Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 09 сарын 29 өдөр

Дугаар 001/ХТ2022/00880

 

2022          09            29                                          001/ХТ2022/00880

Ө.Бын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Г.Алтанчимэг даргалж, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/02385 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1948 дугаар магадлалтай,

Ө.Бын нэхэмжлэлтэй

Б.Д холбогдох

2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагч Б.Дийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Ө.Б нь Б.Д холбогдуулан 2,500,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/02385 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Б.Дээс 2,500,000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ө.Бд олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 54 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Дээс улсын тэмдэгтийн хураамж 54 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ө.Бд олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1948 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/02385 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчийн гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 28 550 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Б.Д хяналтын гомдолдоо: Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр шийдвэр, магадлалын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Б.Д миний бие 2019.05 сарын сүүлээр Б.Рагчаасүрэнд “...БЗД-т дүнжингарав худалдааны төвд байрлах лангууг түрээсэлж өмчлөлдөө авахын тулд нэг сарын түрээсийн төлбөр 999,000төгрөг, барьцааны мөнгө 2,000,000 төгрөг, түрээсийн гэрээний нэр шилжүүлэхэд 1,500,000 төгрөг, лангууг тохижуулсан тавилгын мөнгө 1,000,000 төгрөг нийт 5,490,000 төгрөгийг өгч 2019.06.01-ний өдрөөс 07 сарын 03-ны өдөр хүртэл лангууг түрээслээд нэр шилжих боломжгүй болсон тул тавилгыг үлдээж түрээсийн лангууг нэхэмжлэгч Ө.Бд хүлээлгэн өгөөд гарсан. Тийм учраас тавилгын мөнгөнд нэхэмжилсэн 1,000,000 төгрөгийг шүүхийн шийдвэр, магадлалаас хасаж тооцох учиртай. Шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж 1,000,000 төгрөгийг хасаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5.Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

6. Нэхэмжлэгч Ө.Б нь хариуцагч Б.Д холбогдуулан 2,500,000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргахдаа “....2017 оны 7 сард хариуцагчтай харилцан тохиролцоод 5,490,000 төгрөгийг өгсөн, үүнд Дүнжингарав худалдааны төвийн лангууг ашиглах 1 сарын түрээсийн төлбөр 999,000 төгрөг, барьцаа 2,000,000 төгрөг, тавилганы үнэ 1,000,000 төгрөг, түрээслэх эрхийг шилжүүлж авахад 1,500,000 төгрөг орно гэсэн, гэвч нэр шилжүүлэх боломжгүйг мэдээд лангуугаа ажилуулахаа больж 2,000,000 төгрөгөө буцааж авсан, үлдэх 2,500,000 төгрөгийг нэхэмжилж байна гэж үндэслэлээ тодорхойлжээ.

Хариуцагч Б.Д нэхэмжлэлийг эс зөвшөөрч, лангууны тавилга нэхэмжлэгчид өөрт нь үлдсэн, өмнө нь Рагчаасүрэн гэж хүнээс мөн ийм замаар аваад дараа нь нэхэмжлэгчид шилжүүлсэн, 2,500,000 төгрөгийг Рагчаасүрэн төлнө гэдгийг нэхэмжлэгчид хэлж байсан, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

7. Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчийн хооронд үүссэн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцүүлэн хянан шийдвэрлэсэн байх ба шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцжээ. Хоёр шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэргийн оролцогчдын эрхийг хязгаарласан, зөрчсөн алдаа гаргаагүй байна.

8. Хэрэгт байгаа баримтын хүрээнд, “...талууд 2019.07.03-ны өдөр Дүнжингарав худалдааны төвийн лангууг тавилгын хамт, түрээсийн гэрээний эзэмших эрхийг тус тус худалдахаар амаар тохиролцсон, гэвч 1 сарын дараа буюу 2019.08.01-ний өдөр гэрээг цуцалж, нэхэмжлэгч нь 2,000,000 төгрөгийг буцааж авсан” үйл баримт тогтоогджээ.

Худалдах-худалдан авах гэрээний хүчин төгөлдөр байдал, гэрээнээс татгалзсан үйл баримтыг талууд маргаагүй, харин гэрээнээс татгалзсаны үр дагаврыг маргасан тул шүүх талуудын гэрээгээр авсан зүйлээ харилцан буцааж өгөх үүргийг буюу нэхэмжлэлийн хүрээнд дүгнэлт хийж, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасан зохицуулалтыг нэхэмжлэгчийн шаардах эрх гэж үзсэн нь үндэслэл бүхий болжээ.

9. Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь, түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашгийг харилцан буцааж өгөх үүрэгтэй” гэж заасан. Хуулийн энэ хэм хэмжээ нэхэмжлэлийн эрх зүйн үндэслэл болсон, нэхэмжлэгч нь үлдэх 2,500,000 төгрөгийг  хариуцагчаас буцаан шаардах эрхтэй болно.

10. Гэрээний дагуу нэхэмжлэгч Ө.Б нь 5,490,000 төгрөгийг Б.Д шилжүүлсэн, хариуцагч нь лангууг тавилгын хамт нэхэмжлэгчид хүлээлгэн өгсөн ба талууд гэрээнээс татгалзсан тул өгсөн авсан зүйлээ харилцан буцааж өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч нь лангууг 1 сар ашигласан учир түрээслүүлэгчид төлсөн төлбөр 999,000 төгрөгийг шаардаагүй бөгөөд барьцаа 2,000,000 төгрөгийг авсан тул үлдэх түрээсийн эрх шилжүүлэх зардалд шилжүүлсэн 2,500,000 төгрөгийг нэхэмжилсэн. Иймд хариуцагч нь Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д заасны дагуу нэхэмжлэгч талаас авсан 2,500,000 төгрөгийг буцааж өгөх үүрэгтэй.

11. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа “нэхэмжлэгч Ө.Бд лангууны тавилга үлдсэн тул 1,000,000 төгрөгийг хариуцахгүй” гэж хасуулахыг хүссэн ба уг гомдлыг хангах боломжгүй байна. Нэхэмжлэгч нь гэрээнээс татгалзаж, хариуцагчаас мөнгөө шаардахад хариуцагч Б.Д нь өөр хүн оруулж мөнгийг чинь өгнө гээд Итгэл гэж хүнийг оруулаад 2,000,000 төгрөг өгсөн гэсэн тайлбарыг нэхэмжлэгч гаргасан буюу лангууг тавилгын хамт буцааж өгсөн үйл баримт мэдүүлсэн байхад хариуцагч маргасан атлаа тавилгыг нэхэмжлэгч талд үлдээсэн гэдгээ нотлоогүй тул хариуцагчийн гомдол үндэслэлгүй байна.

12. Иймд хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болсон шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн 101/ШШ2020/02385 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 1948 дугаар магадлалыг хэвээр үлдээж, хариуцагчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 10 дугаар сарын 05-ны өдөр төлсөн 29,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                               ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                    Г.АЛТАНЧИМЭГ

                                ШҮҮГЧИД                                                         Г.БАНЗРАГЧ

                                                                                                          П.ЗОЛЗАЯА

                                                                                                          С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                          Д.ЦОЛМОН