Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 651

 

 

 

 

 

 

 2020            5            21                                            2020/ДШМ/651

 

 

Р.Эд холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Д.Очмандах, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Г.Мижиддорж,

шүүгдэгч Р.Э, түүний өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг, Б.Дашдорж,

нарийн бичгийн дарга Б.Эрхэс нарыг оролцуулан,

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Х.Одбаяр даргалж, шүүгч Д.Алтанжигүүр, С.Базарханд нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 2020/ШЦТ/115 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Р.Э, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудаар Р.Эд холбогдох 1910016690607 дугаартай эрүүгийн хэргийг 2020 оны 5 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Өндөр сант овгийн Р.Э, 1977 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 42 настай, эмэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, хүүхдүүдийн хамт Хан-Уул дүүргийн 9 дүгээр хороо, Буянт-Ухаа 23 дугаар гудамжны 4-5 тоотод оршин суух бүртгэлтэй боловч Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буян-Ухаагийн 4-183 тоотод түр оршин суудаг, ял шийтгэлгүй, /РД:ШЕ77081603/;

            Р.Э нь 2019 оны 6 дугаар сарын 27-ны орой 21 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 4-183 тоотод байрлах гэртээ, өөрийн нөхөр А.Бат-Адъяатай маргалдаж, улмаар гурил элдэх зориулалт бүхий модон элдүүрээр толгойн баруун хойд хэсэгт 3 удаа цохисны улмаас хохирогч А.Бат-Адъяагийн эрүүл мэндэд “гавлын баруун чамархай ясны далд хугарал, баруун тал бөмбөлөгийн зулай, чамархайн дэлбэнгийн тархины эдийн гүн дэх цусан хураа, эдийн няцрал, зүүн тал бөмбөлөгийн чамархайн дэлбэн, бага тархины оройн хэсгийн аалзан хальсны доорх голомтлог цус харвалт” бүхий гэмтэл учруулан алсан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Р.Эгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Өндөр сант овогт Р.Эг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Эг 11 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Эд оногдуулсан 11 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, шүүгдэгч Р.Эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, энэ өдрөөс эдлэх ялыг тоолж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Р.Эгийн шүүхийн зөвшөөрөлгүйгээр баривчлагдсан 1 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож,       Гэр бүлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-т зааснаар шүүгдэгч Р.Эгийн насанд хүрээгүй хүүхэд болох 2003 оны 7 дугаар сарын 14-ний өдөр төрсөн Э.Энхсайхан, 2006 оны 2 дугаар сарын 24-ний өдөр төрсөн Э.Отгонтуяа, 2009 оны 4 дүгээр сарын 4-ний өдөр төрсөн Э.Бямбасүрэн, 2011 оны 6 дугаар сарын 29-ний өдөр төрсөн Э.Дөлгөөн, 2014 оны 7 дугаар сарын 26-ны өдөр төрсөн Э.Анужингоо нарыг асран хамгаалах үйл ажиллагаатай холбоотой асуудлыг шийдвэрлэхийг Хан-Уул дүүргийн Засаг даргад даалгаж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн Сиди 1 ширхэгийг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн шаргал өнгийн модон элдүүр, хуванцар элдүүр зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Р.Э нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Р.Э давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие ам бүл 7, өрх толгойлсон эх бөгөөд 6 хүүхэд, эхийн хамт амьдардаг. Миний нөхөр 2019 оны 3 дугаар сарын 20-ны өдөр гэрээсээ гарч яваад 3 сар гаруй сураггүй алга болж байсан бөгөөд тухайн үед би дүү Оюунмөнх рүү нь залгаж асуухад “ирээгүй, мэдэхгүй” гэж хэлдэг байсан. 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр Баянгол дүүргийн эрүүлжүүлэх байрнаас 8 цагийн орчимд гараад гэр рүүгээ харьсан ба найз маань намайг “зэрлэг зулгааж өгөөч” гэж гуйсан. Би зэрлэгийг нь зулгааж дуусаад 5000 төгрөг хөлсөнд нь авсан. Би өгсөн мөнгөөр нь дэлгүүрээс гурил, төмс аваад гэртээ иртэл манай нөхөр над руу дайрч, элдэв хараалын үгээр доромжилж, намайг зодож газар унагааж, нүүр, толгой руу цохиж, миний биед гэмтэл учруулсан. Тухайн үед би хоол хийх гээд гурил элдэж байсан бөгөөд яг юу болсныг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд манай нөхөр намайг заамдан авч, унагаж би ухаан алдсан. Би маш их айж сандарсан байсан. 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр хэрэг болсны дараа манай нөхөр шууд гараад явсан бөгөөд 2019 оны 7 дугаар сарын 9-ний өдөр дүү болох Оюунмөнх нь над руу залгаад “ах өнгөрсөн байна” гэж хэлсэн. Талийгаач нь тус хэрэг болсны дараа 2019 оны 7 дугаар сарын 19-ний өдөр нас барсан байсан ба 2019 оны 6 дугаар сарын 29-ний өдөр эмнэлэгт хүргэгдсэн. Тархины аалзан хальсны идээт үрэвсэл гэх өвчнөөр нас барсан билээ. Талийгаач нь архи уусан үедээ агсан тавьж, миний хүүхэд рүү дайрч зоддог байсан бөгөөд би хүүхдээ өмөөрч маргалддаг байсан. Би Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шалгагдаж, 2019 оны 8 дугаар сарын 8-ны өдөр байцаалт өгсөн бөгөөд анх мэдүүлэг авахдаа дагавар хүүхэд болон миний хүүхдүүдийг “хорино” гэж айлган сүрдүүлж байцаалт авсан. 6 хүүхдийн эх болсон миний бие хүүхдүүддээ санаа зовоод худал мэдүүлэг өгсөн.

