Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2022/00896

 

 

 

 

 

 2022          10           04                                          001/ХТ2022/00896

 

“Ж ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч П.Золзаяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Г.Банзрагч, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                         

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/01231 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1640 дугаар магадлалтай,                                                                                                                                   

“Ж ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

Д д холбогдох

297,734,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг         

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Баярхүү, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бат-Эрдэнэ, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “Ж ” ХХК нь хариуцагч Д д холбогдуулан 297,734,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/01231 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1, 492.1.1-д зааснаар Д гээс 297,734,800 төгрөгийг гаргуулж “Ж ” ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,648,450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 1,648,450 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1640 дугаар магадлалаар: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/01231 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д гийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ. 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020.05.11-ний өдрийн 181/ШШ2020/01231 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020.07.24-ний өдрийн 1640 дугаар магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна.

4.1. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн агуулгадаа “хариуцагч Д  нь “Ж ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Ц ийг таньдаг бөгөөд 2013 оны 7 сард Бурхан шашны төв байгуулна, бурхан босгоно хэмээн хөрөнгө оруулалт хүссэн байдаг. Улмаар хариуцагч нь 2013 оны 07 сарын 10-24-ний өдрийн хооронд 110,000 долларыг “Ж ” ХХК-аас бэлнээр авсан гэж дурджээ. Гэтэл хэргийн нотлох баримт болох Прокурорын тогтоолд Ц ийн өгсөн мэдүүлэгт ямар нэг эргэн төлөгдөх нөхцөлгүйгээр “О ” ХХК-ийн хэрэгжүүлж буй төсөл бурхан багшийн сэрэг дүр бүтээх ажилд зориулж 50,000 ам долларыг Д , Ч  нарт өөрийнхөө хувьцаа эзэмшдэг “Ж ” ХХК-ийн касснаас авч 2013.07.10-ны өдөр “Пума” зочид буудалд уулзан өгсөн болохоо, мөн 60,000 ам долларыг 2013.07.24-ний өдөр бэлнээр өгсөн болохоо хэлсэн байдаг. Мөн мөнгө хүлээлгэн өгсөн зарлагын баримтыг хэзээ хойно компанийн нэр дээр нөхөж үйлдсэн талаар ч дурдсан байдаг. Ц  нь өөрийн хувьцаа эзэмшдэг компанийнхаа мөнгөн хөрөнгийг өөрөө дур мэдэн захиран зарцуулж, Бурхан багшийн сэрэг дүр бүтээх төсөлд хөрөнгө оруулж, төсөл хэрэгжүүлэх мөнгөн хөрөнгийн тодорхой нэг хэсгийг хандивласан бөгөөд уг төслийг өөрсдөө гацааж дараагийн санхүүжилтийг хийгээгүй атлаа төсөл хэрэгжүүлэхэд зуучлалын үүрэг гүйцэтгэсэн Д гээс төлбөр нэхэмжилж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Компанийн тухай хуулийн 9.4-т “дангаараа болон нэгдмэл сонирхолтой этгээдтэй хамтран компанийн хувьцааны 10-аас дээш хувийг эзэмшигч болон компанийн үйл ажиллагааг бусад хэлбэрээр тодорхойлох эрх бүхий этгээдийн буруутай үйл ажиллагааны улмаас компанид учирсан эд хөрөнгийн хохирлыг тухайн этгээд өөрийн хөрөнгөөр компанийн өмнө хариуцна” гэж заажээ. Дээрхээс харахад “Ж ” ХХК болон Ц  нарын хооронд иргэний эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд компанид учирсан хохирлыг Ц  өөрийн эд хөрөнгөөр хариуцах учиртай. Харин Ц , Ч , Д  нарын хооронд Иргэний хуулийн 279 дүгээр зүйлд заасан тусгай зориулалттай хийсэн бэлэглэлийн гэрээний харилцаа үүссэн байх магадлалтай бөгөөд уг гэрээний зориулалт нь бэлэглэгч талын буруутай үйлдлийн улмаас бүрэн хэрэгжиж чадаагүй болох нь харагдаж байна. “Ж ” ХХК болон Д  нарын хооронд анхнаасаа ямар ч эрх зүйн харилцаа үүсээгүй бөгөөд нэхэмжлэгч тал Иргэний хуулийн 492-р зүйлд зааснаар Д гээс үүрэг шаардах үндэслэл бүрдээгүй гэж үзэж байна. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тодорхойлох хэсэгт гэрч Ч ийн мэдүүлгийг сонсов гэж цухас дурдсан байна. Энэхүү гэрчийн мэдүүлэгт 100,000 ам долларыг бэлнээр хүлээн авсан Ким багшийн талаар мэдүүлсэн бөгөөд Ким Хятад улсад амьдардаг Солонгос хүн. Ким дээрх мөнгийг авсан нь үнэн, буцааж олгох боломжгүй гэсэн хариуг өгдөг талаар мэдүүлсэн. Мөн гэрч нь Ц  яагаад манай компанийг төслөөс хассан, яагаад санхүүжилтээ зогсоосон, анхнаасаа бурхан багшийн дүр бүтээх санаагүй зөвхөн газарт нь санаархсан юм байна гэж бодож байна гэжээ. Гэтэл шүүхээс дээрх гэрчийн мэдүүлгийг авч хэлэлцэлгүйгээр зөвхөн Д г буруутган хандиваас өгсөн мөнгөн хөрөнгийг хувьдаа завшиж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн мэтээр дүгнэн шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьж, хуулийг буруу хэрэглэсэн нь харагдаж байна. Д гийн тухайд дээрх мөнгөн хөрөнгийг зориулалтын дагуу зарцуулсан бөгөөд хувьдаа хэрэглэсэн, завшсан зүйл огт байхгүй.

