Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/02356

 

 

 

 

 

2020 оны 12 сарын 14 өдөр

Дугаар 210/МА2020/02356

 

 

Ж.Бы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Ш.Оюунханд, Б.Нармандах нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/02476 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Ж.Бы хариуцагч Г.Бөд холбогдуулан гаргасан гэрээний үүргийн биелэлт 97 938 415 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 25 866 715 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагч, хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Б.Нармандахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Би Боса Импекс ХХК-нд 2008 онд борлуулагчаар ажилд орсон. Г.Бөд 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл зээлээр бараа бүтээгдэхүүн өгсөн. Энэ хугацаанд бид хоёр бараг 10, 20 удаа тооцоо нийлж сүүлийн байдлаар 2018 оны 06 дугаар сард бараа бүтээгдэхүүний тооцоо нийлсэн акт үйлдэхэд тэрээр 805.670.300 төгрөгийн үнэ бүхий бараа бүтээгдэхүүнийг авсан байсан. Эксель программаар хамт сууж байгаад тооцоо нийлсэн баримтаа хавтаст хэрэгт өгсөн. Тооцоо нийлсэн актыг хүлээн зөвшөөрч бид гарын үсгээ зурж баталгаажуулсан. Зээлээр авсан барааны үнээс Г.Б 179.649.875 төгрөгийг дансаар шилжүүлсэн. Мөн 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр хүртэл 533.698.910 төгрөгийг хүнсний бараагаар төлбөрийг төлсөн. Дээрх хоёр үнийн дүнг шинжээч баримтаар шүүж дансаар 180.423.765 төгрөг шилжүүлж, бараагаар 572.442.560 төгрөг төлсөн гэж гаргасан дүнг зөвшөөрч байгаа. 572.442.560 төгрөгнөөс миний аваагүй бараа буюу 44.855.000 төгрөг хасагдаж тооцогдоно. Шинжээчийн дүгнэлтийг зөвшөөрнө. Бид хоёр гарын үсэгтэй үсэггүй, компанийн нэртэй баримтууд өгсөн. Эдгээр баримт нь бид хоёрын хоорондын тооцоо мөн тул эдгээр баримтыг үндэслэн шинжээч дүгнэлтээ гаргасан. Г.Бөөс төлбөрөө төлөхийг удаа дараа шаардаж утсаар ярьж, гэр орноор нь очиж хайдаг, дууддаг байсан боловч барааны үлдэгдэл төлбөрийг удахгүй төлнө гэсээр өдийг хүрсэн. Шүүхэд битгий өгөөч би залилангийн хэргээр шалгагдаж байгаа гэж бүтэн 1 жилийг авсан. Залилангийн хэрэгтээ шийтгэгдээд 2 жил суугаад гарч ирсэн. Үлдэгдэл 92.321.515 төгрөгийг төлөлгүй намайг 3 жил хохироож байна. Боса импекс ХХК-нд энэ мөнгийг өгөөгүй учир Г.Б орон сууцаа тавьж лимит гаргуулж надаас бараа үргэлжлүүлэн авч байсан. Энэ хүн Боса Импекс ХХК-наас барьцаанд тавьсан байраа чөлөөлүүлж авснаар би доголдолд орж миний амьдрал сүйрч 90-ээд сая төгрөгийн өрөнд орсон. 802.850.000 төгрөгийг төлөөд байраа ав гэхэд өөрөө зөвшөөрч бид хоёр тооцоо нийлсэн акт үйлдсэн болохоос 802.500 төгрөг төлөөд байр авах ёстой юм шиг худлаа тайлбарлаж яриад байна. Нэхэмжлэлд ороогүй 2017 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 5.616.900 төгрөгийг нэмж нэхэмжилнэ. Иймд хариуцагч Г.Бөөс бараа бүтээгдэхүүний үнэ 97.938.415 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжилээд байгаа мөнгө нь ор үндэслэлгүй. Энэ хүнтэй 2013 оноос хойш бараа нийлүүлж, харилцан солилцож ирсэн. 2014 оны сүүл, 2015 оны эхээр миний бараанаас дутаасан байсан. Ж.Б 2015 оны 12 дугаар сарын 07-ны өдөр бараа солилцоо хийе гэж гуйсан учир хамтарч ажилласан. Энэ хүнд итгээд Богд Ар хорооллын нэг өрөө байраа барьцаанд тавьж өгсөн. Гэтэл компанидаа 90 гаруй сая төгрөгийн өртэй байснаа надаас нууж хуурч мэхлэн байрыг барьцаанд тавьсан байсан тул шүүх хуралдаан 3 жил үргэлжилж шүүх байрыг буцаан надад өгөхөөр зөв шийдвэрлэсэн. Ж.Б манай компани намайг шүүхэд өгчихөөд байна гэхээр нь би байраа барьцаалахыг зөвшөөрсөн байсан. Би байраа буцаан авахын тулд нэхсэн мөнгө болгоныг нь өгч байсан. Гэтэл давраад сүүлдээ 90.000.000 төгрөгийн маргаан гаргаж ирсэн. Бидний тооцоо 2016 оны намар дууссан. Ж.Б надтай тооцоо нийлж акт үйлдье гээд 802.500 төгрөгөөр тооцоо нийлсэн мөртлөө ард нь 000 тэг нэмж бичсэн байна. Би байраа авахаар хоёулаа тооцоо нийлье гэхэд 802.850 төгрөг үлдсэн энэ мөнгөө төлвөл байрыг чинь буцааж өгье гэж байсан. Би 50, 60 сая төгрөгийн байраа алдахгүйн тулд тооцоо нийлсэн актад гарын үсэг зурсан. Бидний хооронд ийм л зүйл болсон. Шинжээч биднээс авсан зарлагын гарын үсэгтэй, үсэггүй, компаниар шилжүүлсэн бүх баримтыг тооцсон байсан. Эдгээр баримтад бид маргахгүй бидний хоорондын тооцоо мөн. Шинжээчийн дүгнэлтэд эргэлзээд байх юм алга гэжээ.

Хариуцагч Г.Б шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэл болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Иргэн Ж.Бтай 2015 оноос эхлэн хүнсний бараа бүтээгдэхүүн харилцан нийлүүлж ирсэн бөгөөд барааны төлбөр тооцоог бэлэн мөнгөөр, дансаар, бараагаар харилцан тооцож хийж ирсэн. Миний бие Ж.Баас 2015 онд 17.043.000 төгрөгийн, 2016 онд 389.611.240 төгрөгийн, 2017 онд 320.820.370 төгрөгийн нийт 727.474.610 төгрөгийн барааг тус тус авсан бөгөөд үүний төлбөрт Ж.Бы Хаан банк дахь 5013066018 тоот дансанд 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэлх хугацаанд нийт 118 удаагийн үйлдлээр 182.923.765 төгрөгийг шилжүүлсэн. 570.417.560 төгрөгийн барааг нийт 753.341.325 төгрөгийг Ж.Бд өгсөн. Ж.Баас шүүхэд гарган өгсөн баримт, Г.Б миний Хаан банкны дансны хуулгаар иргэн Ж.Бд 25.866.715 төгрөгийг илүү төлсөн байгаа нь нотлогдож байна. Иймд илүү төлсөн 25.866.715 төгрөгийг Ж.Болдсаханаас буцаан гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Ж.Б шүүх хуралдаанд сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Г.Б сөрөг нэхэмжлэлдээ 2015 онд 17.043.000 төгрөгийн, 2016 онд 389.611.240 төгрөгийн, 2017 онд 320.820.370 төгрөгийн нийт 727.474.610 төгрөгийн бараа авсан гэжээ. Гэтэл 2016 оноос хойшхи нийлүүлэлтийн баримт, Г.Бийн над руу явуулж байсан баримт зэргээр 2015 оны 11 дүгээр сарын 28-ны өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл нийт 805.670.300 төгрөгийн бараа бүтээгдэхүүнийг нийлүүлсэн. Үүнээс 2015 онд 8 баримтаар нийт 19.959.530 төгрөг, 2016 онд 91 баримтаар 405.233.840 төгрөг, 2017 онд 93 баримтаар 380.476.930 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн. Г.Б нь 2015 оны 2 удаагийн нийлэлтийн баримтаар 2.458.400 төгрөгийг, 2016 оны 06 удаагийн баримтаар 14.284.200 төгрөгийн, 2017 онд 14 удаагийн нийлүүлэлтийн 59.243.800 төгрөг, 2015 оноос 2017 он хүртэл сүүлийн баримт хүртэл үнийн зөрүү 2.463.800 төгрөг болж нийт 78.449.700 төгрөгийг орхигдуулан шүүхэд баримт гаргаж өгөлгүй, үнийн дүн зөрүүтэй зэргээр үндэслэлгүй сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд тус сөрөг нэхэмжлэлд дурдсан зөрүү нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн болон талуудын нийлсэн актаар нотлогдоно. Мөн 2015 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл 118 удаагийн үйлдлээр 182.923.765 төгрөгийг шилжүүлсэн тухайд Г.Б дансаар нийт 179.928.535 төгрөг, бэлнээр 4.728.000 төгрөг шилжүүлсэн бөгөөд үүнээс 2016 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 1.000.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 728.000 төгрөг, 2017 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 1.000.000 төгрөг огт шилжүүлээгүй, 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 750.000 төгрөгийг бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэхэд миний бие жолоочид өгсөн, 2017 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 600.000 төгрөгийн бүтээгдэхүүний буюу ундаа нь нэхэмжлэлийн зүйлд хамаарахгүй тусдаа авсан бараа байх тул зөрүү 5.728.000 төгрөг буюу Г.