Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 183/ШШ2020/01255

 

 

 

2020 оны 5 сарын 12 өдөр                                  Дугаар 183/ШШ2020/01255                                       Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн 5 дугаар хороо, байрлалтай, Б ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, хаягт оршин суух, овогт Ш.ийн Б /РД:/-д холбогдох,

 

Авто машины үнэ 105 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагатай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Н, хариуцагч Ш.Б, хариуцагчийн өмгөөлөгч Б.Э /ШТЭҮД-/, гэрч Л.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Золжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Б ХХК нь 2010 онд үйлдвэрлэгдсэн саарал өнгөтэй,  УНӨ улсын дугаар бүхий Тоёота ланд круйзер-200 маркийн авто машиныг 2012 оны 1 дүгээр сарын 13-ны өдөр худалдан авч, тээврийн хэрэгслийн хууль ёсны өмчлөгчөөр бүртгүүлсэн. 2013 онд Ш.Б дээрх авто машиныг өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан бөгөөд өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй. Ш.Б нь 2016 оноос хойш 6 жил гаруй хугацаанд Б ХХК-ийн өмчлөлийн автомашиныг хууль бусаар эзэмшиж, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөөр байна. Ш.Бт автомашиныг буцаан өгөх талаар нэхэмжлэгч байгууллагаас хэд хэдэн удаа холбогдож, шаардахад Ш.Б нь Завхан аймагт автомашиныг унаж яваад авто тээврийн осолд орж, Завхан аймагт төрөл садангийнхаа хашаанд үлдээсэн учраас буцааж өгөх боломжгүй байна гэсэн тайлбарыг хэлсэн байдаг. Эцэст нь автомашины төлбөрийг төл гэсэн шаардлагийг гаргахад төлбөрийг төлөх, өөр автомашин орлуулан өгөх үйлдлийг хариуцагч талаас огт хийгээгүй тул нэхэмжлэл гаргасан. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй бол уг зүйлийг олж авсан этгээдээс хөрөнгөө буцаан шаардах эрхтэй гэж заасан. Хариуцагч автомашиныг 6, 7 жил авч явсан тул маргаан бүхий автомашиныг байсан ч биет байдлаар буцаан авах нь нэхэмжлэгч байгууллагад хохиролтой байгаа тул Ш.Баар тухайн автомашины төлбөрт 105 000 000 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна” гэжээ.

 

Хариуцагч нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...2010 онд үйлдвэрлэгдсэн Тоёота Ланд Круйзер-200 маркийн  УНӨ улсын дугаартай автомашиныг 2013 онд намайг өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч явсан өнөөдрийг хүртэл буцааж өгөөгүй гэж байгаа гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй. Миний бие Тоёота Ланд Круйзер-200 маркийн  УНӨ улсын дугаартай автомашиныг 2013 онд хүлээн аваагүй, өөрөөр хэлбэл 2013 оноос хойш өнөөг хүртэл хууль бусаар эзэмшин, нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэх ямар ч үндэслэл байхгүй, мөн миний эзэмшилд уг автомашин нь байдаггүй. Б ХХК нь уг автомашиныг надад хүлээлгэн өгсөн баримт. акт огт үйлдэж байгаагүй. Бидний хооронд ямар ч эрх зүйн харилцаа үүсээгүй. Мөн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь эрх зүйн зөрчилтэй буюу Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт зааснаар хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан хэрнээ үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж тайлбарлаж байгаа нь нэхэмжлэлийн шаардлага нь зөрчилтэй гэж үзэхээр байна. Намайг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж шаардаад байгаа юм уу эсвэл миний хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх шаардлага гаргаад байгаа нь үнэхээр тодорхойгүй эргэлзээ төрүүлж байна. Нэхэмжлэгч нь өмчлөгчийн зөвшөөрөлгүй уг автомашиныг авч явсан, хууль бусаар эзэмшсэн, үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн хэмээн ямар нэгэн үйл баримт, ямар ч нотлох баримтгүйгээр надад холбогдуулан нэхэмжлэл гаргаж байгаад гомдолтой байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