            2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр талийгаач надад цохиулсан гэх шалтгаанаар нас барсан гэдгийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Наранцэцэг, Отгонбаатар, Бүрэнбаяр, Дөлгөөн нарын мэдүүлгээр талийгаачийг нас барсан гэх асуудал надад хамааралгүй гэдгийг гэрчилсэн.

            Миний биеийн байдал одоогоор муу байгаа бөгөөд үр хүүхдүүддээ маш их санаа зовж байна. Амь хохирогч үе үе алга болж, сураггүй алга болж, хүнд зодуулсан ирдэг байсан. Архи уусан үедээ хүүхдүүд рүүгээ дайрч, намайг зоддог гэдгийг хүү Дөлгөөн гэрчилсэн. Би одоогийн байдлаар хүүхдүүдээ хаана, юу хийж явааг мэдэхгүй байгаа учир сэтгэл маань их зовж байна.

            Би эрхэлсэн тодорхой ажилгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй бөгөөд хүү, Э.Энхмөрөн, Э.Энхсайхан хоёр нь коллежид сурдаг. Дүү нар нь ерөнхий боловсролын сургуульд сурдаг. Бага охин Анужингоо нь эмээ, өвөөгийндөө байдаг. Миний том хүү Э.Энхмөрөн нь сурахын зэрэгцээ ажил хийж надад тусалдаг байсан. Дараах хүү маань миний аав, ээж болох өндөр настай, бие муу хоёр хөгшнийг асран хамгаалдаг. Би зун нь айлд зэрлэг зулгааж, өвөл нь нүүрс савлаж үр хүүхдүүдээ тэжээдэг билээ. Амь хохирогчтой гэр бүл болоод 11 жил болж байна. Нөхөр маань ажил хийдэггүй, архи ууж л явдаг байсан. Цагдаагийн байгууллагаас надаас анх мэдүүлэг авахдаа миний хүүхдүүдийг “хорино” гэж айлган сүрдүүлж, байцаалт авсанд гомдолтой байна. Би 11 жилийн хорих ялаар шийтгүүлсэндээ маш их харамсаж, гомдолтой байх тул миний хэргийг үнэн зөвөөр нь шийдвэрлэж, хэргийг мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

