Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2022/00966

 

 

 

 

 

 

2022           10            20                                         001/ХТ2022/00966

Б-Ө А  ЗДТГын

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Эрдэнэсувд даргалж, шүүгч П.Золзаяа, Б.Мөнхтуяа, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШШ2020/00523 дугаар шийдвэр,

Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 212/МА2020/00062 дугаар магадлалтай,

Б-Ө А  ЗДТГын нэхэмжлэлтэй

Х.Б, Х.Х нарт холбогдох

Хариуцагч Х.Б, Х.Х нараас зориулалтын дагуу ашиглахгүй байгаа өмчлүүлсэн 200 га газрыг хураан авах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 Хариуцагч Х.Б, түүний өмгөөлөгч Г.Минжмаа нарын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш, хариуцагчийн өмгөөлөгч Г.Минжмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Б-Ө А  ЗДТГа нь “Ц Б” ХХК, Х.Х нарт холбогдуулан зориулалтын дагуу ашиглахгүй байгаа өмчлүүлсэн 200 га газрыг хураан авах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.

 

2. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШШ2020/00523 дугаар шийдвэрээр Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5, 28 дугаар зүйлийн 28.1.4-ийг баримтлан хариуцагч Х.Б, Х.Х нарт фермер байгуулах, газар тариалангийн зориулалтаар Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Хаш багийн Бурхад гэдэг газраас өмчлүүлсэн 200 га газрыг хураан авахыг хүссэн нэхэмжлэгч Б-Ө А  ЗДТГын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

3. Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 212/МА2020/00062 дугаар магадлалаар Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 5 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШШ2020/00523 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг: “1. Иргэний хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэг, 103 дугаар зүйлийн 103.1 дэх хэсэг, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэг, 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсгийн 28.1.4 дэх заалтыг баримтлан нэхэмжлэгч Б-Ө А  ЗДТГын нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, хариуцагч Найман харатай овогт Халимжаны Х.Б, Найман Харатай овогт Халамжаны Х.Х нарт Б-Ө А  ЗДТГын 2008 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” 18 дугаар захирамжаар “фермер байгуулах, газар тариалан”-ийн зориулалтаар өмчлүүлсэн, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн 020057524 дугаар гэрчилгээтэй, нэгж талбарын 030200017 дугаартай, улсын бүртгэлийн Г-020200010 дугаарт бүртгэгдсэн, Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын 1 дүгээр баг, Бурхад гэх газарт байрлах 200 га газрыг хураасугай.” гэж, 2 дахь заалтыг: “2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар Баяннуур сумын Засаг даргын нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Х.Б, Х.Х нараас 70.200 төгрөг гаргуулж, төрийн сангийн дансанд оруулсугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авч, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Баяннуур сумын Засаг даргын давж заалдах гомдол тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж шийдвэрлэжээ.

