Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2022/01190

 

 

 

 

 

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 001/ХТ2022/01190

 

*******ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, Д.Цолмон, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/02476 дугаар шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2356 дугаар магадлалтай,

 

*******ы нэхэмжлэлтэй

*******өд холбогдох

 

Гэрээний үүргийн биелэлтэд 97,938,415 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 25,866,15 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгч *******ы хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Н.Баярмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагч *******, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Энхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******өд холбогдуулан Гэрээний үүргийн биелэлтэд 97,938,415 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч 25,866,715 төгрөг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

2. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/02476 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч *******өөс 79,430,295 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, үлдэх 18,508,120 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 724,380 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч *******өөс 555,101 төгрөг гаргуулж нэхэмжлэгч *******д олгож, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар нэхэмжлэгч *******д 25,866,715 төгрөгийг буцаан гаргуулах тухай хариуцагч *******ийн сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 287,283 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 53 дугаар зүйлийн 53.1.1-д зааснаар хариуцагч *******өөс 3,300,000 төгрөг гаргуулж Ай жэй Эй Эйч Аудит ХХК-нд олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2356 дугаар магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн 102/ШШ2020/02476 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хянан шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 555,101 төгрөгийг тус тус шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэсэн.

 

4. Нэхэмжлэгч ******* хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын гомдол гаргаж байна.

Давж заалдах шатны шүүхийн магадлалд: ... Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт шинжээчийн дүгнэлт, эсхүл түүний зарим хэсэг үндэслэлгүй буюу үнэн зөв болох нь эргэлзээтэй байвал шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр дахин шинжилгээ хийх талаар зохицуулсан. Мөн хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт дахин шинжилгээ хийхэд энэ хуулийн 20.1 дэх хэсэгт заасан дүгнэлтийг гаргасан буюу гаргахад оролцсон шинжээчийг оролцуулахыг хориглоно гэж заажээ. Гэтэл анхан шатны шүүх хариуцагчийн дахин шинжилгээ хийлгэх хүсэлтийг хангахдаа Ай Жэй Эй Эйч Аудит ХХК-ийг томилж нэмэлт шинжилгээ хийлгэсэн, өмнөх дүгнэлтийг гаргасан, гаргахад оролцсон шинжээч нар дүгнэлт гаргаж ирүүлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6, 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна гэсэн дүгнэлт хийж шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан.

Давж заалдах шатны шүүхийн магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсгийн: шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзэж байна.

Учир нь: Уг хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч талын хүсэлтээр шинжээч томилж дүгнэлт гаргуулсан. Мөн хариуцагч талын хүсэлтээр нэмэлт шинжилгээ хийлгэсэн. Нэмэлт шинжилгээ хийлгэсэн асуудал нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1 дэх хэсгийн: шинжээчийн дүгнэлт тодорхойгүй буюу бүрэн бус ...тохиолдолд шинжилгээ хийлгэх эрх бүхий этгээдийн тогтоол, захирамж, хүсэлтээр нэмэлт шинжилгээ хийнэ гэсэн заалт, 19.2 дахь хэсгийн: нэмэлт шинжилгээг энэ хуулийг 19.1-д заасан дүгнэлт гаргасан буюу гаргахад оролцсон шинжээчээр хийлгэж болно гэсэн заалтын дагуу шийдвэрлэгдсэн асуудал юм. Гэтэл давж заалдах шатны шүүх нэмэлт шинжилгээ хийлгэсэн асуудлыг дахин шинжилгээ хийлгэх хуулийн зохицуулалттай андуурч буруу дүгнэлт хийсэн. Хариуцагч тал нэмэлт шинжилгээ хийлгэх асуудлыг шийдвэрлэсэн шийдвэрийг хүлээн зөвшөөрсөн.

