Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 183/ШШ2020/02018

 

2020 оны 07 сарын 23 өдөр

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

          Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхбаяр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар

          Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүргийн  4 дүгээр хороо, Толгойт хотхоны  32 дугаар  байрны 0 тоотод  оршин суух Б овогт С-ын Н /РД:00000 /-гийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо,  Энхжин хотхон, 32Д байрны  00 тоотод оршин суух  М овогт Э-гийн  Г /РД:0000 /-д холбогдох

гэрлэлт цуцлуулж,  хүүхдийн асрамж болон тэтгэлэг тогтоолгохыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Г-оос гаргасан гэрлэлт цуцлуулж, хүү Г.Т, охин Г.Э, Г.Н нарыг өөрийн асрамжид үлдээж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгохыг хүссэн сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авснаар хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч С.Н, нэхэмжлэгчийн өмгөөлөгч  /ШТЭҮД:0000/, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Отгон-Эрдэнэ нар оролцов.

                                                                                                                      ТОДОРХОЙЛОХ   нь:

         Нэхэмжлэгч С.Н шүүхэд гаргасан нэхэмжлэлээ дэмжиж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: С.Н миний бие Э.Г-той 2006 онд танилцаж, дотно харилцаатай болж 2007 онд нэг гэрт орж хамт амьдарсан. Бидний дундаас 2008 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүү Г.Т  , 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр охин Г.Э  , 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр охин Г.Н   нар төрсөн. Гэтэл нөхөр маань анхны хүүхдээ тээж жирэмсэн байх үеэс эхлэн гадуур байнга гарч найз нөхөдтэйгээ шоудах болж, элдэв охидууд утсаар залган ярьж, түүнээс нь болоод элдэв хэрүүл салахгүй болсон. Намайг жирэмсэн байх үед хардаж элдвээр доромжилж эхэлсэн. Ингээд зэрлэг догшин зан ааш нь сүүлдээ улам даамжирч анхны хүүхдээ гаргаад удаагүй нялх биетэй байхад гар хүрч зодож эхэлсэн. Үүнээс хойш хэрэлдэх маргалдах болгондоо зодож цохиж, ганц удаа цохих биш бүр олон удаагийн давтамжтай зоддог болсон. Намайг ингэж цохиж зодохоос гадна гартаа таарсан бүх зүйлээ шидэж утас, зурагт, аяга, таваг гээд эд хогшлоо эвдэлдэг болсон. Түүнээс гадна хүнд хэлэхээс ч ичмээр үгээр дайрч гуйлгачин, янхан, банзал, ална гэх мэтээр доромжлон харьцдаг байсан. Би гурван хүүхдээ бодож түүнийг засрах байх, ойлгох байх гэж тэсч тэвчин хамт амьдарсан 12 жилийг гэр бүлийн хүчирхийлэлд өртөн зодуур, доромжлол дунд айж түгшин өнгөрүүлсэн. Хамгийн сүүлд буюу 2019 оны 08 дугаар сарын 22-ны өдөр найзыгаа ирэхэд дайлж цайлж байна гээд архи ууж шөнөжин агсам тавиад намайг битгий хэл гурван хүүхдээ ч унтуулахгүй, найз нь байсан тулдаа би тэр шөнө өчнөөн зодуулж цохиулсан ч амьд үлдсэн. Тэр өдөр гэрийнхээ өчнөөх эд хогшлыг эвдэж сүйтгэсэн. Ингээд архи нь  гарч эрүүл болоод үргэлж юу ч болоогүй юм шиг байдаг ба хүний урманд уучлалт гуйж гэмшдэг ч үгүй. Тэгээд 2019 оны 08 дугаар сарын 23-ны  шөнө эрүүлдээ чамтай хамт унтаж чадахгүй гээд хөнжил гудас өрөөнөөс гаргаж шидээд өрөөнөөсөө хөөсөн. Би хоёр охиныхоо өрөөнд унтаж байхад шөнө орж ирээд хараан зүхэж, элэгдэж цохиод манайхаас зайл гээд чирч босгоод зайл яв гэсэн. Том хүү унтаагүй байсан чинь хувцасаа бэлд, эхтэйгээ нийлээд зайл гээд унтаж байсан 2 настай, 5 настай охидуудыг сэрээгээд чи аваад зайл гээд дуудлагын такси дуудаж, гурван хүүхэдтэй маань таксинд суулгаад хөөж явуулсан. Ингэж гэрээсээ гарч тусдаа амьдрах болсоноос хойш жил гаруй ээж, аавтайгаа амьдарч байна. Энэ хугацаанд хүүхдүүд маань бид хоёрын дунд нааш цааш явж байна. Нөхөр хүүхдүүдээ өгөхгүй бол амиа хорлоно гээд арваад хоног архи ууж алга болоход гэрийнхэн нь хүүхдийн минь амь нас хохирвол чамтай тооцно гэснээс хүүхдүүдээ эцэгт нь өгч явуулсан. Түүнээс хойш би өдий хүртэл хүүхдүүдтэйгээ уулзаж чадахгүй шаналаад явж байна. Энэ жил гарангийн хугацаанд гурван удаа эвлэрэх гэж очсон ч хүчирхийлэгч хүн хэзээ ч өөрчлөгдөхгүй юм байна гэдгийг маш сайн ойлгосон. Яагаад гэвэл эхний удаа эвлэрэх гэж очоод өмссөн хувцастайгаа хөөгдөж гарсан. Дараа нь хувцасаа авах гэж очиход бүх хувцас, гутал гээд миний хувцаснуудыг хутгаар сийчээд хаясан байсан. Дараа нь хоёр дахь удаагаа эвлэрэх гэж очиход намайг буйдан дээр унтаж байхад буйдантай хамт шатааж алахыг оролдсон. Намайг гурав дахь удаагаа 2019 оны 04 дүгээр сарын 13-нд очоод хүүхдийнхээ хуралд суух гээд гарсан үед миний цүнхнээс гарсан гээд бэлгэвч гаргаж тавьчихаад үүнийгээ тайлбарла гэж гар мушгин хөөж савхин хүрэм урсан. Үүнээс хойш би энэ хүн хэзээ ч засрахгүй, сэтгэхгүй нь  өөрчлөлттэй юм байна гэж бодож ахиж очоогүй. Одоо сэтгэцийн өөрчлөлттэй хүний асрамжид гурван хүүхэд маань  байгаад миний санаа байнга зовж түгшин амьдарч байна. 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр харж чадахгүй юм байна гээд хүүхдүүдийг надад өгсөн. Э.Г нь архи уусан үедээ над руу өдөрт 100 гаран мессеж бичиж айлган дарамталж сүрдүүлдэг. Би аргагүй байдалд орж хүчирхийллийн төвд хандан цагдаад дуудлага өгч байсан. Бидний хувьд нэг жил гарангийн хугацаанд тусдаа амьдарч байгаа бөгөөд нөхрийнхөө дарангуйлалд зодуулж доромжлуулж чадахгүй, цаашид энэ хүнтэй хамтран амьдрах ямар ч боломжгүй тул эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг шууд цуцалж өгнө үү. Насанд хүрээгүй хүүхдүүд болох хүү Г.Т , охин Г.Э, охин Г.Н нарыг миний асрамжид үлдээж, хуульд зааснаар тэтгэлэг тогтоож өгнө үү. Бидний хооронд дундын эд хөрөнгийн маргаан байхгүй болно гэв.

