Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 210/МА2020/02173

 

 

 

 

 

 

 

 

 

Ж-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Г.Даваадорж, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2020/02579 дугаар шийдвэртэй,

 

Ж-н нэхэмжлэлтэй, Э-т холбогдох, гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Булган, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн Б.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Долгорсүрэн нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э-тай хамтран ажиллах зорилгоор 2016 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр ярилцаад би 5 000 000 төгрөгийг өгөх үед Э- нь Т.Саранчимэг, түүний нөхрийн дүү н.Дээгий гэх хүнтэй гурвуулаа байсан.

Хавар нь миний зав болоогүй учир би Хүдэр сум яваагүй, намар болж мөнгөө авья гэхэд Э- би аваагүй, Т.Саранчимэг авсан гэхэд нь би чамд л өгсөн, чамаас л авна, танихгүй хүнд мөнгө өгөхгүй шүү дээ гэхэд түүнээс хойш алга болсон.

Сэлэнгэ аймгийн Мандал сумын шүүхэд 2018 оны 12 сард өргөдөл өгч, Э-ыг эрэн сурвалжлуулсан. Э-т 5 000 000 төгрөг өгснийг Т.Саранчимэг, дүү Дээгий нар гэрчилнэ.

Хариуцагч тал 5 000 000 төгрөг байсан эсэх талаар маргахгүй харин аваагүй гэж маргаж байна. Т.Саранцэцэгийн мэдүүлэг, түүний Ж- утсаар ярьсан бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр Э- нь Т.Саранцэцэгээр мөнгийг авахуусан гэдэг нь нотлогдож байна. Тэрээр Т.Саранцэцэг, н.Ууганбаатар н.Дээгий гэдэг хүмүүсийг огт танихгүй, Э-ыг л таньдаг учир түүнд мөнгө өгсөн.

Иймд 5 000 000 төгрөгийг Э-аас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч шүүхэд болон гаргасан тайлбар болон түүний өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, Ж-гаас 5 000 000 төгрөг тоолж аваагүй, хараагүй. Бэлэн мөнгө байгаа гэхэд нь би наад мөнгийг чинь Т.Саранчимэг, түүний дүү нь авна гэж хэлсэн. Ж- надад хамтарч алт угаах санал тавьсан, мөнгө тоолж авсан гэж гүтгэж байна.

Т.Саранцэцэг нь Э-тай холбогдоод манай дүүд бичил уурхай ажиллуулах боломж байна гэхэд нь Ж-тай ярилцан, уурхай ажиллуулах эрхийг нь худалдаж авахаар тохирч, Т.Саранцэцэгтэй уулзуулах үед 5 000 000 төгрөгийг түүнд өгсөн.

Э.Эрдэнэжаргалын мэдүүлэг болон утасны бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлээр 5 000 000 төгрөгийг Т.Саранчимэг авсан болох нь нотлогдож байгаа тул нэхэмжлэлиж хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Э-аас 5 000 000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж-д олгожээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Ж-н улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э-аас улсын тэмдэгтийн хураамжид 94 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах гомдол гаргаж байна. Ж-, Э- нар Сэлэнгийн Хүдэрт зөвшөөрөлтэй алтны газар уурхай ажиллуулах эрхийг аваад ашиг олох зорилгоор хамтран ажиллахаар амаар тохиролцсон. Энэхүү зөвшөөрлийг Ж-, Э- нар гэрч болох Т.Саранчимэгийн дүү Хишгээд 12 000 000 төгрөг өгөхөөр тохирсон байсан.

Ж- 5 000 000 төгрөгийг н.Хишгээгийн эгч Т.Саранчимэгт өгсөн. Энэ талаар гэрч т.Саранчимэгийн тайлбар, гэрч Э.Эрдэнэжаргалын мэдүүлгээр тогтоогдож байна. Ж-гаас 5 000 000 төгрөгийг Э- хүлээн аваагүй.

Хэрэгт Ж-, Э-т мөнгийг хүлээлгэн өгсөн гэх нотлох баримт байхгүй юм. Анхан шатны шүүхийн хэргийн бодит байдалд нийцээгүй хууль зүйн дүгнэлт гаргаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Ж- нь хариуцагч Э-т холбогдуулан хамтран ажиллах гэрээний үүрэгт 5 000 000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

 

Талууд 2016 оны 01 дүгээр сард уурхай ажиллуулах эрхийг 12 000 000 төгрөгөөр худалдан авч, алт олборлон ашиг олох зорилгоор хамтран ажиллаж, Ж- 5 000 000 төгрөгийг, Э- 7 000 000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус тус оруулахаар тохиролцсон гэдэгт маргаагүй. Анхан шатны шүүх талуудын тайлбар, гэрчийн мэдүүлэг, үзлэг хийсэн тэмдэглэл зэргийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлсэн боловч хууль хэрэглээний хувьд алдаа гаргасныг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой.

 

Гэрч Т.Саранчимэгийн Э- машины жолоо барьж явахад би хажууд нь сууж явсан, Ж- арын суудалд сууж яваад тортой мөнгө өгсөн, Э- надаар дамжуулж аваад машины голын хайрцгандаа хийлгэсэн, тэр мөнгө машин дотроо байсан, Э- энэ мөнгө эндээ байж байг, хүний мөнгөнд хүрч болохгүй, үрэгдчихнэ гээд өөрөө аваад явсан гэх агуулга бүхий мэдүүлэг,

мөн гэрч Э.Эрдэнэжаргалын Т.Саранцэцэг мөнгийг авахад нь Э- мөнгөө машины голын хайрцганд хийчих гээд хийлгэж байхыг харсан, Э- мөнгө авч байхыг нүдээрээ хараагүй, Т.Саранцэцэг дараа нь Э- ах нөгөө мөнгийг нь Ж-д буцааж өгнө гээд аваад явсан гэж надад хэлсэн гэх агуулга бүхий мэдүүлэг,

2020 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл зэрэг нотлох баримтуудыг харьцуулан дүгнэвэл Э- нь Ж-гаас 5 000 000 төгрөгийг авсан гэх үйл баримт тогтоогдож байна.

 

Иймд хариуцагч нь нэхэмжлэгчээс 5 000 000 төгрөгийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т зааснаар буцаан төлөх үүрэгтэй гэж дүгнэхээр байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 43 дугаар зүйлд зааснаар хэргийн оролцогчийн хүсэлтээр гэрчээс мэдүүлэг авах, хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий байдлыг мэдэж байгаа хэн ч гэрч байж болох бөгөөд мөн хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар гэрч үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн харицлага хүлээнэ гэж заасан байна.

 

Анхан шатны шүүх Т.Саранцэцэг, Э.Эрдэнэжаргал нараас гэрчийн мэдүүлэг авахдаа Эрүүгийн хуульд заасан хүлээх үүрэг, хариуцлагын талаар сануулж гарын үсэг зуруулсан, гэрч нар өгсөн мэдүүлгээ үнэн зөв гэж баталсан байх тул гэрч нарын мэдүүлгийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэн зөв биш, эргэлзээтэй гэж дүгнэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

Иймд хариуцагчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулан шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2020/02579 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан гэснийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг үндэслэн гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 95 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

Э.ЗОЛЗАЯА