Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 21 өдөр

Дугаар 457

 

Б.Н-гийн нэхэмжлэлтэй                                                                                               иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Отгонцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/02721 дугаартай шийдвэртэй нэхэмжлэгч Б.Н-гийн нэхэмжлэлтэй, хариуцагч НШШГГ-т холбогдох

Үнэлгээг хүчингүйд тооцуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунчимэг, гуравдагч этгээдийн төлөөлөгч Б.Золжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Буянхишиг                  нар оролцов.

Нэхэмжлэгч Б.Н- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: НШШГГ-т Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02768 дугаар шийдвэрээр М.Саруул, Б.Н- нараас 203.024.420 төгрөгийг “Монгорүматрикси гинко ББСБ” ХХК-д гаргуулах шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж байгаа билээ. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17040/, Чингисийн өргөн чөлөө гудамж, 50 дугаар байрны зоорийн давхрын 7 тоот, талбайн хэмжээ 17 м.кв бүхий зогсоолыг 22 800.000 төгрөг, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17040/, Чингисийн өргөн чөлөө гудамж, 50 дугаар байрны 87 тоот хаягт байрлах 83.43 м.кв талбай бүхий орон сууцыг 155.100.000 төгрөг, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил /17011/, Махатма гандигийн гудамж, 24 дүгээр байрны 114 тоот хаягт байрлах, 39.90 м.кв талбай бүхий орон сууцыг 78.200.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг Хөрөнгийн үнэлгээний төв ХХК гаргасан. Хөрөнгийн үнэлгээний төв ХХК үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хийхдээ хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ, зохих үндэслэл бүхий тодорхой байх Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-д заасныг зөрчсөн учир хүлээн зөвшөөрөхгүй байна. Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-иар хийлгэсэн үл хөдлөх хөрөнгийн үнэлгээ эргэлзээтэй, зах зээлийн ханшаас хэт багаар үнэлсэн тул хууль зүйн үндэслэлгүй гарсан гэж үзэж байна. Иймд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17040/, Чингисийн өргөн чөлөө гудамж, 50 дугаар байрны зоорийн давхрын 7 тоот, талбайн хэмжээ 17 м.кв бүхий зогсоолыг 22.800.000 төгрөг, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр /17040/, Чингисийн өргөн чөлөө гудамж, 50 дугаар байрны 87 тоот хаягт байрлах 83.43 м.кв талбай бүхий орон сууцыг 155.100.000 төгрөг, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Стадион оргил /17011/, Махатма гандигийн гудамж, 24 дүгээр байрны 114 тоот хаягт байрлах, 39.90 м.кв талбай бүхий орон сууцыг 78.200.000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунчимэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02768 дугаар шийдвэрээр М.Саруул, Б.Н- нараас 203.024.420 төгрөгийг гаргуулж “Монгоруматрикс Гинко ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Төлбөр төлөгчид шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг удаа дараа мэдэгдсэн боловч биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлд дурдсан эрхийн улсын бүртгэлийн Ү-2206025290 дугаарт бүртгэлтэй, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 50 дугаар байрны 87 тоот орон сууцыг 2019 оны 6 дугаар сарын 12-ны өдрийн 19290301/04 тоот тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 19290301/06 дугаар тогтоолоор хураасан, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 50 дугаар байрны зоорийн 07 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2206026947 дугаарт бүртгэлтэй автозогсоолыг 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 19290301/07 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 8 дугаар сарын 19-ний өдрийн 19290301/08 дугаар тогтоолоор хураасан, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 24 дүгээр байрны 114 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2206023101 дугаарт бүртгэлтэй орон сууцыг 2019 оны 5 дугаар сарын 14-ний өдрийн 19290301/03 дугаар тогтоолоор битүүмжлэн, 2019 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн 19290301/04 дугаар тогтоолоор тус тус хураасан. Төлбөр төлөгч нарт үнийн санал ирүүлэх тухай мэдэгдлийг 2019 оны 4/17683 дугаар албан бичгээр мэдэгдэхэд саналаа ирүүлсэн ба төлбөр төлөгч, төлбөр авагч нар харилцан тохиролцоогүй тул 2019 оны 234 дүгээр тогтоолоор хөндлөнгийн шинжээчээр үнэлүүлэхэд Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 50 дугаар байрны 87 тоот орон сууцыг 155.100.000 төгрөг, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 50 дугаар байрны зоорийн 07 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2206026947 дугаарт бүртгэлтэй автозогсоолыг 22.800.000 төгрөг, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 24 дүгээр байрны 114 тоот эрхийн улсын бүртгэлийн Ү-2206023101 дугаарт бүртгэлтэй орон сууцыг 78.200.000 төгрөгөөр үнэлэгдсэнийг төлбөр төлөгч Б.Н-, М.Саруул, өмчлөгч Д.Ичинноров, төлбөр авагч Баян-алдар ББСБХХК /хуучнаар Монгоруматрикс Гинко ББСБ ХХК/-д тус тус 2019 оны 4/19262 дугаар мэдэгдлийг баталгаат шуудангаар хүргүүлэн мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан. Анхны албадан дуудлага худалдаанд оруулах тухай 2019 оны 4/20082, 4/20083, 4/20084 дугаар мэдэгдэл, 2019 оны 10/11, 10/12, 10/13 дугаар тогтоолыг төлбөр төлөгч Б.Н-, М.Саруул, өмчлөгч Д.Ичинноров, төлбөр авагч “Баян алдар ББСБ” ХХК /хуучнаар “Монгоруматрикс Гинко ББСБ” ХХК/ нарт баталгаат шуудангаар хүргүүлэн мэдэгдэж, шийдвэр гүйцэтгэгчийн тэмдэглэлээр баталгаажуулсан ба анхны албадан дуудлага худалдаанд ороход үнийн санал ирээгүй, хоёр дахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах тухай 2019 оны 4/22572, 4/22571, 4/22573 дугаар мэдэгдэл, хоёрдахь албадан дуудлага худалдаа зохион байгуулах 11/08, 11/07, 11/09 дүгээр тогтоолыг баталгаат шуудангаар мөн  хүргүүлсэн. Төлбөр төлөгч Б.Н- эд хөрөнгө үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж, 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 183/ШЗ2019/12097 дугаар шүүгчийн захирамжаар шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн. Эд хөрөнгө үнэлсэн үнэлгээ нь хууль зөрчөөгүй, зах зээлийн ханшаас хэт доогуур үнэлсэн гэх байдал тогтоогдохгүй байна. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д зааснаар 7 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргаагүй, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан байх тул үнэлгээтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

            Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Баян алдар ББСБ” ХХК-ийн төлөөлөгч Б.Золжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Төлбөр төлөгч нараас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг удаашруулах зорилгоор нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад хийгдсэн үнэлгээг буруу гаргасан зүйл байхгүй учир нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул НШШГГ-т холбогдох Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 50 дугаар байрны 87 тоот хаягт байрлалтай 83.4 м.кв талбай бүхий орон сууцыг 155.100.000 төгрөг, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 50 дугаар байрны зоорийн 07 тоот хаягт байрлалтай, 17 м.кв талбай бүхий автозогсоолыг 22.800.000 төгрөг, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 24 дүгээр байрны 114 тоот хаягт байрлах 39.9 м.кв талбай бүхий орон сууцыг 78.200.000 төгрөгөөр үнэлсэн үнэлгээг хүчингүй болгуулахыг хүссэн нэхэмжлэгч Б.Н-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.Н-гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Б.Н- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч Б.Н-гийн барьцаа хөрөнгөнд хөрөнгийн үнэлгээг “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК хийхдээ Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3 дахь хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээний зүйлийн тогтоосон үнэ цэнэ зохих үндэслэл бүхий тодорхой байх хуулийн шаардлагыг хангаж хийгээгүй үйл баримт тогтоогддог. “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ний гаргасан хөрөнгийн үнэлгээний тайлан өртгийн арга, зах зээлийн харьцуулан жиших аргыг тус тус хэрэглэсэн нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг зөрчөөгүй байна гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлж дүгнэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн байна. Үнэлгээний тайлангийн үндэслэлд дүгнэлт гаргах биш харин хөрөнгийн үнэлгээний тайланг хуулийн шаардлага хангаж гаргасан эсэх үйлдэл үйл ажиллагаанд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр хууль зүйн үндэслэлгүй шийдвэр гаргасан байна. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг хуульд заасан үндэслэл журмын дагуу үнэлж дүгнэлгүй хэргийг хянан шийдвэрлэсэн байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан, шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмаар явуулж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

            Нэхэмжлэгч Б.Н- нь Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 376 тоот үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж маргажээ.

Хэрэгт авагдсан бичгийн баримтаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 183/ШШ2018/02768 дугаар шийдвэрийн дагуу 2017 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 1212 дугаар шүүхийн гүйцэтгэх хуудас бичигдэж, төлбөр төлөгч М.Саруул, Б.Н- нараас 203.024.420 төгрөг гаргуулан төлбөр авагч “Монгорүматрикс Гинко ББСБ” ХХК-д олгох шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, барьцаалагдсан Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 50 дугаар байрны 87 тоот хаягт байрлалтай 83.4 м.кв талбайтай орон сууц, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 50 дугаар байрны зоорийн 07 тоот хаягт байрлалтай автозогсоол, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 24 дүгээр байрны 114 тоот хаягт байрлах 39.9 м.кв талбай бүхий орон сууцыг тус тус битүүмжилж, хураах ажиллагаа явагдсан үйл баримт тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна. /хх-ийн 51, 52, 63, 69, 75, 78/

Дээрх үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдааг явуулахаас өмнө дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийн санал болгох доод үнийн талаар төлбөр төлөгч, төлбөр авагч нар тохиролцоогүй тул Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газраас “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК-ийг шинжээчээр томилж, уг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгосон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт  заасантай  нийцжээ. /хх-ийн 57, 58, 90, 94-96, 130/

 “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь 2019 оны 9 дүгээр сарын 02-ны өдрийн 376 дугаар дүгнэлтээр Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 50 дугаар байрны 87 тоот хаягт байрлалтай 83.4 м.кв талбайтай орон сууцыг 155.100.000 төгрөгөөр, мөн байранд 07 тоот хаягт байрлалтай автозогсоолыг 22.800.000 төгрөгөөр, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, 24 дүгээр байрны 114 тоот хаягт байрлах 39.9 м.кв талбай бүхий орон сууцыг 78.200.000 төгрөгөөр тодорхойлсон ба НШШГГ- нь нийт 256.100.000 / 155.100.000 + 22.800.000 + 78.200.000 / төгрөгөөр анхны албадан дуудлага худалдааны санал болгох доод үнийг тогтоосон тухай мэдэгдлийг Б.Н-, М.Саруул нарт Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дах хэсэгт заасны дагуу 2019 оны 9 дүгээр сарын 04-ний өдрийн мэдэгдлээр хүргүүлснийг Б.Н- 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, энэ тухай тэмдэглэлд гарын үсэг зурсан байх боловч шүүхэд 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр буюу мэдэгдсэн өдрөөс хойш 21 хоногийн дараа гомдлоо гаргасан нь мөн хуулийн 55.7 дах хэсэгт заасан 7 хоногийн дотор гомдол гаргах хугацааг  зөрчсөн байна. /хх-1, 97-125, 128-130/

 

Нэхэмжлэгч тал “...Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.2.3-д заасныг зөрчсөн, ...үнэлгээний тайлангийн үндэслэлд дүгнэлт гаргах биш харин хөрөнгийн үнэлгээний тайланг хуулийн шаардлага хангаагүй гэж үзэж байна...” гэж  тайлбарлаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлоогүй байна.

 

“Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь үнэлгээг хийхдээ хөрөнгийн үнэлгээний өртгийн хандлагын арга, зах зээлийн харьцуулан жиших аргыг тус тус хэрэглэж, уг эд хөрөнгөтэй ижил төстэй хөрөнгийг сонгон авч харьцуулан жишилт хийж зах зээлийн үнэлгээг тогтоосон болох нь хөрөнгийн үнэлгээний дүгнэлтээр тогтоогдсон байна.

 

Иймд хариуцагч НШШГГ- барьцаа хөрөнгийг үнэлгээчний тогтоосон 256.100.000 төгрөгөөр анхны албадан дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх хэсэгт нийцсэн, хариуцагч байгууллага шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг хууль зөрчиж явуулсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдохгүй байна. /хх-ийн 133-138 /

 

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 183/ШШ2019/02721 дугаартай шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.  

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                       А.ОТГОНЦЭЦЭГ

                                         ШҮҮГЧИД                                       Э.ЗОЛЗАЯА

                                                                                                Н.БАТЗОРИГ