4. Хариуцагч Х.Б, түүний өмгөөлөгч Г.Минжмаа нар хяналтын гомдолдоо: шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд хангасан магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн” байх тул хариуцагч нарын зүгээс хяналтын журмаар дараах агуулга бүхий гомдлыг гаргаж байна. Үүнд: 1. Тухайн маргаан бүхий газрын бодит нөхцөл байдлыг давж заалдах шатны шүүхээс үнэн зөв тогтоогоогүй талаар: Шүүх шийдвэр гаргахдаа тус маргаанд холбогдох нотлох баримтыг тал бүрээс шинжлэн судалсны үндсэн дээр маргааны бодит үйл баримтыг тогтоох учиртай. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-дэх заалт болон 40.2-т дэх хэсэгт тус тус зааснаар “шүүх хэрэгт авагдсан баримтууд болон үйл баримтыг нэг бүрчлэн бодитойгоор шинжлэн судалж, нотлох баримтуудыг хооронд харьцуулан үзэж, өөрийн дотоод итгэлийн дагуу хэрэгт цугларсан нотлох баримт үнэн зөв үнэлэгдэх, хэргийн бодит үнэнийг тогтооход чухал ач холбогдолтой нотлох баримтуудын нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд бодитойгоор шинжлэн судалсны үндсэн дээр хэргийн бодит нөхцөл байдал, үйл баримтыг тогтоон шийдвэр гаргах” хэмээн хуульчлагджээ. Маргааны зүйл болсон хариуцагч нарт өмчлүүлсэн 200 га газар нь анхнаасаа хадлангийн зориулалтаар 80 шахам жил эзэмшиж, ашиглаж ирсэн уламжлал бүхий тариалангийн бус газар байсан. Энэ нь МУ-ын Газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан “сумын газар тариалан хөгжүүлэх хэтийн болон тухайн жилийн төлөвлөгөөнд ороогүй, тухайн газар нь газар тариалангийн бүс нутагт огт хамааралгүй болно” хэмээн заасан болон хэргийн материалд авагдсан нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан тайлбар болон тухайн үед АЦ С ЗД даргаар ажиллаж байсан М.Нурахметийн гэрчийн мэдүүлэг, 2019.09.06-ны өдрийн ахлах аудиторын “Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын дарга К.Болатын хүсэлтийн дагуу хийсэн аудитын танилцуулга” зэрэг баримтуудаар хариуцагч нарт өмчлүүлсэн 200 га газрыг өмчлүүлэхдээ тариалангийн бус байсныг газар тариалангийн зориулалттай болгон өмчлүүлсэн гэх бодит үйл баримт тогтоогддог. Гэтэл давж заалдах шатны шүүхээс “маргаан бүхий газрыг анхнаасаа газар тариалангийн зориулалтай гэж үзэн...” дүгнэн шийдвэрлэсэн нь шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан “нотлох баримтыг тал бүрээс, үнэн бодитой үнэлсний үндсэн дээр хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоох” үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. 2. Хариуцагч нар нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дах заалт, 38 дугаар зүйлийн 38.1. дэх хэсэгт заасан нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ бүрэн биелүүлсэн талаар, өмчилж авсан газраа зориулалтын дагуу ашиглаж, эзэмшсэн талаар: Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн магадлалын үндэслэх хэсгийн 4-т “газар тариалангийн үйл ажиллагаа явуулж, тариалан эрхэлж байгаа тухай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, энэ талаар нотлоогүй байна, мөн тус хэсэгт хариуцагч нар нь Бурхад хэмээх 200 га газрыг зориулалтын дагуу буюу газар тариалангийн зориулалтаар өмчилж байгаа гэдгээ “тухайн өмчилж авсан газрыг хамгаалалтад авч, усалгааг сайжруулсан, үүний үр дүнд өвс хадлангийн гарц хэдэн арав дахин нэмэгдсэн, усалгаатай хадлангийн талбайн аж ахуй эрхэлж, өвс хадаж малчдад борлуулдаг” гэж тайлбарлаж байгаа боловч “энэхүү тайлбарыг үндэслэн хариуцагч нар тухайн 200 га талбайд буюу тариалангийн талбай, эсхүл атаршсан газарт тариалангийн үйл ажиллагаа эрхэлж, тариалангийн зориулалтаар өмчилж байна гэж үзэх бодит үндэслэл тогтоогдоогүй,...” хэмээн үзэж шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дах заалт болон 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгтэй дараах үндэслэлээр нийцэхгүй байна. А. Хариуцагч бид нарт өмчлүүлсэн 200 га газрыг “Фермер байгуулах, газар тариалангийн зориулалтаар өмчлүүлсэн байхад давж заалдах шатны шүүхээс зөвхөн газар тариалангийн зориулалттай гэж үзэн шийдвэр гаргасан шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцээгүй байна. Б. Хариуцагч бид нарт өмчлүүлэх үеийн болон өмнөх үеийн газрын төлөв байдал нь тариалангийн бус зориулалттай, газрын зүүн болон урьд хэсгээр өвс, ургамал нэг их ургаад