| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Пунцагийн Золзаяа |
| Хэргийн индекс | 101/2020/01697/И |
| Дугаар | 001/ХТ2022/01059 |
| Огноо | 2022-11-08 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол
2022 оны 11 сарын 08 өдөр
Дугаар 001/ХТ2022/01059
2022 11 08 001/ХТ2022/01059
“МСЭКК” ХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, шүүгч Н.Баярмаа, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн
2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/03003 дугаар шийдвэр,
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн
2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2257 дугаар магадлалтай,
“МСЭКК” ХХК-ийн нэхэмжлэлтэй
“БЗ” ХХК-д холбогдох
1,188,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цацралын гаргасан хяналтын гомдлоор
шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Эрхбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. “МСЭКК” ХХК нь “БЗ” ХХК-д холбогдуулан 1,188,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч маргажээ.
2. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/03003 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасныг баримтлан хариуцагч “Б З” ХХК-аас 1 188 000 /нэг сая нэг зуун наян найман мянган/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч “М Си Эс Кока Кола” ХХК-д олгож, нэхэмжлэгч нь хариуцагч С.Бд холбогдох шаардлагаас татгалзсан болохыг баталж, хариуцагч С.Бд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 062 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Б З” ХХК-аас нэхэмжлэлийн шаардлагын хангасан хэмжээнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 33 062 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “М Си Эс Кока Кола” ХХК-д олгож шийдвэрлэжээ.
3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2257 дугаар магадлалаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/03003 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 33 062 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээж шийдвэрлэжээ.
4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Цацрал хяналтын гомдолдоо: ...Шийдвэр, магадлалд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар “Зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.” гэж заасны дагуу магадлалыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр гомдлыг гаргаж байна. Нэхэмжлэгч “МСЭКК” ХХК нь 2020.01.15-ны өдөр “БЗ” ХХК-д холбогдуулан 1,188,000 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. ...Магадлалын үндэслэх нь хэсэгт: “Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлсэн байна.” гэжээ. “БЗ” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Б.Батцэрэн нь ажиллаж байх хугацаандаа нэхэмжлэгч “МСЭКК” ХХК-ийн захиалгын төлбөр болох 1,188,000 төгрөг болон бусад аж ахуйн нэгжийн төлбөрт төлөх ёстой нийт 120,000,000 төгрөгийг хувьдаа завшиж “БЗ” ХХК-д хохирол учруулсан асуудлыг эрүүгийн журмаар хянан шалгуулж байгаа болно. Үүнтэй холбогдуулан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2020.09.03-ны өдрийн шүүх хуралдаанд Б.Батцэрэнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж байгаа талаарх Баянзүрх дүүрэг дэх цагдаагийн хоёрдугаар хэлтсийн лавлагааг шүүхэд гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх хүсэлт гаргасан. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 80.1.4-т заасны дагуу “Эрүүгийн, иргэний, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх, арбитрын журмаар шийдвэрлэгдвэл зохих өөр хэрэг, маргааныг хянан шийдвэрлэхээс өмнө уг хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй” гэж заасны дагуу эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэсний дараа энэ хэргийг хянан шийдвэрлэх боломжгүй байхад анхан шатны шүүхээс хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй. Улмаар хүсэлт шийдвэрлэсэн захирамжийг гомдол гаргах эрхгүйгээр гаргасан, хариуцагч талаас өмгөөлөгчтэй шүүх хуралдаанд оролцох, тайлбар үндэслэлээ нотлох баримт гаргаж өгөх болон мэтгэлцэх боломж олголгүйгээр хэргийг шийдвэрлэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж хэргийг шийдвэрлэсэн байтал давж заалдах шатны шүүх шийдвэрийг хэвээр үлдээсэн нь шүүх хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэхээр байна. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.
6. Нэхэмжлэгч “МСЭКК” ХХК нь хариуцагч “БЗ” ХХК, С.Б нарт холбогдуулан сэтгүүл захиалгын төлбөр 1,188,000 төгрөгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийг гаргасан ба хариуцагч С.Бд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсан байна.
Хариуцагч “БЗ” ХХК нэхэмжлэлийг эс зөвшөөрч, тус компанийн захирлаар ажиллаж байсан Б.Батцэрэн компаниас 121,000,000 төгрөгийг хувьдаа завшсан эрүүгийн хэрэг хянагдаж байгаа тул хэргийг түдгэлзүүлж өгнө үү гэж мэтгэлцжээ.
7. Анхан болон давж заалдах шатны шүүх хариуцагч “БЗ” ХХК-иас 1,188,000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгч нь хариуцагч С.Бд холбогдох нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн холбогдох зохицуулалтыг тухайн маргаанд зөв тайлбарлан хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг хүчингүй болгох боломжгүй гэж үзлээ.
8. Нэхэмжлэгч “МСЭКК” ХХК нь хариуцагч “БЗ” ХХК-аас The Economist сэтгүүлийг 1,188,000 төгрөгөөр, The Beverage industry сэтгүүлийг 1,210,000 төгрөгөөр тус тус захиалж, сэтгүүлийн төлбөрт нийт 2,398,000 төгрөгийг тус компанийн дансанд шилжүүлсэн боловч хариуцагч “БЗ” ХХК нь уг захиалгын дагуу The Beverage industry сэтгүүлийг хүлээлгэн өгч, The Economist сэтгүүлийг өгөөгүй үйл баримт тогтоогдсон талаарх шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа баримтад суурилжээ.
9. Талуудын хооронд гадаадын сэтгүүл худалдах, худалдан авах хүсэл зориг байсан, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан, гэрээ хүчин төгөлдөр, хариуцагч “БЗ” ХХК нь гэрээгээр хүлээсэн үүргээ бүрэн биелүүлээгүй тул нэхэмжлэгч төлбөрийн ногдох хэсгийг буцаан шаардсан эрх зүйн асуудлаар хоёр шатны шүүх хийвэл зохих дүгнэлтийг хийсэн, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
10. Гэрээний талууд бие биенийхээ өмнө хүлээсэн үүргээ биелүүлэх учиртай тул компанийн захирлаар ажиллаж байсан гэх Б.Батцэрэнг эрүүгийн хэрэгт шалгаж байгаа гэх нөхцөл байдал нь энэ хэргийг хянан шийдвэрлэхэд нөлөөлөхгүй бөгөөд нэхэмжлэгч нь “БЗ” ХХК-д холбогдуулан гэрээний үүргээ биелүүлээгүйгээс төлсөн төлбөрөө буцаан шаардах эрхтэй юм. Иймд шүүх энэ үндэслэлээр хэргийг түдгэлзүүлэхийг хүссэн хариуцагч талын хүсэлтийг хангаагүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д заасныг зөрчөөгүйгээс гадна хариуцагч нь уг хүсэлтийг өмнө нь гаргах бололцоотой байхад шүүх хуралдаан дээр гаргасан нь хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж үзсэн шүүхийн ажиллагааг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гэж үзэхгүй. Энэ талаарх хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдол үндэслэлгүй байна.
11. Иймд шүүхийн шийдвэр, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2020/03003 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 2257 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчаас хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 33,062 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.МӨНХТУЯА
ШҮҮГЧИД Н.БАЯРМАА
П.ЗОЛЗАЯА
С.СОЁМБО-ЭРДЭНЭ
Х.ЭРДЭНЭСУВД