Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 102/ШШ2020/02476

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Кульдана даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг 5 дугаар хороо 50 мянгат 14 дүгээр байр 10 тоотод оршин суух, 1971 онд төрсөн 49 настай, Дэлэг овогт Ж.Б

Хариуцагч: Баянгол дүүрэг 1 дүгээр хороо Богд Ар хороолол 9а байр 222 тоотод оршин суух, 1975 онд төрсөн 45 настай, Баяжих овогт Г.Б

Гэрээний үүргийн биелэлт 97.938.415 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, 25.866.715 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Б, хариуцагч Г.Б, өмгөөлөгч Ц.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Т нар оролцов.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Боса Импекс ХХК-нд 2008 онд борлуулагчаар ажилд орсон. Г.Б-д 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл зээлээр бараа бүтээгдэхүүн өгсөн. Энэ хугацаанд бид хоёр бараг 10, 20 удаа тооцоо нийлж сүүлийн байдлаар 2018 оны 06 дугаар сард бараа бүтээгдэхүүний тооцоо нийлсэн акт үйлдэхэд тэрээр 805.670.300 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг авсан байсан. Эксель программаар хамт сууж байгаад тооцоо нийлсэн баримтаа хавтаст хэрэгт өгсөн. Тооцоо нийлсэн актыг хүлээн зөвшөөрч бид гарын үсгээ зурж баталгаажуулсан. Зээлээр авсан барааны үнээс Г.Б 179.649.875 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Мөн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл 533.698.910 төгрөгийг хүнсний бараагаар төлбөрийг төлсөн. Дээрх хоёр үнийн дүнг шинжээч баримтаар шүүж дансаар 180.423.765 төгрөг шилжүүлж, бараагаар 572.442.560 төгрөг төлсөн гэж гаргасан дүнг зөвшөөрч байгаа. 572.442.560 төгрөгнөөс миний аваагүй бараа буюу 44.855.000 төгрөг хасагдаж тооцогдоно. Шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрнө. Бид хоёр гарын үсэгтэй үсэггүй, компанийн нэртэй баримтууд өгсөн. Эдгээр баримт нь бид хоёрын хоорондын тооцоо мөн тул эдгээр баримтыг үндэслэн шинжээч дүгнэлтээ гаргасан. Г.Б-с төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж утсаар ярьж, гэр орноор нь очиж хайдаг, дууддаг байсан боловч барааны үлдэгдэл төлбөрийг удахгүй төлнө гэсээр өдийг хүрсэн. Шүүхэд битгий өгөөч би залилангийн хэргээр шалгагдаж байгаа гэж бүтэн 1 жилийг авсан. Залилангийн хэрэгтээ шийтгэгдээд 2 жил суугаад гарч ирсэн. Үлдэгдэл 92.321.515 төгрөгийг төлөлгүй намайг 3 жил хохироож байна. Боса импекс ХХК-нд энэ мөнгийг өгөөгүй учир Г.Б орон сууцаа тавьж лимит гаргуулж надаас бараа үргэлжлүүлэн авч байсан. Энэ хүн Боса Импекс ХХК-наас барьцаанд тавьсан байраа чөлөөлүүлж авснаар би доголдолд орж миний амьдрал сүйрч 90-ээд сая төгрөгийн өрөнд орсон. 802.850.000 төгрөгийг төлөөд байраа ав гэхэд өөрөө зөвшөөрч бид хоёр тооцоо нийлсэн акт үйлдсэн болохоос 802.500 төгрөг төлөөд байр авах ёстой юм шиг худлаа тайлбарлаж яриад байна. Нэхэмжлэлд ороогүй 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 5.616.900 төгрөгийг нэмж нэхэмжилнэ. Иймд хариуцагч Г.Б-с бараа бүтээгдэхүүний үнэ 97.938.415 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжилээд байгаа мөнгө нь ор үндэслэлгүй. Энэ хүнтэй 2013 оноос хойш бараа нийлүүлж, харилцан солилцож ирсэн. 2014 оны сүүл, 2015 оны эхээр миний бараанаас дутаасан байсан. Ж.Б 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр бараа солилцоо хийе гэж гуйсан учир хамтарч ажилласан. Энэ хүнд итгээд Богд Ар хорооллын нэг өрөө байраа барьцаанд тавьж өгсөн. Гэтэл компанидаа 90 гаруй сая төгрөгийн өртэй байснаа надаас нууж хуурч мэхлэн байрыг барьцаанд тавьсан байсан тул шүүх хуралдаан 3 жил үргэлжилж шүүх байрыг буцаан надад өгөхөөр зөв шийдвэрлэсэн. Ж.Б манай компани намайг шүүхэд өгчихөөд байна гэхээр нь би байраа барьцаалахыг зөвшөөрсөн байсан. Би байраа буцаан авахын тулд нэхсэн мөнгө болгоныг нь өгч байсан. Гэтэл давраад сүүлдээ 90.000.000 төгрөгийн маргаан гаргаж ирсэн. Бидний тооцоо 2016 оны намар дууссан. Ж.Б надтай тооцоо нийлж акт үйлдье гээд 802.500 төгрөгөөр тооцоо нийлсэн мөртлөө ард нь 000 тэг нэмж бичсэн байна. Би байраа авахаар хоёулаа тооцоо нийлье гэхэд 802.850 төгрөг үлдсэн энэ мөнгөө төлвөл байрыг чинь буцааж өгье гэж байсан. Би 50, 60 сая төгрөгийн байраа алдахгүйн тулд тооцоо нийлсэн актад гарын үсэг зурсан. Бидний хооронд ийм л зүйл болсон. Шинжээч биднээс авсан зарлагын гарын үсэгтэй, үсэггүй, компаниар шилжүүлсэн бүх баримтыг тооцсон байсан. Эдгээр баримтад бид маргахгүй бидний хоорондын тооцоо мөн. Шинжээчийн дүгнэлтэд эргэлзээд байх юм алга гэв.

Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Ж.Б-тай 2015 оноос эхлэн хүнсний бараа бүтээгдэхүүн харилцан нийлүүлж ирсэн бөгөөд барааны төлбөр тооцоог бэлэн мөнгөөр, дансаар, бараагаар харилцан тооцож хийж ирсэн. Миний бие Ж.Б-с 2015 онд 17.043.000 төгрөгийн, 2016 онд 389.611.240 төгрөгийн, 2017 онд 320.820.370 төгрөгийн нийт 727.474.610 төгрөгийн барааг тус тус авсан бөгөөд үүний төлбөрт Ж.Б-ы Хаан банк дахь 5013066018 тоот дансанд 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 118 удаагийн үйлдлээр 182.923.765 төгрөгийг шилжүүлсэн. 570.417.560 төгрөгийн барааг нийт 753.341.325 төгрөгийг Ж.Б-д өгсөн. Ж.Б-с шүүхэд гарган өгсөн баримт, Г.Б миний Хаан банкны дансны хуулгаар иргэн Ж.Б-д 25.866.715 төгрөгийг илүү төлсөн байгаа нь нотлогдож байна. Иймд илүү төлсөн 25.866.715 төгрөгийг Ж.Б-с буцаан гаргуулж өгнө үү гэв.

Нэхэмжлэгч Ж.Б шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Г.Б сөрөг нэхэмжлэлдээ 2015 онд 17.043.000 төгрөгийн, 2016 онд 389.611.240 төгрөгийн, 2017 онд 320.820.370 төгрөгийн нийт 727.474.610 төгрөгийн бараа авсан гэжээ. Гэтэл 2016 оноос хойшхи нийлүүлэлтийн баримт, Г.Б-н над руу явуулж байсан баримт зэргээр 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 805.670.300 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн. Үүнээс 2015 онд 8 баримтаар нийт 19.959.530 төгрөг, 2016 онд 91 баримтаар 405.233.840 төгрөг, 2017 онд 93 баримтаар 380.476.930 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн. Г.Б нь 2015 оны 2 удаагийн нийлэлтийн баримтаар 2.458.400 төгрөгийг, 2016 оны 06 удаагийн баримтаар 14.284.200 төгрөгийн, 2017 онд 14 удаагийн нийлүүлэлтийн 59.243.800 төгрөг, 2015 оноос 2017 он хүртэл сүүлийн баримт хүртэл үнийн зөрүү 2.463.800 төгрөг болж нийт 78.449.700 төгрөгийг орхигдуулан шүүхэд баримт гаргаж өгөлгүй, үнийн дүн зөрүүтэй зэргээр үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд тус сөрөг нэхэмжлэлд дурдсан зөрүү нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн болон талуудын нийлсэн актаар нотлогдоно. Мөн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 118 удаагийн үйлдлээр 182.923.765 төгрөгийг шилжүүлсэн тухайд Г.Б дансаар нийт 179.928.535 төгрөг, бэлнээр 4.728.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд үүнээс 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1.000.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 728.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1.000.000 төгрөг огт шилжүүлээгүй, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 750.000 төгрөгийг бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд миний бие жолоочид өгсөн, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 600.000 төгрөгийн бүтээгдэхүүний буюу ундаа нь нэхэмжлэлийн зүйлд хамаарахгүй тусдаа авсан бараа байх тул зөрүү 5.728.000 төгрөг буюу Г.