхойлсон нэхэмжлэлийн шаардлага болох 46 дүгээр байрны 4-р давхрын оффисын 4 дүгээр хэсгийн м.кв= 32,5, 5 дугаар хэсгийн м.кв= 41,41, 6А дугаар хэсгийн м.кв=44, 6Б дугаар хэсгийн м.кв =31,5” /хх-29 тал/ буюу нийт нэмж тооцвол 149.4 м.кв таарч байгаа юм. Иймд давж заалдах шатны шүүхийн дүгнэсэн үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээр 404 м.кв гэж тодорхойлсноор нэхэмжлэгчийн шаардаж буй талбайн хэмжээнд нөлөөлсөн эсэхийг тодруулах шаардлагагүй гэж үзэж байна. Иймд магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “155,9 м.кв талбайн хууль ёсны өмчлөгч болохыг тогтоосугай” гэснийг “149,4 м.кв” болгож өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч талын гомдлыг хангаж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрийг хэвээр үлдээх үндэслэлтэй гэж үзэв.

6. Нэхэмжлэгч “А-И” ХХК нь хариуцагч Израйль улсын иргэн Я Ж П /Y J P/-д холбогдуулан Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, 46 дугаар барилгын 4 давхрын оффисын 4, 5, 6А, 6Б дугаар нийт 155,9 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргасан ба эд хөрөнгийн үнэ 78,000 ам.долларыг Я Ж П /Y J P/-оор дамжуулан “Ай Эс Си Электроникс” ХХК-д төлсөн, 2009.12.16-ны өдрийн гэрээгээр Р О 4 дүгээр давхрын оффисын зориулалттай 75 м.кв талбайн хэмжээтэй үл хөдлөх эд хөрөнгийг “А-И” ХХК-д шилжүүлэхээр тохирсон, 2009.02.20-ны өдрийн хэлцлээр талууд үл хөдлөх хөрөнгийн тус тусын өмчлөх эрхийг хүлээн зөвшөөрсөн, бусдад түрээслэх, худалдахад нэг хүний нэр дээр байх нь хялбар гэж хариуцагч хэлсэн учраас бүртгэлийг залруулаагүй, хөрөнгө оруулагч нарын хэлцлээр өмчлөх эрхээ баталгаажуулсан гэж ойлгосон, хариуцагч нь эд хөрөнгийг худалдах итгэмжлэлийг бусдад өгч өмчлөгчийн эрхийг зөрчсөн гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...Я Ж П /Y J P/ нь “А-И” ХХК-ийн 50 хувийн хувьцааг өөрийн 100%-ийн эзэмшилд байдаг Их Британийн Виржиний Айландын хуулийн этгээд “Join capital investment Limited” компаниар дамжуулан эзэмшдэг, “...А-И ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Рэнцэнханд нь ТУЗ-ийн хурлыг зарлахгүй, компанийн үйл ажиллагааг дур мэдэн явуулж, хувьцаа эзэмшигчийн эрхийг зөрчиж байгаа, жил бүрийн санхүүгийн тайлан, эд хөрөнгө захиран зарцуулалттай холбоотой асуудлаар төлөөлөн удирдах зөвлөлийн хурлыг хийх хүсэлтийг удаа дараа  тавьж байсан ч эрүүгийн журмаар удаа дараа гомдол гаргаж цаашилбал цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж байгаа гэх зэргээр манай бизнесийн түншүүд болон Израйльд байгаа гэр бүлийн гишүүд рүү цахим захидал болон олон нийтийн сүлжээгээр нийтэлж сэтгэлзүйн хувьд дарамт үзүүлж байсан. А-И ХХК-ийн нэрийн өмнөөс нэхэмжлэл гаргах эрхтэй мэт боловч компанийн дүрэм нь анх 10 жилийн хугацаатай, энэхүү офисын төлбөрийг Я Ж П /Y J P/ болон М Д нар төлсөн болох нь хангалттай нотлогддог. Харин “А-И” ХХК-ийн гүйцэтгэх захирал гэх Д.Рэнцэнханд нь тус компанийн нягтлан бодогчоор ажилладаг байсан бөгөөд өнөөдрийг хүртэл төлөөлөн удирдах зөвлөлийн хурлын шийдвэргүйгээр компанийн нэр дээр байгаа Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын 2002.12.31-ний өдрийн Б/109 дүгээр шийдвэрээр Баянголын аманд эмнэлгийн зориулалтаар 2 га газрыг 15 жил  эзэмших эрхийн гэрчилгээтэй газарт торхоор байшин барьж давхар төмөр хашаа барьсан ба мөн компанийн нэр дээр 2011.02.18-нд 1998 онд  үйлдвэрлэсэн тоёота ланд круйзер маркийн УБР 63-81 дугаар автомашиныг худалдан авсныг 2017.02.09-нд Ц.Баяржаргалын нэр дээр шилжүүлсэн байдаг...” гэх үндэслэлийг заажээ.

