Шүүх | Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ламжавын Соёлмаа |
Хэргийн индекс | 148/2020/00012/И |
Дугаар | 513 |
Огноо | 2020-08-04 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 08 сарын 04 өдөр
Дугаар 513
Сэлэнгэ аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Соёлмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хөвсгөл аймаг Мөрөн сум 1 дүгээр баг 11-7 тоотод оршин суух, эмэгтэй, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй Ш.Бын /*******/ нэхэмжлэлтэй,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хороо, Оргил 56-23 тоотод оршин суух, эмэгтэй, одоо Гацуурт ХХК-нд хуулийн мэргэжилтэн ажилтай Д.Ж/БУ ХХК-нд/ холбогдох
Дутуу олгосон цалингийн зөрүү 11,929,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд; Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Р.Атарцэцэг, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж, гэрч Д.С, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Энхтайван нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд уншин сонсгосон нэхэмжлэгч Ш.Бын шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Ш.Б миний бие БУ ХХК-нд малчнаар ажиллах хөдөлмөрийн гэрээ байгуулан 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл ажилласан юм. Анх ажилд ороход малчны үндсэн цалин 400,000 төгрөг, малын тоо толгой нас хүйсээс шалтгаалан нэмэгдэл цалин олгоно гэж тохирч гэрээ байгуулсан. 2019 онд 246 толгой том мал, 182 толгой тугал хариуцуулан ажиллуулсан боловч цалингаа бүрэн өгдөггүй дутуу өгдөг байдлаас болж ажил олгогч бидний хооронд маргаан үүсч улмаар цаашид хөдөлмөрөө мөлжүүлэн ажиллах хүсэлгүй байна гэдгээ илэрхийлж 2 сарын өмнө ажлаас халагдах хүсэлт өгсөн боловч хүсэлтийг шийдвэрлэхгүй байж байгаад 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр миний хариуцсан малыг комисс гарган хүлээн авсан боловч ажлаас чөлөөлсөн тушаал гаргаж өгөхгүй намайг хохироож байна.
Цалин дутуу өгсөн талаар санхүүгийн ажилтнаас асуухад нэг бүрийн үнэ 25,000,000 төгрөгийг үнэтэй 2 толгой үхэр үхүүлсэн тул 50,000,000 төгрөгийн 95% -иас хөнгөлж 5% буюу 2,500,000 төгрөгийг төлүүлнэ гэж хэлсэн. Би үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир нь мал муудах үед малын эмч болон санхүүгийн удирдах дарга нартай хэлж малын эмч авчирч үзүүлдэг. 2018 оны 10 сард хоёр үхрийн бие муу байгаа талаар хэлж газар дээр нь малын эмч ирж үзээд өвчилсөн байна. Үүнийг алж хогийн цэг дээр аваачих шаардлагатай гэж хэлээд өөрөө цусалж хогийн цэг дээр чирч аваачиж хаясан байтлаа хуурамчаар акт үйлдэж миний гарын үсгийг хэн нэгнээр зуруулж зүй бусын хорогдол гаргасан гэж хорогдсон малд олгох тодорхойлолт бичсэн байдаг.
Энэ мэтээр хөөцөлдөх хүнгүй ядарсан малчдаа дээрэлхэж цалин өгөхгүй, өвчнөөр үхэж байгаа малд худал тодорхойлолт гаргаж хүний хөдөлмөрийг сорон мөлжиж байгаад туйлаас гомдолтой байна. Амь зуухын эрхэнд хүйтэнд хөрч, халуунд халж сэтгэлээрээ малыг нь өсгөж, тоо толгойг нь бүрэн бүтэн байлгаж өсгөснийхөө төлөө ингэж бие сэтгэлээрээ хохирч үлдмээргүй байна. Үнэндээ маш дарамттай толгойтой бүхэн нь дарга болж хэн дуртай нь ирж загнаж зандарч байдаг нь хөдөлмөрлөхөд маш хэцүү байдаг.
