Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 001/ХТ2022/00925

 

 

 

  2022          10           14                                         001/ХТ2022/00925

 

“... ” ХХК-ийн

нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч С.Соёмбо-Эрдэнэ даргалж, шүүгч Г.Банзрагч, Б.Мөнхтуяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар                                                                                           

Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/01014 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2022/00822 дугаар магадлалтай,                                                                                                                              

“... ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

... т холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 494,499,666 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг        

Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батнасан, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Оюунболд, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Баярдэлгэр, хариуцагчийн өмгөөлөгч О.Билгүүн, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “... ” ХХК нь хариуцагч ... т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 494,499,666 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/01014 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт тус тус заасныг баримтлан, хариуцагч ... аас 343,080,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “... ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 128,266,666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт заасныг баримтлан, хариуцагч дээрх дүнгээр төлөх төлбөрийн үүргээ биелүүлээгүй тохиолдолд дараах үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай. Үүнд:

1. Ү-2204089783 улсын бүртгэлийн дугаартай, 000594228 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо, Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 27 тоот 52.19 м.кв 2 өрөө орон сууц,

2. Ү-2204089789 улсын бүртгэлийн дугаартай, 000594226 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 28 тоот 50.62 м.кв 2 өрөө орон сууц,

3. Ү-2204089791 улсын бүртгэлийн дугаартай, 000594224 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 32 тоот 50.62 м.кв 2 өрөө орон сууц,

4. Ү-2204089781 улсын бүртгэлийн дугаартай, 000594243 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 34 тоот 45.77 м.кв 2 өрөө орон сууц,

5. Ү-2204089782 улсын бүртгэлийн дугаартай, 000594227 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 39 тоот 52.19 м.кв 2 өрөө орон сууц,

6. Ү-2204089803 улсын бүртгэлийн дугаартай, 000594242 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 43 тоот 52.19 м.кв 2 өрөө орон сууц,

7. Ү-2204089785 улсын бүртгэлийн дугаартай, 000594229 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 44 тоот 50.62 м.кв 2 өрөө орон сууц,

8. Ү-2204089790 улсын бүртгэлийн дугаартай, 000594225 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 46 тоот 45,77 м.кв 2 өрөө орон сууц,

9. Ү-2204089786 улсын бүртгэлийн дугаартай, 000594230 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 47 тоот 52,19 м.кв 2 өрөө орон сууц,

10. Ү-2204089787 улсын бүртгэлийн дугаартай, 000594244 тоот гэрчилгээний дугаартай, Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Хоршооллын хотхон /13361/ гудамж 65/4 байр 48 тоот 50,62 м.кв 2 өрөө орон сууц,

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгч “... ” ХХК-аас нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 2,858,600 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч ... аас улсын тэмдэгтийн хураамж 1,873,350 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “... ” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

            3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2022/00822 дугаар магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/01014 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч ... аас 377,183,332 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “... ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 117,316,334 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын “1,873,350” гэснийг “2,043,867” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

4. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд: Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022.05.02-ны өдрийн 210/МА2022/00822 дугаар магадлалаар тус байгууллагаас гаргасан ... т холбогдох нэхэмжлэлийн шаардлагаас төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосон хэсгийг эс зөвшөөрч байх тул Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дүгээр зүйлийн 172.1 дэх хэсэгт заасныг үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Давж заалдах шатны шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр хэрэглэсэн хэмээн энэхүү гомдлыг гаргаж байна. ...  нь зээлийн гэрээ дууссанаас хойш удахгүй зээлийн төлбөрийг төлж дуусгах талаар хэлж хугацаа авч байсан бөгөөд манай байгууллагын зүгээс эвлэрэх талаар өөрсдөө болон БЗД-ийн дэргэдэх эвлэрүүлэн зуучлах албаар дамжуулан боломжит саналуудыг тавих явцад хугацаа орсон. Дээрх хугацааг БЗДИХАШШ-ээс ямар нэгэн зээл төлүүлэх талаар үйл ажиллагаа явуулаагүй гэдэг үндэслэлээр зээлийн хүү авах эрхийг үндэслэлгүйгээр хасаж, нэг талын эрх ашгийг хангасан шийдвэр гаргасан.