7.Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд шүүхэд буцаасан.

8. Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.7-д нийцээгүй байх тул магадлалыг хүчингүй болгох нь зүйтэй гэж үзэв.

Хэрэгт авагдсан нотлох баримт буюу барилгын план зураг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2 дахь хэсэгт заасан эх хувь, эсхүл нотариатаар гэрчлүүлсэн хуулбар байх шаардлагыг хангаагүй гэх давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлгүй байв. Учир нь уг баримтыг Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.04.20-ны өдрийн 101/ШЗ2020/07389 дүгээр захирамжаар “А-И” ХХК-ийн хүсэлтээр хэргийн оролцогч бус этгээдээс гаргуулсан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан журам хамаарахгүй бөгөөд мөн хуулийн 44.4-т заасан “төрийн болон төрийн бус байгууллага, хуулийн этгээд нь бичмэл нотлох баримтыг өөрийн байгууллагын архивын “хуулбар үнэн” гэсэн тэмдэг дарж баталгаажуулна” гэсэн журам зөрчигдөөгүй, уг баримт нотлох баримтын шаардлагад нийцсэн болохыг давж заалдах шатны шүүх анхаараагүй байна.

Түүнчлэн зохигчийн хооронд барилгын талбайн хэмжээ маргаантай буюу 2009.02.20-ны өдрийн хөрөнгө оруулагч нарын гэрээнд барилгын 4 давхрын оффисын нийт талбайг 421,33 м.кв гэж тусгасан байхад үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээнд 404 м.кв гэж өөрөөр тодорхойлсноор нэхэмжлэгчийн шаардаж буй талбайн хэмжээнд нөлөөлсөн эсэхийг тодруулах шаардлагатай гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болж чадаагүй байна.

Өөрөөр хэлбэл, нэхэмжлэлийн шаардлагад өмчлөлийн зүйл гэж үзэж буй үл хөдлөх хөрөнгийг тодорхой заасан бөгөөд талбайн хэмжээ бодит хэмжээнээс зөрүүтэй байж болох нөхцөл байдал тогтоогдож байгаа боловч энэ нь залруулах шинжтэй үйл баримт болохоос үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг тогтооход нөлөөлөөгүй тул ач холбогдолтой, зайлшгүй тодруулах шаардлагатай гэж үзэх үндэслэл болоогүй юм.

9. Хэрэгт байгаа баримтаар, “А-И” ХХК нь 155,9 м.кв талбайн үнэд 78,000 ам.долларыг худалдагч тал болох “Ай Эс Си Электроникс” ХХК-д төлсөн боловч эдгээр талбайн өмчлөгчөөр “А-И” ХХК бус Израйль улсын иргэн Я Ж П  бүртгэгджээ. 2009.02.20-ны өдрийн хөрөнгө эзэмшигч нарын байгуулсан гэрээнд “маргаан бүхий 4 давхарт байрлах үл хөдлөх эд хөрөнгийг 3 эзэмшигч болох Д.Хандаа 77,95 м.кв, талбайг “А-И” ХХК-иар дамжуулан эзэмших, Я Ж П /Y J P/ 77,95 м.кв, талбайг “А-И” ХХК-иар дамжуулан эзэмших, 165.33 м.кв талбайг дангаараа эзэмших, М Д 100 м.кв талбайг эзэмших эрхтэйг тусгаж, нийт талбайн хэмжээг 421.33 м.кв” гэж заасан байх ба талбайг түрээслүүлсний төлбөр Я Ж П /Y J P/ 4,000 ам долларыг М Д 7,330 ам.долларыг авч байсан гэх үйл баримт тогтоогдсон, энэ талаар буюу өмчлөгч нар эрхээ баталгаажуулсан гэх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

