Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2022/00923

 

 

2022           10            14                                         001/ХТ2022/00923

З.Мы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 132/ШШ2022/00181 дүгээр шийдвэр,

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 214/МА2022/17 дугаар магадлалтай,

З.Мы нэхэмжлэлтэй

О.Бт холбогдох

Газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Нэхэмжлэгч З.М, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч З.М, хариуцагчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. З.М нь О.Бт холбогдуулан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

2. Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 132/ШШ2022/00181 дүгээр шийдвэрээр Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 35 дугаар зүйлийн 35.3.5-д зааснаар Булган аймаг Гурван булаг сумын 2-р баг Зүүн салааны зүүн уртын эхэд байрлах нэгж талбарын 0000000000 дугаартай, газар эзэмших эрхийн 0000000000 дугаартай гэрчилгээ бүхий 2500 мкв газрыг хариуцагч О.Бийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ. 

3. Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 214/МА2022/17 дугаар магадлалаар хариуцагчийн өмгөөлөгч Ч.Отгонжаргалын давж заалдсан гомдлыг хүлээн авч, Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 181 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч О.Бийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч З.М, түүний өмгөөлөгч М.Даваасүрэн нар хяналтын гомдолдоо: ...Магадлалыг хүлээн авч танилцаад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.1-д заасныг баримтлан дараах үндэслэлээр гомдол гаргаж байна. ...Магадлалаар ...шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  42 дугаар зүйлийн 42.4 дэх заалтыг анхан шатны шүүхээс зөрүүтэй хэрэглэсэн буюу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр гомдол гаргаж байна. Давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн шүүх хуралдааныхаа явцад хариуцагчийн анхан шатны шүүх хурал дээр гаргаж өгсөн өвөлжөөний 2 ш зурагт их ач холбогдол өгч /илтгэгч шүүгч хурал дээр энэ хэний өвөлжөөний зураг вэ гэдэг ганц асуулт тавьсан/ хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг харьцуулан үнэлж үзсэнгүй. Нэхэмжлэгч нь өвөлжөө хашаа булаацалдаагүй эзэмшлийн газраа бусдын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Газрын харилцаа барилга хот байгуулалтын газраас ирүүлсэн зураглалаар энэ 2 хүний эзэмшлийн газар давхцаагүй ч хариуцагч О.Б нь Хишиг-Өндөр сумын нутаг Хгийн давааны өвөр гэх өөрийн эзэмшлийн газраа анхнаасаа сумынхаа газрын даамлаар заалгаж аваагүйгээ болон Гурванбулаг сумын Засаг даргын Тамгын газраас газар чөлөөлөх тухай шаардлага /албан бичиг/ нэг удаа ирсэн удаа дараа утсаар шаардсан гэх хариуцагчийн тайлбар, гэр бүлийн гишүүн болох эхнэр, аав зэрэг нь өвөлжиж байгаа газрын асуудлаар нэхэмжлэгчтэй тохиролцох талаар санал тавьсан гэх нэхэмжлэгчийн тайлбарыг хариуцагч няцаагаагүй харин ч хүлээн зөвшөөрч мэдүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.4-т “...нэг талын гаргасан тайлбарыг нөгөө тал эсэргүүцээгүй бол хүлээн зөвшөөрсөнд тооцно” гэсэнтэй нийцэж байх тул анхан шатны шүүх дээрх заалтыг үндэслэн шийдвэрлэсэн нь хуульд нийцсэн. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч Гурванбулаг сумын нутагт байрлах өөрийн эзэмшихээр авсан өвөлжөө хаваржааны газар дээрээ хашаа саравч бариагүй бөгөөд тухайн газар нь хариуцагч О.Б өвөлжиж, нутагладаг талаарх нотлох баримтаа гаргаж өгөөгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.1-д заасан эрхээ хэрэгжүүлээгүй гэсэн нь үндэслэлгүй. Учир нь нэхэмжлэгчийг өөрийн эзэмшлийн газар дээрээ буухаар 2021 оны намар ирж гэрээ барьсан байхад нь хариуцагч О.Б ирж хэрүүл маргаан үүсгэн улмаар зөрчлийн хуулиар арга хэмжээ авагдсан, дараа нь гэрийг буулгаж айлын гадаа хурааж буулгаагүй тул орон нутгийн захиргааны байгууллагадаа шийдвэрлүүлэхээр хандсаны дагуу сумын ЗДТГ-аас мэдэгдэл шаардлагыг удаа дараа хүргүүлсэн, “Зүүн салааны зүүн эх” гэх газар нь Гурванбулаг сумын нутаг болох нь Газрын харилцаа барилга хот байгуулалтын газрын албан тоот, кадастрын зургаар тогтоогдсон зэрэг нотлох баримт байхад хариуцагч О.Б нь Хишиг-Өндөр сумын 2-р багийн нутаг “Хгийн давааны эх” гэх газар дээрээ өвөлжөө барин нутаглаж байгаа нь зохиогчийн тайлбар, тухайн газрын фото зураг зэрэг нотлох баримтаар нотлогдож байна гэж дүгнэсэн нь ойлгомжгүй. Үнэлээд байгаа энэ өвөлжөөний зураг дээр “Хгийн давааны өвөр” гэх бичвэрээс өөрөөр Зүүн салааны зүүн эх биш Хгийн даваа гэдгийг нотлох зүйлгүй. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлгийн үед хариуцагчаас газрын асуудлаар маргаан үүсмэгц Хишиг-Өндөр сумын засаг захиргааны байгууллагад хандсан эсэх талаар тодруулахад хандаагүй 2016 оноос би Хишиг-Өндөр сумын нутаг л гэж ойлгодог, Хгийн давааны өвөр энэ газар мөн гэдгийг өөрийн сумын холбогдох албан тушаалтнаар заалгаагүй гэж хариулсан. Нэхэмжлэгчийн хувьд эзэмшил газраа заалгаж кадастр хийлгүүлэн гэрчилгээ авсан гэж тайлбарладаг. Хариуцагчийн өмгөөлөгч кадастрын зургийг 2022 онд хийлгүүлсэн мэтээр уг газар дээр байгаа бүх зүйл зурагт тусгагдана гэж мэтгэлцдэг. Уг зургийг ГХБХБГ-аас “Зүүн салааны зүүн эх” гэдэг газар аль сумын нутаг болох лавлагаа авахдаа 2022 онд хэвлүүлж авсан бөгөөд кадастрын зурагт даацын цутгамал суурьтай барилга байгууламжаас өөр зүйлийн зураг тусгагддаггүй тул хариуцагчийн өмгөөлөгчийн ярьсан шиг бүх зүйл гарахгүй. Бодит байдал ийм байхад давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172-р зүйлийн 172.2.1 дэх заалтыг зөрчиж, нэхэмжлэгчид цаг хугацааны болоод бусад байдлаар сөрөг үр дагаврыг бий болгосон тул магадлалыг хүчингүй болгуулахаар гомдол гаргав гэжээ.