Б нийт 178.928.535 төгрөг төлсөн. Мөн 570.414.560 төгрөгийн бараа бүтээгдэхүүний тухайд 2015 оноос 2017 он хүртэл баримтаар нийт 533.698.910 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн болохыг Г.Б-с надад өгсөн баримтуудаар нотлогдоно. Ийнхүү Г.Б нь шүүхэд илүү баримт гарган өгч үндэслэлгүйгээр надаас 25.866.715 төгрөг нэхэмжилсэн тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрхгүй гэв.

Шүүх хуралдаанаар хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Г.Б-д холбогдох 97.938.415 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэл, хариуцагч Г.Б нь нэхэмжлэгч Ж.Б-д холбогдох 25.866.715 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэл тус тус гаргасан байна.

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагчаас Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т зааснаар гэрээний үүргийг шаардах эрхтэй.

Ж.Б нь Боса Импекс ХХК-нд борлуулагчаар ажиллаж байхдаа 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч Г.Б-д зээлээр бараа бүтээгдэхүүн худалдах, харилцан бараагаар солилцож нийт 2015 оны 11 дүгээр сарын 28-наас 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хоорондын тооцоог нийлж хоёр тал 802.850.000 төгрөгийн бараа хүлээлцэн, солилцсон болохоо хүлээн зөвшөөрч 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Тооцоо нийлсэн акт үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Хариуцагч шүүх хуралдаанд би байраа авъя гэхэд хоёулаа тооцоо нийлье гээд 802.850 төгрөг үлдсэн гэсэн тооцоо нийлсэн акт үйлдэж гарын үсэг зуран, мөнгөө төлвөл байрыг чинь өгнө гэж Ж.Б хэлсэн. Дараа нь өөрөө энэ үнийн дээр 000 тэг нэмж бичиж 802.850.000 төгрөг болгосон байсан хэмээн мэдүүлсэн боловч нэхэмжлэгч Ж.Б 2018 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн байдлаар Боса Импекс ХХК-нд 75.995.677.5 төгрөгийн барааны үнийг төлөх үлдэгдэлтэй байсан, энэ хугацаанд хариуцагч Г.Б нь нэхэмжлэгч Ж.Б-д орон сууцны ордероо өгч түүгээр дамжуулж өөрийн өмчлөлийн Баянгол дүүрэг 1 дүгээр хороо 9а байр 222 тоот орон сууцыг 2017 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Боса Импекс ХХК-нд барьцаалсан боловч шүүхийн шийдвэрээр Г.Б-с Ж.Б-д орон сууцыг барьцаалах итгэмжлэл олгогдоогүй гэх үндэслэлээр Боса Импекс ХХК-ийн Г.Б-н өмчлөлийн орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон үйл баримт хэрэгт авагдсан шүүхийн шийдвэрээр тогтоогдсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад томилогдсон шинжээчийн дүгнэлтээр Ж.Б нь 2015, 2016, 2017 онуудад нийт 785.024.020 төгрөгийн барааг хариуцагч Г.Б-д шилжүүлсэн болох нь тогтоогдсон тул зохигчийн хооронд 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн байдлаар 802.850.000 төгрөгийн тооцоо байсан гэж үзэж тооцоо нийлсэн акт үйлдсэн байх үндэслэлтэй байна.