4.2. Хариуцагчийн өмгөөлөгчтэй оролцох хүсэлтийг хангаагүй, хариуцагч талаас Ц ийг шүүхэд гэрчээр оролцуулах, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэхэд ач холбогдолтой гэдэг үүднээс хэд хэдэн гэрчийг оролцуулах хүсэлтийг гарган тэдгээр гэрчүүдийн ажлын газрын хаяг болон холбоо барих утасны дугааруудыг өгсөн байдаг. Гэвч шүүгч нь Ц , Ц , Г нарын оршин суух хаяг тодорхойгүй гэх үндэслэлээр хүсэлтийг хангаагүй нь ИХШХШТХ-ийн 25.1.3-т заасан хэргийн оролцогчийг эрхээ эдлэх боломж, нөхцөлийг хангаагүй болох нь харагдаж байна. Мөн хариуцагч талаас 2020.04.17-ны өдөр Ц , Ц , Г нарын оршин суух хаягийг тогтоолгох хүсэлтийг гаргасан ч шүүх хангаагүй нь шүүгч хэргийг хэт нэг талыг баримтлан нотлох баримт хангалттай бүрдээгүй байхад хэргийг хянан шийдвэрлэсэн гэж үзэж байна.

4.3. Хариуцагчийг үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэх болсон нэхэмжлэгчийн бэлэн мөнгө хүлээлгэн өгсөн баримтад Богд Жавзандамба соёлын төвд хөрөнгө оруулалт гэж утгыг бичсэн нь нэхэмжлэгчийн болон түүний хамаарал бүхий этгээдийн үүсгэн байгуулсан хуулийн этгээдэд хөрөнгө оруулсан байдалтай, мөн түүний үүрэг болгосноор бурханы сэрэг дүрийг захиалахад зарцуулсан байхад иргэн Д  үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж нотлох баримтыг үнэлж шүүхийн шийдвэрийг гаргасан нь учир дутагдалтай байна. Мөн шүүхээс энэ үйл баримтыг бүрэн тогтоолгүйгээр шийдвэрлэсэн нь хуулийн үндэслэлгүй гэж үзэхээр байна.