Б нийт 178.928.535 төгрөг төлсөн. Мөн 570.414.560 төгрөгийн бараа бүтээгдэхүүний тухайд 2015 оноос 2017 он хүртэл баримтаар нийт 533.698.910 төгрөгийн бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн болохыг Г.Бөөс надад өгсөн баримтуудаар нотлогдоно. Ийнхүү Г.Б нь шүүхэд илүү баримт гарган өгч үндэслэлгүйгээр надаас 25.866.715 төгрөг нэхэмжилсэн тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Г.Бөөс 79.430.295 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Бд олгож, үлдэх 18.508.120 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 724.380 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Г.Бөөс 555.101 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Бд олгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч Ж.Бд 25.866.715 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагч Г.Бийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287.283 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар хариуцагч Г.Бөөс 3.300.000 төгрөг гаргуулж Ай жэй Эй Эйч Аудит ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Б давж заалдах гомдолдоо: Миний бие бараа оруулж ирдэг наймааны ажлыг анх 2013 оноос өөрийнхөө хөрөнгөөр хийж эхлэсэн. Анх туршлага байхгүй их хэмжээний бараа борлуулах гэж маш их будилж алдах онох зүйл их, энэ салбарт танил талгүй надад жаахан төвөгтэй байсан. Энэ үед Ж. Болдсайхан гэдэг хүн Боса ХХКны гэрээт борлуулагчийг 1999 оноос хойш хийсэн танил тал ихтэй учир, миний барааг ажлынхаа хажуугаар хөлсөөр барааг минь борлуулж өгдөг байсан. Энэ харилцаа 2-3 жил үргэлжилж эцэстээ миний дампуурах эхлэл тавигдаж, үүнтэй холбогдсон өчнөөн алдагдал хүлээж маш их хохирол амссан. Ж. Болдсайхан нь Боса ХХК-д тооцоо нийлсэн актаар өөрийн дутагдлаа арилгахын тулд миний итгэлийн далимдуулж миний өмчийн байрыг хүртэл өрөндөө өгөх гэж оролдож байсан бөгөөд энэ нь 3 шатны шүүхээр орж хэрэгсэхгүй болж байсан. Мөн цагдаагийн байгууллагт ч удаа дараа хандаж байсан. Гэтэл нэг өдөр баахан тооцооны хуудас, /дотор нь бүр аль хэдийн 2 тал дуусгаад устгацан барааны падаан хүртэл явж байсан/ нэхэмжлэл гаргасан байсан. Харин ч би энэнд өчнөөн жил ашиглуулж тооцооны болон тооцооны бус аргаар идүүлж хохироод явж оййхад үүнд үнэхээрийн их гайхаж хариу тайлбараа өгсөнөөсөө хойш 1 хуралд суусанаас хойш , тодорхой шалтгааны улмаас ахиж хурлуудад оролцож чадаагүй ээ. Ингээд миний итгэмжлэгдсэн төлөөлөгч санхүүгийн шинжээч авах хүсэлт гаргасан бөгөөд уг шинжээч эхний өдөр дуудаж тодорхой учир эхлээд хаан банкны хуулгыг тулгийн гээд пгүүж тулгаад гарын үсэг зуруулаад явуулсан байсан. Харин дараагийн падаан тулгаж хийсэн шинжилгээндээ Ж.Бтай сууж хийсэн хэрнээ манай итгэмжлэгдсэн төлөөлөгчийн дуудаагүйгээр дүгнэлтээ гаргачихсан байсан. Ингээд өнгөрсөн 6 сард болсон хуралд өөрийн биеэр сууж өөрт байсан баримтуудаа гаргаж өгөөд шинжээчийн дүгнэлтийг уншихад шинжээч илт Ж.Бы талд байсан. Миний падааныг Ж.