Миний бие зөвхөн 2019 оныхоо авах ёстой цалинг тооцон өгөөгүй үлдсэн зөрүү цалингаа нэхэмжилж нэхэмжлэл гаргаж байгаа юм. 2019 оны 12 сар хүртэл ажиллахад 1-11 сарын цалин 17,807,600 төгрөгийн цалин авахаас 5,877,995 төгрөгийн цалин надад олгосон байдаг. Үүнийг би өөрийн дансанд шилжүүлсэн цалингаа түүвэрлэн тооцож үзсэн. Тэгэхэд 2019 оны 02 сарын 03-ны өдөр 690,560 төгрөг, 218,600 төгрөг, 2019 оны 02 сарын 22-ны өдөр 846,900 төгрөг, 2019 оны 03 сарын 07-ны өдөр 239,927 төгрөг, 2019 оны 03 сарын 19-ний өдөр 992,150 төгрөг, 2019 оны 04 сарын 03-ны өдөр 257,142 төгрөг, 2019 оны 04 сарын 12-ны өдөр 282,600 төгрөг, 2019 оны 05 сарын 09-ний өдөр 298,600 төгрөг, 2019 оны 07 сарын 10-ны өдөр 119,253.50 төгрөг, 2019 оны 7 сарын 18-ны өдөр 119,263.50 төгрөг, 2019 оны 08 сарын 09-ний өдөр 263,600 төгрөг, 2019 оны 08 сарын 29-ний өдөр 191,160 төгрөг, 2019 оны 10 сарын 07-ны өдөр 268,600 төгрөг, 2019 оны 11 сарын 07-ны өдөр 263,600 төгрөг нийт 5,877,995 төгрөгийг цалин энэ онд авсан байгаа. Гэтэл миний бие үндсэн 400,000 төгрөгийн цалингаас гадна маллаж байгаа малынхаа тоо толгойн нэг бүрийн хөлс болох дараах цалинг нэмж авах ёстой байсан боловч өгөөгүй үүнийг нэг бүртчлэн жагсаавал:
2019 оны 01,02,03-р сард 1,473,000х3=4,419,000 төгрөг, 04-р сард 1,485,000 төгрөг, 05-р сард 1,035,600 төгрөг, 06-р сард 1,045,200 төгрөг, 07-р сард 1,041,900 төгрөг, 08-р сард 1,044,300 төгрөг, 09-р сард 822,300 төгрөг, 10-р сард 1,259,700 төгрөг, 11-р сард 1,254,600 төгрөгийн нийт 13,407,600 төгрөг дээр үндсэн цалинг нэмэхэд 400,000 төгрөгийг 11 сараар үржүүлэхэд 4,400,000 төгрөг бүгд цалин 17,807,600 төгрөг болж байгаа билээ. Ингээд 17,807,600 төгрөгийн авах ёстой цалингаас авсан 5,877,995 төгрөгөө хасахад надад олгогдоогүй цалингийн зөрүү 11,929,605 төгрөг болж байгаа тул шүүхэд нэхэмжлэл гаргасан юм гэжээ.
Шүүх хуралдаанд уншин сонсгосон нэхэмжлэгч Ш.Бын 2020 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулдаг БУ ХХК-иас малчнаар ажиллаж байхад дутуу олгогдсон цалин 11,929,605 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:
Нэхэмжлэгч Ш.Б нь Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулж буй БУ ХХК-нд малчнаар 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хүртэл Хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байсан байна. Анх ажилд ороход нь үндсэн цалин 400,000 төгрөг, малын тоо толгой, нас хүйсээс нь шалтгаалан нэмэгдэл цалин олгохоор гэрээндээ тусган заасан байдаг. Ш.Б нь 2019 онд 246 толгой том мал, 182 тугал хариуцан ажиллаж байсан боловч цалингаа бүрэн өгдөггүй дутуу олгодогоос болж маргаан үүссэн нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч маань 2019 онд олгогдох байсан цалингаа нэр бүрчлэн тооцоолон үзэхэд 2019 оны 1-11 сарын нийт цалин /үндсэн болон нэмэгдэл/ 17,807,600 төгрөгийн цалин авахаас 5,877,995 төгрөгний цалинг нэхэмжлэгчид олгосон байдаг. Сар бүрээр авах ёстой байсан нэмж авах ёстой байсан дутуу цалингаа тооцоолон үзэхэд 2019 оны 1-3 сард 1,473,000х3 нийт 4,419,000 төгрөг, 04 сард 1,485,000 төгрөг, 05 сард 1,035,600 төгрөг, 06 сард 1,045,200 төгрөг, 07 сард 1,041,900 төгрөг, 08 сард 1,044,300 төгрөг, 09 сард 822,300 төгрөг, 10 сард 1,259,700 төгрөг, 11 сард 1,254,600 төгрөг нийт 13,407,600 төгрөг дээр үндсэн цалин нийт 4,400,000 төгрөг бүгд 17,807,600 төгрөг болж байгаа юм. Үүнээс нийт авсан 5,877,995 төгрөгийг хасаж тооцохоор 11,929,605 төгрөг гарсныг нэхэмжлэгч маань дутуу олгогдсон цалин гэж тооцон нэхэмжилж байгаа бөгөөд шүүхэд гаргасан нотлох баримттай тулгаж үзэхэд 561,334 төгрөгний зөрүү гарч байгааг хасаж тооцоход татгалзах зүйлгүй гэсэн. Иймд үлдэх дутуу олгогдсон цалингийн зөрүүг гаргаж өгнө үү гэх.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ж шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компаниас Ш.Бын 2019 оны цалингийн тооцооллыг санхүүгийн баримтнаас нэг бүрчилэн нотлох баримтаар гаргаж өгсөн. Эндээс харахад Ш.Бд үндсэн болон нэмэгдэл цалинг сар бүр олгож байсан бөгөөд хуулинд зааснаар хүн амын орлогын албан татвар, нийгмийн даатгалын шимтгэлийг үндсэн цалингаас хасаж тооцон олгож байсан байна. Өөрсдийнх нь хүсэлтийг үндэслэн компаниас авсан эд зүйл болон өвлийн идэш гэх мэт зүйлүүдийн төлбөрийг цалингаас тооцож суутгадаг.
Нэхэмжлэгчийн ХААН банкны дансанд сар болгон үндсэн болон урамшууллын цалин орсон байдаг. 2019 онд 12 сараас бусад өгөх ёстой бүх цалингаа тооцож олгосон гэж үзэж байна. Хөдөлмөрийн гэрээний 1.7-д Туршилтын хугацаа дуссаны дараа гэрээг сунгасан тохиолдолд зөрүү цалин олгох ба зөрүү цалин нь тухайн малчны маллаж буй малын төрөл, нас хүйс зэргээс хамааран Малчны зөрүү цалин олгох журам-ын дагуу тооцогдоно гэж заасан боловч Ш.Бд туршилтын хугацаанд зөрүү цалинг сар бүр олгож байсан байна. Урьд шүүх хурлаас хойш өнөөдрийг хүртэл Ш.Б нь ажлаа бүрэн гүйцэт хүлээлгэн өгч тооцоогоо хийж дуусгаагүй байгаа. Сар бүрийн цалин олгосон баримтаас харахад үндсэн цалин болон урамшууллыг нэхэмжлэгчид олгосон гэж үзэж байна. Иймд шүүхэд гаргасан нэхэмжлэл нь үндэслэлгүй гэж үзэж байна гэх.
Гэрч Д.С шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ:
Манай компани нь малчны мал маллагааны тооцоог ахлах нягтлан бодогч шалгаж, үүний үндсэн цалинг тооцооны нягтлан бодогч бодож гаргадаг. Ш.Б эгч 2019 оны 12 дугаар сарын 07-ны өдөр ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ өгч, үүний дагуу 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдөр 103 толгой том мал, 12 төл мал, морь, эмээл зэргийг тоолж хүлээн авсан. Харин бусад тооцоог хийж дуусаагүй байгаа нь ажлаа гүйцэд хүлээлгэн өгөөгүй учраас эцсийн тооцоог бодож гаргаагүй, тойрох хуудас зурагдаагүй байсан.
Ш.Б эгч дээр 2 үхэр зүй бусаар хорогдсон гэсэн малын эмчийн тодорхойлолт гарч хариуцлаггын арга хэмжээ авъя гэхэд Ш.Б гуай зөвшөөрөөгүй учраас 1,000,000 төгрөгний өр авлага 4-5 сард үүссэн байгаа. Үндсэн цалингаа 11 сарыг дуустал бүрэн хэмжээгээр авсан. Мал маллагааны нэмэгдэл цалин олгогдсон хамгийн сүүлд үлдэгдэл цалингийн тооцоо хийгдээгүй байсан. Малчдад сар болгоны 10-нд үндсэн цалин, мал тооллого хийгдээд тооцоо хийж төв рүү шалгуулсны үндсэнд урамшуулал цалинг дараа сарын 10-15-ны хооронд олгодог байсан. Ш.Б эгчид 2019 оны 10-12 сарын урамшуулалт цалин олгогдоогүй. Тооцоо дууссаны дараа олгохоор түр хойшлуулсан цалин байгаа. Цалин нь сар болгон ордог боловч хааяа сар алгасаад бөөнд нь ордог тал байгаа. Том малыг өдрийн 170 төгрөг, төл малыг 40 төгрөгөөр тооцдог. Энэ тал дээр малчдад маргаан гардаггүй байсан гэх.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Б нь Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулдаг БУ ХХК-д холбогдуулан ...малчнаар ажиллаж байхад дутуу олгогдсон цалин 11,929,605 төгрөгийг гаргуулж өгнө үү гэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Зохигчдын хооронд 2017 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 2021 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хүртэл туршилтын хугацаагаар ажиллуулахаар Хөдөлмөрийн гэрээ байгуулан Иргэний хуулийн 359 дүгээр зүйлд заасан харилцаа үүсэж БУ ХХК-ийн захирлын 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаартай тушаалаар 2017 оны 05 дугаар сарын 08-ны өдрөөс эхлэн Ш.Быг малчнаар авч ажиллуулсан болох нь хэрэгт авагдсан Хөдөлмөрийн гэрээ, БУ ХХК-ийн захирлын 2017 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 55 дугаартай Ажилд томилох тухай тушаалын хуулбар зэргээр нотлогдож байна.
Хөдөлмөрийн гэрээ-ний 1.6-д Туршилтын хугацаанд суурь хариуцаагүй үед үндсэн цалин олгох ба ажил мэргэжлийн туршлага, ур чадварыг харгалзан олгогдох нэмэгдэл цалин ороод үндсэн цалинг 400,000 төгрөгөөр тооцохоор, 1.7-д ...зөрүү цалин нь тухайн малчны маллаж буй малын төрөл /үхэр, адуу, хонь, ямаа/, тоо толгой, үүлдэр, нас, хүйс зэргээс хамаарч Малчдын зөрүү цалин тооцох журам-ын дагуу тооцогдоно гэж заасан байна.
Нэхэмжлэгч нь шүүхэд өөрт олгогдоогүй зөрүү цалинг сар бүрээр тооцоолон тухайлбал нэмэгдэл цалин нийт 11,929.605 төгрөг нэхэмжилсэн байх бөгөөд Хөдөлмөрийн гэрээ-нд ...зөрүү цалинг маллаж буй малын төрөл /үхэр, адуу, хонь, ямаа/, тоо толгой, үүлдэр, нас, хүйс зэргээс хамаарч Малчдын зөрүү цалин тооцох журам-ын дагуу тооцогдоно гэж заасан байна.
Нэхэмжлэгч Ш.Бын малчнаар ажиллах хугацаандаа авч байсан үндсэн цалин болон зөрүү цалинг сар болгоноор тооцсон Баяндулаан уул ХХК-ийн /үхэр/ суурийн малчдын сар бүрийн зөрүү сарын бодолт-болон нэхэмжлэгчийн шүүх хуралдаанд гаргасан ХААН банкны Депозит дансны дэлгэрэнгүй хуулга-ыг үндэслэн дутуу олгогдсон үндсэн цалин, урамшууллыг тооцон зарим хэсгийг ханган шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзэж байна. Үүнд:
1.2019 оны 01 дүгээр сард: Цэвэр үүлдрийн төллөх үхэр 139, үүнээс: хээлтэгч мал 106, 06-24 настай мал 1, 0-6 настай мал 122 толгой, нийт 368 мал малласан хөлс:
Үндсэн цалин 400,000 төгрөг, олгох 846,900 төгрөг нийт 1,246,200 төгрөг олгохоос Депозит дансны дэлгэрэнгүй хуулга-аар 846,900 төгрөг шилжүүлсэн,
2.2019 оны 02 дугаар сард: Цэвэр үүлдрийн төллөх үхэр 139, үүнээс: хээлтэгч мал 106, 06-24 настай мал 1, 0-6 настай мал 182 толгой мал, нийт 428 толгой мал малласан хөлс:
Үндсэн цалин 400,000 төгрөг, олгох 922,150 төгрөг нийт 1,322,150 төгрөг олгохоос Депозит дансны дэлгэрэнгүй хуулга-аар 909,160 төгрөг шилжүүлсэн,
3. 2019 оны 03 дугаар сард: Цэвэр үүлдрийн төллөх үхэр 138, үүнээс: хээлтэгч мал 106, 06-24 настай мал 1, 0-6 настай мал 192 толгой, нийт 437 толгой мал малласан хөлс:
Үндсэн цалин 400,000 төгрөг, олгох 800,640 төгрөг нийт 1,200,640 төгрөг олгохоос Депозит дансны дэлгэрэнгүй хуулга-аар 1,162,077 төгрөг шилжүүлсэн,
4.2019 оны 04 дүгээр сард: Цэвэр үүлдрийн төллөх үхэр 167, үүнээс:хээлтэгч мал 76, 06-24 настай мал 1, 0-6 настай мал 192 толгой, нийт 436 толгой мал малласан хөлс:
Үндсэн цалин 400,000 төгрөг, олгох 979,810 төгрөг нийт 1,379,810 төгрөг олгохоос Депозит дансны дэлгэрэнгүй хуулга-аар 539,743 төгрөг шилжүүлсэн,
5.2019 оны 05 дугаар сард: Цэвэр үүлдрийн төллөх үхэр 167, үүнээс:хээлтэгч мал 76, 06-24 настай мал 1, 0-6 настай мал 193 толгой, нийт 437 толгой мал малласан хөлс:
Үндсэн цалин 400,000 төгрөг, олгох 778,310 төгрөг нийт 1,183,310 төгрөг олгохоос Депозит дансны дэлгэрэнгүй хуулга-аар 547,200 төгрөг шилжүүлсэн.
6.2019 оны 06 дугаар сард: Цэвэр үүлдрийн төллөх үхэр 167, үүнээс:хээлтэгч мал 76, 06-24 настай мал 1, 0-6 настай мал 199 толгой, нийт 443 толгой мал малласан хөлс:
Үндсэн цалин 400,000 төгрөг, олгох 785,750 төгрөг нийт 1,185,750 төгрөг олгохоос Депозит дансны дэлгэрэнгүй хуулга-аар цалин болон урамшуулал ороогүй.