5. Хариуцагч нь нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2022.07.01-ний өдрийн 001/ШХТ2022/00761 дүгээр тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7. Хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангаж, шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзэв.

8. Нэхэмжлэгч З.М нь хариуцагч О.Бт холбогдуулан өөрийн эзэмшлийн өвөлжөөний газраа чөлөөлүүлэх нэхэмжлэл гаргасан. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй ба хууль ёсоор олгосон газрыг эзэмшиж байгаа гэж маргасан.

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хянахдаа маргааны үйл баримтыг тогтоох, хууль хэрэглээний асуудлаар хийвэл зохих дүгнэлтийг хийж чадаагүйгээс гадна шүүхийн шийдвэрийн огноо, дугаарыг магадлалын удиртгал хэсэгт буруу тусгаж, техникийн шинжтэй алдаа гаргасан байв.

Хоёр шатны шүүх хуулийг зөрүүтэй тайлбарлан хэрэглэж өөр өөр шийдвэр гаргасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хэргийг хянан хэлэлцсэн ба шүүх нэхэмжлэлийн шаардлага болон үндэслэлийг зааглан ялгах, хэргийн нөхцөл байдал, маргааны зүйлийн талаар Иргэний хуулийн холбогдох зохицуулалтад нийцсэн эрх зүйн дүгнэлт хийх үүргээ хангалттай биелүүлээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хэрэгт байгаа баримтын хэмжээнд залруулах боломжгүй байна.

10. Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзэхэд, нэхэмжлэгч З.М нь Булган аймаг Гурванбулаг сум 2 дугаар баг “Зүүн уртын зүүн салааны эх” гэх 0000000000 дугаар бүхий 2500 м.кв газрыг “өвөлжөө, хаваржаа”-ны зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрхтэй нь тус сумын Засаг даргын 2021.11.30-ны өдрийн А\017 тоот захирамжаар /хх-4 тал/, хариуцагч О.Б нь Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг “Хгийн давааны өвөр”-т 0,07 га газрыг 20 жилийн хугацаатай эзэмших эрхтэй нь 2016.01.13-ны өдрийн 000558746 дугаар газар эзэмших гэрчилгээгээр тус тус тогтоогдож байгаа боловч хариуцагч О.Бийн одоо эзэмшиж байгаа газар нь нэхэмжлэгчийн хууль ёсны эзэмшлийн эсвэл хариуцагчийн өөрийнх нь эзэмших эрхтэй газар мөн эсэх асуудал маргааны зүйл болжээ.

11. Анхан шатны шүүх хариуцагчийн эзэмшлийг хууль бус гэж үзэж, өвөлжөөний зориулалттай газрыг чөлөөлөх үндэслэлтэй гэж үзсэн бол давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн эзэмшил газар дээр хариуцагч байгаа нь тогтоогдоогүй гэж зөрүүтэй дүгнэлт хийсэн. Шүүх маргааны зүйлийг зөв тогтоосон боловч аль нь үндэслэлтэй, алиных нь эзэмшил хууль бус талаар үндэслэл бүхий дүгнэлт хийхэд ач холбогдол бүхий байдал тодорхой бус байгааг анхаараагүй, зохигчоос тодруулаагүй, энэ талаар мэтгэлцээгүй нь учир дутагдалтай болжээ.

