Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2020/02579

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

      2020                 8                   21                                                                    184/ШШ2020/02579 

 

 

 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Сэлэнгэ аймгийн Мандал сумын   дугаар баг,   ...  гудамж  .... тоотод оршин суух, эрэгтэй, М овогт Л-ын Ж /РД ..../-н нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн  дугаар хороо,  ....байрны.... тоотод оршин суух, эрэгтэй, .....овогт А-гийн Э /РД /-т холбогдох,

Хамтран ажиллах гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

           Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Б /РД /, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Х /ҮД /, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов. 

 

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Жшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр А.Э“би Сэлэнгийн Хүдэрт зөвшөөрөлтэй алтны газар үзэхээр явж байна. Чи цуг юм хийх үү, Дарханд хүрээд ир” гэж утсаар ярихаар нь би “тэгье” гэхэд “газрын эзэнд урьдчилгаа 12 000 000 төгрөг өгөхөөр болсон, би 7 000 000 төгрөг, чи 5 000 000 төгрөг өгчихье” гэхээр нь би эхнэртээ хэлээд Хас банкнаас хүүхдийнхээ хадгаламжаас 5 000 000 төгрөг авахуулаад Дарханд очиж уулзаад мөнгөө өгөх үед А.Энь Т.Саранчимэг, түүний нөхрийн дүү Дээгий гэдэг хүүхэнтэй гурвуулаа байсан ба Дээгий нь замд Ерөө суманд үлдсэн.

Тэгээд бид Хүдэр суманд Хишгээ гэдэг залуугийнд очиход түүнийг газрын эзэн гэж хэлсэн ба нөгөө мөнгөө өгөх байх гэсэн өгөөгүй, би ч өгнө байх гээд тоогоогүй. Алтны газраа үзээд боломжийн юм байна, хавар дулаан орохоор ажлаа эхэлнэ гээд буцсан.

Хавар нь миний зав болоогүй учир би Хүдэр яваагүй, намар болж мөнгөө авья гэхэд А.Э“би аваагүй, Т.Саранчимэг авсан” гэхэд нь би “би чамд л өгсөн, чамаас л авна, танихгүй хүнд мөнгө өгөхгүй шүү дээ” гэхэд түүнээс хойш алга болсон тул би Сэлэнгэ аймгийн Мандал сумын шүүхэд 2018 оны 12 сард өргөдөл өгч, А.Э-ыг эрэн сурвалжлуулсан ба 2019 оны 10 сард А.Э-ын оршин суугаа хаяг тодорхой болсны дагуу нэхэмжлэл гаргаж байна. А.Э-т 5 000 000 төгрөг өгснийг Т.Саранчимэг, түүний нөхрийн дүү Дээгий нар гэрчилнэ. Иймд 5 000 000 төгрөгийг А.Э-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Булган шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч тал 5 000 000 төгрөг байсан эсэх талаар маргахгүй, харин аваагүй гэж маргаж байна. Т.Саранцэцэгийн мэдүүлэг, түүний Л.Ж утсаар ярьсан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр А.Энь машин барьж явсан болохоор Т.Саранцэцэгээр мөнгийг авахуулаад машины урьд байдаг хайрцагтаа хийлгэсэн гэдэг нь нотлогдож байна. Тэрээр Т.Саранцэцэг, Ууганбаатар, Дээгий гэдэг хүмүүсийг огт танихгүй, А.Э-ыг л таньдаг учир түүнд мөнгөө өгсөн. Иймд А.Э-аас 5  сая төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч А.Эшүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Л.Ж-гаас 5 000 000 төгрөг тоолж аваагүй, хараагүй. Бэлэн мөнгө байгаа гэхэд нь би “наад мөнгөө Т.Саранчимэгт өг, түүний дүү нь авна” гэж хэлсэн. Машины жолоо барьж байсан учир харанхуйд өгч байхыг хараагүй. Л.Жнадад хамтарч алт угаах санал тавьсан, мөнгө тоолж авсан гэж гүтгэж, хэл амаар доромжилж байгаад хуулийн хариуцлага хүлээх учиртай гэжээ.

 

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Хишигжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Саранцэцэг нь А.Э-тай холбогдоод “манай дүүд бичил уурхай ажиллуулах боломж байна” гэхэд нь Л.Ж-тай ярилцан, уурхай ажиллуулах эрхийг нь худалдаж авахаар тохирч, Т.Саранцэцэгтэй уулзуулж, уурхайн газраа үзүүлэх үед уг 5 000 000 төгрөгийг Т.Саранцэцэг авч явсан байдаг. Тухайн үед нэхэмжлэгч, хариуцагч нар нь орон нутгийн хүмүүст олгодог бичил уурхайн эрхийг нь худалдаж аваад ашиг олох зорилгоор хамтран ажиллахаар тохирч, А.Э7 000 000 төгрөг өгөх байсан зарим хэсгийг нь, Л.Ж 5 000 000 төгрөг тус тус өгч, хоёулаа хохирсон. Хавтас хэрэгт авагдсан гэрч Э.Эрдэнэжаргалын мэдүүлэг болон утасны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр 5 000 000 төгрөгийг Т.Саранчимэг авсан болох нь нотлогдож байгаа тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Л.Жнь хариуцагч А.Э-т холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь эс зөвшөөрч, маргажээ.

 

Нэхэмжлэгч Л.Жнь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ “хариуцагч А.Э-тайуурхай ажиллуулах эрх худалдаж аваад ашиг олох зорилгоор хамтран ажиллахаар амаар тохиролцон, 5 000 000 төгрөгийг машин барьж явах үед нь түүний танил болох Т.Саранчимэгээр дамжуулан өгсөн, тэрээр мөнгийг аваад машиныхаа урд талын хайрцагт хийсэн бөгөөд хамтран ажиллаагүй тул 5 000 000 төгрөгөө буцааж авна” гээд нэхэмжлэлийн шаардлагаа “гэрч Т.Саранчимэгийн мэдүүлгээр болон түүнтэй утсаар ярьсан ярианд үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр” нотлогдоно гэж,

Хариуцагчийн өмгөөлөгч нь “нэхэмжлэгч, хариуцагч нар нь орон нутгийн хүмүүст олгодог бичил уурхайн эрхийг нь худалдаж аваад ашиг олох зорилгоор хамтран ажиллахаар тохирч, А.Э7 000 000 төгрөг өгөх байсан зарим хэсгийг нь, Л.Ж5 000 000 төгрөг тус тус өгч, хоёулаа хохирсон. ...гэрч Э.Эрдэнэжаргалын мэдүүлэг болон утасны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр 5 000 000 төгрөгийг А.Эбиш Т.Саранчимэг авсан болох нь нотлогдож байна” гэж тус тус тайлбарлажээ.

 

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

 

Нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2016 оны 01 дүгээр сард хариуцагч А.Э-ын танил Т.Саранчимэгийн “манай дүүд бичил уурхай ажиллуулах боломж байна” гэсний дагуу уурхай ажиллуулах эрхийг нь 12 000 000 төгрөгөөр худалдан авч, алт олборлон ашиг олох зорилгоор хамтран ажиллах, Л.Ж         5 000 000 төгрөг, А.Э7 000 000 төгрөгийн хөрөнгийг тус тус оруулахаар амаар тохиролцсон болох нь зохигчийн тайлбараар тогтоогдож байх тул энэ үйл баримтыг тогтоогдсон гэж үзлээ.

 

Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 476.1-д зааснаар хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр ашиг олох зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээх, мөн хуулийн 476.2-т зааснаар хамтран ажиллах гэрээг амаар байгуулж болохоор тус тус заажээ.

 

Нэхэмжлэгч нь “2016 оны 01 дүгээр сард хариуцагчийн автомашинд явж байхдаа 5 000 000 төгрөгийг хариуцагч А.Э-т өгсөн, хариуцагч А.Энь автомашин жолоодож явсан тул Т.Саранчимэгээр дамжуулан авсан” гэж, хариуцагч нь “уг мөнгийг Т.Саранчимэгт өгсөн тул төлөх үндэслэлгүй” гэж тус тус тайлбарладаг боловч хавтас хэрэгт авагдсан шүүхээс хууль сануулж, гэрчээр асуугдсан хариуцагч А.Э-ын танил болох Т.Саранчимэгийн болон гэрч Э.Эрдэнэжаргал нарын мэдүүлэг, нэхэмжлэгч Л.Жарантай, гэрч Т.Саранчимэг нарын утсаар ярьсан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр нэхэмжлэгч Л.Жнь хариуцагч А.Э-т 5 000 000 төгрөгийг хамтран ажиллах зорилгоор өгсөн болох нь тогтоогдож байна.

/хх-ийн 45-52, 80-81, 84 дүгээр тал/

 

Хамтран ажиллах гэрээний гол шинж нь хамтын ажиллагааны явцад тодорхой зорилго хэрэгжсэнээр ашиг олох, харин алдагдалтай ажилласан бол хамтран хариуцлага хүлээх учиртай бөгөөд нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл нь өөрийн оруулсан хөрөнгө оруулалтыг буцаан шаарджээ.

 

Иргэний хуулийн 480 дугаар зүйлийн 480.1, 480.1.4-т “хамтын үйл ажиллагааны зорилгыг биелүүлэх боломжгүй болсон бол хамтран ажиллах гэрээ дуусгавар болно” гэж зааснаар талууд уурхай ажиллуулах эрхийг худалдаж аваагүй, хамтын үйл ажиллагаа хэрэгжих боломжгүй болсон тул нэхэмжлэгч Л.Жнь оруулсан хөрөнгө болох 5 000 000 төгрөгийг буцаан авах эрхтэй юм.

 

Хариуцагч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлүүдэд зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж, татгалзаж буй үндэслэлээ нотлох үүрэгтэй бөгөөд шүүхээс зохигчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан нотлох баримт бүрдүүлэх талаар гаргасан бүхий л хүсэлтийг шийдвэрлэж, мөн тэдэнд мөн хуульд заасан зохигчийн эдлэх эрх, үүргийг тайлбарлах ажиллагааг хангалттай хийсэн боловч хариуцагч А.Энь “5 000 000 төгрөгийг аваагүй, Т.Саранчимэг авсан” гэх тайлбараа нотлох баримтаар нотлоогүй болно.

 

            Нэхэмжлэгч Л.Ж хариуцагч А.Э-ыг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шийдвэрлэсэн Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ... оны ...дугаар сарын ...-ны өдрийн .............дугаартай шийдвэр хэрэгт байх бөгөөд нэхэмжлэгчийн хариуцагчийг эрэн сурвалжлуулахаар шүүхэд хандсанаар гэрээний үүргийн талаар шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа Иргэний хуулийн 79 дугаар зүйлийн 79.1 дэх хэсэгт зааснаар тасалдсан, хариуцагчийн хаяг тодорхой болсноор Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.7 дах хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацааг дахин шинээр эхлэн тоолох тул хөөн хэлэлцэх хугацааг дуусаагүй гэж үзнэ.

            /хх-ийн 5-7 дугаар тал/ 

 

Иймд дээрх үндэслэлүүдээр хариуцагч А.Э-аас хамтран ажиллах гэрээний үүрэгт 5 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Ж-д олгох үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Э-аас 5 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Ж-д олгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Ж-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 94 950 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь  гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд  шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус тайлбарласугай.

 

 

 

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                               

                       ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                             Н.БАТЧИМЭГ