Магадлалын хянавал хэсэгт “...Талуудын хоорондын зээлийн гэрээний харилцаа үүсэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 оны/ хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж заасан. Талуудын гэрээнд хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг тусгаагүй байх тул хуулийн дагуу хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхтэй гэж дүгнэх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлээс зээл, гэрээний хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү гаргуулах шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын 128,266,666 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрөхгүй тухай гомдлоос 34,103,332 төгрөгийн хэмжээнд хэсэгчлэн хангав” гэж дүгнэжээ. Талуудын хооронд үүссэн харилцаа Иргэний хууль болон Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцооны тухай хуулиар зохицуулагдаж байгаа бөгөөд анхан, давж заалдах шатны шүүхээс уг харилцааг зөв тодорхойлсон. Гэвч хүүгийн тооцоолборыг гаргахдаа хууль хэрэглээний хувьд зөрүүтэй хэрэглэж байна. Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт “Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана” гэж заасан нь шаардах эрхээ алдах зохицуулалт бус харин хүүгийн хэмжээг гэрээний үндсэн хүүгээс нэмэгдүүлэхгүй байх хязгаарласан зохицуулалт болно. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ”, 453 дугаар зүйлийн 453.1 дах хэсэгт “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж заасан. Банк эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцооны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” мөн зүйлийн 22.3 дахь хэсэгт “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэж заасан байна. Түүнчлэн Улсын дээд шүүхийн 2006.12.21-ний өдрийн “Иргэний хуулийн 44,45,46 дугаар бүлэг, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн зарчим, зүйл заалтыг тайлбарлах тухай” №53 дугаар тогтоолын 2.4 дэх хэсэгт “Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д заасан “зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү...төлөх үүрэгтэй” гэдэг нь зээлдэгч гэрээний дагуу авсан зээлээ гэрээнд заасан хугацаандаа буцаан төлөх үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тохиолдолд зээлийн төлөгдөөгүй үлдсэн хэмжээнд ногдох хүүг түүнийг төлөх хүртэл хугацаанд нөхөн төлөхийг хэлнэ” гэж тайлбарласан байна. Өөрөөр хэлбэл, магадлалд заасан шиг зээлийн гэрээнд зээлийг хугацаанд нь төлөөгүй тохиолдолд хэтэрсэн хугацааны хүүг хэрхэн тооцох талаар тохиролцоогүй бол хүү шаардах эрх алдах талаар ямар нэг зохицуулалт Иргэний хууль болон Банк, эрх бүхий этгээдийн мөнгөн хадгаламж төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, түүнийг тайлбарласан Улсын дээд шүүхийн тогтоол, зөвлөмжид байхгүй байна. Түүнчлэн анхан шатны шүүх тооцоолбор хийхдээ алдаа гаргаж нийт нэхэмжлэлийн шаардлага болох 494,499,666 төгрөгөөс 128,266,666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгохдоо хангагдсан шаардлага нь 366,233,000 төгрөг болох ёстойг 343,080,000 төгрөгийг хангаж шийдвэрлэв хэмээн буруу тооцож бичсэн, давж заалдах шатны шүүх дээрх алдааг залруулсан гэж магадлалд дурдсан мөн “Нэхэмжлэгчийн давж заалдах гомдлын “128,266,666 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрөхгүй тухай” гомдлоос 34,103,332 төгрөгийн хэмжээнд хэсэгчлэн хангав” гэж шийдвэрлэсэн атлаа 117,316,334 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай хэмээн тогтоох хэсэгт оруулсан нь ойлгомжгүй байна. Өөрөөр хэлбэл, анхан шатны шүүхийн хэрэгсэхгүй болгосон 128,266,666 төгрөгийн шаардлагаас давж заалдах шатны шүүх хэсэгчлэн 34,106,332 төгрөгийн хэмжээнд хангаж байгаа бол 94,123,334 төгрөгийн шаардлага хэрэгсэхгүй болж хангагдсан шаардлага нь 400,376,332 төгрөг болох ёстой атал магадлалын тогтоох хэсэгт 377,183,332 төгрөг гэж бичигдсэн байх бөгөөд 23,193,000 төгрөгийн зөрүү гарч байна. Энэ нь шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны байх гэсэн шаардлагыг хангахгүй байгааг эрхэм шүүгч анхааран үзнэ үү. Иймд магадлалд нэмэлт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангаж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах үндэслэлтэй байна.

