Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 184/ШШ2020/02581

 

 

 

 

 

 

 

 

    2020                8                  21                                                           184/ШШ2020/02581                                            

 

 

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, шүүгч Б.Баярмаа, Б.Хишигбаатар нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны .... тоотод оршин суух, эрэгтэй, О овогт Д.С /РД /,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны .... тоотод оршин суух, эмэгтэй, Т овогт Н.Ө /РД /,

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны .... тоотод оршин суух, эмэгтэй, О овогт С-ийн О /РД / нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сонгинохайрхан дүүргийн ... дугаар хороо,..... хороолол, ....дугаар байрны  тоотод оршин суух, эрэгтэй, Э овогт А-ын Т /РД /-д холбогдох,

Гэрээний үүрэгт болон хохиролд 32 118 262 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Н.Ө, нэхэмжлэгч нарын өмгөөлөгч Н.Ж /ҮД /, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А /РД /, хариуцагчийн өмгөөлөгч О.Д /ҮД /, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

 

                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Т нь 2018 оны 4 дүгээр сарын 06-ны өдөр манай гэрт ирж, “манай ломбард эргэлтийн хөрөнгөгүй болчихлоо, байраа барьцаалаад зээл аваад өгөөч” гэж гуйж, “танай охин С.О-ийн цалин хөлсийг нь нэмнэ, та нарын амьдрал ахуйг харж үзнэ, зээл болон хүүг бид өөрсдөө 100 хувь хариуцан төлж барагдуулна, та нарт ямар ч эрсдэл үүсгэхгүй, би өөрөө хамтран зээлдэгчээр орно” гэж шалж, итгэл төрүүлсэн.

Ингээд 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр А банкнаас 30 000 000 төгрөгийг, жилийн 23.4 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлж, зээлийн барьцаанд Д.С, Н.Ө, С.О бидний өмчлөлийн Чингэлтэй дүүргийн... дугаар хороо, ... дугаар байрны .... тоот, 26 м.кв бүхий, хоёр өрөө байрыг барьцаалж, уг зээл болох 30 000 000 төгрөгийг А.Т, түүний эхнэр Э.О нарт дансаар болон бэлнээр хүлээлгэн өгсөн.

Гэтэл А.Т зээлийг төлөөгүй учир Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн .... .оны .... дугаар сарын ...-ны өдрийн ....шийдвэрээр А.Таас 32 485 295 төгрөгийг гаргуулж, А банк ХХК-д олгохоор шийдвэрлэсэн. А.Т шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг биелүүлээгүйгээс болж бидний өмчлөлийн орон сууцыг зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулан, А банкны өмчлөлд шилжиж, бид орон гэргүй боллоо.

Иймд А.Таас А банкинд төлөх ёстой 32 096 662 төгрөг, шүүхэд бичиг баримт бүрдүүлэхтэй холбоотой нотариатын зардал 21 600 төгрөг, нийт 32 118 262 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч Н.Ө шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: А.Т нь анх “С.О-ийнцалинг нэмнэ” гэж биднийг гуйж байрыг минь барьцаалан банкнаас 30 000 000 төгрөгийг зээлж, бэлнээр аваад эхний 1 сарын хүүг төлж байсан бөгөөд уг мөнгийг 2.9 жил ломбардандаа эргэлдүүлээд ашиг олсон атлаа зээлээ төлөөгүй төдийгүй нэг ч удаа бидэнтэй ирж уулзаагүй. Бид хүүхдүүдийн ажил үйлсэд нь туслах зорилгоор зөвшөөрсөн. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас байрыг хураасан учир бид зээлийн өрөнд  байрны өмчлөлөө А банкинд шилжүүлээд, сая 7 сард байрнаасаа гарсан. Иймд байрны минь мөнгийг А.Таас гаргуулж өгнө үү гэжээ.   