 

Зохигчийн тайлбар болон шаардлага, татгалзлаа нотлох зорилгоор шүүхэд гаргасан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2, 44.4 дэх хэсэгт заасан шаардлага хангасан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

            ҮНДЭСЛЭХ нь:

 

          Нэхэмжлэгч Б ХХК нь хариуцагч Ш.Бт холбогдуулан  УНӨ улсын дугаартай тоёота ланд круйзер-200 маркийн автомашиныг хариуцагчийн хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад автомашины үнэ 105 000 000 төгрөг гаргуулах гэж нэхэмжлэлийн шаардлага өөрчилсөн болно.

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж үзэж, дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “...Ш.Б нь автомашиныг өмчлөгчийн зөвшөөрөлгүй авч яваад 6 жил гаруй хугацаа өнгөрсөн, анхны байдлаар нь эргүүлэн авах боломжгүй элэгдэл хорогдол үүссэн байж болзошгүй тул автомашины үнэ 105 000 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулна...” гэж, хариуцагч Ш.Б “... УНӨ улсын дугаартай тоёота ланд круйзер-200 маркийн автомашиныг эзэмшил, ашиглалтандаа аваагүй...” гэж татгалзалын үндэслэлээ тус тус тайлбарлаж байна.

 

Хариуцагч маргаан бүхий эд хөрөнгийг эзэмшил, ашиглалтандаа аваагүй гэж маргаж байгаа тохиолдолд нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн эд хөрөнгийг хариуцагчийн ашиглалтад байгаа болохыг нотлох үүрэгтэй.

 

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-т хөрөнгө олж авсан этгээд болон үүрэг гүйцэтгэгч этгээдийн хооронд үүрэг үүсээгүй, эсхүл үүрэг нь хожим дуусгавар болсон буюу хүчин төгөлдөр бус болсон бол бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс уг эд хөрөнгийг буцаан шаардах эрхтэй гэж заасан.

           

Хариуцагч Ш.Б нь 2017 оны 08 сарын 11-ны өдөр  УНӨ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг жолоодож явахдаа зөрчил гаргаж торгуулийн арга хэмжээ авагдсан нь Тээврийн цагдаагийн газрын 2019 оны 05 сарын 27-ны 14-1а/1218 дугаар албан бичгээр тогтоогдож байх боловч гэрч Л.Гийн маргаан бүхий автомашиныг ажлын хэрэгцээнд Б ХХК-ийн гүйцэтгэх захирлын зөвшөөрлөөр би эзэмшиж ашигладаг байсан, тухайн машинаар хариуцагчтай хамт замын хөдөлгөөнд оролцдог байсан гэх мэдүүлгээс дүгнэхэд  УНӨ улсын дугаартай тоёота ланд круйзер-200 маркийн автомашиныг хариуцагч эзэмшил, ашиглалтандаа авсан гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй байна.

           

Зохигчдын тайлбар болон гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтаар нэхэмжлэгчийн эзэмшлийн  УНӨ улсын дугаартай тоёота ланд круйзер-200 маркийн автомашиныг хариуцагч Ш.Б эзэмшилдээ авсан, эзэмшилд нь байгаа гэх үндэслэл баримтаар тогтоогдохгүйн дээр нэхэмжлэгч нь автомашины үнэ 105 000 000 төгрөг гэж тодорхойлсон боловч энэ талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй, шаардлагын үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 42 дугаар зүйлийн 42.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байна.

 

Иймд нэхэмжлэгч Б ХХК-ийн Ш.Бт холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамж 682 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Б ХХК-ийн автомашины үнэ 105 000 000 төгрөг гаргуулах тухай хариуцагч Ш.Бт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 70 200 төгрөгийг улсын төсвийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамж 682 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Д.МӨНХЦЭЦЭГ