10. “А-И” ХХК нь дээрх хэлцэлд заасан Д.Хандаа 77,95 м.кв, Я Ж П /Y J P/ 77,95 м.кв, нийт 155.9 м.кв талбайг өөрийн өмчлөлийн зүйл гэж үзсэн ба Д.Хандаа буюу Д.Рэнцэнханд нь энэ талаар маргаагүй, компанийн өмч болохыг зөвшөөрч, компанийг төлөөлөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, харин хариуцагч Я Ж П /Y J P/ 77,95 м.кв талбай бүхий хөрөнгийг компанийн хөрөнгө бус өөрийн өмчлөлийн зүйл гэсэн үндэслэлээр маргажээ.

11. Хэрэгт байгаа баримтаас үзвэл, нэхэмжлэгч “А-И” ХХК нь маргаж буй эд хөрөнгийн үнийг төлсөн, эд хөрөнгийг өмчлөгчөөр Я Ж П /Y J P/ бүртгэгдсэн байгаа боловч 2009.02.20-ны өдрийн хэлцэлд Д.Хандаа 77,95 м.кв, Я Ж П /Y J P/ 77,95 м.кв талбайг тус тус “А-И” ХХК-иар дамжуулан эзэмших эрхтэйг заасан, эд хөрөнгийг ашигласны үр шимийг талууд эзэмшиж буй хэсгээр хүртэж байсан нь тогтоогдсон байх ба нэхэмжлэгчийг өмчлөгчөөр тогтоосон анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 101 дүгээр зүйлийн 101.1, 112 дугаар зүйлийн 112.1-д заасныг зөрчөөгүй байна.

12. Хариуцагч нь нэхэмжлэлийн үндэслэл болох дээр дурдсан баримтуудыг үгүйсгэж няцаагаагүй, нэхэмжлэлийн шаардлагад үндэслэл бүхий тайлбар, нотолгоо гаргаагүй, шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд дүгнэлт хийж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байна.

13. Маргааны зүйл болох Баянзүрх дүүргийн 3 дугаар хороо, 12 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөө гудамж, 46 дугаар байр, 4 давхарт байрлах 4, 5, 6А, 6В хөрөнгийн нийт талбайн хэмжээ 155,9 м.кв, бусад өмчлөгч нарын хөрөнгийн талбайн хэмжээ ороод 421.33 м.кв гэж хэлцэлд тусгасан боловч бодит байдалд талбайн хэмжээ багасч Я Ж П /Y J P/ 404 м.кв талбайн өмчлөгчөөр бүртгүүлсэн баримт хэрэгт авагджээ. Ийнхүү талбайн хэмжээ багассан бол зөвтгөж, улсын бүртгэлд бүртгүүлэх боломжтой бөгөөд энэ нь өмчлөх эрх тогтоолгох үндэслэлд нөлөөлөхгүй юм.

Талууд маргаж мэтгэлцэхдээ үл хөдлөх хөрөнгийн талбайн хэмжээг тодорхой болгоогүй тул шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд шийдвэрлэсэн ба шүүхийн шийдвэрт заасан талбайн хэмжээ 155,9 м.кв-ыг 4, 5, 6А, 6В гэсэн хөрөнгийн бодитхэмжээнд нийцүүлэн залруулах боломжтой болно.

14. Дээрх үндэслэлээр магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 1801 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 101/ШШ2020/01948 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид 2020.09.23-ны өдөр хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 1,233,600 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Г.БАНЗРАГЧ

                         ШҮҮГЧИД                                                     П.ЗОЛЗАЯА                                                                                              

                                                                                                Б.МӨНХТУЯА                                                                             

                                                                                                Д.ЦОЛМОН

                                                                                                Х.ЭРДЭНЭСУВД