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Даваажаргал шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... .оны ....дугаар сарын ....-ны өдрийн ...дугаартай шийдвэрийг биелүүлээгүйгээс гэм хор учруулсан гэж үзэх үндэслэлгүй. Учир нь уг шийдвэрт А банк болон А.Т нарын хооронд зээлийн гэрээний харилцаа үүссэн гэж дүгнэсэн хэдий ч “А банктай байгуулсан зээлийн болон барьцааны гэрээний үр дагавар, эрх, үүрэг хариуцлагыг нэхэмжлэгчид болох Д.С, Н.Ө, С.О нар нь бүрэн ойлгож, ухамсарлаж өөрсдийн хүсэл зориг, сайн дурын үндсэн дээр бий болгосон” гэж шүүх дүгнэсэн. Түүнчлэн шүүхийн шийдвэр гүйцэтгэх шатанд нэхэмжлэгчид нь А банктай өөрсдөө харилцан тохиролцож, зөвшөөрч орон сууцыг шүүхийн шийдвэрт заасан төлбөрт тооцон шилжүүлсэн. Иймд гэм хор учруулах бус хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, гэрээний дагуу гүйцэтгэсэн шийдвэр гүйцэтгэлийн харилцаа болно.

Баянгол дүүргийн Цагдаагийн Нэгдүгээр хэлтэст нэхэмжлэгч С.О-т холбогдох эрүүгийн ... дугаартай хэрэг шалгагдаж байгаа ба тус эрүүгийн хэрэг дэх Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт болон бусад нотлох баримтуудаар С.О нь хариуцагч А.Т-ын “Э” ХХК-д 167 365 000 төгрөгийн хохирол учруулсан нь тогтоогдсон.

С.О нь  “Э” ХХК-ийн захирал Э.О-ийн дансанд хариуцагч А.Т-д зээлүүлсэн 30 сая төгрөгийн зарим хэсэг болох 9 810 000 төгрөгийг шилжүүлсэн болох нь эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад баримтаар тогтоогдоод, энэ 9 810 000 төгрөгийг С.О-ийнучруулсан хохирлоос хасч тооцохоор эдийн засгийн шинжээчийн дүгнэлт гарсан.

Цаашид мөрдөн шалгах ажиллагаагаар эрүүгийн нийт хохирлоос А банкны олгосон гэх 30 сая төгрөгийн зээлийн хэд орчим төгрөг хасагдаж тооцогдох нь тодорхойгүй, эрүүгийн хэргийн мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.   

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хавтас хэрэгт авагдсан баримтаар С.О нь 2017 оноос хойш ажиллахдаа “Э” ХХК-ийн хөрөнгийг алдагдалд оруулж, улмаар өөрийнхөө санаачилгаар байраа барьцаалан зээл авч өгөөд, мөнгийг нь компанид оруулаад хувьдаа завшчихсанаас болж үйл ажиллагаа нь дампуурсан учир уг зээлийг төлөх боломжгүй болсон. Уг эрүүгийн журмаар шалгагдаж байгаа хэрэгт С.О-ээс 9 810 000 төгрөг, дараа нь 1 000 000 төгрөг нийт 10 810 000 төгрөгийг Э.О руу дансаар шилжүүлсэн нь тогтоогдож байгаа ба шинжээчийн дүгнэлтэд уг 10 810 000 төгрөг Э.О-ийн хохирлоос хасагдаж тооцогдсон. Гэтэл орон сууцны үнээс С.О-т ногдох хэсгийг нэхээд байгаа нь үндэслэлгүй. Нэхэмжлэгч нар өөрсдөө хүлээн зөвшөөрөөд байраа шилжүүлсэн байгаа. Хэрвээ зөвшөөрөөгүй бол давж заалдах байсан бөгөөд мөн өөрсдөө зөвшөөрөөд барьцаа хөрөнгөөр зээлийн үүргийг хангуулсан. “Э” ХХК нь А.Т ын гэр бүлийн компани учир уг төлбөрт зээлийн гэрээний дагуу авсан мөнгө хамааралтай гэжээ.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар болон хавтас хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Д.С, Н.Ө, С.О нар нь хариуцагч А.Т д холбогдуулан орон сууцны үнэ 32 096 662 төгрөг, нотариатын зардал 21 600 төгрөг, нийт 32 118 262 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасныг хариуцагч нь “нэхэмжлэгч С.О-ийн“Э” ХХК-д учруулсан хохиролд тооцогдох тул түүний төлсөн 10 810 000 төгрөг болон орон сууцны үнээс түүнд ногдох хэсгийг нэхэмжлэх үндэслэлгүй. ...Нэхэмжлэгч нар өөрсдөө хүлээн зөвшөөрөөд уг орон сууцаар зээлийн гэрээний үүргийг хангуулсан. “Э” ХХК нь А.Т ын гэр бүлийн компани учир уг төлбөрт зээлийн гэрээний дагуу авсан мөнгө хамааралтай” гэж тайлбарлан, эс зөвшөөрч маргажээ.