байдаггүй, чулуулаг атаршсан 100 орчим га газар байсан бөгөөд тухайн газрыг хариуцагч бид нар өмчилж авсан үеэсээ эхлэн тордон арчилж газар тариалан эрхлэх эхний бэлтгэл ажлуудыг шат дараатай хийснээр ой сүйтгэх халдлага эрс багасаж, газрын усалгааг сайжруулан жил бүр цэвэрлэгээ арчилгааг тогтмол хийснээр газрын төрх байдал, чанар эрс сайжран, өвс хадлангийн гарц хэдэн арав дахин нэмэгдэж, хөрсний ялзмаг агууламж ихсэж, элсэн овоолго, цөлжилт эрс багасгасан юм. Газар тариалан эрхлэх үйл ажиллагааны эхний үе шат болгон хүнсний ногоо тариалж, фермерийг “Ц Б” ХХК-г байгуулан ажиллуулж өвөл хаврын улиралд тэмээ, үхэр, ямааны сүү, ингэний хоормогийг Баян-Өлгий аймгийн “Тирлик” захад их хэмжээгээр нийлүүлэн худалдах зэргээр олон төрлийн үйл ажиллагаа явуулсан бөгөөд цаашид өргөжүүлэх зорилгоор 2008, 2009 онуудад Увс аймгийн Өлгий, Өмнөговь аймгийн Ховд сумаас 25 толгой тэмээ, Ховд аймгийн Мянгад, Дөргөн, Буянт сумуудаас 35 толгой тэмээ, 1000 ямаа худалдан авснаар компанийн гишүүдийн мал хөрөнгө жил дараалан өсөн нэмэгдэж, баг, сум, аймгийн төвийн иргэдэд хүрч үйлчлэх замаар тогтмол үйл ажиллагаа эрхэлж ирснээр 10 өрхийн 20 хүн тогтмол ажлын байраар хангах болсон. Энэ нь анхан шатны шүүхийн хэрэгт авагдсан бусад баримтууд болох санхүүгийн болон татварын тайлан, “Ц Б” ХХК-ийн гишүүдийн 2013 он, 2014 он, 2019 оны малын тооны үзүүлэлт, Баян-Өлгий аймгийн худалдаа үйлчилгээний “Тирлик” ХХК-ийн тодорхойлолт зэрэг баримтуудаар тогтоогдож байгаа болно. В. Газар тариалангийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж хариуцагч бидний зүгээс газар тариалангийн үйл ажиллагаа болох чацарганы суулгац тариалах үйл ажиллагааг 2017.10.27-ны өдрийн №ЧС-ХХ-АГ/2017/10 тоот “Чацарганын суулгац худалдах, худалдан авах гэрээ”-гээр худалдан авч тариалсан бөгөөд уг үйл ажиллагаа нь Баян-Өлгий аймгийн Байгаль орчин, аялалт жуулчлалын газрын 2018.04.17-ны өдрийн 117 тоот “манай газар нь аймгийн ХХААХҮГазар, Мал аж ахуйн газар тариалангийн “Цөгцийн-Бурхад” ХХК, “Алтайн жимс” ХХК-тай хамтран ажиллаж байгаа бөгөөд Оросын “Чуйский” сортын өргөсгүй арвин жимс өгдөг монгол орны хөрсөнд дасан зохицох чадвартай 3-4 насны 84,000 ш чацарганы суулгацыг энэ хавар аймгийн хэмжээнд тариалахаар зохих газарт гэрээ байгуулсан тул захиалгаа ирүүлэхийг хүсье” гэх албан бичгүүдээр нотолж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.2, 38 дугаар зүйлийн 38.1. дэх хэсэгт заасан эрх үүргээ тус тус биелүүлсэн байхад давж заалдах шатны шүүхээс “газар тариалангийн үйл ажиллагаа явуулж, тариалан эрхэлж байгаа тухай нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй, энэ талаар нотлоогүй байна, хэмээн хариуцагч бид нарыг буруутгаж шийдвэр гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь заалт, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй байна. Г. Газар тариалан гэдэг бол зөвхөн нэг хүний санаа бодол, хөрөнгө мөнгөөр шийдэгддэг асуудал биш бөгөөд Газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.3-т заасан “сумын газар тариалан хөгжүүлэх хэтийн болон тухайн жилийн төлөвлөгөөнд” орж хэрэгждэг учраас Хүнс, хөдөө аж ахуй, газар тариалангийн тэргүүлэх чиглэлд хувь нэмэр оруулах томоохон бүтээн байгуулалт хийх зорилгоор фермерийн аж ахуйн цогцолбор байгуулан газар тариалантай хослуулж хийхээр 1 тэрбум төгрөгийн санхүүжилттэй төсөл, хөтөлбөрийг боловсруулан шийдвэрлүүлэхээр холбогдох төрийн эрх бүхий байгууллагуудад хандаж, Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны жижиг, дунд үйлдвэрлэл хөгжүүлэх газарт хандсан зэрэг олон баримтууд нь хавтаст хэрэгт авагдсан “2001 оны 1-01\1099 дугаартай Баян-Өлгий аймгийн Засаг даргын албан бичиг”, “2007.03.20-ны өдрийн 1- 01\292 тоот дугаартай Баян-Өлгий аймгийн Засаг даргын албан бичиг”, “2007.03.21-ний өдрийн 34 тоот дугаартай Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын албан бичиг”, “2008.04.21-ний өдрийн 6\2451 тоот дугаартай УИХ-ын гишүүн А.