Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2022/00898

 

 

 

 

 

 

 

 

 2022          10           04                                          001/ХТ2022/00898

 

Л ы нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                       

Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2020/01483 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1827 дугаар магадлалтай,                                                                                                                            

Л ы нэхэмжлэлтэй

“Т ” ХХК-д холбогдох

Мөнгөн хадгаламжийн гэрээний үүрэгт 48,902,990 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг     

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Зулбаяр, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Мөнхбаатар, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч Л  нь хариуцагч “Т ” ХХК-д холбогдуулан мөнгөн хадгаламжийн гэрээний үүрэгт 48,902,990 төгрөг гаргуулах  тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2020/01483 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1-д заасны дагуу хариуцагч “Т ” ХХК-аас 48,902,990 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 402,465 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “Т ” ХХК-иас 402,465 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л д олгуулахаар шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1827 дугаар магадлалаар: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2020/01483 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.08.26-ны өдрийн 1827 дугаартай магадлалыг бүхэлд нь хүчингүй болгуулах тухай. Магадлалын “Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.06.23-ны өдрийн 182/ШШ2020/01483 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай” гэж шийдвэрлэснийг үндэслэлгүй гэж дүгнэж байна. Нэхэмжлэгч Л ы эхнэр болох Ө  нь 103300524433 тоот хугацаатай хадгаламжийн дансны хамтран эзэмшигч болно. Ө  нь Т  дахь 103300524433 тоот харилцах данснаас 54,461,000 төгрөг алдсан гэх гомдлын дагуу Эрүүгийн Цагдаагийн албанаас эрүүгийн 1809046760956 тоот хэрэг үүсгэн Т ны “Тээврийн Товчоо” тооцооны төвийн захирлаар ажиллаж байсан яллагдагч А д холбогдуулан шалгаж байгаа талаар хэрэгт иргэн Ө г хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон тогтоол болон хохирогчоос авсан мэдүүлэг зэрэг нотлох баримтууд авагдсан болно. Дээрх шүүхийн шийдвэр болон магадлал нь ИХШХШТХуулийн 65 дугаар зүйлийн 65.1.8-д “Уг нэхэмжлэлтэй холбоотой хэргийг эрүүгийн журмаар шалгаж байгаа тохиолдолд захирамж гарган нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана”, 117 дугаар зүйлийн 117.1-д “Энэ хуулийн 65.1.8-д заасан үндэслэл хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх үед тогтоогдвол хэргийг хэрэгсэхгүй болгоно”, 17 дугаар зүйлийн 17.1-д “Гэмт хэрэг үйлдэгдсэнээс үүссэн хохирлын талаарх нэхэмжлэлийг эрүүгийн хэрэгтэй хамт шийдвэрлэнэ”, 17 дугаар зүйл 17.3-т “Эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхтэй холбогдсон маргааныг эрүүгийн хэрэг нь шийдвэрлэгдээгүй байхад иргэний журмаар хэлэлцэхгүй”, ЭХХШТХуулийн 8.5 дугаар зүйлийн 6-д “Гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно” гэх хуулийн заалтууд болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үнэлэхгүйгээр шийдвэр, магадлал гаргасан нь Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа ИХШХШТХууль болон ЭХХШТХуулийн дээрх холбогдох зүйл, заалтуудыг ноцтой зөрчсөн алдаатай шийдвэр гаргасан гэж үзэж байна. Иймд Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шүүхийн 2020.08.26-ны өдрийн 1827 дугаартай магадлалыг хянаж, бүхэлд нь хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгч Л  нь хариуцагч “Т ” ХХК-д холбогдуулан мөнгөн хадгаламжийн гэрээний үүрэгт 48,902,990 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

6. “Т ” ХХК-тай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулж, хадгалуулсан мөнгөн хөрөнгийн үлдэгдлийг өнөөдрийг хүртэл олгоогүй, харилцагчийн анхны шаардлагаар тооцоо хийж, хадгаламжийг гаргаж өгөх үүргээ зөрчсөн гэж нэхэмжлэгч нь шаардлагынхаа үндэслэлийг тайлбарласан, хариуцагч нь “...Т ны тээврийн товчооны салбар хариуцсан холбогдох албан тушаалтныг эрүүгийн журмаар шалгаж байгаа бөгөөд тус хэрэгт буруутгагдаж байгаа этгээдээс хохирлоо гаргуулах боломжтой, нэхэмжлэлийг хариуцахгүй” гэсэн агуулгатай тайлбар гаргасан байна.