 

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.С, С.О нар нь өөрсдийн эзгүйд, өмгөөлөгчөө оролцуулан шүүх хуралдааныг хийлгэх тухай, мөн зохигч нь иргэдийн төлөөлөгчийн эзгүйд хуралдааныг хийлгэх тухай хүсэлтийг тус тус гаргасныг шүүх хүлээн авч, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3, 100.8-д зааснаар тэдний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн болно.

 

Хавтас хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдов.

 

Зохигчийн хооронд энэ хэргээс өмнө нь үүссэн иргэний маргааны талаар дурьдахад: Хариуцагч А.Т нь нэхэмжлэгч нартай тохиролцон, тэдний өмчлөлийн Чингэлтэй дүүргийн ... дугаар хороо, ... дугаар байрны .... тоот, 26 м.кв талбай бүхий, 2 өрөө /Ү-...../ орон сууцыг барьцаалан, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр “А банк” ХХК-аас 30 000 000 төгрөгийг зээлж, өөрийн гэр бүлийн компани болох “Э” ХХК-ийн эргэлтийн хөрөнгөд оруулсан болох нь зохигчийн тайлбараар болон хариуцагч талын хүсэлтээр гэрчээр асуугдсан хариуцагч А.Т ын эхнэр Э.О-ийн мэдүүлэг,  Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... дугаартай шийдвэр, зээлийн болон барьцааны гэрээ зэргээр тогтоогдож байна.

/хх-ийн 10-17, 72-74, 75-79, тал/

 

Нэхэмжлэгч “А банк” ХХК-ийн хариуцагч С.О, А.Т нарт холбогдох зээлийн гэрээний үүрэгт 32 096 662.75 төгрөг гаргуулах, хариуцагч С.О, Н.Ө, Д.С нарт холбогдох барьцааны зүйлээс үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... оны .. дугаар сарын...-ны өдрийн дугаартай шийдвэрээр “хариуцагч А.Т аас зээлийн гэрээний үүрэгт 32 096 662.75 төгрөг гаргуулан “А банк” ХХК-д олгож, хариуцагч С.О-т холбогдох зээлийн гэрээний үүрэгт 32 107 662.75 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч А.Т төлбөрөө төлөөгүй тохиолдолд зээлийн барьцааны зүйл болох С.О, Н.Ө, Д.С нарын өмчлөлийн Чингэлтэй дүүргийн... дугаар хороо, ....-тын .... дугаар байрны ... тоот, 26 м.кв талбай бүхий, 2 өрөө /Ү-/ орон сууцыг худалдан борлуулах замаар үүргийн гүйцэтгэлийг хангуулах”-аар шийдвэрлэж, уг шийдвэр хүчин төгөлдөр болжээ.

 

Улмаар дээрх шийдвэрийг гүйцэтгэх ажиллагааны явцад барьцаалуулагч С.О, Н.Ө, Д.С нарын Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт гаргасан “А.Тын “Ариг банк” ХХК-д төлөх 32 485 295 төгрөгийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан дээрх орон сууцыг төлбөрт тооцон, төлбөр авагч “А банк” ХХК-ийн өмчлөлд шилжүүлэх” тухай  хүсэлтийн дагуу тус газрын 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1/27387 дугаартай албан бичгийг үндэслэн 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Ү-.... дугаарт бүртгэлтэй үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ гарснаар “А банк” ХХК нь уг орон сууцны өмчлөгч болж, уг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болсон болох нь хавтас хэрэгт цугларсан бичгийн баримтуудаар тогтоогдож байх бөгөөд зохигч энэ үйл баримтын талаар маргаагүй болно.

/хх-ийн 4-6, 7, 8-9, 18, 19, 210-211 дүгээр тал/

 

Орон сууцны үнэ гаргуулах тухай нэхэмжлэгч нарын шаардлагын талаар:

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-т  “хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, ...үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй” гэж зааснаар үүргийн харилцаа үүссэн гэж үзэх үндэслэлтэй. Тодруулбал хариуцагч А.Т нь нэхэмжлэгч нарын өмчлөлийн орон сууцыг барьцаалан зээл авч, зээлийн төлбөрийг гэр бүлийн “Э” ХХК-ийн эргэлтийн хөрөнгөд тодорхой хугацаагаар ашиглан, барьцааны зүйлийг чөлөөлж өгөх, нэхэмжлэгч С.О ийг өөрийн   “Э” ХХК-д тогтвортой ажиллуулах, цалин хөлсийг нэмэхээр, нэхэмжлэгч нар нь хариуцагчийн зээлийн барьцаанд өөрсдийн өмчлөлийн орон сууцыг тодорхой хугацаагаар барьцаалуулахаар тохиролцсон болох нь гэрч Э.О-ийн мэдүүлэг, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн ... .оны ....дугаар сарын ...-ны өдрийн ....дугаартай шийдвэрээр нотлогдож байна гэж үзлээ.