6. Нэхэмжлэгч “... ” ХХК нь хариуцагч ... т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт нийт 494,499,666 төгрөг,  нотариатын зардал 13,000 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасан ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, маргажээ.

7. Анхан шатны шүүх хариуцагч ... аас 343,080,000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “... ” ХХК-д олгож, 128,266,666 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, хариуцагч үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны зүйл болох үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаад, хариуцагч ... аас 377,183,332 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “... ” ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 117,316,334 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, мөн хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан байна.

8. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2022 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн хуралдаанаар хэлэлцээд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-д заасан үндэслэлээр хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх тогтоол гарчээ.

9. “... ” ХХК болон ...  нарын хооронд 2018.12.18-ны өдөр №ЗГ121920118, ЗГ12182018 дугаартай зээлийн гэрээ болон зээл тус бүрийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилготой №БГ12192018, №БГ12182018 дугаартай Үл хөдлөх хөрөнгийн барьцааны гэрээнүүд тус тус байгуулагдсан, зээлийн гэрээ тус бүрийн ерөнхий нөхцөлд зээлийн хугацаа 2018.12.19-ний өдрөөс 2020.06.17-ны өдрийг хүртэл 546 хоног, зээлийн хэмжээ 125,000,000 төгрөг, зээлийн үндсэн хүү 30 хоногт 2,6 хувь, зээлийг хугацаанаас нь өмнө 15 хоногийн дотор төлж дуусгах тохиолдолд 15 хоногийн хүүтэй тэнцэх хэмжээний төлбөр төлөх, зээлийн үйлчилгээний шимтгэл 0,3 хувь, зээлийн хүү, үндсэн зээлийг хуваарийн дагуу төлөөгүй хугацаа хэтрүүлсэн тохиолдолд зээлийн үлдэгдэл болон зээлийн хүүгийн нийт төлбөрөөс гэрээний үндсэн хүүгийн 20 хувиар нэмэгдүүлсэн хүүг зээлдэгч нэмж төлөхөөр тус тус заажээ.

10. Нэхэмжлэгч нь тус бүр 125,000,000 төгрөгийн №ЗГ121920118, ЗГ12182018 дугаартай зээлийн гэрээнүүдийн үүрэгт 2021.11.17-ны өдөр хүртэл 518 хоногт үндсэн зээл 250,000,000 төгрөг, зээлийн хүү 191,100,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,246,667 төгрөг, нийт 471,346,666 төгрөг гаргуулахаар нэхэмжилснээ 2022.02.14-ний өдрийг хүртэл 89 хоногт нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж, нийт 494,499,666 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаардсан.  

11. Хариуцагч нь зээлийн гэрээний дагуу 2019.01.18-ны өдрөөс 2019.06.19-ний өдрийг хүртэлх хугацаанд №ЗГ121920118, ЗГ12182018 дугаартай зээлийн гэрээ тус бүрийн үүрэгт 23,053,332 төгрөг /зээлийн хүү 19,716,666 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 3,336,666 төгрөг/, нийт 46,053,332 төгрөг төлсөн тухайд талууд маргаагүй. Хариуцагч нь зээл тус бүрт 161,096,668 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн байна.

12. Анхан шатны шүүх “...хариуцагч 2019.06.19-ний өдрөөс хойш зээлийн гэрээний дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй байхад нэхэмжлэгч нь гэрээний 3.3-т зааснаар гэрээг хугацаанаас нь өмнө цуцлахыг шаардах эрхээ хэрэгжүүлээгүйн дээр 2020.06.17-ны өдөр хугацаа нь дууссан үүргийг гүйцэтгүүлэх нэхэмжлэлийг 2021.11.17-ны өдөр гаргаж, дурдсан хугацааны турш хүү 191,100,000 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 30,246,667 төгрөгийн дүнтэй болтол шүүхэд хандаагүй нь хариуцагчийн төлөх хүүг их хэмжээгээр өсөхөд нөлөөлсөн, ...Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ гэж заасантай харшилна” гэсэн дүгнэлт хийж, хэтэрсэн хугацааны хүү гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1-д нийцээгүй, ...маргааны үйл баримтад Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.

13. Давж заалдах шатны шүүх “...зээлийн гэрээний харилцаа үүсэх үед хүчин төгөлдөр үйлчилж байсан Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 он/ хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана гэж зааснаар талууд гэрээнд хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг тусгаагүй байх тул хуулийн дагуу нэхэмжлэгчийг хэтэрсэн хугацааны хүү шаардах эрхтэй гэж дүгнэх боломжгүй” гэж дүгнэн хэтэрсэн хугацааны хүүг хэрэгсэхгүй болгосон нь буруу, шүүх хуулийг буруу тайлбарлан хэрэглэжээ.

14. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д “Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох  гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид "зээлдүүлэгч" гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх,  зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ” гэж, 453 дугаар зүйлийн 453.1-д “Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулсан.

Түүнчлэн Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 он/ хуулийн 22 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Зээлийн гэрээний хугацаа дууссан нь гэрээний үүргээ хугацаандаа биелүүлээгүй зээлдэгчийг  зээл, түүний хүү, нэмэгдсэн хүүг төлөх үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй” гэжээ.

Мөн хуулийн 24 дүгээр зүйлд “Зээлийг ашигласан хугацаанд гэрээнд заасан хэмжээгээр тооцсон зээлдэгчийн хариу төлбөр буюу зээлийн үнэ нь зээлийн хүү болно, зээлийг заасан хугацаанд төлөөгүй бол зээлийн гэрээний үүргээ бүрэн биелүүлж дуусах хүртэл хугацаанд зээлийн үндсэн хүү, гэрээнд заасан бол түүний хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлнө” гэж зохицуулсан. 

Харин дээрх хуулийн 25 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Хугацаа хэтэрсэн зээлийн хүүгийн хэмжээг энэ хуулийн 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан хэмжээнээс хэтрүүлэхгүйгээр зээлийн гэрээнд тусгана” гэжээ. Зээлийн үндсэн хүүгийн хувь хэмжээг хуулиар тусгайлан заах боломжгүй, мөн хугацаа хэтэрсэн зээлийн тухайд үндсэн хүүгийн анх тохирсон хувь хэмжээг нэмэгдүүлэхгүйгээр талууд харилцан тохиролцон, өөрөөр тогтоох боломжийг талуудад олгосон, харин энэ тухай тусгайлан тохиролцоогүй нь зээлийг ашигласан хэтэрсэн хугацааны үндсэн хүүг зээлдэгчээс шаардах зээлдүүлэгчийн эрхийг хязгаарлах эрх зүйн үндэслэл болохгүй.   

15. Талууд зээлийн үүргийн хэтэрсэн хугацааны үндсэн хүүгийн хэмжээг гэрээнд тусгайлан тохиролцоогүй байх тул хариуцагч нь Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай /1995 он/ хуулийн 22 дугаар зүйлийн 3, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хэтэрсэн хугацааны үндсэн хүүг төлөх үүрэгтэй тул нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 210/МА2022/00822 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 101/ШШ2022/01014 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ... аас 494,499,666 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “... ” ХХК-д олгосугай” гэж, шийдвэрийн тогтоох хэсгийн 3 дахь заалтын “1,873,350” гэснийг “2,630,448” гэж тус тус өөрчилж, шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 06 дугаар сарын 02-ны өдөр төлсөн 744,532 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

              

                                   ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                   ШҮҮГЧИД                                                Г.БАНЗРАГЧ                                                                                                               

                                          Б.МӨНХТУЯА                                                                              

      Д.ЦОЛМОН 

                                                                                                      Х.ЭРДЭНЭСУВД