Бакейн албан бичиг”, “2008.05.01-ний өдрийн 109 тоот дугаартай Хүнс, хөдөө аж ахуйн яамны Тариалан эрхлэлтийн дэмжих сангийн 2008.05.01-ний өдрийн 109 тоот дугаартай албан бичиг” албан бичгүүдээр нотлох баримт болж байгаа юм. Мөн “Баян-Өлгий аймгийн Алтанцөгц сумын Татварын улсын байцаагчийн 2016.06.09-ний өдрийн 22 тоот “Тус сумын Хаш нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа “Ц Б” ХХК нь тэмээ ямаа голлон үржүүлж мах, сүү, ноос, ноолуураа зах зээлд худалдан борлуулах малын өвс тэжээлээ өмчлөл газраасаа өөрсдөө бэлтгэх үйл ажиллагааг эрхэлж байгаа боловч төслийн бусад үйл ажиллагаанууд төслийн санхүүжилтээс болж хүлээгдэж байгаа бөгөөд уг санхүүжилт шийдэгдсэнээр шилмэл үүлдрийн үхэр, ямааны ферм байгуулах зэргээр тогтмол ажиллаж байгаа болно” зэргээр газар тариалангийн үйл ажиллагаа эхлүүлсэн үйл ажиллагаа цаашид улам эрчимтэй явуулах нь тодорхой байхад хариуцагч бид бүхнийг МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2 дахь заалт, 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх заалтыг тус тус зөрчсөн, хэмээн үзэж, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д дахь заалтыг тус тус үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн давж заалдах шатны шүүхийн магадлал нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 дэх хэсэгт заасан “шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн” гэж үзэхээр байна. Иймд дээр дурдсан нотлох баримт бүхий нөхцөл байдлуудаас үзвэл хариуцагч бидний өмчилж авсан газарт шууд газар тариалан эрхлэх асуудал нь Улс орны, аймаг, сум, багийн газар тариалангийн төлөвлөлттэй холбоотой, мөнгө хөрөнгө, хүн хүч, машин техник, тоног төхөөрөмж ихээхэн шаардлагатай асуудал гэдэг нь хэн бүхэнд ойлгомжтой юм. Гэвч бид уг газрыг өмчилж авсан цагаасаа эхлэн онгон зэрлэг, элсэн овоолго, чулуужилт ихтэй болсон, хатуу хөрстэй атаршсан газрыг цэвэрлэх, арчлан хамгаалах, услах зэргээр арчилгаа, хамгаалалтад авч, нөхөн сэргээх үйл ажиллагааг жил бүр тогтмол хийж, фермерийн аж ахуйг байгуулан таван хошуу мал өсгөж, хүнсний ногоо, чацаргана тариалж баг, сум, аймгийн төвийн иргэдэд түүнийхээ үр шим болох мал мах, сүү, цагаан идээ, хадлан тэжээл, хүнсний ногоо, жимс жимсгэнийг худалдаалж, ажилласны үр дүнд байгалийн төрх өөрчлөгдөн хэн бүхэнд ашигтай, үзэсгэлэнтэй газар болгож, хөрсний үржил шим нь сайжраад ирэхэд сумын засаг дарга болон тухайн албан тушаалтнууд хувийн ашиг сонирхлын үүднээс булаалдан маргалдах болсныг ч шүүх анхаарах ёстой байхад анхааралгүй эсрэгээрээ МУ-ын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг 5.1.3 дахь заалтад тусгасан “иргэнд газар өмчлүүлэхэд баримтлан зарчим бүхий нийтийн эрх ашигт нийцэхгүй” байна хэмээн дүгнэн шийдвэр гаргаж байгаа нь МУ-ын Үндсэн хуулийн тавдугаар зүйлийн 2-т “Төр нь нийтийн болон хувийн өмчийн аливаа хэлбэрийг хүлээн зөвшөөрч, өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаална”, 3-т “Өмчлөгчийн эрхийг гагцхүү хуульд заасан үндэслэлээр хязгаарлаж болно” гэж тус тус заасантай нийцэхгүй байна. Мөн манай фермерийн аж ахуй “Ц Б” ХХК-иас газар тариалан эрхлэх 50-100 хүнийг ажлын байртай болгох зорилт тавин төсөл боловсруулан аймаг, УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн яаманд саналаа уламжлан санхүүжилтийг хүлээж байгаа ажил хөдөлмөрийн энэ айсуй үед энэхүү маргаан үүсч байгаа нь харамсалтай байгаа төдийгүй нэхэмжлэгч С.Бакет нь 13 жилийн дотор газар тариалан хөгжүүлэх талаар юу ч хийгээгүй зэлүүд газар хэвээрээ байгаа мэтээр маргаж уг газрыг хураах нэхэмжлэл гаргасныг бүхэлд нь хангаж Х.Б, Х.Х нарын өмчилж авсан Бурхад хэмээх газарт байрлах 200 га газрыг давж заалдах шатны шүүхээс буруутган “Хураах” шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны байх зарчимд нийцэхгүй байна. Иймд хавтаст хэрэгт авагдсан хууль ёсны нотлох баримтуудаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага нь нотлогдохгүй байгаа тул давж заалдах шатны магадлалыг бүхэлд хэрэгсэхгүй болгож, хариуцагч Х.Б, Х.Х нарт тус сумын Хаш багийн бурхад гэдэг газраас 200 га газрыг фермер байгуулах, газар тариалангийн зориулалтаар өмчлүүлсэн “Б-Ө А  ЗДТГын 2008.04.30-ны өдрийн “Газар өмчлүүлэх тухай” 18 тоот захирамж хуулийн хүчин төгөлдөр байна гэж тогтоосон шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах үндэслэлтэй байна. Хариуцагч, түүний өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын “магадлалыг хүчингүй болгуулах”-ыг хүссэн хэсгийг хангаж, “шийдвэрийг хэвээр үлдээх”-ийг хүссэн гомдлыг хангахгүй орхив.