            Шүүгдэгч Р.Эгийн өмгөөлөгч Б.Дашдорж давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс эрүүгийн 190016690607 дугаартай хавтас хэрэгтэй 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр танилцаад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу доорх гомдлыг гаргаж байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, гэмт хэргийг хэн үйлдсэн болох зэргийг нотлохоор хуульчлан заасан байх бөгөөд уг хэргийн хүрээнд амь хохирогчийг элдүүрээр цохисон цаг хугацаа яг хэзээ гэдгийг нарийвчлан тогтоож чадаагүй байна.

1. Хавтаст хэргийн 63-64 дүгээр талд, гэрч Энхтуяа “ ...2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр эрүүлжүүлэх байрнаас гараад гэртээ харьсан. Тухайн өдөр үдээс хойш гэртээ хэвтэж байгаад үдээс хойш 16 цагийн үед найз Энхжаргал дуудахаар нь гэрээсээ гараад... гараашийг нь цэвэрлэж өгсөн. ...Би гэртээ ороод хоол хийх гээд гурил зуураад илдэж байхад манай нөхөр архи уулаа гээд загнахаар нь ...3 удаа цохисон. Бат-Адьяа нь гэрээс 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр 20 цагт гэрээсээ гараад явсан. ...”, хавтаст хэргийн 67 дугаар талд, гэрч Энхжаргал “...Тухайн өдөр 2019 оны 6 дугаар сарын 25-ны өдөр биш харин 2019 оны 6 дугаар сарын 26-ны өдөр гэж бодож байна. ...", хавтаст хэргийн 69 дүгээр талд, гэрч Мягмаржавын “Энхтуяа 2019 оны 6 дугаар сарын 25-ны өглөө эрт, цагийг санахгүй байна, гэрт согтуу орж ирэхээр нь чи өдөр архиа гаргаад ир гээд явуулсан. ... Тэгсэн өдөр 14 цагт ирээд ...Энхтуяагаар зэрлэгээ зулгаалгуулаад 5000 төгрөг өгсөн. ...”, хавтаст хэргийн 71 дүгээр талд, гэрч Энхмөрөн “Би талийгаачтай 2019 оны 6  дугаар сарын 24-ний өдөр өлсөж, ядарсан байдалтай ирэхээр нь хоол унд хийж өгөөд “та одоо гэртээ бай” гэхэд “за” гэж байсан. Тэгээд маргааш өглөө нь сэрэхэд өглөө эрт гараад явсан байсан. Түүнээс хойш дахин уулзаагүй. ..." гэх мэдүүлгүүдээр уг хэрэг 2019 оны 6 дугаар сарын 24, 25, 27-ны өдрийн алинд нь үйлдэгдсэн болохыг тогтоогоогүй.

2. Хавтас хэргийн 22 дугаар талд, 2019 оны 9 дүгээр сарын 9-ний өдөр эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол авагдсан бөгөөд уг тогтоолд саарал өнгийн 1 ширхэг элдүүр, шар өнгийн модон элдүүр зэргийг эд мөрийн баримтаар тооцсон боловч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн.

3. Хавтас хэргийн 12-оос 16 дугаар талд, хүний биед үзлэг хийсэн баримт болон фото зургууд авагдсан бөгөөд уг зурагт амь хохирогчийн бие болон нүүр, хөл хэсэгтээ зулгаралтуудтай байх бөгөөд уг зүйл нь хэзээ, ямар цаг хугацаанд яаж үүссэн болохыг нарийвчлан тогтоогоогүй.