Б аваагүй бараа гэж дандаа үгүйсгэсэн. Мөн шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч дахин шинээр шинжээч томилуулж 2 тал сууж хийлгэх хүсэлт гаргасан ч шүүгч ахиад нөгөө шинжээчээ л томилсон. Падаанд X тэмдэгтэй ямар ч хүчингүй баримт байна ш дээ, бас Ж.Бы өөрийнх гарын үсэгтэй падаан дүгнэлтэнд ороогүй шдээ энийг оруулая гэхэд шүүгч хүсэлтээ гаргаад өгч болно гээд, тэгээд гаргасан ч тоосонгүй, оруулалгүй шийдвэрээ гаргачихсан. Миний бие шинжээчийн дүгнэлтийг бүр оогг хүлээн зөвшөөрч байгаагүй. Зөвшөөрөхгүй гэдгээ ч удаа дараа хэлж байсан. Харамсалтай нь шүүгч Г.Б нь шинжээчийн дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна, эргэлзэх зүйлгүй гэж шийдвэртээ бичсэн байх юм. Ямар ч үндэслэл байхгүй зүйлд шүүх шийдвэр гаргасанд миний бие үнэхээр гомдолтой байна. Иймд дээрх шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч Г.Энхбаяр давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй, нотлох баримтыг хуульд заасны дагуу үнэлээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж гарсан гэж үзэж байна. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт: ... 802.850.000 төгрөгийн бараа хүлээлцэн, солилцсон болохоо хүлээн зөвшөөрч 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдэж гарын үсэг зурж баталгаажуулжээ гэж дүгнэжээ. Хариуцагч талаас шүүхэд гаргасан тайлбар болон нотлох баримтаар Ж. Болдсайхантай ямар ч байдлаар тооцоо нийлээгүй гэдгийг удаа дараа илэрхийлсэн, Ж.Б нь тооцоо нийлсэн акт нэртэй Г.Бийн гарын үсэг бүхий баримтад үнийн дүнг өөрчилж засварласан, бичсэн тоо болон үнийн дүнг үсгээр бичсэн байдал зөрүүтэй, засвартай баримтыг шүүх эргэлзээгүй нотлох баримт гэж үзэж хэргийг шийдвэрлэж байгаа нь хуульд нийцэхгүй. Шүүхийн шийдвэрт эдгээр баримтыг үндэслэн гаргасан шинжээчийн дүгнэлтийг талууд хүлээн зөвгөөрч тайлбарласан болно гэж дүгнэжээ. Хариуцагч талаас шинжээчийн дүгнэлтийг болон нэхэмжлэлийн шаардлагыг ямар ч байдлаар хүлээн зөвшөөрөөгүй бөгөөд энэ талаар дүгнэлт үндэслэлгүй, буруу гарсан талаар шүүх хуралдаанд тайлбарласаар байтал шүүх Г.Бийн хэлээгүй үгийг хэлсэн мэтээр шинжээчийн дүгнэлтийг талууд зөвшөөрч тайлбарласан гэж шийдвэрт тусгаж хүнийг гүтгэсэн шинжтэй дүгнэлтийг шийдвэрт тусгажээ. Хариуцагч талаас 2019 оны 11 сарын 07-ны өдрийн 158/2019 дугаартай шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч 2020 оны 03 сарын 06-ны өдөр Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу дахин шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авсан. Гэтэл анхан шатны шүүхээс Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-т заасныг зөрчиж өмнө дүгнэлт гаргасан шинжээч байгууллагаар нэмэлт дүгнэлт гаргуулсан нь хууль зөрчсөн төдийгүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн гэж үзэж байна. Баянгол дүүргийн шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэх хуулиар тогтоосон журмыг зөрчсөнөөс шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Нэхэмжлэгч Ж.Б нь хариуцагч Г.Бөд холбогдуулан гэрээний үүргийн биелэлт 97 938 415 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч 25 866 715 төгрөг гаргуулахаар сөрөг шаардлага гарган маргажээ.