11.1. Хэрэгт фото зураг байгаа боловч өвөлжөөг хэний газар дээр байгаа гэдгийг тогтоогоогүй, Гурванбулаг сумын Засаг даргын 2022.01.17-ны өдрийн 01/26 тоот албан бичиг нь өвөлжөөний маргаантай асуудлыг шийдвэрлэхийн тулд газар дээр нь ажиллах боломжгүй байгаа талаар дурдаж, хариуцагчийн эхнэртэй утсаар ярьсан гэсэн агуулгатай тодорхойлолт гаргасан буюу газар дээр нь очиж эзэмшлийн байдлыг тогтоогоогүй болохыг шүүх дүгнэж чадаагүй байна.

11.2. Нэхэмжлэгч нь хариуцагчийн эзэмшиж байгаа газрыг өөрийн хууль ёсны эзэмшлийн зүйл гэж байгаа бол түүний эзэмшлийн газарт хамаарах талбайн нэгж дугаар, хил хязгаар болон газрын аль хэсгийг хариуцагч эзэмшиж байгаа үйл баримт ач холбогдолтой байхад “хариуцагчийн эхнэр газраа зарчих гэж хэлсэн, хариуцагчийн аав нь өөр өвөлжөө ав гэж байсан” гэх нэхэмжлэгчийн тайлбарыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон нь үндэслэл бүхий болж чадаагүй байна. Зохигчийн тайлбар нь маргааны талаарх тэдгээрийн байр суурийг илэрхийлдэг бөгөөд баримтаар давхар нотлогдож байж бодит байдалд нийцсэн шинжийг агуулдаг болохыг шүүх анхаараагүй байна.

11.3. Хариуцагч О.Б нь эзэмшиж байгаа газраа Булган аймгийн Хишиг-Өндөр сумын 2 дугаар багийн нутаг “Хгийн давааны өвөр”-т байгаа гэсэн бол нэхэмжлэгч нь уг газрыг Булган аймаг Гурванбулаг сум 2 дугаар баг “Зүүн уртын зүүн салааны эх” гэх газар гэж маргасан. Энэ тохиолдолд шүүх хариуцагчийн эзэмшиж байгаа газар аль сумын нутагт байгаа болохыг тодруулах, 2015 онд сумын хилийн дээсийг тогтоосон гэх зохигчийн тайлбараас үзэхэд үүнээс хамаараад эзэмшилд нөлөөлөх эсэх, газар олгосон этгээд буюу сумын Засаг дарга нараас тодруулах, үзлэг хийлгэх шаардлага зохигчийн хооронд байгаа эсэхийг зохиогчоос тодруулж, мэтгэлцүүлэх замаар эрх зүйн дүгнэлт хийх нь зүйтэй байжээ.

Эдгээр байдалд дүгнэлт хийхэд хэрэгт ач холбогдол бүхий байдал тогтоогдоогүй, хариуцагчийн эзэмшлийг хууль ёсны эсвэл хууль бус гэж үзэх үндэслэл тодорхой бус нөхцөлд хууль хэрэглэх боломжгүй болно.

12. Түүнчлэн, Иргэний хуулийн 93 дугаар зүйлийн 93.1-д “Эд хөрөнгийг хууль ёсны эзэмшигчээс шаардах эрхгүй” гэж, 94 дүгээр зүйлийн 94.1-д “Эд хөрөнгийг эзэмших эрхгүй буюу энэ эрхээ алдсан шударга эзэмшигч нь уг эд хөрөнгийг эрх бүхий этгээдэд буцаан өгөх үүрэгтэй” гэж тус тус заасан ба эдгээр зохицуулалт маргааны үйл баримтад яагаад хамаарахгүй, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.4, 35 дугаар зүйлийн 35.3.5-д заасан хэм хэмжээ нэхэмжлэгчийн шаардах эрхийг зохицуулсан эсэх талаар шүүх хийвэл зохих эрх зүйн дүгнэлтийг хийгээгүй байна.

13. Иймд хяналтын шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд хууль хэрэглээний асуудлаар дүгнэлт хийж, эцэслэн шийдвэрлэх боломжгүй тул шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, дахин хянан хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 132/ШШ2022/00181 дүгээр шийдвэр, Булган аймгийн Эрүү,  Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 214/МА2022/17 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн гомдлын зарим хэсгийг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 05 дугаар сарын 31-ний өдөр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Б.МӨНХТУЯА

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                      Г.АЛТАНЧИМЭГ

                      ШҮҮГЧИД                                           Г.БАНЗРАГЧ

                                                                                  П.ЗОЛЗАЯА

                                                                                  Х.ЭРДЭНЭСУВД