Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 11 сарын 03 өдөр

Дугаар 001/ХТ2022/01025

 

 Л.Жарантайн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2020/02579 дүгээр шийдвэр,

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2173 дугаар магадлалтай,

 

Л.Жарантайн нэхэмжлэлтэй

А.Эрдэнэбаатарт холбогдох

 

5,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунгэрэлийн хяналтын журмаар гаргасан гомдлоор

 

шүүгч Х.Эрдэнэсувдын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төөөлөгч Б.Оюунгэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгч Л.Жарантайгаас А.Эрдэнэбаатарт холбогдуулан 5,000,000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, маргажээ.

 

2. Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2020/02579 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Эрдэнэбаатараас 5,000,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Л.Жарантайд олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.11 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч Л.Жарантайн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч А.Эрдэнэбаатараас улсын тэмдэгтийн хураамжид 94,950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

 

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2173 дугаар магадлалаар: Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2020/02579 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1, 476 дугаар зүйлийн 476.1, 480 дугаар зүйлийн 480.1.4 дэх хэсэгт заасныг баримтлан гэснийг Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-т заасныг үндэслэн гэж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунгэрэл хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Талууд Сэлэнгэ аймгийн Хүдэрт зөвшөөрөлтэй алтны газар уурхай ажиллуулах эрхийг аваад ашиг олох зорилгоор хамтран ажиллахаар амаар тохиролцсон. Энэхүү зөвшөөрлийг Л.Жарантай, А.Эрдэнэбаатар нар гэрч болох Т.Саранчимэгийн дүү Хишгээд 12,000,000 төгрөг өгч авахаар тохирсон байсан. Л.Жарантай 5,000,000 төгрөг Хишгээгийн эгч Т.Саранчимэгт өгсөн. Энэ талаар гэрч Т.Саранчимэгийн тайлбар, гэрч Э.Эрдэнэжаргал ...А.Эрдэнэбаатарыг мөнгө авч байхыг би нүдээрээ хараагүй... гэх тайлбараар А.Эрдэнэбаатар мөнгө аваагүй болох нь давхар тогтоогдож байна. Л.Жарантайгаас 5,000,000 төгрөгийг А.Эрдэнэбаатар хүлээн аваагүй. Хэрэгт Л.Жарантай хариуцагч А.Эрдэнэбаатарт мөнгийг хүлээлгэн өгсөн гэх нотлох баримт байхгүй. Энэхүү мөнгийг Хишгээгийн өмнөөс А.Эрдэнэбаатар хүлээн аваагүй, шаардлагагүй юм. Т.Саранчимэг төрсөн дүү Хишгээг төлөөлж Л.Жарантай, А.Эрдэнэбаатар нартай уурхай ажиллуулах талаар уулзаж ярилцаж мөнгийг хүлээж авсан гэх үндэстэй байна.

Анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэхэд хариуцагч байвал зохих этгээд Т.Саранчимэг нь гэрчийн мэдүүлэг өгсөн нь шүүхийн шийдвэрт сөргөөр нөлөөлсөн.

Хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг өөрт ашигтайгаар мушгин гуйвуулж, өөрөөр хэлбэл Жарантайгийн өгсөн гэх 5,000,000 төгрөгийг Саранчимэг өөрөө хүлээн авсан түүнийгээ Эрдэнэбаатарт өгөөгүй энэхүү бодит байдлыг худал мэдүүлсэн. Утсаар ярьсан гэх байдал нь хуулийн шаардлага хангаагүй урьдчилан үгсэн тохирчихоод бичлэг хийсэн байхыг үгүйсгэхгүй. Т.Саранчимэг гэрчээр мэдүүлэхдээ ...Жарантай тортой мөнгө өгсөн... гэж мэдүүлсэн байдлаас харахад тэр торон дотор яг 5,000,000 төгрөг байсан уу, үгүй юү. Мөн Жарантай нь Эрдэнэбаатарт 5,000,000 төгрөг хүлээлгэж өгсөн гэх нотолгоо баримтаар хэрэгт тогтоогдоогүй байхад шүүх гэрч Саранчимэгийг үнэн зөв мэдүүлсэн гэж үнэлсэн нь үндэслэл муутай ба шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодиттойгоор үнэлэх хуулийн шаардлагыг хангаагүй.

ИХХШтХуулийн 27-р зүйлийн 27.3 дахь хэсэгт ...Шаардлагатай гэж үзвэл шүүх шийдвэрээ гаргахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өөр этгээдийг хамтран хариуцагчаар татан оролцуулж болно... гэх заалтаар Т.Саранчимэгийг хэрэгт хамтран хариуцагчаар татан оролцуулж хэргийг шийдвэрлэх ёстой байхад анхан шатны шүүх дээрх заалтыг зөрчсөн гэж, зохигчдын хооронд хамтран ажиллах гэрээний үүргийн гүйцэтгэлийн талаар маргаан үүссэн байхад Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх иргэний хуулийн 492-р зүйлийн 492.1.1 дэх заасан үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэж өөрчилсөн нь хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн нь үндэслэлгүй болсон.

Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

5. Хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах үндэслэл тогтоогдсонгүй.

 

6. Нэхэмжлэгч Л.Жарантай нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: ...хариуцагч нь Сэлэнгийн Хүдэрт алтны зөвшөөрөлтэй газар байна, хоёулаа хамтарч ажиллая, газрын эзэнд урьдчилгаа 10% буюу 12,000,000 төгрөг өгнө гээд би 5,000,000 төгрөг, хариуцагч 7,000,000 төгрөгийг гаргахаар болсон, ингээд 5,000,000 төгрөгөө аваад Хүдэрт очиж, хариуцагчид мөнгөө өгсөн боловч газрын асуудал шийдэгдээгүй байсан тул мөнгөө орхиод явсан, ...түүнээс хойш хамтын үйл ажиллагаа хэрэгжээгүй тул өгсөн мөнгөө буцаан гаргуулна... гэж тайлбарласан, хариуцагч ...хамтарч ажиллахаар тохирсон боловч ажиллаагүй, нэхэмжлэгч нь надад мөнгө өгөөгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй... гэж маргажээ.

 

7. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн, давж заалдах шатны шүүх хэргийг хянаад, шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, шийдлийг хэвээр үлдээсэн, хариуцагч нь шийдвэр, магадлалыг эс зөвшөөрч, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгуулахаар хяналтын журмаар гомдол гаргасан.

 

8. Талууд 2016 оны 01 дүгээр сард уурхай ажиллуулах эрхийг 12,000,000 төгрөгөөр худалдан авч, ашиг олох зорилгоор хамтран ажиллахдаа нэхэмжлэгч нь 5,000,000 төгрөг, хариуцагч 7,000,000 төгрөгийн хөрөнгө оруулахаар харилцан тохиролцсон, хамтын үйл ажиллагааг хавраас эхлэхээр тохиролцсон боловч ажиллаагүй, хамтын үйл ажиллагаа хэрэгжээгүй үйл баримт тогтоогджээ.

 

Зохигч хамтран ажиллахаар харилцан тохиролцсон талаар маргаагүй, гагцхүү нэхэмжлэгч нь 5,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг хариуцагчид өгсөн, хариуцагч авсан эсэх нь маргааны зүйл болсон байна.

 

9. Хоёр шатны шүүх ...зохигчийн хооронд хамтран ажиллах гэрээний харилцаа үүссэн, хамтын үйл ажиллагаанд хөрөнгө оруулахаар харилцан тохиролцсон бөгөөд нэхэмжлэгч нь хамтын үйл ажиллагаанд оруулах хөрөнгө болох 5,000,000 төгрөг /тортой мөнгө/ хариуцагчид өгсөн нь хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Э.Эрдэнэжаргал, Т.Саранцэцэг нарын мэдүүлгээр тогтоогджээ.

 

Хариуцагч нь гэрчийн мэдүүлгийг няцаагаагүй тул ...шүүх нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор үнэлэх хуулийн шаардлага хангаагүй... гэх хариуцагчийн гомдол үндэслэлгүй.

 

10. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т зааснаар хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлэх ба нэхэмжлэгч нь хариуцагчийг өөр этгээдээр солих тухай хүсэлт гаргаагүй, өөр хариуцагч татах хариуцагчийн хүсэлтийг нэхэмжлэгч зөвшөөрөөгүй бол шүүгч хариуцагчийг солих нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх диспозитив зарчимд нийцэхгүй тул ...шүүх Т.Саранчимэгийг хэрэгт хамтран хариуцагчаар оролцуулж хэргийг шийдвэрлэх ёстой байсан... гэх гомдлыг хангахгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохыг хүссэн хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

 

11. Хамтран ажиллах гэрээгээр хоёр буюу түүнээс дээш этгээд хуулийн этгээд байгуулахгүйгээр, ашиг олох болон бусад тодорхой зорилгыг хэрэгжүүлэхийн тулд хамтран ажиллах үүрэг хүлээнэ, хамтран ажиллах гэрээг бичгээр буюу амаар байгуулж болно, хамтран ажиллах гэрээний талууд гэрээд заасны дагуу хураамж төлнө, аль нэг тал гэрээнээс татгалзах бол энэ тухайгаа нөгөө талдаа мэдэгдэнэ, гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй талаар Иргэний хуулийн 476 дугаар зүйлийн 467.1, 476.2, 477 дугаар зүйлийн 477.1, 204 дүгээр зүйлийн 204.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус зохицуулсан.

 

Зохигч хамтран ажиллахаар харилцан тохиролцож, хамтын үйл ажиллагаанд оруулах өөрсдийн хөрөнгийг тодорхойлсон, нэхэмжлэгч хөрөнгө оруулалтад оруулах 5,000,000 төгрөгийг хариуцагчид өгсөн боловч хамтын үйл ажиллагааны зорилго хэрэгжээгүй үндэслэлээр шилжүүлсэн хөрөнгөө буцаан шаардсан нь гэрээнээс татгалзсан агуулгатай гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй, шүүх маргааны үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байна.

 

12. Харин давж заалдах шатны шүүх ...анхан шатны шүүх хууль хэрэглээний алдаа гаргасан... гэх үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулахдаа анхан шатны шүүхийн хэрэглэсэн хуулийн зохицуулалтыг өөрчлөх болсон үндэслэл, тайлбараа магадлалд тодорхой тусгаагүй байх бөгөөд давж заалдах шатны шүүхээс өөрчилсөн хуулийн зохицуулалт нь маргааны үйл баримт, нэхэмжлэлийн шаардлагад нийцээгүй байна.

 

13. Дээр дурдсан үндэслэлээр давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн 2173 дугаар магадлалыг хүчингүй болгож, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн 184/ШШ2020/02579 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хяналтын журмаар гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунгэрэлийн гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар хяналтын журмаар гомдол гаргахдаа хариуцагч А.Эрдэнэбаатараас 2020.11.30-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 95,000 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

  

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ             Г.БАНЗРАГЧ

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                               П.ЗОЛЗАЯА

                                               Д.ЦОЛМОН

                                                       Х.ЭРДЭНЭСУВД