4. Амь хохирогч 2020 оны 6 дугаар сарын 25-ны өдөр гэрээсээ гараад 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдөр олдсон бөгөөд энэ хугацаанд хаагуур, хэнтэй уулзсан болох талаар мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй.

5. Шүүх эмнэлгийн 2019 оны 8 дугаар сарын 2-ны өдрийн 1536 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “Талийгаач нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас тархины аалзан хальсны идээт үрэвслээр хүндэрч нас баржээ. ...”, 2019 оны 12 дугаар сарын 6-ны өдрийн 59 дугаартай дүгнэлтэд “...улмаар тархины аалзан хальсны идээт үрэвсэл, зогсонгишлийн хатгалгаагаар хүндэрч нас баржээ. ...” гэж шинжээчийн удаа дараагийн дүгнэлтэд дурдсан байх бөгөөд уг дүгнэлтүүдээс амь хохирогч хүнд өвчний улмаас нас барсан болох нь нотлогдож байна.

Хавтас хэрэгт хийгдвэл зохих дээрх ажиллагаа байсаар байхад мөрдөн шалгах ажиллагааг бүрэн дүүрэн явуулаагүй, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 11 жилийн хорих ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна. ...”, мөн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно” гэж тус тус заасан байх бөгөөд ялтан Энхтуяагийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас амь хохирогч нас барсан гэж шүүх бүрэлдэхүүн үзвэл Шүүх шинжилгээний байгууллагын удаа дараагийн дүгнэлтээр амь хохирогч хүнд гэмтэл авсан боловч өөр өвчнөөр хавсарч нас барсан нь тогтоогдож байна. Уг гэмтлийг Р.Эгийн үйлдлээс учирсан уу аль эсвэл бусдад зодуулсны улмаас үүссэн үү гэдгийг мөрдөн шалгах ажиллагаанд хэргийг буцааж нарийвчлан тогтоох, хэрэв шүүхээс уг хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх шаардлагагүй гэж үзвэл Р.Эд 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож ял оногдуулсан шүүхийн шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар өөрчлөн зүйлчлэх хууль зүйн үндэслэлтэй байна. Р.Эгийн гаргасан давж заалдах гомдлыг бүрэн дэмжиж оролцож байгаа бөгөөд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч Р.Эгийн өмгөөлөгч Н.Эрдэнэчимэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгч Б.Дашдоржийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжин оролцож байна. Өөр нэмж хэлэх зүйлгүй. ...” гэв.