6. Нэхэмжлэгч Б-Ө А  ЗДТГа, хариуцагч Х.Б, Х.Х нарт холбогдуулан тус сумын Засаг даргын 2008.04.30-ны өдрийн 18 дугаар захирамжаар хариуцагч нарт өмчлүүлсэн 200 га газрыг шүүхийн журмаар хураах  нэхэмжлэлийг гаргасан байна. Нэхэмжлэлийн үндэслэлээ “...тухайн газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй байхад хууль бусаар өмчлүүлсэн, газрын суурь үнэ 230,707,200 төгрөгийг төлөөгүй, өмчлүүлсэн газрыг зориулалтын дагуу буюу газар тариалангийн зориулалтаар ашиглаагүй...” гэж тодорхойлсон боловч нэхэмжлэгч нь шаардлага, үндэслэлээ тодруулж, “өмчлүүлсэн газрыг зориулалтын дагуу буюу газар тариалангийн зориулалтаар ашиглаагүй” гэж тодорхойлж, Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан гэжээ. /хх-1, 61/

7. Хариуцагч Х.Б, Х.Х нар нэхэмжлэлийг эс зөвшөөрч “...тус газрыг фермерийн болон газар тариалангийн зориулалтаар зохих журмын дагуу өмчилж авсан, ингэний болон ямааны фермийг амжилттай байгуулан өсгөн үржүүлж байна. Газар тариалан эрхлэхээр 50-100 хүнийг ажлын байртай болгохоор зорин санхүүжилтээ хүлээж байна. Өнгөрсөн 11 жилийн хугацаанд газрын хөрсийг тариалангийн зориулалтад бэлтгэж, усалгааг сайжруулсан... Өвс, хадлангийн гарц хэдэн арав дахин нэмэгдэж, хөрсний ялзмаг агууламж ихсэж, чулуужилтын зэрэг эрс багассан, элсэн овоолго, цөлжилт бараг үгүй болсон үр дүн гарсан...” гэх үндэслэл зааж маргажээ.

8. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо “...хариуцагч нар нь маргаж буй газрын хууль ёсны өмчлөгч хэвээр байна. АЦ С ЗД дарга хариуцагч нарт газар өмчлүүлсэн 2008 оны захирамжийг 2018.06.12-ны өдрийн А/47 дугаар захирамжаар хүчингүй болгосон хэдий ч Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.04-ний өдрийн 110/ШШ2020/0015 дугаар шийдвэрээр 2018 оны А/47 дугаар захирамжийг хүчингүй болгосон, иймд хариуцагч нарт фермер, газар тариалангийн зориулалтаар өмчлүүлсэн Б-Ө А  ЗДТГын 2008.04.30-ны өдрийн 18 тоот захирамж хүчин төгөлдөр, хариуцагч нар газрыг зориулалтын дагуу ашиглаж байгаа, маргаан бүхий газрыг газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдаагүй, дуудлага худалдааны журмаар өмчлүүлээгүй, газрын үнийг төлөөгүйд хариуцагч нарыг буруутгах боломжгүй...” гэх дүгнэлтийг хийсэн байна.

9. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэхдээ “...Засаг дарга газрыг нь хураан авах шийдвэр гаргуулах нэхэмжлэлийг бүрэн эрхийнхээ хүрээнд гаргасан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Х.Б, Х.Х нараас зориулалтын дагуу ашиглахгүй байгаа өмчлөлийн 200 га газрыг хураан авах шийдвэр гаргуулах гэж тодруулсан бөгөөд хариуцагч Х.Б, Х.Х нар нь АЦ С ЗД даргын 2008.04.30-ны өдрийн 18 дугаар захирамжаар, тус сумын Хаш багийн Бурхад гэх газраас өмчлүүлсэн 200 га газрыг зориулалтын дагуу буюу газар тариалангийн зориулалтаар өмчлөхгүй байгаа нь хариуцагчийн шүүхэд гаргасан тайлбар, захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.02.05-ны өдрийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон, хариуцагч нараас тухайн өмчилж авсан газрыг хамгаалалтад авч, усалгааг сайжруулсан, үүний үр дүнд өвс хадлангийн гарц хэдэн арав дахин нэмэгдсэн, усалгаатай хадлангийн талбайн аж ахуй эрхэлж, өвс хадаж малчдад борлуулдаг гэж тайлбарлаж байгаа боловч энэхүү тайлбарыг үндэслэн хариуцагч нар тухайн 200 га талбайд буюу тариалангийн талбай, эсхүл атаршсан газарт тариалангийн үйл ажиллагаа эрхэлж, тариалангийн зориулалтаар өмчилж байна гэж үзэх бодит үндэслэл тогтоогдоогүй, хариуцагч нь хариу тайлбартаа тухайн газарт газар тариалан эрхэлж эхлээгүй, санхүүжилт хүлээж байгаа талаар мэдүүлсэн бөгөөд тухайн газарт ямар нэгэн газар тариалангийн үйл ажиллагаа явуулаагүй, харин байгалийн жамаар чацарганын зэрлэг мод бүхэлд нь ургасан байдалтай байгаа нь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон, иймд хариуцагч Х.Б, Х.Х нар нь газар тариалангийн газраа зориулалтаар нь ашиглах үүргээ биелүүлээгүй, газар тариалангийн зориулалтаар өмчлүүлсэн газрыг зориулалт бусаар буюу хадлангийн талбай болгон ашиглаж Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.2, 28 дугаар зүйлийн 28.1.4 дэх заалтыг тус тус зөрчсөн учраас мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.5 дахь заалтын дагуу гаргасан Б-Ө А  ЗДТГын нэхэмжлэлийг хангах үндэслэлтэй...” гэж үзжээ.

10. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

10.1. Б-Ө А  ЗДТГын 2008.04.30-ны өдрийн 18 дугаар “Газар өмчлүүлэх тухай” захирамжаар Х.Б, Х.Х нарт тус сумын Хаш багийн Бурхад гэх газраас 200 га газрыг фермер, газар тариалангийн зориулалтаар өмчлүүлсэн, хариуцагч нар улсын бүртгэлд бүртгүүлж, 020057524 дугаар гэрчилгээгээр өмчлөх эрхээ баталгаажуулжээ.

10.2. Хариуцагч нарт газар өмчлүүлсэн дээрх шийдвэрийг АЦ С ЗД дарга 2018.06.12-ны өдрийн А/47 дугаар захирамжаар хүчингүй болгосон хэдий ч Баян-Өлгий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020.03.04-ний өдрийн 110/ШШ2020/0015 дугаар шийдвэрээр 2018 оны А/47 дугаар захирамжийг хүчингүй болгосон байх ба анхан шатны шүүх “хариуцагч нарт газар өмчлүүлсэн шийдвэр хүчин төгөлдөр байна” гэж үзсэн.

Гэвч Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрт “...газар өмчлүүлсэн эрх бүхий албан тушаалтны шийдвэрийг хүчингүй болгох эрх сумын Засаг даргад олгогдоогүй, ...Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1.4-т зааснаар газар өмчлөх эрхийг шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр, эсхүл Засгийн газрын шийдвэрээр дуусгавар болно гэж заасан...” гэж дүгнэсэн, өөрөөр хэлбэл шүүхэд нэхэмжлэл гаргаж газар өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгуулах эсвэл Засгийн газраас газар өмчлүүлсэн шийдвэрийг хүчингүй болгох хуулийн тодорхой зохицуулалт байхад Б-Ө А  ЗДТГаас хариуцагч нарт газар өмчлүүлсэн захирамжийг хүчингүй болгохоор шүүхэд хандсан эсэхийг тодруулах нь ач холбогдолтой байсан.

Учир нь Баян-Өлгий аймгийн Аудитын газрын 2019.09.06-ны өдрийн танилцуулгад “...хариуцагч нарт олгосон тухайн газар нь газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд ороогүй, дуудлага худалдааны журмаар олгох ёстой байсан...” гэж үзсэн, Баян-Өлгий аймгийн Газрын харилцаа, барилга, хот байгуулалтын газрын үнэлгээгээр тус газрын үнэлгээг 230,707,200 төгрөгөөр тогтоосон, газрын хэмжээ, тухайн нутгийн хүмүүсийн эрх хөндөгдөж байгаа гэх нөхцөлд Засаг дарга өөрөө шийдвэр гаргасан үйл баримтыг бус харин шүүхэд хандсан эсэхийг тодруулах нь зохистой байжээ. Энэ үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг үндэслэлтэй гэж үзэх боломжгүй байв.

10.3. Түүнчлэн хариуцагч нарт өмчлүүлсэн газар нь “фермер, газар тариалангийн зориулалт”-тай болохыг сумын Засаг даргын захирамжид заасан, хэрэгт байгаа баримтын хүрээнд хариуцагч нар фермерийн үйл ажиллагаа эрхэлж байгаа гэх талаар баримт гаргасан байхад давж заалдах шатны шүүх хариуцагч нарыг зөвхөн газар тариалангийн зориулалтаар ашиглаагүй тухайд дүгнэлт хийж, фермерийн зориулалтаар газраа ашигласан эсэх талаар дүгнэлт хийгээгүй нь маргааны зүйлээр хийвэл зохих дүгнэлтийг бүрэн өгөөгүй, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй гэж үзнэ.

11. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баян-Өлгий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 130/ШШ2020/00523 дугаар шийдвэр, Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 212/МА2020/00062 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хянан хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 2020.10.12-ны өдөр хяналтын журмаар гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Х.ЭРДЭНЭСУВД

                              ШҮҮГЧИД                                                    П.ЗОЛЗАЯА

                                                                                                   Б.МӨНХТУЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                   Д.ЦОЛМОН