Өөрөөр хэлбэл Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020.03.06-ны өдрийн 102/Ш32020/03672 дугаар захирамжид ямар нэгэн гомдол гаргаагүй. Уг хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэх үед шинжээчийн дүгнэлт дахин гаргуулах асуудлаар ямар нэгэн санал хүсэлт гаргаагүй. Тухайлбал хариуцагч тал: ...шинжээч 10 сард ажилдаа орно гэж байгаа бол шинжээчийг оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Шинжээч оролцуулах хүсэлтээсээ татгалзаж байна ... шинжээчийн дүгнэлт дээр эргэлзээд байх юм байхгүй гэх байр суурийг илэрхийлж байсан. Дээрх байдлаар шинжээч томилж дүгнэлт гаргуулахтай холбоотой бүх процесс дандаа хариуцагч талын хүсэлтээр хийгдсэн ажиллагаанууд болно. Гэтэл давж заалдах шатны шүүх хариуцагчийн хүсэлтийг хязгаарласан мэтээр дүгнэлт хийж хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцааж байгаа нь үндэслэлгүй юм.

Хэрэг авагдсан баримтууд болон 2018.06.06-ны өдрийн тооцоо нийлсэн актад гарын үсэг зурсан болохоо хариуцагч өөрөө хүлээн зөвшөөрдөг. Хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримт болон үйл баримтаар нэхэмжлэлийн шаардлага хангалттай нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй, шударга шийдвэр болсон. Энэ хэрэг анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэх гэж 1 жил гаруй хугацаа зарцуулсан. Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтаар нэхэмжлэлийн шаардлага хангалттай нотлогдох учраас шинжээч томилохтой холбоотой асуудлаар нэхэмжлэгч миний бие байнга эсрэг байр суурь илэрхийлж шинжээч томилсон шийдвэрт хуульд заасан журмын дагуу гомдлоо гарган шийдвэрлүүлж байсан. Гэтэл хариуцагч өөрөө хүсэлт гаргаж удаа дараа шинжээчийн дүгнэлт гаргуулсан хэр нь шинжээчийн дүгнэлттэй санал нийлэхгүй болохоороо шүүхийн буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөх үндэслэлгүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

5. Нэхэмжлэгч *******ы хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй байна.

 

6. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******өд холбогдуулан гэрээний үүргийн биелэлтэд 97,938,415 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж, шаардлагын үндэслэлээ Боса импекс ХХК-д борлуулагчаар ажиллаж байсан... 2015.11.28-ны өдрөөс 2017.06.22-ны өдрийг хүртэлх хугацааны тооцоог нийлж, хоёр тал 802,850,000 төгрөгийн бараа хүлээлцэн, солилцсон болохоо хүлээн зөвшөөрч 2018.06.06-ны өдөр тооцоо нийлсэн акт үйлдсэн тул бараа бүтээгдэхүүний үнэ 97,938,415 төгрөгийг гаргуулна гэж тайлбарласан бол хариуцагч ******* нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч, . *******тай 2013 оноос бараа нийлүүлж, харилцан солилцож ирсэн. ... 802,850 төгрөг үлдсэн гэсэн тооцоо нийлсэн акт үйлдэж гарын үсэг зурсан. ... үнийн дүн дээр 000 нэмж бичиж 802,850,000 төгрөг болгосон байсан. .. нийт 727,474,610 төгрөгийн барааг хүлээн авсан, ... 753,341,325 төгрөгийг төлсөн. гэж маргасан байна.

 

7. Хариуцагч Г.Батмөнх нэхэмжлэгч *******д холбогдуулан илүү төлсөн гэх 25,866,715 төгрөгийг гаргуулахаар сөрөг нэхэмжлэл гаргасан бөгөөд нэхэмжлэгч уг шаардлагыг эс зөвшөөрөн мэтгэлцжээ.