Прокурор Г.Мижиддорж тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Энэ хэрэг удаан хугацаагаар шалгагдаж байсан бөгөөд гэмт хэрэг үйлдсэн цаг хугацааг нарийн тогтоох шаардлагатай байсан учир мөрдөн шалгах ажиллагааны хугацааг удаа дараа сунгасан. Уг гэмт хэрэг нь 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 21 цагийн орчимд үйлдэгдсэн болохыг тогтоосон. Сурган хүмүүжүүлэгчийг байлцуулан бага насны гэрч Дөлгөөнөөс мэдүүлэг авсан. Тухайн гэмт хэрэг гарсан өдөр бороо орж байсан гэдгийг тогтоосон. Эд мөрийн баримтаар хураан авсан сидиг анхан шатны шүүх хуралдааны явцад нотлох баримтаар шинжлэн судалсан бөгөөд камерын бичлэгт бороо орж байсан, амь хохирогч 61 дүгээр байр руу орж байгаа нь харагддаг. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад Р.Эгийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан. Харин гэмт хэрэг үйлдэхэд ашигласан элдүүр олдоогүй. Мөрдөн шалгах ажиллагааны явцад эмч нарын буруутай үйл ажиллагаа байгаа эсэхийг шалгасан бөгөөд эмч нар журамд заасны дагуу зохих эмчилгээ үйлчилгээг үзүүлсэн нь тогтоогдсон. Амь хохирогчийн төрсөн дүүг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоосон. Амь хохирогч нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг болох нь тогтоогдсон. Шүүгдэгч Р.Э нь мөн архи согтууруулах ундааны зүйлийн хамааралтай болсон нь хавтас хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлгээр хангалттай нотлогдон тогтоогдсон. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Р.Э нь 2019 оны 6 дугаар сарын 27-ны орой 21 цагийн орчимд Хан-Уул дүүргийн 16 дугаар хороо, Буянт-Ухаагийн 4-183 тоотод байрлах гэртээ, өөрийн нөхөр А.Бат-Адъяатай маргалдаж, улмаар гурил элдэх зориулалт бүхий модон элдүүрээр толгойн баруун хойд хэсэгт 3 удаа цохисны улмаас хохирогч А.Бат-Адъяагийн эрүүл мэндэд “гавлын баруун чамархай ясны далд хугарал, баруун тал бөмбөлөгийн зулай, чамархайн дэлбэнгийн тархины эдийн гүн дэх цусан хураа, эдийн няцрал, зүүн тал бөмбөлөгийн чамархайн дэлбэн, бага тархины оройн хэсгийн аалзан хальсны доорх голомтлог цус харвалт” бүхий гэмтэл учруулан алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Оюунмаагийн “...Би А.Бат-Адъяагийн төрсөн дүү нь. Миний ах урьд нь нэг эмэгтэйтэй гэрлэж байгаад салсан ба би 2006 онд гурил хэрчих үйлдвэрт ажиллаж байхдаа хамт ажиллаж байсан Р.Э гэх эмэгтэйтэй ахыгаа танилцуулж байсан. Тэр Р.Э 3 дагавар хүүхэдтэй байсан бөгөөд ахтай минь хамт амьдарч эхэлсэн. Хамт амьдарч эхлэхэд жирэмсэн байсан ба 4 дэх хүүхэд нь төрсөн. Түүнээс хойш бага хоёр хүүхэд нь төрсөн. Би хамгийн сүүлд 2019 оны 5 дугаар сард уулзсан. Би тэр хоёрын хувийн амьдралыг мэдэхгүй. Надад ямар нэгэн гомдол санал байхгүй. Би өөрөө Р.Этай суулгасан хүн. Хүнийг ингэж өөрчлөгдөж, хувирна гэж яаж мэдэх вэ дээ. ...” /1хх29-30, 31-32/,

гэрч Э.Энхмөрөнгийн “...2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр талийгаач гэрт ирсэн байсан. Уг өдөр орой болсон байсан, бороо орж байсан ба намайг эмээ, өвөөгийнд байж байхад ээж Р.Э гэрт орилоод, хэрүүл маргаан гарах шиг сонсогдохоор нь гүйгээд орсон. Тэгтэл ээж газар хэвтсэн, талийгаач дээр нь гарсан байдалтай байхаар нь би түүнийг салгаж холдуулаад тэр хоёрыг “болиоч” гэж хэлээд болиулсан. Тэр үед талийгаачийн хамараас цус гарсан, баруун духны хэсэгт бондойгоод хавдсан байсан. Харин ээжийн уруулаас цус гарсан, нүүр нь хавдсан байсан. Тэгээд талийгаач гэрээс гараад явсан. Намайг гэрт орохоос өмнө тэр хоёр гэрт зодолдсон юм шиг байсан. Талийгаачийн хамараас цус гарч, толгойн хэсэг хавдсан, ээжийн уруулаас цус гарч, нүүр нь хавдсан байснаас харахад тэгж бодогдсон. ...” /1хх71, 74-75, 76-77/,

