Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 1276

 

 

 

 

 

 

 

 

 

2018 оны 02 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2018/00534

 

 

 

Ч.Өийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Э.Золзаяа, Ч.Цэнд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/00566 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч Ч.Өийн нэхэмжлэлтэй

Хариуцагч ШГА-арт холбогдох

 

ШГА-рын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 3/25056 тоот "үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах" тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Ч.Цэндийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

 

   Нэхэмжлэгч Ч.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ШГА-рын тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч Г.Гантуяа нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 3/25056 тоот тогтоолоор төлбөрт хураагдсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 39 дүгээр байр, 3 тоот орон сууцыг 51 640 000 төгрөгөөр үнэлэн дуудлага худалдаанд оруулах тогтоол үйлджээ. Гэтэл ШГА-раас дээрх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахдаа надаас үнийн санал аваагүй, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1 дэх заалтыг зөрчиж, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1 дэх хэсэгт заасан ажиллагааг хийгээгүй, дур мэдэн хөндлөнгийн байгууллагаар үнэлгээ тогтоолгож, уг үнийн саналыг танилцуулалгүй, эд хөрөнгийг гэнэт дуудлага худалдаанд оруулах тогтоол гаргаж, дуудлага худалдааны үйл ажиллагаа зохион байгуулж төлбөр төлөгчийн өмчлөх эрхэд ноцтой халдсан. Төлбөрт хураагдсан уг орон сууцыг би 2011 онд орон сууц хямд байхад 75 000 000 төгрөгөөр худалдан авсан бөгөөд уг орон сууц өнөөдөр зах зээлд 80 000 000 төгрөгийн үнэ хүрнэ. Гэтэл орон сууцыг ийм хямд үнээр үнэлүүлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 3/25056 тоот "үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах" тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ШГА-ар шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/00748 дугаар захирамжаар Ё.Өнөрцэцэгээс 40 201 265 төгрөгийг гаргуулж "НБМ финанс ББСБ" ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагааг ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 17290753 тоот тогтоолоор үүсгэж, 2017 оны 9 дүгээр сарын 04-ний өдөр шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлэхийг төлбөр төлөгчид мэдэгдсэн. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явуупж барьцаа хөрөнгө болох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 39 дүгээр байрны 3 тоот орон сууцыг 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийн 17290753/02 тоот тогтоолоор битүүмжилж, 2017 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 17290753/04 тоот тогтоолоор хураасан. Талуудаас 2017 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Иргэний хуулийн 55 дугаар зүйлд заасны дагуу үнийн санал авахад харилцан тохиролцоогүй тул 2017 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 260 дугаар тогтоолоор шинжээч томилж, зах зээлийн үнийг тогтоолгосон. Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 3/25056 дугаар мэдэгдэл нь дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол биш бөгөөд шинжэээчийн тогтоосон зах зээлийн үнийг талуудад мэдэгдсэн. 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 3/25056 тоот мэдэгдлийг 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсан гэдэг нь үндэслэлгүй бөгөөд мэдэгдлийг 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч, шинжээчийн тогтоосон үнэлгээг хүлээн зөвшөөрч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 62 дугаар зуйлд заасны дагуу өөрийн хөрөнгийг 1 сарын хугацаанд худалдан борлуулах хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн. Иймд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаар гомдлоо Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах заалтын дагуу гомдол гаргах хугацаа өнгөрсөн. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ШГА-арт холбогдох Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 39 дүгээр байрны 3 тоот хаягт орон сууцны үнэлгээтэй холбогдуулан гаргасан нэхэмжлэгч Ч.Өийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Эрдэнэцэцэг давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй. Шүүх хуулийн хэм хэмжээг буруу хэрэглэж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөн.

Шийдвэрийн үндэслэх хэсэгт ...нэхэмжлэгч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт заасан 7 хоногийн дотор шүүхэд хандах хугацааг хэтрүүлсэн байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгов гэжээ. Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газрын тасгийн дарга, ахлах шийдвэр гүйцэтгэгч, Ц.Гантуяа нь 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдөр 3/25056 тоот тогтоол үйлдэн тогтоолд ... нэхэмжлэгч Ч.Өийн төлбөрт хураагдсан Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 дүгээр хороолол, 39 дүгээр байрны 3 тоот орон сууцыг 51 640 000 төгрөгөөр үнэлсэний 70 хувиар тооцон анхны дуудлага худалдаанд оруулах тухай тогтоол үйлдэж, уг тогтоолыг нэхэмжлэгчид 2017 оны 10 дугаар сарын 20-ны өдөр мэдэгдсэн. Уг баримт нь хэрэгт авагдсан бөгөөд талууд энэ тухай маргаж, ШГА-раас нэхэмжлэгчид дуудлага худалдааг мэдэгдсэн мэдэгдэлд зурагдсан гарын үсэг он сард талууд маргаж, нэхэмжлэгч хэд хэдэн удаа шинжээч томилж уг асуудлыг тодруулахыг хүссэн боловч шүүх шаардлагагүй, энэ нэхэмжлэгчийн гарын үсэг мөн гээд хэрэг шийдэхээс өмнө нотлох баримтыг үнэлж аль хэдийн шийдвэрээ гаргасан нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл.

Шүүх нэхэмжлэгч шүүхэд хандах хугацааг хэтрүүлсэн тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болголоо гэж шийдвэрлэж байгаа нь туйлын ойлгомжгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байна гэж хуульчилсан.

Маргаан бүхий хэргийг шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийн үндэслэлийг харахад эрх нь зөрчигдсөн этгээд шүүхэд хандах хутацааг хэтрүүлсэн нь зөрчигдсөн эрхийг сэргээх боломжгүй мэт дүгнэж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий болж чадаагүй. Өөрөөр хэлбэл шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл нь хуулийн хугацаанд гаргаагүй гэж дүгнэсэн бол нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох биш хэргийг хэрэгсэхгүй болгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тодорхой зохицуулалт байсаар байхад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг хуулийг буруу хэрэглэсэн гэж үзнэ. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж зохигчдын хооронд үүссэн маргааны үйл баримтыг хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэн дүгнэж хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцжээ.

Нэхэмжлэгч Ч.Өийн, хариуцагч ШГА-арт холбогдуулан гаргасан ШГА-рын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 3/25056 тоот үл хөдлөх эд хөрөнгийг албадан дуудлага худалдаанд оруулах тухай тогтоолыг хүчингүй болгуулах тухай гомдлын агуулгаас үзвэл эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдол байна. Хариуцагч гомдлыг эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуулийн дагуу явагдсан гэж тайлбарлан маргадаг.

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 183/ШШ2017/00748 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч Ч.Ө нь 40 000 000 төгрөгийг 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдрийн дотор нэхэмжлэгч “НБМ Финанс ББСБ” ХХК-д төлөх, төлбөрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 19 хороолол, 39 байрны 3 тоот хаягт байрлах, улсын бүртгэлийн Ү-2206001700 дугаартай барьцаа хөрөнгө болон бусад орлогоос үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар тохиролцон, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-10 дахь тал/

Хариуцагч байгууллага нь уг захирамжийг албадан гүйцэтгэх ажиллагаа явуулан, барьцаанд тавьсан эд хөрөнгийг 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр битүүмжлэн мөн оны 10 дугаар сарын 03-ны өдөр хураан авчээ. /хх-26, 31-32, 35-36 дахь тал/

   Иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд нь үл хөдлөх эд хөрөнгийн албадан дуудлага худалдаа явуулахаас өмнө эд хөрөнгийн үнийн талаар тохиролцоогүйн улмаас шийдвэр гүйцэтгэгч нь “Баян модот” ХХК-ийг үнэлгээчнээр томилон, уг үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнийг тогтоолгож, хөрөнгийн үнэлгээний талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу нэхэмжлэгч Ч.Өт 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 3/25056 тоот албан бичгээр мэдэгдэж, тэмдэглэл хөтөлсөн болох нь хэргийн 51, 52 дугаар талд авагдсан бичгийн баримтаар тогтоогдож байна.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсэгт зааснаар талууд эд хөрөнгийн үнэлгээний талаархи гомдлоо мөн зүйлийн 55.3 дахь хэсэгт заасны дагуу мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор шүүхэд гаргах ёстой. Нэхэмжлэгч Ч.Ө нь мэдэгдлийг хүлээн авсанаас хойш 15 хоногийн дараа буюу 10 дугаар сарын 26-ны өдөр гомдлоо гаргаж дээрх хуулиар тогтоосон хугацааг зөрчжээ. Иймээс нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэлгүй гэж үзэн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3-т заасанд нийцсэн байна.

Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо “шүүхэд хандах хугацааг хэтрүүлсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгох байсан” гэх боловч энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 117 дугаар зүйлд заасан үндэслэлд хамаарахгүй.

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг баримтлан ТОГТООХ нь:

 

1. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШШ2018/00566 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд уг үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй хэргийн оролцогчид магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                          Ж.ОЮУНТУНГАЛАГ

           

                                          ШҮҮГЧИД                                      Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                                 Ч.ЦЭНД