            Хариуцагч Э.Г шүүхэд гаргасан хариу тайлбарта: Миний эхнэр С.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл хэсэгтээ намайг согтууруулах ундаа хэрэглэдэг, гэр бүлээс гадуурх харилцаатай, өөрийн эхнэрийг амаржаад удаагүй байхад зодсон, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн талаар үндэслэлгүй зүйл бичсэн байна. Бид хамтран амьдраад гэр бүл болсон цагаас эхлэн бидний дундаас гурван хүүхэд төрсөн бөгөөд энэ хугацаанд би хувиараа бизнес эрхлэн эхнэр, хүүхдүүдээ тэжээж ирсээр өдийг хүрсэн. Мөн нэхэмжлэлд намайг согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэдэг, ийн хэрэглэсэн үедээ гэр бүлийн хүчирхийлэл байнга үйлддэг, тэр ч байтугай бага насны хүүхдүүдээ хүчирхийлдэг гэх мэтээр хэт ташаа зүйлсийг бичсэн байна. Харин миний эхнэр С.Н нь согтууруулах ундаа хэт ихээр хэрэглэдэг, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гадуур хонодог, олон хоногоор алга болдог, хүүхдүүдтэйгээ таарамжгүй харьцаатай байдаг нэгэн юм. Энэ талаарх баримт байгаа. Миний зүгээс нэгэнт босгосон амьдралыг нураахгүйн тулд удаа дараа тэвчээр гаргаж уужим сэтгэлээр ханддаг байсан бөгөөд зарим тохиолдолд тэвчээр алдрах үе байсан. Нэхэмжлэлд намайг цагдаагийн байгууллагад шалгагдаж байсан гэх мэтээр бичсэн байдаг бөгөөд эхнэр С.Н-г хуурамч дуудлага өгсөн гэх үндэслэлээр цагдаагийн албан хаагч хоёр удаа тус бүрдээ 100.000 төгрөгөөр нийт 200.000 төгрөгөөр торгосон байдаг. Одоо хүүхдүүд болох Г.Т, Г.Э , Г.Н нар нь миний асрамжид байдаг бөгөөд эх болох С.Н нь орхиод явсан, миний бие хүүхдүүдээ сургууль, цэцэрлэгт нь хүргэж өгч байна. Би хүүхдүүдээ эхнэртэйгээ уулзахыг хориглодоггүй бөгөөд манай эхнэр өөрөө хүүхдүүдээ орхиод явсан, уулзуулдаггүй гэх худал зүйлсийг бичсэн байна. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд  гэр бүлийн хүчирхийллийн шинж байхгүйг онцолж эвлэрүүлэн зуучлалаар орох хүсэлтэй байна гэжээ.