насанд хүрээгүй гэрч Э.Дөлгөөнийн “...Ээж архи уугаад гэрт орж ирээд аавтай хэрүүл маргаан хийсэн. Тэгээд гурил илдэх гээд сууж байсан чинь аав “чи архи уулаа” гэж уурлаад хэрэлдээд ээжийг барьж аваад заамдаад газар унагасан. Тэгсэн ээж аавыг модон элдүүрээр цохисон. Би элдүүрээр хэдэн удаа цохисон гэдгийг мэдэхгүй байна. Тэгээд байж байтал аав юу ч дуугарахгүй гэрээсээ гараад хашааны хаалгаа хаахгүй гараад гудамжаар гүйгээд яваад өгсөн. ...Модон элдүүр байсан, гэхдээ хугарсан байсныг ээж хаясан. ...” /1хх72, 73/,

гэрч А.Наранцэцэгийн “...Харин тэр эрэгтэй шөнө 23 цагийн үед манай хаалганы үүдэнд хэл, ам нь мэдэгдэхгүй ээдрээд ганцаараа яриад байсан. Тэгээд өглөө 07 цагийн үед хаалга хөлөөрөө өшиглөөд байхаар нь би тагтан дээрээ гарахад СӨХ-ны ажилтан юм шиг байсан, үл таних эрэгтэй гадаа суудаг сандал янзалж байхаар нь дуудаад үүдэнд хэвтэж байсан эрэгтэйг орцноос гаргуулсан. ...” /1хх52-53, 54-55/,

гэрч У.Өмөрбекийн “...Тухайн үед дэд ахлагч цолтой Бүрэнбаярын хамт дуудлагаар очоод тэр эрэгтэйн нэрийг асуутал хариулахгүй, ярьж чадахгүй байсан ба амнаас нь бага зэрэг архи үнэртэж байсан. Тухайн үед түргэн тусламжийн эмч тэр хүнийг хөл дээрээ зогсож чадах уу, алхаж чадах эсэхийг үзэхэд явах нь байтугай зогсож ч чадахгүй байсан. ...” /1хх47-48, 88/,

гэрч Э.Бүрэнбаярын “...Дуудлага хүлээн авч шалгахад 50 гаруй насны бололтой, хар бараан хувцастай хоёр нь гутал нь тайлагдсан байдалтай эрэгтэй хүн хэвтэж байхаар нь түүний нэрийг асуухад ухаантай атлаа юм ярьж чадахгүй байсан. Тэгэхээр бие нь өвдсөн хүн байна, эсхүл хэлгүй хүн байна гэж бодоод түргэн тусламж дуудсан. Түргэн тусламжийн эмч үзээд хөл дээр нь босгох гэхэд хөл дээрээ тогтож чадахгүй байсан. Амнаас нь архи бага зэрэг үнэртэж байсан. ... ” /1хх89-90/,

Р.Эгийн яллагдагчаар өгсөн “...2019 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн 20 цаг өнгөрч байхад би гэртээ согтуу ороход манай нөхөр хоёр бага хүүхэдтэйгээ сууж байсан. Би гэртээ ороод цуйван хийхээр гурил зуураад илдэх гээд модон илдүүр аваад гэрийн зүүн урд талд суухад нөхөр маань надад хандаж “чи архи уулаа, агсан тавьдаг”  гээд уурлаад миний цамцны захаар хоолой боогоод босгож ирж түлхсэн. Тэгээд баруун унтлагын орон дээр бага охинтойгоо хамт тоглож байгаад над руу үглээд намайг хараагаад байхаар нь уур хүрээд нөхрөө цаашаа хараад сууж байхаар нь гурил илдэх гэж байсан гэрийнхээ модон илдүүрээр түүний толгойн хойд дагзны баруун тал хэсэгт 3 удаа цохиход илдүүрний яртай хэсгээр хугарсан. Тэр үед манай нөхөр уйлж сууж байснаа гэнэт гэрээс гүйгээд гараад явсан. Тухайн үед би нөхрийгөө гарч явахад нь тойлгойн хойд талыг нь харахад дагз хэсэгтээ овоогоод хавдсан байсан. Тэр өдрөөс хойш гэртээ ирээгүй. Би хойноос нь хайж яваагүй. Дүү Оюунмөнхөөс 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр утсаар ярьж нөхрөө очсон эсэх талаар асуухад “ирээгүй” гэж хэлсэн. Би модон илдүүрийг хаясан. Тухайн үед илдүүрийг хогийн төмөр савруу хаясан байсан ба хог ачилтын машин ирээд хог ачаад явсан байсан. ...” /1-хх-147-148/ гэх мэдүүлгүүд,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Амь хохирогчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр “гавлын баруун чамархай ясны далд хугарал, баруун тал бөмбөлөгийн зулай, чамархайн дэлбэнгийн тархины эдийн гүн дэх цусан хураа, эдийн няцрал, цусан хурааг авах мэс заслын дараах байдал, зүүн тал бөмбөлөгийн чамархайн дэлбэн, бага тархины орой хэсгийн аалзан хальсны доорх голомтлог цус харвалт, баруун зулай, чамархайн хуйханд цус хуралт, зүүн хацар, шанаа, баруун шуу, тохой, зүүн шилбэнд зулгаралт” гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас тархины аалзан хальсны идээт үрэвслээр хүндэрч амь хохирогч нас баржээ. ...” 1536 дугаартай /1хх95-98/ дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх99-100/,  