4.4. Шийдвэрийн үндэслэх хэсэгт дурдагдсан Хан-Уул дүүргийн прокурорын 2018.12.07-ны өдрийн 1169 тоот хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай тогтоол нь иргэн Д г гэмт хэрэг үйлдэж үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэдгийг тогтоогоогүй бөгөөд зөвхөн хэрэгт цааш хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах боломжгүй гэдгийг тогтоосон үйл баримт болсон. Монгол Улсын Дээд шүүхийн 2009 оны 15 дугаар тогтоолын 1.3-т “Мөн зүйлийн 115.3-т эрүүгийн хэргийн улмаас учирсан хохиролтой холбогдолтой нэхэмжлэлийг тухайн эрүүгийн хэрэг шийдвэрлэгдээгүй байхад иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэхийг хориглоно” гэж заасан нь Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-т “гэм буруутай нь хуулийн дагуу шүүхээр нотлогдох хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож үл болно”, энэ хуулийн 13.1-д “шүүхийн шийтгэх тогтоол гарах хүртэл хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй” гэсэн зарчмаас үүдэлтэй тул гэм буруугийн асуудал эрүүгийн журмаар эцэслэн шийдвэрлэгдээгүй байхад гэмт хэргийн улмаас учирсан хохирлын асуудлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3-т зааснаар иргэний журмаар шийдвэрлэж болохгүй гэж заажээ. Тухайн хэрэгт “Ж ” ХХК-г хохирогч, иргэний нэхэмжлэгчээр тогтоосон, Д г сэжигтэн, яллагдагч, иргэний хариуцагчаар тогтоосон нэг ч нотлох баримт байхгүй байхад Прокурорын хэрэг бүртгэлтийн хэрэг хаасан тогтоолыг үндэслэж хэрэг үүсгэн шийдвэрлэсэн нь өөрөө хууль зөрчсөн үйлдэл болсон.

4.5. Давж заалдах шатны шүүхийн магадлалд “хэрэгт авагдсан “Гыгманг” ХК болон “О ” ХХК нарын хооронд байгуулагдсан гэх санамж бичигт ...уг санамж бичгийг 2013.07.28-ны өдөр “Гыгманг” ХК-ийн Бээжин дэх салбарт Солонгос хэл дээр 2 хувь, Монгол хэл дээр 2 хувь үйлдэн гарын үсэг зурж тус бүр 1 хувь хадгалсан ба “Гыгманг” ХК-ийн нэхэмжлэлд тусгасан 248,000 ам доллараас 100,000 ам долларыг бэлэн мөнгөөр хүлээн авсан ба үлдэгдэл 148,000 ам доллар төлөгдсөн даруй гүйцэтгэлийн гэрээ хийгдэнэ хэмээн дурджээ. Дээр дурдсан 100,000 ам долларыг бэлнээр өгсөн болох нь эргэлзээгүй нотлогдохгүй гэж шүүх үзэв. Учир нь “Гыгманг” ХК-ийн тамга дарагдаагүй, 100,000 ам доллар бэлнээр авсан гэх боловч анхан шатны баримт байхгүй нь Д г үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй байна гэжээ. “Гыгманг” ХК болон “О ” ХХК нарын хооронд байгуулагдсан санамж бичигт 100,000 ам долларыг бэлнээр хүлээлцсэн болохыг бичгээр нотолчихсон, мөн гэрч болох Ч ийн мэдүүлгээр дээрх төлбөрийг “Гыгманг” ХК-ийн тал хүлээн авсныг гэрчилсэн байдаг. Гэрээнд “Гыгманг” ХК-ийн тамга дарагдаагүй нь тухайн компанийн асуудал бөгөөд Монгол Улсын хуулиар салбар төлөөлөгчийн газар хуулийн этгээдийн эрхгүй байдаг. Харин гэрээний хүчин төгөлдөр эсэх асуудлыг тухайн гэрээг байгуулсан улсын хуулиар зохицуулах бөгөөд тухайн гэрээний тамга тэмдэг буюу нотлох баримтыг Монгол Улсын хуулиар үнэлж дүгнэх боломжгүй гэж үзэж байна. Мөн төлбөрийн анхан шатны баримтыг БНСУ болон БНХАУ-д үйлддэг эсэхийг тухайн улсын эрх зүйн орчинд шаарддаг эсэхийг мэдэхгүй учир Монгол Улсын эрх зүйн орчноор төсөөлж, дүгнэх боломжгүй гэж үзэж байна. Иймд дээрх үндэслэлээр хүлээн зөвшөөрөхгүй байх тул Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/01231 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1640 дугаар магадлалыг хүчингүй болгож өгнө үү гэжээ.  

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгч “Ж ” ХХК нь хариуцагч Д д холбогдуулан 297,734,800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

6. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Д гийн гаргасан гомдлыг хангахгүй орхижээ. 

7. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

8. Нэхэмжлэгч “Ж ” ХХК нь “...Д  бурхан босгоно гэж хөрөнгө оруулалт хүссэн боловч анхнаасаа залилан мэхэлж авсан гэсэн үндэслэлээр 110,000 ам.доллар буюу 297,734,800 төгрөгийг хариуцагчаас буцаан шаардсан, 2018.12.07-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 1169 дугаартай тогтоол, хариуцагчийн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, хүлээн авсан баримтыг үндэслэл болгосон ба харин хариуцагч Д  нь “...бурхан багшийн сэрэг дүрийг бүтээх төсөлд хамтран оролцсон, хөрөнгө оруулсан 110,000 доллараас 10,000 ам.долларыг замын зардалд зарцуулж, 100,000 ам.долларыг БНСУ-ын “Г ” ХК-д гэрээний дагуу өгсөн, ... өндөр нь 18 метр, 1500 тн жинтэй бурханыг Богд Хан-Уулын Арцатын аманд буулгасан, ... Г  болон О  компанийн хооронд байгуулагдсан хамтран ажиллах гэрээний дагуу ажилла гэсэн, ... нэхэмжлэгч компаниас бус Ц аас мөнгө авсан, ...эрүүгийн хэрэг үүсгэж 4 жил дарамталсан, ...”О ” ХХК-д хувьцаа эзэмшдэггүй, нэхэмжлэл үндэслэлгүй...” гэж маргажээ.

9. Хэргийн баримтаас үзэхэд хариуцагч Д  нь 2013.07.24-ний өдөр Буддын шашны Жавзандамба соёлын төвд хөрөнгө оруулалт гэсэн гүйлгээний утга бүхий Мөнгө олгохыг хүссэн өргөдөл бичиж “Ж ” ХХК-аас 60,000 ам доллар, дараа нь 50,000 ам доллар тус тус авч, нийт 110,000 ам долларыг хүлээн авсан, “Ж ” ХХК-ийн хувь нийлүүлэгч Ц  бусдад залилуулсан гэх 2015.08.18-ны өдрийн гомдлыг Эрүүгийн хууль /2002 он/-ийн 148 дугаар зүйлийн 148.4 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, Д д холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан 201526030676 дугаартай хэргийг Хан-Уул дүүргийн Цагдаагийн I хэлтсийн Эрүүгийн цагдаагийн тасгийн эрүүгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Г.Дэлгэрсайхан 2018.12.06-ны өдөр хэргийг хаах санал ирүүлснийг хянасан Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газрын 2018.12.07-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай 1169 дугаартай тогтоолд “...гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй тохиолдол илэрсэн үндэслэлээр уг хэргийг хааж, хохирогч нар өөрт учирсан хохирлын талаар иргэний журмаар харьяалах иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй...” болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

10. Нэхэмжлэгч нь 2018.12.07-ны өдрийн Хэрэг бүртгэлтийн хэргийг хаах тухай прокурорын 1169 дугаартай тогтоолыг шаардлагынхаа үндэслэл болгосон байна. Уг тогтоолд “...”Ж ” ХХК-ийн хувь нийлүүлэгч Ц  бусдад залилуулсан” гэх хэрэгт 201526030676 дугаартай эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн шалгах ажиллагаа явуулсан...” гэж, мөн гэрч Ц ийн “...би 2013.07.13-ны өдөр 50,000 ам.доллар, дараа нь 2013.07.24-ний өдөр 60,000 ам.доллар, нийтдээ 110,000 ам.доллар өгсөн...” гэж мэдүүлсэн, түүнчлэн уг тогтоолын тогтоох хэсгийн 2 болон 4 дэх хэсэгт “...хохирогчоор тогтоогдсон иргэн Г , Г нарт мэдэгдсүгэй, ...хохирогч нар нь өөрт учирсан хохирлын талаар иргэний журмаар харьяалах Иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдсугай” гэжээ.

11. Анхан шатны шүүх “...Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1.-т зааснаар “Ж ” ХХК нь Д гээс 110,000 ам долларыг шаардах эрхтэй, Д  нь төлөх үүрэгтэй. Д  нь 110,000 ам долларыг “Ж ” ХХК-аас аваагүй Ц аас авсан, уг мөнгийг бид Г  компанид өгсөн, надад ямар ч хамааралгүй гэж мэтгэлцэж байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 25.1.3., 26 дугаар зүйлийн 26.2., 38 дугаар зүйлийн 38.1., 38.6.-д заасны дагуу тайлбараа нотлох баримтыг өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ гүйцэтгээгүй” гэж дүгнэсэн боловч хариуцагчийн 2020.03.04, 2020.03.10-ны өдөр шүүхэд гаргасан гэрч асуулгах хүсэлтийн зарим хэсгийг нь хангахгүй орхисныг үндэслэл бүхий гэж дүгнэх боломжгүй байна.

12. “О ” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ч  нь БНСУ-ын “Г ” гэх компанитай Хамтын ажиллагааны тухай санамж бичиг үйлдсэн байх бөгөөд уг санамж бичгийг 2013.07.28-ны өдөр “Г ”-ийн Бээжин дэх салбарт Солонгос хэл дээр 2 хувь, Монгол хэл дээр 2 хувь үйлдэн, гарын үсэг зурж тус бүр 1 хувь хадгалсан ба “Г ”-ийн GN2013-0704 нэхэмжлэхэд тусгасан нийт өртөгийн урьдчилгаа 30 хувь болох 248,000 ам доллараас 100,000 ам долларыг бэлнээр хүлээн авсан ба үлдэгдэл 148,000 ам долларыг төлөгдсөний даруй гүйцэтгэлийн гэрээ үйлдэх тухай баримт хэрэгт авагдсан байх бөгөөд  анхан шатны шүүх “...хариуцагч нь 110,000 ам долларын 10,000 ам доллараар замын зардал хийж, үлдэх 100,000 ам долларыг хамтран ажиллахаар харилцан тохиролцсоны дагуу Солонгос улсад очиж бурхан багшийн сэрэг дүр бүтээх төслийн ажлын урьдчилгаанд өгсөн гэж тайлбарлаж байгаа нь түүнийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж дүгнэж, нэхэмжлэлийг хангасан нь учир дутагдалтай болжээ.

13. Хэрэгт “Бурхан багшийн сэрэг дүр, Богдын шар ордон” төслийн зарим баримт, Арцатын ам гэх газарт бурхан буусан байдал гэсэн зураг, Хамтын ажиллагааны тухай санамж бичиг, Буддын шашны Жавзандамба соёлын төвд хөрөнгө оруулалт гэсэн гүйлгээний утга бүхий мөнгө олгохыг хүссэн өргөдөл зэрэг баримт байх бөгөөд талуудын хооронд гэрээний харилцаа үүссэн эсэх, үүргийн аль төрөлд хамаарах гэрээ болох,  гэрээний үүрэг хэрэгжсэн, эсхүл гэрээ цуцлагдсан эсэх болон зохигчийн хооронд үүссэн маргааны эрх зүйн харилцааны талаар хийвэл зохих дүгнэлтийг хоёр шатны шүүх  хийгээгүй байна.

14. Хариуцагчийн 2020.03.04-ний өдөр гаргасан Буддын шашны Жавзандамба соёлын төвтэй холбогдох баримтыг гаргуулах хүсэлтийг шүүх хангахгүй орхисон атлаа  “Хэргийн баримтаар Буддын шашны Жавзандамба соёлын төв баригдсан буюу төсөл хэрэгжсэн болох нь тогтоогдохгүй байна” гэж дүгнэсэн нь хуульд нийцэхгүй.      

Иймээс анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 181/ШШ2020/01231 дүгээр шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 1640 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  59 дүгээр зүйлийн 59.3-т заасныг баримтлан хариуцагч Д гийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2020 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр төлсөн 1,648,450 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.   

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              П.ЗОЛЗАЯА                                   

                                          ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Г.АЛТАНЧИМЭГ

                                   ШҮҮГЧИД                                                Г.БАНЗРАГЧ

                                                                                                    Д.ЦОЛМОН

                                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД