Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 184/ШШ2020/02638

 

        2020 оны өдөр

  08 сар       28  р                                               184/ШШ2020/02638

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батсүх даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Б овогт Н.Б /РД:/. Хаяг: Баянгол дүүрэг, -р хороо, -р хороолол, -р байр, тоот

 

Нэхэмжлэгч: Б овогт Ш.М /РД: /. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, -р хороо, Өнөр хороолол, -р байр,  тоот

 

Нэхэмжлэгч: Б овогт О.А /РД:/. Хаяг: Баянгол дүүрэг, -р хороо, -р хороолол, -р байр, тоот

 

Хариуцагч: Б овогт Н.Н /РД:/. Хаяг: Сонгинохайрхан дүүрэг, -р хороо, Содон хороолол -р байр, тоот

 

Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, Содон хороолол  дугаар байр  тоот 49.99 м.кв 2 өрөө орон сууцны хууль ёсны өвлөгч буюу өмчлөгчөөр нэхэмжлэгч  Н.Б, О.А, О.А-, О.А нарыг тогтоолгох, хамтран өмчлөгчөөр бүртгэхийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад даалгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй, орон сууцыг Н.Н, О.А нарын нэр дээр бүртгүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт даалган, нэхэмжлэгч Н.Б-ээс  44,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, нэхэмжлэгч О.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А, хариуцагчийн өмгөөлөгч Т.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Маргад-Эрдэнэ нар оролцов.

                                                                                                          ТОДОРХОЙЛОХ нь:                                                                                                                                                                                                                                                   

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч Ш.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, нэхэмжлэгч О.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нар шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хүү Б.О 2017 оны 7 сарын 16-ны өдөр зуурдаар нас барж, Улсын бүртгэлийн архивын №0000197567 тоот нас барсны гэрчилгээ олгогдсон. Түүний өмчилж байсан Г№000504069, Ү2020тоот гэрчилгээ бүхий Сонгинохайрхан дүүргийн.. дугаар хороо, Содон хороолол, .. дугаар байрны ..тоот 2 өрөө байрыг Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-т заасныг үндэслэн Б.О-гийн төрсөн эх Н.Б би өвлөх хүсэлтэй байгаа тул хууль ёсны өвлөгчөөр бүртгүүлэхээр энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна. Би 1972 оны 1 дүгээр сарын 21-нд охин Б.О, 1978 оны 10 дугаар сарын 22-нд хүү Б.Онарыг төрүүлсэн. Охин Б.О 2015 оны 11 дүгээр сарын 21-нд, хүү Б.О2017 оны 7 дугаар сарын 16-нд зуурдаар нас барсан. Би 2003 оноос эхлэн Хархорин худалдааны төвд охинтойгоо хамт насан эцэслэх хүртэл нь хүнсний 2 контейнер түрээслэн ажиллуулж, хүү Б.О 1997-2013 онуудад Солонгос улст гэрээгээр тус тус ажиллах зэргээр хүү, охин 2 маань хүнд хүчир хөдөлмөр эрхэлж, эрүүл мэндээ золин байж, дээрх байрны урьдчилгаа 51 хувь буюу 46,993,200 төгрөгийг хуримтлуулж ипотекийн 8 хувийн хүүтэй байрны лизингд хамрагдаж, хүү Б.О байр авсан юм. Б.О нь албан ёсны гэр бүлийн баталгаагүй байсан бөгөөд 2004 онд Ш.М гэх эмэгтэйтэй хамтран амьдарч, 2004 онд О.А, 2008 онд О.А нарыг төрүүлсэн боловч салж, хүү О.А эцэгтэйгээ хамт амьдарч байсан. 2012 оны 9 сараас Н.Н-тэй хамтран амьдарч 2013 онд хүү О.А төрсөн. Хүү Б.О-г нас барснаас хойш дээрх байранд түүнтэй хамтран амьдрагч байсан Н.Н амьдарч байгаа юм. Н.Н гэх эмэгтэйд би хүн ёсоор хандаж, хүүгийнхээ байранд амьдруулж байгааг огтхон ч үнэлээгүй ба зовж ядаж байгаа намайг хүний санаанд оромгүй гомдоосон. Тухайлбал Н.Н биднии ажиллуулж байсан хүнснии 2 павилонд охиноос минь хойш ажиллах явцдаа ашиг орлогыг яасныг мэдэхгүй алга болгож, барааны үнийн 18,000,000 төгрөгийн өрөнд оруулж, бараа нийлүүлэгч болон хавь ойрын хүмүүст барааны мөнгөө өгдөггүй гэх эвгүй ойлголт төрүүлж, бизнесийн нэр хүндэд муугаар нөлөөлж байсан. Энэ байдлыг Хархорин захын хамт олон мэдэх ба би барааны мөнгөөр төлж байсан. Түүнчлэн миний бие хүүгээ алдаад жил болоогүй, цагаан сараар 2018 онд гэрт нь очиж зул өргөе гэтэл Н.Н уг байрыг авахад ямар нэг нэмэр хандив өгөөгүй атлаа эх, эгч нь нөхөр хүүхдүүдтэйгээ нүүгээд ирчихсэн, “баяр болж бид цагаан cap тэмдэглэх гэж байна, чи үхээч, 2 хүүхдийнхээ толгойг залгисан гэх мэтээр намайг элдвээр хараан загнаж, миний 58 настай эмэгтэй дүүг эгч нь гэх балмад эмэгтэй барьж авч зодсон, эх нь танай хүүхдийн ажил явдалд 3 хонины мах, 2 сая төгрөг гаргасан, түүнийгээ авья гэх мэтээр, ах нь утсаар бас элдвээр доромжилсон. Ийм муухай, хаяа муутай хүмүүс юм байна гэдгийг би ойлгож авсан.