 

8. Анхан шатны шүүх талуудын хооронд худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан ба дурдсан хугацаанд хүлээн авсан, солилцсон барааны үлдэгдэл төлбөр 79,430,295 төгрөгийг хариуцагч Г.Батмөнхөөс гаргуулан нэхэмжлэгчид олгож, энэ үндэслэлээр сөрөг нэхэмжлэлийн шаардлага 25,866,715 төгрөгийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчигдсөн буюу дахин шинжилгээ хийлгүүлэх хэргийн оролцогчийн хүсэлтийг хангахдаа өмнөх дүгнэлтийг гаргасан Ай Жэй Эй Эйч Аудит ХХК-ийг томилсон нь хууль бус болсон гэж дүгнэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаажээ.

 

9. Талуудын хооронд харьцангуй удаан хугацааны турш худалдах худалдан авах болон арилжааны гэрээний харилцаа байсан талаар зохигчид маргаагүй. Түүнчлэн 2015.11.28-ны өдрөөс 2017.06.22-ны өдрийг хүртэлх хугацааны худалдаа, солилцоог дүгнэн тооцоо нийлсэн бодит байдлыг зохигчид үгүйсгээгүй. Харин тогтсон хугацааны туршид харилцан шилжүүлсэн барааны үнийн дүн, харилцан тооцох боломжтой өглөг ба авлагыг тооцож дуусгавар болгосон эсэх нь маргааны зүйл болжээ. Хоёр шатны шүүх маргааны зүйлийг зөв тогтоосон байх ба тэдгээрийн хооронд үүссэн үндсэн эрх зүйн харилцааг худалдах худалдан авах гэрээ гэж үзсэнийг буруутгахгүй.

 

10. Анхан шатны шүүх талуудын маргааны зүйл болох тооцоо нийлсэн дүн буюу харилцан тооцогдох боломжтой үүргийн дүнг тогтооход тоо бүртгэлийн тусгай мэдлэг шаардагдана гэж үзэн хариуцагчийн өмгөөлөгчийн хүсэлтийг хангаж шинжээч томилсон нь зүйтэй. Шинжээч Ай Жэй Эй Эйч Аудит ХХК 2020.01.28-ны өдөр дүгнэлт гарган шүүхэд ирүүлсэн бөгөөд 2020.03.06-ны өдрийн шүүх хуралдаанд хариуцагч *******ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус дүгнэлтийг эс зөвшөөрөн Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу дахин шинжээч томилуулах хүсэлт гаргажээ. Шүүх уг хүсэлтийг шийдвэрлэхдээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 105 дугаар зүйлийн 105.1 дэх хэсгийг баримтлан, Ай Жэй Эй Эйч Аудит ХХК-ийг шинжээчээр томилсон байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгт шинжээч дүгнэлт гаргах харилцаанд Шүүхийн шинжилгээний тухай хууль үйлчлэхээр заасан бөгөөд тус хуулийн 19 дүгээр зүйлд нэмэлт шинжилгээ, 20 дугаар зүйлд дахин шинжилгээний талаар тус тус зохицуулсан. Хариуцагчийн өмгөөлөгчийн бичгээр гаргасан хүсэлтэд Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлд заасны дагуу дахин шинжээч томилуулах талаар дурдсан байх ба шүүх хуралдааны явцад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлд заасны дагуу дахин шинжээч томилуулахаар амаар тайлбарлаж байсан нь тэмдэглэлд тусжээ.

 

11. Анхан шатны шүүх хэргийн оролцогчийн дахин шинжээч томилуулах хүсэлтийг нэмэлт шинжээч томилуулах хүсэлт гэж тайлбарлан захирамж гаргасан нь Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсэгт дахин шинжилгээ хийхэд энэ хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт заасан дүгнэлтийг гаргасан буюу гаргахад оролцсон шинжээчийг оролцуулахыг хориглоно гэж заасныг зөрчсөн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.2 дахь хэсэгтэй нийцээгүй гэж үзсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэл бүхий болжээ.

 

12. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгч *******ы хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.   Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2356 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******ы хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2.   Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч *******ы хяналтын журмаар гомдол гаргахдаа 2021 оны 01 сарын 11-ний өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 555,102 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.