Нэхэмжлэгч шаардлагын үндэслэлээ ... Боса Импекс ХХК-нд борлуулагчаар ажиллаж байхдаа 2015 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл хугацаанд хариуцагч Г.Бөд зээлээр бараа бүтээгдэхүүн худалдах, харилцан бараагаар солилцож нийт 2015 оны 11 дүгээр сарын 28-наас 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийг хүртэлх хоорондын тооцоог нийлж хоёр тал 802.850.000 төгрөгийн бараа хүлээлцэн, солилцсон болохоо хүлээн зөвшөөрч 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Тооцоо нийлсэн акт үйлдсэн ... гэж, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг татгалзлын үндэслэлээ ... би байраа авъя гэхэд хоёулаа тооцоо нийлье гээд 802.850 төгрөг үлдсэн гэсэн тооцоо нийлсэн акт үйлдэж гарын үсэг зуран, мөнгөө төлвөл байрыг чинь өгнө гэж Ж.Б хэлсэн. Дараа нь өөрөө энэ үнийн дээр 000 тэг нэмж бичиж 802.850.000 төгрөг болгосон байсан ... гэжээ

Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилж дүгнэлт гаргуулах хүсэлт гаргажээ.

Шүүх хариуцагчийн хүсэлтийг хангаж Ай Жей Эй Эйч аудит ХХК-ийг шинжээчээр томилж, шинжээч нь 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн №158/2019 дугаартай дүгнэлт ирүүлсэн бөгөөд хариуцагчийн өмгөөлөгч уг шинжээчийн дүгнэлтийг эс зөвшөөрч дахин шинжээч томилуулах тухай хүсэлт гаргасан.

Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийх талаар зохицуулсан. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дах хэсэгт дахин шинжилгээ хийхэд энэ хуулийн 20.1 дэх хэсэгт заасан дүгнэлтийг гаргасан буюу гаргахад оролцсон шинжээчийг оролцуулахыг хориглоно гэж заажээ. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг хангахдаа Ай Жэй Эй Эйч аудит ХХК-ийг томилж нэмэлт шинжилгээ хийлгэсэн, өмнөх дүгнэлтийг гаргасан, гаргахад оролцсон шинжээч нар дүгнэлт гаргаж ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 47 дугаар зүйлийн 47.2 дах хэсэгт заасныг зөрчсөн байна. Энэ талаарх хариуцагчийн өмгөөлөгчийн гомдол үндэслэлтэй.

Мөн шинжээч нь дүгнэлтээ гаргахдаа талуудаас гаргаж өгсөн санхүүгийн болон тооцооны ямар баримтууд нь Нягтлан бодох бүртгэлийн туай хуульд заасан санхүүгийн анхан шатны баримтын шаардлага хангаж байгаа эсэхийг ялгаж салган дүгнэлтдээ заагаагүй байна.

Талуудын хооронд үүссэн худалдах, худалдан авах харилцаанд хэдэн төрөгийн үнэ бүхий бараа өгч, авалцсан өглөг авлагын тооцоог тусгай мэргэжлийн өөр шинжээчийг дахин томилон дүгнэлт гаргах нь маргааныг шийдвэрлэхэд ач холбогдолтой болно.

Иймд, хэргийн оролцогчийн нотлох баримт бүрдүүлэх хүсэлт хангагдаагүй, маргааны үйл баримт, хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдал бүрэн тогтоогдоогүй байхад,давж заалдах шатны шүүхээс эрх зүйн дүгнэлт хийж хэрэгт авагдсан баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй юм.

Дээр дурдсан үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.3, 168 дугаар зүйлийн 168.1.7-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/02476 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 555 101 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дэх хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАТЗОРИГ

ШҮҮГЧИД Ш.ОЮУНХАНД

Б.НАРМАНДАХ