 

Энэ тухай цагдаагийн байгууллагад мэдэгдэхэд дуудлагаар ирсэн Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн ахмад шүүхэд хандаж шийдвэрлүүлэх асуудал байна гэхээс өөр арга хэмжээ аваагүй. Би өөрийн төрүүлсэн охин Б.О, хүү Б.Онартай хамтран ажиллуулж байсан Хархорин зах дахь 2 павилионы орлогоос маргааны зүйл болж байгаа орон сууцыг “Тесо корпараци” ХХК-аас худалдан авах гэрээний дагуу урьдчилгаа мөнгөнд нийт 46,432,200 төгрөгийг төлсөн. Үүнээс О.Аийн төрсөн эх Б.О 16,292,800 төгрөгийг төлсөн тул түүнд уг хөрөнгийг бий болгоход оруулсан мөнгөний хэмжээгээр Иргэний хуулийн 112 дугаар зүйлийн 112.1 зааснаар хамтран өмчлөх эрх үүссэн гэж үзэж байна. Гэтэл Б.О 2015 оны 11 сарын 21-ний өдөр нас барсан учраас уг орон сууцыг худалдан авахад үргэлжлүүлэн оролцож чадаагүй, түүнчлэн үл хөдлөх хөрөнгө өмчлөгчийн эрхийн Улсын бүртгэлийн гэрчилгээнд хамтран өмчлөгчөөр бүртгүүлж амжаагүй. Зөвхөн түүний дүү Б.О-гийннэр дээр 1 хүний өмчөөр бүртгэгдсэн. Ийнхүү ээж Б.О нас барснаар түүний төрүүлсэн хүү О.А-д Иргэний хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1.4-д зааснаар өв нээгдсэн боловч уг орон сууц ганц Б.О-гийн өмчөөр бүртгэгдсний дээр Б.О2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр зуурдаар нас барсан. Уг орон сууц зээлийн барьцаанд байгаа, уг орон сууцыг хууль ёсны өвлөгч нарт өмчлүүлэх, өвлүүлэх асуудалд Б.Отэй хамтран амьдрагч байсан Н.Н санаатайгаар байнга саад учруулж, өөрөө өмчлөгч болохыг санаархаж, сөрөг нэхэмжлэл гаргаж маргаж байгаа учраас О.А-ын өвлөх, хамтран өмчлөх эрхийг тогтоох асуудал орхигдож, зөрчигдөж иржээ.

 

Иймд Иргэний хуулийн 531 дүгээр зүйлийн 531.1-т заасны дагуу хүү Б.О-гийнөмчлөлд байсан Сонгинохайрхан дүүргийн.. дугаар хороо, Содон хороолол, .. дугаар байрны .. тоот 2 өрөө, орон сууцны өмчлөгчөөр эх Н.Б, талийгаачийн охин О.А, хүү О.А, мөн Б.О-ын хүү О.А нарыг тогтоож, өмчлөгчөөр бүртгүүлэхийг эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн байгууллагад даалгаж, өгнө үү.

 

Хариуцагч Н.Н, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч П.А шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний хамтран амьдарагч хүүгийн маань эцэг Б.О нь 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр нас барсан. Бид хоёр 2012 оны 9 сараас хамтын амьдарлыг зохиож өөрсдийн хөдөлмөр болон бусад орлогоор Содон хороолол, 107 дугаар байрны 35 тоот
2 өрөө байрыг ипотекийн зээлээр 20 жилийн хугацаатайгаар худалдан авсан одоо өөрийн дагавар хүү болон талийгаачийн хүү О.А нарын хамтаар амьдарч өөрийн цалин орлогоор зээлээ төлж байгаа. Талийгаач бид хоёрын дундаас 2014 оны 6 дугаар сарын 3-ны өдөр хүү О.А төрж эцэг эх болцгоож байсан.

 

Миний бие нь УБТЗ-ын зорчигчийн вагоны үйлчлэгчээр ажилладаг бөгөөд 7 хоногийн 4 өдөр нь вагон ажлаараа явдаг хоёр нялх хүүхдээ ээждээ харуулах гээд
хөдөөнөөс авчирсан байсан бөгөөд ээжийг болон намайг гудамжны гуйлгачин
өмсөх хувцасгүй, дагавар хүүхэд дагуулж ирсэн хүүхэн гэх мэтээр аашилж,
доромжилсон. Харин би дуугүй л өнгөрсөн биднийг хэн ч биш харьцсанд нь маш ихээр гомдсон. Гэхдээ үнэн гэж байгаа болохоор би энэ
хүнтэй ямар нэгэн маргаан үүсгэх гээгүй. Бидний амьдарлыг мэдэхгүй байж худал
нэхэмжлэл гаргасан байгааг нь хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Мөн О.А нь хэрэг маргаан үүссэнээс хойш буюу хугацаа хэтрүүлж нотариатын үйлдэл хийлгэсэн, Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.2-т заасан хамт амьдарч байсан этгээд биш тул өвлөх эрхээ алдсан, Б.О нь 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нас барсан тул О.А-г өвлөгч гэж үзэх үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Хариуцагч Н.Н шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: Миний бие нь талийгаач Б.О-той 2012 оноос эхлэн 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсан. Бидний дундаас хүү О.А 2014 оны 5 дугаар сарын 29-ний өдөр төрсөн. Талийгаач Б.О бидний хамтын амьдралыг Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан аштны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдөр 184/ШШ2018/01501 тоот шийдвэрээр тогтоосон. Хадам эх Н.Б нь чамайг ямар нэгэн байдлаар хоосруулж үлдээнэ харж байгаарай миний таньдаг шүүгчид маш олон байгаа. Тийм болохоор өвийн хугацаа дуусаагүй байхад ч миний нэхэмжлэлийг шүүх яаж авахыг чамд харуулна гэсэн санаа нь биелэлээ олсон гэж би үзэж байгаа. Намайг удаа дараалан дарамталж ирсэн бөгөөд талийгаач бид хоёр амьдралынхаа явцад айл өрх болж павлион болон автомашин, байр зэргийг өөрсдийн хөдөлмөрөөр бий болгосон эд зүйлийг Н.Б нь дураар аашилж санасандаа хүрнэ дээ гэж байнга дарамталж ирсэн гэдгийг нэхэмжлэлдээ миний бие нь дурьдахаас өөр аргагүйд хүрлээ. Талийгаач бид хоёр амьдралынхаа явцад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах “Хар хорин” худалдааны төвийн хүнсний 1-5 дугаартай павлионыг иргэн н.А-аас худалдан авсан. Өөрсдийн өдөр тутмын аж амьдарлынхаа хэрэгцээгээ залгуулж байсан павлионыг зарсан мөн RAV-4 19-86 УНП дугаартай автомашиныг хадам эх Н.Б нь өвийн хугацаа гэж юу байсан тэр маань ч яамай гэж хэлээд бидний павлионыг 35,000,000 төгрөгөөр хувь хүнд худалдаад намайг очихоор хөөгөөд байсан чинь зарсан байсныг мэдээд тус лангуунд сууж байгаа хүнээс хэдээр авсан бэ гэхэд 35,000,000 төгрөгөөр худалдан авсан гэж байсан. Мөн хуучин бэр байсан хүүгээс нь салсан өөр хүний эхнэр болох Ш.М-д бидний хэрэгцээний автомашиныг 9,500,000 төгрөгөөр худалдан борлуулсан байгаа юм. Иймд 44,500,000 төгрөгийг Н.Б-ээс гаргуулахаар нэхэмжилж байгааг мөн Сонгинохайрхан дүүргийн … дугаар хороо Содон хорооллын Үйлдвэрчний эвлэлийн гудамж, … тоот байрны 35 тоотын 2 өрөө байр, 49,99 м.кв Ү2020 гэрчилгээтэй ГД-00504069 үл хөлдөх хөрөнгийн жинхэнэ өмчлөгч мөн болохыг тогтоолгох, үл хөдлөх хөрөнгийг Н.Н би талийгаачийн хамтаар банкны ипотекийн зээлээр авсан цаашид төлбөрийг цалингаараа төлж байгаа өөрийн үл хөдлөх хөрөнгийг 20 жилээс 2 жилийн хугацаанд цалингаараа зээлээ төлж өнөөдрийг хүртэл 2 нялх хүүхдийн хамтаар амьдарч байгаа тул Н.Н, О.А нарыг Сонгинохайрхан дүүргийн.. дугаар хороо, Содон хороолол, .. дугаар байрны .. тоот 2 өрөө  орон сууцны өмчлөгчөөр бүртгэж гэрчилгээнд бичилт хийхийг Сонгинохайрхан дүүргийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгаж өгнө үү.

 

Нэхэмжлэгч, нэхэмжлэгч Ш.М-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Н.Н нь анх миний гэрт миний хүү Б.О-той 2013 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр ирж хамтран амьдарсан ба 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл 3 жил гаруй болсон. Үүнийг нотлох 2018 оны 8 дугаар сарын 7-ны өдрийн 106 тоот хорооны Засаг даргын тодорхойлолт байгаа. “Хар хорин” худалдааны төвийн 1-5 дугаар лангуу Н.Б миний нэр дээр анхнаасаа гэрээ хийж ажиллаж байсныг гэрчлэх “Хархорин хүрээ” ХХК-ийн 2018 оны 3 дугаар сарын 16-ны өдрийн 1/132 дугаартай албан бичгээр нотлогдоно. Rav-4 маркийн автомашиныг Н.Нийг манайд ирэхээсээ өмнө 2012 оны 9 дүгээр сарын 5-нд миний бие лангуугаа барьцаалж Хаан банкнаас 9,000,000 төгрөгийн зээл авсан. Лангууны сүүлийн буюу 2015 оноос 2016 оны хоорондох орлогыг хавсаргав. Сонгинохайрхан дүүргийн.. дугаар хороо, Содон хороолол, .. дугаар байрны .. тоот 2 өрөө  орон сууцыг миний охин Б.О, Б.О бид 3 өөрсдийн лангууг ажиллуулж 14 жил хуримтлуулсан мөнгөөр байрны үнэ 84,993,000 төгрөгийн 51 хувь буюу 46,432,200 төгрөгийг бэлнээр төлж, үлдсэн мөнгийг Хас банкнаас 20 жилийн хугацаатай ипотекийн зээлээр худалдаж авсан. Н.Н нь намайг амьд байхад хөрөнгийг маань өвлөж авна гэдэг нь буруу гэж үзэж байна. Сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Хас банк” ХХК нь иргэн Б.О, Н.Н нартай 2016 оны 8 дугаар сарын 08-ны өдөр 1060036452 дугаартай зээлийн гэрээ байгуулан уг гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор мөн өдөр Б.Отэй D60036452-01 дугаартай барьцааны гэрээ байгуулж, түүний өмчлөлийн Сонгинохайран дүүргийн 6 дугаар хороо, Содон хороолол /18062/ Үйлдвэрчний элэлийн гудамжны 107 дугаар байр, 35 тоот хаягт байрлах улсын бүртгэлийн Ү2020 дугаартай, 49.99 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг барьцаалсан. Банк болон Б.О, Н.Н нарын хооронд байгуулагдсан зээлийн гэрээний үлдэгдэл нь 2020 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн байдлаар 36,671,247.18 төгрөг байгаа буюу барьцаа хөрөнгөөр хангагдах шаардлага дуусгавар болоогүй байх тул банкны барьцааны эрх дуусгавар болоогүй, хэвээр байгаа болно. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.2-т хууль буюу гэрээгээр өв залгамжлан авч, барьцааны зүйлийг өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан этгээд нь барьцаалуулагчийн хүлээх үүргийг өөртөө шилжүүлэн авсан эрх, өв хөрөнгийн үнийн дүнгийн хэмжээгээр хариуцна” гэж, мөн зүйлийн 28.3-т “Энэ хуулийн 28.2-т заасан барьцааны зүйл хэд хэдэн этгээдийн өмчлөлд шилжсэн бол барьцааны зүйлийг хүлээн авагч тус бүр өөрт нь шилжиж ирсэн эд хөрөнгийн хэмжээгээр хувь тэнцүүлэн хариуцлага хүлээх бөгөөд хэрэв тухайн эд хөрөнгө нь үл хуваагдах буюу бусад үндэслэлээр барьцаалуулагчийн эрх хүлээн авагчдын хамтран өмчлөх дундын өмчлөлд шилжсэн бол эрх хүлээн авагч бүх этгээдийг хамтран барьцаалуулагч гэж үзнэ” тус тус хуульчилсан байна. Орон сууцны өмчлөгч нар нь өмчлөлийн зүйлээ бусад бүх этгээдийн зөвшөөрөлтэйгээр захиран зарцуулах боломжтой байдаг бөгөөд уг шинжээрээ орон сууцны өмчлөгч нар нь Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.4-т заасны дагуу эд хөрөнгийг дундаа хамтран өмчлөгчид болно. Иймд орон сууцны өвлөгчид тооцогдон улсын бүртгэлд өмчлөгчөөр бүртгэгдсэн өмчлөгч бүр дээр дурдсан үндэслэлээр өвлүүлэгч Б.О-гийн банктай байгуулсан барьцааны гэрээний эрх, үүргийг хариуцах хууль зүйн үндэслэлтэй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагын Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо, Содон хороолол,  дугаар байр, тоот хаягт байрлах, 2 өрөө орон сууцны өвлөгчөөр тогтоолгохтой холбогдох хэсгийг шийдвэрлэхдээ өвлөгч бүр барьцааны үүргийг хүлээж барьцаалуулагч болох талаар дурдан, гуравдагч этгээд болох  Хас банкны  эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөлгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү.

 

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт, зохигчийн тайлбар зэргийг шинжлэн судлаад

                            ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч нар нь хариуцагч Н.Н-д холбогдуулан Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, Содон хороолол  дугаар байр  тоот 49.99 м.кв 2 өрөө орон сууцны хууль ёсны өвлөгч буюу өмчлөгчөөр Н.Б, О.А, О.А, О.А нарыг тогтоолгож, хамтран өмчлөгчөөр бүртгэхийг үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад даалгуулах тухай  нэхэмжлэлийг, хариуцагч Н.Н нь нэхэмжлэгч Н.Б-д холбогдуулан  орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох, орон сууцыг Н.Н, О.А нарын нэр дээр бүртгүүлэхийг Сонгинохайрхан дүүргийн үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн газарт даалган, 44,500,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргаж байна.

 

Үндсэн нэхэмжлэлийн тухайд нэхэмжлэгч Н.Б 2018 оны 4 дүгээр сарын 20-ны өдөр шүүхэд орон сууцыг өвлөн авах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдөр О.А, О.А нарын эрх, ашиг сонирхлыг төлөөлөн Ш.М нэхэмжлэгчээр нэмэгдэн нэхэмжлэлийн шаардлагыг орон сууцны өвлөгчөөр Н.Б, О.А, О.А, О.А нар мөн болохыг тогтоолгох хэмээн өөрчилж, 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагыг орон сууцны өвлөгч Н.Б, О.А, О.А-д ногдох хэсэгт 63,744,750 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардлагаа  ихэсгэж, 2020 оны 6 дугаар сарын 9-ны өдөр О.А-д өмчлөгч нараас 16,292,800 төгрөг гаргуулахаар шаардлагаа өөрчилж, 2020 оны 8 дугаар сарын 25-ны өдөр нэхэмжлэгч О.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.М нь энэхүү шаардлагаасаа татгалзсан байна. / I хх-ийн 1, 138, 204, II хх-ийн 119, 159/

 

Нэхэмжлэгч Ш.М нь О.А, О.А нарын төрсөн эх буюу хууль ёсны төлөөлөгч ба тэрээр нэхэмжлэгчийн эдлэх эрх, үүргийг Н.Б-д итгэмжлэлээр олгосон, нэхэмжлэгч Н.Б нь Баянгол дүүргийн Засаг даргын 2015 оны 12 дугаар  сарын 18-ны өдрийн А/921 дугаар захирамжаар нэхэмжлэгч О.А-ын асран хамгаалагчаар тогтоогдсон, төлөөлөх эрхээ Б.М-д итгэмжлэлээр олгожээ. /I хх-ийн 25, 26, 136, II хх-ийн 132/

 

Нэхэмжлэгч нар шаардлагын үндэслэлээ маргаж буй орон сууцны өмчлөгч Б.О нас барсан тул төрсөн эх, мөн түүний хүүхдүүд адил тэнцүү өвлөх эрхтэй гэж, хариуцагч татгалзлын үндэслэлээ орон сууцыг талийгаачтай хамтран амьдарч байхдаа урьдчилгаа төлбөрийг төлж, Хас банктай байгуулсан ипотекийн  зээлээр авсан /320 сарын хугацаатай/, зээлийг гэрээний дагуу төлдөг, мөн орон сууц банкны барьцаанд байгаа, О.А-ын тухайд өвлөгч биш гэж тус тус тайлбарлаж байна.

 

Хэрэгт авагдсан талийгаач Б.О-гийн иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ, 000019567, 0000154635 дугаартай нас барсны бүртгэлийн гэрчилгээ, талуудын тайлбараар нэхэмжлэгч Н.Б нь Б.О, Б.О нарын төрсөн эх бөгөөд Б.О2017 оны 7 дугаар сарын 16-ны өдөр, Б.О 2015 оны 11 дүгээр сарын 21-ны өдөр нар барсан болох нь тогтоогдож байна. / I хх-ийн 6, 9, 27/

 

Нэхэмжлэгч Ш.М, талийгаач Б.О нарын дундаас 2004 оны 9 дүгээр сарын 21-нд өдөр охин О.А, 2008 оны 12 дугаар сарын 30-нд хүү О.А, хариуцагч Н.Н талиагаач Б.О нарын дундаас 2014 оны 5 дугаар сарын 29-нд хүү О.А төрсөн болох нь зохигчийн тайлбар, хүүхдүүдийн төрсний гэрчилгээгээр тогтоогдож байна. / I хх-ийн 26/

 

Талийгаач Б.О нь Ш.М болон Н.Н нартай хамтын амьдралтай байсан боловч хэн алинтай нь гэрлэлтээ бүртгүүлээгүй болох нь гэрлэлт бүртгэлгүй болох тухай лавлагаа, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 01501 дугаар шийдвэр /Б.О, Н.Н нарыг 2012 оноос 2017 оны 7 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл хамтын амьдралтай байсныг тогтоосон/-ээр  тогтоогдож байна.  /I хх-ийн 8, 104/

 

Маргаж буй орон сууцыг талийгаач Б.О “Тесо констракшн” ХХК-тай  2014 оны 9 дүгээр сарын 29-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалгын гэрээ”, 2015 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан “Орон сууц захиалгын гэрээний нэмэлт гэрээ”–ний дагуу 84,983,000 төгрөгөөр худалдан авчээ.

 

Орон сууцны төлбөрөөс 46,439,200 төгрөгийг урьдчилгаанд, үлдэх 38,543,800 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 8-ны өдөр Хас банкнаас Б.О, Н.Н нар 320 сарын хугацаатай ипотекийн зээлийн гэрээгээр авч байгуулан авч, төлбөрийг бүрэн төлсөн байна.  /I хх-ийн 10-11, 31-36, 50-60/

           

“Тесо констракшн” ХХК-иас шүүхэд ирүүлсэн “Харилцагчийн өглөгийн дэлгэрэнгүй гүйлгээ” гэх баримтаас үзэхэд орон сууцны төлбөрийг төлөхдөө талийгаач Б.О 30,146,400 төгрөг, талийгаач Б.О 16,292,800 төгрөгийг тушаажээ.

 

Нэхэмжлэгч Б.Б, О.А нар нь энэхүү  баримтыг үндэслэн орон сууцны урьдчилгааг Б.О, Б.О нар төлсөн гэж тайлбарлаж байгаа ч тухайн баримт нь мөнгийг хэн шилжүүлснийг л нотлохоос хэний мөнгө болохыг нотлохгүй юм.

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар гэрээ байгуулах үед Н.Н, Б.О нар хамтран амьдарч байсан нь тогтоогдсон, мөн ипотекийн зээлийн гэрээнд хамтран зээлдэгчээр Н.Н гарын үсэг зурсан байх бөгөөд орон сууцыг худалдан авах нь тэдний хүсэл зориг байсан гэж дүгнэхээр байна. 

 

Өмчлөх эрхийн улсын бүртгэлийн Ү2020 дугаарт бүртгэлтэй,  Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, Содон хороолол  дугаар байр,  тоот, 49.99 м.кв 2 өрөө орон сууцны өмчлөгч нь Б.О байх бөгөөд өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг 2016 оны 7 дугаар сарын 19-ний өдөр түүнд олгожээ.  / I хх-ийн -5/

 

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1-д нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх нь хууль ёсны өвлөгч гэх бөгөөд тэдгээр нь адил хэмжээгээр өвлөх эрхтэй байхаар зааснаас үзэхэд талийгаач Б.О-гийнэх Н.Б, охин О.А, хүү О.А, О.А нар нь хууль ёсны өвлөгч юм.

 

Хариуцагч Н.Н талийгаачтай гэрлэлтээ бүртгүүлээгүй хамтран амьдарч байсан тул хуульд заасан эхнэр гэсэн ойлголтод хамаарахгүй боловч маргаж буй орон сууцыг худалдан авахад оролцоогүй гэж дүгнэх үндэслэлгүй байна.

 

Нэхэмжлэгч О.Аын тухайд талийгаач Б.О-гийн асрамжинд байгаагүй, түүний хууль ёсны өвлөгч гэж үзэх, мөн орон сууцны урьдчилгаанд эх Б.О 16,292,800 төгрөгийг төлсөн гэх үндэслэлээр өмчлөгчөөр тогтоох  боломжгүй юм.

 

Иргэний хуулийн 528 дугаар зүйлийн 528.1, 528.2 дахь хэсгүүдэд өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан өвлөгч нь өв нээгдсэнээс хойш гурван сарын дотор өв хүлээн авахаас татгалзсан тухайгаа нотариат буюу нотариат байхгүй газар баг, сумын Засаг даргад мэдэгдээгүй бол уг өвийг хүлээн авсан гэж үзэх, бусад өвлөгчид нь өв нээгдсэнээс хойш нэг жилийн дотор хуульд заасны дагуу өвлөгдсөн эд хөрөнгийг эзэмдэн авсан буюу эрхлэн удирдсан, эсхүл нотариат буюу баг, сумын Засаг даргад өв хүлээн авах буюу өвлөх эрхийн гэрчилгээ олгохыг хүсч, өргөдөл гаргасан байвал уг өвийг хүлээн авсан гэж үзэхээр тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч Н.Б өв хүлээн авах хүсэлтээ Б.О-г нас барснаас хойш 1 жилийн дотор буюу 2018 оны 2 дугаар сарын 27-ны өдөр нотариатад гаргасан, хүү О.А, О.А нар нь өвлүүлэгчийг нас барах хүртэл түүнтэй хамт амьдарч байсан болох нь тогтоогдох бөгөөд өв хүлээн авахаас татгалзсан тухай нотариат, эсхүл оршин суугаа газрын Засаг даргад мэдэгдээгүй байх тул тэдгээрийг өв хүлээн авсан гэж үзнэ. /I хх-ийн 9, 12/

 

Нэхэмжлэгч Ш.М-ийн хүүхдүүдийнхээ өвийг хүлээн авах тухай хүсэлтийг нотариатч 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гэрчилсэн боловч өвлөх эрхийн гэрчилгээ олгоогүй байна.  /II хх-ийн 99/

 

Хариуцагч нь охин О.А-г талийгаач Б.О той хамт амьдарч байгаагүй тул хуульд заасан өв хүлээн авах хугацааг хэтрүүлсэн гэж тайлбарласан, мөн Сонгинохайрхан дүүргийн 6 дугаар хорооны Засаг даргаас 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд ирүүлсэн тодорхойлолтоор охин О.А  тус хорооны мэдээллийн санд бүртгэлгүй, эх Ш.М-ийн асрамжид байсан гэх үндэслэлтэй.  /II хх-ийн 99/

 

Өвлөгдвөл зохих хөрөнгийн хэмжээг үл хөдлөх эд хөрөнгийг худалдан авсан үнэ болох 84,983,000 төгрөгөөс бус орон сууцны урьдчилгаанд төлсөн 46,439,200 төгрөгийн хэмжээнд тогтоох нь зохимжтой байна.

 

Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1 дэх хэсэгт хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болохоор зохицуулсан, мөн орон сууцны үлдэгдэл төлбөр 38,543,800 төгрөгийг Хас банкнаас зээлсэн, зээлийн барьцаанд орон сууцыг тавьсан, энэхүү зээлийг хамтран зээлдэгч хариуцагч Н.Н хариуцан төлж байгаа болно.

 

Орон сууцны урьдчилгаанд төлсөн 46,439,200 төгрөгийг талийгаач Б.О, Б.О нарын хөрөнгө байсан гэх, мөнгийг бүрдүүлэхэд хариуцагч Н.Нийн оролцоо байгаагүйг нотлосон баримтгүй байх тул талийгаачийн хууль ёсны өвлөгч Н.Б, О.А нарт ногдох хэсгийг 23,496,000 төгрөгөөр тогтоох нь зүйтэй гэж үзлээ.

 

Хариуцагч Н.Н нь талийгаач Б.О-гийн орон сууцны хууль ёсны өвлөгч биш боловч талийгаачтай хамтран амьдарч, үл хөдлөх хөрөнгийг бий болгоход зохих оролцоо байсан гэж үзсэн, харин хүү Б.Амармандах талийгаачийн хөрөнгийг бусад өвлөгчтэй адил тэнцүү өвлөн авах эрхтэй байна.

 

Иргэний хуулийн 535 дугаар зүйлд зааснаар өв хүлээн авсан өвлөгч нь өвлүүлэгчийн гүйцэтгэвэл зохих үүргийг өвлөн авсан эд хөрөнгийн хэмжээнд хүлээх ба хэд хэдэн өвлөгч байвал тэдгээр нь үүргийг тус тусын өвлөсөн эд хөрөнгийн хэмжээнд хувь тэнцүүлэн хүлээх үүрэгтэй байхаар заасан.

 

Орон сууцыг хариуцагч Н.Нийн өмчлөлд үлдээж, түүнээс 23,496,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгож, Хас банктай байгуулсан ипотекийн зээлийн гэрээний үүргийг орон сууцыг өмчлөлдөө авсан хамтран зээлдэгч Н.Н үргэлжлүүлэн хариуцах нь зүйтэй гэж үзлээ.

 

Сөрөг нэхэмжлэлийн мөнгө гаргуулах шаардлагын тухайд хариуцагч нь нэхэмжлэгч Б.Б-д холбогдуулан  19-86 УНП улсын дугаартай, Тоёота Rav-4 маркийн автомашиныг 9,500,000 төгрөгөөр, түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан Хар хорин худалдааны төвийн хүнсний барааны 1/05 дугаартай павилоныг  35,000,000 төгрөгөөр бусдад худалдсан тул гаргуулна гэж шаардсан.

 

19-86 УНП улсын дугаартай автомашин нь 2013 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс талийгаач Б.О-гийн өмчлөлийн хөрөнгө байсан ба түүнийг нас барснаас хойш 2017 оны 9 дүгээр сарын 15-ны өдрөөс Э.А, 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрөөс Ш.М, 2017 оны 11 дүгээр сарын 05-ны өдрөөс Э.О нарт шилжсэн байна. / I хх-ийн  196-200/

 

Хариуцагч Н.Н нь Иргэний хуулийн 528 дугаар зүйлд заасан хугацаа болон журмын дагуу өвлүүлэгчийн хөрөнгийг хүлээн авахтай холбоотой баримтыг гаргаж өгөөгүй, мөн “Хар хорин хүрээ” ХХК-иас шүүхэд ирүүлсэн Н.Б-г 2010 оноос 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл хугацаанд павилоныг түрээслүүлэн ажиллуулж байсан тухай тодорхойлолт,  2017 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн “Хар хорин хүрээ ХХК болон Л.С нарын хооронд байгуулсан ажлын байр түрээслэх гэрээ зэрэг баримтаас дүгнэхэд, түрээслэх эрхийг хариуцагч болон талийгаач нар эзэмшиж байсан гэх, нэхэмжлэгч Н.Б бусдад 35,000,000 төгрөгөөр шилжүүлсэн гэх үндэслэл тогтоогдоогүй болно. / I хх-ийн  123, 128/

 

Иймд сөрөг нэхэмжлээс орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардлагыг хангаж, хариуцагч Н.Б-ээс 44,500,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Үндсэн болон сөрөг нэхэмжлэлийн шаардлагын орон сууцыг улсын бүртгэлийн байгууллагад бүртгэхийг даалгах тухай хэсгийг бие даасан шаардлага гэж үзэх боломжгүй, өмчлөгчөөр тогтоогдсон этгээдийн хэрэгжүүлбэл  зохих үйлдэл гэж үзсэн болохыг дурдах нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон,

          ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1, 520 дугаар зүйлийн 520.1, 520.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан талийгаач Б.О-гийн хууль ёсны өвлөгчөөр эх Н.Б, хүү О.А, хүү О.А нарыг тогтоож, улсын бүртгэлийн Ү2020 дугаартай, Сонгинохайрхан дүүрэг,  дугаар хороо, Содон хороолол  дугаар байр,  тоот 49.99 м.кв 2 өрөө орон сууцыг хариуцагч Н.Н-ийн өмчлөлд үлдээж, Н.Б, О.А нарт ногдох хэсэгт 23,496,000 /хорин гурван сая дөрвөн зуун ерэн зургаан мянга/ төгрөгийг хариуцагч Н.Н-ээс гаргуулан нэхэмжлэгч Н.Б, Ш.М нарт олгож, үндсэн нэхэмжлэлээс О.А, О.А нарыг өвлөгчөөр тогтоолгох, сөрөг нэхэмжлэлээс нэхэмжлэгч Н.Б-ээс  44,500,000 /дөчин дөрвөн сая/ төгрөг гаргуулах шаардлагыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 546,873 төгрөг, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 450,650 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 276,430 төгрөг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай. 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Т.БАТСҮХ