7.2019 оны 07 дугаар сард: Цэвэр үүлдрийн төллөх үхэр 167, үүнээс:хээлтэгч мал 75, 06-24 настай мал 1, 0-6 настай мал 201 толгой, нийт 444 толгой мал малласан хөлс:
Үндсэн цалин 400,000 төгрөг, олгох 747,200 төгрөг нийт 1,147,200 төгрөг олгохоос Депозит дансны дэлгэрэнгүй хуулга-аар 238,327 төгрөг шилжүүлсэн
8.2019 оны 08 дугаар сард: Цэвэр үүлдрийн төллөх үхэр 167, үүнээс:хээлтэгч мал 75, 06-24 настай мал 1, 0-6 настай мал 202 толгой, нийт 445 толгой мал малласан хөлс:
Үндсэн цалин 400,000 төгрөг, олгох 786,680 төгрөг нийт 1,186,680 төгрөг олгохоос Депозит дансны дэлгэрэнгүй хуулга-аар 854,760 төгрөг шилжүүлсэн
9.2019 оны 09 дүгээр сард: Цэвэр үүлдрийн төллөх үхэр 167, үүнээс:хээлтэгч мал 75, 06-24 настай мал 1, 0-6 настай мал 17 толгой, нийт 260 толгой мал малласан хөлс:
Үндсэн цалин 400,000 төгрөг, олгох 623,880 төгрөг нийт 1,023,880 төгрөг олгохоос Депозит дансны дэлгэрэнгүй хуулга-аар 77,440 төгрөг шилжүүлсэн
10.2019 оны 10 дугаар сард: Цэвэр үүлдрийн төллөх үхэр 167, үүнээс:хээлтэгч мал 75, 06-24 настай мал 1, 0-6 настай мал 16 толгой, нийт 258 толгой мал малласан хөлс:
Үндсэн цалин 400,000 төгрөг, олгох 718,400 төгрөг нийт 1,118,400 төгрөг олгохоос Депозит дансны дэлгэрэнгүй хуулга-аар 2,670,870 төгрөг шилжүүлсэн.
11. 2019 оны 11 дүгээр сард: Цэвэр үүлдрийн төллөх үхэр 127, үүнээс:хээлтэгч мал 75, 06-24 настай мал 0, 0-6 настай мал 12 толгой, нийт 214 толгой мал малласан хөлс:
Үндсэн цалин 400,000 төгрөг, олгох 911,580 төгрөг нийт 1,311,520 төгрөг олгохоос Депозит дансны дэлгэрэнгүй хуулга-аар цалин олгогдоогүй болно.
Иймд Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулж буй БУ ХХК-иас Ш.Бд 2019 оны 01 дүгээр сараас 11 сар хүртэл нийт 13,301, 300 төгрөг олгохоос 7,846,677 төгрөг олгосон байна. Нэхэмжлэгчид дутуу олгогдсон үндсэн болон урамшуулалт цалин нийт 5,454,623 төгрөгийг Баяндулаан уул ХХК-иас гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,474,982 төгрөгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Хариуцагчаас шүүхэд гаргасан Ш.Бын 2019 оны цалингийн тооцоолол нь нэхэмжлэгчийн Депозит дансны дэлгэрэнгүй хуулга-аар олгогдсон цалин, урамшууллын мөнгөн дүнтэй тохирохгүй байгааг, мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс тухайн компанийн санхүүгийн баримтанд авагдсан Ш.Бын малын А данс нь /тамга тэмдэг дарагдаагүйн улмаас нотариат гэрчлээгүй/ нотлох баримтын шаардлага хангахгүй учир нотлох баримтын хүрээнд үнэлэх боломжгүй тул татгалзсан болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэгчийг Улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 205,824 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 5,454,623 төгрөгөнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 102,224 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, Хөдөлмөрийн тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д тус тус зааснаар Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулж буй БУ ХХК-иас Ш.Бд дутуу олгогдсон үндсэн болон урамшуулалт цалин нийт 5,454,623 төгрөгийг гаргуулан олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,474,982 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 205,824 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Сэлэнгэ аймгийн Цагааннуур суманд үйл ажиллагаа явуулж буй БУ ХХК-иас 102,224 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал...14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг анхааруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7, 119.4 дэх хэсэгт тус тус заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч, хариуцагч, өмгөөлөгчид шийдвэрийг эс зөвшөөрвөл, шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шүүхэд давж заалдах эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.СОЁЛМАА