            Хариуцагч Э.Г шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие С.Н-тай танилцан 2007 онд гэрлэлтээ батлуулан гэр бүл болсон билээ. Бидний хамтран амьдрах хугацаанд 2008 оны 01 дүгээр сарын 25-ны өдө рхүү Г.Т, 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр охин Г.Э  , 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр охин Г.Н нар төрсөн. Энэ хугацаанд гурван хүүхдээ хайр халамжаар дутааж, архин согтууруулах ундаа хэрэглэж, зан харьцааны тааламжгүй байдлын улмаас цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж, хүү Г.Т , охин Г.Э  , Г.Н нарыг миний асрамжид үлдээж, эх С.Н-гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ.

            Нэхэмжлэгч С.Н шүүхэд урьд гаргасан сөрөг нэхэмжлэлийн хариу тайлбараа дэмжиж шүүх хуралдаанд гаргасан татгалзалдаа: Миний бие нь Э.Г-той 2006 онд танилцан хамтран амьдарч 3-12 насны  гурван хүүхэд төрүүлэн өсгөн бойжуулсан. Хүүхдүүдээ эхийн хайраар хайрлаж, өвчин зовлонд өртүүлэхгүй асран тойлж, эрүүл саруул өсгөхөд өөрийн сэтгэлээ зориулж ирсэн. Миний нөхөр Э.Г нь  танилцсан үеэсээ хардаж сэрдэн, харгис хэрцгийгээр зодож, хувцас хунарыг маань зүсч хутгаар сийчэн удаа дараа нүцгэн хөөж гаргадагаас үүдэн 2010 онд амиа хорлох үйлдэл хүртэл хийж, эцэстээ тэсч тэвчихийн аргагүй болж, 2018 оны 8 дугаар сараас тусдаа амьдарч байгаа болно. Би Э.Гтой амьдарч байх хугацаандаа түүний байнгын хараа хяналтан дор ажлаа хамт хийж, гэртээ хамт харьдаг, өглөөнөөс үдэш хүртэл цуг байдаг байсан. Найз нөхөд, ах дүүгээсээ холбоо тасарч, гарч орох эрхгүй байсныг ах эгч, дүү нар нь мэднэ. Тиймээс гэрээсээ гарч хонох, архи дарс хэрэглэж согтуурах ямар ч боломжгүй байсан атал намайг архи согтууруулах ундаа хэрэглэж, хүүхдүүдээ хайр халамжаар дутаасан хэмээн илтэд худал зүйл бичиж гүтгэжээ.  Би Э.Год хүүхдүүдээ өгч чадахгүй. Э.Г нь Ч.У гэх охинтой эр эмийн харьцаатай болсон учраас намайг гэрээсээ хөөж гаргахад хүрчээ гэдэг нь тэдний фэйсбүүкээр хайрын үгтэй мессеж, зурагаар тодорхой байна. Иймд бидний гэрлэлтийг цуцалж, хүүхдүүдийг миний асрамжид үлдээж, эцгээс нь тэтгэлэг тогтоож өгнө үү гэв.

         Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбарыг сонсож, хавтаст хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг нэг бүрчлэн шинжлэн судлаад

                                                                                                                                      ҮНДЭСЛЭХ нь:

Тус шүүх хуралдааны товыг хариуцагч Э.Г болон түүний өмгөөлөгч Б.Б нарт мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтийг үндэслэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100.3, 131 дүгээр зүйлийн 131.3-т зааснаар хариуцагч болон түүний өмгөөлөгчийн эзгүйд хэргийг шийдвэрлэлээ.

         Нэхэмжлэгч С.Н, хариуцагч Э.Г нар 2006 онд танилцаж, улмаар хамтран амьдарч байгаад 2007 оны 09 дүгээр сарын 21-ны өдөр гэрлэлтээ эрх бүхий байгууллагад албан ёсоор бүртгүүлсэн байх ба тэдний дундаас 2008 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр хүү Г.Т  , 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр охин  Г.Э, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр охин Г.Н   нар төрсөн болох нь зохигчдын өөрсдийн тайлбар, гэрлэлтийн болон хүүхдүүдийн төрсний бүртгэлийн лавлагаа зэргээр нотлогдож байна.  

   Хариуцагч Э.Г нь согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэж, улмаар агсам тавих, айлган сүрдүүлж, заналхийлэх, эхнэр С.Нг удаа дараа цохиж зодсоны улмаас гэмтэл учруулж, эхнэр, хүүхдүүдээ айдас, түгшүүртэй нөхцөлд амьдруулдаг байсан, улмаар 2018 оны 08 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа  нь гэрлэлтээ цуцлуулах шалтгаан болсон байх бөгөөд энэхүү хүчирхийлэл дарамтаас гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэнд, хүүхдийн хүмүүжилд ноцтой аюул, хор уршиг учирсан гэж үзэж шүүх эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.

          Хариуцагч Э.Г нь хүүхдийн асрамжийн талаар маргаж, шинжээч томилуулах хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч  Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, тухайн байгууллагынэ  хүүхдийн эрх ашиг, сонирхолыг хамгаалах тасаг, хэлтсийн ажилтан,  сэтгэл зүйч зэрэг  хүүхдийн эрхийг хамгаалах чиглэлийн хамтарсан багийг шинжээчээр  томилж, дүгнэлт гаргуулахаар шийдвэрлэсэн боловч хариуцагч Э.Г нь  шинжээчийн дүгнэлт гаргах ажиллагааны явцад  шинжээчийн багаас татгалзах тухай илэрхийлж, товлосон хугацаанд ирээгүй, улмаар хүүхдүүдийг эх С.Н-гийн асрамжид  шилжүүлэн өгсөн байх тул шинжээч дүгнэлт гаргахаас татгалзсан болно.

   Иймд хүүхдийн асрамжийн асуудлыг шийдэхдээ зохигчдын тайлбар, хүүхдийн санал, эцэг эхийн  халамж, ахуйн  нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүчирхийлэл үйлдсэн зэргийг харгалзан хүү Г.Т , охин Г.Э, охин Г.Ннарыг эх С.Нгийн асрамжид үлдээсэн бөгөөд гэрлэлт цуцлагдсан ч эцэг нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэг хэвээр үргэлжилдэг тул хүү  Г.Т, охин Г.Э  , охин Г.Н нарыг эцэг Э.Г нь тэжээн тэтгэх үндэстэй байна.

     Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болохыг дурдах нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэгт зааснаар тогтмол хугацаанд төлөгдөх тэтгэлэгийн нэг жилийн хугацаанд төлбөл зохих дүнгээс улсын тэмдэгтийн хураамжийг тооцож хариуцагчаас гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

                                                                                                                                           ТОГТООХ нь:

          1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт заасныг баримтлан Б овогт С-ын Н , М овогт Э-гийн Г нарын гэрлэлтийг цуцалсугай.

  

          2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6 дахь хэсэгт заасныг баримтлан 2008 оны 01 дүгээр сарын 25-ны өдөр төрсөн хүү Г.Т, 2013 оны 12 дугаар сарын 13-ны өдөр төрсөн охин  Г.Э, 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр төрсөн охин Г.Н нарыг эх С.Н-гийн асрамжид үлдээсүгэй.

3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан хүү Г.Т- г 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр, охин Г.Э           , охин Г.Н нарыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тус тус эцэг Э.Г нь тэжээн тэтгэсүгэй.

          4. Гэрлэгчид хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

          5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөг, хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Г-оос улсын тэмдэгтийн хураамжид 70.200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч Э.Г-оос улсын тэмдэгтийн хураамжинд 128.523 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

          6.Гэр Бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах Б.Соронзонболдод даалгасугай.

     7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

          8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.  

 

 

 

 

                        

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.МӨНХБАЯР