7. Талууд 2014.03.18-ны өдөр хугацаатай мөнгөн хадгаламжийн гэрээ байгуулж, уг гэрээгээр нэхэмжлэгч Л  нь 4,000,000 төгрөгийг жилийн 10.30 хувийн хүүтэй, 90 хоногийн хугацаатай, данснаас зарлагын гүйлгээ хийгдэхгүй, орлогын гүйлгээ хийх нөхцөлтэйгөөр хадгалуулах, хариуцагч “Т ” ХХК нь дансны үлдэгдэлд гэрээнд заасны дагуу хүү хуримтлуулан, тооцож олгохоор тохиролцсон, 2019.09.22-ны өдрийн байдлаар хадгаламжийн дансан дахь нийт мөнгөн хөрөнгө 54,450,933 төгрөг болсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон.  

8. Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт Мөнгөн хадгаламжийн гэрээгээр банк, мөнгөн хадгаламжийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээд нь хадгалуулагчийн мөнгийг хадгалах, хадгалуулсан мөнгийг тухайн мөнгөн тэмдэгтээр хүүгийн хамт буцаан олгох үүрэг хүлээнэ гэж зохицуулсан, хоёр шатны шүүх талуудын байгуулсан гэрээг Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.1 дэх хэсэгт заасан мөнгөн хадгаламжийн гэрээ гэж дүгнэсэн нь зөв.

            9. 2019.09.23-ны өдөр нэхэмжлэгч Л ы зөвшөөрөлгүйгээр түүний хадгаламжийн данснаас 48,902,991 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн үйл баримтыг хариуцагч үгүйсгээгүй, талуудын байгуулсан гэрээний 4.2.4-т хуульд зааснаас бусад тохиолдолд зөвхөн данс эзэмшигчийн зөвшөөрөл буюу даалгавраар зарлагын гүйлгээ хийнэ гэж заасан байна.

10. Бусдын мөнгөн хөрөнгийг хадгалж буй этгээдийн үйл ажиллагааны гол зарчим нь харилцагчийн нууц, мөнгөн хөрөнгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалах, итгэл алдахгүй байх явдал бөгөөд Иргэний хуулийн 454 дүгээр зүйлийн 454.4-т “хадгалуулагч хэдийд ч гэрээг цуцалж, хадгалуулсан мөнгөө хүүгийн хамт буцаан авах эрхтэй” гэж, 455 дугаар зүйлийн 455.2-т “Мөнгөн хадгаламжийн гэрээг тодорхой бус хугацаагаар байгуулсан бол хадгалагч нь хадгалуулагчийн хүссэн цагт түүний хадгалуулсан мөнгийг буцаан өгч, хүүг төлөх үүрэгтэй” гэж, 445 дугаар зүйлийн 445.4-т төлбөр тооцоо гүйцэтгэгч нь харилцагчийн өгсөн үүрэг буюу зөвшөөрлийн үндсэн дээр гэрээнд заасны дагуу төлбөр тооцоог гүйцэтгэхээр заажээ.

11. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч “...хадгаламжийн данснаас гүйлгээ хийгдсэн асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй” гэх боловч уг асуудлыг эрүүгийн журмаар шалгаж байгаа нь хариуцагч банкийг хадгалуулагчийн өмнө гэрээгээр хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй гэж дүгнэн, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хоёр шатны шүүхийн дүгнэлтийг хуульд нийцсэн гэж үзнэ.

12. “Т ны эрх бүхий албан тушаалтан ажил үүргээ гүйцэтгэх явцдаа бусдын хадгаламжийг барьцаалан хуурамч баримт бичиг үйлдэж зээлийн гэрээ байгуулсан байж болзошгүй явдлыг эрүүгийн гэмт хэргийн шинжтэй гэж үзэн эрүүгийн журмаар шалган тогтоох нь талуудын хооронд байгуулсан иргэний эрх зүйн гэрээний үүргийн зөрчил гарсан эсэхийг тогтооход зайлшгүй шаардлагатай урьдчилсан нөхцөл биш. Нэхэмжлэгч Л  нь эрүүгийн хэргийн улмаас учирсан хохирлоо эрүүгийн хэрэгт гэм буруутай этгээдээр арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй, харин мөнгөн хадгаламжийн гэрээний дагуу хадгалагчийн буруутай үйл ажиллагаанаас учирсан хохирлоо арилгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан” гэсэн шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн тул “...шийдвэр, магадлал гаргасан нь Монгол улсад хүчин төгөлдөр үйлчилж байгаа ИХШХШТХууль болон ЭХХШТХуулийн дээрх холбогдох зүйл, заалтуудыг ноцтой зөрчсөн алдаатай шийдвэр гаргасан” гэсэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдол хууль зүйн үндэслэлгүй байна.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 182/ШШ2020/01483 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 1827 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хариуцагчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр төлсөн 402,465 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.ЗОЛЗАЯА                                   

                                           ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                                   ШҮҮГЧИД                                                Г.БАНЗРАГЧ

                                                                                                    Д.ЦОЛМОН

                                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД