Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2022/00944

 

 

 

 

 

 

 

2022           10            18                                         001/ХТ2022/00944

 

 

 

Г.Нийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Д.Цолмон даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/03594 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1887 дугаар магадлалтай,

 

Г.Нийн нэхэмжлэлтэй

“Б Т Б К” ХХК-д холбогдох

 

53,480,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаагийн гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Тунгалагтуяа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа, хариуцагчийн өмгөөлөгч Р.Пүрэвлхам, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Г.Н нь “Б Т Б К” ХХК-д холбогдуулан 53,480,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 

2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/03594 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1, 205 дугаар зүйлийн 205.1.-д заасныг тус тус үндэслэн хариуцагч “Б Т Б К” ХХК-иас 53,480,000.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.Нид олгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч “Б Т Б К” ХХК-ийн гаргасан нэхэмжлэгч Г.Нид холбогдох хэлцэл хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 425,350.00 төгрөг, харицагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 425,350.00 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас 425,350.00 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 1887 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 101/ШШ2019/03594 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “343 дугаар зүйлийн 343.1, 355 дугаар зүйлийн 355.1” гэснийг “243 дугаар зүйлийн 243.1” өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 425 350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярмаа хяналтын гомдолдоо: Шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. Үүнд: Анхан шатны шүүх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 37-р зүйл, 37.2 дах хэсэг, мөн хуулийн 40-р зүйл, 40.1, 40.2 дах хэсэгт заасныг баримтлан нотлох баримтыг үнэлэх үүргээ биелүүлээгүй буюу маргаан бүхий үйл баримтын тухайд нотлох баримтыг хуульд заасны дагуу тал бүрээс нь хэрэгт хамааралтай ач холбогдолтой талаас нь үнэлэх үүргээ биелүүлээгүй нь Иргэний хуулийн 41-р зүйл, 41.1 дэх хэсэг, 56-р зүйл, 56.1.1 дэх хэсэг, 123-р зүйл, 123.1,123.2 дох хэсэг, 198-р зүйл, 198.1 дэх хэсэг, 206-р зүйл, 206.1 дэх хэсэг, 208-р зүйл, 208.1 дэх хэсэг, 211-р зүйл, 211.1 дэх хэсэг, 221-р зүйл, 221.1, 221.3, 221.5 дахь хэсэг, 343-р зүйл, 343.1 дэх хэсгийг тус тус буруу тайлбарлан хэрэглэхэд хүргэсэн байх бөгөөд дээрх зөрчлийн улмаас анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй шийдвэр болсон. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хянаж магадлал гаргахдаа “...талуудын хооронд ИХ-ийн 343-р зүйл, 343.1 дэх хэсэгт заасан гэрээний харилцаа үүссэн гэж үзсэн нь хэргийн нөхцөл байдалд нийцээгүй байна...” гэж дүгнэсэн атлаа “уг гэрээний дагуу орон сууцны төлбөрт А.Чойжилтой тохиролцсон ажил гүйцэтгэх гэрээний хөлсөнд өгөхөөр тооцсон орон сууцыг 53,480,000 төгрөгт тооцон шилжүүлэн өгсөн талаар анхан шатны шүүх зөв дүгнэлт хийсэн байна...” гэж дүгнээд анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвтгөсөн нь ойлгомжгүй байна. Мөн давж заалдах шатны шүүх нь “Б Т Б К” ХХК-ийг “ММОЧ” ХХК-тай хийсэн ажил гүйцэтгэх гэрээ дүгнэгдээгүй байх тухай дүгнэлт хийхдээ “гэрээний үүрэг 100% төлбөр төлөгдсөн бичиг хийж өгсөн гэх тайлбар өөр баримтаар нотлогдоогүй, хариуцагчийн тайлбар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25-р зүйл, 25.2.2, 38-р зүйл, 38.1 дэх хэсэгт зааснаар нотлогдохгүй байна...” гэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166-р зүйл, 166.4 дэх хэсэгт заасантай нийцэхгүй байна. Давж заалдах шатны шүүх “Шүүх зохигчдын хооронд хуулийн хэм хэмжээг зөрчсөн хэлцэл хийгдээгүй гэж дүгнэж хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв гэсэн” дүгнэлтийг хийж хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулан анхан шатны шүүхийн шийдвэрийг хууль хэрэглээг зөв хэрэглэсэн гэж дүгнэн илт хууль бус, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн шийдвэрийг хэвээр үлдээн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40-р зүйл, 40.1, 40.2 дох хэсгийг баримтлан нотлох баримтын хэмжээнд зөв үнэлэлт дүгнэлт хийлгүй хэргийг хянаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Хэрэгт авагдсан баримтаар төлбөрт тооцон өгсөн гэх автомашин нь “Б Т Б К” ХХК болон уг компаний эрх бүхий этгээдэд шилжигдсэн тухай баримтгүй байхад хоёр шатны шүүх гэрээний төлбөрт автомашин авсан нь тогтоогдсон гэж нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж харин сөрөг нэхэмжлэлийн шаардлага хангагдахаар байхад илт үндэслэлгүй дүгнэлт хийн хэт нэг талыг барьсан шийдвэр магадлал гаргасанд гомдолтой. Мөн давж заалдах гомдол гаргахдаа хариуцагч тал үндсэн болон сөрөг нэхэмжлэлд холбогдуулан тус бүрд нь 425,350 төгрөг нийтдээ 850,700 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжи д төлсөн байхад 425,350 төгрөгийг л улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мэт магадлалдаа заасан нь ойлгомжгүй байна. Иймд гомдлын дагуу хэргийг хянаж анхан шатны шүүхийн шийдвэр болон давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгон үндсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгон сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “үндсэн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгөх”-ийг хүссэн гомдлыг хангахгүй орхиж, харин “давж заалдах шатны шүүх улсын тэмдэгтийн хураамжийг бүрэн шийдвэрлээгүй” гэх гомдол үндэслэлтэй байх тул энэ талаар магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

 

6. Нэхэмжлэгч Г.Н нь хариуцагч “Б Т Б К” ХХК-д холбогдуулан орон сууцны өмчлөх эрх шилжүүлэхийг даалгах нэхэмжлэлийг гаргасан боловч орон сууцыг бусдад худалдсан байх тул гэрээнээс татгалзаж, шилжүүлсэн 53,480,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, нэхэмжлэгч нь гэрээний дагуу төлбөр төлөөгүй гэж худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг гаргасан.

 

7. Анхан шатны шүүх үндсэн нэхэмжлэлийг хангаж, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээжээ.

 

Хоёр шатны шүүх хэрэгт байгаа баримтын хэмжээнд үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, давж заалдах шатны шүүх Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэжээ.

 

8. Зохигчийн хооронд 2017.12.02-ны өдөр орон сууц худалдах-худалдах авах гэрээ байгуулагдаж, “Б Т Б К” ХХК нь Баянзүрх дүүрэг, 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 43 айлын орон сууцны зориулалттай байрны 3 дугаар давхарт 53.48 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдах, Г.Н нь орон сууцны үнэд 53,480,000 төгрөгийг төлөхөөр тохирсон, зохигчийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан гэрээ байгуулагдсан боловч талууд гэрээнээс татгалзсан үйл баримтыг талууд маргаагүй байна. Харин нэхэмжлэгч нь шилжүүлсэн 53,480,000 төгрөгийг  хариуцагчаас буцаан гаргуулна гэсэн бол хариуцагч нь нэхэмжлэгч гэрээний дагуу ямар ч төлөлт хийгээгүй, нэхэмжилж буй мөнгийг А.Чойжилд өгсөн байна, мөнгөн хөрөнгө аваагүй тул буцааж өгөх үүрэг байхгүй гэж маргажээ.

 

Талуудын хооронд гэрээний дагуу мөнгөн хөрөнгийн шилжүүлэг байсан эсэх асуудал маргааны зүйл болсон байна.

 

9. Нэхэмжлэгч Г.Н нь 2017.12.02-ны өдөр өөрийн өмчлөлийн 12-52 УНУ улсын дугаартай Мерседес Бенз маркийн автомашиныг 57,000,000 төгрөгөөр А.Чойжилд худалдах, худалдан авагч А.Чойжил нь 4,000,000 төгрөгийг бэлнээр төлж, хариуцагч “Б Т Б К” ХХК-тай “ММОЧ” ХХК-ийн өмнөөс байгуулсан ажил гүйцэтгэх гэрээний дагуу ажлын хөлсөд авах 53,480,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцыг автомашины төлбөрт тооцож өгөхөөр харилцан тохиролцсон ба хариуцагч “Б Т Б К” ХХК-ийн захирал М.Жаргалан-Энх нэхэмжлэгчтэй худалдах-худалдан авах гэрээ байгуулахдаа орон сууцны төлбөр 100 хувь төлөгдсөн гэж тодорхойлолт гаргасан, гэрч А.Чойжилийн мэдүүлэг, худалдах, худалдан авах гэрээ зэрэг нотлох баримтуудаар нэхэмжлэгч нь хариуцагчид 53,480,000 төгрөгийг шилжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсон, энэ талаарх шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад тулгуурлажээ. /хх-ийн 5-9, 15, 76, 125-128, 141/

 

10. Өөрөөр хэлбэл, А.Чойжил нь “Б Т Б К” ХХК-иас ажлын хөлсний зарим хэсэгт тооцон 2 өрөө орон сууц авахаар болсон, уг орон сууцыг нэхэмжлэгч худалдан авахаар тохирч, “Б Т Б К” ХХК-тай худалдах-худалдан авах гэрээ байгуулсан, “Б Т Б К” ХХК байрны үнэ бүрэн төлөгдсөн болохыг гэрээний хавсралтад тусгасан, нэхэмжлэгч нь орон сууцны үнийг төлсөн үйл баримт тогтоогдсон байна. Харин “Б Т Б К” ХХК болон “ММОЧ” ХХК-ийн /захирал нь А.Чойжил/ байгуулсан ажил гүйцэтгэх гэрээ маргааны зүйлд хамааралгүй тул ажлыг гүйцэтгэсэн эсэх, ажлын хөлс төлөх эсэх асуудлын талаар шүүх дүгнэлт хийх үндэслэлгүй юм. “Б Т Б К” ХХК нь худалдах-худалдан авах гэрээ байгуулахдаа худалдан авагч Г.Н орон сууцны үнийг бүрэн төлсөн гэж үзэх ойлголтыг нэхэмжлэгчид төрүүлж, энэ талаар баталгаа гаргасан тул “А.Чойжил нь ажлаа гүйцэтгээгүй, нэхэмжлэгч орон сууцны төлбөр төлөөгүй” гэх татгалзал нь үндэслэлгүй байна.

 

11. Хоёр шатны шүүх дээрх байдлаар хэргийн оролцогчийн гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн, сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсгийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул “шүүх нотлох баримтыг үнэлж чадаагүй, хэт нэг талыг барьсан, сөрөг нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэх хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

 

12. Харин хариуцагч нь давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг шийдвэрлэсэнд гомдол гаргаж, улсын тэмдэгтийн хураамжийг тус тусад нь төлсөн байхад давж заалдах шатны шүүх шийдвэрлээгүй орхисон гэх гомдол үндэслэлтэй, энэ талаар магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр  сарын 07-ны өдрийн 1887 дугаар магадлалын тогтоох хэсгийн 2 дах заалтад “...хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 425,350 төгрөгийг” гэснийг “хариуцагчаас 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төлсөн 425,350 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 23-ны өдөр төлсөн 425,350 төгрөгийг тус тус” гэж өөрчлөн, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2020.10.12-ны өдөр хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 15,700 төгрөг, 840,000 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

 

 

                                ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                     Д.ЦОЛМОН

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

 

                                ШҮҮГЧИД                                                      Г.БАНЗРАГЧ

 

                                                                                                      П.ЗОЛЗАЯА

 

                                                                                           С.СОЁМБО-ЭРДЭНЭ