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...Амь хохирогчийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр “гавлын баруун чамархай ясны далд хугарал, баруун тал бөмбөлөгийн зулай, чамархайн дэлбэнгийн тархины эдийн гүн дэх цусан хураа, эдийн няцрал, цусан хурааг авах мэс заслын дараах байдал, зүүн тал бөмбөлөгийн чамархайн дэлбэн, бага тархины орой хэсгийн аалзан хальсны доорх голомтлог цус харвалт” гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. “Баруун зулай, чамархайн хуйханд цус хуралт, зүүн хацар, шанаа, баруун шуу, тохой, зүүн шилбэнд зулгаралт” гэмтэл нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн хэргийн хугацаанд нэг бус удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Мохоо зүйлийн тухайлбал, модон илдүүрээр цохих үед үүсэх боломжтой. Тухайн үед цаг алдалгүй эмнэлгийн тусламж үйлчилгээг үзүүлсэн байна. Дээрх гавал тархины гэмтлийг авсан хүн тодорхой хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийж, амьд явах боломжтой. Амь хохирогчид учирсан дээрх гавал тархины битүү гэмтэл нь тархины аалзан хальсны идээт үрэвслээр хүндэрч үхэлд хүргэсэн байна. ...” 1314 дугаартай /2хх49-53/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн “...1536 тоот дүгнэлт үндэслэлтэй байна. Нэмэлтээр гаргасан 1314 тоот дүгнэлтийн 2 дугаар хариултаас бусад нь үндэслэлтэй байна. 2019 оны 6 дугаар сарын 28-ны өдөр ажил үүргээ гүйцэтгэсэн түргэн тусламжийн эмч, Яармагийн Нэгдсэн эмнэлгийн эмч нар зохих үйлчилгээг үзүүлж дараагийн шатны эмнэлэгт хүргэжээ. Амь хохирогч нь баруун чамархайн ясны далд хугарал, баруун тал бөмбөлөгийн зулай, чамархайн дэлбэнгийн тархины эдийн гүн дэх цусан хураа, эдийн няцрал оношоор 2019 оны 7 дугаар сарын 3-ны өдөр ГССҮТ-д мэс засал эмчилгээ хийлгэсэн байна, улмаар тархины аалзан хальсны идээт үрэвсэл, зогсонгишлын хаталгаагаар хүндэрч нас баржээ. Тархины хаван, тархины бусад хүндрэл үүстэл дээрх хэмжээний тархины гэмтэлтэй хүн амьд явах боломжтой. ...” 59 дугаартай /2хх71-82/ дүгнэлтүүд,

хэргийн газар нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх6/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх7-8/, хүний биед үзлэг хийсэн тэмдэглэл /1хх9/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх10-11/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл /1хх12/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх13-14/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх16-21/, эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /1хх22, 23/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл /1хх24/, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх25-27/ зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтуудыг үндэслэн шүүгдэгч Р.Эг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцсэн байна.

Шүүгдэгч Р.Эгийн амь хохирогч А.Бат-Адъяагийн толгойн баруун хойд хэсэгт гурилын модон элдүүрээр 3 удаа цохисны улмаас “гавлын баруун чамархай ясны далд хугарал, баруун тал бөмбөлөгийн зулай, чамархайн дэлбэнгийн тархины эдийн гүн дэх цусан хураа, эдийн няцрал, зүүн тал бөмбөлөгийн чамархайн дэлбэн, бага тархины оройн хэсгийн аалзан хальсны доорх голомтлог цус харвалт” бүхий гэмтэл учруулан алсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Р.Э “...Хүүхдүүддээ маш их санаа зовж байна. Ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн, шүүгдэгч Р.Эгийн өмгөөлөгч Б.Дашдорж “...Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. ...” гэсэн тус тус агуулга бүхий давж заалдах гомдлууд гаргажээ.

Гэмт хэрэг 2019 оны 6 дугаар сарын 27-ны өдөр үйлдэгдсэн талаар гэрч Э.Энхмөрөн, шүүгдэгч Р.Э нар тодорхой мэдүүлсэн, энэ нь хавтас хэрэгт эд мөрийн баримтаар авагдсан камерын бичлэг болон бусад нотлох баримтуудаар тогтоогджээ.

Харин амь хохирогчийг өөр байдлаар гэмтэл авсан гэх нөхцөл байдал хавтас хэрэгт авагдаагүй бөгөөд эдгээр байдлыг шалгасан, мөрдөн шалгах ажиллагааг дахин явуулах үндэслэл тогтоогдсонгүй.

Хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалт болгон өөрчлөх үндэслэлгүй болно.

Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг санаатай алах гэмт хэрэг нь бусдын амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан байдаг бөгөөд гэмт үйлдэл амь хохирогчийн үхэл хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.

 Мөн хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай үйлдлийн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд тодорхой хугацааны дараа амь нас хохирсон эсэх нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

“Хүнийг санаатай алах”, “Хүнд гэмтэл учруулсны улмаас хохирогч нас барах” гэмт хэргийг хооронд нь харьцуулж, ялган зүйлчлэхдээ гэмт этгээдийн үйлдэлдээ болон хор уршигт хандсан сэтгэхүйн харьцаа буюу санаа зорилго, мөн хохирогч уг гэмтлийн улмаас үхэлд хүрсэн, эсхүл уг гэмтлээс шалтгаалан бусад хүндрэл үүсч нас барсан зэрэг нөхцлүүд байдаг боловч энэ гэмт хэргийн хувьд амь хохирогчийн амь насыг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хүн нас барсан нь хавтас хэрэгт авагдсан гэрч, шүүгдэгч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Харин шүүгдэгч Р.Эгийн хувийн болон ар гэрийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа байдал зэрэг нөхцөл байдлуудыг болон гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээг харгалзан үзэж, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээгээр ял оногдуулах нь гэм бурууд нь тохирно гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Иймд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 2020/ШЦТ/115 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Р.Э, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 2-ны өдрийн 2020/ШЦТ/115 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Эг 11 жилийн хорих ялаар шийтгэсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Эг 8 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.” гэж,

шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3 дахь заалтад “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Эд оногдуулсан 11 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй. ...” гэснийг “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Эд оногдуулсан 8 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Р.Э, түүний өмгөөлөгч Б.Дашдорж нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

                        ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Т.ӨСӨХБАЯР

ШҮҮГЧ                                                            Д.ОЧМАНДАХ

ШҮҮГЧ                                                            Ш.БАТ-ЭРДЭНЭ