Хэрэгт авагдсан хоёр талын ирүүлсэн баримт нь Ажирга хангай ХХК, Итирнал би Энд цэ ХХК-наар бараа хүлээлцсэн байх бөгөөд эдгээр баримт нь хариуцагч Г.Б-с нэхэмжлэгч Ж.Б-д барааг хүлээлгэж өгсөн баримт гэж тайлбарлан хэн аль нь баримтад маргахгүй тооцоонд оруулж тооцсон, эдгээр баримтыг үндэслэн гаргасан шинжээчийн дүгнэлтийг талууд зөвшөөрч тайлбарласан болно.

Шүүхээс томилогдсон Ай жэй Эй Эйч Аудит ХХК-ийн тооцож гаргасан шинжээчийн дүгнэлтээр Ж.Б-с Г.Б-д хүлээлгэн өгсөн барааны нийт жагсаалтаар 801.443.220 төгрөгийн бараа өгснөөс Г.Б-н Ж.Б-с аваагүй 15.090.800 төгрөгийн бараа, огт баримтгүй 1.328.400 төгрөгийг хасаж, Ж.Б-с Г.Б-н Хаан банкны данс руу шилжүүлсэн 2.417.600 төгрөгийг нэмж нэхэмжлэгч Ж.Б-с хариуцагч Г.Б-д өгсөн бараа, шилжүүлсэн мөнгөний нийт дүн 787.441.620 төгрөг, /801.443.220-15.090.800-1.328.400=785.024.020+2.417.600=787.441.620/, хариуцагч Г.Б-с Ж.Б-д 572.442.560 төгрөгийн бараа шилжүүлсэн боловч үүнээс 44.855.000 төгрөгийн бараа өгсөн болох нь баримтаар тогтоогдоогүй тул хасаж тооцон, дансаар шилжүүлсэн 180.423.765 төгрөгийг нэмж /572.442.560-44.855.000=527.587.560+180.423.765=708.011.325/ нийт 708.011.325 төгрөгийн бараа бэлэн мөнгийг хариуцагч Г.Б-с нэхэмжлэгч Ж.Б-д шилжүүлсэн гэсэн байна. Үүгээр Ж.Б-ны шилжүүлсэн мөнгө барааны үнэ 787.441.620 төгрөгнөөс Г.Б-н харилцан өгсөн барааны үнэ дансаар шилжүүлсэн мөнгө болох 708.011.325 төгрөгийг хасаж Г.Б-с нэхэмжлэгч Ж.Б-д 79.430.295 төгрөгийг төлөх тооцоо гарсан гэх дүгнэлтийг үндэслэн хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ. Учир нь талуудаас шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн зарлагын баримтууд нь компанийн тамга, хувийн тэмдэг дарагдсанаас гадна барааг өгсөн авсан гарын үсэггүй, өөр өнгийн үзгээр бичсэн, барааны тоо ширхэг, нэг бүрийн үнэ байхгүй, хоёр талын хэнийнх нь ч гарын үсэг биш баримтууд байхаас гадна, нийт үнийн дүнг засварласан зэрэг баримтуудыг ирүүлсэн нь хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй, нотлох баримтаар үнэлэгдэхгүй баримтууд байгаа боловч шинжээчийн дүгнэлт гаргах явцад хэн аль нь дээрх баримтуудыг зөвшөөрч тайлбарласнаар шинжээч дүгнэлтийг гаргасан байх тул шинжээчийн дүгнэлтийг хэргийг шийдвэрлэхэд үндэслэл болголооо.

Иймд хариуцагч Г.Б-с барааны үлдэдэл тооцооны төлбөрт 79.430.295 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-д олгож, үлдэх 18.508.120 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчээс нэмэгдүүлсэн шаардлагаар 5.616.900 төгрөгийг тооцоо нийлсэн актад ороогүй гэх үндэслэлээр шаардаж баримтын эх хувь анхны нэхэмжлэлд хавсаргагдсан гэж тайлбарласан боловч тэдгээр баримт нь шинжээчийн дүгнэлтээр орж тооцогдсон тул хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн болно.

Хариуцагч Г.Б нь нэхэмжлэгч Ж.Б-д холбогдуулж сөрөг нэхэмжлэлээр өөрийн Хаан банкны дансны хуулгаар Ж.Б-д 25.866.715 төгрөгийг илүү төлсөн байгаа нь нотлогдоно гэж тайлбарлан 25.866.715 төгрөгийг буцаан гаргуулахыг шаардсан боловч хэргийн хавтас №4-ийн 36-38 хуудас дахь Г.Б-н Хаан банк дахь дансны хуулгын түүвэр /2015.11.02-2017.12.31/-ээр Г.Б-с Ж.Б-д дансаар 180.423.765 төгрөг шилжүүлж тооцоог зохигч хэн аль нь зөвшөөрч гарын үсэг зурж нэхэмжлэгчид шилжүүлсэн бараа мөнгөний тооцоонд орж хасагдан тооцогдсон тул хариуцагчаас төлбөрт илүү мөнгө шилжүүлсэн гэж үзэх үндэслэлгүй тул сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгчийн хүсэлтээр Boldsaikhan Emujin гэх фейсбүүк хаягнаас фейсбүүк хэрэглэгч нэртэй хаягтай харилцсан мессенжер чатад үзлэг хийхэд Ж.Б-с фейсбүүкийн хэрэглэгч гэсэн хаяг руу зарлагын баримт илгээж, эксель программаар үнийн дүнг жагсааж илгээсэн байсан бөгөөд үзлэгээр Г.Б, Ж.Б нар тооцоо нийлж баримт үйлдэн харилцаж байсан гэх үйл баримт тогтоогдоогүй тул үзлэгийн тэмдэглэлд дүгнэлт өгч үнэлэх шаардлагагүй байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Г.Б-н хүсэлтээр шинжээчээр ажиллаж дүгнэлт гаргасан Ай жэй Эй Эйч Аудит ХХК-ийн шинжээчийн хөлс 3.3.000.000 төгрөгийн зардлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар хариуцагчаас гаргуулж шинжээчид олгох үндэслэлтэй.

Шүүх хуралдаанд хариуцагч тал шинжээч Г.Б-г шүүх хуралдаанд оролцуулах, дүгнэлтийг тайлбарлуулах хүсэлтээс татгалзсан болохыг дурдаж, зохигч хэн алины улсын тэмдэгтийн хураамжид төлсөн төлбөрийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас хангаж буй үнийн дүнд ногдох төлбөрийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 115.2.3, 116 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

  ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Г.Б-с 79.430.295 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-д олгож, үлдэх 18.508.120 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 724.380 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Б-с 555.101 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-д олгосугай.

3.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Б-д 25.866.715 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагч Г.Б-н сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287.283 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар хариуцагч Г.Б-с 3.300.000 төгрөг гаргуулж Ай жэй Эй Эйч Аудит ХХК-нд олгосугай.

6.Шүүх хуралдаанд хариуцагч Г.Б нь шинжээч Г.Б-г шүүх хуралдаанд оролцуулах, дүгнэлтийг тайлбарлуулах хүсэлтээс татгалзсанг дурдсугай.

7.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгч нь шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ж.КУЛЬДАНА