/2 дугаар хавтас хэргийн 3-6 дугаар тал/

 

Түүнчлэн шүүхийн шийдвэрт “...зээлийн хөрөнгө чухал хэрэгцээтэй байсан этгээд нь С.О, Д.С, Н.Ө нар бус, харин бизнесийн болон хувийн шалтгаан бүхий хариуцагч А.Т байсан бөгөөд уг этгээдийн бүрэн хэрэгцээнд зарцуулагдсан болох нь түүний мэдүүлэг, зохигчийн тайлбараар тогтоогдож байна”, “зээлийн гэрээг А банк ХХК, А.Т нарын хооронд байгуулагдсан гэж үзсэн тул ...32 096 662.75 төгрөгийг хариуцагч А.Таас гаргуулж, нэхэмжлэгчид олгох, хариуцагч С.От холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь хуульд нийцнэ” гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т зааснаар нэгэнт тогтоогдсон үйл баримт гэж үзнэ.

 

Хариуцагч нь “орон сууцны төлбөрийг нэхэмжлэгч С.О-ийн хариуцагч нарт учруулсан хохиролд тооцогдох ёстой” гэж Баянгол дүүргийн Прокурорын газраас нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасны дагуу шүүхийн журмаар бүрдүүлсэн эрүүгийн ...дугаартай хэргийн баримтууд болон шинжээчийн  дүгнэлтийг татгалзлын үндэслэлээ болгох боловч уг баримтууд нь нэхэмжлэгч С.О-ийн гэм бурууг тогтоосон баримт биш бөгөөд нэхэмжлэлийн шаардлагатай хамааралгүй байгааг дурьдах нь зүйтэй.

 

Мөн “А банк” ХХК-аас ирүүлсэн зээлийн болон барьцааны гэрээ гэх баримтууд нь нотлох баримтын шаардлагыг хангаагүй /Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ирүүлсэн баримтуудтай давхардсан байгаа/ тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсонгүй. 

/хх-ийн 28, 101-118, 222-226 дугаар тал/

 

Иймд гэрээний талууд Иргэний хуулийн 206 дугаар зүйлийн 206.1-д зааснаар “үүргийг тогтоосон газар, хугацаанд нь зохих ёсоор, шударгаар гүйцэтгэх үүрэгтэй” бөгөөд “үүргээ бие биенээсээ шаардах эрхтэй” тул хариуцагч А.Т аас орон сууцны үнэ буюу шүүхийн шийдвэрээр түүний төлөх ёстой үүрэг болох 32 096 662 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй.

 

Харин нэхэмжлэгч нарын нотариатын зардалд төлсөн 21 600 төгрөгийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1-д “үүрэг гүйцэтгэгч хүлээсэн үүргээ зөрчсөн тохиолдолд үүрэг гүйцэтгүүлэгч учирсан хохирлоо арилгуулахаар шаардах эрхтэй” гэж зааснаар хохиролд тооцох үндэслэлгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 38 дугаар зүйлд зааснаар нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй холбоотой зардал байх тул хангах үндэслэлгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

     1.Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 219 дүгээр зүйлийн 219.1-д заасныг баримтлан хариуцагч А.Т аас 32 096 662 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.С, Н.Ө, С.О нарт олгож, нэхэмжлэлээс 21 600 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1,58 дугаар зүйлийн 58.1, 59 дүгээр зүйлийн 59.1, 60 дугаар зүйлийн 60.1-д заасныг баримтлан нэхэмжлэгч /нэхэмжлэгчийн өмгөөлөгч/ нараас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 318 550 төгрөгөөс 318 541 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 9 төгрөгийг улсын орлогоос, хариуцагч А.Таас улсын тэмдэгтийн хураамжид 318 433 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч нарт олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Н.БАТЧИМЭГ

 

     ШҮҮГЧИД                                                              Б.БАЯРМАА                                                             

                                                                                                Б.ХИШИГБААТАР